mmnews.mn | 2024-05-20

УЛС ТӨР

УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар сонслоо
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд  /2024.03.19/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь ирц бүрдсэн тул хуралдааныг нээснээ мэдэгдээд, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 1992 оноос хойш явагдсан бүх шатны сонгуулиудын үеэр иргэд, сонгогчдоос ирүүлж байсан санал, гомдол, тойргийн болон хэсгийн хороодод тулгардаг бэрхшээл, тулгамдсан асуудлын талаарх судалгаа, мэдээллийг орон нутгийн анхан шатны нэгжүүдээс авч, ирүүлэх хүсэлтийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд явуулсан. Бараг бүх аймгаас мэдээлэл ирүүлсэн тул сонгуулийн үйл ажиллагаанд холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт уншиж, танилцан зохих арга хэмжээг авна. Энэ удаагийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл, танилцуулгыг сонсоно гэсэн юм.Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийн явцыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нар танилцууллаа.Сонгуулийн Ерөнхий хорооны даргын мэдээлснээр бол Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа. Тухайлбал сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэлд хамаарах 9 төрлийн багц тоног төхөөрөмжид техникийн үзлэг, үйлчилгээг өнгөрсөн оны сүүлчээр бүрэн хийж, гүйцэтгэсэн. Манай улсын хувьд 2223 байршилд үүрэн холбооны сүлжээ бий. Тэдгээр байршлаас санал хураалтын дүнг түргэн шуурхай дамжуулах зорилгоор дэд бүтцийн бэлтгэл, судалгааг үргэлжлүүлж байна гэв. Түүнчлэн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан www.e-election.mn буюу “Сонгуулийн мэдээллийн цахим систем”-ийг шинээр ашиглалтад оруулсан. Уг систем нь тоног төхөөрөмж ашиглалтыг цахимаар бүртгэж, хөтлөхөөс гадна бүх шатны сонгуулийн хороодод цахим сургалтт явуулах, сонгуулийн үед үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүртгэлийн ажлыг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгосон нь сонгуулийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм. Бэлтгэл ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг дахин тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлээс ангид байх үүднээс сонгуулийн төв байгууллагаас хүсэлт өгч, Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжийг авч хэрэгжүүлж эхэлсэн гэсэн товч мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өгөв.Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, сонгогчдын бүртгэлийн тоног төхөөрөмжийг 2013 оны арваннэгдүгээр сараас хойш шинэчлээгүй байсныг өнгөрсөн онд шинэчилсэн. Техникийн шинэчлэлийг хийснээр цахим сонгууль явуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой үүсдэг гомдол, саналыг харгалзан үзэж, бэлтгэлээ хангаж байгаа. Үүнд иргэний бүртгэл, мэдээллийг цахим системд алдаа мадаггүй байлгаж, хаягжуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран сэргээн сайжруулсан. Иргэдэд мэдээлэл өгөх, сургалт, судалгааны ажилд онцгойлон анхаарч ажиллаж байна. Сонгогчдын бүртгэлийг боловсронгуй, ил тод байлгах үүднээс www.check.burtgel.gov.mn цахим талбарыг нээн ажиллуулж эхэлсэн.  Иргэд тус талбарт нэвтэрч, өөрийн байнга оршин суудаг хаяг дээрх өөрийн болон бусад хүний мэдээллийг шалгах боломжтой. Хэрвээ тухайн хаягт өөр хүмүүс бүртгэгдсэн, мэдээлэл зөрчилтэй тохиолдолд хүсэлт гаргаж, шалгуулна. Цөөнгүй хүний гомдлыг хүлээн авч шалган зөрчлийг арилгуулсан гэсэн юм.Ийнхүү холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа мэдээлэлтэй холбогдуулан Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батсуурь нар асуулт асууж, хариулт авав. Сонгуулийг шударга явуулахын тулд иргэдийг мэдээллээр хангах, ялангуяа сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зар, сурталчилгааг олон нийтэд түлхүү хүргэх шаардлагатайг онцолсноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 
2024/03/20
195
УЛС ТӨР
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна
Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр тус компанийн удирдлагатай уулзаж, уг асуудалд хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа.Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 6000 айлын орон сууц бариулсан байдаг. Түүнчлэн нийслэл тухайн байгууллагын 49 хувийг эзэмшдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хотод хуваарилсан байна.Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдаад байна. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” гэдгийг онцлов.Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Та бүхэн өнгөрсөн хугацаанд хуулийг уландаа гишгэж, түмний мэдэлд байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг бусдад шилжүүлж, барилгажууллаа. Нийслэлээс жил бүр цэнгэлдэх хүрээлэнд засвар хийдэг. Гэтэл тус байгууллага нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, олсон орлогоосоо нийслэлд ногдол хуваарилдаггүй. Нийслэлийн төсвөөр тохижуулсан талбайг дур мэдэн хашаалж, төлбөртэй зогсоол болгосон. Түүнээс гадна анх нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг байсныг 49 хувь болгосон, улмаар 2007 онд Т.