mmnews.mn | 2024-12-11
Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы  /2024.11.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцох асуудлыг хэлэлцлээ. 

Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д нэмэлт оруулах тухай" 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсныг дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан дээрх хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт заасныг баримтлан Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолыг хүчингүй болсонд тооцохыг дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн  гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Б.Баярбаатар, Ц.Даваасүрэн, О.Номинчимэг, Б.Жавхлан, Д.Ганбат, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газар, Сангийн яам төсвийн алдагдалгүй хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай гээд хуулийн төслүүдийг хэдий хугацаанд хэлэлцэн батлах талаар тодорхой зохицуулах нь зүйтэй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа аймаг, нийслэл, орон нутаг төсвөө ирэх оноос өмнө хэлэлцэн батлахад хугацаа тулсан байгааг бодолцож, Засгийн газар төсвийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, хэлэлцэхэд Засгийн газар, Улсын Их Хурал, Байнгын хороод дор бүрнээ алдаа гаргахгүй байхад онцгой анхаарч, ажиллах шаардлагатай хэмээсэн.


Харин Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газраас төсвийн төслийг шинээр өргөн мэдүүлсэн нөхцөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ талаар зохицуулалт байхгүй. Уг хуульд Засгийн газраас төсвийн тухай хууль эсвэл төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхтэй холбоотой зохицуулалт бий. Төсвийн төсөл маш нарийн дэгтэй тул 12 дугаар сарын 10-ны өдөр гээд яаралтай хугацаа заавал төсвийн төслийг бэлтгэж амжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Сангийн сайдын хэлсэн саналтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариу тайлбар хийв. Тэрбээр, Бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг л баримтлах ёстой. Хуулийн  90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, хоёрдугаарт шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно гэсэн  хоёр зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс өөр дэг зохиовол асуудал үүсгэнэ гэсэн хариулт өгсөн юм. 

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуулийн төслүүдийн санал хураалтыг гар өргөн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх Байнгын хороодын саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад,  хуралдаанд оролцсон 70 гишүүний 68 нь дэмжлээ.

Иймд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж мөн уг хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.” гэснийг уншиж, танилцуулав.

Ингээд дээр дурдсан 6 хууль, 1 тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн найруулгыг сонслоо.

“Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” 

тогтоолын төслийг батлав

Хуралдаан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Энэ талаарх Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Тэрбээр, Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан холбогдох хууль, тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн гэв.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг боловсруулсныг дурдлаа.

Түүнчлэн тогтоолын төслийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг онцлов.


Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Амарсайхан, М.Бадамсүрэн, Ж.Баярмаа, Ж.Батжаргал, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авсны дараа “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Уг тогтоолд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Цаг уурын байгууллагын мэдээллээр төв, зүүн аймгуудын ихэнх нутагт агаарын температур өмнөх жилүүдээс хүйтэн, цас их орж, 2024-2025 оны өвөл, хавар хүндэрч болзошгүй төлөвтэй байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцлоод Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлд тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

Тэрбээр, 2024 онд улсын хэмжээнд 15.4 сая толгой төл хүлээн авч бойжуулж, энэ өвөл нийт 189.2 мянган малчин өрхөд 60.2 сая мал өвөлжихөөс, 17.7 мянган малчин өрхийн 7.3 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохицуулалт хийж байна гээд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар баталсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу боловсруулсан аргачлалын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “их” буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “дунд” түвшинд үнэлэгдсэн гэв.

Түүнчлэн газар тариалангийн салбарт 2024 онд улсын хэмжээнд 94.9 мянган га-д малын тэжээл тариалж, 246.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авсан. Үр тарианаас 50.0 мянган тонн улаанбуудай тэжээлийн будаа руу шилжиж 2024-2025 оны өвөл, хавар мал аж ахуйн салбарт 289.8 мянган тонн тэжээл нийлүүлэгдэж байна. Мөн тэжээлийн импорт хэвийн буюу 2024 он гарсаар 71.2 мянган тонн орж ирснээс 06 дугаар сарын 01-нээс хойш 35.9 мянган тонн орж ирсэн нь өвөлжилтийн бэлтгэлд хэрэглэгдэж байна гэж мэдээлэлдээ дурдсан.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86.7 хувьтай хангагдаад байна. Гэвч энэ нь эрсдэлгүй бөгөөд хангалттай гэсэн баталгаа биш. Учир нь цас, зудны нөхцөл хэрхэн хүндэрч, хэд хоног үргэлжлэхээс нөхцөл байдал ихээхэн хамаарна гэдгийг Монгол Улсын Шадар сайд мэдээлэлдээ онцлов.  

