mmnews.mn | 2024-11-21
Гамшгийн үеийн бэлэн байдлыг дадал хэвшил болгох шаардлагатай байна

Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсрууллаа. Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 30 сургуулийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, мэдээлэл цуглуулав.

Дэлхий нийт цэцэрлэг, сургуулийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, сургалтын хөтөлбөртөө гамшгийн эрсдэлийг бууруулах тухай агуулгыг тусгадаг. Манай улсын хувьд 2018 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/181 дүгээр тушаалаар “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг батлан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж эхэлсэн юм.

Хяналт шинжилгээ, үнэлгээнээс гарсан дүгнэлт

“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд дараах дүгнэлтүүд гарсан байна. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрт тусгасан мэдлэг ойлголтыг эзэмшүүлэх сургалт, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа хэдий ч сурагчид мэдлэгээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед хэрэгжүүлж чадах эсэхдээ эргэлзэж байна.
  • Сурагчдын “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөр, амьдралын орчноос авч буй мэдлэг ойлголт нь өөрийгөө болон бусдыг хамгаалах, бусдад туслах, анхан шатны тусламж үзүүлэхэд хэрэглэгдэх байдал хангалтгүй байна.
  • Сурагчид хичээлээс гадуур цахим технологийн тусламжтайгаар энэ талын мэдлэг, ойлголтыг олж авч байгаа тул цаашид амьдралдаа хэрэгжүүлэх дадал хэвшилд сургах, гамшиг, ослын үед тулгарах нөхцөл байдалд хэрэглэх ур чадвар эзэмшүүлэх практик сургалтын арга зүйд шилжих нь чухал байна.
  • Эцэг, эх, сурагчдын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг сургуулийнхаа гадаад, дотоод орчны эрсдэлийн үнэлгээг улирал бүр хийж, зөрчлийг арилгах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа нь үр дүнтэй байна.
  • Сургуулийн тавилга, эд хогшил, үзүүлэн самбар, хүндэтгэлийн булан зэргийг хананд бэхэлгээ хийж байрлуулах, цахилгааны утсанд гадны хүчин зүйл үйлчилж гэмтэл үүсгэх эрсдэл их байна.
  • Сургуульд төлөвлөгдсөн аврах гарц, тэмдэглэгээ байдаг ч ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй, дийлэнх нь цоожтой байгаа нь гамшиг ослын үед аюулгүй талбайд очих боломжгүй болох эрсдэлийг бий болгож, энэ нь гамшгийн өмнөх үеийн бэлэн байдлыг хангалтгүй байгааг харуулж байна.
  • Багш нар сурагчдын багаар ажиллах чадварыг хамгийн олон давтамжтай үнэлдэг бол мэдээлэл, харилцааны технологи, инновац, олон талт соёлыг ойлгох, шүүн тунгаах, шийдвэр гаргах зэрэг бүтээлч сэтгэлгээний чадварыг харьцангуй бага давтамжтай үнэлж байна.
  • Багш, сургалтын менежерүүдээс тодорхой хувь нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний болон орон нутгийн, сургуулийн түвшний сургалтад хамрагдсан, сургагч багшаар ажилласан байна. Сургалтаас авсан мэдээллээ хичээл сургалт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд нь сургуулийн орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах зэргээр арга зүйн болон бусад дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна.
  • Судалгаанд хамрагдсан сургуулиудын 28 хувь нь гадна, дотно орчиндоо эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулсан боловч сургалтын байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, тайланд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа“-г төлөвлөж  оруулаагүй байна.

Санал зөвлөмж

Сургалтын байгууллагын гамшгийн бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах менежментийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр:

  1. Сургуулийн гамшгаас хамгаалах менежмент, дадлага, сургуулилалт хийх, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагуудын оролцоо, санаачилгыг дэмжих;
  2. Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд танхимын сургалтыг хичээлээс гадуурх дадлага сургуулилалт, практик сургалттай хослуулж, дадал хэвшил болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  3. Ерөнхий боловсролын сургуульд гамшиг, байгалийн аюулт үзэгдэл зэрэг онцгой нөхцөл байдлын үед ашиглах төсөв, зардлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төлөвлөж, зарцуулах;
  4. Сургуулийн жилийн сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөөгөөнд “Гамшгаас хамгаалах болон аюулгүй, эрсдэлгүй орчин бүрдүүлэх” тухай заалт оруулж хэрэгжүүлэх
  5. Шинэчлэн боловсруулж буй сургалтын хөтөлбөрт “Аюулгүй амьдрах ухаан”-ы агуулга, арга зүй, үнэлгээг тусгаж, хэрэгжүүлэх.

Сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдлыг бууруулах чиглэлээр:

  1. Анги танхимд байх тавилга эд хогшлыг хананд бэхлэх;
  2. Ил байх цахилгааны утсыг далдлах;
  3. Аюулгүйн аврах зам, гарцуудын ашиглалтын бэлэн байдлыг хангах, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах;
  4. Галын унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах;
  5. Сургуулийн хашааны гаднах гарц, аюулгүйн тэмдэг тэмдэглэгээг сайжруулах;
  6. Сургуулийн гадаад орчин үерийн эрсдэл ихтэй тул далан шуудуу байгуулах, аянга зайлуулагч байршуулах;
  7. Сургуулийн ойр орчим 50-70 метрээс дотогш шатахуун түгээгүүрийн газар байрлаж байгаа нь эрсдэлтэй тул үүнийг бодлогын түвшинд авч үзэх;

Сургалтын хэрэглэгдэхүүн, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр:

  1. “Аюулгүй амьдрах ухаан” дадлага, сургуулилт, танхимын болон цахим сургалтыг зохион байгуулах сургалтын хэрэглэгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд богино хэмжээний видео бэлтгэж сургалтад ашиглах гэх мэт мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоонд түшиглэх;
  2. Сурагчдад жилд нэг удаа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалт хийх бэлэн байдлын сургалтыг зохион байгуулах, шаардлагатай хэрэглэгдэхүүний нөөцийг бэлтгэх;
  3. “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад өмнө ашиглаж байсан “Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн”, “Бэлэн бай” багц гэх мэт сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтад ашиглах, хөгжүүлэх;
  4. Бэлтгэгдсэн сургагч багш нарын нөөцөд суурилан нийт багш нарт “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;
  5. Сургуулийн өмнөх  болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлага, нийгмийн ажилтныг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багшаар тасралтгүй бэлтгэх, орон нутгийн туршлагатай иргэдийг зочин багшаар урьж, амьдралын туршлагаас нь суралцах зэрэг арга хэмжээг зохион байгуулах;
  6. Сургууль бүрийн өсвөрийн аврагч клубийн үйл ажиллагааг өргөжүүлж, үе тэнгийнхнээсээ суралцах боломжийг дэлгэрүүлэх.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