Нямдаваа нь хүрээлэнг 100 хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлж, газраас нь хууль бусаар шилжүүлж эхэлсэн. Тиймээс нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнг өмчдөө буцаан авах ёстой гэдгийг хэлье. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тухайн байгууллагын олсон орлогод шалгалт оруулж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авна” гэв.Мөн шилэн данс хөтөлдөггүй, үндсэн хөрөнгийн өөрчлөлтийн талаарх бүртгэл байхгүй зэрэг зөрчлийг арилгуулахаар төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулж, хяналт тавихыг үүрэг болголоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан арга хэмжээ, тэдгээрийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийн талаарх мэдээллийг цуглуулж эхэлсэнийг онцлоод “Газраас бусдад шилжүүлсэн зөрчлөөс гадна барилга барьсан компаниуд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудын хооронд ямар хэлэлцээр байсныг хуулийн байгууллагаар шалгуулна. Мөн газар авч, барилга барьсан хүмүүсээр газрын дуудлага худалдааны анхан шатны үнийг төлүүлнэ” гэв.Ташрамд, дараах шийдвэрүүдийг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас бусдад шилжүүлсэн байна. Үүнд:Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40,000 ам метр газрыг үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20,000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 5-ны 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27,500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10,000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулаалтаар эзэмшүүлэхээр 40,000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн.  “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямаг нэгэн үйл ажиллагаа яваалаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай  эзэмшүүлсэн.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 амметр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар  Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.
2024/03/19
236
УЛС ТӨР
Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан билээ.Зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм.Энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, ирээдүйн хотын дүр төрх, инженерийн шийдлийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан ерөнхий инженер М.Нямбаяр, Захиргааны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун нар мэдээлэл хийв.Сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны хооронд явуулна.Шалгаруулалтад дотоод, гадаадын байгууллага, баг оролцох боломжтой бөгөөд оролцогчид мэргэжлийн есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх юм.Бүртгэлийг нэг сар, үзэл баримтлалыг гурван сарын хугацаанд боловсруулахаар удирдамжид заажээ.Шалгаруулалт гурван үе шаттай бөгөөд оролцогчдын бүтээлийг цахимаар болон үзэсгэлэн гаргах замаар олон нийтэд танилцуулж санал авна. Эцсийн шалгаруулалтыг дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан комисс дүгнэж, шилдэг таван багийг шалгаруулах юм.Улмаар шилдгүүдийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулахаар төлөвлөөд байна.Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг байх юм.Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/ цахим хуудсаас авах боломжтой.Үзэл баримтлалын хүрээнд мөн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх, археологийн олдвор, соёлын дурсгалт газрыг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, олон нийтэд сурталчлан таниулах менежментийг тодорхойлно.Хот төлөвлөлт нь олон салбарын мэргэжилтнүүдийн хамтран боловсруулдаг оюуны бүтээл бөгөөд дэлхийн улс орнууд энэ жишгээр шинэ хотын хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлдог.Тухайлбал БНСУ засаг захиргааны шинэ нийслэл Сэжон, Индонез Улс шинэ нийслэл Нусантара, Казахстан Улс Астана хотын төлөвлөлтийг боловсруулахдаа олон улсын нээлттэй уралдаан явуулж, шилдэг бүтээлүүдийг нэгтгэн ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан юм.“Шинэ Хархорум” хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх гол хот болно гэж тооцоолж байна.Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.Тухайлбал, хот төлөвлөлтийн талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.Хот байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.Шинэ хотыг Орхоны хөндийн аль байршилд байгуулах, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, инженер, геологи, археологийн нарийвчилсан хайгуул, байгаль орчны үнэлгээ хийх зэрэг ажил төлөвлөсний дагуу хэрэгжиж байна.
