СОЁЛ УРЛАГ
СОЁЛ УРЛАГ
'Монголын сайхан бичигтэн-2025' олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал ёсоор зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2025“ олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо. Уран зургийн галерейд болсон шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уралдааны ангилал бүрт тэргүүн байр эзэлсэн эрхмүүдэд шагналыг нь гардуулан баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. Тэр бээр, монгол бичиг бол монгол туургатны эв нэгдлийн бэлгэдэл, эрдэм соёлын их өв сан, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм гэрч, мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг тодотголоо. Монгол бичиг соёлыг судлан, хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа зохион байгуулагчид болон нийт оролцогчдод талархал илэрхийллээ. “Монголын сайхан бичигтэн-2025“ олон улсын уралдаанд Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангайгаас бусад аймаг, нийслэлийн дүүргүүд болон АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1,100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгаас хамгийн олон хүн оролцсон бөгөөд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган бичвэрээ ирүүлжээ. Оролцогчдын хамгийн ахмад нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, 74 настай Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Б.Ням-Очир бол хамгийн бяцхан нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1-ийн “А” ангийн сурагч, 6 настай Д.Амина байлаа. Монголын уран зургийн галерей “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2026 оны 01 дүгээр сарын 18-ныг дуустал нийтэд толилуулна.“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2025” ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН Насанд хүрэгчдийн ангилал: Э.Бямбасүрэн “Болорсофт” компанийн ажилтан, дата бэлтгэгч, Н.Отгонсүрэн МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын 4 дүгээр түвшний оюутан, Ж.Ариунзул МУИС-ийн сэтгэл судлалын 1 дүгээр түвшний оюутан, Б.Билгүүнсаран Архангай аймгийн МУБИС-ийн Монгол хэл бичиг, уран зохиол багш /МХБУЗБ/-ийн 3 дугаар түвшний оюутан, Ж.Энхжаргал “UB лаборатори” эмнэлгийн ажилтан, Мэргэжлийн багш нарын ангилал: Б.Цэрэндэжид Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр сургуулийн багш, Н.Цолмон Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн багш, Э.Ганцэцэг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн багш, Б.Долгормаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн багш, Б.Уранбилэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн багш, “Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд” ангилал: Алтансан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин нутгийн Шар мөрний уран бичээч, Булгутова Арюна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч, А.Мэргэнбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын өмнөд хошууны уран бичээч, Б.Хасчимэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Баарин баруун хошууны уран бичээч, Ц.Оюунбилэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны уран бичээч, Уран бичлэгийн ангилал: Д.Оюун-Эрдэнэ Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн багш, Л.Ишдорж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургуулийн багш, А.Оч БГД-ийн 38-р сургуулийн 7-гийн “2” ангийн сурагч, П.Саранбилэг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн магистрант, Г.Ганзориг Өмнөговь аймаг дахь Урчуудын эвлэлийн салбарын гишүүн, уран бичээч, Сайхан бичигтэн анги: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” сургуулийн багш Д.Жаргалмаагийн бэлтгэсэн 9-ийн “Б” анги, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн багш Б.Анхбаярын бэлтгэсэн 9–ийн “В” анги, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн багш Н.Батцэцэгийн бэлтгэсэн 9-ийн “Г” анги, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны сургуулийн багш Б.Маналсүрэнгийн бэлтгэсэн 10-ын “А” анги, Хөвсгөл аймгийн “Сод-Эрдэм” сургуулийн багш Даваадуламын бэлтгэсэн 12-ын “А” анги, Бичвэрийн бус бүтээлийн ангилал: Ж.Гэрэлмаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн багш, Б.Бямбасүрэн Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн багш, Б.Уянгацэцэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 8-ын “А” ангийн сурагч, С.Баярмөнх МУБИС-ийн МХБУЗБ-ийн 4 дүгээр түвшний оюутан, Б.Ундрах Завхан аймгийн Сантмаргаз сумын багш, 1-7 дугаар ангийн сурагчид: Р.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 6-гийн “Г” ангийн сурагч, Э.Маргадмаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 7-гийн “Г” ангийн сурагч, Б.Ариунбаатар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 3-ын “Д” ангийн сурагч, Б.Баяржаргал Увс аймгийн Наранбулаг сумын 7-гийн “Б” ангийн сурагч, Х.Сарнай Нийслэлийн БЗД-ийн “Бага тэнгэр” сургуулийн 7-гийн “С” ангийн сурагч, 8-11 дүгээр ангийн сурагчид: Б.Алимансаран Нийслэлийн ХУД-ийн 115 дугаар сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч, Х.