mmnews.mn | 2024-11-23

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
'15 минутын хот' концепцийг хэрэгжүүлсэн анхдагчийн нэг Барселона
Дэлхийн хотууд автомашинаас татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэсэн “15 минутын хот” санаачилгыг хөгжлийн төлөвлөгөөндөө тусган, ирээдүйгээ зураглаж байна. Парис, Лондон, Барселона, Мельбурн, Сингапур, Шанхай гээд дэлхийн олон хотууд автомашинд бус хүнд зориулсан, иргэндээ ээлтэй орчин үеийн хотын амьдралыг бий болгохыг зорьж байна.  “15 минутын хот” санаачилгыг бодитоор хэрэгжүүлсэн дэлхийн  хотуудтай танилцахын өмнө энэхүү ойлголтын талаар товчхон толилуулья.Та 15 минутын дотор өдөр тутмын хэрэгцээт ажил, үйлчилгээгээ авах боломжтой хотод амьдрахыг хүсэж байна уу. Сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх, эмнэлэгт үзүүлэх, хүнсний дэлгүүр, худалдааны төв орох, ажилдаа явах, фитнес клубт хичээллэхийн тулд дүүрэг дамжиж хол зам туулах шаардлагагүй болжээ. Унадаг дугуйгаар эсвэл явган алхаад зорьсон газартаа 15 минутын дотор очдог зохион байгуулалттай, эмх цэгцтэй хотыг Дэлхийн улсууд бий болгон, үүнийгээ “15 минутын хот” хэмээн нэрлэж байна.Хотын амьдралын энэхүү шинэ хэв маяг нь автозамын түгжрэлд үнэт цагаа үрдэг явдлыг дуусгавар болгож, машины дуу чимээний болон агаар, орчны бохирдлыг багасган, “Иргэн төвтэй ногоон хот” дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага хэдийнэ болжээ.  Барселона - 1.6 сая орчим иргэнтэй, Испани улсын хоёр дахь том хот. Тэрбээр 2016 оноос “15 минутын хот” санаачилгыг туршин, “Супер блокууд” хөтөлбөрийн хүрээнд хотоо хэсэгчлэн дахин төлөвлөж, явган болон дугуйтай зорчигчдод илүү тав тухтай, аюулгүй орчинг бүрдүүлж эхэлжээ. Тодруулбал, авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, явган зорчигчийн болон дугуйн замыг нэмэгдүүлж, автомашингүй гудамж, талбайг бий болгожээ. Ингэхдээ хотын оршин суугчдад гэрээсээ гараад 15 минутын дотор хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүнсний дэлгүүр, супермаркетаар үйлчлүүлэх, спортоор хичээллэх, цэцэрлэгт хүрээлэнд амрах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүнийг дагасан ажлын байрууд ч бий болжээ. Хүний анхдагч хэрэгцээнүүд гэрт нь ойртсоноор автомашины хэрэглээ буурч, агаарын бохирдол, дуу чимээ, түгжрэл зэрэг асуудал толгойн өвчин байхаа больсон аж. “Супер блокууд” хөтөлбөр хэрэгжсэн байршлуудад нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хэмжээ 45 хувиас 75 хувь болж нэмэгджээ. Автомашины хөдөлгөөн маш бага болсон тул орчны чимээ шуугиан ч буурч, агаар дахь азотын ислийн ялгарал 42 хувиар, тоосонцорын бохирдол 38 хувиар буурсан зэрэг гайхалтай үр дүнг үзүүлсэн байна. Хотын иргэд машинаас татгалзаж, гудамж талбайгаар явганаар болон дугуйгаар зорчих  хүмүүсийн тоо нэмэгдсэн нь худалдаа, үйлчилгээний салбарт сэргэлт авчирч, хотын эдийн засаг, бизнес эрхлэгчдийн ашиг орлогод эерэг өөрчлөлтүүд гарчээ. Хотын амьдралын энэ шинэ хэв маягийг оршин суугчид дэмжсэнээр Барселона хот  “15 минутын хот” санаачилгыг амжилттай хэрэгжүүлсэн анхдагч, томоохон жишиг хотуудын нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх болсон аж.    