2024/03/19
214
УЛС ТӨР
Монгол цэргийн өдөр -ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:Батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх болон Монголын эрт, эдүгээ цагийн цэргийн түүх, өв соёлын тухай ном, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, илтгэл хэлэлцүүлэн, монгол цэргийн түүхэн замналыг залуу хойч үе, олон улсад сурталчлан таниулж, шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх сургамж судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Хайнзангийн Шагдар,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэх, салбарын төсөв, санхүү, бодлогын хэрэгжилтийг хангах, үр ашгийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол хурандаа” нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн, хурандаа Лувсандоржийн Чулуунбаатар нарыг шагналаа.СҮХБААТАРЫН ОДОНГООР:Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, хурандаа Гомбосүрэнгийн Буянхишиг,Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Улс төрийн бодлогын зөвлөх Жадамбаагийн Энхбаяр,ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Төрбатын Наранхүү,Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа Адъяагийн Балжинням,Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Доржнямын Шинэбаяр,Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж,МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, цагдаагийн хурандаа Баахүүгийн Баяр,Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Батцагааны Очирбат,Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агроэкологийн төвийн сургалт эрхэлсэн орлогч, агрономич, бэлтгэл хошууч Сосорбарамын Дайрийбаатар,ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ядамжавын Түвшинбаатар,Цэргийн төв эмнэлгийн Гар, сарвуу, бичил мэс заслын тасгийн дарга, Анагаах ухааны доктор, дэд хурандаа Агваан-Осорын Ганбат,Монгол цэргийн музейн Жуковын дурсгалын музейн эрхлэгч тайлбарлагч, дэд хурандаа Доржсүрэнгийн Амартайван,Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Наранхүүгийн Золбоо,Дотоод хэргийн их сургуулийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Лувсандоржийн Оюунтуяа,Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Дашдондогийн Лувсанландар,Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Дашвэлийн Цогтбаатар,АЛТАН ГАДАС ОДОНГООР:“Бөртэ” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын оёдолчин Сагарын Бурмаа,ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Бат-Өлзийн Галбадрах,Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын холбооны ахлах офицер, дэд хурандаа Гантулгын Мөнхтүвшин,Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Тусгай ажиллагааны удирдлагын төвийн төлөвлөлтийн ахлах офицер, дэд хурандаа Оюунчулууны Чулуунбаатар,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Тусгай архивын дарга, хошууч Ганбаатарын Сарантуяа,Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн тэнхимийн дэд профессор, хошууч Ганбатын Хосбаяр,Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн усны бэлтгэлийн сургагч багш, сургагч ахлагч Батчулууны Ганбаяр,Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн цацраг хими, биологиос хамгаалах албаны нярав, ахлах ахлагч Нарангэрэлийн Цогзолмаа,Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн тоног төхөөрөмжийн техникч, ахлах ахлагч Батсүхийн Түвшинзаяа,Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн ажиллагааны ахлагч, ахлах ахлагч Одбаатарын Өлзий нарыг шагналаа.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
2024/03/18
252
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генерал Дашживаагийн Ариунболд,Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Хожгорын Лхагвасүрэн,БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ: Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чулуунборын Гандирваа,Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Тогоогийн Галбадрах,Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Сүрэнжавын Ванчинхүү нарт хүртээлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цэргийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
2024/03/18
229
УЛС ТӨР
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Сэлэнгэ, Булган аймгуудын малчдын бүлэг, хоршоодод ажиллалаа
Монгол Улсын Засгийн газраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зуданд орлогын эх үүсвэрээ алдаж буй малчдыг ядууралд орохоос сэргийлэхийн тулд “Малжуулах хөтөлбөр”-өөр хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хоршоодын үйл ажиллагааг дэмжин ажиллах шаардлагатай байгаагМонгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байна.Тэрбээр Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Үндэсний давхар даатгалын төлөөллүүдийн хамтаар малчдын бүлэг, хоршооныхонтой уулзлаа. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Таван шар баялаг” хоршоонд ажиллалаа. 11 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлж, одоо 413 гишүүнтэй болжээ. Малын арьс, шир, ноос, ноолуурыг худалдан борлуулахад зуучлах, малчдын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тус хоршоо ажиллаж байна. Малчдаас авсан түүхий эдийг зах зээлийн үнээр борлуулахад нь зуучилдаг учраас хоршоод амжилттай явж  байгааг малчид ярьж байна. Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган малын тоо бус чанарт анхаарч, эдийн засгийн эргэлтэд оруулах хугацааг зөв тодорхойлох нь үр дүнтэй байдаг талаар хэллээ.Булган аймгийн Сэлэнгэ сум малчны 17 бүлэгтэй. Түүний нэг Харцайн голын малчны бүлэгт 31 өрх харьяалагдаж байна. Тус бүлэг Сэлэнгэ үүлдрийн үхэр өсгөх, хадлан, тэжээлээ бэлтгэх, хонь хяргах, ямаа самнах зэрэг ажлыг богино хугацаанд хамтдаа хийж, хоршин ажилладаг онцлогтой. Харцай бүлгийнхэн малын түүхий эдийг хямд үнээр ченжүүдэд худалдах бус мал нядалгаа, боловсруулах зэрэг цехтэй болж үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой байна. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат таван богд” хоршоо 2012 онд есөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн, одоо 310 гишүүнтэй болжээ. Тус хоршоо сүү, цагаан идээг малчдаас авч, зуучлан борлуулдаг байна. Боловсруулалтын цех, жижиг үйлдвэртэй болбол малчдын амьжиргаа сайжирна гэж ярьж байна. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг, бүс нутгийн онцлогтоо тулгуурлан малаа төрөлжүүлдэг, хоршоолж ажилладаг байдлаар хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зөв. Тиймээс Засгийн газраас хоршоолж буй малчдад бага хүүтэй, урт хугацааны зээл олгодог хэлбэрийг судалж байгааг тэрбээр хэллээ.
