mmnews.mn | 2024-11-23

НИЙГЭМ

НИЙГЭМ
'Улаанбаатар кабель кар'-ын бүтээн байгуулалт эхэллээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын бүтээн байгуулалтыг /2024.04.04/ эхлүүллээ. Энэ хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ.Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Наадамчдын зам буюу Яармагийн замын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн авто зам, замын байгууламж хийж байгаа. Нийтийн тээвэр хоорондын холбоосыг бий болгохын тулд Яармаг-Хархорин чиглэлд “Улаанбаатар кабель кар”-ын эхний шугамыг байгуулахаар төлөвлөсөн. Хоёр дахь шугамын маршрутыг энэ долоо хоногт эцэслэнэ. “Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллаж, газраа чөлөөлсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье” хэмээв.“Улаанбаатар кабель кар” төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр тус улсын “ПОМА” групп ажиллаж байна. Гүйцэтгэгчийн зүгээс барилга угсралтын ажлыг энэ оны IV улиралд багтаан дуусгаж, 2025 оны хоёрдугаар хагаст туршилт тохируулгын ажлуудыг хийн, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. “ПОМА” групп нь энэ төрлийн бүтээн байгуулалтын салбарт 80 жил үйл ажиллагаагаа явуулсан туршлагатай бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем байгуулжээ.Дашрамд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро /UBMETRO/, тусгай замын автобусны сүлжээ /UBBRT/, нүхэн гарцын бүтээн байгуулалт тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байнаа.
2024/04/05
361
НИЙГЭМ
Энэ онд 121 байршилд 1500 гаруй гарааш буулгана
Чингэлтэй дүүргийн 2-р хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар:-2021 оноос хойш зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хүргүүлж эхэлсэн. Энэ онд гэхэд 1, 2 дугаар сард хүргүүлсэн. Зөвшөөрөлтэй гараашуудыг чөлөөлөхдөө эзэмшигчидтэй зөвшилцөж, нөхөн олговор олгодог. Чөлөөлсөн байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсны дараа ямар тохижилт хийх нь шийдэгдэнэ.Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:-Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгах ажлыг энэ онд эрчимжүүлнэ. Газрыг хууль бусаар ашиглаж, хашаа хайс, барилга байгууламж барьвал хуулийн дагуу мэдэгдэл өгч, албадан буулгах хүртэл арга хэмжээ аван, гарсан зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээр төлүүлнэ. Байгууламж барьсны дараа зөвшөөрлийг нөхөж олгодгийг зогсооно. Хашаа хайс, гараашийг буулгаж, орц гарц, зай талбайг нэмэгдүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ч мөн буурдаг. Чөлөөлсөн талбайг иргэдийн санал хүсэлтээр тохижуулж, ихэвчлэн ногоон байгууламж байгуулж байгаа хэмээлээ.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд 2020 оноос хойш 8500 гаруй гарааш, 2021 оноос хойш 87 км хашаа хайсыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, орц гарцыг нэмэгдүүлж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэргээр тохижуулсан юм.
2024/04/05
977
НИЙГЭМ
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг 129 иргэн төгсөж ажилдаа орлоо
Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлж, ажлын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Энэ хүрээнд сургалтад нийт 1807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогийн байдлаар 129 нь сургалтаа дүүргэн, ажилдаа орж байна. Түүнчлэн автобусны жолоочийн цалин 1.5-2.5 сая байсныг 3-3.5 сая болгон нэмэгдүүлсэн юм.Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн дарга С.Нямдорж:-Сургалтын хүрээнд мэргэшлийн мэдлэг, дадлага олгохоос гадна нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцсаа өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг хэлж, мэдээлэл өгч байгаа. Мөн D ангилалтай, дадлага туршлагатай олон иргэн манай байгууллагад хандаж, ажиллах хүсэлтээ өгч байна. Жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн 8 цагаар, хоёр ээлжээр ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ, угаалгад оролцолгүй, мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Ажлын өдрүүдэд манай нэгтгэлээс үйлчилгээнд явж буй 350 автобусыг өдөр тутам угааж, цэвэрлэдэг хэмээлээ.Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг энэ оныг дуустал зохион байгуулж, бүртгүүлсэн нийт иргэдийг бүрэн хамруулах аж.