2024/11/20
186
ДЭЛХИЙ
Улаанбаатар хот “Хятадтай найрамдалт харилцаатай шилдэг хот” шагналыг гардан авлаа
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БНХАУ-ын Юньнан мужийн Кунминь хотод арваннэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Хятадын олон улсын найрамдалт хотуудын хурал 2024” арга хэмжээнд оролцсон байна. Тус олон улсын хуралд дэлхийн 40 орчим улс, орны 120 муж, хотын 700 гаруй төлөөлөгч оролцож, “Технологийн шинэчлэл, ухаалаг хотууд”, “Хотын ногоон хөгжил, иргэдийн тав тухтай амьдрах орчин”, “Хотын түүх, соёл, өвийг хамгаалах”, “Тээврийн нэгдсэн сүлжээ болон хотын хөгжлийн бүтээн байгуулалт” гэсэн дөрвөн үндсэн хуралдааны хүрээнд харилцан туршлага солилцжээ. “Хятадын олон улсын найрамдалт хотуудын хурал 2024” арга хэмжээг зохион байгуулагч Хятадын гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд Хятадын Олон улсын найрамдалт хотуудын нийгэмлэгийн тэргүүн ноён Ян Ванминь Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинг хүлээн авч уулзаж, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.Дашрамд дурдахад, Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Чуньчин, Чөндү зэрэг 10 гаруй хоттой харилцан ашигтай, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн ажиллаж байгаа билээ. Улаанбаатар, Хөх хотууд нь 1991 онд анх “Найрамдалт харилцаа тогтоох тухай” санамж бичигт гарын үсэг зурж байсан түүхтэй бөгөөд талууд олон салбарт харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн. Улаанбаатар хот “Хятадтай найрамдалт харилцаатай шилдэг хот” шагналыг тус олон улсын хурлын үеэр гардан авлаа.
2024/11/20
155
ДЭЛХИЙ
'Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь' сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд уулын зорилго, хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын асуудлыг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамов нарын төлөөлөгчид оролцлоо.Хэлэлцүүлгийн үеэр өндөр уулын экосистемийг хамгаалах, энэ бүс нутагт дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явцад уулархаг бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэв.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ:Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров,Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Рам Чандра Поудэл,Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтран зохион байгуулж буй энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч, оролцож байгаа Та бүхэнд талархал илэрхийлье.Байгалийн үзэсгэлэнт тогтоц, биологийн олон янз байдал, уур амьсгалын таатай нөхцөлд чухал үүрэгтэй уулсын экосистемийн асуудлыг “Уулын түншлэл”-ийн оролцогч талууд чухалчлан үзэж, анхаарч ирснийг Монгол Улс талархан дэмжиж ирсэн билээ.Хималай, Альп, Андын нуруу, Рокки, Кавказ, Тэнгэр, Алтай зэрэг өндөр уулс, нурууд нь дэлхий олон улс орны өргөн уудам нутаг, орон зайг дамнан оршиж, ховор амьтан, ургамлын өлгий нутаг, олон мянган гол мөрний эх ундарга болж, хүн төрөлхтөн бидний тав тухтай аж төрж, амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.Дэлхийн нийт газар нутгийн дөрөвний нэг болох уулархаг бүс нутгийн экосистем нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл, ойн хомсдол, газрын доройтол, байгалийн гамшигт өртөж, мөнх цас, мөсөн гол, цэвдэг хурдтайгаар багасаж байна.Үүнээс шалтгаалан өндөр уулсын амьтан, ургамлын амьдрах, ургах орчин өөрчлөгдөж, тархац нутаг хумигдаж, төрөл зүйлүүд нүүдэллэх, шилжих, эсхүл мөхөх аюулд орж байна.Түүнчлэн үер ус, цас, хөрсний нуранги зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, орон нутгийн оршин суугчдад аюул учруулж байна.Цаашлаад усны нөөц хомсдсоноос хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, өндөр уулын бүс нутгууд дахь байгалийн үзэсгэлэнт газруудын талбай хумигдан аялал жуулчлалын салбарт ч сөргөөр нөлөөлж байгааг олон улсын судалгаа харуулж байна.Дэлхийн нийт хүн амын 10 гаруй хувь нь уулсын байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг бөгөөд өндөр уулсын экосистемийг хамгаалахад хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах зорилгоор энэхүү өндөр түвшний хэлэлцүүлгийг Киргиз Улсын санаачилгыг дэмжин манай улс хамтран зохион байгуулж байгаа юм.