НИЙГЭМ
НИЙГЭМ
“S’Outlet” дэлгүүрийн агуулахыг буулгаж байна
Өнгөрөгч зун Улаанбаатар хотод тохиолдсон үер усны гамшигт нөлөөлөгч хүчин зүйлээр тодорхойлогдсон зарим барилга объектуудыг буулгах захирамж шийдвэр гараад нэлээн хугацаа өнгөрөөд байгаа билээ. Голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн агуулахыг өнөөдөр буулгаж байна. Дэлгүүрийн үндсэн барилгыг 2-р сард буулгах аж.
2024/01/26
436
НИЙГЭМ
Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо
Жендэрийн үндэсний хорооны ажлын алба 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийн “Өглөөний уулзалт”-ыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.-Уулзалтаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Монгол Улсын Засгийн газрын тайлан,-Дэлхийн банкны Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн, Судалгааны багийн ахлагч Б.Эрдэнэочир “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох чанарын судалгаа”-ны товч танилцуулга, үр дүн, зөвлөх үйлчилгээний тоймыг танилцуулж, төлөвлөгөө боловсруулахад ямар асуудлыг анхаарч ажиллах талаар зөвлөмж, зөвлөгөө өглөө.
2024/01/26
428
НИЙГЭМ
2007 онд 15 залуугийн амийг авч одсон МИ8-ын ослоос хойш Онцгой-д юу өөрчлөгдөв
Онцгойгийн 15 алба хаагчийн амийг авч одсон 2007 оны Ми8 нисдэг тэрэгний ослыг тухайн үед сурвалжилж байсан сэтгүүлч ийнхүү бичжээ. /Via-Sed Batzaya/"Байраар ам хаадаг, угаасаа. Тэгээд өөр юу ч шийддэггүй. Би та нарт нэг түүх сануулъя. Бодох бүрт сэтгэл хөндүүрлэдэг түүх. 2007 онд мэдээнд гүйдэг сэтгүүлч байхдаа Ми8-ын ослын араас "явах" гунигт даалгавартай нүүр тулсан юм. Онцгойгийн аврагчид сууж явсан, борооноор ниссэн Ми8 нисдэг тэргийг 39 цагийн дараа хайж эхэлсэн бүтэлгүй эрэл, 15 хүн амиа алдсан аймшигт мэдээ...Энэ бүхний дараа Онцгой байдлын жинхэнэ "гамшиг" ил болж эхэллээ. Зураглаачаа дагуулан бид 2 хэдэн өдрийн турш ослоор амиа алдсан бүх 15 айлаар орсон юм. Бидэнд камераа асааж яриа авах зорилго байгаагүй. Харин онцгойгийн аврагчид ямар нөхцөлд ажилладгийг мэдэх зорилго байсан. Нэг аврагчийнхаар орлоо. "Үүргэвчинд нь бэлэн хоолноос өөр юу ч байхгүй. Ингээд улаан гараараа гал руу ордог" гээд 2 алгаа дэлгэн уйлах ээжийн яриа өр өвтгөм байв. Дараагийн айл. Хотын захад, хашаагүй задгай буусан ганц гэр, 3 нялх хүүхэдтэй бүсгүй. "Шөнө нь түймрээс ирээд өглөө нь дахиад тушаал аваад явсан. Гутал нь улаараа салчихсан тэрийгээ төмөр утсаар боогоод гарсан. Яагаад миний нөхрийг нэг түймрээс ирэнгүүт нөгөө түймэр рүү явуулж байгаа юм бэ!" гээд уйлав. Чихэндээ ч итгэсэнгүй. Тэр осолд амиа алдсан нэгэн комиссарынд болсон явдал одоо ч нүдэнд харагдаж, хоолой зангируулдаг. Биднийг сууж байхад Онцгойгийн дарга нар ороод ирэв. Нэг өрөө байр майр гээд эргүү үг бувтнацгаалаа. Гэтэл охин нь "Та нар юу хийж яваам? Та нар манайд ирэх нүүргүй. Миний аавыг эргүүлж өг! Миний аавыг эргүүлж өг!" хэмээн гол зуртал орилсон...Айл айлаар орох бүрт онцгойгийн дарга нарын сэтгэлгүй, өөдгүй байдал тодорч онцгойгийн аврагчид, эрэлхэг залуус юуны төлөө, яах гэж ийм цалингаар улаан гараараа, ямар ч хамгаалах хэрэгсэл, багажгүй үүргэвчиндээ бэлэн хоолтой, гутлаа төмөр утсаар боож явж байв аа гэх асуулт урган гарсаар байлаа. Тэр осол цэвэр удирдлагын буруу шийдвэрийн улмаас болсон осол байсан!!! Өнөөдөр юу өөрчлөгдөв? Тэр үед (яг л өнөөдрийнх шиг) байр амлаж байсан. Гэхдээ сайд дарга нар хариуцлага хүлээгээгүй. Уучлаарай, энэ байраар голоо зогоож, сэтгэлээ дэвтээдэггүй юм. 2007 оноос хойш аврагчдын ажиллах нөхцөл яаж дээрдэв? Амиа алдах эрсдэл хэдэн хувь буурав? Байр өгөхийг эсэргүүцээгүй. Сайд дарга нар хариуцлагаа үүр! Олон юман дээр харлаа. Хөлдүү, сэтгэлгүй, хариуцлагаас зугатаасан байдлаа байраар бүү хаа!!!"
