mmnews.mn | 2024-11-22
УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. 

Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо, нөлөө, бүсийн тулгамдсан асуудлын талаар санал солилцон,  шийдлийн талаар зөвлөлддөг.


Энэ жил АНУ болон Азийн хэд хэдэн оронд  сонгуулийн жил тохиож, дэлхийн хүн амын талаас илүү хувь буюу 4 тэрбум хүн улс төрийн сонголтоо хийж буй хариуцлагатай үе тохиож байна. Мөн сүүлийн 2 жилийн хугацааны Украин, ОХУ-ын дайн  болон Ойрхи Дорнодын улс орнуудын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна. Тиймээс Ази, Номхон далайн бүсийн орнуудын удирдагчдын төлөөлөл улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхэд хэрхэн манлайлан оролцох талаар  хэлэлцэн, санал солилцсон юм. 



Энэ жил Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин, Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайдын орлогч Ле Мин Хай, Камбожийн Хаант Улсын шадар сайд Сун Чантол, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын улс төр, эдийн засаг, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид  оролцож байна.



УИХ-ын дарга Г.Занданшатар форумын үеэр Монгол, Японы хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаааны асуудлаарх салбар хуралдаанд оролцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