mmnews.mn | 2024-11-21
'Өр дарсан нь' өгүүллэг хэдэн өдөр бодогдов.....
Бусдыг бодох.....
Б.Наминчимэд гуайн “Өр дарсан нь” өгүүллэгийн талаар Базараа Ганжавхлан бид хоёроос уншсан уу гээд асуув. Жак “ай даа ойрд уншаагүй, сайхан” гэх сонсогдов. Уран бүтээлчдэд бүтээл хийх хоёр итгэл үнэмшил байна уу гэж би боддог. Нэг нь хүний муу, цагийн мууг дагаж бэдэрдэг бол нөгөө нь хүний сайхан сэтгэл, хорвоогийн жамыг эмжиж бүтээлээ туурвидаг мэт. Мууд дуртай, мууд илүү итгэмтгий байгаа массын бүтээл хийх үү, сайныг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хийх үү гэдэг нь уран бүтээлчдийн сонголт гэхээсээ илүү мөн чанар нь юм болов уу.
Сайхан өвгөд ховордсон мэт санагддаг. Нэг байдаг даа. Дагахгүй байхын аргагүй сургаалтай, айхгүй байхын аргагүй дүртэй, хуучны сайхан өвгөдтэй бараг л таарахгүй юм. Нам улс төр ярьсан, дээр дор үгтэй, итгэл үнэмшлээ гээчихсэн намбагүй өвөө нар бол хаа сайгүй. Монгол хүн хаачив гэж тувт бодогдох юм. Монгол ээж, Монгол аав, Монгол өвөө гэдэг хэдэн мянган жилийн өвөрмөц дүр дэлхийд өөр байдаг болов уу?
Өдөр бүр нялуураад байхгүй насаараа үнэнч амьдарчихдаг. Олон таван үг ярилцаж шалчиганаад байхгүй ч насаараа хэрүүлгүй амьдарсан бидний өвөө эмээ нар. Суурин амьдралын ялгаа байгаа л байх.
Нэгдлийн нярав Сандаг тэтгэвэрт гарахаар  ажлаа өгөх гэтэл тооллогоор 15000 төгрөгийн акт тавиулж буйгаар өгүүллэг эхэлдэг.  Тарваганы анчдад тараасан сумны 400 төгрөг л дутах байх гэж бодож байсан Сандаг баахан бодол болж эхнэртэйгээ ярилцана. Хоорондоо огтхон ч хэрэлдэхгүй. Тэр айл уужуу тайван, амар амгалан хэвээрээ л байна. Зургадугаар ангийн сурагч Намхай хүүгийн нүдээр уг өгүүллэг уншигддаг.   
Нэгдлийн бараа ачиж яваад онхолдсон машины эд  материалыг тоолж аваагүй, аймгаас машинд гуйж захисан бараа материалаа тулгаж аваагүй зэрэг Монгол алдааныхаа тухай Сандаг эхнэртэйгээ ярилцана.
Жолоочийн бие тааруу, машин нь уначихсан байхад яаж би бараагаа тоолж зогсох билээ, хүнд гуйж юм захичихаад замаас нь авсан уу гэсэн шиг падаанаа тулгаж суухгүй ээ гэсэн цөлх ухаан л яригдана. 
Алдсан хүн арван тамтай гэж баахан хүн хардах нь. “Атгаад өгдөг эдийн буян шавхарснаас Алгын чинээ улаан нүүрний буян барагдаагүй ээ” гээд нөхрөө гарч одоход ээж нь жуумалзаад үлдэнэ. Өрөө дарахгүй бол шоронд явахтай нүүр тулсан Сандаг хүнээс юм гуйгаагүй. Олон түмэнтэй зөв сайхан явсныхаа зам мөрөөрөө өр дарсан тухай уг өгүүллэгт гардаг.
Дутсан барааг хэн нэг нь голруулсан л байж таараа. Сандагийн барааг хэн авсан “ЦААДАХ” тухай бараг яригддаггүй. Харин Монгол хүний нэг нэгнээ гэсэн “НААДАХ” уужуу ухаан их гардаг.

Амьдрал дээр ойр жишээ авбал 1990 онд нэгдлийн нягтлан байсан аав маань мал нийгэмчлэх ажлыг орон нутагт гардан зохион байгуулсан хүмүүсийн нэг. Тарга, тэвээрэг, удам угсаа сайтай малаа бусдад тараачихаад өөрөө өнчин, туранхай, өвчтэй, ижил буруу юмнууд тууж ирсэн гэдэг. Түүнээс ч болсон уу өөрсдөөсөө ч болсон уу мал нь үхэж, алга болж, цөөрсөөр манайх гэдэг айл хүндээс хүнд 15 жилийг туулсан билээ. Сайн нь бид ахуйн зовлон даах жаахан чадвартай л өсч. 