Уулархаг бүс нутгийн улс орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Тогтвортой уулын хөгжил”, “Уулархаг бүс нутгийн хөгжлийн 5 жилийн хөтөлбөр батлах тухай”, “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолуудыг батлуулж, “Уулын түншлэлийн бүлэг”-ийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тогтвортой хөгжлийн 6 болон 15 дугаар зорилгыг ханган хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна.Мөн уулархаг бүс нутгийн улс орнуудын дуу хоолой, онцгой хэрэгцээ шаардлагыг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын яриа хэлэлцээнд байр сууриа илэрхийлэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг болон уулын түншлэлийн бүлэг хоорондын хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.Монгол Улсын хувьд нийт усны нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд улам багассаар байна.Манай орны алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбайн хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан гэсэн эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн уулсын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр бид онцгой анхааран ажиллаж байна.НҮБ-ын гишүүн орнуудын зүгээс уулархаг бүс нутгийн улс орнуудын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр дэвшүүлсэн санал, санаачилгуудыг Монгол Улс бүх талаар дэмжин хамтран ажиллаж ирсэн.Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад зохион байгуулагдах Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар 2024-2034 оны үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг батлах болно.Энэхүү хөтөлбөрийн төсөлд уулархаг бүс нутагт хамаардаг далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах, холбогдох санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал зорилтуудыг тусгасан нь уулархаг бүс нутгийн хөгжлийг дэмжих, экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.Мөн өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээр зуу зуун сая хүн оршин амьдарч байгаа өндөр уулсын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон бодит санал санаачилга гаргаж, гарц шийдлийг хамтдаа хэлэлцэн зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
2024/11/15
159
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:“Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Алиев,Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.Байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхий дахины тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед Та бид улс төрийн манлайлал, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам бүр буурсаар байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн хэлснийг бид онцгой анхаарах ёстой.Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Бид хэзээ ч мартаж болохгүй.Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна.Тиймээс энэ удаагийн 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж “Уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилго”-ыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна.Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна.Тухайлбал, манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна.Эрхэм хурлын дарга аа,НҮБ-ийн эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.Тиймээс Монгол Улс өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлээд байна.Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна.Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолж байна.Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
2024/11/13
166
ДЭЛХИЙ
Засгийн газрын гурван шилжилтэд ‘Алибаба групп’ хамтран ажиллахаа илэрхийллээ
БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал, хатагтай Вэнь Жя Тан түүнийг угтан авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.“Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, энтертайнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм. Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хамтарч эхлүүлж байгаагаа дурдаад Шанхай, Ханжөү хотод зориуд зочилж, технологийн шилдэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд тус компани манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр тус компанитай хамтран ажиллахаар болсныг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэллээ.Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. 
