mmnews.mn | 2024-05-20

УЛС ТӨР

УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улстөрийн зөвшилцөлд хүрч чадлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2024-01-31) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.Тэрбээр,Монгол Улсын нийт иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, өнөөдрийг хүртэлх авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд талархал илэрхийлье.Дөнгөж сая Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ.Юуны өмнө, олон жилийн хугацаанд мэтгэлцсэн боловч бодит шийдэлд хүрч чадаагүй байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд ШУУД хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд ШУУД хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд ШУУД хөрөнгө оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Баялагтаа эзэн байх суурь зарчмын асуудалд санал нэгдсэн Ардчилсан нам, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, ХҮН намын дарга Т.Доржханд нарт Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид хамтдаа зөвшилцсөнөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулж, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр бүсчлэн явуулах өөрчлөлтийг хийж чадсан.Харин өнөөдөр олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа. Бид авлигатай нам харгалзалгүй тууштай тэмцэж чадаагүй бол өнөөдрийн энэ үр дүнд хүрэх боломжгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэе.  Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцлоо.“Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой, цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгалаа.Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар Улсын Их Хурлын нээлттэй сонсгол хийж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, энэхүү үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх болно.Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялаг, нийслэлийн газар, өмч хувьчлалын талаар бодитой дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх болно гэдгийг дахин хатуу илэрхийлье.  Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар иргэдийн 1072 хувьцаа ийнхүү бодитоор амилж байна.Ингэснээр Компаний тухай хуулийн 46.1, 47.1, 76.1, 76.12-т заасны дагуу 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлж байна.2023 оны ногдол ашиг болох 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгох болно.Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ.Энэ нь байгалийн баялгийн засаглалыг ил тод, шударга, ашигтай ажиллахыг нийт иргэдээрээ хяналт тавих, засаглалын асуудалд шууд оролцох тогтолцооны реформ болох болно.Туулай жилийн 5Ш ажиллагаа эдийн засгийн хувьд үр дүнд хүрлээ. Луу жилд монголчууд баялагтаа шууд эзэн болно.Баярлалаа гэлээ.
2024/01/31
278
УЛС ТӨР
ЭМГЭНЭЛ
Эрдэнийн Гомбожав(1950-2024) Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Эрдэнийн Гомбожав 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.Эрдэнийн Гомбожав нь 1950 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг “Хөндлөн” булаг гэдэг газар малчин Эрдэнийн 4 дэх хүү болон төрж, 1964 онд Мөрөн хотын 10 жилийн бүрэн дунд сургуулийг төгссөн.1968-1973 онд Польш улсын Варшав хотын Эдийн засаг, статистикийн их сургуульд суралцан эдийн засаг-нийгмийн бодлогын мэргэжил эзэмшин төгсөж улмаар эдийн засгийн ухааны магистр цол хамгаалсан, дэд профессор цолтой.1987-1989 онд ОХУ-ын Москва хотын Намын дээд сургуульд суралцан улс төр судлаачийн мэргэжил эзэмшин төгссөн.1990 онд МАХН-ын Төв хорооны эдийн засгийн хэлтэст зааварлагч, 1992-1996 онд Монгол улсын Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдаар, 1996-2000 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн захирагчийн албаны даргаар, 2000-2004 онд Улсын Их Хурлын Гишүүнээр, 2002-2006 оны 11 сараас Сангийн яамны Сорьцын улсын хяналтын Албаны даргаар тус тус томилогдон төр, олон нийтийн байгууллагуудад тасралтгүй 40 гаруй жил ажилласан.Тэрээр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны системийн хэмжээнд 1973 оноос 1996 оныг хүртэл мэргэжилтнээс сайд хүртэл хариуцлагатай албан тушаалуудад нэр төртэй ажиллаж зах зээлийн харилцааны шилжилтийн хамгийн хүнд үед Монгол Улсын нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцааны цоо шинэ тогтолцооны эрх зүйн актуудыг батлуулан гаргаж хэрэгжүүлснээрээ тус салбарынхны дунд томоохон гавьяа байгуулсан хүн мөн билээ. Зах зээлийн харилцааны эгзэгтэй цаг үед төр, олон нийтийн байгууллагуудыг гардан удирдахдаа тэдгээрийн бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулж, санхүү эдийн засгийн хувьд бэхжүүлэн үйл ажиллагааны өндөр үр  ашгийг ямагт ханган ажиллаж улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм.Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медаль, Хөдөлмөр, Нийгэм хангамж, Байгаль орчин, Санхүү,банкны тэргүүний ажилтан цол, Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр тус тус шагнажээ.Талийгаачийн ажилд хянуур, нямбай, тооцоо судалгаанд тулгуурлан зарчимч шударгаар хийж гүйцэтгэдэг, даалгасан ажил үүргийнхээ биелэлтэд өөрийн биеэр хяналт тавьж хариуцлага тооцдог, хамт олныг удирдан зохион байгуулах авьяас чадвартай, хүнлэг нийтэч занг хойч үе бидний сэтгэлд хоногшин үүрд дурсагдах болно.Ум сайн амгалан болтугай.ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ АХМАДЫН ХОРОО
2024/01/31
13509
УЛС ТӨР
БНАСАУ-д суугаа Элчин сайд Л.Эрдэнэдаваа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын арга хэмжээний дараа БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ Элчин сайд Л.Эрдэнэдавааг хүлээн авч уулзав.Элчин сайд Л.Эрдэнэдаваа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Эрхэмсэг ноён Ким Жөн Ын-д уламжлахыг хүсэв.Элчин сайд Л.Эрдэнэдаваа Монгол Улсын Засгийн газар БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаагаа цаашид гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд 2023 онд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой, Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тус тус тохиолдуулан хоёр тал олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг дурдаж, ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын нар захидал солилцсоныг тэмдэглэв.БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ Элчин сайд Л.Эрдэнэдавааг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргээд Монгол Улстай хөгжүүлж ирсэн 75 жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, Элчин сайдын цаашдын ажилд нь амжилт хүсэв.
2024/01/31
289
УЛС ТӨР
НББХ: Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг батлуулжээ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, энэ сарын 17-нд хаалтаа хийсэн билээ. Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хороо найман удаа хуралдаж, нийт 23 асуудлын хүрээнд хуулийн 22, Улсын Их Хурлын тогтоолын гурав, Байнгын хорооны тогтоолын долоон төслийг хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хоёр удаа, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг нэг удаа хэлэлцэн шийдвэрлүүлжээ.Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх, эсэх тухай болон анхны хэлэлцүүлгийн нийт есөн санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн гурван танилцуулга, бусад асуудлаарх мөн гурван санал дүгнэлт, Ажлын хэсгийн дөрвөн танилцуулга, анхны хэлэлцүүлгийн шатанд 109, эцсийн хэлэлцүүлгийн шатанд 11 зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус тус бэлтгэж, эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 22 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэсний зэрэгцээ Байнгын хорооны долоон тогтоолыг баталж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд, Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 17-нд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Түүнчлэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2023 оны 10 дугаар сарын 27-нд, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 08-нд, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 22-нд тус тус батлуулжээ.Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос 12 хэлэлцүүлэг явуулан, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулжээ. Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Олон улсын Парламентчдын Эрүүл мэндийн асуудлаарх долдугаар чуулган, есдүгээр сарын 12-нд Мансууруулах бодисын хор хөнөөлтэй тэмцэх бодлого хэлэлцүүлэг, мөн сарын 13-нд Баянхонгор, 14-нд Өвөрхангай, 18-нд Дархан-Уул аймгийн иргэд, албан хаагчдад хийсэн Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга зэргийг дурдаж болно. Түүнчлэн, 2023 оны аравдугаар сарын 04-07-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн жишиг төвийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж, ажилтан албан хаагчид, иргэдтэй Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар уулзалт-хэлэлцүүлэг хийсэн байна. “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт”, “Хүүхдийн эрүүл мэнд ба чихрийн хэрэглээ” хэлэлцүүлгүүдийг 2023 оны аравдугаар сард хийж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, түүний чанар үр дүн, тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үр дүнгийн талаарх уулзалт-хэлэлцүүлгүүдийг Увс, Архангай, Өвөрхангай аймгуудад 12 дугаар сард цувралаар явуулжээ.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслүүд, мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүд тус тус ажилласан байна.
2024/01/26
253
УЛС ТӨР
Эдийн засгийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 3 хууль, УИХ-ын 4 тогтоолын төслийг батлуулжээ
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 15 удаа, ажлын хэсэг 17 удаа, давхардсан тоогоор нийт 35 асуудлыг хэлэлцэж, 3 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолын төсөл, Байнгын хорооны 10 тогтоол, 2 зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 2 асуудлын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд дараах санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 3 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 10 тогтоолыг баталсан. Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд Монголбанканд ажиллаж, АмЧам Монголиа АНУ-ын худалдааны танхимын төлөөлөгчид, Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ-ын төлөөлөгчдийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс “Ковид-19” цар тахлын үеийн төсвийн зарцуулалтын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах санал ирүүлсний дагуу Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоолыг баталж, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг томилсон бөгөөд сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, уг сонсголд Байнгын хорооны 9 гишүүн ирснээр ирц бүрдэж, гишүүд асуулт асууж, хариулт аван хэлэлцүүлэг явагдаж, тус сонсголыг зохион байгуулжээ.     Байнгын хороо 8 хурал, зөвлөгөөн, 38 уулзалт, ярилцлага, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах 15 уулзалтыг зохион байгуулж ажилласан байна.Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 7 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны 32 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 2 танилцуулгыг тайланг иргэд, олон нийтээс санал авахаар D.Parliament.mn цахим системд байршуулсан.Иргэдээс Байнгын хороонд 22 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хариу өгөх шаардлагатай 22 өргөдөл, гомдолд хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 83 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, Байнгын хорооноос 13 албан бичигт хариу өгсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  
2024/01/26
226
УЛС ТӨР
Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын ээлжит "Өглөөний уулзалт" зохион байгуулагдлаа
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачилан Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын хамтын ажиллагаа, манлайллыг өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд  Засгийн газрын томилогдох албан тушаалд нийт 3 сайд, 2 дэд сайд, 5 төрийн нарийн бичгийн дарга, 7 агентлагийн дарга,  нийслэл, дүүргийн 8 ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд 31 эмэгтэй (2024 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар) ажиллаж байгаа бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагааг дэмжих, салбар, байгууллагадаа гаргаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах зорилго бүхий ээлжит уулзалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл хамтран зохион байгууллаа. Тус уулзалтанд Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэй удирдлагууд болон  ХЭҮК-ын дарга, ТАЗ-ийн гишүүн уригдан оролцлоо.Арга хэмжээг нээж, Комиссын дарга Д.Сүнжид хэлсэн үгэндээ эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж бүс нутгуудын хувьд тэгш бус байгааг, боловсролын чанарын ялгаатай байдал, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, орчны бохирдол зэргээс үүдэлтэйгээр хүрээлэн буй орчны доройтол, орлогын тэгш бус байдал, ядуурлын түвшин эрс нэмэгдэж, хот, хөдөөгийн амьжиргааны түвшний зөрүү өндөр болж буйд Комисс санаа зовниж байгааг онцолсон юм.Арга хэмжээний төгсгөлд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын хамтын ажиллагаа, манлайллыг дэмжих, уялдуулах. Хамтын ажиллагааг дэмжих, салбар, байгууллагадаа гаргаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чухал байгааг онцлон хэллээ.Мөн шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын хамтын ажиллагаа, манлайллыг дэмжих, бодлогын хэлэлцүүлгийг 14 хоногт нэг удаа өрнүүлж байхаар тогтлоо.
2024/01/26
238
УЛС ТӨР
Арилжааны хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хууль зүй, дотоод хэргийн яам, МҮХАҮТ-тай хамтран 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Арилжааны хуулийн төслийн үзэл баримтлал, зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.  Уг хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо үг хэлэхдээ “Арилжааны бие даасан хуультай болсноор бизнес эрхлэгчдийн ашгийн төлөө зорилгыг дэмжих, гэрээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, бизнесийн ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэх, бизнес эрхлэгчдийн ажил үүргийн хүрээнд тогтсон зан заншлын хэм хэмжээг хэрэглэх боломжийг бүрдүүлнэ”  гэв. Манай Улсад худалдаа, арилжаатай холбоотой харилцааг Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хууль зэрэг тусгайлсан бусад хуулиар зохицуулж байгаа боловч аж ахуй эрхлэгч хоорондын харилцаа, түүн дотор ашгийн төлөө зорилго бүхий арилжаа эрхлэгч нарын арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг цогц байдлаар, бусад субъект хоорондын харилцаанаас онцлон зохицуулсан хууль тогтоомж байхгүй байгаа юм.   Түүнчлэн  иргэний эрх зүйн нийтлэг зохицуулалттай харьцуулахад арилжааны (бизнесийн) харилцаа нь уян хатан, түргэн шуурхай, эрх зүйн тогтвортой байдлаас ихээхэн хамаардаг тул худалдаа эрхлэгчдийн бизнесийн эрх зүйн харилцааг хөнгөвчлөх буюу хялбаршуулах нь чухал ач холбогдолтой байдаг.    Иймд аж ахуй эрхлэгчдийн зарим харилцааг Иргэний хуулийн зохицуулалтаас илүү нарийвчилсан зохицуулалттай, худалдаа арилжаа эрхлэхэд нийтлэг хийгддэг үйл ажиллагааг зохицуулсан бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж, Арилжааны хуулийн төслийг боловсруулж байна.  Хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү нар “Арилжааны хуулийн хэрэгцээ шаардлага”, “Арилжааны хуулийн төслийн үзэл баримтлал, зарим асуудал”, “Арилжааны маргааныг шийдвэрлэхэд иргэний хуулийг хэрэглэж буй шүүхийн практик” зэрэг сэдвээр илтгэл  тавилаа. Илтгэлийн дараа асуулт асууж, Арилжааны хуулийн асуудлаар нээлттэй санал солилцлоо.   
2024/01/26
247
УЛС ТӨР
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг Элчин сайд Ким Жун Гү-г Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Солонгос хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаан тэмдэглэв.Элчин сайд Ким Жун Гү үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллаж байсанд талархлаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ илэрхийлэв.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Ким Жун Гү-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.
2024/01/26
264
УЛС ТӨР
Гал түймрийн хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.06 цагт гарсан гал түймрийн нөхцөл байдал, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд хуралдаанд танилцууллаа.Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, шүүхийн шинжилгээ, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байна. Зам тээврийн ослын улмаас гал гарсантай холбоотой ОБЕГ-ын нэр бүхий гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүчтэй дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон. Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т 24-ний өдрийн 01:10 минутад анхны дуудлага ирж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Нийт 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Түлэгдэж бэртсэн 19-60 насны 14 хүн одоо хэвтэн эмчлүүлж байна. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй таван хүний биеийн байдал нэн хүнд, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна.“Дүнжингарав” худалдааны төвийн урд хэсэгт байрлах “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилгын гадна хэсэг болон зарим айлын эд, хогшил, үйлчилгээний төв, уулзварын баруун талд байрлах “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв галд өртжээ. Гал түймэрт өртсөн орон сууцны 198 оршин суугчаас 30 өрхийн 116 иргэнийг “Купер плаза интернэшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаж, сэтгэлзүйч зөвлөгөө өгч байна. Ил зогсоол болон авто зам дээр байрлаж байсан 36 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр галд өртсөнөөс 29 нь дахин ашиглах боломжгүй болжээ.   УОК-оос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны  өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэлээ.  Гал түймэрт амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр “Буянт Ухаа-2” хороололд тус бүр гурван өрөө байр өгөх, 207 дугаар байрыг энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн төсвийн хөрөнгөөр сэргээн засварлахаар боллоо.Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандарт, дүрэм журмыг шинэчлэх, жигд мөрдүүлэх, ОБЕГ-ын бүтэц, чадавх, хөрөнгө хуваарилалт, гадаад харилцааг  сайжруулах, нийт ажилтнуудын сургалт, аюулгүй байдалд онцгой анхаарах, гадаадаас аврах ажиллагааны сургалт авах ажиллагааг зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.Нийслэлийн хэмжээнд шатахуун, хий зэрэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт хийдэг ШТС-уудын үйл ажиллагаа хууль эрх зүйн болон стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллахыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх,  УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өглөө. Товч мэдээ-       “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр”, “Хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журам”-ыг тус тус баталлаа.-       “Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам”-ыг хэлэлцэж баталлаа.-       “Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийх журам”-ыг шинэчиллээ. 
2024/01/25
279
УЛС ТӨР
Лхагвын ТОЙМ - Н.Алтанхуяг
ЛХАГВЫН ТОЙМ | №14 ЗОЧИН - УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг /2024.01.18/
2024/01/24
283
УЛС ТӨР
Оросын Холбооны Улсын Хууль зүйн яамтай цахим уулзалт хийв
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хоорондын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаарх Зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.  Зөвлөлдөх уулзалтаар талууд 1999 оны хоёр улс хоорондын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээний хэрэгжилт, тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд эрх бүхий байгууллагаас харилцан илгээсэн иргэний хэрэгт холбогдох эрх зүйн туслалцааны хүсэлтүүд, тэдгээрийн хэрэгжилт, гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл солилцов. Түүнчлэн хоёр улсын эрх бүхий байгууллагаас харилцан хүргүүлсэн иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг гүйцэтгэх явцад үүсдэг хүндрэл бэрхшээл, мөн тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаар санал солилцож, талууд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсоны зэрэгцээ цаашид энэхүү зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж байхаар тогтов.  Энэ удаагийн уулзалтад Монголын талыг тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Оросын талыг Хууль зүйн яамны Олон улсын эрх зүй, хамтын ажиллагааны газрын орлогч захирал Валерий Иванович Лысак нар ахалж оролцлоо.
2024/01/22
150
УЛС ТӨР
МНН, МҮАН-ын эвслийг Н.Номтойбаяр удирдана
Монголын ногоон нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал өнгөрөгч Баасан гараг /2024.01.19/-т болж, МНН-ын даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон байна. Дашрамд дурдахад, МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргасан  билээ.Н.Номтойбаяр нь АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургуулийг 2001 онд Улс төрийн шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2010 онд ХБНГУ-ын Берлин хотын Бизнесийн удирдлага, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2012-2016, 2016-2020 онуудад Монгол Улсын Их Хуралд 2 удаа сонгогдсон. Мөн 2012 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайд, 2016-2017 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг тус тус хашиж байсан.Харин Ерөнхий сайд асан М.Энхсайханы гэх тодотголтой Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/ хуралдаж, МНН-тай эвсэл болон 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан аж. Улмаар МНН болоод МҮАН-ын хамтарсан эвслийг "Үндэсний эвсэл" гэж нэрлэхээр болсон бөгөөд тус эвслийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон гэх мэдээлэл байна. Мөн АН-ын "Үндэсний жигүүр" гэх фракцын гишүүдийг Н.Номтойбаярын эвсэлд нэгдэхийг МҮАН-аас урьсан гэх ба тэд энэ талаар ярилцаж байгаа аж.  
2024/01/23
176
УЛС ТӨР
Тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, хяналт шалгалтын тайлангуудыг хэлэлцжээ
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, хуулийн нэг, Байнгын хорооны тогтоолын таван төсөл дээр ажиллан, хяналт шалгалтын зургаан тайлан, яам, агентлагийн дөрвөн мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү ажилласан талаараа Байнгын хорооны дарга Г.Ганболд (2024.01.18) гишүүдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө нэг бүрчлэн дурдав.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар ажиллаж байгаа юм.Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдээлэлдээ, Хөдөө аж ахуйн бирж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа, зөвхөн ченжүүдийн цуглуулсан түүхий эдэд хил, гаалиар гаргах зөвшөөрлийн бичиг олгож, хураамж авах ажил хийж байна гэсэн юм. Тэрбээр, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус бирж дээр хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа бодитойгоор ил тод, нээлттэй явагдаж байх, мөн улсын хэмжээнд бүх сумдад биржийн салбар ажиллаж байх зохицуулалтуудыг төлөвлөж байна хэмээн ярив.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнгөрөгч онд байгуулж ажиллуулсан “Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт, шалгалт хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийнхээ тайланг хэлэлцээд “Засгийн газарт чиглэл” өгөх тухай Байнгын хорооны 2023 оны 07 дугаар тогтоолыг баталсан байна. Уг тогтоолоор дэлхийн зах зээл дээр ноос, ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ноос, ноолуурын боловсруулах салбарын технологи хөгжүүлэлт, хүний нөөцийг бэлтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.Мөн, Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгий талаарх Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцэж, “Засгийн газарт чиглэл” өгөх тухай Байнгын хорооны 2023 оны 08 дугаар тогтоолыг баталжээ. Тогтоолд, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, хил холболтын ажлыг эрчимжүүлэх, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон аж ахуйн нэгжүүдийн өр, төлбөрийг барагдуулах асуудлуудыг тусгасан байна.Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлын хүрээний салбар, байгууллагууд, холбогдох асуудлын талаар мэдээлэл, тайлан сонсож, шаардлагатай тохиолдолд Засгийн газарт чиглэл өгч ажилладаг. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн санхүүгийн бүтцийг оновчтой болгох, зах зээлийг тэлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, дотоодын сүү, сүүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, борлуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, урамшуулал олгох хугацааг сунгах, газрын тос боловсруулах үйлдвэр, Дархан арьс ширний цогцолбор, Эмээлт эко аж үйлдвэрийн болон Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн паркын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн 2022 оны 05, 07, 08 дугаар, 2023 оны 01, 03, 04 дүгээр тогтоолуудынхаа хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон байна. Эдгээр асуудлуудаар тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэж, гацааг арилгах, зохион байгуулалтыг сайжруулах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчныг сайжруулах талаар санал болосруулах чиглэлээр тодорхой үүрэг, чиглэлийг Засгийн газар болон холбогдох байгууллагад өгчээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/01/21
103
УЛС ТӨР
Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос  (2024.01.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.Тус Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ.Намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 16 удаа хуралдаж, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон чухал хууль тогтоомжуудыг хэлэлцэж, нийтдээ 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Байнгын хорооны 8, Хүний эрхийн дэд хорооны 1 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсгүүд 42 удаа хуралдаж, 11 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ. Байнгын хороо Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулж, мөн албан тушаалтныг томилох, чөлөөлөх 5 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлт гаргасан байна. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үргэлжлүүлэн тус Байнгын хороо хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан хууль тогтоомжуудын зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Эрүүгийн хуульд заасан хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, хохирогчийг арван найман насанд хүрсний дараа тоолж эхлэхээр болж байгааг Д.Цогтбаатар гишүүн хэллээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн хүнийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллахгж, хяналт тогтоохгүй болжээ. Мөн хүнийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байхаар хуульчилсан байна.Эрүүгийн хуулийн Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтыг журам зөрчихийг тус тус өөрчлөн найруулж, Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэх зохицуулалтыг тусгасан байна.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийн талаар Д.Цогтбаатар гишүүн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Зөрчил үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулах зохицуулалтыг шинээр тусгасан байна.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлахаар хуульчилжээ. Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хугацаандаа биелүүлээгүй нь цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах зохицуулалттай болсныг Д.Цогтбаатар гишүүн тайлбарлав. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлж, энэ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тусгасныг тэрбээр танилцууллаа.Мөн жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар тусгасан болохыг Д.Цогтбаатар гишүүн хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээлсэн юм.Үргэлжлүүлэн тэрбээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд иргэдийг заавал баривчилж хорьж байгаад, хэргийг мөрдөж шийдээд байсныг хязгаарлах бодлогыг Улсын Их Хурлын зүгээс баримталж ажиллажээ. Хорих ял оногдуулдаггүй төрлийн гэмт хэргүүдийн тухайд хойшлуулашгүй арга хэмжээ авах нөхцөл, шалгуурыг хүндрүүлсэн байна. Харин хорих ял оногдуулдаг төрлийн гэмт хэргийн тохиолдолд  хэргийн газар дээрээ баригдсан, эсхүл гэрч шууд заасан тохиолдолд шууд баривчлах юм. Гэхдээ ямар ч тохиолдолд шүүхийн хяналттай байхаар хуульчилсан нь онцлог гэлээ. НҮБ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллаад “шүүхийн хяналтгүйгээр хүнийг баривчлах ажиллагаа хавтгайрсан байна” гэдэг дүгнэлт гаргасан. Үүнийг Улсын Их Хурал, Засгийн газар анхаарч, холбогдох шийдвэрүүдийг ийнхүү гаргасныг Д.