2024/01/25
26836
НИЙГЭМ
Зам, тээврийн хөгжлийн яам 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлалаа
Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөдөр /2024.01.25/ баталлаа.2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ. Тодруулбал, агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна. Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ. Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна. Авто замын салбарт, долоон аймаг 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.
2024/01/25
393
НИЙГЭМ
Хэвлэл мэдээллийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудын уулзалт өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт боллоо.Уулзалтыг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашдын ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан юм.Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга хийж, харилцан туршлагаа хуваалцахаас гадна хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ нэгтгэлээ.
2024/01/25
429
НИЙГЭМ
Алба хаагчдын хувцас хэрэглэл хангамж, стандартын талаар мэдээлэл өглөө
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэглэл хангамж, стандартын талаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэглэл, өдөр тутмын хувцас хэрэглэл гэж гурав ангилдаг. Онцгой байдлын хэмжээнд Польш, Беларусь, Франц улсын өндөр чанартай техникүүдээр тоноглогдож байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Toyota” загварын автомашинаар парк шинэчлэлийг хийж байгаа. Хүн нэг бүрийг хамгаалах тусгай зориулалтын хувцас, багаж техникийн хувьд улсын төсөвт тавигдсан мөнгөний хэмжээгээр худалдан авалт зохион байгуулдаг. Өдөр тутмын хувцас хэрэглэлийг улсын төсөвт тавигдсан хөрөнгийн хэмжээгээр алба хаагчдад авч өгдөг. Алба хаагчдын хувцас хэрэглэлд мөрдөгддөг стандарт бий. Өндөр үнэтэй, чанартай хувцас байж болно, энэ хэмжээгээр худалдан авах гэхээр тоо нь багасдаг асуудал тулгардаг. Тийм учраас монгол орны цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас хэрэглэлийг авахыг зорьж ажилладаг. Онцгой байдлын байгууллага төрийн цэргийн байгууллага. Энэ байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл төрийн болон албаны нууцад хамаардаг. Өнгөрсөн оны 7-8 дугаар сард үер болох үеэр улсын Онцгой комисс, Засгийн газраас Онцгой байдлын байгууллагын техник, хувцас хэрэглэлийг нэмэгдүүлэх тогтоол гарч, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон. Энэ хүрээнд улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж энэ жил худалдан авалт хийнэ. Тусгай зориулалтын усны хувцас өндөр үнэтэй бөгөөд дотроо хуурай болон нойтон гэж ангилагддаг. Хуурай хувцас нь өндөр үнэтэй учир дөрвөн аврагч тутмын нэг нь усны хувцастай” хэмээлээ.Харин Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Гал унтраах ажиллагаанд өмсдөг алба хаагчдын иж бүрэн хувцас объектын буюу ахуйн хүрээний, ой, хээрийн гал түймрийн гэж ангилагддаг. Хувцасны хамт хэрэглэгдэж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмж, бидний хэлдгээр байлдааны сүх, нэг бүрийн хэрэгсэл, дуулга малгай гээд хамгаалах тусгай хувцасны стандартад ордог. Энэ гурван төрлийн стандартын хамгаалах хувцсыг иж бүрэн хэрэгсэлтэй нь өмсөх журамтай. Гал түймэр унтраах үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гал түймэр унтраах дүрэм, амьсгалын бие даасан төхөөрөмжийг дагаж мөрдөх стандарт, нормын дагуу оролцдог. Хар өнгөтэй нь БНХАУ-д, шаргал өнгийн хувцас нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн. ОХУ-аас худалдаж авч байгаа шаргал өнгөтэй хувцас нь хөвөнтэй дотортой, зуны улиралд дотрыг