2024/11/07
153
ДЭЛХИЙ
Бан Ги Мүн ‘Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ’сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд “Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ” сэдэвт хүндэтгэлийн лекц уншлаа.Лекцийнхээ эхэнд тэрбээр, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсандаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлэв.НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилтийг түншлэл, үйл ажиллагааны замаар эрчимжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гол оролцогчид болох Монголын ард түмэнд хандан үг хэлэх завшаан тохиосонд баяртай байгаагаа хэлэв.Олон улсын мөргөлдөөн, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн нийтэд тулгарч буй бэрхшээлүүд дэлхий нийтийн харилцан хамаарлыг улам бүр тодотгож байгааг дурдлаа.Улмаар түншлэл, хүртээмжтэй байдалд тулгуурлаж, бүх нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдэл шаардлагатайг онцлов.Үүнийг оновчтой бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түншлэлийн хүч, өөрсдийн нийгэм дэх энх тайван, тогтвортой байдлыг бий болгож, дэлхийн иргэний ухамсар, эв нэгдлийг өрнүүлэх замаар хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд:НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай,Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цаг үеийн шаардлагад нийцсэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай,Дэлхий нийтээрээ тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн зайлшгүй шаардлагатай хэмээн онцоллоо.Улмаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын ирээдүйн хамтын ажиллагааны гол салбарууд нь дээрх чиглэлүүд байх учиртайг тодотголоо.Түүнчлэн 2015 онд Нью-Йорк хотноо 193 орны төлөөлөгчдийн зөвшилцлөөр баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд нь бидэнд тулгарч буй нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх гарц болж байгааг тэмдэглэлээ.Өнөөдөр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталснаас хойш есөн жил өнгөрөхөд тодорхой хэмжээний ахиц, дэвшил гарсан хэдий ч 2024 оны Тогтвортой хөгжлийн тайланд “дэлхий даяар 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан нийт зорилтын 16 хувьд л хүрэх төлөвтэй байгаа бол үлдсэн 84 хувь нь хязгаарлагдмал ахицтай эсвэл ухралттай байна” гэж дүгнэснийг дурдлаа.Иймээс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зөв замд эргэн орохын тулд бүх нийтийн оролцоо хамгаас чухал байгааг онцлон тэмдэглэв.Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлттэй яаралтай тэмцэх нь бидний бүх амьдралын нэн тэргүүний үүрэг даалгавар байх ёстойг онцолж, нүүрстөрөгчийн ялгарлыг эрс бууруулж, шударга шилжилтийг хангахаас өөр арга зам байхгүйг хэлэв.Энэ нь эрчим хүчний хомсдолыг шийдэж, хүний ​​аж амьдралыг сайжруулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд үүнд Ази тив, тэр дундаа Монгол, БНСУ-ын үүрэг оролцоо нэн чухал хэмээн онцоллоо.Мөн ногоон шилжилтийг хурдлуулах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн чухал арга зам гэдгийг тэмдэглэж, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн манлайлал дор хэрэгжүүлж буй нэг тэрбум мод тарих Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав.Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар “Бан Ги Мүн” санг үүсгэн байгуулж, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтарч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаагаа тэмдэглэлээ.Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй ажилласнаар энэ тодорхой бус цаг үеийг илүү тогтвортой, эрүүл, хөгжсөн гараг болгохын сацуу шинэ түншлэлийн боломжуудыг нээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
2024/11/03
144
ДЭЛХИЙ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм.Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
2024/10/27
195
ДЭЛХИЙ
Киргизстан улсад цасны нуранги үүсэж зургаан иргэн амь насаа алджээ
