mmnews.mn | 2025-08-10

НИЙГЭМ

НИЙГЭМ
Оюу толгой компанийн хэвлэл мэдээллийн багаас цаг үеийн мэдээлэл хүргүүлжээ
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гүний уурхайн шөнийн ээлжийн хэсэг ажилтан сэтгэл санаа ажилд гарахад бэлэн биш байна гэсэн шалтгаанаар ажлаа хийхээс татгалзсан болно. Ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг онцгойлон авч үздэг байгууллагын хувьд бид нөхцөл байдлыг ойлгон сонсож, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлсний дараа ажилд гарахгүй амрахыг зөвшөөрсөн. Мөн хугацаанд хамрах үндсэн цалинг тооцож олгохоо илэрхийлсэн. ‌ ‌Тухайн ажилтнууд дахин буюу хоёр дахь удаагаа ээлжиндээ үргэлжлүүлэн ажиллахаас татгалзсан, ийм тохиолдолд уурхайн цогцолбороос буцаах зохицуулалт хийгдэхийг сануулж зарим ажилтнууд уурхайгаас явах хүсэлтээ гаргасан болно. Бид тэдгээр ажилтнуудынхаа сэтгэл санааны байдлыг бодолцон тэдний шийдвэрийг хүндэтгэн үзэж, уурхайгаас гарах зохицуулалт дээр дэмжлэг үзүүлэн ажиллалаа.Ажилтнууд эрүүл мэндийн шалтгаанаар уурхайгаас явах тохиолдолд дотоод журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт орох шаардлагатай ба эмчийн дүгнэлтийг үндэслэн өвчний чөлөө олгох эсэхийг шийддэг. Харин эрүүл мэнд болон хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцож, цалин хөлс олгохгүй зохицуулалттай. ‌Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод ажлын цаг баримтлахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байдаг бөгөөд компани хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг.
2024/05/14
571
НИЙГЭМ
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ
Бага тойруу буюу ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас  тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/05/14
487
НИЙГЭМ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газарт бороо, нойтон цас орно
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Харин  салхи 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. 
2024/05/13
428
НИЙГЭМ
Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Энэ хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварлаж байна. Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгож буй. Эдгээр ажлыг дууссаны дараа гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм.
2024/05/13
592
НИЙГЭМ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Эрчим хүчний шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр /2024.05.13/ дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-22:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
2024/05/13
1550
НИЙГЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих өдөр” хашаандаа мод тарьж, үржүүлдэг айлд зочиллоо.Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Цэвэгжавын Мөнхжаргалынд очив.Ц.Мөнхжаргал Гутлын үйлдвэрт жолооч, гэргий Ж.Бямбасүрэн нь чанар шалгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Хоёр ач охиныхоо хамт амьдардаг.2008 оноос 0.007 га талбай хашаандаа хайлаас, хуш, хус, шинэс, нарс, монос, бүйлс, үхрийн нүд, чацаргана, давжаа алим, долоогоно, тэрэлж зэрэг 32 төрлийн 100 гаруй мод ургуулж байна. Үүний зэрэгцээ гудамжиндаа мод тарьж ургуулж байгаагаа танилцууллаа.Тэд жилдээ 200 кг чацаргана, 20 кг алим хураан авч, хэрэгцээнээс илүү гарснаа бусдад худалдан борлуулдаг байна. Хашаандаа сайхан амьдарч чадах эсэх нь хувь хүн, гэр бүлийн сэтгэл, хичээл зүтгэлээс л шалтгаална. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш тарьц, суулгац, үр худалдаж авах хүний тоо эрс нэмэгдсэн. Тарьсан модоо яаж арчилж, тордох талаар зөвлөгөө өгдөг тухай гэрийн эзэд ярилаа.Мод тарьж, ургуулан хашаандаа байгаль бүтээж болдог, энэ хэрээр эрүүл, ногоон орчинд амьдрах, нэмэлт орлого олж, ахуй амьдралаа ч дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулж, үлгэр дуурайл болж байгаад нь Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
2024/05/13
520
НИЙГЭМ
Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан /2024.05.12/ ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 67 га талбай өртөж шатсан.Харин Сэлэнгэ аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж байна.Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.
