mmnews.mn | 2024-05-20

УЛС ТӨР

УЛС ТӨР
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсгол өнөөдрөөс эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэлнэ.Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм.Сонсголын эхний өдрийн "Эмийн хүртээмж" сэдвийн хүрээнд Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг сэдвээр гэрчүүдийн мэдээллийг сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/15
238
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавилаа.  Илтгэлийнхээ эхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулав. Засгийн газар нүүрсний хулгайг ил болгож, нүүрсийг биржээр арилжаалж, цахимжилт, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт эерэг үр дүн гарч байна. 2022 онд ДНБ 53.9 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон, экспортын орлого 2022 онд 12.5 тэрбум доллар байсан бол 2023 онд 15.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн, валютын нөөц анх удаагаа таван тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газар өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийг төлсөн зэргийг Ерөнхий сайд онцлов.Мөн дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой учраас Засгийн газар боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарч байна. Баклаврын сургалтын тодорхой шаардлагыг хангасан багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 100 хувь, багшийн мэргэжлээр ажлын болон ур чадварын шаардлага хангасан багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь, 15-аас дээш жил ажилласан багшийн хүүхэд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа бол төлбөрийг төр 100 хувь хариуцна.Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийж байна. 2020-2024 онд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулж цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж, сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг халсан. Багшийн сургалтын тэтгэлгийг эхлүүлж, 5000 багшид олгох юм байна. Багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулахад онцгойлон анхаарна. Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой гэдгийг тэмдэглэлээ. Цаашид боловсрол Баялгийн сантай холбогдоно. Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаас үүссэн хуримтлалын нэг хэсэг боловсролын салбарын шинэчлэл, инновац технологи болон хүний хөгжилд зарцуулагдана гэлээ.Багш нарын VIII их хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш, оюутнуудад тэтгэлэг гардуулав.Монголын багш нарын их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 1200 багш оролцож байна. Өнөөдөр багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлж байна.
2024/04/13
211
УЛС ТӨР
Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төсөл боловсруулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцлоо. Уулзалтад оролцсон 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл барилгын салбарын хууль эрх зүй, норм, дүрэм, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөлт, дэд бүтэц болон өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм.“Цагаан хуаран” ХХК-ийн ерөнхий инженер н.Оюунбаатар:-Уулзалтыг зохион байгуулж байгаад баярлалаа. Хот анх удаа хуульч даргатай болсон учраас хотын эрх зүйн байдал нэг шат ахих байх гэж бодож байна. Манай компани дахин төлөвлөлтөд орсон гэр хороолол орчимд орон сууц барьдаг. Бидэнд тулгамдаж буй асуудлын нэг бол цахилгааны асуудал. Биднийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Дулааныг шийдэж өгөөд, цахилгааныг шийдэж өгдөггүй. Үүнийг бид шалтаг гэж харалгүй орон сууцаа ашиглалтад оруулж байна.Авто замын инженер Э.Нуганцэцэн:-Барилгын компаниуд усны хаялгын төлөвлөлтийг үргэлж зам руу гаргаж байна. Барилгын салбарынхан шүүрүүлэх худаг гэдэг зүйлийг одоо хэрэглэх цаг болсон. Миний мэдэхээр “Blue Sky" тауэр зургаан шүүрүүлэх худагтай. Одоо нэг орон сууцны хороолол шүүрүүлэх худгийг ашиглах гэж байгаа. Хотоос заавал энэ шүүрүүлэх худгийг ашиглахыг үүрэг болгож болох уу? Үүнийг бүх аж ахуйн нэгж хэрэглэдэг болчихвол авто зам, явган хүний зам цас, бороотой үед усанд автахгүй болно.“Энгүүн хүслэн” ХХК-ийн төлөөлөл н.Тамир:-Манайх барилгын хөрсний усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын компаниуд сууриа тавихдаа ус тусгаарлагчийг норм, дүрмийнх нь дагуу хийх хэрэгтэй. Үүнээс болоод барилгын чанар, насжилтад нөлөөлж байна гэв.Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Арцат, Зайсан, Бага тэнгэрийн аманд хууль бусаар газар олгосон, олгосон газрыг барилгын компаниудад зарсан асуудал бий. Энд баригдсан орон сууц, барилга улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Энэ нь өөрөө эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төслийг ирэх хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянга орчим айлын орон сууц барина. Уг хоёр байршилд газар чөлөөлж байна. Барилгын компаниудтай уян хатан байдлаар тохиролцоно. Ирэх долоо хоногт уг асуудлаар барилгын компаниудын төлөөлөлтэй дахин уулзалт зохион байгуулна” гэв.
2024/04/12
217
УЛС ТӨР
Хотын дарга барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна. Уулзалтаар тус салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох юм.Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар хотын барилгажилт, баримталж буй бодлогыг танилцууллаа.Улаанбаатар хот нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж буй. Ингэхдээ хоёр хотын төв, таван дэд төвийг байгуулна. Дэд төвүүдийг байгуулснаар хотын төвийг чиглэсэн хөдөлгөөн 29 хувиар буурна гэж үзэж буй. Өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан бол үлдсэн гурван дэд төвийн дэд бүтцийн ажил үргэлжилж байна. Дэд төвүүдийг байгуулснаар шинээр 182,300 ажлын бий болно. Мөн 27 дугаар нэгж хороолол буюу Яармагт шинэ хотын төв байгуулна. Одоогоор төлөвлөлтийн ажил үргэлжилж байна. Өмнө нь хот байгуулалтын тухай хуульд барилгажих талбайн 70 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж байхаар заасан бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталснаар 60 хувь нь барилга, 40 хувь нь ногоон байгууламж байхаар болсон гэдгийг Хотын дарга хэлж байв.Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлнэ. Судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 409, ашиглахыг хориглосон 357 барилга байна. Өнөөдрийн байдлаар 1444 өрхийн 67 барилгыг буулгаж, 3270 өрхийн 26 барилгыг ашиглалтад оруулсан юм.Нийслэл хотод барилгын салбарын үйл ажиллагаа явуулж байгаа 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл тус уулзалтад оролцож байгаа бөгөөд уулзалт үргэлжилж байна.