2024/04/05
292
НИЙГЭМ
Фото сурвалжилга: Хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлж, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбарыг засварлах, гадна фасадаа угаах зэргээр эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж байна. Мөн бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 11-13 буюу ирэх пүрэв, баасан, бямба гаригт зохион байгуулах тул иргэд, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
2024/04/04
258
НИЙГЭМ
32-ын тойрог орчимд шинэчилж буй явган хүний замыг том оврын автомашин эвджээ
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл хийж буй явган хүний замыг эвдсэн гэх мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлага мэдээллийн дагуу уг асуудлыг шалгаж, буруутай этгээдийг тогтоосон бөгөөд том оврын автомашины жолооч бетон зуурмаг тээвэрлэж явахдаа явган хүний зам, хашлагад эвдрэл учруулсан байна.Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Гантулга:-Хяналтын камераар дамжуулан буруутай этгээдийг олж тогтоосон. Зөрчлийн тухай хуульд зааснаар замын тэмдэг тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэсэн бол учирсан хохирлыг төлүүлж, иргэнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгоно.Энэ онд авто замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлийн шон, мод бут мөргөсөн 23 зөрчил гарсан. Эдгээрийн буруутай этгээдийг тогтоож, хохирлыг төлүүлэн, хариуцлага тооцсон. Бүтээн байгуулалт хийхдээ том оврын автомашины даацыг хэтрүүлэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулахдаа нийтийн эзэмшлийн зам талбай, байгууламжийг эвдэхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Энэ төрлийн зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл, холбогдсон этгээд болон зөрчлийн үйл явцыг цагдаагийн байгууллагын 102 дугаарт холбогдож мэдээлнэ хэмээв.
2024/04/04
308
НИЙГЭМ
Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Баялаг-Өлзий”, “Цагаан ямаат кашемир” ХХК-д ажиллалаа.“БАЯЛАГ-ӨЛЗИЙ” ХХКТус компани “Цагаан ямаат Баянговь” хоршооноос гадна “Цагаан ямаат кашемир” угааж самнах анхан шатны боловсруулах үйлдвэрлэл эрхэлж, “Бодиос Монголиа” брэндийг үүсгэн хөгжүүлж байна.2005 оноос торомны ноос, сарлагийн хөөврөн утас үйлдвэрлэж дотоодын сүлжмэлийн үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн түүхтэй. Торомны ноосыг том тэмээний ноосноос тусад нь ялгаж боловсруулдаг технологийг эх орондоо анх нутагшуулсан байна.Өдгөө 150 гаруй ажилтантай, жилд 100 мянган бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сүлжмэлийн үйлдвэр, 410 тн бохир ноолуур угаах, 60 тн самнасан цагаан ноолуур үйлдвэрлэх хүчин чадалтай анхан шатны боловсруулах үйлдвэртэй, түүхий эд бэлтгэлийн бааз суурь бүхий 700 өрхийг хамарсан хоршоотой болжээ.Боловсруулах  үйлдвэрүүдээ төрийн бодлогоор тууштай дэмжвэл дотоодын зах зээлээ хангаж, улмаар бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж нэмэгдэн, энэ хэрээр эдийн засгийн өсөж, малчдын ахуй амьдрал сайжрах зэрэг олон эерэг үр дүнтэй гэж үздэгээ компанийн удирдлагууд хэллээ.Одоогоор ноолуурын экспортоос жилд 400 орчим сая ам.доллар олж байгаа бөгөөд энэ салбарыг дэмжиж, ээрэх технологийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр ойрын 4-5 жилд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэж байна.“Баялаг-Өлзий” ХХК 2023 онд дотоод, гадаадын зах зээлд 20 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд 20 орчим улсад бүтээгдэхүүнээ гаргадаг. Өнгөрсөн онд улсад 1,7 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж, шууд болон шууд бусаар 700 гаруй ажлын байр бий болгосон байна.2023 онд зөвхөн дотоодын зах зээлээс 2.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжиж хамтран ажиллажээ.“ЦАГААН ЯМААТ КАШЕМИР” ҮЙЛДВЭРТус үйлдвэр зөвхөн цагаан ноолуур боловсруулдаг, олон улсын ноолуурын мөрдөн мөшгөх системийн тогтолцоо хэрэгжүүлсэн байна.  Өмнө нь огт ашигладаггүй, байгалийн жамаараа гуужиж хаягддаг байсан сарлагийн хөөврийг самнаж бэлтгэх аргыг малчидтай хамтран боловсруулж, хөөврийг нь худалдаж авдаг болсноор үнэ цэнийг нь 10 дахин өсгөж чаджээ.Монгол Улсын нийт сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэж байна.
