НИЙГЭМ
НИЙГЭМ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч таалал төгслөө
Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат өнөөдөр зуурдаар таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо. Пунсалмаагийн Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн. Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Шарын голын уурхайд ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, Түлш, эрчим хүчний яамны сайд, Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын алба хашиж байв.1990 оны есдүгээр сараас 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны хоёрдугаар сараас 1993 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байв.1997 оны наймдугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байлаа.Талийгаачийн ажилч хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл даруу гэгээн дүр монголчуудын сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэж, мөнхөд дурсагдах болно.Ум сайн амгалан болтугай!
2025/01/17
862
НИЙГЭМ
'Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)' сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах хэлэлцүүлэгт иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх Хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар бичгээр болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байна. Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Лавлах утас: 51-261240, 99680844, 99107510, Email:[email protected]/ Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай. Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба
2025/01/16
490
НИЙГЭМ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээ. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Тэрбээр “Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа /2025.01.15/ дуусаж, иргэдээс албан ёсоор захиалга авч эхэллээ. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрсэн. Систем маш энгийн, ойлгомжтой. Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан автомашин болон зөв хүрдтэй автомашинууд хамгийн өндөр оноог авах юм. Хамгийн өндөр оноотой байгаа тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгох боломжтойг илэрхийлсэн мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт илгээнэ. Уг систем нь дугаар олгодог систем биш, дугаар олгох дарааллыг бүртгэж буй систем юм.
2025/01/16
622
НИЙГЭМ
Өнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар боллоо
Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 2.4°С-аар, олон жилийн дунджаас 1.35°С-аар тус тус дулаан байлаа.Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 25 дахь дулаан сар болсон байна.Монгол орны нийт нутгийн 23.3% нь дунджаас -1.0°С -ээс -7.0°С-аар хүйтэн, 41.1% нь дунджаас +1.0°С –ээс 5.3°С-аар дулаан, 35.7% нь дунджийн орчим байжээ.Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
2025/01/16
929
НИЙГЭМ
Хоёр талт жагсаалын эргэн тойронд....
Эрх чөлөөний эвсэл намаас
энэ сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй жагсаал эрч нь хэдийгээр
суларсан ч өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Эрх
чөлөөний эвсэл намын зүгээс: “Засгийн газар огцор” жагсаал Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд
орохгүй, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй.
Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар төв талбай
орчмоор хүн цөөтэй, хоймор хэсэгт нь “Засгийн газар огцор” талын
хэдэн жагсагч, “Хөлсний жагсагчид зайл” гэх уриа лоозон барьсан хэсэг хүмүүс
зэрэгцэн зогсож байв. Жагсагчдыг эсэргүүцсэн
жагсаалын тэр хавьд хэдэн хүн ирчихсэн, дуу нь нэлээн чангаран ярилцаж буй нь
чих дэлсэхэд “Энэ жагсаалыг Элбэгдорж санхүүжүүлж байгаа” гэх зэргээр
шүүмжилсэн үгс сонсогдож байлаа. Харин хажууханд нь зогсож
буй Цацрал тэргүүтэй Эрх чөлөөний эвсэл намын жагсагчдын зүгээс чимээ анир гарсангүй.
Талбайн төвд байх Сүхбаатарын хөшөөг тойруулан “Засгийн газар огцор” гэсэн том
бичиг болон жижиг цаасан дээр хэвлэсэн сурталчилгааны материалууд байршуулсан
харагдана.
Ерөнхийдөө нийгмийн
амьдрал нам тайван байдалд шилжин, иргэд хувь хувийн ажил төрөлдөө шуударсан бололтой.
