mmnews.mn | 2024-11-21
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд техникийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурав
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийг үргэлжлүүлэх зорилгоор ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны 111-р ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нар  Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд БНФУ-ын Десотел групп компанийн ерөнхийлөгч Жером Десотелтэй уулзалт зохион байгуулж Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд "Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн талуудын урьдчилан тохиролцсон техникийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян айлчлалын үеэр мөн Франц Улсын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга Жулион Марионтой уулзалт хийж хоёр орны ижил төрлийн байгууллагын хамтын ажиллагаа, нисдэг тэрэгний бааз шинээр байгуулах, цаашид хамтран хэрэгжүүлэх сургалт болон бусад ажил арга хэмжээний талаар санал солилцов. 

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагад шинээр нийлүүлэгдэх автомашины үйлдвэрлэлийн төлөвлөлт, явц болон бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд Онцгой байдлын байгууллагын саналыг хэрхэн тусгасан шинэ төлөвлөлт зэргийн талаар санал солилцох уулзалтад оролцлоо.

Мөн Франц улсын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын харьяа өндөр уулын бүсэд эрэн хайх аврах үйл ажиллагаа явуулдаг “Драгон 74” нисэх ангийн үйл ажиллагаа, Францын нисэх онгоц, нисдэг тэрэгний үндэсний үйлдвэрлэгч “Айрбус компани”,гал унтраах автомашин, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Десотел групп компани”, автомашин үйлдвэрлэгч “Рено трак компани”, гал унтраах тусгай зориулалтын робот үйлдвэрлэгч “Шарк Роботикс”, амсьсгалын бие даасан тоног төхөөрөмж болон бүх төрлийн хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэгч “Матисек” компанийн бараа бүтээгдэхүүний үзэсэглэнг үзэж сонирхон Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад авч хэрэглэх хэрэгцээ боломжийн талаар талуудтай санал солилцсон юм.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