салгадаг. Тус хувцасны гаднах материал нь +400 хэмд тэсвэртэй, үүрэг гүйцэтгэхэд хөдөлгөөнд саад болохгүй. Баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмж, баллонтой. Шахсан агаарын баг хэрэглэж байна. Энэ баг нь хүчилтөрөгчийн цэвэр агаараар амьсгалж байгаа учраас ачаалал авах хэмжээнээс шалтгаалаад дунджаар 40 минут ажиллана. Аврагчдад утаатай орчинд сандрах үед амьсгалаа хэрхэн зөв авах талаар сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Нийт алба хаагчдын 80%-ийг эдгээр хувцсаар хангасан. Аврагч өөрийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр гал унтраах ажиллагааг гүйцэтгэх дүрэмтэй. Гал түймэр унтраах үйл ажиллагаа явагдсаны дараа дүрэм, журам, тактикийн алдаа гарсан эсэхээ ярилцдаг. Тэсэрч дэлбэрэх бодис бүхий объект, өндөр барилга, ил задгай газарт гарсан гал түймэрт ямар хошуу, хоолойг яаж хэрэглэхийг гал түймэр унтраах цусаар бичигдсэн дүрэмд заасан байдаг. Гал унтраах болон шуурхай албаны машины жолооч нар гадаа тогтмол үүрэг гүйцэтгэдэг учир өвлийн хээрийн хувцастай байдаг. Объект дотор гал унтраах бол иж бүрэн хувцсыг өмсдөг” гэлээ.
2024/01/25
537
НИЙГЭМ
UNICEF Mongolia орон гэргүй болсон хүмүүст тусламж үзүүллээ
Энэ сарын 24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр гарсан аймшигт ослын уршгаар хохирсон хүмүүст Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын хамт олон тусламж үзүүлсэн байна. "Бид дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст хэрэг болж магад гээд өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгцээт бүтээгдэхүүний багцыг түр амьдарч байгаа буудалд нь аваачиж өглөө. Энд 140 хүн, үүнээс 41 хүүхэд байгаа юм байна. Энд мөн эрүүл мэндийн ажилтнууд тусламж үйлчилгээ үзүүлж байна" хэмээн олон нийтийн сүлжээ хуудсандаа мэдээлжээ. Монголчуудад чин сэтгэлээсээ тусалдаг энэхүү буянтай байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.
2024/01/25
546
НИЙГЭМ
Хүмүүнлэгийн болон гамшгийн үед агаарын тээвэрлэлтийн чадавхыг дээшлүүлэх сургалт 2025 онд Монгол Улсад болно
АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Ази, номхон далайн бүсийн улсуудын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал болон Иргэний нисэхийн үндэсний төв хамтран “Хүмүүнлэгийн болон гамшгийн үед агаарын тээвэрлэлтийн чадавхыг дээшлүүлэх сургалт”-ыг 2025 оны 5 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус сургалтын төлөвлөлтийн талаар нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн бүсийн улсуудын агаарын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын төлөөлөл болон Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга, холбогдох албаны төлөөллүүд уулзаж, ярилцлаа.Учирч болох гамшиг, ослын үед агаарын зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ гэдэг маш чухал. Тиймээс тус сургалтаар улс орнуудын агаарын тээвэрлэлт болон хамтын ажиллагааны чадавхыг сайжруулах гол зорилготойг уулзалтын үеэр онцоллоо. Номхон далайн агаарын цэргийн командлалын А373 дивизийн номхон далайн элч сургуулийн төлөвлөгч Грэг Форнер “Бид сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт хээрийн сургалт, команд штабын сургалт гэсэн хэсэгтэй явагдана. 2025 оны 3 дугаар сард 6-7 улсын төлөөлөл Монгол Улсад ирж, анхны төлөвлөлтийн хурлыг хийхээр төлөвлөж байна” гэв.ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр “Сургалтын үеэр Ази, номхон далайн 20 улсын 6 том агаарын хөлгөөр гамшиг тохиолдсон үед агаарын зохион байгуулалт, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар явагдана. Маш үр дүнтэй, ач холбогдолтой сургалт болно гэж бид харж байна” гэсэн юм.
