Монголын эстрадын цэцэгт нугын эрвээхэйн эмгэнэлтэй төгсгөл
Өмсөж амжаагүй үйтэн хуар....
20 жил эстрадын тайзыг эзэгнэж, яруу эгшиглэнт хоолойгоор үндэсний радио долгионыг чимсэн алдарт дуучин Л.Оюунчимэгийн тухай бүтэн өгүүлнэ гэвэл хэрийн ном багадна. "Цэцэгт нугын эрвээхэй", "Намрын дурдатгал", "Амрыг айлтгая", "18 нас", "Дөрвөн улирал, хоёр амраг" гээд бүх дуу нь тус тусдаа бие даасан ертөнц. Өнөө, хойчийн залууст амьд сургууль, ахиж олдохгүй сургаал байлаа.
1999 он. "Баянмонгол" чуулга 30 жилийн ойгоо тэмдэглэх гээд бүгд завгүй. Бөхийн өргөөнд 10-р сарын 27-нд товлогдсон тоглолтод Л.Оюунчимэгийг урьж дуулуулах төлөвлөгөө ч гарч. Ойн арга хэмжээ ойртсон хэдий ч Онжоо ирэхгүй байлаа. Ойр тойрныхон нь түүнийг ингэж хүндлэн ахайлдаг байв. Хамт олон нь битүүхэн харцгааж, нэг л өдөр ороод ирнэ хэмээн хүлээсээр. Гэвч тэр ирээгүй юм.
Гучин жилийнхээ ойн тоглолтод орохгүй байхаар хатуу шийдcэн байж. Хэн нэгэнд гомдсон гомдлоо тэрээр хэнтэй ч хуваалцахгүй байхаар шийдсэн нь тэр байлаа. "Улаанбаатар" ресторанд болсон баярын хүлээн авалтад ч тэр харагдсангүй. Ахмад хөгжимчид юуны учир Онжоо ирээгүйг бүгд гадарлаж суулаа. Гучин жилийн ойгоор ганц ч уран бүтээлч цол чимэг, төрийн одон медаль хүртээгүй явдал бүгдийг гайхшируулсан юм.
"30 жилийг тохиолдуулан чамайг гавьяатад тодорхойлсон байна шүү" гэсэн "нууц мэдээ"-г 9 сараас эхлэн дуулгаж, архи задлуулж дайлуулаад гардаг хэд хэдэн хүний дараа л Онжоо "Нээрэн шагнах юм болов уу" хэмээн горьдлого тээх болжээ. Ингээд юмыг яаж мэдэхэв хэмээн хүүхдүүддээ хэлж, Төрийн ордонд орохдоо өмсөх үйтэн хуар дээл хийлгэн, ганган өндөр өсгийт худалдан авч. Хүн бүр л ижил юм ярьж орж ирээд байхаар итгэхээс өөр яах билээ. Ой ч болж, ордноос хэн ч түүнийг дуудсангүй.
1990 онд ид дуулдаг 38 насанд нь тэтгэвэрт "хөөж" гарган, голд нь хүйт ортол гомдоосон байгууллагынхаа хаалгыг татах хүсэл түүнд байсангүй. Тиймээс ойн концертод дуулах сонирхол яаж төрөх билээ. Эзгүйрсэн мэт, хэнд ч хэрэггүй болсон мэт уйтай бодлууд дотроос нь шаналгаж байсан биз. Зүгээр нэг уран сайханч биш, улсын нэгдүгээр тайзны нэртэй том чуулгын ганц эмэгтэй гоцлооч байсан түүнд эрт тэтгэвэрт гарч, гэрт суух ямар хүнд туссаныг хэнд ч, хэзээ ч хэлж гомдоллож байсныг бид дуулаагүй юм.
30 жилийн ой өнгөрөөгөөд ердөө 5 хоногийн дараа Онжоо маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байлаа. Гуниг тээсэн бодлоо хамгийн сүүлд хэнтэй хуваалцсаныг бид мэдэхгүй. "Хайртай дуучнаа би аварч чадсангүй. Осголтын хэмжээ их учраас би яаж ч чадсангүй. Хөөрхий минь нүдэндээ нулимстай ирсэн шүү дээ" гэж эхэр татан уйлж суусан Гэмтлийн эмч бүсгүйд тэр юм хэлж амжсан болов уу? Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй төгсгөл тэр байв.
"Ард түмэндээ хайрлагдсан дуучныг ахуй төр нь харсангүй дээ" хэмээн шүтэн бишрэгчид нь ам амандаа шивнэлдсээр гашуудлын цуваанд гэлдэрч байлаа. Гавьяат авахдаа өмсөнө гэж бэлдсэн цоо шинэ гоёлын туфли, оёулаад ганц ч өмсөөгүй үйтэн хуар дээл, тайзны олон даашинзыг нь эвхэж шарилын хайрцагт нь хийж алдарт дуучныг оршуулжээ. Далан давхрын энгэрт нутаглуулсан түүний шарилын чулуунд "Цэцэгт нугын эрвээхэй" дууны шүлэг, аялгууг сийлж мөнхөлсөн юм. Ингэж Монголын эстрадын цэцэгт нугын эрвээхэй маань хэн нэгэн цэвдэг сэтгэлтний хүйт даасан орчинд дэвээтэй чигээрээ хөлдсөн юм даа.
©Чингис Жагаа
Д.Жаргалсайхан "Монголын Рок Нууц Товчоо" номоос.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