Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид "Чингис хаан" музейн үнэтэй үзмэрүүдтэй танилцаж, эх түүхээрээ бахархах боломж тохиолоо.
Тус музейн тайлбарлагч нар "Эх орны дайчин эрс сүүлийн саруудад музейд саатаж, түүхийн олон баримт мэдээ, үзмэртэй танилцаж байгаа явдалд бид бахархаж байна. Монгол төрийн түүх өөрөө монгол цэргийн түүх учраас орчин үеийн залуус тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчид ч ийм ухамсар, төлөвшилтэй байгааг харахад сайхан байна" хэмээгээд Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах эх үзмэрүүдийг тайлбарлан хүргэлээ.
Зенитчин дайчид музейн эд үзмэртэй танилцахын зэрэгцээ “Монголчуудын наран, саран шүтээн” ил захидал урлах боловсролын хөтөлбөрт хамрагдсанаараа онцлог байв. Өөрөөр хэлбэл, "Музейд суралцахуй" боловсролын хөтөлбөрийг тус музейн хамт олон хэрэгжүүлж байгаатай холбогдуулан сургалтад хамрагдсан юм. Зэвсэгт хүчний Жанжин штаб, "Чингис хаан" үндэсний музей хамтран ажиллах санамж бичгийг 2023 онд байгуулсан бөгөөд харьяа цэргийн ангиудын хугацаат цэргийн албан хаагчдыг музей үзүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах ажлын нэг нь энэ юм.