mmnews.mn | 2024-12-11
Баянголын амны 2007 айлын орон сууцны хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд 10 га талбайд 2007 айлын орон сууцны хороолол барих бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сард орон сууцыг барих нээлттэй тендерийг зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарсан.

Тус хороолол нь сургууль, цэцэрлэгийн цогцолбортой бөгөөд 1-3 өрөө эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн нийт 14 ширхэг 10 давхар орон сууц барих юм. Тэгвэл уг орон сууцны хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “НЗДТГ-аас Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд 2007 айлын орон сууцны төслийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барихаар бэлтгэж байна. Энэ нь 1-3 өрөө орон сууц, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой иж бүрэн хороолол юм. Толгойт дэд төвийн газар чөлөөлтөд энэ орон сууцуудыг ашиглана” гэж хэллээ.

Баянголын ам нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн нэг бөгөөд 450 га газарт 75 мянган хүн ам оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарсан байдаг. Харин дэд бүтцийн хувьд 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай юм.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