Өнгөрсөн бямба гарагт Кыргызстан улсын Жалал-Абад мужийн Чаткал хотын ууланд эмийн ургамал түүхээр явж байсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг цасны нурангид өртсөн аж.Киргизстан улсын Онцгой байдлын яамнаас сураггүй алга болсон зургаан хүний цогцсыг бямба гарагийн орой гаргаж авсан бөгөөд ням гарагт үлдсэн найман гишүүнийг эсэн мэнд олж уулнаас буулгажээ. Орчуулсан: Б.Гэрэлзаяа  /ОБЕГ/Эх сурвалж: Xinhuanet.cn
2024/10/22
159
ДЭЛХИЙ
Нью-Мексико мужид хүчтэй аадар борооны улмаас хоёр иргэн амь насаа алджээ
Өнгөрсөн бямба гарагт Нью-Мексико мужийн Розуэлл хотод 5.78 инч буюу 102-178 мм хур тунадас орсны улмаас үер бууж хоёр хүн амь насаа алдаж, 300 орчим иргэнийг аварч, нүүлгэн шилжүүлжээ. Мөн үерийн усанд орон сууц, аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламж руу ус орж их хэмжээний хохирол учруулсан талаар тус хотын цагдаагийн албанаас мэдээлжээ.Тус хотод орсон 5.78 инч хур тунадас нь 1901 оны 11 дүгээр сарын 1-нд үерийн 5.65 инч хүрсэн түвшинг нэг шөнийн дотор давсан аж. Розуэлл хотын албанаас мэдээлсний дагуу даваа гарагийг дуустал Онц байдал зарлаж, ард иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байгаа аж.Орчуулсан: Б.Гэрэлзаяа  /ОБЕГ/Эх сурвалж: abcnews.com
2024/10/22
153
ДЭЛХИЙ
Францад үер бууж, 6 бүсэд зарлан мэдээллийн улаан түвшний дохио идэвхэжсэн байна
Францын цаг уурын агентлагийн мэдээлснээр 48 цагийн дотор 630 мм (24.8 инч) хур тунадас орсны улмаас үер бууж Францын зургаан бүсэд үерийн аюулаас сэрэмжлүүлэн мэдээлэх дуут дохиог идэвхжүүлээд байна. Дээрх зургаан бүс нь  Англи, АНУ зэрэг улс орнуудын засаг захиргааны түвшний эрх мэдэл бүхий бүс  юм.Улаан түвшний дохиоллын бүсийн нэгд тус улсын гурав дахь том хот болох Лион, мөн кино наадмаараа алдартай Канн хотууд хамаарагддаг байна.Эрх баригчид авто замуудыг хааж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, гэрэл зураг дарах, видео бичлэг хийх гэж өөрсдийгөө аюулд оруулахгүй байхыг оршин суугчдаас хүссэн байна.Амиа алдсан, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл гараагүй бөгөөд үерийн усны хохирол ямар түвшинд байгаа нь одоогоор тодорхойгүй байна.Орчуулсан: Б.Гэрэлзаяа Эх сурвалж:https://www.reuters.com/
2024/10/18
152
ДЭЛХИЙ
Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа.  Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион байгуулж буй нь талууд гурван талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйн илрэл юм. Засгийн газрын тэргүүн нар гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.  Мөн Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулж, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад Монголын тал бэлэн байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамруулах 33 төслийн жагсаалтыг Монголын  холбогдох байгууллагууд тохиролцсон. Энэ жагсаалтын нэгдүгээр заалтад тусгагдсан Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх  нь гурван улсын эдийн засгийн коридор үүсгэхэд нэн чухал эхлэл цэг болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг урагшлуулахын төлөө байгаагаа хэллээ.  Мөн Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой байгаа нь хамтын ажиллагааны төслүүд хэрэгжихэд  чухал нөлөөтэйг дурдаад гурван улсын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал гаргах санал дэвшүүлэв. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин эдийн засгийн коридор байгуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг Оросын тал дэмжиж буйг хэлээд бодит ажил хэрэг болгоход анхаарахаа онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улстай эрчим хүчний төслүүдийг хамтран  хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.Энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь гурван талын бодит хамтын ажиллагааг идэвхжүүлж, гурван талын стратегийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжил, Ази тивийн нийтлэг эрх ашигт нийцнэ гэдэгт талууд санал нэгдэв. Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2025  онд зохион байгуулахаар тохиролцов. 