Түүнчлэн уг мэдээлэлд, Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 65 зуух, 45 турбогенератор ажиллаж, системийн горим, ажиллагаа хэвийн байгааг дурдахын зэрэгцээ Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголоор нийт 131 тэрбум төгрөгийн татаасыг шийдвэрлүүлсэн бөгөөд санхүүгийн дэмжлэгийг өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийг бүрэн хангах, нүүрс, түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх, импортын эрчим хүч худалдан авах, тарифын алдагдлыг бууруулах, бэлтгэн нийлүүлэгчид төлөх төлбөр, татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулах, компанийн санхүү, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн үйл ажиллагаанд зориулалтын дагуу зарцуулахаар шийдвэрлэсэн хэмээн дурджээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлтэй холбоотой бэлтгэн нийлүүлэгчид үүссэн өр, төлбөрийг барагдуулахад 58.3 тэрбум төгрөг, нүүрсний аюулгүй нөөц бүрдүүлэх, эрчим хүчний компаниудаас нүүрсний уурхайд төлөх хугацаа хэтэрсэн өр төлбөр болон нүүрс олборлолтын бодит өртгөөс бага тогтоосон үнийн зөрүүгээс 9, 10 дугаар сард үүсэх алдагдлыг арилгахад нийт 32.0 тэрбум төгрөг, импортын эрчим хүчний тарифын зөрүүгээс үүсэх алдагдал, өр төлбөрийг барагдуулахад 16.5 тэрбум төгрөг, зарим компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өглөгийг барагдуулахад 3.9 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 2025 оноос төсвөөс татаасгүй ажиллах зорилтыг хангах бэлтгэл ажлын хүрээнд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иудын богино хугацаат өр, төлбөрийг арилгаж, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхтэй холбоотойгоор 4.5 тэрбум төгрөг, компани бүрийн үйл ажиллагааны онцлогоос хамаараад бусад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд 14.0 тэрбум төгрөг тус тус хуваарилан шийдвэрлэлээ. Дээрх тушаал, шийдвэрийн дагуу өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг болгон 2024 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар нийт 27 төрийн өмчит үйлдвэр, компаниудад 125.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлээд байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцолж байлаа.

Өвлийн их ачааллын горим ажиллагааны үед дулааны цахилгаан станцууд ямар нэгэн бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолын болзошгүй бөгөөд гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед тухайн нэгж тоноглолын хүчин чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах төлөвтэй байгааг мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн хэмжээнд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 94 хувийн гүйцэтгэлтэй байна хэмээсэн.

Түүнчлэн тэрбээр “Тавантолгой түлш” ХХК нь 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 93.0 мянган тонн шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, өнөөдрийн байдлаар нийслэлийн 7 дүүргийн 38 агуулахад болон үйлдвэрийн нөөцийн талбайд 82,408 тонн шахмал түлшний нөөцтэй, үндсэн түүхий эд болох миддлинг 198.2 мянган тонн, барьцалдуулагч 9.4 мянган тонн, шуудай 20.0 сая ширхэг нөөцтэй үйлдвэрлэл хэвийн явагдаж байна гээд салбарын хэмжээнд хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээнд 2024 онд нийт 62 ажил төлөвлөснөөс бүрэн дууссан 57 ажил, хэрэгжих шатанд 5 ажил, дунджаар 97.5 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн мэдээлэл танилцуулсан.

Мөн хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/02 дугаартай “Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хүрээнд 44821 ажилд 42.3 тэрбум төгрөгийг зарцуулаад буйг мэдээлэлд дурдахын зэрэгцээ салбарын өвөлжилтийн бэлтгэл 93 хувийн биелэлттэй байна гэсэн мэдээлэл өгсөн.

Орон нутгийн орон сууц, нийтийн аж ахуйн 34 байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажилд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 19.6 тэрбум төгрөг зарцуулан төлөвлөгөөний биелэлт 90 хувьтай байна. Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн 66 байгууллага байгаагаас 4 орон нутгийн өмчит, хувийн орон сууцны ашиглалтын 62 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 22.7 тэрбум төгрөг зарцуулан 43638 нэр төрлийн ажилд биелэлт хангагдан Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 96 хувийн гүйцэтгэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэлдээ дурдлаа.