2024/04/04
269
НИЙГЭМ
Сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгийн зээлээр дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эко усны сав” ХХК-д ажиллалаа.“Эко усны сав” ХХК-ийн удирдлагууд үйлдвэрлэлийн болон хаягдал дахин боловсруулах явцаа танилцууллаа. Тус компани БНСУ-аас өндөр нягтралтай полиэтилен HDPE буюу олон улсын чанарын гэрчилгээтэй түүхий эд ашиглан усны сав үйлдвэрлэж байна.Эко усны саванд хадгалсан хүнсний зориулалтын шингэн зүйл химийн урвалд орохгүй, хүчил шүлт бусад химийн идэмхий бодист тэсвэртэй шинж чанартай гэдгийг хэллээ.Хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шингэн, улмаар хүний биед орж хуримтлагдсаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болдог.Хортой, хоргүй хавдар, ургийн гажиг, үргүйдэл, мэдрэлийн саажилт, хүүхдийн тархины хөгжил саатах, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар буурах, үений үрэвсэл, арьсны өвчлөл зэрэг өвчин үүсгэдэг химийн бодисууд найрлагад нь ордог учир дэлхийн улс орнууд татгалзаж байгаа ч манай улсад хэрэглээ өндөр хэвээр байна.Тухайлбал нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг,  нийт хоёр сая гаруй зориулалтын бус хүнсний савыг өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Энэ нь бусад төрлийн савны хэрэглээтэй харьцуулахад хоёр дахин өндөр гэсэн үг юм.Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 829 өрхийн дунд судалгаа явуулахад хөдөө орон нутагт 78, хотод 50 гаруй хувь нь химийн бодис, техникийн тос хадгалах зориулалттай сав ашигладаг нь тодорхой болжээ.Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл шинэ салбар хэдий ч дотоодын хэрэгцээний 35 хувийг хангадаг бөгөөд жилд 200 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байна.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн жил 22 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ жил 60 орчим тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр олгохоор төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл нэг аж ахуйн нэгжид гурав хүртэл тэрбум төгрөгийн зээл олгох юм.Монгол Улсын засгийн газар зориулалтын бус савны хор хөнөөлийг таниулах, эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон савыг худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг зэрэг газарт хэрэглэхийг хориглох, өрхийн хэрэглээнээс халах зорилт тавьж 2016-2021 онд “Сав, баглаа, боодол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлжээ.
2024/04/04
307
НИЙГЭМ
Урлагийн сургуулийнхны дээрэлхэлт 10-аад жилийн өмнө ямархуу байв.....
Хичээлийн анхны өдөр анги дааж хариуцаж авсан багш танилцаж дуусаад, дээд курсын ах нар дээрэлхэх асуудал гарч магадгүйг сануулж байлаа. Хэд хоногоос ах нар дуудах юм байна гэж бодчихоод явж байтал багшийн сануулга хэтэрхий хурдан, хичээл тарахад л биеллээ олов. Ангийн хөвгүүдийг дагуулж сургуулиас холхон очиж байгаад сүүлд зарим нэг киноны туслах дүрээр харагдах болсон тухайн үеийн 3-р курсийн залуу 1-р дүрэм, 2-р дүрэм... гээд л сургуулийн албан бус дүрмийг танилцуулж гарлаа. "Бид нарыг хүндэл, дуудсан үед бэлэн бай, битгий сургууль дотор мөрлөөд бай" гээд л ах нар ар араасаа томорч гарах нь тэр. Төгсгөлд нь ах нартаа архи авч өгөхийг тушаав. Гол нь бүгдийнх нь халаасан дахь мөнгийг шавхсаны дараа тийм даалгавар өгөх нь тэр. Мэдээж байгаа ганц сонголт нь нэгнийхээ утсыг ломбарданд тавих. Нэг өдөр нь тэгж салаад маргааш нь утсаа буцааж авах мөнгийг олох ёстой. Мэдээж маргааш нь дахин "дуудлага"-нд өртөхгүй бол шүү дээ.