2024/10/16
170
ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайдЭрхэмсэг ноён Шехбаз Шариф,Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,Хатагтай, ноёд оо, Юуны түрүүнд миний өмнө үг хэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газарт сүүлийн гурван жилийн хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын үзэл санааг удирдаж, чухал манайлал үзүүлсэнд талархал илэрхийлье. Мөн өнөөдөр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч  орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг амжилттай зохион байгуулж буй Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф Танд болон Таны багт баяр хүргэж, талархал илэрхийлье.  ШХАБ нь үүсэн байгуулагдсанаасаа хойш цар хүрээгээ олон агуулгаар баяжуулан тэлж, гишүүн болон яриа хэлэлцээний түнш улс орнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, улс хоорондын харилцан итгэлцэл, найрсаг харилцааг бататган бэхжүүлсээр ирсэнд талархаж байна. Мөн бүс нутагт энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ШХАБ чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшин хөгжиж байгаад Монгол Улс сэтгэл хангалуун байдаг. Олон улсын харилцааны талцал хуваагдал эрс нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн, үнийн өсөлт, хоол хүнс, эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг аюул заналхийлэл дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж, эдгээр сорилтыг даван туулахын тулд энх  тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд улс орон бүхэн санаа тавьж байгаа цаг үед энэхүү хурал болж байна. Тийм учраас НҮБ-ын зарчим болон “Шанхайн үзэл санаа”-г тууштай баримталж, олон улсын эв нэгдэл, харилцан ойлголцол, итгэлцэл, хүндлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө дэлхийн улс орнууд хамтын хүчин чармайлт гаргаж ажиллах нь нэн чухал байгааг онцлон тэмдэглэж байна. Үүнд өргөжин тэлсэн өнөөгийн ШХАБ зохих хувь нэмэр оруулж, оролцогч орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд үр дүнтэй ажиллаж байгааг мөн цохон тэмдэглэе. Эрхэм хүндэт нөхөд өө, Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын гишүүн, ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудтай тогтоосон харилцаа, хоёр талын болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Монгол Улс ШХАБ-тай болон ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, дэд бүтцийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, ногоон шилжилт, аялал жуулчлал, мэдээллийн технологи, AI хиймэл оюун болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Эрхэм хатагтай, ноёд оо, Монгол Улс дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үеийг бүс нутгийн хэмжээнд та бүхэнтэй хамтдаа даван туулж, сүүлийн гурван жил дараалан эдийн засаг 5-8 хувиар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жил дараалан 1000 ам.доллараар өслөө. Энэ бол манай мөнхийн хөрш орнууд, бүс  нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн хувьд интеграцчлалд орж байгаагийн чухал үзүүлэлт гэж үзэж болно. Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын засаглалаа илүү бэхжүүлж, парламентын төлөөллийн чадавхыг нэмэгдүүлж, гишүүдийнхээ тоог нэмсэн. Монгол Улсын шинэ парламентад анх удаа таван намын төлөөлөл суудалтай болсон, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25-аас дээш нэмэгдэж, бүс нутгийн дундаж үзүүлэлтээс давсан, хамгийн олон салбарын экспертүүдтэй парламент бүрдсэн.   Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой болгох, мөн олон намын оролцоог шийдвэр гаргах түвшинд оролцуулахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, бүс нутгийн хэмжээнд ашигтай гэж үзсэн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр олон улсад зарлаад байна.   