mmnews.mn | 2024-05-20

НИЙГЭМ

НИЙГЭМ
Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй дур мэдэн гэрээ байгуулсныг АТГ-т шалгуулна
"Улаанбаатар смарт карт" ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 26 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны “U money” үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэх тогтоох тухай тушаалаар нийслэлийн хэмжээнд нийт 124 байршлыг баталжээ. Улмаар төсөл хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК нь УБЗАА-тай гэрээ байгуулалгүйгээр зөөврийн байгууламжийн угсралтыг захиалан хийлгэж, үйлчилгээ эрхлэгчтэй дур мэдэн гэрээ байгуулсан байна. Мөн тухайн байгууламжууд нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан хэмжээ, загвараас зөрүүтэй, явган зам хааж байршуулсан, хориглосон бараа бүтээгдэхүүн /хүнсний болон түргэн гэмтэх бүтээгдэхүүн, тамхи/ худалдах зэрэг зөрчил дутагдал гаргажээ. Иймд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах,  “U money” үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг зогсоох чиглэлээр 2019 онд Нийслэлийн Засаг дарга үүрэг өгч, “U money” үйлчилгээний цэгийн байршлыг хүчингүй болгох тушаалыг “Улаанбаатар смарт карт” ХХК-д хүргүүлсэн байна.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “ТҮЦ-үүдийн байршлыг тогтоох нь дүүргийн Засаг даргын бүрэн эрх байх зохицуулалттай. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотод стандартын шаардлага хангахгүй, гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхлэгийг хориглож байгаа. Үүнд холбогдох зөрчил, иргэдээс ирж буй санал гомдол маш их байгаа. Шөнийн цагаар согтууруулах ундаа борлуулах, эрүүл ахуйг хангахгүй хүнс худалдаалах, явган хүний зам талбайг хаах, нийтийн эзэмшлийн гудамж талбайг бохирдуулах гэх мэт. Тиймээс нийтийн эзэмшлийн зам талбай дахь стандартын шаардлага хангахгүй үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээг зогсооно” хэмээлээ. Мөн иргэдтэй гурвалсан гэрээ байгуулсан асуудлыг судалж, гэрээнд оролцогч талуудын мэдээллийг нэгтгэн Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэдгийг тэрбээр хэлсэн юм.
2024/04/16
254
НИЙГЭМ
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөнө. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх, хамрагдаж буй өрхүүдийн судалгаа, санал асуулгыг цуглуулах үүрэг бүхий албан хаагчид болон эд хөрөнгийн үнэлгээг хийх хараат бус үнэлгээний компанийн ажилтнууд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 35 дугаар сургуулийн баруун талд “Лили” /Жасмин/ төвийн хоёр давхарт ажиллаж буй.Өнгөрсөн хугацаанд тухайн бүс нутгийн 1429 иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авахад нийт иргэдийн 96.5 хувь нь газар чөлөөлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 507 нэгж талбар, Сүхбаатар дүүргийн 268 нэгж талбарын хээрийн судалгаа буюу хэмжилтийг хийсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх явц 35 хувьтай үргэлжилж байна.Дашрамд, Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөлт хийх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Ингэснээр тухайн бүсийн агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлыг  цогцоор шийдэж чадах юм.“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК
2024/04/16
457
НИЙГЭМ
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж байна
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах Ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тухайн Ажлын хэсгүүд ньЗөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар, хайс, хашаа, байгууламж;Хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчсөн барилга байгууламж;Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөл;Хаягийн байгууламж, самбар, гадна хаяг;Гэрэлтүүлгийн шон, замын тэмдэг тэмдэглэгээ;Гудамж талбайн хогийн сав, хог хаягдал зөөх, тээвэрлэлт;Инженерийн шугам сүлжээний онгорхой таг, гадаргын ус зайлуулах сүлжээ, трапп, хоолой;Авто замын байгууламж, хашлага, явган хүний замын эвдрэл;Оршин суух бүсэд газрын зориулалтыг зөрчиж, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг;Суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц;Суурьшлын бүсэд байрлах хайрга, дайрга олборлох, барилгын материал үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэр;Гудамж, зам талбайд үүссэн хур хог хаягдал, бохирдсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгө;Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гадна орчны стандарт;Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй төлөвлөлт;Гадна фасад, засвар үйлчилгээ;Хотхон, хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламж зэргийн зөрчлийг арилгаж, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.Ингэхдээ зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон зөрчил гаргаж барьсан барилга байгууламжийг албан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах зэргээр шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, Хотын стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.Иргэн та өөрийн ойр орчмын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг 1800-1200, 11-310005 утсаар мэдээлэх боломжтой.
