НИЙГЭМ
НИЙГЭМ
Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат:-2024 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Жишээлбэл, Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто зам, Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх авто зам зэрэг насжилт хэтэрч, удаан хугацаанд их засварт ороогүй замуудыг шинэчилж сайжруулна. Авто замыг засаж шинэчлэх ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатандаа орсон.-Зам засвар шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд гүйцэтгэх вэ?-Засвар шинэчлэлийн хүрээнд авто замын хучилтын хийцийг хүчитгэн, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, шаардлагатай тохиолдолд хашлага болон явган замд засвар үйлчилгээ хийн, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээнэ. Мөн авто замын урсгал засварын хүрээнд замын нүхэн эвдрэлийг засах, нуман заадас буюу хагарлыг гагнах, тэмдэг тэмдэглэгээг сэргээх зэрэг ажлыг тогтмол гүйцэтгэх юм.-Засварын ажлууд хэзээнээс эхлэх вэ. Тухайн замыг ямар хугацаанд засаж шинэчлэх вэ?-Зам засвар арчлалтын ажлыг дөрөвдүгээр сарын 10-наас эхлүүлэхээр төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 20 хүртэл тогтмол хийнэ. Авто замуудыг засварлахдаа 72 цагийн өмнө олон нийтэд мэдээлж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хэсэгчилж хаан, 24-48 цагийн хугацаанд засварын ажлыг гүйцэтгэх юм. Энэ жилийн хувьд их хэмжээний хур тунадас, шар усны үер зэргээс шалтгаалан авто замд эвдрэл гэмтэл их гарч байна. Энэ тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс яаралтай арга хэмжээ авч, хүйтэн асфальт бетоноор нүхэн эвдрэлийг засах зэрэг ажлыг хийж байгаа.-Өнгөрсөн жил болон энэ жил хур тунадас их хэмжээгээр орлоо. Засвар шинэчлэл хийх замуудад борооны ус зайлуулах шугам байгаа юу. Ус зайлуулах шугамгүй замуудад шинээр хийх үү?-Энэ онд засвар шинэчлэл хийх авто замууд ус зайлуулах ил болон далд шугамтай. Засвар арчлалт хийхдээ тухайн шугамуудыг авто замын түвшинд тааруулж, гадаргуу дээрх усыг бүрэн хүрээн авах нөхцөлийг бүрдүүлэн, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хийнэ.Нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ:-2023-2024 он дамжин хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн 31 төсөл, арга хэмжээ байна. Үүнд нийт 32 км авто зам, 828 метр гүүрийн ажил бий. Бүгд гүйцэтгэгч нь шалгарч, тодорхой хэмжээний ажлыг эхлүүлээд хийчихсэн байгаа. Тухайлбал, томоохон авто замуудын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл, Шархадны эцсээс Улиастай хүртэл авто зам барьж байна. Авто зам барих технологийн дагуу +5-аас дээш хэмтэй нөхцөлд замын ажил хийдэг учраас дөрөвдүгээр сарын 15-наас тухайн ажлуудыг үргэлжлүүлж, арваннэгдүгээр сарын 30 хүртэл хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/29
388
НИЙГЭМ
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөө болон тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулах юм.Эдгээр төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний багуудыг мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж буй.Уг ажлын хэсгийн ээлжит хурал болж, Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги болон авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцтай танилцан, санал солилцлоо.47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдагХурлын эхэнд Улаанбаатар хотын авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцын талаарх мэдээллийг “ММCG” ХХК-ийн зөвлөх П.Түвшинмандах танилцуулав.Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 618.800 иргэн ажилдаа явах зорилгоор бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Тэдний 435.500 нь хувийн автомашинаар зорчдог бол хотын төвийн бүс рүү 141.500 иргэн зорчдог аж. Хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4 хувь нь хотын төвийн бүс рүү зорчдог бөгөөд эдгээр иргэд хотын төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг гэжээ. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1.801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байна.“ММCG” ХХК-ийн эдийн засагч П.