Д.Чинзориг
2025/01/15
701
НИЙГЭМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл жагсаалын талаар ийнхүү мэдэгджээ
Нэгдүгээр сарын 11-ний
өдөр Эрх чөлөөний эвсэл намаас "Засгийн газар огцор" нэртэй
жагсаалыг төв талбайд зохион
байгуулсан. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан жагсаал цуглаанд оролцож
байгаа иргэд, оюутан залууст аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд
өртөхөөс урьдчилан сэргийлж,
бусдын өдөөн хатгалгад автахгүй байх, цаашилбал хууль бус үйл ажиллагаанд
оролцохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас уриалсан юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
өчигдөр энэ
сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй жагсаалын тухай мэдээлэл хийхдээ: "Иргэд жагсаж, үзэл
бодлоо илэрхийлэн, шаардлага тавьсан. Үүнд Засгийн газар хүндэтгэлтэй хандах
хэрэгтэй. Жагсаалын хоёр дахь өдөр иргэн Цацралын биед халдсан. Үүнийг
цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэн Цацрал одоогийн байдлаар ямар нэгэн
гомдол гаргаагүй байна. Жагсаалын үеэр гарсан зарим асуудлуудыг цагдаагийн байгууллага
шалгаж байна. Тухайлбал, жагсаалын үеэр талбай руу автомашинтайгаа дайрч орсон
этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, хоёр
жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан хүн байгаа. Хэрэв олон хүн дайрсан
бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь цагдаагийн байгууллага шалгаж
байгаа. Алба хаагчдыг хутгалж буй мэт дүр зураг үзүүлсэн этгээд өмнө нь
дөрвөн удаа ял шийтгүүлж байсан этгээд. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж
байна. Мөн төлбөртэй жагсаал, цуглаан хийх нь хориотой байдаг.
Органикаараа маш олон хүн ирсэн ч мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг
албадсан байж болзошгүй мэдээллүүд шалгагдаж байна. Үүнд хэд хэдэн нэр бүхий
этгээдүүд бий" гэлээ.
Дашрамд дурдахад, энэхүү
жагсаалыг зохион байгуулж буй Эрх чөлөөний эвсэл
намын зүгээс: “Засгийн газар огцор” жагсаал Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд орохгүй,
ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн
шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн
байна.С.Хүслэн
2025/01/15
610
НИЙГЭМ
Гэр хорооллын айл өрх, албан байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зууханд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна. Тодруулбал, нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч хяналт шалгалт хийх юм.Дээрх ажилтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын хамтарсан хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр хяналт шалгалт болон судалгаа гаргах ажлын зохион байгуулалтын талаар хэлэлцэж, нийслэлийн Онцгой комиссоос холбогдох үүрэг чиглэл өгөв.
2025/01/15
420
НИЙГЭМ
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, засварын ажил дууслаа. Тодруулбал, Edunburgh Elevator үйлдвэрийн 1.0м/с хурдтай, 1000кг, 630кг, 400кг, 150кг даацтай хүн зөөврийн зориулалтын болон бага ачааны зориулалттай эмчилгээний, хоол судлалын тасгийн, хоол зөөврийн нийт 24 ширхэг цахилгаан шатыг угсарч ашиглалтад орууллаа.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг "Төвхөн трейд ХХК" гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
2025/01/14
430
НИЙГЭМ
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-23 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань цагаан зудын.Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Хөхтолгой, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Жаргалант, Хөвсгөлийн Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Төвийн Цээл, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (нийт 13 аймгийн 56 сум) байдалтай байна.Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
2025/01/13
494
НИЙГЭМ
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.01.06-12/ нийслэлийн 7 дүүрэг, 14 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
2025/01/13
460
НИЙГЭМ
Шингэрүүлсэн хийн түлш ашигласнаар агаарын бохирдол 95-98 хувиар буурах боломжтой
Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдаан /2024.01.11/ болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм. Тус хуралдаанд МУ-ын Засгийн газрын зарим гишүүд, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхан оролцов.Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч шахмал түлшинд хийсэн туршилтын үр дүнг танилцуулав.Тэрбээр “Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33.7 хувь, хүхрийн давхар исэл 63.7 хувиар багассан бол чийглэг 14.1 хувиар, илчлэг 22.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар, жигнэсэн нүүрс буюу хагас коксон шахмал түлш ашиглавал 25-28 хувиар, “ЭТТ”-ын эрчим хүчний баяжуулсан шахмал түлш ашиглавал 9-12 хувиар буурах боломжтой” гэдгийг хэлж байв.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Уг хууль батлагдсанаар агаар, орчны бохирдлыг бууруулах шар болон ногоон бүсийг байгуулж, 50.000 гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно. Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна” гэв.Хуралдааны төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд буюу Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, метро, трамвай, V цахилгаан станцын ажлын явцын талаар танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баянзүрхийн гүүрээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлнэ. Үүний нэг нь богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай бөгөөд ирэх 5-6 дугаар сард тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Трамвайн эхний шугам Нисэхээс Д.Сүхбаатарын талбай хүртэл байх юм.
