Дэлхийн хотууд автомашинаас татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэсэн “15 минутын хот” санаачилгыг хөгжлийн төлөвлөгөөндөө тусган, ирээдүйгээ зураглаж байна. Парис, Лондон, Барселона, Мельбурн, Сингапур, Шанхай гээд дэлхийн олон хотууд автомашинд бус хүнд зориулсан, иргэндээ ээлтэй орчин үеийн хотын амьдралыг бий болгохыг зорьж байна.
“15 минутын хот” санаачилгыг бодитоор хэрэгжүүлсэн дэлхийн хотуудтай танилцахын өмнө энэхүү ойлголтын талаар товчхон толилуулья.
Та 15 минутын дотор өдөр тутмын хэрэгцээт ажил, үйлчилгээгээ авах боломжтой хотод амьдрахыг хүсэж байна уу. Сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх, эмнэлэгт үзүүлэх, хүнсний дэлгүүр, худалдааны төв орох, ажилдаа явах, фитнес клубт хичээллэхийн тулд дүүрэг дамжиж хол зам туулах шаардлагагүй болжээ. Унадаг дугуйгаар эсвэл явган алхаад зорьсон газартаа 15 минутын дотор очдог зохион байгуулалттай, эмх цэгцтэй хотыг Дэлхийн улсууд бий болгон, үүнийгээ “15 минутын хот” хэмээн нэрлэж байна.
Хотын амьдралын энэхүү шинэ хэв маяг нь автозамын түгжрэлд үнэт цагаа үрдэг явдлыг дуусгавар болгож, машины дуу чимээний болон агаар, орчны бохирдлыг багасган, “Иргэн төвтэй ногоон хот” дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага хэдийнэ болжээ.
Тодруулбал, авто
замын хөдөлгөөнийг хязгаарлан, явган зорчигчийн болон дугуйн замыг нэмэгдүүлж,
автомашингүй гудамж, талбайг бий болгожээ. Ингэхдээ хотын оршин суугчдад
гэрээсээ гараад 15 минутын дотор хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, эрүүл
мэндийн үйлчилгээ авах, хүнсний дэлгүүр, супермаркетаар үйлчлүүлэх, спортоор
хичээллэх, цэцэрлэгт хүрээлэнд амрах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүнийг дагасан
ажлын байрууд ч бий болжээ. Хүний анхдагч хэрэгцээнүүд гэрт нь ойртсоноор
автомашины хэрэглээ буурч, агаарын бохирдол, дуу чимээ, түгжрэл зэрэг асуудал толгойн
өвчин байхаа больсон аж.
“Супер
блокууд” хөтөлбөр хэрэгжсэн байршлуудад нийтийн эзэмшлийн гудамж, талбайн
хэмжээ 45 хувиас 75 хувь болж нэмэгджээ. Автомашины хөдөлгөөн маш бага болсон
тул орчны чимээ шуугиан ч буурч, агаар дахь азотын ислийн ялгарал 42 хувиар, тоосонцорын бохирдол 38 хувиар буурсан зэрэг
гайхалтай үр дүнг үзүүлсэн байна.
Хотын иргэд машинаас татгалзаж, гудамж талбайгаар явганаар болон дугуйгаар зорчих хүмүүсийн тоо нэмэгдсэн нь худалдаа, үйлчилгээний салбарт сэргэлт авчирч, хотын эдийн засаг, бизнес эрхлэгчдийн ашиг орлогод эерэг өөрчлөлтүүд гарчээ. Хотын амьдралын энэ шинэ хэв маягийг оршин суугчид дэмжсэнээр Барселона хот “15 минутын хот” санаачилгыг амжилттай хэрэгжүүлсэн анхдагч, томоохон жишиг хотуудын нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх болсон аж.