2024/03/18
198
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол цэргийн өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, сонсогч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа,Эрхэм хүндэт ахмад дайчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд ээ,Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа,Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын баталгаа болсон Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 103 жилийн ойн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.Түүхт ойн баярын энэ өдөр, өвөг дээдсээсээ өвлөн үе дамжин хайрлан хамгаалж ирсэн тусгаар тогтнолын төлөөх монгол цэргийн ялалт, амжилтын дайчин түүхийг баяжуулж байгаа Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сэтгэл хангалуун байна.Баатарлаг түүхтэй монгол цэрэг, үе үеийн ахмад дайчид эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, их бүтээн байгуулалт, гадаад харилцаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх гээд нийгмийн бүхий л салбарт ямагт манлайлан зүтгэж ирснийг төр, засаг, ард түмэн өндөр үнэлдэг билээ.Эдүгээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үндсэн үүргээ биелүүлэхээс гадна улс орноо хөгжүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үер ус, цас зудын гамшиг нүүрлэсэн хүнд цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үйлсийн тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.Үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах энхийг эрхэмлэсэн Монгол төрийн гадаад бодлогыг бодитойгоор хэрэгжүүлэн, даян дэлхийд энх амгаланг тогтоох ариун үйл хэрэгт хүчин зүтгэж, эх орон, ард түмэн, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн “Дэлхийн цэрэг” хэмээгдэх болсон цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдынхаа амжилт бүтээл, гавьяа зүтгэлийг бахархан тэмдэглэхэд таатай байна.Эрхэм нөхөд өө,Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэхэд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага онцгой анхаарч, үр дүн, ахиц гарган ажиллаж байна.Цаашид төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлдээ улам их амжилт гаргана гэдэгт Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч итгэл төгс байна.Зэвсэгт хүчний нэр хүндийн илэрхийлэл, монгол цэргийн бахархал болсон цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг улам батжуулан бэхжүүлэх нь Төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний эрхэм үүрэг болохыг онцлон тэмдэглэж байна.Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан ахлагчийн бүрэлдэхүүнийг чадавхжуулан хөгжүүлэх, тэдний гэр бүл, нийгмийн хамгаалал, ажлын орчныг сайжруулахад бодит ахиц дэвшил гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн, хоорондоо нягт уялдаа холбоотой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд эх оронч үзлийн эх ундарга, төрийн албаны үлгэр дуурайлал болсон Та бүхний хүчин чармайлт нэн чухал юм.Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэ зууны түүхийн хуудсыг бичилцэж буй Та бүхний эх орноо батлан хамгаалах их үйлсэд өндөр амжилт хүсэж, гэр бүл, үр хүүхдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Монгол цэргийн яруу алдар бадартугай.Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.
2024/03/18
252
УЛС ТӨР
Эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ.Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ,Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнөх чуулганаас хойш олсон ололт, амжилтаа улам бататгаж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, гарц, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.Энэ талаарх аливаа санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжин, хамтран ажиллах болноЭрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг.Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай.Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой.Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна. Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд болон аймаг, орон нутаг, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.Түүнээс гадна тэдгээр иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.Эрхэм хүндэт ард иргэд ээ.Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ.Ард иргэдийн хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.Тамхидалтыг бууруулах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна.Мөн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрс чангатган, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн цогц боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх нь чухал байна.Энэ дашрамд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна.Гурван га талбай бүхий энэ цогцолбор 4,340 м.кв ногоон байгууламжтай, нийт 58,560 м.кв талбайд 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 орчим хүүхэд залуус спортоор хичээллэх хүчин чадалтай юм.Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.Эрхэм хүндэт нөхөд өө, эрчүүд ээ,Архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл, зөв амьдралыг төлөвшүүлэн, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй сайхан амьдрах ёстой.Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2024/03/17
234
УЛС ТӨР
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы  /2024.03.15/ нэгдсэн хуралдаан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал тогтоох тул Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцолсон.Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.”, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлахаар, санал авах өдрийг  2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг дурдаад уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд сонгуулийн санал авах өдрийг долоо хоногийн дундуурх ажлын өдрүүдэд товлон явуулах шаардлагатайг дурдаад, цаашлаад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсан эсэхийг лавлав.  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй адилтгасан үзэл баримтлал, агуулгыг тусгасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлсэн. Ингээд санал хураагаад, алх цохиход бэлэн болсон байсан. Энэ хуулийн төсөлд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн зохицуулалтыг тусгасан байсан. Гэвч өргөн мэдүүлээд хэлэлцсэн төслийг батлах үеэр  гишүүдийн ирц хүрээгүй. Би цөөн хэдэн гишүүд хүргээгүй гэж боддог. Ингээд хуулийн төслөө баталж чадаагүй. Тиймээс 10 дугаар сарын 11-ний өдөр болох энэ сонгууль одоо мөрдөгдөж буй хуулиар зохицуулагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заасан тул энэ хүрээнд асуудлыг Байнгын хороогоор хэлэлцээд, Улсын Их Хуралд оруулж байна” хэмээн хариулав. Мөн тэрбээр “Өмнөх сонгуулийн санал авах өдрүүдийг судлан үзэхэд баасан гарагт болж байсан юм билээ. Ер нь баасан гарагт залуучууд санал өгөхгүй гэх зэргээр уриалж буй аятай зүйл ярилгүй, харин төрийн сонгуульд хөгшин, залуугүй идэвхтэй оролцох нь зүйтэй гэж яримаар байна” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.Ингээд Байнгын хорооны саналаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжив.                    Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонслооДараа нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгг заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг онцлон тэмдэглээд тогтоолын төслийг боловсруулахдаа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргиин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан гэж байлаа. Мөн тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар танилцуулгад дурдсан байв.Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжив.Хуралдааны төгсгөлд дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонх батлахыг дэмжсэн тул “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонссоноор баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/03/16
