mmnews.mn | 2024-11-21
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНХАУ-д ажиллалаа
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /ОУАТХ/ Хойд Ази хариуцсан бүс нутгийн дэд Ерөнхийлөгч Шиэ Шинчуаны урилгаар 2024 оны нэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод ажиллалаа.
 
 
 Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ОУАТХ-ны Хойд Ази хариуцсан бүс нутгийн дэд Ерөнхийлөгч Шиэ Шинчуан, Бүс нутгийн үйл ажиллагаа, аюулгүй байдал хариуцсан дарга Доу Пэн, Бүс нутгийн худалдааны асуудал хариуцсан дарга Евон Хо болон албаны бусад төлөөлөгчидтэй агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар уулзаж, санал солилцлоо.
 
 Уулзалтаар ОУАТХ-ны сургалтыг Монгол Улсад зохион байгуулдаг болох монголын талын саналыг ОУАТХ-оос нааштайгаар хүлээн авч Монгол Улсад сургалт явуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
 
ОУАТХ-ын гэрчилгээжсэн сургалтыг Монгол Улсад явуулдаг болсноор нисэхийн салбарт суралцахаар сонирхож байгаа хүүхэд залуучууд, мэргэжил дээшлүүлэх албан хаагчид хөнгөлөлттэй үнээр эх орондоо суралцах боломж бүрдэх юм.
 
 Монгол Улсын Засгийн газрын “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”, 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарласантай холбогдуулан “Ховд” нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох, хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх чиглэлээр ИАТА-ын зөвлөх үйлчилгээ үзүүлэх газартай хамтран ажиллахаар тохиролцлоо. 
 
Тус нисэх буудал дээр үзүүлсэн зөвлөх үйлчилгээг жишиг болгон “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д оруулсан бусад нисэх онгоцны буудлууд болох “Мөрөн”, “Чойбалсан, “Гурвансайхан” нисэх буудлууд болон орон нутгийн бусад нисэх онгоцны буудлуудыг хөгжүүлэх, ашиглалтыг сайжруулах жишиг стандартыг бий болгох боломжтой болно.
 
Түүнчлэн БНХАУ-тай шинээр агаар хаалга нээх, агаарын навигацийн хураамж болон “МИАТ” нь ОУАТХ-ны аудитаар орж, гишүүн болох талаар санал солилцож, энэ чиглэлээр ОУАТХ-оос бүх боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.
 
Хурлын төгсгөлд Монгол Улсад Иргэний нисэхийн чиглэлээр бүс нутгийн тулгамдаж буй асуудлууд болон шинэ, шилдэг туршлагууд, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцох олон улсын бүс нутгийн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