Дараа нь мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийг төлөөлж, АН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Уг дүгнэлтэд, энэ мэдээлэл тайлан нь бүхэлдээ аймаг, сумын засаг даргын хэмжээний ажил, статистикийн байгууллагын тоон үзүүлэлт, салбарын яамны хэлтэс газрын мэргэжилтний улирлын тайлан төдий, нэг удаагийн гал намдаах агуулгатай байгаа нь тун хангалтгүй байна гэж Ардчилсан намын бүлгээс үзэж байна гэсэн байв. Мөн Засгийн газраас жил бүр давтагддаг “асуудал”-ын эх үүсвэр, шалтгааныг арилгахад анхаарах бус “өвлийг л давчихвал...” гэх хандлагаар аргацаасан байдлаар хандаж ирсэн нь хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг ийм эрсдэлийн хэмжээнд хүргээд байгааг О.Цогтгэрэл гишүүн дүгнэлтдээ онцолж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, уг мэдээллээс харахад, хөдөө аж ахуйн салбар 86.7, эрчим хүчний салбар 94, орон сууц нийтийн аж ахуйн байгууллагууд 93 хувийн гүйцэтгэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэлийг хангасан нь улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл  дунджаар 91.2  хувийн гүйцэтгэлтэй байна гэж дүгнэхээр  байгаа ч тоон үзүүлэлт нь эргэлзээ төрүүлж байна гэв. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахдаа холбогдох мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг тусгасан талаар дурдаагүй, шинжлэх ухааны үндэслэлтэй бус, бодлогын шийдэл болохуйц биш дутмаг төлөвлөгөө болжээ хэмээн дүгнэснийг А.Ундраа гишүүн хэлэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын М.Нарантуяа-Нара үг хэлсэн. Тэрбээр, өвөлжилт хаваржилтийн бэлтгэл, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын талаар төрөөс баримтлах бодлогод Иргэний зориг ногоон намаас санал дэвшүүлж буйг онцлов. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын асуудлыг зуншлага, бэлчээрийн даац, хадлан тэжээлийн талаар мэдээлж ярихаас илүүтэй нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэхэд бодлого боловсруулж ажиллах, эрчим хүчний салбарын шинэчлэлийг яаралтай хийж, ногоон эрчим хүч рүү шилжих, эл салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгох талаар санал хэлж байлаа.  

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, П.Батчимэг, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, Г.Ганбаатар, О.Цогтгэрэл, Ж.Золжаргал, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, хариулт авсан.  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариулт үргэлжлэв.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нар цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авлаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд улсын төсвөөс хөдөө аж ахуйн салбарт олгож буй татаас, дэмжлэг малчдыг зудын эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр болж буй эсэх, нөөцийн мах бэлтгэл, үнийг тогтвортой байлгах талаар, дулааны цахилгааны станцуудын нүүрсний нөөц хэр бүрдүүлсэн зэрэг иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилсан.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Азжаргал хариултдаа, Өнгөрсөн хугацаанд  нийтдээ 68500 орчим малчид  уг хоршооны гишүүнээр элсэж, 17000 малчин  558 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан гэдгийг дурдаад “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлд хамрагдсан 17000 малчин өвлийн болзошгүй эрсдэлийн бэлтгэлээ хангасан гэсэн дүгнэлт гарсан хэмээв.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн салбарт малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тодорхой арга хэмжээ авч байгаа. Улсын хэмжээнд 16 орчим сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарсны 10 орчим сая нь дотоодын хэрэгцээнд,  6 сая нь экспортод гаргахаар төлөвлөсөн. Мах экспортлох орны тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Мөн  21 аймгийн түвшинд Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өвлийн идэш арга хэмжээг явуулахаар төлөвлөж байна гэж хариулт өгсөн юм.   

Мөн тэрбээр хөдөө аж ахуйн салбарт “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийн хүрээнд арилжааны банкны эх үүсвэрийг ашиглаж аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудалд Засгийн газрын зүгээс хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас дээр дэмжлэг үзүүлдэг. Энэ салбарт ямар нэгэн  халамжийн бодлого байхгүй. Харин малчид руу чиглэсэн сүү, ноос, арьс ширний урамшууллыг үргэлжлүүлнэ гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Харин ажлын хэсгээс, нийслэлийн хүн амын 2024-2025 оны өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд 5500-6000 мянган тонн мах бэлтгэх тооцоо гаргасан. Нийслэлийн 2025 оны төсөвт 7.9 тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг суулгах ажлыг зохион байгуулж байна хэмээн хариулж байлаа.

Түүнчлэн Эрчим хүчний яамны Хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох, Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд 15-22 хоногийн нүүрсний нөөцтэй буюу өвлийн горимдоо орон ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр өнгөрсөн жил болсон байгалийн гамшгаас салбарын яам ямар сургамж авч түүнийгээ өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөндөө тусгасан эсэх талаар, малын индексжүүлсэн даатгалд салбарын яамны баримтлах бодлогыг тодруулахын зэрэгцээ зудын гамшиг нүүрэлбэл иргэдийн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр тодорхой арга хэмжээ авах эсэх талаар тодруулсан иргэдийн асуултыг уламжилсан. Мөн тэрбээр, малын индексжүүлсэн даатгалын асуудалд салбарын яам дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх шаардлагатай гэв.    

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн хэсэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явдал тулгамдсан асуудал болдог. Өнгөрсөн жил улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн хөдөлгөөнт багуудыг зам даваа хаагдсан бүс нутаг, айл өрхүүд рүү хүргэж ажилласан. Үүний хажуугаар сумын Эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлээр сурч байгаа резидент эмч нарыг дайчлан ажиллуулах зэргээр цасанд боогдсон, зудад нэрвэгдсэн, айл өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн гэв. Мөн цаашдаа цасанд боогдож, зудад нэрвэгдсэн бүс нутагт нөхцөл байдлыг нь үнэлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролын салбарт шаардлагатай зохицуулалт хийх асуудалд зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