mmnews.mn | 2025-06-02

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн 16-р бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцох үеэр Монгол Улс болон зарим улс орны зохион байгуулж буй павильонд зочлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох цөлжилттэй тэмцэх, агаар орчны бохирдлыг бууруулах, усан хангамжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээрх зорилго зорилт, үйл ажиллагааг олон улсын тавцанд таниулан сурталчилж байгаад баяр хүргэв.         Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын хүрээнд анх удаа цэнхэр бүс болон ногоон бүсэд павильон гаргаж оролцож байна.        Энэ жилийн хурал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 30 жилийн ойтой давхцаж, "Бидний газар. Бидний ирээдүй (Our Land, Our Future)” уриан дор зохион байгуулагдаж байна.    Цэнхэр бүс дэх павильонд Засгийн газар, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан хурал, арга хэмжээ зохион байгуулагддаг. Ногоон бүс дэх павильон нь олон нийтэд нээлттэй бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд голчлон зохион байгуулдаг онцлогтой.         Цэнхэр бүсийн павильонд өндөр түвшний уулзалтууд болох ба Монгол Улс нь үндэсний түвшинд хэрэгжүүлж буй цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцаж, цөлжилтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ болон туршлага хуваалцан, өөрийн улс орноо дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байна.         Монгол Улс “Ногоон бүс” дэх павильоныг нь “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” (Go sustainable: Nomadic heritage, resilient rangeland) уриан дор зохион байгуулж,  улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон инновацыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, олон талт санаачилгыг дэлхий нийтэд танилцуулах зорилготой.         Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагууд хамтран оролцож байна.      
2024/12/03
271
ДЭЛХИЙ
'Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө' буюу 'One for All, All for One' үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо эхэллээ. 2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, үг хэллээ.“Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэнэ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос үүдсэн сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай эгзэгтэй энэ цаг үед конвенцын Талууд улс төрийн манлайлал, эв нэгдэл, харилцан ойлголцлоо улам бататган, хамтын ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах учиртайг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад нүүрлэсэн байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан.  Дэлхийн улс орон бүрд ийм жишээг бид өдөр тутам харж бас мэдэрч байна. Бидний газар нутаг- бидний ирээдүй.  Тиймээс ч энэ удаагийн хурал Our land- Our future уриан дор зохион байгуулагдаж байна.Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” байхыг уур амьсгал, цөлжилт, цар тахал ч мөн сануулсан. Тиймээс ч ирээдүйн зөвлөгөөн “One for All, All for One”үзэл санааны дор нэгдэн ярилцахыг уриалж байна гэлээ. Монгол Улс мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр"Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл"-ийг байгуулах санаачилга дэвшүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”тогтоол баталсанд талархал илэрхийллээ.Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн хугацаанд 84 сая мод тарьж, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь олон улсад сайн туршлагад тооцогдож байгааг дурдлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, нүүрсхүчлийн хорт хийн ялгарлыг бууруулахад цэвэр эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь туйлын чухал асуудал. Монгол Улс ч цэвэр эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт, татварын орчны томоохон реформыг хэрэгжүүлж эхэлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, баялгийн сангууд, хувийн хэвшлийнхэн эдгээр төсөлд харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулж, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр сууриа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн хурлын зочид, төлөөлөгчдийг 2026 онд Монгол Улсад болох СОР17-д оролцохыг урилаа.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцоно.СОР16 бага хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойтой давхцаж буй бөгөөд Саудын Арабын Хаант Улсын хүлээн авч зохион байгуулж буй олон улсын арга хамгийн том хэмжээ юм. Мөн бага хурал нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг (MENA)-т анх удаа болж байна.  
2024/12/03
260
ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.             Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно. 
2024/11/29
307
ДЭЛХИЙ
Ухаалаг ‘10 минутын хот’ байгуулах Сингапурын амбиц
Ази тивд “15 минутын хот” санаачилгыг тун амжилттай хэрэгжүүлж буй улс бол Сингапур. Гэхдээ Сингапурын амбиц илүү том.  Оршин суугчид нь өдөр тутмын үндсэн хэрэгцээгээ 15 бус 10 минутад хангадаг,  иргэндээ бүх төрлийн үйлчилгээг ойртуулсан хотыг бий болгохыг тэд  зорьж байна. Сингапурын ухаалаг “10 минутын хот”  байгуулах гол үзэл санаа нь технологийн дэвшил дээр суурилсан байдаг. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг хотын оршин суугчдад бүрдүүлж өгсөн. Гар утас, компьютер ашиглаж төрийн бүхий л үйлчилгээг авдаг болсон нь иргэдийн цагийг хэмнэхээс гадна төрийн байгууллагууд руу чиглэсэн замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулжээ. Мөн Сингапур нийтийн тээврийн системээ автоматжуулж, жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Автобусны чиглэл болон метроны шугамуудыг нэмэгдүүлж хүртээмжийг сайжруулснаас гадна түрээсийн цахилгаан дугуй, скүүтерийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Үүнийг дагаад автомашины хэрэглээ буурч эхэлжээ. Сингапурын барилгуудад шинэ технологи шингэсэн байдаг. Нарны эрчим хүчийг ашигладаг, дулаан хадгалах, ус хэмнэх "ногоон" барилгын стандартыг нэвтрүүлсэн барилга, орон сууцууд Сингапурт баригдаж байна. Орон сууцны хороолол барихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төв, ажлын байраар ашиглах оффисын барилгуудыг 10 минутын зайд төлөвлөж эмх цэгцтэй хотыг тэд байгуулж байна. 10 минутын ухаалаг хот байгуулах Сингапурын амбиц Азид үлгэр жишээ болж, тивийн улс орнууд нь  тэдний сайн туршлагыг судалж байна. 
2024/11/28
2340
ДЭЛХИЙ
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д  1907 оны  арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа  буюу 2024 оны  арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна. Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ. Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.Эх сурвалж: reuters.comОрчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/ 
2024/11/28
239
ДЭЛХИЙ
Ухаалаг хотуудын хөгжлийн жишиг Парис
Дэлхийн соёл урлагийн төв хэмээн нэрлэгддэг Францын нийслэл Парис хотод 2020 оноос “15 минутын хот” концепц хэрэгжиж эхэлжээ. Парис хотын захирагч Анн Идалго "Парисыг хүмүүс алхах, дугуйгаар явахад тохиромжтой, ногоон хот болгон өөрчилнө" гэж амласнаар тус хотын иргэд амьдралын шинэ хэв маягтай болсон юм. Парисыг “15 минутын хот” болгох ажлын хүрээнд үндсэн 5 зорилтыг дэвшүүлжээ. Нэгдүгээрт, “Авто замын ачааллыг бууруулж, машины тоог хязгаарласан байна. Хоёрдугаарт, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай бүхий амрах орчныг бүрдүүлжээ. Гуравдугаарт, метро болон автобусны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж өгсөн байна. Дөрөвдүгээрт, хотын оршин суугчид явганаар болон дугуйгаар явах боломжтой замыг шинээр байгуулж, автомашингүй гудамжнуудыг бий болгожээ. Тавдугаарт, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор спорт заал, фитнес клуб, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ресторан, кофе шоп, кафе, худалдааны төв зэрэг үйлчилгээний газруудыг хороолол дотор байгуулж, гэртэй нь ойртуулах ажлуудыг хийжээ. Ингэж Парис хотын иргэдийн өдөр тутамдаа хийдэг зүйлс, хэрэгцээт үйлчилгээнүүд 15 минутын зайд гэрт нь ойртсон байна. “15 минутын хот” санаачилга Парист хэрэгжсэнээр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, дэлгүүр хэсэх, спортоор хичээллэх, эмчид үзүүлэхийн тулд хол зам туулах, замын түгжрэлд цаг алдах шаардлагагүй болжээ. Одоо тэд гэр бүлдээ болон өөрийгөө хөгжүүлэхэд, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд авто замын түгжрэлд алддаг байсан цагаа зарцуулж байна. Парисын иргэдийн дунд алхаж, дугуй унаж эрүүл мэнддээ анхаарах нь хотын шинэ тренд болжээ. Үүний зэрэгцээ 2024 оны Парисын зуны олимпыг зохион байгуулахдаа Франц улс “15 минутын хот” санаачилгын гол үзэл санааг мөн л баримталсан аж. Тухайлбал, олимпын наадам үзэж, Парис хотоор аялахдаа нийтийн тээврээр зорчих, дугуй, скүүтер унах, алхахыг жуулчдад санал болгосон байна. Мөн жуулчдад хэрэгцээт бүх үйлчилгээг ойр байлгахад чиглэсэн зохион байгуулалтыг хийсэн юм. Олимпын наадмын өдрүүдэд Парис хот 11.5 сая жуулчин хүлээн авсан бөгөөд “15 минутын хот” санаачилгыг хэрэгжүүлсний үр дүнд түгжрэлээс сэргийлж чаджээ.