2024/04/11
179
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна
 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэУламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нь хөдөөгийн иргэдэд хүндээр тусаж байна. Иймд гамшгийн эрсдэлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, малчдын амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэхээр уг төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгалаа.Энэ оны өвөлжилт, хаваржилтын  хүндрэлийн улмаас дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд нийт малын 9.6 хувь буюу 6.3 сая мал хорогдоод байна. Энэ нь мал аж ахуйн салбарт гамшиг тохиолдож, эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учирсныг илтгэж байна. Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна“Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх, малчид хөдөлмөрөө хорших, хоршоог хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэхэд нь төрөөс зохистой бодлогоор дэмжих явдал гэж үзэж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төслийг боловсруулсан гэлээ.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино. Малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна. Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавх дээшилнэ. Байгальд ээлтэй, инновац шингэсэн, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл хөгжинө гэж үзэж байна. Хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортолноГазар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.Тус тогтоолоор хүнсний улаан буудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох асуудлыг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлэх,  тухайн жилийн улаан буудайн өртгийн судалгаанд үндэслэн стандартын шаардлага хангасан дөрөвдүгээр ангиллын хүнсний улаан буудайн жишиг үнийг жил бүрийн дөрөвдүгээр сард зарлаж, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК-д нийлүүлэх улаан буудайн бодит үнийг  наймдугаар сард багтаан тооцож байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бордоо худалдан авсан үнийн дүнгийн 30 хүртэл хувиар, 2024 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгохоор шийдвэрлэлээ. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгажээ"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулжээ.“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгасан байна. Товч мэдээ·      УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахална.·      Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах  байгуулах төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаанд танилцууллаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хөнгөлөлтэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.·      Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2023 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.·      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтлоо.·      Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгоно. Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
2024/04/11
225
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Москва мужийн Красногорск хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гуравдугаар сарын 21-нд болсон террорист халдлагад гэм зэмгүй олон энгийн иргэн амь насаа алдаж, шархтаж бэртсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв. Мөн тэрбээр зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан ОХУ-ын Засгийн газраас 8500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгосонд талархал илэрхийлээд энэхүү тусламж хүнд цаг үеийг даван туулахад манай малчдад ихээхэн тус дөхөм болж байгааг тэмдэглэв.  Уулзалтын үеэр талууд энэ онд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 75 жилийн ойг ёслол төгөлдөр хамтран тэмдэглэхийн ач холбогдлыг онцолж, Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд хоёр талын худалдааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний салбаруудад бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.
2024/04/06
239
УЛС ТӨР
Хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой ажлууд урагшилж, бодит ахиц дэвшил гарч буйд баяртай байгааг энэ үеэр илэрхийллээ. Тухайлбал, Замын-Үүд боомтын зорчигч, ачаа тээврийн терминалын өргөтгөлийн төслийг ашиглалтад оруулах ёслолын ажиллагаанд Элчин сайдын хамт оролцсоноо дурдав. Мөн талууд Гашуунсухайт–Ганцмод хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг бүтээн байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Цөлжилттэй тэмцэх төв” байгуулах төслийн солилцох захидалд гарын үсэг зурсныг онцоллоо.Талууд хоёр талын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулах зэрэг хэд хэдэн чухал сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбогдуулж “Go Mongolia” үндэсний брэнд бүхий уриалга гаргасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, энэ хүрээнд хоёр улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүллээ.
2024/04/06
227
УЛС ТӨР
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы  /2024.04.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Г.Ганболд, Ж.Батсуурь, Ц.Сандаг-Очир, Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Сарангэрэл, Б.Бейсэн, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хуулийн төслийг дэмжихгүй байгаа шалтгаан нь төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг тус сангаас санхүүжүүлэхээр зааж улмаар улсын төсөв, хөгжлийн сан хоёрыг нэрнээсээ өөр ялгаагүй болгосон нөхцөл байдалтай, үзэл баримтлалтай төсөл орж ирсэнтэй холбоотой. Мөн маш олон харилцааг зохицуулахгүй, Засгийн газар, УИХ-ын  тогтоолоор шийднэ гэсэн зохицуулалттай, зарчмын асуудлууд нь зөрчилтэй шийдэл гаргаагүй байгаа нь  хуулийн төсөлд  хариуцлагагүй хандаж,  яаравчлан оруулж ирсэн  байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.Харин Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, өргөн барьсан төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах, гишүүдээс гаргаж буй саналуудыг тусгаад, УИХ дахь намын бүлгүүдээс хуулийн төслийг хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт оруулж ажиллуулан чамбайруулах нь зүйтэй. Ялангуяа сангийн хөрөнгийн арвижуулах бодлогыг тусгах, газрын доорх баялгийнхаа нөөцийг тогтоох ажлыг хэрхэн хийх талаар нухацтай хандах шаардлагатай байна гэсэн саналыг хэлэв.Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийг дэмжиж буй талаар үг хэлэхдээ, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж байгаа энэ хуулийн ач холбогдол өндөр. Бидний өөрсдийн туулж ирсэн зам, ирээдүйн зорилго, цаг үеийн хүндрэл бэрхшээлүүдийг нарийн эргэцүүлж тооцож, алсдаа тогтвортой хөгжлийг бий болгоход Үндэсний баялгийн сан Монгол Улсад эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоно гэж байлаа. Мөн баялгийн олборлолт болон бусад түүхий эд, эх үүсвэрээс олсон орлогын тодорхой хэсгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлснээр хойч үедээ эх орныхоо байгалийн баялгийн үр шимийг бодитойгоор үлдээх, хүртээх нөхцөлийг бүрдүүлж байна гэж байлаа.Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байна. Цаашид хуулийн төсөлд орлогын зарцуулалтыг тодорхой тусгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ирээдүйн өв сангийн тухай, Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилтэд алдаа гарсан. Тэр алдааг энэ хууль дээр давтаж болохгүй гэдгийг тодотгоод төслийг олон талаас маш сайн хэлэлцэх  нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулж байгаа тул хариуцлагатай сайн ажиллаад хуулиа батлах нь зөв. Иргэдтэй уулзахад “Эрдэнэс Тавантогой” компанийн 1072 хувьцааны ашгийг хүртэж эхэлсэндээ баяртай байна. Гэхдээ цаашдаа хуримтлал үүсгээд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, хөгжлийн шинэ түвшинд хөгжил хүрээсэй гэх зэргээр хүлээлт үүссэн байна. Иргэдийн хүлээлтийг хэрэгжүүлэх ажлыг хөгжлийн сангаас санхүүжүүлэх бүрэн бололцоотой. Иймд хуулийн төслийг маш нухацтай, тун хариуцлагатай хэлэлцэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт удаан хэлэлцсэний эцэст амьдралд хэрэгжих гэж байгааг дурдаад хамгийн чухал нь Үндэсний баялгийн сан бусад сангууд шигээ “авлигын сан” болж болохгүй гэдгийг анхааруулж байлаа.Ингээд Эдийн засгийн байнгын хорооны саналын дагуу “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.0 нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/04/05
178
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа,Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ.  Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр, ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч бодит үнэн юм аа.  Монголчууд бидний итгэмтгий, уйдамхай, өрөвч занг ашиглан баялгийг нь, газрыг нь, нийтийн өмчийг нь, шүүхийг нь, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны шүлс мэт хэрсэн авилгын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж эхэлж, мөсөн уулын оройг харж эхэлж байна.  Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюутолгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан билээ.  Эрдэнэтийн 49 хувийн луйвар таслан зогсоогдсоноор улсад төвлөрүүлж байсан 962 тэрбум, хоёр их наяд төгрөг болно гэдэг цэвэр ашиг нь цар тахлын үед дулаан, цахилгаан төлөх хэмжээнд давна гэдэг бүлэглэл ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгөтэй байсан гэдгийн энгийн нэг нотолгоо юм.  Эрдэнэс Тавантолгой компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна. Улсын төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр анх удаа давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.доллар давна гэдэг ямар их хэмжээний боломж алдагдсаны бас л нэг жишээ юм.  Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа.  Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь Эрдэнэс Монголын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг Улсын Их Хурал удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч, 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой.  Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно.  Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.  МАНАН хэмээн томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав.  Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн Монгол хүн баялагтаа эзэн байх тогтолцооны реформын эхлэл цэг бөгөөд улс төрийн намуудын түвшинд олон жил яригдсан салангид төслүүдийн уулзах цэг болж чадна гэдэгт итгэж байна.  Үзэл бодлын зөрүүтэй ч суурь зарчимд нэгдэхээ илэрхийлсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархаж байгаагаа илэрхийлье. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын  сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан еболно. Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг энэхүү хуулийн хүрээнд нээж байна.   Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд ШУУД төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэ хуулийн төсөлд тусгагдлаа.   Энэ нь уул уурхайн баялгийг зөв, өгөөжтэй ашиглах тусам иргэдийн хуримтлал арвижиж, хүний хөгжил, нийгмийн тогтвортой байдлын цөм болсон дундаж давхаргыг бүрдүүлэх суурь асуудал болсон орон сууц, боловсрол, эрүүл мэндийн бодлогын цогц томоохон реформ болох стратегийн ордуудаа иргэд өөрсдөө бүлэглэлийн эрх ашгаас хянах, үр өгөөжтэй ажиллахыг шаардах, байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан, нээлттэй уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг илүү хүртээмжтэй болгоход чиглэгдэх давуу талтай гэж үзэж байна.  Хөгжлийн сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.  Хөгжлийн сан нь Монгол Улсын нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой бөгөөд метро, гүүрэн байгууламж, шинэ хотууд, орон нутгийн хурдны зам зэрэг улсын төсвөөс шууд санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төслүүдийн үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.                         Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих, арвижах суурь зарчим нь ил тод, шударга ёсны зарчим. Баялаг бүтээх, баялаг ашиглах гэдэг бол олон улсын жишигт тэнгэр газар мэт өөр ойлголт байдаг билээ. Байгалийн баялаг нь хүний гараар бүтээгдээгүй, дахин сэргээгдэхгүй, олон сая жилийн хугацаанд бий болсон, газрын хэвлийд орших ард түмэн бүх нийтээр үр өгөөжийг нь хүртэх учиртай баялаг юм. Аль ч улсын дахин сэргээгдэхгүй баялгийг ашиглагчид тухайн ард түмэндээ туйлын хүндэтгэлтэй хандах нийгмийн хариуцлагатай байдаг нь олон улсын нийтлэг ёсзүйн хэм хэмжээ байдаг билээ. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,Улстөрч сонгууль боддог бол, төрийн зүтгэлтэн ирээдүйн шинэ үеийг боддог гэдэг үг бий. Сонгууль дөхсөн байгааг ойлгож байгаа ч тангараг өргөсөн нийтийн эрх ашгийг төлөөлж буй төрийн зүтгэлтний хувиар харж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн баталж өгнө гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэж байна. Баярлалаа гэлээ.
2024/04/04
248
УЛС ТӨР
Хаалттай хуралдаанаар Татварын ерөнхий газрын мэдээллийг сонслоо
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо  (2024.04.03) хаалттай хуралдлаа. Хуралдаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) эмийн үнэд хэрхэн нөлөөлж буй талаарх Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсов.Хянан шалгах түр хороо эмийн үнэд нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан судлахын зэрэгцээ иргэд, олон нийтээс үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээлэл авч байна. Түр хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/04
170
УЛС ТӨР
Л.Оюун-Эрдэнэ: Парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт /2024.04.03/  өргөн барилаа. Ерөнхий сайд энэ үеэр “Парламентад суудалтай улстөрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж байна” гэдгийг онцоллоо.Хуулийн төсөл нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавих харилцааг зохицуулах зорилготой юм.Тус хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд эерэг үр нөлөө гарна гэж үзэж байна.
2024/04/04
214
УЛС ТӨР
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засаг дарга нарт үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх,  ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засаг дарга нарт үүрэг болголооУлсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх,  аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх,  ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.Газрын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын дагуу Засгийн газраас анх удаа улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ. Тогтоол батлагдсанаар  Газрын тухай, Хот байгуулалтын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг цаашид таслан зогсоох, хязгаарлах, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.Түүнчлэн улсын хэмжээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллага, соёл, спортын барилга, байгууламж болон зам, шугам сүлжээний дэд бүтэц, ногоон байгууламж байгуулах газрын асуудал шийдвэрлэгдэж, холбогдох төсөл арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам баринаНийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.  Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллана. Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх юм.Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртлэх 15,3 км нүхэн гарц (туннел) бүхий авто замын урьдчилсан судалгаа хийж байна. Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн саналыг танилцууллааНийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа.Дэлхийн томоохон хотуудын хэрэгжүүлж буй “20 минутын хотын концепц” болон Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршлыг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын Засаг захиргааг 14 дүүрэг, 42 нэгжид хуваарилан зохион байгуулахаар санал боловсруулснаа танилцууллаа.Тус шинэчлэлтийг хийснээр нийслэлийн одоогийн чиг үүрэг 58 хувиар буурах бол дүүргийн чиг үүрэг 15, анхан шатны нэгжийн чиг үүрэг 95 хувиар тус тус нэмэгдэж чиг үүргийн төвлөрөл буурч, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Цаашид ажлын хэсэг нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбогдуулж дагалдах хууль эрх зүй, хот байгуулалтын чиглэлээр дэлгэрэнгүй судалгаа, мэдээллийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Товч  мэдээ·      Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд оролцож хоёрдугаар байр буюу “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.·      “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”-г хавсралтаар баталж, бүтцийн хүрээнд заасан чадамжуудыг нарийвчлан ур чадварын түвшингөөр нь сургалтын хөтөлбөр, үнэлэх аргачлал боловсруулж, түгээх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
2024/04/03
228
УЛС ТӨР
Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний талаарх мэдээллийг сонсож, Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргалаа
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны  (2024.04.02)-ийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар гепатитын D вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний тухай болон хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар мэдээлэл хийлээ.Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэлдээ, Монгол Улсад гепатит вирусын тархалт өндөр, халдвартай иргэд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөх, нас барах тохиолдлоор дэлхийд дээгүүрт орж байгааг дурдаад, B, D вирусийн хавсарсан халдвартай өвчтөний 80 хувь хүндэрч байгаа талаар мэдээлэв. Тэрбээр, B вирусын халдвартай хүмүүсийн 5.0 хувь нь гепатитын D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) үздэг бөгөөд олон улсад хийгддэг нэгдсэн мета-анализын аргаар тооцож үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66 000 хүн байх тооцоо гарсныг тэмдэглэв. Засгийн газар 2002 оноос вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2017 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Сүүлийн хоёр жилд буюу миний сайдаар ажиллах хугацаанд D вирусийн булевиртид эмийг “өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн, урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг хоёр дахин өсгөсөн, элэг хамгаалах Бидика эмийг үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад оруулсан, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилт хуваарилсан, B, D вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн эмчилгээний үед хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тооцдог болсон, Хадварт өвчин судлалын Үндэсний төв (ХӨСҮТ)-ийн амбулаторын тасагт гепатитын B, D вирусийн халдвартай иргэдэд үйлчлэх шинэ кабинет нээсэн, 21 аймаг, есөн дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулж эмнэлзүйн чадавхыг бэхжүүлсэн зэрэг ажлуудыг хийгээд байна хэмээн сайд мэдээлэлдээ дурдав. ДЭМБ-аас гепатитын D вирусийн халдварыг эмчлэхэд пэг-интерферон хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд эмчилгээ 48 долоон хоног үргэлжилдэг талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулаад, дэлхий дахинд ирээдүйтэй эм хэмээн булевиртидийг үзэх болсон гэсэн юм. ОХУ-д Мирклудекс Б (Myrcludex B), АНУ-д Хэпклудекс (Hepcludex) булевиртид эмийг Европын Холбооны зарим улс болон ОХУ эмчилгээнд нэвтрүүлж байгаа бол АНУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. Харин манай улс энэ оны нэгдүгээр сард эмчилгээний зааварт өөрчлөлт оруулж, пэг-интерфероны, булевиртидийн, булевиртид ба пэг-интерферон хавсарсан гэсэн гурван төрлийн эмчилгээний горимыг тусгажээ.Булевиртидыг анх ОХУ-д хийсэн бөгөөд патентаа АНУ-ын Gilead Science компанид худалдахдаа зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг авч үлдсэн тухай Эрүүл мэндийн сайд мэдээлээд, иймд манай улсын халдвартай иргэд ОХУ-ын Буриад Улс руу очиж эмчлүүлэх тохиолдол цөөнгүй байна гэсэн юм. Эрүүл мэндийн яамнаас ОХУ болон АНУ-тай булевиртид эмийг нийлүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд аль аль тал нь хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгдээд байгаа ажээ. Мөн ОХУ-ын Буриад Улсад монгол иргэдийг эмчилгээнд хамруулах талаар ХӨСҮТ болон Улаан-Үдийн СПИД төв хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна.“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтэд 2023 онд 13.5 тэрбум төгрөг тусгасны 9.7 тэрбум төгрөгөөр пэг-интерферон худалдан авах эрхийг ХӨСҮТ-д шилжүүлж, тендер зарлажээ. Тендерт “Илдэнгүн хошуу” ХХК шалгарч, 7.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан боловч “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ)-аас уг тендер шалгаруулалтад хяналт, шалгалт хийлгэхээр Улсын Их Хурлын гишүүнд болон хууль хяналтын байгууллагад хандсан тул уг худалдан авалтыг зогсоосон байна. Хэрвээ зогсоогоогүй бол гепатитын D вирусийн халдвартай 800 гаруй иргэнийг тарилгад хамруулах боломжтой байсан гэж Эрүүл мэндийн сайд онцоллоо. Тус тендерийн үнэ болох 7.7 тэрбум төгрөг хэрэглэгдээгүй, ХӨСҮТ-д байгаа бөгөөд улсын төсөвт энэ зориулалтаар 7.0 тэрбум төгрөг тусгагдаад байгаа ажээ. Нийт 14.0 тэрбум гаруй төгрөгийн эм худалдан авахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, эмчлүүлэгчдийн өртөг, зардлыг өсгөхгүй байх шаардлагатайг сайд онцлоод, энэ асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх тул дэмжиж өгөхийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдээс хүсэв.“Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ-аас ОХУ-ын Буриад Улсад эмчилгээ эхлүүлсэн 60 хүнийг төрөөс зардлыг нь хариуцах үнэ төлбөргүй эмчилгээнд эхний ээлжинд хамруулах, булевиртидийг АНУ-аас бус ОХУ-аас авах шаардлагыг тавьж байгаа хэмээн Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдаад, үнийн хувьд АНУ-аас авах нь эмчлүүлэгчдийн сар тутмын зардалд хэмнэлттэй тусаж байгааг онцолсон юм. Тус НҮТББ-ын хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа сайд илэрхийлээд, тендерийн асуудлыг шалгаж дууссаны дараа тэдгээр хүмүүсийн заримыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн юм.Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Чинбүрэн, Т.Аубакир, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал бодлоо хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, гепатитын B, D вирусийн халдвартай иргэдийн дийлэнх нь эмнэлгээс халдвар авсан байгааг онцлоод, төрийн буруутай үйл ажиллагаанаас болсон асуудлууд цаашдаа маш их гарахаар байгааг харгалзан төрөөс иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж, нөхөн төлбөр олгодог байх тухай хуулийн төсөл санаачилж байгаагаа хэлэв. Тэрбээр, аливаа салбар зах зээлийн зарчмыг баримтлах ёстой ч эрүүл мэндийн салбарт ингэж болохгүй, иргэдэд ямар эм, эмчилгээ илүү чухал байна вэ гэдгээр асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлээд, ОХУ-ын Буриад улсын эмч нарыг Монгол Улсад урьж ажиллуулах боломж бий эсэхийг асууж, тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааг сайжруулахыг зөвлөсөн юм.Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, пэг-интерфероны эмчилгээ хоцрогдсон, одоо дэлхий дахинд булевиртид эмийн эмчилгээ тэргүүлэх байр суурьтай байгааг олон улсын мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байхад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2023 оны санхүүжилтээр пэг-интерферон худалдан авахаар тендер зарласан нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлж, булевиртид ба пэг-интерферон хавсарсан эчилгээ илүү үр дүнтэй гэсэн ташаа мэдээлэл хийхгүй байхыг сануулав. Тэрбээр, пэг-интерфероны эмчилгээ хийлгэж байгаа 100 хүний 30 нь гаж нөлөөнөөс болоод уг эмчилгээг үргэлжлүүлж чаддаггүй, эдгэрэх магадлал ердөө 25-26 хувьтай байдаг эмийг зүтгүүлээд байгаагийн цаана ашиг сонирхлын зөрчил байна гэсэн хардлага тээж буйгаа хэлсэн юм. Мөн, 2023 оны төсөвт туссан 13.5 тэрбум төгрөгийн төсвөөс 1.8 тэрбум төгрөгөөр ХӨСҮТ-ийн оношлуур, багаж хэрэгслийг шинэчлэхэд дотор нь чих, хамар, хоолойн оношлуурын Лорын аппаратыг оруулж авсан нь элэгний B, D вирустэй ямар холбоотой вэ гэсэн асуулт тавив. Үүнд ХӨСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа, халдвар тархалтыг оношлохын тулд бүх төрлийн багаж, хэрэгсэл хэрэгтэй байдаг гэсэн хариулт өгсөн юм. Мөн тэрбээр, богино хугацааны уламжлалт пэг-интерферон эмчилгээний механизм нь элэгний вирусийн үржлийг нь дарангуйлдаг бол урт хугацааны булевиртид эмчилгээний механизм нь вирусийн элэгний эс рүү нэвтрэх гарцыг хаадаг талаар тайлбарлаад, аль алинд нь давуу бол сул тал байдгийг дурдаж, хавсарч хийсэн тохиолдолд 80-100 хувийн үр дүн гарч байгааг судалгааны дүгнэлтэд түшиглэн ярив. Эм, эмчилгээний сонголтын хувьд хэнд ч, ямар ч ашиг сонирхол байхгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдэж, пэг-интерферон бол өнөөдрийн байдлаар ДЭМБ албан ёсоор бүртгэсэн цорын ганц эм болохыг тодотголоо.Хөдөө, орон нутгийн иргэд хөдөлмөр эрхлэх болон электрон тамхины хэрэглээг хязгаарлах эсэх, Монголд эмчлэх боломжгүй өвнөөр өвдсөн иргэдийг хэрхэн дэмжих талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, элэгний С вирусийн өвчлөлтэй тэмцэх асуудлыг халдвартай хүн нэг бүрт 100-200 ам.доллароор тооцон улсын төсөвт санхүүжилт суулгаж шийдвэрлэсэн тухай ярьж, төсөв батлах, тодотгох бүр нэмж тусгах замаар гепатитын B, D вирусийн халдварыг иргэдийн халааснаас зардал гаргалгүй төрөөс 100 хувь дааж шийдвэрлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, АНУ болон ОХУ-тай эмийн үнийг хямдруулах талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийж байгаа Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт баяр хүргээд, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг өсгөн нэмэгдүүлнээр өнөөдөр дотоодын эмийн зах зээл дээр 500-700 тэрбум төгрөг эргэлдэж байгааг онцолж, зардал санхүүжилтыг чухал зүйлд чиглүүлж, цаг алдалгүй шийдвэрлэж ажиллах шаардлагатай гэсэн юм. Мөн, тендер шалгаруулалтыг үр дүнтэй, зөв, шуурхай зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг онцолж, ХӨСҮТ-ийн худалдан авалтыг будлиулсны цаана тодорхой эрх ашиг байгаа бол түүнийг илрүүлж хариуцлага тооцох ёстойг зөвлөв.“Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ дээрх 7.7 тэрбумын тендер шалгаруулалтын асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан бол шийдвэрлэгдэхэд хугацаа орохоор болсон байна гэж Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир анхааруулаад, халдвартай иргэдийн эмчилгээнд сар тутам 6-7 сая төгрөг, жилд 100 сая орчим төгрөгийн зардал шаардагдах бол 66 000 иргэний эмчилгээний зардлыг улсын төсөв даахгүй. Иймд эмчилгээний зардлыг төрөөс 100 хувь даах тухай ойлголтыг олон нийтэд өгөх нь буруу гэсэн юм. Гепатитын B, D вирусийн халдвараас гадна Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин байна. Цаашид энэ маягаар зардал санхүүжилт шаардаад байвал бүгдийг төрөөс шийдвэрлэх боломж бололцоо байхгүй тул иргэдийн өөрсдийнх нь эрүүл мэндээ хамгаалах үүрэг, хариуцлагыг бас ухуулан таниулах нь зүйтэй хэмээн тэрбээр сануулав.Үүнд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, иргэдээс эн тэргүүнд тавьж байгаа зүйл бол эмчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцах тухай хүсэлт болохыг тодотгож, шийдвэрлэх боломж бий гэж үзэж байгаагаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж байхдаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газраас 29 сая еврогийн зээл авсныг тэглээд, ДОХ, сүрьеэгийн эмчилгээнд зориулж Глобал сангаасаа олгох санхүүжилтийн энэ хэмжээгээр нэмэх асуудлыг тус улсын тал санал болгож байгаа талаар мэдээлсэн юм. Уг санхүүжилтын зориулалтад B, D вирусийн халдварын эмчилгээг нэмж оруулах талаар ярилцаж байгаа хэмээн тэрбээр ярив.Төсвийн санхүүжилт, түүний хэмжээг шийдвэрлэхийн тулд халдвар авсан иргэдийнхээ тоог нарийвчлан тогтоож, илрүүлэх шаардлагатай гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл онцлон зөвлөж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн байр суурь, “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ-ын шаардлага зэрэгт уян хатан хандах нь зүйтэй гэлээ. Тэрбээр, Ковид19 цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үүсэж бий болсон нөхцөл байдлыг ил тод мэдээлж, холбогдох талуудаар тайлбарлуулж, нээлттэй ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг өнгөрсөн онд хийсэн эмчилгээний үр дүн, лабораторийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, эрт илрүүлгийн явцын талаар асуулт асууж хариулт авсан юм. Өнөөдрийн байдлаар 28 лаборатори B, D вирусийг тоолох шинжилгээ хийж байгаа талаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн А.Баярзаяа хариулт өгсөн юм. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, гепатитын B вирусийн эсрэг дархлаажуулалтыг манай улс 0-2 насны хүүхдүүдэд, үндсэндээ төрмөгц хийдэг учир хамралт маш сайн байдгийг ярьж, харин уг вирусийн дархлаа хүний хэдэн насанд унаж байгааг нарийвчлан судлах шаардлагатай гэлээ. Мөн өөрсдийн зардлаар эмчлүүлсэн B, D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгох олон хувилбар аргыг ярилцаж байгаа хэмээн тэрбээр хариуллаа.Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссонтой холбогдуулан тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл илэрхийлээд, сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлэх талаар тодорхой чиглэл өгөх саналтай байгаагаа хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, эмчилгээний зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэх чиглэл өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, халдварыг тархаахгүй байх хяналтыг сайжруулах талаар тогтоолд тусгах нь зөв гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эмийн хөгжүүлэлт дэлхий дахинд маш эрчимтэй явагдаж байгаа болон халдвар хяналтын тогтолцоог сайжруулснаар алсдаа гепатитын B, D вирусийн халдвар арилах талаар ярьж, эмчилгээний өртөг зардал цаашдаа улам хямдрах тул төрөөс хариуцах боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, Байнгын хорооны тогтоолд, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг эрчимжүүлэх асуудлыг оруулах нь зүйтэй гэсэн санал гаргав.“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав. Тогтоолоор, “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний төлөвлөгөө (2022-2025)-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээг авах, гепатитын В вирусийн эсрэг дархлал тогтцыг судлан, нэмэлт дархлаажуулалтад хамруулах асуудлыг судалж, шийдвэрлэх, гепатитын В, D, С вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хяналтыг сайжруулах, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, В, D вирустэй иргэдийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах талаар судлах, боломжит арга хэмжээг авч шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгов.Дараа нь Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаарх мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хийсэн юм. Тэрбээр, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ, хомсдолын талаарх судалгааг богино хугацаагаар хийж ирсэн нь дунд болон урт хугацаанд ашиглагдах боломжгүй байдгийг дурдаад, иймд 2035 он хүртэл хөдөлмөрийн зах зээлд шаардагдах эрэлттэй ажил мэргэжлийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн судалгаа шинжилгээний байгууллагуудын аргачлал загварыг харьцуулан судалснаа танилцуулав. Тэрбээр, судалгааны үр дүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тогтолцоог бүрдүүлэх, энэ зах зээлд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх буюу боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээлийн уялдааг хангаж ажиллах, макро, микро түвшний хоорондын харилцан үйлчлэлд дүн шинжилгээ хийх, бодлогын өөрчлөлт, эдийн засгийн шок, салбар хоорондын уялдаа холбоо, хөдөлмөр эрхлэлтийн үр нөлөөг үнэлэх боломж бүрдэнэ гэлээ.Судалгааны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батбаатар хийлээ. Тэрбээр, олон улсад хөдөлмөрийн зах зээл томоохон сорилтуудтай тулгарч байгааг танилцуулгынхаа эхэнд онцлоод, ажил эрхлэлтийн өсөлт удаашрах, ажиллах хүчний хомсдол нэмэгдэх, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, төрөлт буурч буй зэргээс шалтгаалсан хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн өөрчлөлтүүд, бүтээмжийн өсөлт зэрэг эдгээр томоохон сорилтууд манай улсын хөдөлмөрийн зах зээлд ч ажиглагдаж байна гэлээ.Ажиллах хүчний оролцооны түвшин 58.6 хувьтай болоод байгаа ч энэ нь олон улсын дундажтай ойролцоо бол ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 7.5 сар байгаа нь олон улсын дунджаас доогуур үзүүлэлт болохыг тэрбээр дурдаж, бодит цалин сүүлийн 10 жилд амвдоллараар илэрхийлбэл ердөө 17 хувиар өссөн нь хангалтгүй дүн болохыг тэмлэглэв. Технологийн дэвшлийн түвшин манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр тун доогуур, түүн дээр ажиллах мэргэжилтэн дутмаг байгаа нь бүтээмжийг бууруулж буй нэг гол хүчин зүйл болж байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд бэлтгэсэн мэргэжлийн чиглэлүүдийг харьцуулан харахад худалдаа, бизнесийн удирдлагын чиглэлээр маш их боловсон хүчин бэлтгэсэн нь өнөөдөр ихээхэн илүүдэлтэй болсон нь судалгаагаар харагдсан байна. Гэтэл инженерийн чиглэлээр багагүй мэргэжилтэн бэлтгэж байгаа ч эрэлтээ эрэлт хангахгүй байгааг Б.Батбаатар захирал дурдав.Мэргэжлийн боловсрол, сургатын байгууллагын төгсөгчдийн 43 хувь нь их, дээд сургууль төгсөгчдөөс өндөр цалин авч байгааг тэрбээр танилцуулгадаа онцолж, энэ хөдөлмөрийн зах зээлийн шингээлтээс алдагдсан боломж болон үр ашгийг тооцоолох шаардлагатай гэсэн юм. Мөн хүн ам зүйн учир шалтгааныг хөдөлмөр эрхлэлтийн бодлогод анхаарах хэрэгтэй нь судалгаагаар тогтоогдсон талаар дурдав. 2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоог судлаачид хийсэн байна. Мөн албан бус хөдөлмөрийг зохистой хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх асуудлыг бүх түвшинд анхаарч шийдвэрлэх шаардлага тулгарч буй юм. Хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаад улсууд руу чиглэж байгаа ажиллах хүчнийг дотооддоо хэрхэн шингээх, цагаачлалын асуудалд ямар бодлого баримтлах зэрэг олон асуудлыг судалгааны хүрээнд хамруулан авч үзсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчид, их, дээд сургууль, коллежид элсэгчдийн тоо 2026-2027 оноос эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тул их дээд сургуулиудын тоог цөөлөх бус сургалтын чанарыг сайжруулах, мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдөд чиглэсэн тодорхой бодлого баримтлах нь зүйтэйг судалгааны дүн харуулж байна.Судалгааны хүрээнд дэлхийн 200 гаруй улс орны сүүлийн 30 жилийн тоон мэдээлэлд үндэслэж эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийн түвшний хамаарлын мэдрэмжийн коэффицентүүдийг харьцуулж, задлан шинжилгээ, үнэлгээ хийсэн байна. Тухайлбал, 2035 онд хүртэл ДНБ-ий өсөлтийг хангахад шаардагдах ажиллагчдын тоо, дутагдах болон нэмэгдэх ажиллагчдын хувь хэмжээг эдийн засгийн өсөлтийн хувилбар трендүүдээр харьцуулан тооцоолжээ. Үүнээс, 2023 оны төсөөлсөн өсөлтийг хангахад 159 000-228 000 ажиллах хүч нэмж шаардагдана гэсэн тооцоо гарсан байна. Мөн салбар бүрийн ажиллах хүчний эрэлтийн судалгааг яамдаас авч, бодлогын баримт бичгүүд, Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хүртэл нэгбүрчлэн тооцож  голлох мэргэжлүүдийн эрэлтийн тооцоог гаргажээ.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батбаатар танилцуулгынхаа эцэст, бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдаад, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тогтолцоог хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн макро бодлогын зөвлөлийг Улсын Их Хурал болон Засгийн газрын дэргэд байгуулж ажиллуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэчлэн батлах, мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, нийтлэг үйлчилгээг боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлэх хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг дүгнэсэн юм. Тухайлбал, боловсролын салбарын ажиллагчдыг зуны улиралд аялал жуулчлалын салбарт, газар тариалангийнхныг өвлийн улиралд тээвэр, агуулахын салбарт ажиллуулах гэх мэт харилцан уялдаатай хамтын ажиллагааг чухал байгааг онцолсон. Мөн, хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх буюу боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээлийн уялдааг хангаж ажиллах хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн найм, есдүгээр ангийн сургалтын хөтөлбөрт ажил хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх хөтөлбөр, хичээлийг оруулах, байнгын хувьсан өөрчлөгдөх хөдөлмөрийн зах зээлд ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх үзэл баримтлалыг насан туршийн боловсролын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад эрэлтэд тулгуурласан, ажил олгогчдын захиалгаар ажилтнуудыг богино хугацаанд сургаж бэлтгэх, давтан сургах уян хатан тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн, дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх шаардлага, шалгуурт өөрчлөлт оруулах, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM)-ын мэргэжлийн чиглэлд болон Монгол Улсад түлхүү ашиглаж буй техник, технологийн эзэн орны их, дээд сургуулиудад суралцахад Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгийг чиглүүлэх шаардлага байгааг ч дурдсан юм. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэдээллээр бодлого боловсруулагчид болон иргэд, олон нийтийг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг мөн судалгааны дүн харуулж байна.Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл үг хэлж, бодит цалингийн өсөлтийг хангах, ажил, мэргэжлийн хандлагыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, хүний нөөцийн бодлогыг шинэчлэх талаар байр сууриа илэрхийлэн, эдгээр асуудлаар Засгийн газраас тодорхой санал боловсруулж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, эдийн засгийн салбар бүрт тулгамдаж байгаа ажиллах хүчний асуудлыг нарийвчлан гаргасан, улс төрийн намуудын төдийгүй дараагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг үндэс суурь болохуйц сайн судалгаа болсныг сайшаагаад, үүнийг цааүид бодлого боловсруулагч нарт төдийгүй бүхий салбар, их, дээд сургуулийн оюутан, суралцагч нар, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрчний эвлэлийнхэнд танилцуулж, олон хүнд ойлгуулахыг зөвлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/04/03
