Монгол Улсаас анх удаа 6 хүнтэй баг Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийгээд иржээ. АНУ-д 20 жилийн өмнө байгуулагдсан аналог төв дээр манай улсын баг 287 дахь баг болж зочлон, Марс руу илгээгдэх хүмүүс ямар нөхцөлд, юу хийх ёстой вэ гэдэг даалгаварыг биелүүлсэн байна.
Энэ талаар “МARS V” төслийн багийнхан /2024.01.19/ иргэний нисэхийн салбарынханд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах үеэрээ танилцууллаа.
Тус туршилтын судалгаа нь Монгол Улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагаас хойш анх удаа сансарт илгээх хүмүүсийг бэлтгэх сургалтанд суугаад ирсэн тохиолдол болж байгаа юм.
МARS V төсөл нь Монгол Улсын говь хээрийн бүсэд сансрын нисэгчдийг бэлтгэх бааз, олон улсын сансрын технологийн хүрээлэн бүхий аялал жуулчлалын загвар хотыг байгуулах зорилготой.
Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан МARS V төслийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ИНЕГ-ын дарга тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй. ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн шинэчилсэн бүтцээр байгуулагдсан Бизнес, хөгжил төлөвлөлтийн газар нь тус төслийн багтай хамтран ажиллах нэгжээр томилогдож, энэхүү MARS V төслийн хэрэгжүүлж буй ажлын талаар салбарынхандаа мэдээлэл өгүүллээ.