2024/11/25
2471
ДЭЛХИЙ
'15 минутын хот' концепцийг хэрэгжүүлсэн анхдагчийн нэг Барселона
Дэлхийн хотууд автомашинаас татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэсэн “15 минутын хот” санаачилгыг хөгжлийн төлөвлөгөөндөө тусган, ирээдүйгээ зураглаж байна. Парис, Лондон, Барселона, Мельбурн, Сингапур, Шанхай гээд дэлхийн олон хотууд автомашинд бус хүнд зориулсан, иргэндээ ээлтэй орчин үеийн хотын амьдралыг бий болгохыг зорьж байна.  “15 минутын хот” санаачилгыг бодитоор хэрэгжүүлсэн дэлхийн  хотуудтай танилцахын өмнө энэхүү ойлголтын талаар товчхон толилуулья.Та 15 минутын дотор өдөр тутмын хэрэгцээт ажил, үйлчилгээгээ авах боломжтой хотод амьдрахыг хүсэж байна уу. Сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх, эмнэлэгт үзүүлэх, хүнсний дэлгүүр, худалдааны төв орох, ажилдаа явах, фитнес клубт хичээллэхийн тулд дүүрэг дамжиж хол зам туулах шаардлагагүй болжээ. Унадаг дугуйгаар эсвэл явган алхаад зорьсон газартаа 15 минутын дотор очдог зохион байгуулалттай, эмх цэгцтэй хотыг Дэлхийн улсууд бий болгон, үүнийгээ “15 минутын хот” хэмээн нэрлэж байна.Хотын амьдралын энэхүү шинэ хэв маяг нь автозамын түгжрэлд үнэт цагаа үрдэг явдлыг дуусгавар болгож, машины дуу чимээний болон агаар, орчны бохирдлыг багасган, “Иргэн төвтэй ногоон хот” дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага хэдийнэ болжээ.  Барселона - 1.6 сая орчим иргэнтэй, Испани улсын хоёр дахь том хот. Тэрбээр 2016 оноос “15 минутын хот” санаачилгыг туршин, “Супер блокууд” хөтөлбөрийн хүрээнд хотоо хэсэгчлэн дахин төлөвлөж, явган болон дугуйтай зорчигчдод илүү тав тухтай, аюулгүй орчинг бүрдүүлж эхэлжээ. Тодруулбал, авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, явган зорчигчийн болон дугуйн замыг нэмэгдүүлж, автомашингүй гудамж, талбайг бий болгожээ. Ингэхдээ хотын оршин суугчдад гэрээсээ гараад 15 минутын дотор хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүнсний дэлгүүр, супермаркетаар үйлчлүүлэх, спортоор хичээллэх, цэцэрлэгт хүрээлэнд амрах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүнийг дагасан ажлын байрууд ч бий болжээ. Хүний анхдагч хэрэгцээнүүд гэрт нь ойртсоноор автомашины хэрэглээ буурч, агаарын бохирдол, дуу чимээ, түгжрэл зэрэг асуудал толгойн өвчин байхаа больсон аж. “Супер блокууд” хөтөлбөр хэрэгжсэн байршлуудад нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хэмжээ 45 хувиас 75 хувь болж нэмэгджээ. Автомашины хөдөлгөөн маш бага болсон тул орчны чимээ шуугиан ч буурч, агаар дахь азотын ислийн ялгарал 42 хувиар, тоосонцорын бохирдол 38 хувиар буурсан зэрэг гайхалтай үр дүнг үзүүлсэн байна. Хотын иргэд машинаас татгалзаж, гудамж талбайгаар явганаар болон дугуйгаар зорчих  хүмүүсийн тоо нэмэгдсэн нь худалдаа, үйлчилгээний салбарт сэргэлт авчирч, хотын эдийн засаг, бизнес эрхлэгчдийн ашиг орлогод эерэг өөрчлөлтүүд гарчээ. Хотын амьдралын энэ шинэ хэв маягийг оршин суугчид дэмжсэнээр Барселона хот  “15 минутын хот” санаачилгыг амжилттай хэрэгжүүлсэн анхдагч, томоохон жишиг хотуудын нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх болсон аж.    