242
УЛС ТӨР
Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлыг шийдэх хуулийн баг гаргана
Нийслэлийн шар усны үерт өртсөн болон өртөх эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Хотын дарга ажиллаж байна. Энэ хүрээнд усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд мөн ажилласан юм.1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус байршилд ажиллаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлага Т.Нямдаваатай уулзлаа.Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Стадион орчимд усны хаялга байхгүй. Байсан хаялгыг нь дараад орон сууц барьчихсан. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь зараад идчихсэн. Үлдсэн багахан зай талбайд нэмээд 22 давхар барилга барьж байна. Гэтэл Үндэсний их баяр наадмаа хийдэг тус хүрээлэнг жил болгон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, эргэн тойрных нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлдэг. Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газраас хийсэн талбайг тус компани зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол болгочихсон. Гэвч эдгээрээс нийслэлд ногдол ашиг огт ирдэггүй. Ойр хавийн талбайд нь ус тогтоод байхад шугам сүлжээ хийхгүй атлаа газрыг нь зараад байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэлээс гарсан бүх зардлыг, нийслэлд ирэх ёстой ногдол ашгийг нэхэмжлэх хуулийн баг гаргана” хэмээсэн юм.Ирэх долоо хоногт уг асуудлаар нийслэл болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд хуулийн байгууллага байлцуулан уулзахаар болов. Зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгийг Хотын дарга хэлсэн юм. Мөн тус хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг өмчийн маргааны асуудал шийдэгдтэл зогсоох, усны хаялга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
2024/03/15
262
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр  сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотойг Ерөнхий сайд дурдлаа.Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Гэтэл хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байна. Бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй. Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ. Төр, захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой гэдгийг мөн хэллээ.Улсын Их Хурлын сонгуулийг  энэ жил анх удаа бүсчилсэн тойргоор явуулахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр чухал ач холбогдолтой гэж үзэж байна.   Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэв.Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлж шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.
2024/03/14
243
УЛС ТӨР
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Засгийн газар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээ авнаЗудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ.Орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан зудын гамшигт нэрвэгдэж, банкууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаанд оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөлөө. Малчдын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан хуримтлагдсан хүүгийн зургаан нэгж хувиас давсан хүүгийн төлбөрийн 2024 оны эхний хагас жилд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд, 2024 оны сүүлийн хагас жилд шаардлагатай эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгав.Зудын улмаас малын тоо толгой их хэмжээгээр хорогдсон, малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болголоо. Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, малчдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 2024 оны гуравдугаар сарын 06-ны байдлаар 21 аймагт нийт 3.9 сая мал хорогдоод байна.            Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид малын зүй бус хорогдлын тоо огцом нэмэгдэх хандлагатай байгаа тул малчдын санхүүгийн дарамтыг бууруулах боломжийг судлах үүднээс холбогдох танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын зүй бус хорогдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зудын хүндрэлээс үүссэн эрсдэлийг бууруулах эдгээр арга хэмжээг авахаар боллоо. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталж хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарна гэж үзэж байна. Төлөвлөгөөний төсөлд Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 290 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан ба төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлнэ. Үр дүнд нь нийтийн албаны авлигын түвшний олон улсын үнэлгээ жил бүр буурч, улсын төсөв тэлэх, иргэдийн төрийн байгууллага, төрд итгэх итгэлийн түвшин нэмэгдсэн, иргэдийн орлого өссөн, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхэжсэн байна гэж үзсэн болно.    Халиа, дошны мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулнаБолзошгүй шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотод үүссэн халиа, дошны түвшин нэмэгдсэн хэсгүүдийн мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.Нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 7,8 дугаар сард тохиолдсон үерийн улмаас голуудад хуримтлагдсан лаг, шавар, хөрсний усны түвшин дээшилснээс шалтгаалан үерийн хамгаалалтын барилга байгууламж, голуудын сав дагуу Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 24 хорооны 34 байршилд халиа дошны нөхцөл байдал үүссэн. Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байнаНийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар долоон аж ахуйн нэгж үхрийн мах 1902.0 тонн, хонины мах 3803.0 тонн, ямааны мах 632.5 тонн, нийт 6337.5 тонн мах бэлтгэжээ.  Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс үхрийн ястай мах 11350 төг/кг,  хонины ястай мах 8900 төг/кг, ямааны мах 6700 төг/кг үнээрнийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна.  54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдлээ“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа.Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Гадаадын иргэн, харьяатын газраас 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдэх юм.