Амин-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 9-ийн “В” ангийн сурагч, Д.Золзаяа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч, Д.Цолмон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 11-ийн “Г” ангийн сурагч, Г.Цолмон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын сургуулийн 10-ын “Б” ангийн сурагч, 12 дугаар ангийн сурагчдын ангилал: А.Намуунзул Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” сургуулийн 12-ын “Г” ангийн сурагч, А.Хүслэн Нийслэлийн ЧД-ийн 23 дугаар сургуулийн 12-ын “Д” ангийн сурагч, С.Аюуш Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 12-ын “А” ангийн сурагч, М.Маргад- Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх тосгоны “Бэрх” олон улсын сургуулийн 12-ын “Б” ангийн сурагч, Б.Намуунзаяа Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн 12-ын “В” ангийн сурагч, Нэрэмжит шагнал: “Ш.Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналтан- Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын багш Г.Мөнгөнзулын бэлтгэсэн 11-ийн “А” анги, Ахмад дипломатч Г.Луузаны нэрэмжит шагналтан – Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 12-ын “Ж” ангийн сурагч А.Хонгорзул, Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналтан – Баянхонгор аймгийн Богд сумын 12-ын “А” ангийн сурагч Н.Пүрэвсүрэн, МУГЖ Р.Анхнямын нэрэмжит шагналтан – Нийслэлийн ХУД-ийн 34 дүгээр сургуулийн багш Г.Даваанасаны бэлтгэсэн 11-ийн “Г” анги, “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн нэрэмжит шагналтан-АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийн нэрэмжит шагналтан-Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш Б.Болорсайханы бэлтгэсэн 8-ын“Г” анги
2026/01/15
298
СОЁЛ УРЛАГ
'Тэмээн дээрээс наран ойрхон' өвлийн их наадам Дундговь аймагт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөнийг 2026 оны нэгдүгээр сарын 24-25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулах гэж байна.Энэ нь монгол тэмээг сурталчлах, ашиг шимийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан хөгжүүлэх, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.Наадмын үеэр дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх болон буйл зорох, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан зэрэг буухиа тэмцээн зохиож, сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, ингэ шалгаруулна.Мөн тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гаргах юм.Тэмээчдийн V зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ” болон аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх зэрэг сэдвээр илтгэл хэлэлцэн зөвлөмж гаргана.Өвлийн их наадам, тэмээчдийн зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын тэмээн соёл, уралдааны холбоо, Монголын тэмээн поло спорт уралдаан, аяллын холбоо хамтран зохион байгуулна.Өнгөрсөн жилийн тэмээчдийн баяр Дорноговь аймагт “Их говийн тэмээ-2025” нэртэйгээр болж байжээ. 2024 онд улсын хэмжээнд 480 мянган тэмээ тоолуулсан бол 2025 оны байдлаар 501 мянга болж өссөн байна.
2026/01/12
258
СОЁЛ УРЛАГ
'PHYSICAL ASIA' нэвтрүүлгийн оролцогчдыг улсын наадам үзэхийг урилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монгол Улсын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг дэлхийд сурталчилсан төслийн баг болон шоуны оролцогчдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэднийг ирэх оны долоодугаар сард хүрэлцэн ирж Үндэсний их баяр наадам үзэхийг урилаа. Жан Хо Ги “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай , нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол Улсыг дэлхийд таниулахыг маш их хүссэн. Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно. Ерөнхий сайд Г.Занданшатар таны урилгыг хүлээн авлаа. Урьсанд маш их баярлалаа” гэлээ.
2025/12/09
326
СОЁЛ УРЛАГ
'Монгол бахархлын өдөр'-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Богд хааны ордон музейд “Хаан Чингэл баатар” баатарлаг тууль хайллаа. Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн ёслолыг нээж хэлэхдээ, баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, уламжлуулах, хадгалахын чухлыг онцолж, үүнд идэвх санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.Тууль хайлах зан үйл, “Хаан Чингэл баатар” баатарлаг тууль болон туульчдыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Т.Баясгалан танилцуулж, туулийн онцлогийг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, докторант И.Даваадорж тайлбарлав.Монгол Улсын консерваторын багш, морин хуурч, хөөмийч А.Маргад “Чингис хааны магтаал” хэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Алтайн магтаал“ болон “Хаан Чингэл баатар” тууль хайллаа.“Хаан Чингэл баатар” тууль нь хамтын үйл хэрэг, дайсны эсрэг хүчээ нэгтгэснээр ялалт байгуулж буй тухай өгүүлж, эв эеэ хичээн, нэгдэн нягтрахыг зааж сургасан, андын холбоо, нөхөрлөл, эв нэгдлийн сэдэвт баяд, дөрвөд, урианхай туульчдын урын сангаар уламжлагдсан тууль юм.Тууль хайлах ёслолыг Богд хааны ордон музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм.