2024/11/20
1501
ДЭЛХИЙ
Улаанбаатар хот “Хятадтай найрамдалт харилцаатай шилдэг хот” шагналыг гардан авлаа
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БНХАУ-ын Юньнан мужийн Кунминь хотод арваннэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Хятадын олон улсын найрамдалт хотуудын хурал 2024” арга хэмжээнд оролцсон байна. Тус олон улсын хуралд дэлхийн 40 орчим улс, орны 120 муж, хотын 700 гаруй төлөөлөгч оролцож, “Технологийн шинэчлэл, ухаалаг хотууд”, “Хотын ногоон хөгжил, иргэдийн тав тухтай амьдрах орчин”, “Хотын түүх, соёл, өвийг хамгаалах”, “Тээврийн нэгдсэн сүлжээ болон хотын хөгжлийн бүтээн байгуулалт” гэсэн дөрвөн үндсэн хуралдааны хүрээнд харилцан туршлага солилцжээ. “Хятадын олон улсын найрамдалт хотуудын хурал 2024” арга хэмжээг зохион байгуулагч Хятадын гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд Хятадын Олон улсын найрамдалт хотуудын нийгэмлэгийн тэргүүн ноён Ян Ванминь Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинг хүлээн авч уулзаж, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.Дашрамд дурдахад, Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Чуньчин, Чөндү зэрэг 10 гаруй хоттой харилцан ашигтай, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн ажиллаж байгаа билээ. Улаанбаатар, Хөх хотууд нь 1991 онд анх “Найрамдалт харилцаа тогтоох тухай” санамж бичигт гарын үсэг зурж байсан түүхтэй бөгөөд талууд олон салбарт харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн. Улаанбаатар хот “Хятадтай найрамдалт харилцаатай шилдэг хот” шагналыг тус олон улсын хурлын үеэр гардан авлаа.
2024/11/20
289
ДЭЛХИЙ
'Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь' сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд уулын зорилго, хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын асуудлыг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамов нарын төлөөлөгчид оролцлоо.Хэлэлцүүлгийн үеэр өндөр уулын экосистемийг хамгаалах, энэ бүс нутагт дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явцад уулархаг бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэв.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ:Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров,Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Рам Чандра Поудэл,Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтран зохион байгуулж буй энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч, оролцож байгаа Та бүхэнд талархал илэрхийлье.Байгалийн үзэсгэлэнт тогтоц, биологийн олон янз байдал, уур амьсгалын таатай нөхцөлд чухал үүрэгтэй уулсын экосистемийн асуудлыг “Уулын түншлэл”-ийн оролцогч талууд чухалчлан үзэж, анхаарч ирснийг Монгол Улс талархан дэмжиж ирсэн билээ.Хималай, Альп, Андын нуруу, Рокки, Кавказ, Тэнгэр, Алтай зэрэг өндөр уулс, нурууд нь дэлхий олон улс орны өргөн уудам нутаг, орон зайг дамнан оршиж, ховор амьтан, ургамлын өлгий нутаг, олон мянган гол мөрний эх ундарга болж, хүн төрөлхтөн бидний тав тухтай аж төрж, амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.Дэлхийн нийт газар нутгийн дөрөвний нэг болох уулархаг бүс нутгийн экосистем нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл, ойн хомсдол, газрын доройтол, байгалийн гамшигт өртөж, мөнх цас, мөсөн гол, цэвдэг хурдтайгаар багасаж байна.Үүнээс шалтгаалан өндөр уулсын амьтан, ургамлын амьдрах, ургах орчин өөрчлөгдөж, тархац нутаг хумигдаж, төрөл зүйлүүд нүүдэллэх, шилжих, эсхүл мөхөх аюулд орж байна.Түүнчлэн үер ус, цас, хөрсний нуранги зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, орон нутгийн оршин суугчдад аюул учруулж байна.Цаашлаад усны нөөц хомсдсоноос хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, өндөр уулын бүс нутгууд дахь байгалийн үзэсгэлэнт газруудын талбай хумигдан аялал жуулчлалын салбарт ч сөргөөр нөлөөлж байгааг олон улсын судалгаа харуулж байна.Дэлхийн нийт хүн амын 10 гаруй хувь нь уулсын байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг бөгөөд өндөр уулсын экосистемийг хамгаалахад хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах зорилгоор энэхүү өндөр түвшний хэлэлцүүлгийг Киргиз Улсын санаачилгыг дэмжин манай улс хамтран зохион байгуулж байгаа юм.