Түвшинмандах:-Зогсоолын орон зайг нэмэгдүүлэх боломж ховор байна. Тиймээс менежментийн аргаар эрэлтийг бууруулах нь оновчтой. Одоогоос арга хэмжээ авахгүй 1-2 жилд эрэлт эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна. Үүнээс шалтгаалан зөвшөөрөлгүй байршилд машинаа байрлуулах, давхарлаж зогсох хандлага их байна. Удаан хугацаагаар буюу 2 болон түүнээс дээш цаг байршуулж буй байдлыг 1 цаг болгон бууруулж чадвал тухайн зогсоолд зогсох автомашины тоог 30-97 хувиар нэмэгдүүлж болно. Мөн ойрын хугацаанд зогсоолын бүсчлэл тогтоох, тогтоосон бүсчлэлдээ хувьсах үнэ тогтоох, цагийн хязгаарлалтын горим тогтоох шаардлагатай байна. Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа Бага тойруугийн 13 байршилд зам дагуу зогсоолыг бий болгох шаардлагатай. Мөн уг хэсэгт 5-9 давхар зогсоол барих, их тойрууд шинээр барилга барих тохиолдолд 5 хүртэлх давхар зогсоол барих шаардлагатай.Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлээс шаардлагатай мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг онцлон хэлэв.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/29
410
НИЙГЭМ
П.Сайнзориг: Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай
Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг барилгын салбарын төлөөлөл, архитекторуудтай уулзаж, хуулийн төслийг хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, УБЗАА, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, ЖАЙКА зэрэг хот байгуулалтын 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм.Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дагуул 13 хот байгуулахаар төлөвлөсөн. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайдЭдийн засгийн чөлөөт бүсОлон нийт, худалдаа, үйлчилгээний бүсШинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүсОюутны хотхон, судалгаа шинжилгээний төвХудалдаа, бөөний төвТээвэр логистик, үйлдвэрлэлийн бүсОлон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүсАж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шинэ Зуунмод хотын зарим бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн ч цаашдын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна. Хот байгуулахдаа хүний эрхийг хангаж, эдийн засгийг зөв төлөвлөн, зах зээлийг оновчтой хуваарилах хэрэгтэй. Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч дагуул хот бүрийн төлөвлөлт, цаашдын концепц, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай, өөр өөрийн онцлогтой учраас Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Уг хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг хийх боломжтой болно. Уг дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй ч тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн суурийг нэмэгдүүлэх юм” хэмээлээ.Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Шинэ Зуунмод дагуул хотыг зэргэлдээх сум, бүс нутагтай уялдуулан төлөвлөх, хотын төлөвлөлтөөр ажлын байр, амьдрах орчныг бий болгох талаар хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг хэлсэн юм.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд [email protected] цахим хаягаар дамжуулан саналаа хүргүүлэх боломжтой. Хуулийн төслийн үзэл баримтлал, товч болон дэлгэрэнгүй танилцуулгыг http://scsez.ub.gov.mn/blog/principalActivities/citizenParticipation/feedback/1/1 холбоосоор нэвтэрч үзнэ үү.
2024/03/28
435
НИЙГЭМ
Өнөөдөр орон даяар гамшгийн дуут дохио дуугарна
Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан байдаг.Тиймээс өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулна. Энэхүү тогтоолыг батласнаас хойш орон даяар найман удаагийн дадлага сургуулилалт зохион байгуулаад байгаа юм. Иймд, яам агентлагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхэн дадлага сургуульдаа идэвхтэй хамрагдана уу.
2024/03/28
411
НИЙГЭМ
Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа
Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа.Тодруулбал, нийт 16 албан хаагч ажиллаж,Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд автобусны буудал орчимд гурван рейсээр 18 тонн ус;Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжинд дөрвөн рейсээр 40 тонн ус;Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн замд таван рейсээр 34 тонн усыг тус тус соруулаад байна.