2025/11/24
342
СОЁЛ УРЛАГ
Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх - Яармаг - Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ. Даншиг наадмын талаар НЗДТГ-аас болон зохион байгуулагч холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх “1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залах үеэс Даншиг наадмыг зохиож ирсэн. Иймд, Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой тус наадмыг жуулчдыг татах зорилготой зохион байгуулдаг. Энэ жилээс эхлэн нийслэлийн өдөр болон Даншиг наадмыг нэгтгэж, нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам” нэрийн дор жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулна” гэлээ. “Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.256 бөхийн барилдаанХурдан морины уралдаанЖороо морины уралдаанҮндэсний сур харвааны тэмцээнҮндэсний шагайн харвааны тэмцээнМорьт харвааны тэмцээнМорьтны үзүүлбэрЦам харайх ёслолСээр цохих тэмцээнЕсөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолтМонгол туургатны уран бүтээлчдийн тоглолтИргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолтУлаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнМонгол үндэсний хувцасны үзүүлбэрМонголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилгаИх эзэн Чингис хааны тахилгаБалин, тосон урлалын тэмцээнУнзад, голч лам нарын тэмцээнНомын мэтгэлцээний тэмцээнМонголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Жил бүр зохион байгуулагддаг “Хүрээ цам - Даншиг наадам”-д зориулж Гандантэгчэнлин хийдээс хүрээ цам гаргадаг. Жахар цамыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоног хийдэд хурах бөгөөд үргэлжлүүлэн 28-ны өдрөөс Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна. Мөн уламжлалт шашин соёлыг сурталчлах зорилгоор 21 аймаг, есөн дүүргийн лам нарын дунд ном хаялцах зэрэг тэмцээнийг хийнэ” гэлээ. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Бямбасайхан “Үндэсний бөхийн тэмцээнийг Хүй долоон худгийн төв талбайд зохион байгуулах бөгөөд нийт 256 бөх барилдана. Энэ жилийн хувьд ямар нэгэн цол чимэг олгохгүй. Мөн сурын талбайд Үндэсний их харваа тэмцээнийг наадмын хоёр өдрийн туршид 08:00-19:00 цагийн хооронд зохион байгуулна” гэв.НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Үндсэн зургаан насны морьдын уралдаанаас гадна жороо морины уралдаан болно. Дээд гурван насны уралдаан 13-14 км, хязаалан нас 11 км, шүдлэн, дааганы уралдааныг 5-6 км-т тус тус зохион байгуулна. Уралдааны бүртгэлийг цаасаар болон “Uyach” аппликейшнээр дамжуулж хийх боломжтой” гэсэн юм.Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Хүрээ цам - Даншиг наадмаар нийт 250 гаруй цагдаагийн албан хаагч ажиллана. Иргэдийг зөвхөн зориулалтын зогсоолын талбайд машинаа байрлуулж, мөн хүүхдэдээ хараа хяналт өндөр тавьж, аюулгүй байдлаа хангахыг хүсэж байна” хэмээв.
2025/06/23
669
СОЁЛ УРЛАГ
Хүүхдийн баяраар 'Монгол хүүхдүүд 2025' нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Энэ жил уг арга хэмжээг карнавал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.Тодруулбал, төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60 асар бүхий хотхоны төлөвлөлтөөр зохион байгуулж буй.Баярын арга хэмжээний үеэр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана. Тодруулбал,Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)“Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн “Хүүхдийн ертөнц” парад болохоос гадна “Magic Mascot” энтертайнментын Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болно. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тодруулбал, “Хүүхдийн ертөнц” парад: 10:00-12:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбайг нар зөв тойроод эхэлсэн цэг хүртэл;“Magic Dream” парад:Нэгдүгээр тойрог: 10:30-12:00 цагийн хооронд “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвөөс Сүхбаатарын талбай хүртэл;Хоёрдугаар тойрог: 13:00-14:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун урд талаас Сүхбаатарын талбайн зүүн урд тал хүртэл явна.Мөн хүүхдийн баярын төв тайзны тоглолт нь “Шидэт хотын мөрөөдөл” нэртэйгээр болох бөгөөд тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, МУСГЗ С.Баттулга, реппер ThunderZ, охидын Wasabies хамтлаг, Foux хамтлаг, дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцоно.Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 300 гаруй бие бүрэлдэхүүн болон “Монголын сайн дурынхны төв”-ийн 500 гаруй сайн дурын ажилчин ажиллана. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүнсний аюулгүй байдлын стандартыг мөрдүүлж ажиллах бөгөөд төв талбайд гар дээрх худалдаа, ил задгай хоол хүнс борлуулахыг хориглож буй.