Уулархаг бүс нутгийн улс орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Тогтвортой уулын хөгжил”, “Уулархаг бүс нутгийн хөгжлийн 5 жилийн хөтөлбөр батлах тухай”, “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолуудыг батлуулж, “Уулын түншлэлийн бүлэг”-ийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тогтвортой хөгжлийн 6 болон 15 дугаар зорилгыг ханган хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна.Мөн уулархаг бүс нутгийн улс орнуудын дуу хоолой, онцгой хэрэгцээ шаардлагыг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын яриа хэлэлцээнд байр сууриа илэрхийлэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг болон уулын түншлэлийн бүлэг хоорондын хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.Монгол Улсын хувьд нийт усны нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд улам багассаар байна.Манай орны алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбайн хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан гэсэн эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн уулсын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр бид онцгой анхааран ажиллаж байна.НҮБ-ын гишүүн орнуудын зүгээс уулархаг бүс нутгийн улс орнуудын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр дэвшүүлсэн санал, санаачилгуудыг Монгол Улс бүх талаар дэмжин хамтран ажиллаж ирсэн.Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад зохион байгуулагдах Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар 2024-2034 оны үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг батлах болно.Энэхүү хөтөлбөрийн төсөлд уулархаг бүс нутагт хамаардаг далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах, холбогдох санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал зорилтуудыг тусгасан нь уулархаг бүс нутгийн хөгжлийг дэмжих, экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.Мөн өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээр зуу зуун сая хүн оршин амьдарч байгаа өндөр уулсын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон бодит санал санаачилга гаргаж, гарц шийдлийг хамтдаа хэлэлцэн зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
2024/11/15
266
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:“Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Алиев,Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.Байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхий дахины тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед Та бид улс төрийн манлайлал, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам бүр буурсаар байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн хэлснийг бид онцгой анхаарах ёстой.Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Бид хэзээ ч мартаж болохгүй.Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна.Тиймээс энэ удаагийн 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж “Уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилго”-ыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна.Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна.Тухайлбал, манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна.Эрхэм хурлын дарга аа,НҮБ-ийн эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.Тиймээс Монгол Улс өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлээд байна.Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна.Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолж байна.Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
2024/11/13
290
ДЭЛХИЙ
Засгийн газрын гурван шилжилтэд ‘Алибаба групп’ хамтран ажиллахаа илэрхийллээ
БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал, хатагтай Вэнь Жя Тан түүнийг угтан авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.“Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, энтертайнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм. Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хамтарч эхлүүлж байгаагаа дурдаад Шанхай, Ханжөү хотод зориуд зочилж, технологийн шилдэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд тус компани манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр тус компанитай хамтран ажиллахаар болсныг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэллээ.Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. 