2024/05/13
398
НИЙГЭМ
‘Баганат өргөө’ цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-ийн 38 дугаар хороонд баригдаж буй “Баганат өргөө” хороолол нь 52 блок, 4472 айлын цогцолбор төсөл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл нийт 51.3 га талбайд хэрэгжих бөгөөд 30.3 га талбай нь барилгажих бол 16 га талбайд ногоон байгууламж, спорт талбайг 5 га талбайд төлөвлөжээ.  Өнөөдрийн байдлаар тус цогцолбор хорооллын 2000 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орсон. Тэгвэл өнөөдөр тус цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан байна. Мөн энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг сургуулийг бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын оролцоо өндөр байсныг дурдах хэрэгтэй. Түүний санаачилгаар улсын төсөвт уг сургуулийн зардал тавигдаж, өнөөдөр ийнхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. “Баганат өргөө” хороолол хотхон дотроо хоёр цэцэрлэг, нэг сургуультай нь бусад ижил төрлийн төслүүдээс илүү онцлог болж байна. Түүнчлэн дөрвөн зүгт орц, гарцтайгаар төлөвлөгдсөн нь оршин суугчид болоод бусад иргэдэд илүү таатай орчныг бүрдүүлжээ. Цаашид нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд энэ жишгээр сургууль, цэцэрлэг, орц, гарц, иргэдэд соёлын болон ахуйн үйлчилгээ үзүүлэх төвүүдийг нэг дор шийдэх нь зүйтэй. Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байгаа 1500 хүүхдийн суудалтай сургууль гэрээний дагуу 2026 онд ашиглалтад орох ёстой. Гэвч Баянзүрх дүүрэг хүн амын нягтаршлаас үүдэн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай биш. Тиймээс уг сургуулийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компанитай урьдчилсан байдлаар тохиролцоод ажиллаж байна гэдгийг онцолсон юм.
2024/05/10
508
НИЙГЭМ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм. Үүний дагуу “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч байна. Тус ажлыг дөрөвдүгээр сарын 29-нд эхэлсэн бөгөөд шугам, хоолой суурилуулах ажил 90 хувьтай үргэлжилж буй. Ажил төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 13-нд дуусаж, ухсан зам, нүхийг нөхөн сэргээх ажил эхэлнэ. Уг ажлыг хийснээр Төв цэнгэлдэх хүрээлэн бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болох юм.
2024/05/10
589
НИЙГЭМ
Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан “Электрокем Монгол” ХХК-д ажиллалаа. Тус компани ХБНГУ, БНЭУ, Италийн өндөр технологи бүхий, хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нэг сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тн батарей дахин боловсруулах хүчин чадалтай, энэ нь ойрын 10 жилд ч ашиглалтаас гарах бүх батерейг дахин боловсруулж чадна гэсэн үг юм.Үйлдвэр технологийн хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж дахин ашигладаг, ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад 30 орчим хувийн бага дулаан, цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтайг компанийн удирдлагууд танилцууллаа.Ашиглалтаас гарсан хар тугалганы батарей хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй, дэлхий нийтэд аюултай хог хаягдалд тооцогддог. Манай улсад жилд 500 мянга гаруй батарей хаягддаг бөгөөд хар тугалганы бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 500-600 дахин их гэсэн судалгаа байдаг. Ийм үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи ашиглан, стратегийн ач холбогдолтой үйлдвэр байгуулсан компанийн удирдлага, хамт олон, гадаадын түнш байгууллагуудад Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийллээ.“Электрокем Монгол” ХХК батарейны хайрцгийг  дахин боловсруулж, полипропилен хуванцар гарган авч хуванцар поддон, арматурын тусгаарлагч үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.Тухайлбал жилд 5,000 тн батарей дахин боловсруулж 360 тн полипропилен хуванцар гарган, 36 мянган ширхэг хуванцар поддон үйлдвэрлэх боломжтой. Энэ нь модон поддоныг орлох бөгөөд ашиглалтын хугацаандаа 4,000 орчим нарс модыг тайрахаас хамгаална гэсэн үг юм.Жилд мөн тооны батарей дахин боловсруулж, түүнд агуулагдах 1,000 тн хүхрийн хүчлийн уусмал хаягдахаас сэргийлж, 200 орчим тн гөлтгөнө үйлдвэрлэх юм байна.Батарейны шон, холбоос, хавтан болон шаваасыг ч  дахин боловсруулж, 99,97 хувиас дээш цэвэршилттэй цэвэр хар тугалга үйлдвэрлэж экспортод гаргана. Цэвэр хар тугалгаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, тухайлбал рентген туяа тусгаарлах хавтан, катодын зэсийн үйлдвэрлэлийн технологийн хавтан үйлдвэрлэдэг юм. “Электрокем Монгол” ХХК өмнө буюу 2018 оноос үүрэн телефон компаниудын болон ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийн батарейг дахин сэргээх үйлчилгээ үзүүлж байжээ.