2024/03/28
435
НИЙГЭМ
Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа
Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр нийт 773 албан хаагч тусгай зориулалтын 61 машин техниктэйгээр авто зам, гудамж талбай, уулзвар, замын өгсүүр, уруу хэсэгт 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацаж, авто зам, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэлээ. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.Ташрамд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын албан хаагч, машин техникүүдийг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлсэн юм. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах нөхцөл, боломж нэмэгдэж буй.УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
2024/03/28
388
НИЙГЭМ
Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна
Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд авто зам, гудамж талбай, уулзвар, замын өгсүүр, уруу хэсэгт тусгай зориулалтын бодис, давс цацаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.Тухайлбал,Чингэлтэй дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хоёр байгууллагын 100 гаруй ажилтан тусгай зориулалтын зургаан автомашин, нэг экскавор, нэг автогрейдэр, хоёр ковш, хоёр шүүрдэгчтэйгээр ажиллаж, 25 тонн бодис, 5 тонн давс цацав.Баянзүрх дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан гурван байгууллагын 205 орчим ажилтан давс бодис цацагч, шүүрдэгч, хусагч, цас тээвэрлэх тээврийн хэрэгсэл зэрэг нийт 40 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 230 км урт авто замд 40 тонн бодис цацаад буй.Нийслэлийн хэмжээнд нийт 465 албан хаагч тусгай зориулалтын 52 машин техниктэйгээр ажиллаж байгаа бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.Ташрамд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлсэн юм. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах нөхцөл, боломж нэмэгдэж буй.
2024/03/27
367
НИЙГЭМ
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн, евро стандарт нэвтрүүлж олон арван өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгон, бүтээгдэхүүнээ тогтмол экспортод гарган валютын орлогыг нэмэгдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй орчин үеийн дэвшилтэт техник технологиудыг эх орондоо нутагшуулах ажлыг чадварлаг удирдан ажиллаж буй хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн “Ханбогд кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чойдонгийн Ганцэцэгт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнав.АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:“Туяа” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Рахадын Бавуудорж,Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Санжаагийн Даваажав,Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх инженер Цэрэнжидийн Дэнсмаа,“Бүтээлч үйлс” хувьцаат компанийн ерөнхий захирал Мядагийн Нэргүй,“Монланс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Дорждэрэмийн Баасан,Монголын ажил олгогч эздийн холбооны ахлах зөвлөх Доржсүрэнгийн Бадарч,“Сор кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Мангалжавын Эрдэнэтуяа,Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Дүгэрийн Алтанцэцэг,“Баялаг Өлзий” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Жамбалын Өлзийбодьжав нарт хүртээлээ.ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:“Шилмэл загвар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зохион бүтээгч Шархүүгийн Оюун,“Говь” хувьцаат компанийн хялгас ялгах машин баригч Дашдондогийн Эрдэнэбилэг,“Эрдэнэт хивс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Ойдовын Нямдэлгэр,“Бит пресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Далхжавын Жаргал,“Монгол костюмс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оёдолчин Цангилагийн Минжмаа,“Бест шүес” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Баастын Түвдэнням,АЛТАН ГАДАС ОДОНГООР:“Интерпресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эх бэлтгэлийн дарга Дуламжавын Цэнд-Аюуш,“Монпеллетс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрийн дарга Бүүвэйбаатарын Жаргалсайхан,“Натурал текстайл групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Очиршаравын Мөнхцацрал,“Өүлэн Менч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оёдлын технологич, цехийн мастер Дашдондогийн Өнөрнасан,“Батдүмбээ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Доржийн Эрдэнэцогт,“Агни” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зураач Нямаагийн Зоригт,“Нобелмир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Сумъяагийн Шинэбаяр,ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:“Блю скай кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэр хариуцсан ерөнхий инженер Адъяагийн Энхбаяр,Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны тэргүүн, “Танан зүү” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Чулуунхуягийн Энхзаяа,“Мон мяндас” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн мастер Гончигийн Оюунчимэг,“Бит пресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахлах хэвлэгч Нямаагийн Сүхтулга,“Сноу филдс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ээрэх машин баригч Ганбаатарын Золзаяа,“Өүлэн Менч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн загвар зохион бүтээгч, дизайнер Өсөхбаярын Халиунаа,“Цэц зам пласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрлэлийн менежер Алтанцэцэгийн Чимэд,“ОБ Пластик” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засварчин Баттөмөрийн Ядамцоо нарыг шагналаа.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
2024/03/27
357
НИЙГЭМ
Олон тооны автомашин мөргөлдсөн осол гарлаа
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин, Баянзүрх дүүргийн "Чулуун овоо", "Амгалан" болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байх тул жолооч та бүхэн: -Тохиромжтой хурдыг сонгох: -Хажуу, хоорондын зайг зөв барьж явах; -Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх; -Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх; -Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх; -Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн алба
2024/03/27
619
НИЙГЭМ
ЦЕГ: Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нийт 1772 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1369, гэмт хэргийн шинжтэй 107 дуудлага, мэдээлэл байна.Мөн гэмт хэргийн шинжтэй 69 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 14 хэргийг нөхөн илрүүллээ.