Хичээлээ хийхийн хажуугаар багш, эцэг эхчүүдээс энэ байдлаа нууж, хааяа ах нарт зодуулж хөхөрсөн нүүрээ бас л нууж бүгдээрээ сэтгэлийн дарамттай, сургууль руу очихоос айдастай байдаг болов. Сургуулийн анхны шинэ жилээр эрт урьдын цагт төгсөөд ажил хийж байгаа хөгшин ах нар ирчихсэн тухайн үеийн 3, 4-р курсэд сурч байсан, хип хоп дуу дуулж нэлээн олны танил болсон байсан хүүхдүүдийг зодож дээрэлхэж байгааг хараад их гайхаж билээ. Тэр олны танил хүүхдүүд бид нарыг дээрэлхдэг хүмүүс дунд харагдаж байгаагүй. Мэдээж уран бүтээл гээд завгүй, сургууль дээрээ ч бараг харагддаггүй байлаа.Энэ байдал удаан үргэлжлэхийн хэрээр бид нар цаашид суралцах аргагүй болж, нэг дуудлагын үеэр архи авч өгч чадахгүй гэж эсэргүүцээд үхтлээ зодуулж байлаа. Авах юмгүй болсон царайтай хөвгүүд тойрч суугаад энэ байдлыг өөрчилье, бидний үеэр энэ заваан зүйл дуусаг гэж ярилцаад анги ахихын хэрээр ах нарын дарамтыг өөрсөд дээрээ авч доод курсынхнийгээ хамгаалдаг болов. Энэ үйлдэл чамгүй үр дүнгээ өгч байдал харьцангуй гайгүй болоод ирэв.Гэвч биднийг төгсөх үед нөгөө уламжлал дахин бий болоод 3-ынхан нь 1,2-ыгоо, 2 нь 1-ийнхнээ дээрэлхсэн асуудал гарч сургууль энэ байдлаа дийлэхээ болиод бүх хөвгүүдийг хамарсан том хурал хийж байсан юм.Энэ бол урлагийн сургууль болохоор угаасаа л тийм байдаг, ингэж байж хүндлэл үүсдэг гэж ярих ер нь буруу л даа. Ихэнх олны танил хүмүүс үүнийгээ дурсахдаа олон жилийн өмнөх хүүхэд үеийн болчимгүй явдал, буруу зүйл, энэ байдал өөрчлөгдөөсэй гэхгүйгээр байдаг л зүйл, хүмүүс л хэт дөвийлгөөд байна, манай сургуулийг муухай харагдуулж байна гэх хандлагатай байдаг нь өөрөө онцгүй үйлдэл шиг санагддаг. Иймэрхүү асуудал хөндөх бүрдээ дурддаг нэг зүйл бол 2010 он хавьцаа Кино урлагийн сургуулийн оюутан сургуулийнхаа 00-д зодуулж нас барсан аймшигт хэрэг гарч байсан. Магадгүй тухайн үед сошиал хөгжсөн байсан бол түүний амийг нэхэх л байсан байх....#repost
2024/04/03
896
НИЙГЭМ
'Аутизм ба тэгш хүртээмж' хэлэлцүүлгийг НББХ-ноос зохион байгууллаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2008 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2024.04.02) “Аутизм ба тэгш хүртээмж“ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, аутизмтай хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл холбогдох төрийн байгууллага, яамдын төлөөлөл, Улсын Их Хурлын гишүүд зэрэг нийт 50 гаруй хүн оролцов.Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Г.Анужин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Аутизмтай хүүхэд энгийн хүүхэдтэй харьцуулахад хэл яриа, үйл хөдлөлөөрөө өөр байдгаараа нийгмийн ялгаварлалтад өртөж байна. Хэдийгээр тэгш хамран сурах бололцоог олон хуулиар нээж өгсөн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс аутизмтай хүүхдийн талаар нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох цаашлаад төрийн зүгээс оношилгоо, эмчилгээг сайжруулж, хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн онцоллоо. Түүнчлэн хууль эрх зүйн хүрээнд засаж сайжруулах ямар асуудал байгааг тодруулахад энэхүү хэлэлцүүлэг чиглэгдэж байгаа хэмээн тодотгов. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн нийгмийн хамгааллын асуудлаар засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн хэлэлцүүлгээр хэд хэдэн сэдвээр илтгэл танилцуулж, холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авав. “Аутизмд хийсэн аялал” ТББ-ын тэргүүн З.