Эдгээр төслийн олонх нь зам тээвэр, тээвэр логистик, эрчим хүч болон эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд чиглэж байгаа. Мөн өнөөдөр ОХУ, БНХАУ, Монгол Улсын Засгийн газар ШХАБ-ын энэхүү индрийг ашиглаж анх удаа гурван талт уулзалт хийж, эдгээр төсөлд эрчимтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байна. Цаашид улс орнуудтай төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Монгол Улсын санхүүгийн үнэлгээ, цахим засаглалын индексийн үзүүлэлтүүд сайжирсан. Энэ бол хөрөнгө оруулагчдад өгч буй манай улсын талаарх эерэг дохио бөгөөд бид тогтвортой байдлыг улам хадгалж, хариуцлагатай хамтын ажиллагааг эрмэлзэх болно. ШХАБ-ын гишүүн бүх оронтой Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бүс нутгийн хамтын ажиллагаа, Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулан хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд бэлэн байна. Эрхэм хатагтай, ноёд оо, Өнөөдрийн бидний уулзалт ШХАБ-ын олон улсын хамтын нийгэмлэг дэх манлайлал, байр суурийг улам бэхжүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.  Энэ удаагийн хурлыг даргалах үүрэг хүлээн, амжилттай зохион байгуулж байгаа Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф танд  болон ирэх жил энэхүү хурлыг даргалах БНХАУ, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг даргалах ОХУ, Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин, мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийг тодорхойлох гэж байгаа улс орнуудад амжилт хүсье.  ШХАБ-ын дараагийн стратегийг тодорхойлохдоо гурван зүйл дээр илүү анхаарах нь зүйтэй болов уу гэсэн саналыг оруулж байна. Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед хиймэл оюун ухаан болон хурдтай технологийн хөгжил бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг цаашдын стратегидээ илүү анхаарч үзвэл чухал байна. Хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн загвар хэрхэн өрнөх вэ гэдэг дээр бүс нутгийн хэмжээнд стратегиа тодорхойлбол илүү чухал байх болов уу гэж үзэж байна. Гуравдугаарт, өдрөөс өдөрт хүний нөөц хомсдож байна. Улс орнуудад төрөлт багасаж байна. Ажиллах хүчний хомсдолд орж байна. Боловсролын салбар хурдтай хөгжиж байгаа ногоон эдийн засгийн хөгжилтэй уялдахгүй байна зэрэг асуудал үүсэж байна. Тийм учраас ШХАБ хүний нөөцийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил бүс нутгийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг механизмийг гаргах нь бидний цаашдын хөгжилд хэрэгтэй. Энэ нь ирэх жилийн уулзалт болон ШХАБ-ын цаашдын стратегийг тодорхойлох, ялангуяа, технологийн хөгжилтэй БНХАУ, БНЭУ, ОХУ зэрэг улс орон үүнд илүү манлайлал үзүүлбэл алсыг харсан ухаалаг сонголт болно гэж итгэж байна. Манай бүс нутаг хөгжлийг хөөж гүйцэх биш, хөгжлийг угтаж харж чаддаг. Энэ агуулгаараа энэ бүс нутаг дэлхийд манлайлал үзүүлэх боломжтой болно. Бүс нутагт хөгжил цэцэглэлтийг өргөжүүлж, даян дэлхийн энх тайвны төлөө өнөөдрийн уулзалтад идэвхтэй оролцсон улс орнуудад Монгол Улсын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
2024/10/16
137
ДЭЛХИЙ
'Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал'-д оролцож байна
Бүгд Найрамдах Филиппин улсын Манила хотноо болж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-д Монгол Улсын Шадар сайд У.Амарсайханаар ахлуулсан ОБЕГ, орон нутгийн Онцгой байдлын газар, олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.Энэ сарын 14-18-ны өдрүүдэд болох тус хурал “2030 он: Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах зорилтыг нэмэгдүүлэх нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Ази, Номхон далайн бүс нутгийн гамшиг болон уур амьсгалын эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулах улс орнуудын Засгийн газар, төрийн, олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, шинжлэх ухаан, академи болон оролцогч талуудыг өргөн хүрээнд хамарсан хоёр жил тутам зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ юм. ​Энэ удаагийн хурал нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн дунд хугацааны хэрэгжилтийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтаас хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог. Гамшгийн эрсдэлийг бууруулах хүчин чармайлт, инновацлаг арга замуудыг хуваалцах, 2030 он гэхэд дэлхий нийтийн гамшигт өртөмтгий бүс нутгуудад  гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хурдасгах, хэрэгжүүлэх боломжтой үүрэг амлалтуудыг өгөх чухал боломжуудыг олгодог юм.