2024/04/16
188
НИЙГЭМ
Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 2-24 байр орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.Тодруулбал, тус байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг байна. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газар уг байршилд борооны ус зайлуулах  410 метр шугам угсралтын ажлыг эхлүүллээ.Ингэхдээ шүүрт худаг 18, үзлэгийн худаг 6, шингээх худаг 5-ыг хийж, угсрахаар төлөвлөөд байгаа юм.ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР
2024/04/15
238
НИЙГЭМ
Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашаа, хайсыг буулгалаа
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж буй. Өчигдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад,  Да хүрээ зах орчимд ажиллалаа.Тус Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг хийн,  энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн юм.Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байсан ААН-ийн зөрчлийг илрүүлж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг “Мануул Трэйвэл” ХХК нь эзэмшлийн газраасаа 1629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байжээ. Өнөөдрөөс хашааг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.Мөн “Да хүрээ Трейд” ХХК нь эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалсан байсныг илрүүлсэн юм. Тус компани хэтрүүлэн хашаалсан газарт контейнер байршуулж, иргэдэд түрээсэлдэг байжээ. Тус талбайг чөлөөлөх ажлыг энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.Түүнчлэн Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгалаа.Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:-Тухайн байршилд авто машин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим ААН, иргэн байдаг байна. Эдгээр ААН-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг байршилд хөрсний бохирдол хамгийн өндөр байдаг. Мөн НҮБ-ын судалгаагаар Шархад, Да хүрээ орчимд амьдардаг хүүхдүүдийн  цусанд  хар тугалганы агууламж хамгийн өндөр гарсан. Иймээс Шар хад, Да хүрээ зах орчимд авто машин, сэлбэгийн худалдаа  үйл ажиллагаа эрхэлдэг иргэн,  ААН-үүдийг "Авто худалдааны цогцолбор"-рүү нүүлгэнэ.  Мөн мэдэгдэх хуудас авсан ААН, иргэд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө гэв. 
2024/04/15
178
НИЙГЭМ
Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчид бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ
Хаврын их цэвэрлэгээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид нэгдэж, 180,563 ам метр талбайг цэвэрлэлээ.Тодруулбал, дөрөвдүгээр сарын 13-ны өдөрЧингэлтэй дүүргийн ЗДТГ-ын 11 хэлтэс, албаны 51 албан хаагчЗасаг даргын дэргэдэх хэлтэс, албадын 103 ажилтан албан хаагчДүүргийн 24 хорооны 178 албан хаагч, 1100 гаруй иргэн, 108 СӨХ-ны 115 гаруй ажилтанЕрөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 120 гаруй ажилтанДүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлж буй 306 аж ахуй нэгжийн 520 гаруй ажилтанЗах, худалдааны төвийн 75 орчим ажилтан бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцож, цэвэр орчныг бүрдүүлэв.Мөн “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 150 гаруй ажилтан үерийн далан суваг, гуу жалга, гудамж талбайн түүвэр цэвэрлэгээгээр 115,180 ам метр талбайг цэвэрлэсэн байна. Түүнчлэн хог тээврийн 115 жолооч, 225 ачигч, 11 инженер 2 ковш, 3 бобкат, 3 экскаватортойгоор 78.5 тонн хог хаягдлыг 185 рейсээр ачиж тээвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
2024/04/15
136
НИЙГЭМ
Бэлчээрийн ургамлын гаралт нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй. Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын цөөн сумдын нутгаар дунд. Хөвсгөл, Дархан-Уул, Төвийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн байна.Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан. Хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон.  Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад 8-10 см, Ховдын Мөст, Увсын Сагил, Түргэн, Баянхонгорын Шинэжинстэд 3-4 см зузаан цастай байна.
