mmnews.mn | 2025-12-31
2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа /2/
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин айлчиллаа /2025.09.04-09/
  • Энэ айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх тохиролцоог баталгаажууллаа.
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
  • Амбан захирагч Австралийн Засгийн газрын санхүүжилттэй төсөл, хөтөлбөр, “Оюу толгой” төсөл, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж, “Налайхын Политехникийн коллеж”-д зочиллоо.
  • Австралийн Элчин сайдын яам, Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлсэн “Хил хязгааргүй номын сан” төслийн үр дүнтэй танилцаж, Үндэсний номын санд Австралийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс 40 гаруй ном хандивлалаа.
  • Амбан захирагч төрийн бус байгууллага, иргэний нийгэм, Австралийн сайн дурын ажилтнууд, эмэгтэй бизнес эрхлэгчид болон Австралийн тэтгэлэг, батлан хамгаалах чиглэлээр суралцаж төгссөн иргэдтэй уулзлаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцлоо /2025.09.19-23/
  • НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан өндөр түвшний хуралдаан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийлээ /2025.10.13-16/
  • Хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц боллоо.
  • Хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон газрын зургаа зурж, харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
  • Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаа нотоллоо.
  • Гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудыг хамт ашиглах, энэ оны сүүлээс Улаанбаатар-Дели, Улаанбаатар-Амрицар чиглэлд шууд нислэг үйлдэхийн зэрэгцээ транзит нислэгийг нэмэгдүүлэхээр боллоо.
  • Бүс нутгийн болон олон улсын тавцанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо.
  • БНЭУ-ын санаачлан байгуулсан “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс нэгдэн орлоо.
  • Хил хамгаалах, зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” хөдөлгөөнийг уялдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэнэ.
  • “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хонины ноос боловсруулах, хивс, нэхмэлийн үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлнэ.
  • Түүхий эдийн нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргана.
  • “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол оюутны тоог 70-аар нэмлээ.
  • Англи хэлний 1,000 багш, мэдээллийн технологийн чиглэлээр 1,000 мэргэжилтэн сургаж, “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль” байгуулна.
  • Энэтхэгийн тал монгол иргэдэд цахим визээ үнэ төлбөргүй олгоно.
  • Тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг Ерөнхий сайд Н.Моди талархан хүлээж авлаа.
Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийлээ /2025.11.30-12-04/
  • Италитай харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулж “Стратегийн түншлэл” тогтоолоо.
  • Италийн Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла 2026 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээ нотоллоо.
  • Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотоллоо.
  • Дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, Парламентын бүлгүүдийн харилцааг дэмжинэ.
  • Монгол, Итали болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд улам идэвхтэй хамтарна.
  • Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ.
  • Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөөц, бололцоог ашиглана.
  • Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгоно.
  • Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ.
  • Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ.
  • Мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.
  • Газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ.
  • Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
  • Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна.
  • Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ.
  • Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэхэд Итали Улс дэмжлэг үзүүлнэ.
  • Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
  • “Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт,  аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.
Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийлээ /2025.12.04/
  • Энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо.
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.
  • Харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлэх, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ нотоллоо.
  • Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисын дурсгалыг хүндэтгэн Гэгээн Мариагийн Их сүмд байх бунханд нь цэцэг өргөлөө. 

Төрийн айлчлалуудын хүрээнд аж ахуйн нэгжүүд урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, гэрээ, хэлэлцээ байгууллаа.

  • Морин хуурын найрал болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тоглолтоо сонирхуулж байлаа.
  • “Монголын сайхан орон” гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэн гаргаж байлаа.






Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