2024/10/15
182
ДЭЛХИЙ
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд техникийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурав
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийг үргэлжлүүлэх зорилгоор ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны 111-р ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нар  Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийлээ.Айлчлалын хүрээнд БНФУ-ын Десотел групп компанийн ерөнхийлөгч Жером Десотелтэй уулзалт зохион байгуулж Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд "Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн талуудын урьдчилан тохиролцсон техникийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан юм.ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян айлчлалын үеэр мөн Франц Улсын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга Жулион Марионтой уулзалт хийж хоёр орны ижил төрлийн байгууллагын хамтын ажиллагаа, нисдэг тэрэгний бааз шинээр байгуулах, цаашид хамтран хэрэгжүүлэх сургалт болон бусад ажил арга хэмжээний талаар санал солилцов. Түүнчлэн Онцгой байдлын байгууллагад шинээр нийлүүлэгдэх автомашины үйлдвэрлэлийн төлөвлөлт, явц болон бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд Онцгой байдлын байгууллагын саналыг хэрхэн тусгасан шинэ төлөвлөлт зэргийн талаар санал солилцох уулзалтад оролцлоо.Мөн Франц улсын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын харьяа өндөр уулын бүсэд эрэн хайх аврах үйл ажиллагаа явуулдаг “Драгон 74” нисэх ангийн үйл ажиллагаа, Францын нисэх онгоц, нисдэг тэрэгний үндэсний үйлдвэрлэгч “Айрбус компани”,гал унтраах автомашин, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Десотел групп компани”, автомашин үйлдвэрлэгч “Рено трак компани”, гал унтраах тусгай зориулалтын робот үйлдвэрлэгч “Шарк Роботикс”, амсьсгалын бие даасан тоног төхөөрөмж болон бүх төрлийн хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэгч “Матисек” компанийн бараа бүтээгдэхүүний үзэсэглэнг үзэж сонирхон Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад авч хэрэглэх хэрэгцээ боломжийн талаар талуудтай санал солилцсон юм.
2024/10/03
162
ДЭЛХИЙ
Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулах зорилт тавьжээ
Их Британи улсын Ноттингемшир дэх хамгийн сүүлчийн нүүрсний цахилгаан станц болох Рэтклифф 9 дүгээр сарын 30-ны өдөр хаагдаж, 142 жилийн турш цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс шатааж байсан үе дуусгавар болгож байгаа аж.Англи улсын нүүрсний эрчим хүчийг үе шаттайгаар зогсоож байгаа үйл явдал нь олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өгсөн амлалтаа биелүүлсэн G7-ын анхны гишүүн юм. Рэтклифф станц 1882 оноос 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу хаагдах хүртэл Их Британийн нүүрсний үйлдвэрүүд 4,6 тэрбум тонн нүүрс шатааж, 10,4 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулжээ. Их Британи нүүрсний эрчим хүчийг түр зогсоох нь нүүрсний нийт эрэлтийг 1600-аад оноос хойш байгаагүй түвшинд бууруулах юм.Станцыг үе шаттайгаар зогсооход, дөрвөн үндсэн элемент дээр суурилсан аж.Нэгдүгээрт, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, түүнийг даван туулахад хангалттай цахилгаан эрчим хүчний өөр эх үүсвэр бий болгох.Хоёрдугаарт, нүүрс ашиглалтаас өөр шинэ хувилбарын станцыг барьж дуусгах.Гуравдугаарт, агаарын бохирдол, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) зэрэг гадаад хүчин зүйлийн үнийг тогтоох нь эдийн засгийн хэмжүүрүүдийг ч өөр хувилбаруудад үндэслэн судалсан.Дөрөвдүгээрт, Засгийн газар 10 жилийн өмнө тодорхой үе шаттайгаар зогсоох хугацааг тогтоож, эрчим хүчний салбарт хариу арга хэмжээ авч, урьдчилан төлөвлөх цаг хугацааг тогтоож өгсөн.2008 оны 10 дугаар сард Англи улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан бөгөөд 2019 онд хүлэмжийн хийн ялгарлыг “цэвэр-тэг” болгох зорилтыг хуульчилж,  1990 оны түвшнээс 60%-иар, дараа нь 80% хүртэл бууруулахаар зорьжээ.Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2013 онд ойролцоогоор 50 ТВт цагийн хүчин чадалтай байсан бол 2018 онд 110 ТВт цаг болж, таван жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг 2024 оны эхэн үеэс 150 ТВт/цагаас илүү эрчим хүч үйлдвэрлэлд хүргэхээр ажиллаж байгаа юм.Тус улсын туршлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс харахад нүүрсний хэрэглээг богино хугацаанд зогсоох боломжтой бөгөөд үүнийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой юм гэж судлаачид үзжээ.Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг бүрэн зогсоох зорилтыг тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд олон хүндрэл бэрхшээл, ололт амжилттай нүүр тулаад байгаа талаар дурджээ. 
2024/10/03
214