2025/05/31
502
СОЁЛ УРЛАГ
'Ялалтад тэмүүлсэн морьд' хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын ёслолд оролцож байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нийслэл Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс бэлэг болгосон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.Энэ хөшөө нь дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад дулаан хувцас, хүнс, агт морь нийлүүлж, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль хандивласныг бэлгэддэг юм.Хөшөөний хананд “Монголын ард түмэн Аугаа их Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн монгол, орос хэлээр сийлжээ.Иргэн Г.Ганбаярын санаачилсан, уран барималч А.Очирболд, архитектор А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслөөр бүтээсэн хөшөөг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу Ялалтын баярын өмнөхөн “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан юм.Монголын төр, засаг, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор Зөвлөлтийн ард түмэнд танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, 500 мянган агт морь нийлүүлж, ноос, нэхийгээр хийсэн дулаан хувцас болон мах, сүүн бүтээгдэхүүн, хүнс бүхий 740 вагон тусламжийн бараа илгээсэн түүхтэй.
2025/05/09
528
СОЁЛ УРЛАГ
'Ромео Жульетта' эмгэнэлт драмын жүжиг 5 дугаар сарын 9-нд нээлтээ хийнэ
Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно. Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна. Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ. Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
2025/04/30
532
СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 16-22-ны өдрүүдэд төв талбайд болно
Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид Улаанбаатар хотын төв талбайд долоо хоногийн турш тоглолтоо хийхээр боллоо. Тодруулбал, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч Улаанбаатар хотын циркийн өдрүүдэд оролцоно.Тоглолт энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд нээлттэй толилуулах юм.“УЛААНБААТАР ХОТЫН ЦИРКИЙН ӨДРҮҮД”-ИЙН ХӨТӨЛБӨР
2025/04/12
630
СОЁЛ УРЛАГ
Фото сурвалжилга: 'UB food' фестиваль
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өнөөдөр эхэллээ. Хоолны фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
2025/04/08
592
СОЁЛ УРЛАГ
Гайхалтай кино - БҮХ АНГИ /W h e n L i f e G i v e s Y o u T a n g e r i n e s/
60 тэрбум воноор бүтсэн энэхүү кино нээлтээ хийгээд удаагүй байгаа ч ихэд алдаршаад байгаа билээ. Драмын зураг авалтыг хийхийн тулд продакшн компани Gyeongsangbuk Province-д тусдаа тосгон үүсгэн 80 гаруй байшин босгож, 4 завь хийжээ. Мөн зураг авалтын турш драма багийн 300 гаруй хүн байрлаж орон нутгийн санхүүд маш их хөрөнгө оруулалт хийсэн хэмээн нутгийн аялал жуулчлалын захиргаанаас мэдээлжээ.....