2024/01/25
409
НИЙГЭМ
Л.ЭНХ-АМГАЛАН: Сургууль, цэцэрлэгт хэт ойр байрлах шатахуун болон автогаз түгээх цэгүүдийг буулгана
Сүүлийн жилүүдэд хүн амын нягтаршлаас шалтгаалан хот төлөвлөлтөд галын аюулгүй байдлын норм, дүрэмтэй холбоотой зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгт хэт ойрхон зайд баригдсан шатахуун түгээх станцууд /ШТС/ байна.Үүний нэг тод жишээг 2022 оны сүүлээр Дархан-Уул аймагт ШТС-д гал гарч, ойролцоох цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байдлаас харж болно.Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулийн 200 метрээс дотогш зайд 16 шатахуун болон автогаз түгээх цэг байрлаж байна.Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулийн 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгаа талаар Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Онцгой комиссын хурлын үеэр танилцууллаа. Энэ асуудлаар Улсын онцгой комиссоос тусгай ажлын хэсэг байгуулагдахаар болов.БШУЯ-ны сайд, газ болон шатахуун түгээх цэгт газар олголт хийдэг төрийн, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг, хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдлээ хардаг байхыг сануулж холбогдох яамдад 2023 оны хавар албан бичгээр хандсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана гэлээ.
2024/01/25
444
НИЙГЭМ
Гал сөнөөгчийн эхнэр: Манай хүн зуны израйлтайгаа өвөлжиж байгаа
Нэгэн гал сөнөөгчийн гэргий ийм захидал илгээснийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. "Сайн байна уу, би гал сөнөөгчийн эхнэр. Үнэндээ л хангамж байдаггүй хэцүү шүү дээ. Энэ жил гэхэд л өвлийн гуталны хангалтаа бүх хүндээ өгөөгүй дутуу ирсэн, манай хүн зуны израйлтайгаа өвөлжиж байгаа.
Төсвийн хэмнэлт гээд ээлжинд хонохдоо иддэг хоолноос нь хүртэл танасан байна лээ. Яриад байвал хэцүү хэцүү.Цалин бага мөртлөө анги тохижилт гэх мэт зүйлст мөнгө татдаг. Дуугарах гэхээр дуугарсан хүнийг нь дуугүй болгодог".
2024/01/25
848
НИЙГЭМ
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн 4 удаагийн дуудлага, бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 9 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.Тухайлбал, Өчигдөр буюу 24-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Таван салаа” гэдэг газар “Орхон” голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, “Hyundai Porter” загварын ачааны автомашин цөмөрч суусан байсныг татан гаргасан.Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул:Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
2024/01/25
361
НИЙГЭМ
Г.Занданшатар: Хоёр бөхт монгол тэмээний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм
“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн /2024.01.22/ Баянхонгор аймагт боллоо. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар энэхүү зөвлөгөөнд оролцов.Монголын тэмээн соёл,тэмээчдийн зөвлөгөөн тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөн үржүүлэх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, тэмээний аж ахуйд хэрэглэж ирсэн уналга, эдэлгээний тоног төхөөрөмж, ахуйн хэрэглэлийг танин мэдэх, сурталчлах, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Энэхүү зөвлөгөөнд 7 аймгийн 20 гаруй сумын 100 гаруй тэмээчид, малчид оролцож, буухиа уралдаан, тэмээний парад, сайхан тэмээтэй хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах, мөн буйл зорох, бурантаг томох, 3 насны тэмээ уралдуулах зэрэгт хурд хүч авхаалж самбаагаа сорихоос гадна, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү арга хэмжээний нээлтэд үг хэллээ. Тэрбээр, 2023 оны урьдчилсан тооллогоор манай улсад 473.9 мянган тэмээ тоологдож, өнгөрсөн оныхоос 3.4 мянгаар өссөн байна. Өмнөговь аймаг 157.2 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүлсэн бол Дорноговь аймаг 54.5, Баянхонгор 48.9, Говь-Алтай 47.4, Дундговь 43.7 мянган тэмээгээр эхний 5 байрт жагсаж байна. Монголын хос бөхт тэмээн сүрэг, түүнийг адуулан маллах “тэмээн соёл” бол Монголын бахархал, дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил, аж төрөл билээ. Дэлхийд ховордсон энэ гайхамшигт амьтнаас гардаг ноос, мах, сүү нь үнэт түүхий эд, дэлхийд өрсөлдөх монгол брэндийн нэг мөн юм. Тиймээс бид монгол тэмээгээ улам өсгөн үржүүлэх ёстой. 