mmnews.mn | 2024-12-11
Авсан л бол төлдөг нь жам....
Өөрийн ариун цагаан хөдөлмөр зүтгэлээр олоогүй мөнгө төгрөг эд агуурс эргэж төлөгддөг. Төлөгдөхдөө заавал танд мэдэгдэх албагүй. Ил далд ямар нэгэн байдлаар танаас гардаг. Эрүүл мэндээрээ төлнө, үхэл хагацлаар төлнө. Үр хүүхдүүд чинь зовлон зүдгүүрээр төлнө. Хүнээс үнэгүй юм авах гэж улайрах нь нүгэл. Нэг үзвэр үзэх байсан ч ардаа төлбөртэй. Миний ээж нэг дуучны дууг сонсох маш дуртай байв. Тэр нь Цэргийн чуулгын дуучин гавьяат жүжигчин Н.Отгон эгч. Түүний дуулдаг Хөх даалимбан тэрлэг найраглалын Бүүвэйн дуу, Миний ээж, Ботго, Отрын нутаг гэх зэрэг дуунууд сонсохдоо бүр нэг жаргалтай нь аргагүй суудаг сан. Би Цэргийн Ансамбльд ажиллаж байхдаа Отгон гавьяатын тайлан тоглолтын тасалбараас хоёр ширхэгийг ээждээ өгөв өө. Тэр үед оюутан байсан тул мөнгө муутай. Тэгээд Отггон эгчийн тоглолтын тасалбар энэ тэрийг ийш тийш нь хүргэж өгөх барих гээд ойр зуур туслах маягтай гүйж харайж байгаад хоёр билет авчихсан хэрэг.
Ээж асууж байна аа.
- Мөнгийг нь өгсөн юм уу гэж.
- Өгөөгүй ээ, манай Ансамблийн ахмад уран бүтээлч хүн болохоор надад зүгээр өгсөн юм гэв.
- Хүүе яаж болдог юм хүү минь! Тэр сайхан дуучны тоглолтыг үзэх гэж байж хоосон байж болохгүй. Миний хүү ядахдаа таван ааруул болсон аваачаад өгчих гэв.
- Заа зүгээрээ ээж ээ! Би тэгэж байгаад мөнгийг нь өгчихнө гэлээ. Ингэхийг мэдэх нь ээ, худалдаж авлаа гэж худал хэлдэг байж гэж хүртэл бодов. Ээж минь тоглолт үзэх гээд хоног тоолоод байх. Ээжийг манай ах дагуулаал СТӨ-нд тоглолт үзэв. Тоглолтын дараа ээж бид нар Баянхошуу руу такси барих болов. Ээж минь сэтгэл их өндөр явна. Миний хүү Отгон гавьяатын ард тэр олон дуучидтай хоор дуунд зогсож байдаг мөн сайхаан, ээ мөн их хувь заяа гээд л.
Маргааш нь Отгонд өгөөрэй гээд тос даасан Алтайн бор ааруул хэд гурвыг боогоод өгч явуулав. Өнөөхийг Отгон эгчид өгөхөөсөө ичээд болдоггүй ээ. Нэг кг орчим ааруул л байсан болов уу. Тэгээд амьтан хүний нүд хариулан байж сэмээрхэн дөхөж очоод хэлтэл,
- Манай ээж таньд өгөөрэй гэсэн юм аа гээд цаасанд боодолтой цөөхөн ааруулаа сарвайтал,
- Өө тийм уу? Яасан сайхан юм бэ, баярлалаа гээд инээд алдаад авч билээ. Тэгээд нэг санаа амарсан юмдаг. Сүүлд нь,
- Чи тэр Отгоны ааруул өгсөн бий байгаа даа? Ичээд байна гэж маяглаад байхаар чинь өгөөгүй ч юм шиг бодогдоод болдоггүй ээ гэж билээ, ээж минь. Хүнээс бэлэг сэлт авсан байлаа ч хариуд нь заавал юм өгөх ёстой. Аяганы хариу өдөртөө. Агтны хариу жилдээ гэдэг үгийг маш их хэлдэг сэн. Бодоход хоёр тасалбар жижиг юм шиг атал миний ээжид бол асар их үнэтэй зүйл ажээ. Хөөрхий минь, урт наслах байх аа. Гүй ээ мөн сайхан дуучаан гээд л нулимс нь эргэлдэж байхыг харж билээ.