Октябрь “Аутизм ба боловсролын тэгш” хүртээмж сэдвээр танилцуулсан илтгэлдээ, Монгол улсын хэмжээнд 2021 оны байдлаар 33 хүүхэд тутмын 1 нь аутизмын хүрээний эмгэгтэй байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таамаглалаар энэ тоо өсөх магадлалтайг дурдав. Тэрээр багш эмчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын хөтөлбөрт аутизмын хүрээний эмгэгийн тухай ойлголт мэдлэг олгох нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийн туслах, дэмжигч багш нарыг улсын хэмжээнд бэлтгэх, тэгш хамруулах үндэсний хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байлаа. Учир нь аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд эмнэлэг, сургууль, нийгмийн орчинд өдөр бүр таагүй нөхцөл байдалтай нүүр тулгардаг талаар ярьж байв. Мөн сургалт, судалгааны “Оюун тамир” ТББ-ын тэргүүн Б. Энхзаяа “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудал“ сэдвээр мэдээлэл танилцуулахдаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад аутизмын талаар мэдлэг олгох шаардлагатай гэсэн ижил агуулга хөндөж байлаа.  Ихэвчлэн аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсон хүүхдүүдийн эцэг эхчүүд энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагыг санаачилж, нийгмийн хандлага, харилцааг өөрчлөх нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг аж. Хэлэлцүүлгийн үеэр Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн Захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор В.Баярмаа аутизмын хүрээний эмгэгийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлыг танилцуулав.Тоон мэдээллээс харахад аутизмын хүрээний эмгэг, амбулаторийн өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа дүр зурагтай харагдаж байгаа ч төрийн бус байгууллагын төлөөлөл Монгол Улсын хэмжээнд хэчнээн иргэн аутизмын хүрээний эмгэгтэй байгааг гаргасан баримт, судалгаа байхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.Боловсролын багц хуульд тэгш хамран сургахтай холбоотой 39 зүйл, заалт тухайлбал сургуулийн өмнөх боловсролын багц хуульд бүлэг орсон нь дэвшилттэй зүйл болсон хэдий ч хэрэгжилт удаан байгааг анхаарах шаардлагатай гэдэг саналыг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан саналуудыг нэгтгэн байнгын хорооноос тогтоол баталж, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж байгаа талаараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ онцлов. Мөн энэ үеэр аутизмтай хүүхдүүдийн зурсан зургийн үзэсгэлэн болон тэдгээр хүүхдийн зурсан зургаар хувцас урласан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн оюутнуудын бүтээлийг дэлгэн харууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  
2024/04/02
283
НИЙГЭМ
Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна
32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж буй. Тус бүтээн байгуулалтын талаар УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа.-32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх явган хүний зам хэдэн хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна вэ?-32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл шинэчилж буй явган хүний замын ажил 2023 оны аравдугаар сард эхэлсэн. Нийт 1.2 км явган хүний зам буюу 7000 ам метр талбайг шинэчилж буй. Өнгөт хавтангаар явган хүний зам хийхээр эвдрэл ихтэй, насжилт богино байгаа тул уг замыг байгалийн боржин чулуугаар хийж байгаа юм. Одоогоор ажлын явц 65 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим хэсэгт газар чөлөөлөлт, орц гарцтай холбоотой асуудлууд үүсэж байгаа. Үүнд Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран газар дээр нь зөвшилцөж, зам дагуух аж ахуйн нэгжүүд болон явган зорчигчдыг хохироохгүйгээр шийдэл боловсруулж байна. Уг бүтээн байгуулалт амжилттай дуусвал төвийн гол магистрал явган хүний замуудыг байгалийн боржин чулуугаар шинэчилнэ.