 Аав маань нярвын ажил хийж байхдаа мөн л эд материал дутаасан хэргээр 45 хоногийн карентинд /Шооёонд/суусан гашуун түүхтэй. Хэдэн үе, удам дамжиж ирсэн хэт хутга, мөнгөн аяга, алт, мөнгөн эдлэлүүдээ бүгдийг нь тушааж байж өрнөөс салсан тухай одоо ч манайд яригддаг. Сүүлд би ааваас тэр тухай асуухаар уурлаад ярьдаггүй юм. Хашир угаасаа “Өр дарсан нь” дээр гардаг Сандагийн араас орсон нь тодорхой. 
Олонтой явах шиг том буян байдаггүй мэт. Бусдыг боддоггүй аминчхан хүмүүст асуудал тулгарахад хэн ч тусалдаггүй. Зовлонгоосоо өөр ханьгүй болдог.
Бусдыг бодох нь ухаан юм уу, хүмүүжил юм уу? Ядаж “би”-гээ бусдын  өмнүүр чихэхгүй байх нь олдмол уу заяамал уу?
 Бусдаасаа түрүүлж цадах зорилгоор толгойноосоо том аяга бариад хоол руу дайрдаг хүүхдүүд байдаг. Бүх юмнаас өөртөө унац, ашиг, давуу байдал хардаг хүмүүс цөөнгүй. Өнгө байсан ч тод руу, өрөө байсан ч том руу, цонх байсан ч нартай руу нь зүтгэх.  Амиа боддог хүн бусдыг өмнөө гаргаад түрдэг бол олноо боддог нь бусдын өмнө гарч зүтгэдэг. 
Би аав, ээжийгээ элэг, уушгинд дуртай юм байх гэж саяхныг хүртэл эндүүрч явсан. Хоцорсон зочныхоо хоолыг халуун байлгадаг ард түмэн юм бид. Бусдадаа үлдээх, бусдадаа боломж өгөх ухаантай хүмүүс олон.  Касс-д оочерлох, хаалгаар орох, лифтэнд суухад хүртэл бусдын өмнүүр “БИ”-гээ чихдэг нь  ч цөөнгүй. Өөрийгөө будаж, өрөөлийг баллуурддаг дүр эсгэлт нь тэр.  Гэхдээ дээрх шиг базаахгүй олны дотор  "Жинхэнэ Монгол" хүн байж л байгаа. Аж амьдрал, нийгмийн хөгжлийн ороо бусгаа үед түрхэн саарч буй л байгаасай.    Тээр жил Да-Хүрээ дээр машинаа янзлуулаад зогсож байтал эхнэрийн ус гарчихлаа гээд залгав. Тэнд өөр машин янзалж байсан засварчид бүгд зэрэг хөдлөөд л намайг эхэлж явуулсан. Миний өмнө байсан хүмүүс огтхон ч дургүйцээгүй. "За амжилт, эхнэрээ амжилттай төрүүлээрэй" гээд үлдэхэд ямар бахтай байваа.
Цас шуурга тавихад өвөлжөө шиг нөмөртэй хүмүүс байдаг. Асуудал тулгарахад амиа боддог хүн ч гэж бий. Аль аль нь бидний дотор амьдардаг.
Хүнд туслах болохоор  ял хийх гэж буй мэт арагш суудаг , хүний тус авах болохоороо ясны ноход шиг овоордог хүмүүс бишгүй. Ясны ноход хэзээ ч сайн нэртэй явдаггүй. Бусдад таагүй дурсамж үлдээдгээ огтхон ч мэддэггүй. Үрд нь дурсах юу ч үлддэггүй. Төрсөн нь үнэн, үхсэн нь үнэн. Яаж амьдарсан юм бүү мэд.
Аяганы буурьтай, гэрийн буурьтай, зуслангийн буурьтай явахыг хичээдэг юм манайх. Олноосоо нэгийг сарвайх, ганцынхаа талыг илүүчлэх тэнгэр газар шиг зөрөөтэй. Цөөн дэрсэнд бүдэрсэн ч олныхоо дэмэнд босч ирээд л. Зовлонд бэлдэх, жаргалд бэртэхгүй байх чухал бололтой.       
Өр гэдэг нь өгөх биш авах юм, авлага гэдэг нь авах биш өгөх юм байна.
“Өр дарсан нь” хэдэн өдөр бодогдож, ойрд таараагүй сайхан Монгол хүмүүстэй уулзуулав....
Via Шагж гэлэн



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