Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр арванхоёрдугаар сарын 05-ны өдөр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцав.
Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, цахим хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ.
Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян эдгээр салбарт хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.
Мөн талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар боллоо.