Дональд Трамп өмнөд хил дээр онц байдал тогтоох зарлигт гарын үсэг зуржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачид өмнөд хилээр АНУ-д нэвтрэхийг зогсоох захирамжид гарын үсэг зурж, өмнөд хилээр нэвтэрсэн хууль бус цагаачдыг нэн даруй албадан буцаах, шаардлагатай бүх арга хэмжээг авахыг Дотоодын аюулгүй байдлын департамент, Хууль зүйн департамент зэрэг холбогдох яам, агентлагуудад үүрэг болгожээ.
Д.Трамп тангараг өргөснийхөө дараа өмнөд хил дээр онц байдал зарлах тухай зарлигт гарын үсэг зурж, хууль бус бүх цагаачид хилээр нэвтрэхийг зогсоохын тулд боловсон хүчин, нөөцийн байршуулалтыг бэхжүүлэх, биет саадыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг шаардсан юм. Мөн тэрээр холбооны болон муж улсын хууль тогтоомж зөрчсөн хэргээр баривчлагдсан гадаадын иргэдийг албадан гаргах хүртэл нь баривчлан саатуулж, холбооны хууль зөрчин тус улсад нэвтэрсэн, цагдан хоригдож буй бүх гадаадын иргэдийг албадан гаргахыг үүрэг болгосон юм.
Мөн АНУ-ын өмнөд хилд 1500 цэргийн албан хаагчийг нэмж байршуулахыг үүрэгдсэн тухай лхагва гарагт Цагаан ордны хэвлэлийн шинэ төлөөлөгч Кэролин Ливитт мэдэгдэж, АНУ-ын төрийн тэргүүнийг эдгээр үйлдлээрээ дэлхийн хүн бүрд “маш хүчтэй мэдэгдэл” хийж байгаа гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн Д.Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдлээ ашиглан Цагаачлалын тухай хуулийн холбогдох заалтуудыг хязгаарлажээ. Товчоор хэлбэл энэхүү хязгаарлалтуудын улмаас АНУ-д орогнол хүсэгч гадаад улс орны цагаач, дүрвэгсдийн хүлээгдэж байсан аялал, бичиг цаасны бүхий л үйл ажиллагаа зогсож, албан ёсны дагуу АНУ-ыг зорихоор хүлээж байсан гадны олон мянган иргэдийн хувь заяа тодорхойгүй болоод байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
2025/01/22
2025/01/21
2025/01/13