2024/03/14
206
УЛС ТӨР
ТББХ-ны дарга Н.Энхболд ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны зөвлөхүүдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд (2024.03.12) Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЕАБХАБ) Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмын хүрээнд санал солилцсон юм. Уулзалтын эхэнд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор хослуулан явуулах, Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох талаар хууль зүйн болон практик үндэслэлүүдийг товч танилцуулав. Тэрбээр, эдгээр өөрчлөлт нь төрийн бодлогын тогтвортой байдлыг хадгалах, ард түмний төлөөлөл бүхий хууль тогтоох дээд байгууллагын чадамжийг сайжруулах, хяналт тэнцлийг хангах, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх томоохон шинэчлэлийн эхлэл хэмээн тодотгосон юм. ЕАБХАБ нь гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, холбогдох сургалт, семинарыг зохион байгуулах зэргээр хууль сахиулах ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг. Уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, шинэчилсэн зохицуулалтаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдний улс төрийн оролцоог хэрхэн хангасан талаар тодруулж, сонгуулийн бүсчилсэн тойргийн хүрээнд олон улсын сайн туршлагуудаас санал солилцлоо. Мөн олон нийтэд сонгуулийн хууль тогтоомжийг таниулах, сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар ил тод мэдээлэх, сонгууль зохион байгуулахтай холбоотой судалгаа, арга зүйн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар уулзалтад оролцогчид санал нэгдэв. ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчид манай улсад ажиллах үеэрээ сонгуулийн үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх, ажиглалт хийх, олон улсын сайн туршлагуудаас солилцох, эрх зүйн шинэчлэлийг хүртээмжтэй хэрэгжүүлэхэд дэмжин ажиллах зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, зарим улс төрийн намуудын төлөөлөлтэй хамтран уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар товлоод байгаа аж. Ташрамд дурдахад, манай улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн болж элссэнээс хойш тус байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албатай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр иржээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 
2024/03/13
192
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ техник, технологийн шинэчлэлт хийж байна. Учир нь тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын хүдрийн агуулга жил ирэх тутам ядуурсаар байгаа юм. Анх уг ордын хүдрийн агуулга 0.8 хувьтай байсан бол одоо 0.34 хувь хүртэл буураад байна. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлы гишүүн Д.Батлут болон уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны уирдлагуудтай уулзах үеэрээ тус үйлдвэрийн Ерөнхий захирал, доктор Г.Ёндон энэ талаар тодорхой танилцуулсан юм. Цаашид үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд техник, технологийн шинэчлэл хийх, мөн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч, үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж буй ажээ.Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд (2024.03.11) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шинэчлэлтийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрийн бүх хэсэг, цехийн төлөөлөл, инженер, удирдлагууд оролцсон 450 гаруй хүнтэй уулзалт хийсэн юм. Дэд дарга болон гишүүд Улсын Их Хурлаас эрдэс, баялгийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах талаар хийсэн ажлууд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркын тухай хуулиуд, тэдгээрийн зохицуулалт, хэрэгжилтийн талаар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, хүнд үйлдвэрийн болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг уаашид шинэчлэн сайжруулах талаар иргэд, олон нийтийн санал бодлыг сонсож яваагаа дурдаад, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын ажлын хүрээнд нээлттэй сонсголуудыг зохион байгуулж, албан тшаалын гэмт хэрэгт ноогдуулах ялын бодлогыг чангаруулах зэрэг холбогдох эрх зүйн өөрчлөлтүүдийг хийж байгаа талаар ярилаа. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр нэг төгрөгийн бүтээгдэхүүнийг 71 мөнгөөр хийж байгаа бол Оюутолгой компани нэг төгрөгийн бүтээгдэхүүнээ нэг төгрөг, 10 мөнгөөр үйлдвэрлэж байгааг харьцуулан жишээлж, уул уурхайн үйлдвэрлэлийн шилдэг үлгэр жишээ болж буй тус үйлдвэрийн нийт уурхайчдад баяр хүргэв.