2024/05/09
512
НИЙГЭМ
Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК, “Ажигана” ХХК-д ажиллалаа.“Траст трейд” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр бага оврын тоног төхөөрөмж, түрээсийн байранд, зургаан ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.Үүнээс хойш өөрийн гэсэн үйлдвэр, гахайн аж ахуй, мах ангилах, боловсруулах үйлдвэр зэргийг ашиглалтад оруулж, одоогоор 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн эхний ээлжинд гадаадын таван улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор бэлтгэж байна.Хамгийн сүүлд буюу 2023 онд ХАЛАЛ аргаар хоногт 500 бод, 1,000 бог төхөөрөх хүчин чадалтай, 5,000 тн зоорь бүхий мал төхөөрөх үйлдвэрээ  ашиглалтад оруулжээ.Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, тусгай тээврийн хэрэгслийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зээл авсан байна.Үүний дүнд энэ онд борлуулалт 26 хувиар өсөж, ажлын байраа нэмэх боломж бүрдсэн. Цаашид борлуулалтын орлого болон ашгийн хэмжээ  жил бүр өсөж, энэ хэрээр улсын төсөвт төлөх татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэхээр байгааг компанийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа танилцууллаа.Үйл ажиллагаагаа өргөтгөн “Траст групп” ХХК болсон тус компани ирэх жил  мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч байгууллага болж, 2030 он гэхэд бүтээмж, инновацаар олон улсын байгууллагуудын жишигт хүрэх зорилт тавьжээ.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд гэхэд л 934 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1,957 аж ахуйн нэгж, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлсөн. Мөн хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн албан татвараас чөлөөлж, хөнгөлж байна. Энэ дэмжлэг цаашид үргэлжилнэ гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэллээ.Үүний үр дүнд 2023 онд  олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн онд махны экспортоос 277 сая ам.долларын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурсан дүн гарсан. Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээсэн гэсэн үг юм.“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ХҮРЭЭНД ТАХИАНЫМАХНЫ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС БҮРЭНХАНГАНАМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Ажигана” ХХК-д ажиллалаа. Компанийн удирдлагууд “Оргио” тахианы үйлдвэр, эх сүргийн байр, өндөг дарж дэгдээхэй болгох инкубатор болон тахиа өсгөх бройлер цехээ танилцуулав.Манай улс жилд 22 мянга гаруй тн тахианы махыг гадаадаас 50-60 сая ам доллароор авдаг бөгөөд хэрэглээ жил бүр 20 хувиар өсдөг статистик үзүүлэлт бий.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүх төрлийн дэмжлэг үзүүлснээр ирэх таван жилд тахианы махны хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.“Ажигана” компани жилд 1,000 гаруй тн буюу дотоодын тахианы махны хэрэглээний таван хувийг үйлдвэрлэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаа.“Ажигана” ХХК-ийн хувьд авсан зээлээрээ шинэ инкубатор суурилуулж /импортын татвараас чөлөөлөгдсөн/, тэжээлийн үйлдвэрээ өргөтгөн, хүчин чадлаа нэмжээ. Цаашид төхөөрөх цехээ автоматжуулж, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, эх сүргийн хүчин чадлыг 50 хувь нэмэгдүүлэх, хоршоологчид болон тахианы аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, тахианы махны хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх зорилт тавиад байна.Тус компани өнгөрсөн жилүүдэд улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
2024/05/09
416
НИЙГЭМ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хяналт шалгалт хийлээ
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хорих ял эдэлж байсан хүн нас барсан тухай мэдээлэл Хүний Эрхийн Үндэсний Комисст ирсэн.Энэ дагуу Комиссын ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус хорих ангид 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажиллалаа.Шалгалтын явцад хоригдлын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байдал, эрүүл мэндийн үзлэгийн түүх, сахилгын байранд хоригдож байсан тухай мэдээлэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, хорих ангийн орчин, нөхцөлтэй танилцаж ажиллалаа.Дээрх хяналт шалгалтын үр дүнг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ХЭҮК-ын гишүүний санал, зөвлөмжийг хүргүүлэх бөгөөд олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.Болсон хэрэгтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.Дашрамд дурдахад, ХЭҮК нь тус хорих ангид 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хяналт шалгалт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Комиссын гишүүний шаардлага хүргүүлж байсан. 