2025/01/13
512
НИЙГЭМ
Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад шагнал гардууллаа
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан билээ.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, мөн чанарыг таниулах зорилго бүхий эсээ бичлэгийн уралдааныг “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал”, “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” гэсэн дэд сэдвийн хүрээнд их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан юм. Уралдаанд нийт 140 гаруй бүтээл ирж, сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар явуулсан бөгөөд “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” гэсэн сэдвийн хүрээнд дэх эсээ бичлэгийн уралдаанд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн маркетингийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан С.Маралгуа тэргүүлж, Санхүү, эдийн засгийн их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Р.Анхзаяа, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Э.Баярсайхан нар удаалсан.Харин “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал” сэдвийн хүрээнд болсон эсээ бичлэгийн уралдаанд Отгонтэнгэр их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Т.Маргад-Эрдэнэ, нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Цэлмэг, 20 дугаар сургуулийн 11д ангийн сурагч А.Золзаяа нар эхний гурван байрыг эзэлсэн.Мөн Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Ш.Сумъяахүү, нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Н.Янжинлхам нар тусгай байранд шалгарсан юм.Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар /2025.01.09/ шагнал гардууллаа.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон оюутан, сурагчдад баяр хүргээд, энэхүү уралдаан оюутан залуус, сурагчдын дунд үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж дүгнэж байгаагаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Энэхүү уралдаан Үндсэн хуулиар хуульчлагдсан амин чухал асуудлууд болох хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, тэгш эрх, төрийн байгууламж, парламентат ёс нь яагаад чухал вэ гэдгийг эргэцүүлэхэд хүргэсэн гэдэгт итгэж байна хэмээгээд, хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээ шүүмжлэн эргэцүүлэх чадварыг дээшлүүлэх, цаашид нийгмийн чухал асуудлаар судалгаа эрдэм шинжилгээний ажил хийх, сонирхлыг нэмэгдүүлэх сэдэлжүүлэх ач холбогдолтой байсныг тодотгосон юм.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж шагналт байранд шалгарсан шилдэг оюутан, шилдэг сурагчдад үеийн залуусаа үргэлж зөв үлгэр дуурайллаар манлайлж, нийгмийн сайн сайхан үйлсэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/10
498
НИЙГЭМ
О.Хуншагай: 2024 онд тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй иргэд хуучин үнээрээ төлнө
Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээний талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас тодрууллаа.-НИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Авто тээврийн хэрэгслийн албан татвар яаж нэмэгдсэн гэдгийг тодорхой хэлж өгөөч?-Авто тээврийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 2001 хүртэлх мотортой тээврийн хэрэгсэл хамгийн дээд хэмжээ нь 144 мянган төгрөг татварт төлнө. Энэ нь уг тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамжийн чадлыг 72 төгрөгөөр үржүүлж төлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2001 хүртэлх цилиндрийн багтаамжтай тээврийн хэрэгсэлд ногдох татвар нэг см.куб багтаамж тутамд 72 төгрөг байна. Харин 2001-3001 хүртэлх мотортой тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамж тутамд ногдох татвар 81 төгрөг, 3001 болон түүнээс дээш мотортой бол 99 төгрөг болж нэмэгдсэн.-Түгээмэл байдаг “Приус 20” автомашины тухайд жишээ болгоод татварын хэмжээг тайлбарлавал?-Жишээлбэл, “Приус 20” автомашин 1500 мотортой гэвэл өмнөх 2010 оноос хойш 2024 оныг хүртэл хэрэгжиж байсан зохицуулалтаар цилиндрийн багтаамжаас шалтгаалсан ногдох татвар 24 төгрөг байсан. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа тарифаар жилд нэг удаа 108.000 төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, 1500 цилиндрийн багтаамжийг 72 төгрөгөөр үржинэ гэсэн үг.-Авто тээврийн хэрэгслийн албан татварыг хэзээ төлж барагдуулах ёстой вэ?-Иргэд хуульд заасан хугацаанд буюу тавдугаар сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслийн татварыг төлөх үүрэгтэй.-Авто тээврийн хэрэгслийн албан татвараа хаана хандаж төлөх вэ?-Тээврийн хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэргийг дээрх хуулийн хугацаанд нь багтаан хуваан төлж болдог.Түүнчлэн нэмж хэлэхэд, нэмэгдсэн зохицуулалт энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа учраас тээврийн хэрэгслийн 2024 оны албан татварыг төлөөгүй иргэд 2025 онд нэмэгдээгүй үнээр татвараа төлнө.