485
УЛС ТӨР
Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газартай холбоотой зөрчилтэй заалтыг хасах хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Байнгын хороодын дарга нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  (2024.04.02) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалт байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна. Иймд зөрчилтэй заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас ирүүлсэн саналд газар ашиглахтай холбоотой тухайлсан харилцааг Газрын тухай хуулиар зохицуулсан тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгохыг дэмжсэн байна. 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Улсын Их Хурлын бүрэн эрхэд “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.6-д Засгийн газрын бүрэн эрхэд “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заажээ.Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан саналаа илэрхийлсээр байгаа бөгөөд иргэн Н.Номун-Эрдэнээс “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” агуулгатай нийтийн өргөдлийг гаргасныг 100,167 иргэн дэмжиж саналаа өгөөд байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/03
189
УЛС ТӨР
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2024.04.02) “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Орхон аймгийн удирдлагууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны болон Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцов.Өнгөрсөн гуравдугаар сард Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд тус үйлдвэрт ажиллахдаа ажилтнуудтай уулзаж, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчны зохицуулалт, ажилтнуудын нийгмийн асуудлын талаар ярилцаж, санал солилцсон. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д үйлдвэрийн зарим ажлын байрыг нэмэлтээр оруулах, дүйцүүлэх, хасуулах саналыг дэмжиж ажиллах хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүдэд уламжилсан юм.Тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2021-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Ногоон титэм” ХХК болон “Эрүүл ахуй, хор судлалын лаборатори” ХХК-тай хамтран 41 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хэмжилт, судалгааг хийж, дүгнэлт зөвлөмж гаргуулжээ. Тухайлбал, хүнд даацын автомашины жолооч (белаз ачааны даац 100.1 тн-оос их) хөдөлмөрийн хортой нөхцөлийн үнэлгээгээр хортой нөхцөлийн 4 дүгээр зэрэг хамаарах дүгнэлт гарчээ. Үйлдвэрийн белазын жолооч нар 256 метрийн гүнд ажилладаг бөгөөд ажлын байрны онцлогоос шалтгаалан уушгины цулцанд нэвтэрдэг тоосны өртөлт стандартаас 2-23 дахин их байна. Энэ нь урт хугацаандаа ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нас барах шалтгааныг тэргүүлэх болсныг тус үйлдвэрийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч М.Болормаа хэллээ. Иймд ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай байгааг харгалзан дээрх хүсэлтийг гаргасан байна."Эрдэнэт” үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр, 2003 оны хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сард ОХУ-ын “Ростех” корпорац өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшиж байв.Монгол Улсын Засгийн газар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталсан байдаг. Үүнээс хойш зарим ажлын байрны нэршлийг хууль тогтоомжид нийцүүлээгүйгээс орхигдсон байна. Мөн зарим ажлын байрны нэршил нь мэргэжлийн тодорхой нэршил биш харин Монгол Улсын хэмжээнд зөвхөн тус үйлдвэрийн бүтэц, нэгжид хамааралтай, олон ажлын байрыг хамруулсан нэршил байдаг байна. Тиймээс хэт ерөнхий нэршлийг холбогдох жагсаалтаас хасуулж, зарим орхигдсон ажлын байрны нэршлийг дүйцүүлэн тусгах саналаа гаргасан байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн “Бутлуурчин” гэсэн ажлын байрыг Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 27 дугаар зүйлд хамаарах “Бутлах тээрмийн машинч”-тай дүйцүүлэх, Засвар механикийн заводын “Голч баригч” гэсэн ажлын байрыг Хөдөлмөрийн халуун нөхцөлийн 2 дугаар зүйлд хамаарах “Хэвчин”-тэй дүйцүүлэх, Ил уурхай, Авто тээврийн цехийн “Цахилгаан ба хийн гагнуурчин” гэсэн ажлын байрыг Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 27 дугаар зүйлд хамаарах “Гагнуурчин”-тай дүйцүүлэх зэргээр найман ажлын байрыг дүйцүүлэх саналаа гаргажээ.Эдгээр саналыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад уламжилж, зохих журмын дагуу богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсэв. Салбарын яамнаас хүсэлтийг нягталж үзээд ойрын хугацаанд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хуралдаанд танилцуулна гэдгээ илэрхийллээ.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо нь ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх чиг үүрэгтэй. Уг хороог төрийн захиргааны болон ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий тэнцүү тооны гишүүдийг оролцуулан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулан ажилладаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/04/02
195