Орхон аймгаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, уурхай дагасан хотын ирээдүйг эртнээс анхаарч, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн боломжуудыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар онцолсон юм. Тэрбээр, тус аймгийн Засаг дарга байх үедээ эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллаж, шинжлэх ухаан, технологийн паркын эхлэлийг тавьж, евро стандартын будаг гарган, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн боловч зогссон тухай дурсан, үйлдвэрлэл бизнесийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төрийн зохицуулалтыг оновчтой, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох чиглэлээр ажилласан тухайгаа танилцуулан ярьсан юм. Энэ бүхний үр дүн евро стандартын будгийн үйлдвэрлэл дахин сэргэснийг дурдаж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргээд эхэлснийг ч дуулгалаа.Монгол Улсын баатар цолоор шагнагдсан тус үйлдвэр уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл, нийгмийн хариуцлага, хүний нөөцийн бодлогын талаар жишиг болохуйц үйл ажиллагаа явуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Уулын баяжуулах үйлдвэрийг 1972 онд анх 36 жил ажиллах нөөцтэйгөөр баталж байсан бол 2021 онд Эрдэнэтийн овоо ордын корридорт байрлах Оюутын ордод геологи, хайгуулын ажил явуулж, зэсийн нийт нөөцийг 1.0 тэрбум орчим тонноор нэмэгдүүлснээр хүдрийн нийт нөөц 3.0 тэрбум орчим болж, уурхай цаашид 60 жил тасралтгүй ажиллах боломжтой болжээ. Технологи шинэчлэлтийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэр үйлдвэрийн удирдлага онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, Эрдэнэт хотын ус хангамжийн гуравдугаар шугамын өргөтгөл, Эрдэнэт-Хялганатын хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтын талаар танилцуулсан юм. Ил уурхайн хүдрийн тээвэрлэлтэд конвейерийн систем нэтврүүлэхээр ажиллаж байгаа нь ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн зардлыг 20 хүртэл хувиар бууруулах юм. Мөн баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, эмульсийн тэсрэх бодисын үйлвэр, засвар, механикийн заводын өргөтгөлийг эхлүүлээд байгаа юм.Эрдэнэтийн Үйлдвэр, технологийн паркийг байгуулах ажлын хүрээнд тус паркын дэд бүтцийн ажлуудыг эхлүүлж, мөн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад нийт 762.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд эхний ээлжинд жилд 124.2 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал суурилагдах юм.Уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг, Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох байгууллагууд Эрдэнэт үйлдвэрий геологи, хайгуулын үйл ажиллагааг бүхий л талаар дэмждэгт талархал илэрхийлээд, Эрдэнэтийн стратегийн ордын талбайд олгосон хайгуулын таван лицензийн хүрээнд нөөцөө нэмэгдүүлэх ажлыг явуулж байгаагаа танилцулсан юм. Тэрбээр, Эрдэнэтийн овоо ордын хайгуулыг үргэлжлүүлэхэд зарим хэсэг нь суурьшлын бүстэй давхцаж байгааг дурдаад, энэ мэт геологи, хайгуулын хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, мөн энэ ажлын хамрах хүрээг цаашид өргөжүүлж, бүсийн хэмжээнд хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг Улсын Их Хрлын дэд дарга болон гишүүдээс хүсэв. Мөн Эрдэнэтийн үйлдвэрлэл, технологийн паркын Геометаллургийн төсөл хариуцсан инженер Д.Мөнхбаяр, тус паркын хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэж буй Зэс хайлуулах үйлдвэрийн төслийн өртөг зардал 750-850 сая ам.доллар болохоор байгааг дурдаж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн Ж.Мөнгөншагай, Авто тээврийн цехийн Үйлдвэрчний хорооны дарга П.Гантулга нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан ава тухай хуулийн зарим зохицуулалтаас шалтгаалан Эрдэнэт үйлдвэр хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээ авч чадахгүй байгаа, мөн Эрдэнэтийн цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэсэн өртгөөс нь хямд үнээр авч байгааг зохих түвшинд хүргэх, Белазын жолооч нарын ажлын нөхцөлийг “хүнд, хортой нөхцөл”-д хамруулж өгөх зэрэг хүсэлт тавьж, хамт олныхоо нэрийн өмнөөс бичгээр гардуулав.Түүнчлэн, “Эрдмин” компанийн инженер н.Золбоот, ядуу агуулгатай хаягдал хүдрийг боловсруулах Монголд төдийгүй Азид анхны үйлдвэр “Эрдмин” 27 дахь жилдээ ажиллаж байгааг танилцуулаад, 2012 оны гэрээлснээсээ хойш үйлдвэрийн түүхий эд буюу хаягдал хүдэр авч чадаагүй байгаагаа ярьсан юм. Тус компани дээрх хугацаанд хангалттай мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулсныг тэрбээр онцлоод үйлдвэрлэл, технологийн паркын ажлын хүрээнд амжилттай, тогтвортой ажиллаж байгаа төслүүдэд түүхий эд олглах талаар тодорхой шийдвэр гаргаж өгөхийг хүслээ,Дээрх санал, хүсэлтүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага болон бусад холбогдох эрх бүхий байгууллагатай ярилцаж шийдвэрлэхээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийлж, хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөх асуудлаар бүх талыг оролцуулсан яриа хэлэлцээг Улаанбаатар хотод хийх нь зүйтэй гэсэн юм.