2025/01/10
535
НИЙГЭМ
Б.Одбаяр: Өмнөх зохицуулалтаар жилд 18-20 км зам засах боломжтой байсан
Нийслэлийн ИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.-НИТХ-аас баталсан 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг төлбөрийг нэмснээр ямар өөрчлөлт гарах вэ?-Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхэд хэдэн үндсэн шаардлага байж болно. Замын санд төвлөрсөн бүх хөрөнгийг авто замын засвар, арчлалтад зарцуулахаар Авто замын тухай хуульд заасан байдаг. 2024 он хүртэлх байдлаар ойролцоогоор 18-20 км замыг засах боломжтой байсан. Гэтэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт урт 1200 гаруй км. Жилд 18-20 км зам засна гэхээр нийт замын 1.5 хувийг засаж, үлдсэн 98 хувьд ямар нэгэн байдлаар засвар арчлалт хийгдэхгүй үлддэг байсан. Мөн 10 жил болоод авто зам дээр их засвар хийгдэх шаардлагатай болоход хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас замын чанар буурах нөхцөл үүсдэг. Цаашид энэ байдал сайжирна.-Шинэ зохицуулалт хэрэгжсэнээр авто замууд илүү чанартай баригдаж, засвар арчлалт нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?-Тэгэлгүй яах вэ. Зам засварын ажлыг хэрэгжүүлэхэд 2 төрлийн үндсэн стратеги хэрэгжүүлдэг. Энгийнээр тайлбарлавал, good road first буюу сайн замыг сайнаар нь явуулах эсвэл муу замаа түрүүлж засах гэсэн 2 стратеги байдаг. Хэрвээ муу замаа түрүүлж засах стратегийг барьж байгаа бол хамгийн муу стратегийг барьж байна гэсэн үг. Харин анхнаас нь сайн зам бариад сайн чигээр нь арчилж, насжилтыг уртасгаад явах нь урт хугацаандаа харьцангуй бага буюу 40 хувиар бага зардал зарцуулах боломж бүрдүүлдэг. Өмнө нь замын санд төвлөрч байгаа хөрөнгөөр зайлшгүй шинэчлэх шаардлагатай замаас эхэлж засдаг байсан. Хэрвээ цаашид хуучин зохицуулалтаар яваад байвал авто замын чанар улам буурах байсан.-Гэхдээ 2024 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад авто замын засвар шинэчлэлтийн ажил их үр дүнтэй явсан шүү дээ?-Бид 2024 онд 162.3 км авто замыг засварласан. Сүүлийн 4 жилд нийт 200 гаруй км гол гудамж, замуудад засварын ажил гүйцэтгэсэн. Цаашид ч хийх ажлын төлөвлөгөө их бий. Төлөвлөгөөний дагуу эдгээр замын засвар шинэчлэлтийг шахаж төлөвлөж, гүйцэтгэснээр авто замын чанарын үзүүлэлтийг 80 хувиас дээш барих төлөвлөлттэй байна.-Авто зам ашигласны төлбөрийг яаж тооцож нэмсэн бол?-Ажил гэрийн хооронд жилд дунджаар 6000 км зам туулдаг жижиг тэрэг жолооддог иргэн авто зам ашигласны төлбөрт жилд 20 мянган төгрөг буюу км тутамд 3 төгрөгийн татвар төлдөг байсан. Энэ нь дэлхийн дунджаас 86 дахин бага, харин манай улстай адил зохицуулалттай орнуудаас 90 дахин бага төлбөр юм. Дүгнээд үзэхээр, авто замын засвар арчлалтын байдал болон ойролцоо орнуудтай харьцуулахад ч тэр авто зам ашигласны төлбөр нэг км тутамд гурван төгрөг байсныг 15 төгрөг болгож байна гэсэн үг. Жишээлбэл, жижиг тэрэг жолооддог иргэн жилд 100 мянган төгрөгийн төлбөр төлнө.-Хамгийн сүүлд хэзээ авто зам ашигласны төлбөр нэмэгдэж байсан бэ?-Одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 онд уг төлбөрийн систем бий болсон. Үүнээс хойш авто замын ажлын үнэлгээ, материал, технологийн үнэлгээ, төсөвт өртөг зэргийг хэрхэн өссөнтэй харьцуулахад хуучин төлбөрийн систем авто замын ажлын чанарт тохирохгүй нөхцөл байдалтай байна.-Иргэд авто зам ашигласны төлбөрийг хэзээ төлөх вэ?-Авто зам ашигласны төлбөрийг тухайн жилдээ багтаан олон төрөлт байдлаар цахимаар болон арилжааны банканд хандаж, төлөх боломжтой.-2024 онд авто зам ашигласны төлбөрөө төлж амжаагүй хүмүүс яах вэ?-2024 оны төлбөрийг төлж амжаагүй бол хуучин зохицуулалтаар төлнө.
