mmnews.mn | 2024-05-20
ДГХБО-ын бүлгийн товчооны гишүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерештэй уулзав

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО)-ын бүлгийн Товчооны гишүүн Армен, Бурунди, Ботсвана, Лесото, Монгол, Непал, Парагвай болон Руанда Улсын Байнгын төлөөлөгчид НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатимагийн хамт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бараалхав.

Уулзалтын үеэр ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Байнгын төлөөлөгч Гладис Мокхава, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлыг хүлээн авах Руанда Улсын Байнгын төлөөлөгч Эрнест Рвамюсио нар 2024 оны 6 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Кигали хотноо болох ДГХБО-ын НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Мөн ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хамтран даргалагч, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд бага хурлын төгсгөлийн баримт бичгийн төслийн хэлэлцүүлгийн явцыг танилцууллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажил амжилттай өрнөж буйг сайшааж, тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын ирэх 10 жилийн хөгжлийн зорилгуудыг тодорхойлох, хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн энэхүү бага хуралд тэрбээр ДГХБО-ын дуу хоолойг дэмжин оролцоно гэдгээ цохон тэмдэглэв.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