2024/03/26
389
НИЙГЭМ
Хүүхдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Beyond Nutrition” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулахын сацуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хийсэн судалгаагаар хүүхдийн өдөрт авах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин бага, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, хүнснээс авах болон нарны гэрлээс авах Д амин дэм бага байгаагаас үүдэн ясны сийрэгжилт бий болж байна гэсэн үр дүн гарчээ. Иймд төслийг эхний ээлжид Баянгол дүүргийн 47 сургууль, 89 дүгээр цэцэрлэгт хэрэгжүүлж, гал тогоог нь засварлан, тоног төхөөрөмж суурилуулж, амны хөндийн иж бүрэн үзлэг, зөвлөгөөг мэргэжлийн түвшинд зохион байгуулах аж.Тодруулбал, санамж бичгийн хүрээнд сургууль, цэцэрлэгийг автомат аяга таваг угаагчаар хангах, хүүхдийн насны онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолны цэс боловсруулах, тогооч, удирдлагыг мэргэжлийн сургалтад хамруулах, эцэг эхчүүд, сурагчдад шим тэжээлийн болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах тогтолцоонд үнэлэлт өгч зөвлөмж, боловсруулах чиглэлд хамтран ажиллана. Түүнчлэн төслийн үр дүнг үндэслэн нийслэлийн бусад сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлэх юм.
2024/03/26
391
НИЙГЭМ
Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Ийнхүү 100 хувийн эзэмшилтэй болсноос хойш Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газруудыг компанийн ТУЗ болон НИТХ-аар хэлэлцүүлэлгүйгээр шилжүүлж эхэлсэн байна. Иймд дээрх бүртгэлийн асуудлыг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж буй тул Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргалаа.Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг:-Компанийн дүрэмд бус хүсэлтэд үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнг хувь хүний 100 хувь эзэмшилд бүртгэсэн. Энэ бүртгэл хүчин төгөлдөр бус бол түүнээс хойш “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөс гарсан шийдвэрүүд ч мөн хууль бус. Түүнчлэн ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаа огт зарладаггүй. Тиймээс уг бүртгэлийн асуудлыг АТГ-т шалгуулах гэж байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч мөн хандсан бөгөөд хуулийн хугацаандаа хариу өгөх байх.Нийслэлийн эзэмшлийг 49 хувь болгосон асуудлаар 2006 онд тухайн үеийн НИТХ-ын дарга хуулийн байгууллагад хандсан боловч амжилт олоогүй. Үүнд ч мөн нийслэлээс гарсан хуулийн баг дүн шинжилгээ хийж байна. Дүрэмдээ нийслэлийн эзэмшил 49 хувь ч бүртгэл дээрээ 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил байгаад байгаа юм. 2020 онд энэ маргааны асуудлаар мөн ажлын хэсэг гарч ажиллаж байсан ч тодорхой үр дүн гараагүй байна. Иймд өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн бид дээрх асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм хэмээв.Ташрамд, Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна.
