mmnews.mn | 2024-12-11
Ухаалаг хотуудын хөгжлийн жишиг Парис

Дэлхийн соёл урлагийн төв хэмээн нэрлэгддэг Францын нийслэл Парис хотод 2020 оноос “15 минутын хот” концепц хэрэгжиж эхэлжээ. Парис хотын захирагч Анн Идалго "Парисыг хүмүүс алхах, дугуйгаар явахад тохиромжтой, ногоон хот болгон өөрчилнө" гэж амласнаар тус хотын иргэд амьдралын шинэ хэв маягтай болсон юм.

Парисыг “15 минутын хот” болгох ажлын хүрээнд үндсэн 5 зорилтыг дэвшүүлжээ. Нэгдүгээрт, “Авто замын ачааллыг бууруулж, машины тоог хязгаарласан байна. Хоёрдугаарт, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай бүхий амрах орчныг бүрдүүлжээ. Гуравдугаарт, метро болон автобусны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж өгсөн байна. Дөрөвдүгээрт, хотын оршин суугчид явганаар болон дугуйгаар явах боломжтой замыг шинээр байгуулж, автомашингүй гудамжнуудыг бий болгожээ. Тавдугаарт, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор спорт заал, фитнес клуб, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ресторан, кофе шоп, кафе, худалдааны төв зэрэг үйлчилгээний газруудыг хороолол дотор байгуулж, гэртэй нь ойртуулах ажлуудыг хийжээ. Ингэж Парис хотын иргэдийн өдөр тутамдаа хийдэг зүйлс, хэрэгцээт үйлчилгээнүүд 15 минутын зайд гэрт нь ойртсон байна.

“15 минутын хот” санаачилга Парист хэрэгжсэнээр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, дэлгүүр хэсэх, спортоор хичээллэх, эмчид үзүүлэхийн тулд хол зам туулах, замын түгжрэлд цаг алдах шаардлагагүй болжээ. Одоо тэд гэр бүлдээ болон өөрийгөө хөгжүүлэхэд, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд авто замын түгжрэлд алддаг байсан цагаа зарцуулж байна. Парисын иргэдийн дунд алхаж, дугуй унаж эрүүл мэнддээ анхаарах нь хотын шинэ тренд болжээ.

Үүний зэрэгцээ 2024 оны Парисын зуны олимпыг зохион байгуулахдаа Франц улс “15 минутын хот” санаачилгын гол үзэл санааг мөн л баримталсан аж. Тухайлбал, олимпын наадам үзэж, Парис хотоор аялахдаа нийтийн тээврээр зорчих, дугуй, скүүтер унах, алхахыг жуулчдад санал болгосон байна. Мөн жуулчдад хэрэгцээт бүх үйлчилгээг ойр байлгахад чиглэсэн зохион байгуулалтыг хийсэн юм. Олимпын наадмын өдрүүдэд Парис хот 11.5 сая жуулчин хүлээн авсан бөгөөд “15 минутын хот” санаачилгыг хэрэгжүүлсний үр дүнд түгжрэлээс сэргийлж чаджээ.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