mmnews.mn | 2024-12-05
МНН, МҮАН-ын эвслийг Н.Номтойбаяр удирдана

Монголын ногоон нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал өнгөрөгч Баасан гараг /2024.01.19/-т болж, МНН-ын даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон байна. Дашрамд дурдахад, МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргасан  билээ.


Н.Номтойбаяр нь АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургуулийг 2001 онд Улс төрийн шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2010 онд ХБНГУ-ын Берлин хотын Бизнесийн удирдлага, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2012-2016, 2016-2020 онуудад Монгол Улсын Их Хуралд 2 удаа сонгогдсон. Мөн 2012 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайд, 2016-2017 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг тус тус хашиж байсан.


Харин Ерөнхий сайд асан М.Энхсайханы гэх тодотголтой Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/ хуралдаж, МНН-тай эвсэл болон 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан аж. Улмаар МНН болоод МҮАН-ын хамтарсан эвслийг "Үндэсний эвсэл" гэж нэрлэхээр болсон бөгөөд тус эвслийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон гэх мэдээлэл байна. Мөн АН-ын "Үндэсний жигүүр" гэх фракцын гишүүдийг Н.Номтойбаярын эвсэлд нэгдэхийг МҮАН-аас урьсан гэх ба тэд энэ талаар ярилцаж байгаа аж. 



 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