2024/04/15
171
НИЙГЭМ
Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд оллоо
Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, 9 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2024/04/15
219
НИЙГЭМ
Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийнхэн Барилгачдын талбай орчмыг угааж цэвэрлэв
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ” ажлын удирдамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ нийт хамт олон 4 дүгээр сарын 13-ны өдөр “Хаврын их цэвэрлэгээ”-нд нэгдлээ.Цэвэрлээний үеэр Барилгачдын талбайн 5000 ам.метр талбайн гол хөшөө болон доороо зогсоол бүхий газрыг хөөсөөр угааж, ногоон байгууламжийн шар өнжмөл өвсийг цэвэрлэж, фасад, довжоо, шатны шороог буулгалаа. Мөн тус талбайн өмнө байрлах таксины зогсоолын шилэн саравч, зарын самбаруудыг хөөсөөр угааж, тоос тортгийг нь буулгав.  Мөн Талбай хойно байрлах Засгийн газрын XII байр, баруун талын Хаан банк, Туул ресторан, дунд байрлах Доргио баар, Грийл түргэн хоолны газар зэрэг аж ахуйн нэгжүүдийн үүдэнд хөглөрсөн хог болон барилгуудын өнцөг булан, тохойн хур хогийг шуудайлж, урд ба хойд талын авто зогсоол, явган хүний зам болон авто замын хог шороог цэвэрлэлээ.
2024/04/14
162
НИЙГЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өчигдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:“Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа,Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ,Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,Эх орныхоо өнцөг булан бүрээс улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын түлхүүр билээ. Тийм ч учраас аливаа улс орны хөгжил дэвшлийг ард иргэдийнх нь боловсролын түвшин, хувь хүний хөгжил, амьдралын чанараар нь үнэлдэг билээ.XXI зууны монгол хүн хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг өвлөн уламжлуулдаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, насан туршдаа суралцах чадвартай, сахилга хариуцлагатай, ёс суртахуунтай, хүмүүжил төлөвшилтэй иргэн байх учиртай.Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа нь эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, эх оронч, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй монгол хүн, Монгол Улсын иргэн юм.Монголчууд бид багш, ном, эцэг эх гурвыг гурван эрхэм хэмээн дээдлэн шүтэж, эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай.2023 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд ойрын жилүүдэд бүтээлч, задлан шинжлэх сэтгэлгээтэй, хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй ажиллах чадвартай, нийгэмдээ манлайлал, нөлөөлөл үзүүлж чадах мэргэжилтэн чухал болж байгааг дурджээ.Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүний үүрэг, хариуцлага нэн чухал билээ.“Алтан дэлхийг нар гийгүүлдэг, ард түмнийг эрдэм гийгүүлдэг” хэмээх ардын сайхан үг байдаг.Монгол хүнийг эрдэм номын гэгээн замд хөтөлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүндэт эрдэмтэн багш нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.Эрхэм хүндэт багш нар аа,1996 оноос хойш 23 жил тасалдаад байсан Монголын багш нарын VII их хурлыг таван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж байсан тэрхүү мөч саяхан мэт тодхон санагдаж байна.Энэхүү их хурлаар Монголын мянга мянган багш нарын төлөөлөл хуран чуулж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, бодлого, сургалтын агуулга, багшийн хөгжил, ёс зүй, ажлын үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлыг хэлэлцэн зөвшилцөж, санал бодлоо солилцон, тогтоол шийдвэрийг гаргасан билээ.Үүнийг үндэслэн багшийн хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг шуурхай гаргаснаар тухайн их хурлын шийдвэр бодит ажил хэрэг болж эхэлсэн юм.Өнгөрсөн хугацаанд бидний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хичээл зүтгэлийн үр дүнд багш нарын VII их хурлаас гарсан шийдвэр амжилттай хэрэгжиж байгаад Төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна.Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Монголын багш нарын VIII их хурлаар Та бүхэн алдаа оноогоо хэлэлцэн, амжилт бүтээлээ дүгнэн, цаашдын бодлого зорилтоо тодорхойлж, боловсролын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт итгэл төгс байна.Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”-д хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна.Өнгөрсөн хугацаанд манай улс дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж, танхимын сургалт хаагдсан амаргүй он жилүүдтэй нүүр тулсан хэдий ч төрийн оновчтой бодлого шийдвэр, түмэн олны хамтын хичээл зүтгэлээр хүнд цаг үеийг хохирол багатай даван туулж чадсан.