2024/11/07
231
ДЭЛХИЙ
Бан Ги Мүн ‘Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ’сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд “Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ” сэдэвт хүндэтгэлийн лекц уншлаа.Лекцийнхээ эхэнд тэрбээр, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсандаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлэв.НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилтийг түншлэл, үйл ажиллагааны замаар эрчимжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гол оролцогчид болох Монголын ард түмэнд хандан үг хэлэх завшаан тохиосонд баяртай байгаагаа хэлэв.Олон улсын мөргөлдөөн, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн нийтэд тулгарч буй бэрхшээлүүд дэлхий нийтийн харилцан хамаарлыг улам бүр тодотгож байгааг дурдлаа.Улмаар түншлэл, хүртээмжтэй байдалд тулгуурлаж, бүх нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдэл шаардлагатайг онцлов.Үүнийг оновчтой бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түншлэлийн хүч, өөрсдийн нийгэм дэх энх тайван, тогтвортой байдлыг бий болгож, дэлхийн иргэний ухамсар, эв нэгдлийг өрнүүлэх замаар хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд:НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай,Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цаг үеийн шаардлагад нийцсэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай,Дэлхий нийтээрээ тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн зайлшгүй шаардлагатай хэмээн онцоллоо.Улмаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын ирээдүйн хамтын ажиллагааны гол салбарууд нь дээрх чиглэлүүд байх учиртайг тодотголоо.Түүнчлэн 2015 онд Нью-Йорк хотноо 193 орны төлөөлөгчдийн зөвшилцлөөр баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд нь бидэнд тулгарч буй нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх гарц болж байгааг тэмдэглэлээ.Өнөөдөр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталснаас хойш есөн жил өнгөрөхөд тодорхой хэмжээний ахиц, дэвшил гарсан хэдий ч 2024 оны Тогтвортой хөгжлийн тайланд “дэлхий даяар 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан нийт зорилтын 16 хувьд л хүрэх төлөвтэй байгаа бол үлдсэн 84 хувь нь хязгаарлагдмал ахицтай эсвэл ухралттай байна” гэж дүгнэснийг дурдлаа.Иймээс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зөв замд эргэн орохын тулд бүх нийтийн оролцоо хамгаас чухал байгааг онцлон тэмдэглэв.Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлттэй яаралтай тэмцэх нь бидний бүх амьдралын нэн тэргүүний үүрэг даалгавар байх ёстойг онцолж, нүүрстөрөгчийн ялгарлыг эрс бууруулж, шударга шилжилтийг хангахаас өөр арга зам байхгүйг хэлэв.Энэ нь эрчим хүчний хомсдолыг шийдэж, хүний ​​аж амьдралыг сайжруулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд үүнд Ази тив, тэр дундаа Монгол, БНСУ-ын үүрэг оролцоо нэн чухал хэмээн онцоллоо.Мөн ногоон шилжилтийг хурдлуулах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн чухал арга зам гэдгийг тэмдэглэж, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн манлайлал дор хэрэгжүүлж буй нэг тэрбум мод тарих Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав.Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар “Бан Ги Мүн” санг үүсгэн байгуулж, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтарч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаагаа тэмдэглэлээ.Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй ажилласнаар энэ тодорхой бус цаг үеийг илүү тогтвортой, эрүүл, хөгжсөн гараг болгохын сацуу шинэ түншлэлийн боломжуудыг нээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
2024/11/03
215
ДЭЛХИЙ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм.Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
2024/10/27
309
ДЭЛХИЙ
Киргизстан улсад цасны нуранги үүсэж зургаан иргэн амь насаа алджээ
Өнгөрсөн бямба гарагт Кыргызстан улсын Жалал-Абад мужийн Чаткал хотын ууланд эмийн ургамал түүхээр явж байсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг цасны нурангид өртсөн аж.Киргизстан улсын Онцгой байдлын яамнаас сураггүй алга болсон зургаан хүний цогцсыг бямба гарагийн орой гаргаж авсан бөгөөд ням гарагт үлдсэн найман гишүүнийг эсэн мэнд олж уулнаас буулгажээ. Орчуулсан: Б.Гэрэлзаяа  /ОБЕГ/Эх сурвалж: Xinhuanet.cn
2024/10/22
247
ДЭЛХИЙ
Нью-Мексико мужид хүчтэй аадар борооны улмаас хоёр иргэн амь насаа алджээ
Өнгөрсөн бямба гарагт Нью-Мексико мужийн Розуэлл хотод 5.78 инч буюу 102-178 мм хур тунадас орсны улмаас үер бууж хоёр хүн амь насаа алдаж, 300 орчим иргэнийг аварч, нүүлгэн шилжүүлжээ. Мөн үерийн усанд орон сууц, аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламж руу ус орж их хэмжээний хохирол учруулсан талаар тус хотын цагдаагийн албанаас мэдээлжээ.Тус хотод орсон 5.78 инч хур тунадас нь 1901 оны 11 дүгээр сарын 1-нд үерийн 5.65 инч хүрсэн түвшинг нэг шөнийн дотор давсан аж. Розуэлл хотын албанаас мэдээлсний дагуу даваа гарагийг дуустал Онц байдал зарлаж, ард иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байгаа аж.Орчуулсан: Б.Гэрэлзаяа  /ОБЕГ/Эх сурвалж: abcnews.com
2024/10/22
229