1954 онд 895 мянга гаруй тэмээ тоолуулж байсан рекорд амжилтад хүрэх, түүнээс давж гарах нь монгол төрийн бодлого, тэмээчдийн хэтийн зорилго мөн. Тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоно гэвэл өрөөсгөл болно. Учир нь амгалан дөлгөөн зантай, холыг туулах, ачаа, өл даах чадвараараа гарамгай, уналга эдэлгээнд амархан сурдаг, тэвчээртэй, дуулгавартай гээд олон сайн чанарыг агуулсан монгол тэмээ Монгол орны говь, цөлийн экологийн нөхцөлд гайхамшигтай дасан зохицсон амьтан билээ. Түүнчлэн хоёр бөхт монгол тэмээний генефондыг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм. Тиймээс төр, засгаас хоёр бөхт монгол тэмээг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно.Эрдэнэт тэмээн сүргээ өсгөх, ашиг шимийг нь бүрэн, зөв ашиглах, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ихээхэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа нь сайшаалтай юм. Баянхонгор аймаг 10-аадхан хоногийн өмнө “Ламын гэгээний улаан тэмээ”-гээ үүлдрээр батлууллаа. Говь-Алтай аймаг “Төхөм Тунгалагийн хүрэн” үүлдрийн, Завхан аймаг “Завхан Хүнгүй” хэвшлийн тэмээгээ өсгөн үржүүлж, Өвөрхангай аймаг “Монголын хоолойн тэмээ”-гээ, Ховдынхон “Дөргөний тэмээ”-гээ “Омог” болгон батлуулахаар ажиллаж байгаа сайхан мэдээ байна. Өмнөговийнхон “Ингэн тагш” нэртэй ингэний хоормог үйлдвэрлэж, Баянхонгорын “Их халбаганат” компанийн ингэний сүүгээр хийсэн тараг, бялуу, зайрмаг зэрэг амттан брэнд түвшний бүтээгдэхүүн болсон байна. Энэ мэт сайн жишээ олныг дурдаж болно.Цаашид та бид тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, олшруулан өсгөж, Монголын “тэмээн соёл”, хоёр бөхт монгол тэмээ, түүнээс гардаг ашиг шимээр дэлхийд өрсөлдөхийн төлөө хичээн зүтгэх нь нэн чухал байна. Энэ зорилгыг амжилттай хэрэгжүүлэх, тэмээчдийн туршлагыг харилцан солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэн алдаршуулах, тэмээчдийн залгамж халааг бэлтгэх, гадаад, дотоодын жуулчдыг татахад өнөөдөр эхэлж буй “Монголын тэмээн соёл” наадам чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна хэмээв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/01/25
384
НИЙГЭМ
Архитектор: Анх баригдсан хүзүүвчинд бурууг тохож болохгүй
Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр болсон дэлбэрэлттэй холбоотой үйл явцад буруутан болоод буй нөгөө хүзүүвчний талаар архитектор Т.Учрал ингэж бичжээ."Энэ Хас тэмдэгтэй барилга 2014 онд баригдаж дуусч байсан үе...Тухайн үед энэ барилга Тагнуулын Ерөнхий Газрын зориулалттай баригдаж байсан гэх... Гэхдээ ТЕГ энд байрлах боломжгүй гэсэн шалтгаан дүгнэлтээр /Хууль зүйн яамны мэдэлд байсан/ дүүргийн Прокурорын барилга болгох гэж оролдож байгаад дараа нь миний сонссоноор менежментийн хувьчлал хийсэн гэж дуулсан... Тэр үед гол нь 2 талд орон сууц байгаагүй.Надад олон асуулт байна! 1.Зохион байгуулалттай татварын мөнгө үрсэн, үнэгүйдүүлсэн?2.Орон сууцыг хэн зурсан, ямар компани зурсан?3.Яагаад галын гарц гаргалгүй битүүлж орон сууц зурсан?4.А даалгавар хэн гаргаж, эскизийг хэн баталсан?5.ОБГазрын хэн гэж албан тушаалтан ямар дүгнэлт гаргасанг харах?6.Магадлал дээр ямар эксперт үзэж зөвшөөрч дүгнэлт гаргасанг харах?7.Улсын комиссын гишүүдийн дүгнэлт харах?8.Энэ сургууль барилгыг яаж авсан?9.Улс төр хамаарал бүхий гэж хардаж байна? Энэ бүхнээс хариуцлага нэхмээр байна."Энэ хавьд өмнө нь ямар ч барилга байхгүй хоосон тал байхад хамгийн анх тусгай зориулалтаар энэ хүзүүвчээр холбогдсон таван блок барилга баригдсан юм. Дөрвөн тал руугаа орц гарцтай төлөвлөгдсөн…Сүүлд эргэн тойронд нь орон сууцууд нэмэгдсээр, өмнөх орц гарцуудыг бөглөн, сул зайнд нь энэ өндөр орон сууц баригдсан байсан! Иймд энэ хавьдаа л анх баригдсан барилгын хүзүүвчинд бурууг тохож болохгүй шүү!"