2024/05/08
529
НИЙГЭМ
ХЭҮК Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны тэргүүн Елина Штейнерте, Ника Кварацхелия, Аника Томшич, Мартин Зинклертэй уулзаж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагааны талаар  /2024.05.07/ санал солилцлоо.Уулзалтын эхэнд Монгол Улс нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенцыг 2010 онд, Нэмэлт протоколыг (OPCAT) 2015 онд соёрхон баталсан.Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага гэдгийг Комисс цохон тэмдэглэлээ.Үргэлжлүүлэн Комисс нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч, хяналт тавин ажилладаг. Тухайлбал, 2021-2024 онд 3500 орчим гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэснээс 120 буюу 5 орчим хувь нь эрүү шүүлт тулгасан, хүнтэй хүнлэг бус харьцсан гэх гомдол эзэлж байна.Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа баривчлах, цагдан хорих байр, эрүүлжүүлэх байр болон ахмад настан, хүүхдийн асрамж, халамжийн төв зэрэг байгууллагуудад нийт 650 удаагийн хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулахаар шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 удаагийн илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын үр дүнг тусгайлан тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсний дагуу УИХ-аас холбогдох бодлогын шийдвэр гаргаж, хууль тогтоомжийг баталсан гэдгийг Комисс уулзалтаар онцоллоо.Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 2020 оны шинэчилсэн найруулгаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн асуудал болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Комиссын нэг гишүүн тухайлан эрхлэн хэрэгжүүлэхээр хуульчилсан.Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүн нь аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх эрхтэй. Өөрөөр хэлбэл, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенцоор гомдол шийдвэрлэх чиг үүргийг хүлээдэггүй болохыг дурдлаа.Дэд хорооны төлөөлөгчдийн тэргүүн Элина Штейнерте Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулснаар Монгол Улс конвенцод заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа болохыг онцолж, улс болгон энэ үүргийг бие даан шийдвэрлэдэг болохыг онцоллоо.Ташрамд дурдахад, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хороо нь Монгол Улсад 2024 оны 05 дугаар сарын 05-наас 16-ны өдөр хүртэл ажиллана.Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколыг дэлхийн 94 улс соёрхон баталсан бөгөөд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо нь бие даасан, хараат бус 25 гишүүнээс бүрддэг. Гишүүд нь гэрээнд оролцогч улсуудыг төлөөлөхгүй, зөвхөн өөрийн мэргэжил, хувийн чадавхын хүрээнд хараат бусаар ажилладаг байна.