-Тухайн байршилд өмнө нь явган хүний зам байсан уу?-32-ын тойргоос Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургууль хүртэл бараг явган хүний замгүй байсан. Сүхбаатар дүүргээс хэсэгчилсэн байдлаар зам хийсэн байсан бөгөөд хуучин замын материалыг дүүрэгт нь хүлээлгэж өгөөд 3 метр хүртэлх өргөнтэй явган хүний зам хийж байна. Өмнө нь 1.5-2 см зузаан хавтангаар зам хийдэг байсан бол энэ удаад Монголын хөрснөөс гаргаж авсан, 4 см хүртэлх зузаантай барзгар боржин чулууг ашиглаж байгаа. Тиймээс хөрс бэлтгэлийн ажлаа сайн хийж, насжилтыг уртасгаж байна. Өмнө нь дүүргээс хэсэгчилж хийсэн замууд аж ахуйн нэгж, байгууллагуудын хашаа, шон, рекламын самбар, авто зогсоол зэргээс шалтгаалж 1-2 метрийн өргөнтэй байсан. Үүнийг боломжоор нь 3 метр хүртэл өргөтгөж байна.-Байгалийн боржин чулуун зам тавьснаар ямар давуу тал бий болох вэ?- Өмнө нь байгалийн боржин чулуугаар зам тавихдаа гадаргыг нь шатаагаагүйгээс үүдэн халтирах эрсдэл үүсдэг байсан. Энэ удаад сонгож буй чулууны гадаргад шатаалт хийж, зориулалтын төхөөрөмжөөр барзайлган, халтиргаа үүсэхээргүй болгож байгаа. Мөн замын хагаралгүй болж, дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчиход доргилт мэдрэгдэхгүй, замын насжилт уртасна.-Газар хөлдсөн үед уг бүтээн байгуулалт эхэлсэн. Тиймээс иргэдийн зүгээс газар гэсэхээр суулт өгч, хагарч цуурах вий гэсэн болгоомжлол байгаа. Тийм асуудал үүсэх үү?-7000 ам метр талбайг дулааны улиралд шинэчилбэл хоёр сарын дотор дуусна. Бид 7000 ам метр талбайн 60 хувь буюу 4000 орчим ам метр талбайг 5-6 сарын хугацаанд хийж байна. Хүйтний улиралд явган хүний зам тавихдаа асар барьж, халаагч пуужин үлээлгэн, дулааны улиралд байгаа мэт нөхцөлийг бүрдүүлж хийсэн тул суулт өгөх асуудал гарахгүй. Мөн гүйцэтгэгч байгууллагын хувьд энэ төрлийн асуудал гарвал өөрсдийн хөрөнгөөр засварлаж, улсыг хохиролгүй болгоно. Цаашид хэд хэдэн байршилд ийм бүтээн байгуулалт хийх учраас гүйцэтгэгч байгууллага хариуцлагатай ажиллана. Газар чөлөөлөлт, орц гарцтай холбоотой асуудал хурдан шийдэгдвэл тавдугаар сардаа багтаан ажлаа бүрэн дуусгана.
2024/04/02
494
НИЙГЭМ
Сургууль, цэцэрлэгийн 15 байршилд лед гэрлэн гарц суурилууллаа
Тээврийн цагдаагийн албаны тайлан мэдээллээс харахад хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацаа нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үед байдаг байна.Иймээс сургууль орчмын бүсэд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НЗДТГ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 135 сургуулийн 143 байршилд явган хүний гарцад лед проектор суурилуулахаар төлөвлөн, ажиллаж байна.Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 14 сургуулийн 15 байршилд зохицуулдаггүй явган хүний гарцад лед проектор гэрэл суурилууллаа.  Тодруулбал, Баянгол дүүргийн долоон байршилд буюу 20, 38, 47, 118, 141, “Сэтгэмж” сургууль, Чингэлтэй дүүргийн 49, 57, 138, 139, 140 дүгээр сургууль болон Баянзүрх дүүргийн 44 дүгээр цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургууль орчимд лед гэрлэн гарц суурилуулсан юм.Мөн Чингэлтэй дүүргийн 37, 24 дүгээр сургуулийн хоёр байршилд явган хүний гарцад лед гэрэл суурилуулах ажил үргэлжилж байна.