2025/04/07
693
СОЁЛ УРЛАГ
'Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл' сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэмт шинжилгээний хурал Төрийн ордны “Чингис хаан” танхимд боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг гэдгийг тэмдэглэв.Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн монголчуудын дуу хуур, бүжиг наадам, ардын баяр цэнгэлд голлох байрыг эзэлж ирсэн бөгөөд монгол ардын уртын дуу, үлгэр тууль, ардын бий, биелгээг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг нь үүний нотолгоо мөн хэмээн онцоллоо.Иймд монгол үндэстний хөгжмийн зэмсэг, морин хуурыг уламжлан хөгжүүлэхэд төр засгаас анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаар зарлигаар морин хуурыг “Үндэсний хөгжмийн зэмсэг” болохыг зарлаж, улмаар 2008 оны 11 дүгээр сард “Уламжлалт морин хуур хөгжмийн урлаг” нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн юм.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж,Ерөнхий боловсролын сургуулиуд, дотоод гадаад дахь соёлын төвүүдэд морин хуурын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх,Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэх, морин хуур хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэл урлалыг дэмжин хөгжүүлэх,Монгол айл өрх бүр морин хуурыг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах,Морин хуурын олон улсын наадмыг тогтмол хугацаанд зохион байгуулж байх талаар чиглэл өгсөн билээ.Түүнчлэн морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохоор 2024 оны 05 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж, морин хуур хөгжмийг хөгжүүлэх, зааж сургах, үйлдвэрлэх хүний нөөц, материаллаг баазыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг нь дэмжин хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж эхлээд байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн үгэндээ дурдлаа.Морин хуур хөгжмийг сурталчлан таниулах, судлан шинжлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхэд “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Эрдэм шинжилгээний хурлаар Ардын багш, Соёл урлагийн их сургуулийн зөвлөх профессор, доктор С.Дуламын “Хуурч болох зан үйлийн мета домог зүй”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улсын дэсийн бодисын бус соёлын өвийг өвлөн тээгч, морин хуурын их багш, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Чи Булагийн “Морин хуурын үүсэл, хөгжил”, яруу найрагч, Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн “Морин хуур-монгол соёлын ой санамж”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн доктор, профессор Хөгжилтийн “Хялгасан хуурын эрт ба эдүгээгийн тухай” зэрэг нийт 16 илтгэл хэлэлцүүлэв.Хуралд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн газрын удирдлагууд, Шинжлэх ухааны академи, Соёлын өвийн үндэсний төв, морин хуур судлаач, урлаач, багш, эрдэмтэн, докторууд, зохиолчдоос гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох төлөөллүүд оролцлоо.
2025/03/25
707
СОЁЛ УРЛАГ
'Наурызын баяр-2025' жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр-2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд /2025.03.22/ зохион байгууллаа.Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол улс маань олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй билээ. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан сайхан мэдээгээр Баяраа эхлүүлж байгаад таатай байна.Бид энэ дахин давтагдашгүй өв соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол орныг олон улсад сурталчлан таниулах зорилгоор “Монголын наурызын баяр-2025” арга хэмжээг анх удаа Нийслэл хотын Төв цэг, Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.Эдүгээг хүртэл хэдэн зуун жил хадгалагдаж, үе дамжин өвлөгдсөөр ирсэн Казах түмний дахин давтагдашгүй соёл, уламжлал, ахуй амьдралын онцлогийг олон улсын жуулчид төдийгүй нийслэл хот, Монгол орны өнцөг булан бүрт суугаа иргэд маань үзэж сонирхох, таниж мэдэх хүсэлтэй байдаг” гэдгийн онцлов.Энэхүү арга хэмжээгээр казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт, казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн, кураш бөхийн барилдаан, үндэсний тоглоом наадгай, хоол амталгаа,гар урлалын үзэсгэлэн худалдаа, Монгол банхарын хүрээд зочилж, үзвэр үйлчилгээнээс сонирхлоо.
2025/03/24
573
СОЁЛ УРЛАГ
Соёлын биет бус өвийг өвлүүлэх 'Хөх дөл' төсөл дэлгэцийн бүтээл боллоо
“Хөх дөл” төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан. Ийнхүү шилжин суурьшсанаас эхлэн “Хөх дөл” төслийн хүрээнд бүтээсэн нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентыг энэ сарын 14-ний өдрийн 19:00 цагт “Corporate convention center”-т нээнэ. Нээлтийн үеэр нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг Монгол залуу, малчин гэр бүлийн өдөр тутмын амьдрал дээр түшиглэн илэрхийлсэн дэлгэцийн бүтээл “Мөнхөө” баримтат киног мөн олон нийтийн хүртээл болгоно. Харин нүүдэлчдийн ахуй соёлын 20 ангит цуврал контентод залуу гэр бүл жилийн дөрвөн улирал, Монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицсон, суралцсан тухай гарах бөгөөд хүний амьдралын баяр гунигтай мөчүүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын талаар өгүүлэх юм.“Хөх дөл” төслийг "Хишигт Жанжин" ТББ-аас гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслөөр олон зууны түүхтэй нүүдэлчин ахуй, соёлын биет бус өв, түүний илэрхийллүүдийг баримтжуулан авч үлдэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсээрээ бахархах үзлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.
2025/03/13
781
СОЁЛ УРЛАГ
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордон-Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.Тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил нар үзэж сонирхлоо.Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчууд болон Чехийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд өргөн барилаа.Уран бүтээлчид өмнө нь Прага хотноо хоёр удаа Прагийн шилтгээн, Рудольфиниум-д тоглосон бөгөөд энэ удаагийнх 100 дахь гадаад тоглолт нь боллоо.
2025/03/12
611