Тухайлбал, төр засгаас хэрэгжүүлсэн технологийн дэвшлийг багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд сургалтын үйл ажиллагаанд шуурхай нэвтрүүлж, хичээл сургалтыг тасалдуулалгүй амжилттай явуулж чадсан.Манай улс цар тахлын үед улсын хэмжээнд теле хичээлийг шуурхай эхлүүлэн, “medle.mn”, “suraad.mn” зэрэг цахим платформыг амжилттай нэвтрүүлж, бусад улс орнуудыг түүчээлсэн билээ.Энэхүү ололт амжилтыг олон улсад өндрөөр үнэлж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Хувьсаж буй боловсрол” дээд түвшний уулзалтад Монгол Улсыг боловсролын цахим шилжилтээр тэргүүлэгч улсын нэгээр зарласан.Суурь  боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчдын мэдлэг, чадвараар тухайн улсын боловсролын тогтолцооны түвшинг тандан судалдаг олон улсын PISA үнэлгээнд Монгол Улс 2022 онд анх удаа хамрагдсан.Уг үнэлгээний үр дүнгээс үзвэл манай улсын сурагчдын уншиж ойлгох чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч, зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.Мөн техник технологийн хурдацтай хөгжил нь хүний амьдралын хэв маягт олон эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч хүүхэд багачуудыг дэлгэцийн хэт хамааралд оруулж, хөдөлгөөний дутагдал үүсгэн, сэтгэц болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьд харилцаа, амьд байгалиас холдуулах боллоо.Иймээс бид ирээдүй болсон хүүхэд багачуудаа эх байгальд хайртай, эрүүл амьдралын зөв хэвшилтэй, номын сайн нөхөр болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.Эрхэм хүндэт багш нар аа,Та бид Монголын багш нарын VII их хурлаар боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байсан.Тэгвэл 2023 онд Боловсролын багц хуулийг Улсын Их Хурал баталж, чанартай боловсрол эзэмших тэгш боломж, насан туршийн суралцахуй, цахим боловсрол, багшийн хөгжил, санхүүжилт, боловсролын байгууллагын удирдлага зохион байгуулалт, засаглалын тогтолцооны асуудлаар тодорхой ахиц, дэвшил гарах эрх зүйн орчныг бүрдүүлж чадлаа.Мөн сайн багшийн гараа ахлах сургуулийн багшийн сонгоноос эхлэх боломж бүрдэж, цаашид төрийн дэмжлэгтэйгээр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцаж, багшийн мэргэжил эзэмших үүд хаалга нээгдэж байна.Түүнчлэн түмний хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулан олон жил хөдөлмөрлөсөн багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах эрх зүйн орчин бүрдлээ.Боловсролын багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах чухал шийдвэрийг шуурхай гаргаж, Боловсролын шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна.Цаашид бид сургалтын чанар, үр дүн, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, тэгш хамран сургах болон багш нарын ажиллах орчин, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй.Мөн сургууль төгсөгчдийн эрдэм мэдлэг, ур чадвар нь хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн шаардлагыг хангаж чадаж байгаа эсэхэд анхаарах шаардлагатай байна.Өнөөдөр хиймэл оюун ухаан, их өгөгдөл, цахим орчин зэрэг шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийг дагаад дэлхий нийтээрээ боловсролын эрх зүйн орчин, тогтолцоо, сургалтын агуулга, арга зүйгээ ирээдүйн ажил мэргэжлийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхийг зорьж байна.Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд дурдсанаар дэлхийн тэргүүлэх 800 гаруй бизнесийн байгууллагын 85 хувь нь ирэх таван жилд технологийн дэвшил, цахим шилжилтийг бизнесийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгох хандлагатай байна.Үүний нөлөөгөөр 2027 он гэхэд 26 сая ажлын байр байхгүй болох эрсдэлтэй байгааг урьдчилан таамагласан байна.Иймд манай улс ирээдүйн боловсон хүчнээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.Үүнд төрийн боловсон хүчин, хүний нөөцийн бодлогыг чиглүүлэх учиртай.Орчин цагийн мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай иргэн төлөвшүүлэхэд багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал билээ.Боловсрол бол бүх нийтийн үйл хэрэг, нийтийн баялаг мөн.Тиймээс энэ баялгийг бүтээх их үйл хэрэгт багш, сурган хүмүүжүүлэгч, сургалтын байгууллагаас гадна эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, тус дэм, эерэг хандлага, гэр бүлийн халуун дулаан, эрүүл зөв орчин нэн чухал юм.Иймд бидний үр хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө хүчин зүтгэж буй эрхэм хүндэт багш нартаа нэн хүндэтгэлтэй хандаж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд нь хамтран ажиллахыг нийт эцэг эх, асран хамгаалагч, ард иргэддээ уриалж байна.Хүүхэд, залуусын хөгжлийн хөрсөнд Та бүхний тарьсан эрдэм мэдлэгийн үр шим хожмын өдөр хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь болж, хүчирхэг Монгол Улсын үндэс суурь болох учиртай.Багш таны манлайлал, багш таны сэтгэл зүрх, хүч хөдөлмөрийн ачаар Монгол Улс мэдлэгт суурилсан нийгмийг бүтээж, улс эх орон маань хөгжин цэцэглэж, хүчирхэгжин мандах болно.Монголын багш нарын VIII их хуралд мянга мянган багш нараа төлөөлөн оролцож буй эрхэм хүндэт Та бүхэнд болон монголын нийт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч нартаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.Их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
