mmnews.mn | 2024-12-12
Канадын хамгийн том хот Торонто “15 минутын хот” болно

3.2 сая хүн амтай Торонто хотод 2020 оноос дэлхийн олон хотын хөгжлийн загвар болоод буй "15 минутын хот" санаачилга хэрэгжих болсон. Торонто хот түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилгоор 15 минутын хот байгуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Оршин суугчдаа  машин хэрэглэхээс зайлсхийж, алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчихыг хотын удирдлагууд уриалж, тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийгээд байна.

Тухайлбал, бага сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдээ сургуульд хүргэж өгөхийн тулд эцэг эхчүүд өдөр бүр автомашин унадаг байдлыг өөрчлөхийг эрмэлзжээ. Ингэхдээ хорооллуудын ойр орчимд бага сургууль байгуулах ажлыг хийсэн байна. Хамгийн сүүлийн үеийн дүн мэдээгээр, Торонто хот 500 орчим бага сургуультай болж, хотын оршин суугчид 15 минутын зайд  алхаж эсвэл дугуйгаар яваад хүүхдээ сургуульд хүргэж өгдөг бас авдаг болжээ. 

Тус хотын иргэдийг удаан хугацаанд бухимдуулж  байсан ч хүлээн зөвшөөрч ирсэн цаг хугацааны гажуудлыг дэлхийн олон хотод өөр өөрийн онцлогтой хэрэгжиж буй “15 минутын хот” санаачилга засаж байна. Хотын иргэдийн өдөр тутамдаа авахыг хүсдэг үйлчилгээнүүд хол зайтай, эмх цэгцгүй төлөвлөгдсөнөөс замын түгжрэлд үнэт цагаа барсаар байх гэж үү?! Хотын зохион байгуулалтыг өөрчилж, бетонон ширэнгэд, авто зам сүлжсэн хотод бус, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий эрүүл амьдралын хэв маягтай, аюулгүй, орчны бохирдолгүй эко хотын амьдралыг бий болгохыг дэлхийн улс орнууд зорьж байна. 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