- Түмэн тэмээний баяр хэд дэх жилдээ болж байна вэ ? Энэ жилийн баяр ямар онцлогтой байна вэ ?
Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх:
- Түмэн тэмээний баяр 1997 онд эхэлсэн. Энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 2016 онд манай аймаг 1000 тэмээ уралдуулж Гиннест бүртгүүлж байсан. Тэмээний баяр урьд жилүүдэд 3-р сарын 8, 9-нд болдог байсан. Энэ жил уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотойгоор хугацааг нь нэг сараар наашлуулсан. Одоо жил бүрийн 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулна. Өмнөговь аймаг улсын хэмжээнд хамгийн олон буюу 160 орчим мянган тэмээ тоолуулсан баяраа тэмдэглэж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх гол зорилготой олон ажил хийгдэж байна. Жишээ нь энэ жил анх удаа УИХ-ын даргын шийдвэрээр “Тэмээний алдарт уяач” цол энэ жилээс олгож эхэлсэн. Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр залуу улсын алдарт уяач болсон.
Мөн энэ жилийн баярт тэмээ бүхий Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаас ирж оролцож байна. Энэ жил нээлтэд ирсэн жуулчид, хүмүүс тэмээ унаж парадад оролцох, тэмээн поло, тором, тайлаг, бүдүүн насны уралдаан, сайхан ингэ, буур шалгаруулах уралдаан өнөөдөр, маргааш хоёр зохион байгуулагдана. Аймгийн төв дээр цагаан сартай холбоотой ингэсний сүүний үзэсгэлэн худалдаан, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэрвэй сумдаас олдсон хадны зургийн үзэсгэлэнг дэлгэн олон нийтийн хүртээл болгоно.
Г.Гүндалай /6-р ангийн сурагч/
- Дөрвөн настайгаасаа өвөөгөө дагаад тэмээ унаж сурсан. Өвөө, эмээ маань Булган суманд тэмээ малладаг. Тэмээний баярт би өнгөрсөн жил анх удаа оролцож байсан. Би нэг тэмцээнд орох байх. Буухиа. Тэмээг унагааж байгаад зогдроос нь аваад, бурантаг томоод, буйллаад туйлуулдаг тэмцээн. Өнгөрсөн жил би энэ тэмцээнд ороод түрүүлж байсан. Багаараа оролцдог л доо. Би аав, ах нартайгаа баг болж 5-6 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан. Энэ жил бас оролцоно.
Ц.Ганзориг /Түмэн тэмээний баярын Тэмээн поло-ны ерөнхий шүүгч/
- Өнөөдрийн тэмээний баярт тэмээн поло-нд 8 баг бүртгүүлж, 2 багт хуваагдаад, хэсгээсээ хоёроор гараад хагас шигшээ тоглолт болно.
Дорноговь аймаг, Манлай, Ханхонгор, Булган сумаас ирсэн нийт 8 багийн бүрэлдэхүүнтэй тэмцээн үргэлжилж байна. Тэмээн полог Монголд нэвтрүүлж, хөгжүүлж байгаа анхдагч нь Өмнөговь аймаг. Нэг багт таван тамирчин, нэг сэлгээний тамирчин буюу талбай дээрх дөрөв, хаалгачтайгаа тавуулаа тоглодог.
Өнгөрсөн жил Өвөр Монгол, Дундговь, Баянхонгор ирсэн нийт 15 баг оролцож байсан. Оролцогчдын насны хувьд янз бүр л байна даа.
Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб