mmnews.mn | 2024-05-20

УЛС ТӨР

УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа
Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонтой уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.Энэ хүрээнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нар Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын 2022 онд байгуулсан Харилцах ойлголцлын Санамж бичгийн хугацааг 2025 оныг хүртэл сунгахаар тохиролцож, гарын үсэг зурлаа.Ийнхүү Харилцан ойлголцлын Санамж бичгийн хугацаагаа сунгаж буй нь хоёр талын  хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжиж, харилцан итгэлцэл батжин бэхжиж байгаагийн илрэл гэдгийг талууд санал нэгтэй илэрхийллээ.Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд талууд Парламентын хууль тогтоомж, дүрэм, журмыг хүний эрхийн асуудлаар баяжуулах; Парламентын үйл ажиллагаа, бүтэц, ажлын албаны ажилтнуудын хүний эрхэд суурилсан хандлагыг дэмжих; Жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллана.Өнгөрөгч оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран хүний эрх, жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийсэн нь харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй цогц арга хэмжээний нэг юм.Олон Улсын Парламентын Холбооны боловсруулсан аргачлалын дагуу Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13 дахь парламент болсон бол хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болсноороо онцлогтой. Энэхүү үнэлгээ Монголын парламентын түүхэнд анх удаа, дэлхийн улс орнуудын парламентуудын ажиглалт, анхаарлын дор явуулж буй үйл ажиллагаа болсон бөгөөд хоёр тусдаа агуулгыг нэг дор, уялдаа холбоотойгоор авч үзэж буй онцгой, чухал үйл явдал болсон юм.Талууд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр цаашдын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 
2024/03/27
181
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форумд оролцож үг хэллээ.Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна.  Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд  төгрөг болон тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5,678 ам.долларт хүрсэн. Мөн төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.доллараар ашигтай гарч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.2 их наяд төгрөгөөр даван биелсэн төдийгүй гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэнд боомтын сэргэлт чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо” гэж хэллээ.Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов. Өнгөрсөн гурван жилд боомтуудад хийсэн бүтээн байгуулалтын ажлаас танилцуулбал, Замын-Үүд боомтын зорчигч болон ачаа тээврийн цогцолборыг бүрэн ашиглалтад оруулж, олон улсын стандартад нийцүүллээ. Тус боомт ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 24 цагаар ажилладаг болно. Гашуунсухайтын боомтын зорчигч ачаа тээврийн байгууламжийн ажил 61 хувийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг боомтын ачаа тээврийн байгууламжийн нэг, дөрөвдүгээр хэсгийг ашиглалтад оруулсан байна. Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ. Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажил дуусаж, Бичигт боомтын өргөтгөлийн ажил 2023 онд эхэлсэн. Энэ жил Цагааннуур, Булган, Хавирга боомтуудад инженерийн дэд бүтцийн ажил эхэлнэ. Ингэснээр боомтуудын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийг ашиглалтад оруулаад байна. Өнгөрсөн гурван жилд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг ашиглалтад орууллаа.
2024/03/27
196
УЛС ТӨР
Ерөнхий сайд асан Сү.Батболд хууль бус орлогоо АНУ-д 'угаасан' уу
Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байхдаа ашигт малтмал олборлох гэрээнээс олсон хууль бус орлогоо Нью-Йорк хотод хоёр үл хөдлөх хөрөнгө болгож угаасан гэх хэргийг нь АНУ мэдээ болгон түгээжээ.Тодруулбал: Нью-Йорк хотын Зүүн 61-р гудамж 21 тоот, Баруун 56-р гудамж 230 тоотод байрлах 14 сая доллараар худалдаж авсан тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг хураахыг хүссэн иргэний гомдлыг АНУ-ын шүүх өчигдөр хэлэлцжээ. Шүүхийн баримтаас харахад уг орон сууцыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд болон түүний гэр бүлийнхний хууль бус орлогын мөнгөөр буюу уул уурхайн гэрээгээр  халхавчилж олсон улсын орлогоор худалдаж авсан байж болзошгүй аж.Монголын авлигын хэргийн төлөө АНУ-ын холбооны мөрдөх товчооны мөрдөгч нь, тус улсын прокурор нь яаж ажиллаж байгааг дараах холбоосоор ороод уншаарай.  https://www.justice.gov/usao-edny/pr/united-states-seeks-forfeiture-former-mongolian-prime-ministers-luxury-new-york-city
2024/03/27
672
УЛС ТӨР
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана
Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний түүхт  90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.“Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хурдтай хөгжүүлэхийн тулд цогц, нэгдмэл, харилцан бие биеэ дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, ядуурал буурах, өрх бүлийн амьжиргаа дээшлэх, амьдралын чанар сайжрах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж Ерөнхийлөгч үзэж байна.Иймээс:Салбарын эрх зүй, санхүү, татвар, даатгалын таатай орчин бий болгох,Байгаль орчин, мал, амьтанд ээлтэй, өндөр чанартай түүхий эд бэлтгэх болон малын гарал үүсэл, чанарын мөшгөх тогтолцоо хөгжүүлэх,Үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх,Хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах, давтан сургах,Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг хэлэв.Үүнд төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэл, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэг зорилго, нэг бодлого чухал гэдгийг онцолж, бүх талаар тууштай дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.Мөн өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийт нэг их наяд гаруй төгрөгийн гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоод байна.Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт арьс, арьсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, үйлдвэрийн машины эд ангиуд, цаас, цаасан бүтээгдэхүүн болон хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспорт нэмэгдэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх бүрэн боломжтой гэж үздэг.1980-аад оны сүүл гэхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбар нийт аж үйлдвэрлэлийн салбарын 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан бол 2023 оны байдлаар 25 хувийг л бүрдүүлж байна.Бараа бүтээгдэхүүний экспорт нийт экспортын дөнгөж зургаан хувьтай тэнцдэг бөгөөд хүнс, гутал, хувцас, арьс, савхин эдлэлээс эхлээд хөнгөн үйлдвэрлэлийн  бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авахад жилд ойролцоогоор гурван тэрбум орчим ам.доллар зарцуулдаг судалгаа гарчээ.1934 онд Аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан нь орчин цагийн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн эхлэл байсан түүхтэй. Үүнээс өмнө энэ салбар гар урчууд, төмөр болон мөнгөний дархчуудаас бүрдсэн гар үйлдвэрлэлд   түшиглэж байлаа.1940-1950 онд малын гаралтай түүхий эдээ ашиглан дотоодын хэрэгцээг хангах, гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргах чиглэлд  тодорхой ахиц дэвшил гарсан.1960-1990 онд олон хөнгөн аж үйлдвэр бий болж, түүхий эдийн боловсруулалтын түвшин, үр ашиг, чанарын үзүүлэлтүүд эрс сайжирч, шаардлагатай боловсон хүчнээ эх орондоо бэлдэж байсан түүхтэй юм.
2024/03/26
190
УЛС ТӨР
Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ
НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болж, тогтоолд өөрчлөлт оруулах, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах болон барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэн авах тухай хэлэлцлээ.Тодруулбал, НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн  шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ. Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүсээд байна. Иймд хилийн заагийг өөрчлөх шаардлагатай байгаа бөгөөд иргэдийн хаягийн бүртгэл мэдээлэлд өөрчлөлт орохгүй, эдийн засгийн хувьд зардал гарахгүй, зөвхөн дээрх хороодын egazar.mn дэх хилийн заагийн мэдээлэлд өөрчлөлт орох юм.Нийслэлийн хэмжээнд аж үйлдвэрийн дөрвөн парк ажиллаж буй. 2022 онд батлагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” хэмээн заасан. Үүний дагуу Эмээлт эко аж үйлдвэрийн парк компанийн хэлбэрт шилжээд буй. Тэгвэл Багануур, Багахангай, Налайхын үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг дээрх хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна. НИТХ-ын төлөөлөгчид, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүдийн зүгээс үйлдвэрлэл, технологийн паркуудын нэр томъёог олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нэршлээр нэрлэх, дүрмийг өөрчлөн найруулах, хөрөнгийн үнэлгээг нягтлах, үнэлгээг нэмэгдүүлэх боломжийг судлах, паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг саналыг хэлсэн юм. Мөн компанийн хэлбэрт шилжсэнээр ил тод, нээлттэй байдлыг хангана хэмээн үзжээ. Тухайн шилжилтийг хийхэд шаардагдах хууль, эрх зүйн үйл явц, нийслэлийн 2024 оны төсөв батлагдсан зэрэгтэй холбоотойгоор үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоолын төсөлд тусгасан байна.ТүүнчлэнБаянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгаБаянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн байрБаянзүрх дүүргийн 304 дүгээр цэцэрлэгийн барилга байгууламжБаянзүрх дүүргийн 321 дүгээр цэцэрлэгийн А, Б байрНалайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байгууламжСонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга байгууламжСонгинохайрхан дүүргийн 330 дугаар цэцэрлэгийн барилгаСүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуулийн барилга байгууламжСүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ дэд төв дэх 28МВт хүчин чадал бүхий дулааны станц гэсэн барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм.Ийнхүү дээрх тогтоолын төслүүдийг НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаар хэлэлцэн, баталлаа.
2024/03/26
185
УЛС ТӨР
Канад улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдэгдэв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай буйгаа илэрхийлээд хоёр улсын харилцааны шинэ эрин эхэлж буй энэ үед Канад Улс ийнхүү Монгол Улсад тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Элчин сайд Сандра Шуфани цаг зав гарган уулзсан Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.Тусламжийн хандивыг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хүргүүлнэ.
2024/03/26
195
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзлаа.Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газар Монгол Улсад зудын гамшгийг даван туулахад зориулж хүмүүнлэгийн нэн шаардлагатай эд материалын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдэж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидлыг гардууллаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар, ард иргэд манай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирснийг онцолж, зудын гамшгийг даван туулахад зориулан  хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ард иргэдэд Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар зудын гамшгийг богино хугацаанд даван туулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж буйг тэмдэглэв.Элчин сайд М.Игавахара бидний өгсөн тусламж ашиг тусаа өгч, малчид зудын эрсдэлийг хохирол багатай даван туулж, энгийн амьдралын хэмнэлдээ шилжин орохыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.Уулзалтаар талууд Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлж, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж,  бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.Мөн Монгол Улс, Япон Улсын хооронд соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, ард иргэдийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.
2024/03/26
216
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зорилт бол боомтын боомийг тайлах Боомтын сэргэлтийн бодлого байсан. Цар тахлын хүнд үед хил холболтын цэгүүдийг шуурхай шийдвэрлэж, экспортын дөрвөн шинэ боомтын бүтээн байгуулалтын ажлуудыг бодлогоор дэмжиж, түншлэн ажилласан БНХАУ-ын Засгийн газарт талархал илэрхийллээ. Мөн тэрбээр “Өнөөдөр эдийн засаг, худалдааны гол хаалга Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна. Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ. Замын-Үүд боомтын боомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэж байна” гэлээ.БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төсөл хэрэгжүүлж, ийн ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.Мөн “УХААЛАГ ГАРЦ” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна.  Зорчигч, ачаа тээврийн цогцолборыг ирэх дөрөвдүгээр сараас 24 цагаар ажиллуулахтай холбоотойгоор орон тоог нэмж, 340 албан хаагч Замын-Үүд боомтод ажиллаж байна. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх орон сууц барих шаардлагатай байгааг албаныхан Ерөнхий сайдад хэлж байлаа.Монгол Улсын хэмжээнд нийт ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь  Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрдөг. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна.   Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн бүтээн байгуулалттай УИХ, Засгийн газрын зарим гишүүн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюан нар танилцлаа. Энэ үеэр БНХАУ-ын Эрээн- Монгол Улсын Замын-Үүд боомтод эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг хоёр тал тохирсныг Элчин сайд Шэнь Миньжюан хэллээ. 
2024/03/25
222
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 22-нд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлуудын явц, тэр дундаа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, англи хэлний боловсролыг сайжруулах, сансар судлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих талаар ярилцлаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын чухал "гуравдагч хөрш," Стратегийн түнш бөгөөд манай улсыг ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжихэд эхнээс нь тууштай дэмжиж ирснийг онцлоод, манай улсад нүүрлээд буй зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслахад зориулан нийт 900,000 ам.долларын тусламж үзүүлсэн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын "гуравдагч хөрш" гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцааны түвшнийг ахиулах, хамтын ажиллагааг улам олон салбарт өргөжүүлэх, иргэд солилцоог нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө тууштай байгаагаа тэмдэглэв.
2024/03/23
204
УЛС ТӨР
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-той уулзлаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нар 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр уулзаж,  хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд хүний нөөцийг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын яам амжилттай хамтран ажиллаж ирснийг харилцан тэмдэглэв. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгах зорилтыг тусган ажиллаж буйг онцлоод, энэ хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг өндөржүүлж буй мэдлэг, туршлагаас үргэлжлүүлэн хуваалцаж, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, “БНСУ-ын хөгжил ба Төрийн алба” сэдвээр Монгол Улсын их сургуульд, “Үндэсний хөгжлийг түүчээлэх чадамжтай төрийн албан хаагч” сэдвээр Удирдлагын академид тус тус олон нийтэд нээлттэй лекц уншина.
2024/03/22
197
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хонины ноосон био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-д ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хонины ноосоор био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах үйлдвэр жилд 2,500 тн  бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогоор жилд 125 тн-ыг үйлдвэрлэж ХБНГУ, АНУ-д экспортолж байна. Цаашид хүчин чадлаа бүрэн ашиглаж, бүтээгдэхүүнээ Япон, БНСУ-д нийлүүлэх, бусад улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөжээ.Азотын өндөр агууламжтай био бордоог үйлдвэрлэхдээ зөвхөн угаагаагүй хонины ноос хэрэглэдэг бөгөөд химийн болон нэмэлт туслах бодис, ус ашигладаггүйгээрээ онцлогтой юм байна.Хүнсний ногоо тариалагч жижиг, дунд аж ахуйн нэгжүүд био бордоог худалдан авах чадвар бага. Иймээс төрийн бодлогоор дэмжих, ялангуяа кластерийн системд оруулан зохицуулалт хийвэл богино хугацаанд иргэдээ эрүүл ногоогоор хангах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах, импортын бордоог орлох бүрэн боломжтойг компанийн удирдлага танилцууллаа.Манай улсын хөрсний чанар муудаж, ялзмагийн агууламж 60, ургамал шинжтэй тэжээлийн бодис 60-80 буурсан нь хүнсний ногоо тарих, арвин ургац авахад сөргөөр нөлөөлдөг.Ийм үед био бордоог жимс, жимсгэнэ, мод, бут, сөөг, тасалгааны болон мандлын цэцэг, хөрс, задгай талбай, хүлэмжийн ногоо, уул уурхайн биологийн нөхөн сэргээлтэд ашиглахад үр дүнтэй нь дотоод, гадаадын улс орнуудын туршилтаар батлагджээ.   Био бордоо нь усыг өөртөө шингээн хадгалдаг бөгөөд шаардлагатай үед буцаж ялгаруулдаг, 10-14 сарын хугацаанд задарч, байгальд шингэдэг. Газрын хөрсийг сийрэгжүүлэн хөвсийлгөж, хорхой шавжнаас хамгаалдаг, ургамлыг дээд зэргийн тэжээл болон усаар хангадаг юм байна.Монгол Улсын бордооны жилийн хэрэглээ 150 мянган тн бөгөөд цаашид жилд 10 хувиар өсөх төлөвтэй байна. Манай улс жилд 170 сая ам. доллароор химийн бордоо гаднаас худалдаж авдаг юм.
2024/03/21
193
УЛС ТӨР
Монгол Улс Бүгд найрамдах Куба улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хоёр гэрээнд гарын үсэг зурлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Куба Улс (БНКУ)-д ажлын айлчлал хийж байна. Энэхүү ажлын айлчлалаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон БНКУ-ын Хууль зүйн сайд Оскар Мануэл Силвера Мартениз нар “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай”  Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа. “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээ”-г байгуулснаар хоёр улс иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааны хүрээнд шүүхийн баримт бичиг гардуулах, нотлох баримт бүрдүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх гэх мэтчилэн ажиллагааг өөрсдийн нутаг дэвсгэрт гүйцэлдүүлэх боломж бүрдэж байна. Хоёр улс 1989 онд байгуулж байсан иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээг Монгол, Куба Улсын орчин үеийн эрх зүйн зохицуулалт, практиктай уялдуулан шинэчлэн байгуулах асуудлыг 2021 онд  ярилцан, шийдвэрлэсэн. Энэ дагуу хоёр тал “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээг ийнхүү байгуулж буй юм. Уг гэрээг байгуулснаар хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг ил тод, шуурхай шийдвэрлэнэ. Тодруулбал, нотлох баримтыг албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх мэтчилэн тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт  гүйцэтгэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой боллоо.  Энэхүү хоёр гэрээ нь  тус бүр 20 зүйлтэй бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, туслалцаа үзүүлэх хүсэлт гаргах, биелүүлэх журам, туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг багтаасан байна. Монгол Улсад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр 23 улстай байгуулсан нийт 36 хоёр талт олон улсын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна.  Айлчлалын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНКУ-ын Дотоод хэргийн сайд Лазаро Альберто Алварез Казастай уулзлаа. Энэ үеэр БНКУ-ын  хууль зүй болон дотоод хэргийн салбарын алба хаагчдын төлөөлөл  Монгол Улстай төрийн үйлчилгээний цахимжилт, салбарын бусад хамтын ажиллагааны асуудлаар туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.   Цаашид  хоёр улс хоорондын “Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ”, мөн “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
2024/03/21
182
УЛС ТӨР
НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно
НИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны өргөтгөсөн хурал /2024.03.20/ боллоо. Хурлаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг шинэчлэн батлах тухай, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээний тухай хэлэлцсэн юм.Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа.Тодруулбал, НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн  шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ. Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүсээд байна. Эдгээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч чадахгүй, мөн үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулах боломжгүй болсон байна.Иймээс уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын 2022 оны “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох тухай” 43 дугаар тогтоолын Чингэлтэй дүүргийн 12,16, 21, 22 дугаар хороотой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөл боловсруулсан юм.                                           Дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаар хэлэлцэхийг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо дэмжлээ. НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно.
2024/03/21
181
УЛС ТӨР
БОХХААБХ: Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаарх мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  /2024.03.19/ хуралдаан 17 цаг 29 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлсэн.Хуралдааныг Байнгын хорооны дарга Ж.Батжаргал даргалж, Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаарх мэдээлэл сонслоо.Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Тэрбээр мэдээлэлдээ, Улсын хэмжээнд 2024 онд 390.6 мянган га-д үр тариа, үүнээс 365.6 мянган га-д улаанбуудай, 19.3 мянган га-д төмс, 15.3 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, 78.3 мянган га-д малын тэжээл, 68.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.0 мянган га-д тариалалт хийж, 350.9 мянган  га-д уринш боловсруулж, 546.7 мянган тонн үр тариа, үүнээс 515.3 мянган тонн улаанбуудай, 225.8 мянган тонн төмс, 220.7 мянган тонн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 4.0 мянган тонн, 195.8 мянган тонн тэжээлийн ургамал,  34.3 мянган тонн тосны ургамал, нийт 1.2 сая тонн ургац хураан авч, хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 95.0 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна гэж байлаа.Мөн тариалалтад улаанбуудайн үр 55.0 мянган тонн шаардагдахаас Хөдөө аж ахуйн корпорацид 7.2 мянга, улсын үрийн нөөцөд 3.0 мянга, аж ахуйн нэгж, иргэдэд 40.6 мянган тонн нөөцтэй байгаа бөгөөд импортоор 9.5 мянган тонн үр орж ирүүлэхээр гэрээ хийж буйг дурдахын зэрэгцээ хүнсний ногооны үрийн хэрэгцээг тооцвол нийт 1177 тонн шаардлагатай гэв.Өвлийн хүлэмж хоёр га, зуны нийллэг хальсан хүлэмжийн тариалалтыг 16.6 га-гаар нэмэгдүүлнэ. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн 13.7 тэрбум төгрөгөөр 5196 ширхэг нийллэг хальсан хүлэмж авах ажлыг зохион байгуулна гэдгийг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжих, жимс, жимсгэний дотоодын хангамжийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 980 сая төгрөгт Төв, Хэнтий, Увс аймгууд, нийслэлийн Баянзүрх дүүрэгт чанарын шаардлага хангасан, нутагшсан сортын жимс жимсгэний суулгац үржүүлгийн төв 12 га-д байгуулна. Жижиг, дунд үйлдвэрийн сангаас 2.8 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгох ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг тодотгосон.Тэрбээр мэдээлэлдээ, Засгийн газрын хуралдаанд улаанбуудайн үрийг 30, төмс, хүнсний ногооны үрийг 80 хувь, бордооны татаасыг 30 хүртэл хувь олгох шийдвэрийн төслийг бэлтгэж, танилцуулна. Улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгт хөрсний үржил шимийг сайжруулах, ургац нэмэгдүүлэх зорилгоор бордоо хэрэглэсэн хуулийн этгээдэд хөнгөлөлт үзүүлэх, төмс хүнсний ногооны механикжуулалт 3.9 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт олгож, 950 га талбайг механикжуулна гэж байлаа.Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгө сайжруулах зээлд 2024 онд 65.0 тэрбум, хүнсний ногооны үйлдвэрлэлд 16.0 тэрбум төгрөгийг тус тус  жилийн 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээнд анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахыг дэмжихэд 8.0 тэрбум, хүлэмжийн аж ахуй байгуулахад 7.0 тэрбум, зоорийн аж ахуй байгуулахад 10.0 тэрбум төгрөгийг тус тус жилийн 6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл олгох мэдээллийг тариаланчдад хүргэж, хүсэлт ирүүлсэн материалыг цахим системд хянаж, арилжааны банканд хүргэж, бодлогын гэрээ байгуулан ажиллаж байна гэв.Хүнсний ногооны хадгалалт, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 13.5 тэрбум төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн сумдад баригдах 200-500 тонн төмс, хүнсний ногооны зоорь барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг  зохион байгуулаад байгааг мэдээлэлдээ дурдсан юм.Салбарын сайд мэдээлэлдээ, газар тариалангийн үйлдвэрлэлд 23.0 мянган тонн шатахуун хэрэгцээтэй ба тариалалт, уринш боловсруулалтад 11.0 мянган тонн, ургац хураалтад 12.0 мянган тонн шаардагдах тооцоог гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудад албан тоот хүргүүлсэн гэхийн сацуу  цаг агаарын болон бусад  гэнэтийн давагдашгүй хүчин зүйл  учраагүй тохиолдолд тариалалтыг 14-16 хоногт гүйцэтгэх техникийн хангамж бүрдээд буйг онцлон тэмдэглэсэн.Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, ОХУ, Укрианы нөхцөл байдалтай холбогдуулан хаврын тариалалт эхлэхэд дизель түлшний хангамж тасалдахгүй, бүрэн нийлүүлэхэд холбогдох арга хэмжээ авч буй эсэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин говийн аймгуудын байгаль, цаг агаарын онцлогт тохирсон хүлэмжийн аж ахуйг дэмжсэн зэрэг тариалалтын бодлого баримталсан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, малын тэжээлийн үйлдвэрлэлийн асуудалд тодорхой бодлого, дэмжлэг төлөвлөсөн эсэхийг илүүтэй тодруулж байлаа.Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал  үг хэлж, хаврын тариалалтын асуудалд холбогдох салбарын яам, Ажлын хэсэгт чиглэл өгсөн. Тухайлбал, тэрбээр Төсвийн байнгын хороотой хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төсөл тариаланчдын бүтээгдэхүүний үнэ, хэрэглэгчдэд хүрч буй гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн асуудалд ч томоохон нөлөө үзүүлэх хэдий ч бид тариалангийн үйлдвэрлэлийн хүрсэн түвшин, дэвшүүлсэн зорилтоосоо ухрахгүй гэдгийг тодотгоод хаврын тариалалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах шаардлагатайг онцолсон. Төр засгаас  анхаарал тавьж 1959 онд атрын анхдугаар аяныг өрнүүлснээс хойших 65 жилийн хугацаанд газар тариаланг бие даасан шинжлэх ухааны үндэслэлтэй салбар болгож хөгжүүлсэн бөгөөд цаашид энэхүү амжилтаа улам ахиулан өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж, үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.  Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд байгаа 40 мянган тонн үрийн хянан баталгаажуулалт, импортоор орж байгаа үрийн чанар, цаашлаад малын тэжээлийн ургамлын үрийн хангалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг гэж байлаа. Мөн хаврын тариалалтаас өмнө аж ахуйн нэгжүүдийн зээлийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, говийн бүсрүү хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зээл олгох асуудлыг тусгах, тариалалтаас ургац хураалт хүртэл шаардлагатай түлш, шатахууны нийлүүлэлт, хангалтын асуудалд бодлогоор анхаарах, үрийн нөөцтэй болох, хөрс, талбайн хамгаалалтын хүрээнд хашаажуулалтын ажилд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах чиглэлийг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/03/20
192
УЛС ТӨР
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан  /2024.03.19/ 14 цаг 44 минутад гишүүдийн ирц 55.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалж, Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.Төслийн талаар Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 10 аймаг, 37 сумд төмөр зуд, 16 аймгийн 130 сум нь цагаан зуд, 14 аймгийн 49 сум, нийслэлийн  дөрвөн дүүрэгт цагаанаар зудрахуй нийт 21 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн байгааг дурдаад улмаар гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 7.3 хувь буюу 4.7 сая мал зүй бусаар хорогдоод байна гэв.Аймаг, сумдын аюулгүй нөөцөд нийт 27.2 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэснээс гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2.1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй, Өвөрхангай, Орхон, Дундговь, Архангай аймгууд өвс, тэжээлийн нөөцөө бүрэн дуусгаад байна. Өвс тэжээлийн хомстолоос шалтгаалан киллограмм хивгийн үйлдвэрийн үнэ 950-1100 төгрөг хүртэл өссөн. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийн үнийг тогтворжуулахын тулд гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүсээд байгааг сайд танилцуулгадаа онцолсон.Мөн  монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд хоёр дахин өсөөд байна. Гэвч гурилын гол түүхий эд болох улаан буудайн үнэ сүүлийн дөрвөн жилд 24. 4 хувиар өсжээ. Энэ нь гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих гол нэрийн бүтээгдэхүүнээ хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан гэж байлаа.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Анандбазар, Ц.Туваан, Х.Баделхан, Г.Мөнхцэцэг, Б.Чойжилсүрэн, Ж.Батсуурь, Д.Өнөрболор, Ц.Цэрэнпунцаг, Г.Ганболд, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Б.Жавхлан, Х.Болорчулуун, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, үг хэлсэн.Гишүүд гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлөх болсон нөхцөл болон хуулийн үйлчлэх хугацаа, хэмжээг тодорхой заагаагүйн шалтгааныг илүүтэй тодруулсан. Мөн хууль батлагдсанаар гурилын үнэ хэдэн хувиар буурах талаар холбогдох судалгаа хийсэн эсэх, гурил нь стратегийн чухал хүнс тул Засгийн газраас бизнес эрхлэгч, тариаланчдаа хэрхэн хамгаалах талаар тодруулж байлаа.ЗГХЭГ-ын дарга, Д.Амарбаясгалан хариултдаа, Бид олон улсын түвшин, зах зээлийн нөхцөл байдал, ард иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлж асуудалд хандах нь зүйтэй. Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас дунджаар тонн улаан буудайг 700 мянга орчим төгрөгөөр авдаг. Буудай нь 1кг гурил үйлдвэрлэхэд 90 хувийнх нь өртгийг бий болгодог зүйл. Гэтэл 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөн байна. Энэ нь төрөөс үзүүлж байгаа шат шатны дэмжлэг, туслалцаа хэтэрснийг харуулж буй хэрэг. Бүх шатанд нь хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг үзүүлсэн. Эцсийн дүнд нь иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа тул энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй гэдгийг онцлов.Мөн тэрбээр, сүүлийн нэг жилийн хугацаанд ШӨХТГ-аас энэ асуудалд анхаарал хандуулан, гурилын монополь үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн талаар акт тавиад ч, арга хэмжээ авч чадахгүй байна. Иймд Засгийн газар гурилын импортын татварт хугацаа, хэмжээ заахгүйгээр тэглэж, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь тодорхой хугацаа, хэмжээ заасан шийдвэр гаргавал үүнд нь нийцүүлэн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ багасгаж, хомстол бий болгодог. Засгийн газар цаашдаа тариаланчдын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг дордуулахгүй байх тал дээр анхаарал тавина хэмээн хариулж байлаа.Түүнчлэн хуулийн төслийн хүрээнд гурилын импортоос аж ахуйн нэгжүүд хэдэн төгрөгийн ашиг олох нь чухал биш, харин зах зээлийн зарчмаар бодит үнэ тогтож, гурил гурилан бүтээгдэхүүн ард иргэдийн амьжиргаанд дарамт болдоггүй байх нь Засгийн газрын хувьд чухал гэдгийг сайд хариултдаа онцлон тэмдэглэсэн.“2023 оны арван нэгдүгээр сараас эхлээд нийт газар нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүл тогтсон тул малчид малаа суурин байлгаж, тэжээх шаардлагатай болсон. Үүнийг дагаад тэжээлийн хомстол үүссэн. Өнөөдөр нэг киллограмм хивэг, малын тэжээлийн үйлдвэрлэлийн өртөг 200 орчим төгрөг байдаг боловч малчдын гар дээр 1000-1100 төгрөгөөр очиж байна. Үүнийг орлого багатай малчид даван туулахад хүндрэлтэй болж байна гэж Засгийн газар үзсэн. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хоёр ч удаа малчдад үнэ төлбөргүйгээр малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан. Үүнээс өмнө улсын нөөцөөс өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын сүүлээс эхлээд 50 хувийн үнийн хямдралтайгаар өвс, тэжээлийн хангалтыг хийсэн зэрэг нь  өвс, тэжээлийн үнэ өсөхөөс сэргийлсэн арга хэмжээ байлаа. Гэсэн хэдий ч малчид өвс тэжээлийн үнэ, өргөн хэрэглээний чухал хүнс болох гурилын үнийг дийлэхгүй нөхцөл байдал руу орсон тул Засгийн газар энэ төрлийн импортын барааны татварыг тэглэх  тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” хэмээх нэмэлт тайлбарыг өгсөн.Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, гурил, улаан буудай нь стратегийн гол хүнс гэдгийг тодотгоод салбарын яамнаас гурилын татварын асуудалд долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа заасан санал өгсөн. Одоогоор  20 мянган тонн гурилыг баруун аймгуудаар оруулаад эхэлсэн тул дахиад 25 мянган тонныг бусад боомтуудаар оруулах санал өгөөд байгааг хариултдаа тодотгож байлаа.Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэн, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд гаалийн албан татвараас чөлөөлөх хугацааг долдугаар сарын 01-ний өдөр хүртэл, хэмжээг 25 мянган тонн гэж тодорхой зохицуулалт хийнэ гэвэл мэргэжлийн Байнгын хорооны даргын хувьд дэмжинэ гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, тариалалтыг дэмжих, гурилын үнэ гэсэн хоёр өөр асуудлыг нэг бодлогоор шийдэх боломжгүйг тодотгоод гурилын эрэлт нийлүүлэлт зах зээлийн цэвэр өрсөлдөөний зарчмаар шийдэгдэж, хэрэглэгчдэд бодит үнээр хүрэх шаардлагатай тул төслийг дэмжиж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.  Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 
2024/03/20
169