Ази тивд “15 минутын хот” санаачилгыг тун амжилттай хэрэгжүүлж буй улс бол Сингапур. Гэхдээ Сингапурын амбиц илүү том. Оршин суугчид нь өдөр тутмын үндсэн хэрэгцээгээ 15 бус 10 минутад хангадаг, иргэндээ бүх төрлийн үйлчилгээг ойртуулсан хотыг бий болгохыг тэд зорьж байна.
Сингапурын ухаалаг “10 минутын хот” байгуулах гол үзэл санаа нь технологийн дэвшил дээр суурилсан байдаг.
Тухайлбал, төрийн үйлчилгээг цахимаар
авах боломжийг хотын оршин суугчдад бүрдүүлж өгсөн. Гар утас, компьютер ашиглаж
төрийн бүхий л үйлчилгээг авдаг болсон нь иргэдийн цагийг хэмнэхээс гадна
төрийн байгууллагууд руу чиглэсэн замын хөдөлгөөний ачааллыг багасгаж,
түгжрэлийг бууруулжээ.
Мөн Сингапур нийтийн тээврийн системээ
автоматжуулж, жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Автобусны
чиглэл болон метроны шугамуудыг нэмэгдүүлж хүртээмжийг сайжруулснаас гадна
түрээсийн цахилгаан дугуй, скүүтерийг үйлчилгээнд нэвтрүүлээд
байна. Үүнийг дагаад автомашины хэрэглээ буурч эхэлжээ.
Сингапурын
барилгуудад шинэ технологи шингэсэн байдаг. Нарны эрчим хүчийг ашигладаг,
дулаан хадгалах, ус хэмнэх "ногоон" барилгын стандартыг нэвтрүүлсэн барилга,
орон сууцууд Сингапурт баригдаж байна. Орон сууцны хороолол барихдаа сургууль,
цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төв, ажлын байраар ашиглах оффисын барилгуудыг 10
минутын зайд төлөвлөж эмх цэгцтэй хотыг тэд байгуулж байна. 10 минутын ухаалаг
хот байгуулах Сингапурын амбиц Азид үлгэр жишээ болж, тивийн улс орнууд нь тэдний сайн туршлагыг судалж байна.