mmnews.mn | 2024-12-11
Ч.Лодойсамбуу, Х.Нямбаатар нарын сошл мэтгэлцээн

Улаанбаатар хотын иргэдийн хувьд асуудал болоод удаж буй автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр засаг захиргааны зүгээс гаргасан зарим шийдвэрүүд үндсэн хуулиар иргэдийн эдлэх ёстой эрхэд халдлаа хэмээн олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор зарим улстөрчид ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа.

Саяхан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн Х олон нийтийн сүлжээнд холбогдох эрх мэдэлтнүүд рүү чиглэсэн шүүмжлэл бичсэн нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын дургүйцлийг ихээхэн төрүүлсэн бололтой. Ингээд тухайн хоёр эрхмийн олон нийтийн сүлжээн дэх мэтгэлцээний зах зухаас сонирхуулья.


Ч.Лодойсамбуу: Хүн нь байхгүй бол асуудал байхгүй гэдэг шиг шинээр машин оруулахаа больчихвол түгжрэхгүй юм байна гэдэг бол шийдэл биш залхуурал, мунаглал. Түгжрэлээс салчихсан том хот гэж байхгүй. Яаж багасгаж зохицуулсан бэ гэхээр жишээ нь, 1.Нийтийн тээврийг төрөлжүүлсэн. 2.Нийтийн тээврийг хүртээмжтэй, тохь тухтай болгосон. 3.Боломжтой улиралд дугуй унах, алхах нөхцлийг бүрдүүлсэн. 4.Хотын төвд үнэгүй зогсоолгүй болгосон. Үнэтэй зогсоолд үнэгүй зогсвол торгууль маш өндөр. 5.Торгуулиа төрөөс авах үйлчилгээтэй нь холбох замаар заавал авч шийтгэж байна. 6.Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан байна.


Х.Нямбаатар: Машин импортлохыг хориглосон, эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн.

Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон.

УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш.


 Ч.Лодойсамбуу: 1. Танай Бээжин, Шанхай, Сингапур машины тоог хязгаарлахын өмнө нийтийн тээвэр, хувийн машин ашиглахгүйгээр хүн хүссэн цэгтээ тээргүй очих нөхцлийг хэрхэн бүрдүүлсэнийг харсан уу? Гудамжаар нь алхаж, нийтийн тээвэрт нь сууж үзсэн үү? Дуураймар аядаж байгаа бол дарааллыг нь зөв тооцож мэдэхгүй бол асууж байгаач очсон газраасаа.

2. Таны санаачилж өмнөх Их хурлаар батлуулсан, авлигыг тувт өөгшүүлэх “Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн 9.1-д “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРТ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО” гэсэн нь шууд бусаар импортыг хориглосон, хүний оршин суугаа нутагтаа тээврийн хэрэгсэл өмчлөх эрхэд халдаж, хязгаарласан заалт, оролдлого биш үү? Биш бол энэ хязгаарлалт чинь түгжрэлд ямар ч сайн нөлөөгүй юм биш үү? Худлаа ярихаа боль!....гэжээ.

 С.Хүслэн




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