2025/01/10
558
НИЙГЭМ
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээр 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд төв байгуулна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш 6 удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г УИХ-д өргөн мэдүүлээд байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлого, баримт бичиг болон Улаанбаатар хотыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн. Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад, хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлсэн энэхүү төсөлд 32.2 мянган иргэн санал ирүүлж, 93 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоод, 14 яам, түүний харьяа байгууллагууд, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нарын дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, санал зөвлөмжүүдийг тусган боловсруулсан.Ташрамд, хамгийн сүүлд 2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2017 оноос Улаанбаатар хот цаашид ямар үзэл баримтлалтай хөгжих талаар төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн юм.“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна.Нийслэл Улаанбаатар хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжиж, иргэд, олон нийтэд нийгмийн болон төрийн үйлчилгээг ойртуулах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд төв байгуулна.Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байгаа бол 2040 онд 2.1 сая болж өсөх ба үүний 405 мянган хүн амыг дагуул хотуудад суурьших тооцооллыг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан.Ажлын байрны тоо 1.4 дахин нэмэгдэж, 193 мянган ажлын байрыг шинээр бий болгоно.Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 8 ам.метрээс 35 ам.метр болгон нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлнэ.Замын сүлжээний бүтэц нь хэвтээ 8, босоо 12, тойрог 3 замын бүтэцтэй байхаар төлөвлөж, 1,738.8 км замыг шинээр байгуулж, оргил ачааллын үеийн дундаж хурд 9 км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэнэ.Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож, өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ.Улаанбаатар хотын дулааны ачаалал 3,820 МВт байгаагаас 7,480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийднэ.Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд, 9 хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрахаар төлөвлөсөн.Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1,169 МВт байгаа бол 2040 онд 5,408Мвт болж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангана.Ногоон сууц төслийн хүрээнд сайжруулсан амины орон сууц бүсэд 49.6 мянган өрхийн сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүч болон хийн түлшний системээр шийднэ. Үр дүнд нь Улаанбаатар хотын гэр хорооллоос ялгарах хорт хийн ялгарлыг 0 түвшинд хүргэнэ.Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 243 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс 123 их наяд төгрөг буюу 51 хувь нь гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 120 их наяд төгрөг буюу 49 хувийг улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, бондын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
2025/01/10
1104