2024/01/25
410
НИЙГЭМ
Туршлагатай ХАБ мэргэжилтний санал
18 жил ХАБ хийсэн ч ослын талаар эрт дүгнэлт хийхгүй ээ. Осол гэнэт гарчихдаггүй, үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Ослын ICAM судалгааны PEEPO хүчин зүйлсээр тайлбарлахад:1. People - Хүн (2 жолооч эрүүл байсан уу? Газын машины жолооч аюултай ачаа байнга тээвэрлэдэг, эрхтэй байсан уу? Хэзээ унтаж, хэзээ боссон, ядарсан байсан уу? Эргэлт хийж байх үед утас дуугарч анхаарал сарниулаагүй биз? Харамсалтайгаар амь насаа алдсан манай Онцгой байдлын 3 албан хаагч яагаад замын хажууд яагаад зүгээр зогсож байсан юм? Ямар нэг хаалт хашилтын ард нуугдаж болоогүй юм уу? гм)2. Equipment - Тоног төхөөрөмж (Газын машинд өдөр тутмын үзлэг хийсэн байсан уу? Шил толь хэвийн байсан уу? Машинтай мөргөлдөхөд хавхлага салж унадаг уу? Өвлийн дугуй тавьсан уу? Дугуйны хээ хэвийн байсан уу? Ёмкостийн насжилт хэр байв? Актлагдах шахсан, хана нь нимгэрсэн ёмкость бол эвгүй)3. Environment - Байгаль орчин (Цастай, гулгаатай байсан уу? Үзэгдэх орчин хязгаарлагдмал байв уу? Өдөр шөнө байв уу? Салхи, шуургатай байв уу?)4. Procedure - Дүрэм журам (Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй биз? Аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мөрдсөн үү? Осол гарахаас сэргийлэх ямар ямар журмыг байгууллага мөрдүүлдэг байв? Ямар журам зөрчигдөв? Онцгой байдлын журам дээр хий алдагдсан үед тэдэн метр зайтай зогсох ёстой гэдэг заалт байгаагүй юмуу? Яагаад хайран залуус зүгээр зогсож байгаад дэлбэрэлтийн үед шидэгдсэн ёмкость-д цохиулав? Хяналтын камерын бичлэг дээрээс эсвэл би буруу харав уу? Онцгой байдлын манай Баатруудыг хамгаалах дүрэм журам хэр найдвартай байна?)5. Organization - Байгууллага (Жолооч өдөр тутмын зааварчилгаагаа авсан уу? Нийт ажилтны сургалтандаа суусан уу? Аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мэдэх үү? Шалгалтаа хэзээ өгсөн? Ямар үнэмлэхтэй байсан? Ослын үед мөрдөгдөх Онцгой байдлын журам байдаг уу? Байсан бол ямар шат дарааллаар хэрхэн ажиллах ёстой байсан? Ажилтан энэ талаар мэддэг, сургагдсан байсан уу?)... гэх мэт маш олон хүчин зүйлсийг судалсны дараа Ослын дүгнэлт гарч ирдэг. Осол нийлмэл хүчин зүйлсийн нэгдлээр гардаг юм шүү, хэзээ ч нэг хүчин зүйлээр эсвэл нэг баримтаар хэн нэгнийг буруутгаж болдоггүй. Учир нь ослын шалтгаануудыг нийтэд нь арилгаагүй цагт Осол гарсаар л байдаг.Онцгой байдлын Баатруудынхаа гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.За тэгээд мэргэжлийн хүмүүс ажлаа хийхэд нь саад бололгүй, ямар нэг дүгнэлт хийхгүй байцгаая.Б.Ганжигүүр2024 оны 1-р сарын 24.
2024/01/25
537