2024/03/26
389
НИЙГЭМ
Хөлийн голын орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг шар усны үерт өртөх эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйтэйгээр Хөлийн голын орчимд 2 метр өргөн, 600 метр суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ.Тухайн байршилд 30 гаруй айл өрхийн шар усны үерт өртөх эрсдэлийг бууруулж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, найман айлыг нүүлгэн шилжүүлж, хоёр өрхийн найман иргэнийг “Шижир” амралтын газарт шилжүүлэн байрлуулаад байна. Мөн тус дүүргийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн орчимд тогтсон усыг хоёр автомашинаар соруулж, 40 гаруй тонн усыг зөөвөрлөв.Хонхор өртөөний төмөр замын нүхэн гарцаар шар усны үерийн ус урсаж иргэд, оршин суугчид явган болон суудлын автомашинтай зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Багануур, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эрсдэл бүхий 21 хорооны нийт 3780 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох зөвлөмж, сэрэмжлүүлгийг өдөр бүр хүргэн ажиллаж байна.НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
2024/03/25
566
НИЙГЭМ
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллав
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгаж, “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг хүлээн ажиллаж буй Хянан шалгах түр хорооны гишүүд болон хянан шалгагч, шинжээч нар /2024.03.19-21 / Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллав.Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж буй байдал, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл байдал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Замын-Үүд дэх Гаалийн газар, ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар болон Эмийн хяналтын лаборатори зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийн ажиллаж буй билээ. Энэ удаад тус хянан шалгах түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Сүхбаатар, Алтанбулаг боомтод ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Өнөболд, тус газрын Хорио цээрийн албаны дарга Б.Уянга, Зөрчилтэй тэмцэх албаны дарга Д. Баясгалан нар Хянан шалгах түр хорооны гишүүдэд холбогдох танилцуулга мэдээллийг өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгөв.Уулзалтын эхэнд Хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Улсын Их Хурал хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас буюу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлснээс хойш нийгэмд тулгамдсан асуудлуудаар хянан шалгах түр хороод байгуулагдаж, удаа дараагийн нээлттэй сонсголыг амжилттай зохион байгуулж, ард иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж байна. Эмийн асуудал нь түр хороо байгуулагдах хэмжээний тулгамдсан асуудал болсон байна хэмээгээд хил гаалиар орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийг хянаж чадаж байгаа эсэх болон энэ хүрээнд тулгамдаж буй буй асуудлуудыг тодруулан хянан шалгах ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна” хэмээн тайлбар мэдээлэл өгсөн юм.Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь Алтанбулаг боомт, Алтанбулаг худалдааны Чөлөөт бүс, Сүхбаатар төмөр замын боомтын Ачааны болон Суудлын хэсэг, Тавт шалган нэвтрүүлэх хэсэг, “Видү” гаалийн хяналтын бүс, Татваргүй барааны дэлгүүр, “Монгол шуудан” хувьцаат компанийн харьяа Сэлэнгэ шуудан үйлчилгээний газар болон тус газрын хариуцах нутаг дэвсгэрт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий 5 гаалийн хяналтын бүсэд эрсдэлийн удирдлагад суурилсан хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Гаалийн тухай, бусад холбогдох хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмуудыг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллаж буй аж.
2024/03/25
515
НИЙГЭМ
Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна
Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм.Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч зургаан машин техник, дөрвөн помптойгоор сорууллаа. Авто замд тогтсон 54 тонн усыг нийт долоон рейсээр соруулж дуусгаад байгаа юм. Тухайн байршилд холбогдох байгууллагууд сувагчлал, усны хаялга зэргийг хийхээр ажиллаж байна.Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимд шар усны үер бууж Хөлийн голд нийлсний улмаас 30 айл их бага хэмжээгээр усанд автжээ. Иймд өнгөрсөн шөнөөс эхлэн Нийслэлийн Онцгой байдлын газар, ГУББГ, УБЗАА болон Баянзүрх дүүргийн холбогдох хэлтэс, газруудын 35 албан хаагч, 12 машин механизм, хоёр помптойгоор ажиллаж байна. Тухайн байршилд сувагчлал татах, шар ус соруулах, усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа юм.Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудад нүүх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, нүүх байршлыг зааж өгч байгаа боловч иргэд нүүхгүй, эрсдэл тулж ирсний дараа Онцгой байдлын албанд хандаж байгаа тул албадан нүүлгэх арга хэмжээ авна гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэллээ. Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй байгаа юм.
2024/03/25
422