ОХУ-ын Засгийн газраас 8500 тонн хүчит тэжээлийн тусламж үзүүллээ
ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон.
Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад хүчит тэжээлийг буулгасан байна.
Буриад Улсын талаас өгсөн мэдээллээр, ОХУ-аас Монгол Улсад үзүүлж буй энэхүү хүмүүнлэгийн тусламж нь 8,5 мянган тонн хүчит тэжээл, тээвэрлэх машины тээврийн зардлын хамт нийт 166,6 сая рубль буюу 1,85 сая ам.доллар болж байгаа бөгөөд хилээр татваргүй, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг ОХУ-ын Засгийн газар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовт хандаж “Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийллээ. Мөн манай хоёр орны ард түмэн баяр хөөр болон хүндрэл бэрхшээлтэй ямар ч үед халуун сэтгэлээр харилцан тусалж ирсэн түүхтэй. Тэвдэж явахад тэвнээр туслах нь тэнхлүүн цагт тэмээгээр тусалнаас илүү үнэтэй. Бидний чин сэтгэлийн талархлыг ОХУ-ын Засгийн газар, ард нийтэд уламжлахыг хүсье” гэлээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
2024/11/15
2024/11/13
2024/11/03