Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-ийн 38 дугаар хороонд баригдаж буй “Баганат өргөө” хороолол нь 52 блок, 4472 айлын цогцолбор төсөл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл нийт 51.3 га талбайд хэрэгжих бөгөөд 30.3 га талбай нь барилгажих бол 16 га талбайд ногоон байгууламж, спорт талбайг 5 га талбайд төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар тус цогцолбор хорооллын 2000 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орсон. Тэгвэл өнөөдөр тус цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан байна. Мөн энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг сургуулийг бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын оролцоо өндөр байсныг дурдах хэрэгтэй. Түүний санаачилгаар улсын төсөвт уг сургуулийн зардал тавигдаж, өнөөдөр ийнхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. “Баганат өргөө” хороолол хотхон дотроо хоёр цэцэрлэг, нэг сургуультай нь бусад ижил төрлийн төслүүдээс илүү онцлог болж байна. Түүнчлэн дөрвөн зүгт орц, гарцтайгаар төлөвлөгдсөн нь оршин суугчид болоод бусад иргэдэд илүү таатай орчныг бүрдүүлжээ. Цаашид нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд энэ жишгээр сургууль, цэцэрлэг, орц, гарц, иргэдэд соёлын болон ахуйн үйлчилгээ үзүүлэх төвүүдийг нэг дор шийдэх нь зүйтэй. Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байгаа 1500 хүүхдийн суудалтай сургууль гэрээний дагуу 2026 онд ашиглалтад орох ёстой. Гэвч Баянзүрх дүүрэг хүн амын нягтаршлаас үүдэн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай биш. Тиймээс уг сургуулийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компанитай урьдчилсан байдлаар тохиролцоод ажиллаж байна гэдгийг онцолсон юм.