2024/05/08
479
НИЙГЭМ
'Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон' бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 21 аймаг, нийслэл, томоохон их сургуулиудын номын санд  “Дэлгэрэнгүй тайлбартай  Монголын нууц товчоон” бүтээлийг хүлээлгэн өглөө.Дээрх бүтээл нь түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулсан, хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай.Номын удиртгал хэсэг  ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга, агуулгыг нь ойлгомжтой байдлаар тайлбарласан юм.Номыг түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран 2022-2023 онд, жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирдсан.“Монголын нууц товчоон” нь Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид хийгээд дөрвөн зуу гаруй түүхт хүний амьдрал, үйл хэрэг, Их Монгол Улсын тулгар төр, гадаад харилцаа, байлдан дагуулал, нүүдэлчин ардын ахуй амьдрал, хэл яриа, шашин шүтлэг, зан үйл зэрэг Монголын төдийгүй Евроазийн түүхийн өргөн хүрээтэй асуудлыг яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн, түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг, утга зохиолын охь манлай, дахин давтагдашгүй үнэт бүтээлд тооцогддог.Тиймээс 1989 онд “Монголын нууц товчоон” зохиогдсоны 750 жилийн түүхт ойг олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэн өнгөрүүлэхийг ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөл уриалсан түүхтэй.“Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй оронд, англи, азербайжан, болгар, герман, испани, итали, казах, унгар, марати, орос, перс, польш, солонгос, төвөд, тува, турк, франц, хятад, чех, эсперанто, япон зэрэг 30 гаруй хэлээр орчуулж, давхардсан тоогоор 150 гаруй удаа хэвлээд байна.Их Монгол Улс, Эзэнт гүрний үед холбогдох судалгаа “Монголын нууц товчоон”-той салшгүй холбоотой учир хэл, түүх, соёл, аман зохиол, уран зохиол зэрэг олон талаас нь судлан шинжилсээр ирсэн юм.“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн юм.Мөн номын сангуудад Угсаатны зүйч Б.Отгонбаатарын “Монголын угсаатны зүйн судалгаа I, II” ботийг хүлээлгэн өглөө.I ботид монголчуудын оршуулгын зан үйл (ХХ зуун), малчдын нүүдэл, нүүдэллэх уламжлал (ХХ зууны эцсээс ХХI зууны эхэн) зэрэг нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл, дурсамж, II ботид хээрийн шинжилгээ, эх хэрэглэгдэхүүн болон дурсамж зураг зэрэг багтжээ.
2024/05/07
595
НИЙГЭМ
Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд  Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн юм.Энэ хүрээнд “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ийг боловсруулан баталж, 2022-2024 онд бэлтгэл ажлыг эхлүүлж, 2025-2028 онд мод тарьж ургуулах, ойжуулах ажлыг эрчимжүүлэн, 2029-2030 онд ургалт, өсөлтийг дэмжих, арчлах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.Тухайлбал:Төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах,Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий 100 ширхэг ойн хамгаалалтын зурвас байгуулах,Өмнөговь аймгийн заган ойн санг тэлэх зорилгоор 240 мянган га талбайд бортоготой загаар ойжуулах, 700 мянган га талбайд заган ойн байгалийн ургалтыг дэмжих,Онги гол, Улаан нуурыг түшиглэн 35 мянган га талбайд тэжээлийн ургамал, ой хосолсон агропаркийг байгуулах зэрэг дөрвөн чиглэлд ажиллаж байгааг танилцууллаа.Түүнчлэн “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-аар мөрдөж байсан мөнгөн дүнг нэмэгдүүлэн баталжээ. Ингэснээр Өмнөговь аймагт иргэн есөн мод, аж ахуйн нэгж 90-ээс дээш мод тарьж ургуулбал гурван жилд нэг модонд 13,500 төгрөгийн усалгаа, арчилгааны урамшууллыг олгож байна.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модонд олгох урамшууллыг нэмэгдүүлснээр мод тарих ажил эрчимжиж, өнгөрсөн онд нийт 73 мянган модонд 160 гаруй сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх энэ үеэр онцолж байв.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Өмнөговь аймаг 2021 онд 115 мянган мод, 2022 онд 343 мянган мод, 2023 онд 546 мянга буюу нийт нэг сая орчим мод тариад байна.Өмнөговь аймагт тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, Сум дундын ойн ангийг 2022 онд Сэврэй суманд, 2023 онд Цогт-Овоо суманд шинээр байгуулсан байна.Тус аймагт 16 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж, 2023 онд 2.9 сая тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлжээ.Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд говийн бүсийн усны нөөц, ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байв.
2024/05/06
361