Цогтбаатар гишүүн мэдээллээд “Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс энэ баривчлах, хойшлуулшгүй арга хэмжээ авах нөхцөлүүдийг хязгаарлах бодлогыг барьсан” гэв.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  цөөнгүй нэмэлт оруулсныг тэрбээр дурдаад “Шүүх хугацаагүйгээр удааширдаг, хойшилдог асуудлуудыг аль болох хязгаарлаж, шүүхийн үйл явцыг хялбаршуулан, шийдвэрийг хурдан гаргадаг байх тал дээр илүү анхаарч ажилласан” гэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийг шаардлагын хэлбэрийг тодорхой болгох хүрээнд бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах, дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах зэрэг хэрэг маргааны төрлөөр нь ялган тодорхойлсон байна. Түүнчлэн тусгайлсан журмаар шүүхэд хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хороос гадна хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорын мөнгөн хөрөнгө гаргуулахыг тусгажээ.Тодорхой төрлийн иргэний хэргийг хялбар хурдан шуурхай зардал багатай хянан шийдвэрлэх зорилгыг үндэслэн хуульд бага үнийн дүнтэйгээс үл хамааран дараах нэхэмжлэлийг шүүх тусгайлсан журмаар шийдвэрлэхээр тусгасан. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдлыг тусгасан байна.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэх болсныг Байнгын хорооны дарга мэдээллээ. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш зарчмыг баримтлах зорилгоор хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах; гэрч мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлж, мэдүүлгээ нотариатаар баталгаажуулан мэдүүлсэн, мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай мэдүүлгээ гаргасныг шүүх хангалттай гэж үзвэл нотлох баримтаар үнэлж болох; тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журам руу шилжүүлэх нөхцөлийг чангатгаж; тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр хуульчилжээ.Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд онцгойлон анхаарч ажилласан болохыг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглээд Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааны талаар мэдээлэл өгсөн.Улсын Их Хурлын гишүүдээс Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар сонсгол явуулах хүсэлт, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах санал гаргаж байсны дагуу Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан болохыг мөн мэдээлэв.Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллээ танилцуулсны дараа Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тэрбээр онцоллоо. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж ажиллаж байгаа юм. Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөхийг шүгэл үлээх гэж томьёолон, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.Түүнчлэн торгох шийтгэлийн хэмжээг дээд, доод хязгаартай тусгах, зөрчилд тооцож байсан зарим төрлийн үйлдэл буюу  хулгайлах, хөрөнгө завших, бэлгийн дарамт учруулах,  алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших зэрэг үйлдлийг Зөрчлийн хуулиар шийтгэдэг бус, гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд  шилжүүлэн тусгах, зөрчлийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нэн даруй арилгах боломжтой, ноцтой үр дагавар гаргаагүй, хохирол учраагүй бөгөөд эрх бүхий этгээдийн албан шаардлагын хүрээнд  арилгах боломжтой зөрчлүүдийг зөрчилд тооцох үйлдлээс хасах зэрэг зохицуулалтыг тусгасан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлан ажиллаж байгаа юм байна.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг ирэх чуулганд үргэлжлүүлнэ гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэллээ. Хуулийн төслийн хүрээнд олон өөрчлөлтүүд орж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчих тохиолдолд оногдуулах хариуцлагыг чангатгаж, нарийвчилж, боловсронгуй болгож байгаа, холбогдох ажлын хэсгийг Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж ажиллаж байгаа гэв.Д.Цогтбаатар гишүүн үргэлжлүүлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг онцолж, холбогдох мэдээллийг өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр, 200 гаруй иргэний гомдол, хүсэлтийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээн авах хугацааг сунгаж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгох юм байна. Үүний зэрэгцээ хүнийг хилс хэрэгт холбож, хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцлага тооцдог байх хуулийн төслийн талаар санал гаргаснаа Д.Цогтбаатар гишүүн мэдээлсэн. Хилс хэрэгт холбогдсон хүн нас барсан хэдий ч асуудлыг сөхөж, цагаатгуулах хүсэлт байдаг. Тэгвэл хүнийг хилс хэрэгт хамруулж, хэлмэгдүүлдэг үйлдлийг таслан зогсоох зорилгоор яг ижил зарчим үйлчилж байх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/01/21
101