2024/04/02
345
НИЙГЭМ
116 рейсээр нийт 4684 тонн ус соруулж, аюулгүй байдлыг хангалаа
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь дөрөвдүгээр сарын 1-нд нийт 20 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Дуудлага мэдээллийн дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэй дараах байршлуудад хариу арга хэмжээ авлаа. Тодруулбал,Хан-Уул дүүргийн 2-р хороо, Наадамчдын замд гурван рейсээр 30 тонн,Яармагийн гүүрний нүхэн гарцаас 10 рейсээр 100 тонн,Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Өнөр хорооллын гудамжинд 18 рейсээр 108 тонн,Баянгол дүүргийн 20-р хороо, Ажилчны гудамж, “Акума” төв орчмоос таван рейсээр 50 тонн,Хан-Уул дүүрэг 3-р хороо, Нарны гүүрний урд хэсэгт 13 рейсээр 130 тонн,Баянзүрх дүүргийн 29-р хороо, Дарь-Эхийн “Хас” захын урд замд 64 рейсээр 516 тонн, хоёр помпоор 1020 тонн,Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн сувгийн далд хэсгээс моторт помпоор 1200 тонн,Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 27–р хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Намгийн сувгийн бөглөрлийг гаргаж, насосоор 900 м3, “Гэгээн манал” эмнэлгийн зогсоолоос 600 м3 ус тус тус соруулж ажиллав.Дээрх найман байршилд айл өрх албан байгууллага, авто зам руу ус орохоос сэргийлж 116 рейсээр нийт 4684 тонн ус соруулж, аюулгүй байдлыг хангасан. Бусад байршлуудад үзлэг шалгалт хийж, иргэдэд зөвлөгөө өгсөн юм.ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ
2024/04/02
335
НИЙГЭМ
С.Батсайхан: Суурьшлын бүс учраас суваг татах боломжгүй, усыг соруулж байна
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос гадна цаг агаар орчим дулаарч буй тул цас мөс эрчимтэй хайлж, уулнаас ус буун, хальж, авто замд их хэмжээний ус тогтон иргэд болон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/-аас нийт дөрвөн байршилд 29 албан хаагч 11 машин техник, хоёр помптойгоор замд тогтсон усыг соруулан ажиллаж байна.Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан:-Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас нийслэлийн хэд хэдэн байршилд уулын шар ус бууж, зарим зам талбайд халин орсон. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо буюу Дарь-эх орчимд нөхцөл байдал хүндэрч, их хэмжээний ус тогтоод байна. Энэ хэсгийн авто зам ус зайлуулах системтэй боловч өвлийн улиралд халиа тошин үүссэнтэй холбоотойгоор гаргалгаа хэсэг нь хөлдөж, бөглөрөн ус зайлуулах боломжгүй байгаа тул соруулж, зөөх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Үерийн шороотой ус урсаж, ус зайлуулах шугамыг бөглөх эрсдэл бас үүсдэг. Нийт дөрвөн бригад арав гаруй дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байна. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 400 гаруй тонн ус соруулаад байна. Цагт 400-500 шоо метр ус соруулах чадвартай помпууд ажиллаж байгаа. Цаг агаар дулаан байгаа учраас уулнаас нэмж ус орж ирэн мөн булаг хальж байгаа тул нөхцөл байдал амар шийдэгдэхгүй байна. Суурьшлын бүс байгаа учраас суваг татах боломжгүй, нэн түрүүнд ус соруулах шаардлагатай.Шар ус маш холоос урсан, орж ирж байна. Урсаж орж ирэх замд маш их суурьшил үүссэн буюу ус урсах голдирлыг өөрчлөн, зөвшөөрөлгүй хашаа, хана барьчихсан байгаа юм. Мөн иргэд эд хөрөнгө, амь насаа хамгаалахын тулд суваг шуудуу татаж, шороон далан босгох зэрэг арга хэмжээ авч, үерийн эрсдэлтэй бүс, далан дагуу суурьшихгүй байх хэрэгтэй байна.Цаашид Улаанбаатар хотын 37 байршилд ус зайлуулах шугам, системийг үе шаттайгаар хийхээр ажиллаж байна. Усны барилга байгууламжийн ажил нь төвөгшил өндөртэй учраас мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгэж, барилгын ажлыг стандартын дагуу гүйцэтгэн, насос станц, худаг, ус хуримтлуулах томоохон сангуудыг байгуулах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд ГУББГ-аас ус их тогтдог 43 байршилд ус зайлуулах асуудлыг шийдсэн хэмээлээ.Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын нийт 163 км далан суваг, борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Эдгээрт хуримтлагдсан лаг хагшаасыг жилд 3-4 удаа цэвэрлэдэг бөгөөд ус зайлуулах шугам сүлжээ нь далд байрладаг учраас бүрэн дулаарч, хайлсны дараагаар цэвэрлэдэг байна. Иймд дөрөвдүгээр сарын 20-ноос ил шугам сүлжээ, лоткиг цэвэрлэж эхлэн, түүний дараагаар далд системийг цэвэрлэх юм. Борооны ус зайлуулах системээс 4000 орчим шоо метр, томоохон далан сувгуудаас 21-25 мянган шоо метр лаг хагшаасыг жил бүр тогтмол цэвэрлэж, зайлуулдаг аж.