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрлэл, борлуулалтаа жил тутам нэмэгдүүлэн ажиллаж, 2019-2023 онд нийт 6.9 их наяд төгрөгийн төлбөр, хураамж улсын төсөвт төвлөрүүлсний зэрэгцээ дэлхий дахиныг хамарсан КОВИД19 цар тахлын үед улсын хэмжээнд айл өрхүүдийн хэрэглээний ус, цахилгаан, хогны төлбөрийг хүртэл төлж, ард иргэдийн амьжиргааны чанарыг хамгаалахад ихээхэн тус хүргэснийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар энэ үеэр онцлов. Цас зудтай хүнд хэцүү өвөл болж, хахир хатуу хавартай золгож буй энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ малчин түмэндээ 285.2 сая төгрөгийн мөнгөн хандив өгсний зэрэгцээ зам давааг нээх, өвөлжөө, бэлчээр гаргах, өвс тэжээл тээвэрлэх зэргээр нийт 271.4 сая төгрөгийн техникийн тусламжийг үзүүлжээ. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүдийг Орхон аймагт ажиллах үед Эрдэнэт хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс өвөлжилт хүндэрсэн Хөвсгөл нутгийн малчдад зориулсан хандивын өвс тээвэрлэсэн цуваа хөдөлсөн юм. Цувааг үдэх үедээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, бүс нутгийнхаа Булган,  Завхан, Хөвсгөл аймгийн малчдад чин сэтгэлийн тус дэм үзүүлж, хүнд бэрх цагт хамт байгаа Орхон аймгийн иргэдэд талархал илэрхийллээ.Дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын болон засвар, механикийн заводын өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцав. Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын өргөтгөлийг 2019 онд эхэлж, цар тахлын хугацаанд тасралтгүй үргэлжлүүлсээр өнгөрсөн онд жилд 6.0 сая тонн хүдэр нцнтаглах хоёр тээрмийг ашиглатанд оруулсан бөгөөд үргэлжлүүлэн 2.0 сая тонн/жилийн хүчин чадлыг нэмж суурилуулахаар ажиллаж байна хэмээн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх танилцуулсан юм. Засвар, механикийн заводын хүчин чадлыг орчин үеийн, дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүдээр нэмж тоноглосноор тус завод зөвхөн Эрлэнэт үйлдвэрийн төдийгүй салбарын болон бүс нутгийн аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн болон хөдөө аж ахуйн техник хэрэгслийн засвар, сэлбэгийн үйлчилгээг зохих шаардлагын хэмжээнд үзүүлэх боломжтой болоод байна.
2024/03/13
295
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Хорин минутын хот" бий болгохоор зорьж байна
Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай энэ сэдвийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. Энэ удаа (2024.03.12) зургаа дахь уулзалтаа Баянгол дүүргийн бичил VI хорооллын “Бичил төв” бүсэд хийж, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” сэдвээр хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа зэрэг төрийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг сонсож, өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлээс гарах шийдлийг танилцууллаа. Баянгол дүүрэг бол Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нэг. Нийт 34 хороотой, 246,886 хүн амтай, 65,453 өрх амьдардаг. Үүнээс “Бичил төв” бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23-р хороо,  Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 43-р хороо буюу гэр хорооллын найман хороо, 773 га нутаг дэвсгэр хамрагддаг. Баянгол дүүргийн таван хороонд 38,591, Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд 17,782, нийт 56,373 хүн амьдардаг. Үүнээс өрхийн тоо Баянгол дүүрэгт 10,236 бол Сонгинохайрхан дүүрэгт 4,547 буюу нийт өрхийн тоо 14,783 байна. Нийслэлийг 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтийг Засгийн газар, хотын удирдлагуудтай хамтран хийж эхэлсэнтэй холбогдуулж өдөр тутамд иргэдтэй ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудын санал, бодлыг тусгах нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийслэлд олон жил ужгирсан хүндрэлийг шийдэх боломжуудыг танилцуулав.Сүүлийн 30 жилд Монгол Улсын хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс болж хил хүрээ нь тэлж, даац нь хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлого, нийслэлийн өмнөх удирдлагуудын эс үйлдэхүйтэй холбоотой. Энэ алдааг хотын өнөөгийн удирдлагуудтай холбож шүүмжлэх нь өрөөсгөл төдийгүй үүнийг нийслэл дангаараа шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн учир Засгийн газар дэмжээд зогсохгүй оролцохоос аргагүй болсон. Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж,  наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Баянгол дүүргийн 6-р бичил хорооллын “Бичил төв” бүсэд гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах асуудал хамгийн тулгамдсан асуудал аж. Мөн бусад гэр хорооллуудын нэгэн адил агаар, хөрс, усны бохирдол, нийтийн тээврийн хүрэлцээ, дэд бүтэц, стандарт тааруу байдаг нь иргэдэд хүндрэл учруулдаг байна. Гэхдээ сүүлийн дөрвөн жилд гудамж, авто зам, гэрэлтүүлгийн бүтээн байгуулалтыг дүүргийн төсөв, санхүүгийн боломжид тааруулан хийж байгаа учир нийслэлийг бүсчилж хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжиж буйгаа оролцогчид хэлж байлаа.
2024/03/13
215