mmnews.mn | 2024-11-23
АНУ-д худалдаалагдах гэж байсан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ тусгагдаж соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын ЭСЯ болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Соёлын яам хамтран ажилласны үр дүнд манай улсад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн боллоо.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай явагдаж байна.

Энэ удаагийн олдворуудын дунд "Tyrannosauridae" бүлд хамаарах "Alioramus" үлэг гүрвэлийн яс багтаж байна. Энэ нь зөвхөн монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам, АНУ-ын шүүх, прокурорын газар, Гааль, хил хамгааллын алба, Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хотын Байгалийн түүхийн музейн судлаач, доктор М.Болорцэцэг, судалгааны багийнхан, гар бие оролцон хамтран зүтгэсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