2024/04/01
293
НИЙГЭМ
Хаврын их цэвэрлэгээг энэ сард зохион байгуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 45 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.3 хувьтай байв.Тухайлбал, дүүргүүдийн нутаг дэвсгэрт дэх өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу УБЗАА болон НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид дүүрэг тус бүрд үзлэг шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ хазайж, доголдол гарсан 25, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрсэн байна.Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын газраас бусдад шилжүүлсэнтэй холбогдох судалгааг хийж, танилцуулахыг үүрэг болгосон. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн гэсэн дүн гарсан байна. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох арга хэмжээг авч, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм.Нийгмийн зайлшгүй хэрэглээнд үндэслэн газар чөлөөлөх журам Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор батлагдсан. Үүний дагуу авто замын чиглэлээр 30 байршилд 1605 нэгж талбар чөлөөлөхөөс 679, сургууль, цэцэрлэгийн 14 ажилд 210 нэгж талбар чөлөөлөхөөс 124, шугам сүлжээ хийх 11 байршилд 403 нэгж талбар чөлөөлөхөөс 68, хороо, өрхийн эмнэлгийн 11 байршилд 303 нэгж талбар чөлөөлөхөөс 148 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Хорооллын эцсийг Толгойтын замтай холбох авто замын трасст өртсөн 5 нэгж талбарыг зайлшгүй чөлөөлөх шаардлагатай байгаа тул иргэн, аж ахуйн нэгжтэй зөвшилцөж байгаа юм. Мөн Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн авто замыг өргөтгөлийн нөлөөлөлд 60 иргэн, хуулийн этгээдийн 8300 ам метр газар өртсөн тул газар чөлөөлөх урьдчилан мэдэгдэх хуудсыг бүрэн хүргүүлсэн. Одоогоор нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангаж байна.Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,Нийслэлийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах.2024 оны тохижилтын ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан байгууллагууд хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлэх, дүүргүүдийн төлөвлөлттэй уялдуулах;Хаврын их цэвэрлэгээний хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах, гадна фасадаа угаах ажлуудыг зохион байгуулах;Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, ТЭЗҮ, зураг төсөл, ажлын даалгаврыг байгууллагуудад хүргүүлж, ажлаа эрчимжүүлэх;Хүүхэд, багачууд, оюутан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох тооцоо судалгааг хийж танилцуулах;Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрч гэмтсэн гэрлийн шон, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах, ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах;Төв замын нэгдүгээр эгнээ дагуу эзэмшиж байгаа газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд мэдэгдэл хүргүүлэх, чөлөөлөхийг үүрэг болгосон юм.
2024/04/01
282
НИЙГЭМ
Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах системийг цогцоор нь шийднэ
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах 7.6 км үерийн даланг үргэлжлүүлэн 26 дугаар хорооны үерийн далантай холбоно. Үерийн усны суваг болгон бэхжүүлэх ажлыг НҮБ-ын Хапитат байгууллагын хийж буй зураг төсөлтэй уялдуулан хийх юм. Түүнчлэн дүүргийн 18, 19 дүгээр хорооны заагт ус цуглуулах усан сан, хөрсний ус зайлуулах насос станц зэргийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн 5 шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, Дэлхийн банкны санхүүжилтээр ус зайлуулах системийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна.Улаанбаатар хотод хөрсний ус зайлуулах ганцхан станц бий. Уг станц нь Хархорины баруун талд байдаг бөгөөд социализмын үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн юм.Насос станцгүйн улмаас аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна. Тухайлбал, Урт цагааны бүтээн байгуулалтын ажилтай холбоотой геологи хөрсний шинжилгээ хийхэд 1.5 метр газар ухахад хөрсний ус гарч байна гэсэн хариу гарсан.  Хөрсний усыг зайлуулах шаардлага тулгарахад Урт цагаан орчимд ус зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээгүй байна.Тиймээс Улаанбаатар хотод нэмж хөрсний ус зайлуулах насос станц байгуулан, Туул, Сэлбэ, Дунд гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш цутгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар онцолж байв.
2024/04/01
276