Үнэгүй юм гэж огтоос үгүй. Зарим хүмүүс дууны цомог, ямарваа номыг зөвхөн бэлгэнд л авдаг юм шиг хандах гээд байдаг. Ямар их хөдөлмөр, цаг хугацаа шингээснийг нь бодож үзэх учиртай. Монгол хүнийхээ ёсоор зарим хүмүүст бэлгэнд өгдөг л дөө. Бэлгэнд өгсөн зүйлд хүндэтгэлтэй хандвал зохилтой. Өнөөгийн энэ олон хулгайчууд бол насаараа төлөөд ч дуусахгүй. Улс төр нийгмийн хулгай бол зах замбараагаа алдсан. Тэд үйлийн үрээ яаж дийлнэ дээ, чааваас. Хүнээс үргэлж шахуу дэмжлэг авчихдаг хүн байдаг. Нэг талдаа их буянтай хүн гэлтэй. Үгүй л дээ, тэр мөнгө эд хөрөнгө яаж бүрэлдсэн бэ гэдгийг эргэцүүлэх учиртай даа. Надад ч мөн бэлэг сэлтэнд үнэртэй ус, бугуйн цаг, хувцас хунар, адуу мал, бас бус мөнгөн хандив их бага гэлтгүй орж ирдэг ээ, ирдэг. Уран бүтээлийг минь л дэмжиж байгаа хэлбэр шүү дээ. Чухамхүү яаж ачийг нь хариулна даа гэж залбирдаг. Зөвхөн эд мөнгөнөөс тусдаа оюун санааны их өглөг өгсөн багш нарынхаа, төрүүлж өсгөж өдий хүргэсэн ачит ээжийнхээ, түшин тулж буй хань ижил үр хүүхдийнхээ ачийг хүртэл үргэлж санаж явах хэрэгтэй. Тэгэж байж үйлс бүтдэг. Үүнийг уншаад хөх инээд нь хүрэх хүн байж магадгүй ээ. Юун сүртэй ч юм билээ дээ гэж. Дахин хэлье! Тэр эд хөрөнгө, мөнгө төгрөг, мал адгуус яаж бүрэлдэн тогтож хаагуур ямар замаар яваад надад ирэв гэдэг их сонин. Намайг яагаад хүмүүс хүндлээд байна вэ гэдэг нь томоос том итгэл хүлээлгэж буй юм.
Би бусдын хүндлэл хүлээгээд авсан байж болох ч их бага гэлтгүй хариу сэтгэлийг бүр заавал сунгах ёстой. Монголчууд хэзээнээсээ хүний бэлэгний хариугүй байхыг нүгэл гэж үздэг. Хүний юм үнэггүй ууж иддэггүй. Айлд очиж цай уусан байлаа ч хариуд нь заавал нэг гар сэтгэл сунгадаг. Айлд хоосон ордоггүй. Гэрт зочилсон зочин хэнийг ч гэлээ гар цайлгадаг тогтсон ёстой. Дээр үед нэгэн ядарсан ганц бие эмэгтэй айлд аргал хормойлж очоод аяга цай уудаг байжээ.
- Та зүгээр л ирж бай! Аргал түлээ түүж өөрийгөө зовоох хэрэг юун! Гэхээр,
- Өө яалаа гэж дээ. Миний уух цайг аргал түлшээр буцалгадаг болохоос ид шидээр буцалгахгүй байх аа. Айлын цайг зүгээр уугаад байвал хойд насандаа баахан айлын цай хоолны түлш нэхэгдэнэ. Тэгэж нүгэл хураагаад яах вэ гэдэг байсан гэх яриа бий. Хүнээс авсан зүйлээ төлөх нь байтугай, хүнд амласан амлалт хүртэл заавал төлөгддөг жамтай шүү дээ та минь ээ! Орчлон ертөнц дээр хүн болж усаар нь умдаалж шороог нь хөдөлгөж агаараар нь амьсгалсан л бол ертөнцийн жам ёсны хуулиар өр төлөөс төлдөг. Тэр төлөөс юу ч байж мэднэ. Иймд хүн бүхэн дороо суурьтай дотроо бодолтой явах ёстой доо. Манай улс их өр тавьж байна. Яаж төлнө дөө бурхан минь. Гадны улсаас өр зээл мөн ч их авах юм. Байгал эхээ гүй мөн айхавтар сүйтгэж байна. Байгалийн бүтээлийн хариу, хүмүүний их ёсыг яаж төлж барна даа тэнгэр минь. Энэ их шунал ардаа тоо тоймгүй өр төлөөсөнд ордог гэмтэй дээ! Хувиараа төлөөд барахгүйг нийтээрээ төлдөг жам хуультай даа...
Хумбагарын Батмэнд. 2024. 11. 21.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