2024/04/13
217
НИЙГЭМ
Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар таван Ажлын хэсэг байгуулагдаж, хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгахаар ажиллаж буй. Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяраар ахлуулсан дөрөвдүгээр Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Улиастайн гүүрнээс 10 дугаар хорооллын “Гермес” төвийн уулзвар хүртэл хээрийн судалгаа хийн, зөрчил арилгуулж байна.Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал  “Манай Ажлын хэсэг Улиастайн гүүрнээс Нарантуул захын уулзвар, Нарны зам дагуу яваад “Гермес” төвийн уулзвар хүртэл 15.7 км буюу замын хоёр талаараа нийт 31.4 км трасст стандарт мөрдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёр хоногийн турш хээрийн судалгаа хийж, зөрчилтэй объектуудыг тогтоосон. Өнөөдрөөс эхний ээлжийн 200 иргэн, аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж байна. Зөрчлийг хугацаанд нь арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө. Мөн явган хүний замд байрлуулсан шаардлагагүй шон, хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж, цахилгааны утас нь ил гарсан гэрлийн шонг тагжуулж байна” гэв.Ажлын хэсэг бүрд нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн багтаж, өөрсдийн чиг үүргийн хүрээнд зөрчил арилгаж буй. Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын эвдрэл гэмтлийг бүртгэн, засварлах төлөвлөгөө гаргаж байна.Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Бахберген “Уг Ажлын хэсгийн хүрээнд төвийн 6 дүүрэгт гарсан авто замын эвдрэлийг бүртгэж, нөхөх, засварлах ажлыг хийнэ. Одоогоор Ботаникийн уулзвараас Улиастайн уулзвар хүртэлх 2.4 км замын ээлжит засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замыг 2006 онд өргөтгөн шинэчилснээс хойш ээлжит засвар хийж байгаагүй. Замын хашлага буюу бродюрын ашиглалтын хугацаа дууссан, элэгдэлд орсоны улмаас жолооч нар хашлага давж, явган хүний зам, хөвөөн дээр машинаа байрлуулах зөрчил гаргаж байгаа. Тиймээс авто замын хуучин бродюр солин, хашлага зөрүүлж байгаа бөгөөд ирэх тавдугаар сардаа багтаан хучилт хийж дуусгана. Мөн зөвшөөрөлгүй гарсан орц гарцыг хаана” хэмээлээ.Одоогоор дөрөвдүгээр Ажлын хэсгийн хариуцсан трасст зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн 14, газар олголтоосоо илүү гаргаж, хашаа татсан 9, нийтийн эзэмшил болон дэд бүтцийн шугам сүлжээн дээр хашаа хайс барьсан 3, зөвшөөрөлгүй хаягжилт, гэрэлтүүлэг, сурталчилгааны самбар байршуулсан 12 зөрчил илэрчээ.
2024/04/12
192
НИЙГЭМ
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч байна
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтыг хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн юм.Түүнчлэн Туул голын гүүрний өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орохын өмнөх болон дараах үеийг харьцуулан үзэхэд оргил ачааллын үед 120 мянгатын уулзварын нэвтрүүлэх чадвар 10.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан.Харин 2024 оны гуравдугаар сарын 27-нд “Зайсан холбоо” байгууллагаас “Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх тухай” А/0321 тоот албан бичгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлжээ. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1,000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүссэн байна.Тухайн хүсэлтийн дагуу Зайсан тойруугийн хөдөлгөөнийг хуучин зохицуулалтад нь оруулбал оройн оргил ачааллын цагаар хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж, Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж, замуудад хөдөлгөөний ачаалал үүсэх юм. Мөн ХААИС-ийн уулзварын гэрлэн дохионы горим дөрвөн үетэй болж, хүлээлтийн хугацаа нэмэгдэн, Нисэх, Яармаг талаас ирэх хөдөлгөөний ачаалал ихсэж, зүүнээс баруун тийш чиглэх түгжрэлийн урт 1 цагт 5.3 км-р нэмэгдэнэ.Иймд Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авч байна.Иргэн та https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey холбоосоор нэвтрэн санал өгөх боломжтой. Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнөөр зорчуулж байгааг үргэлжлүүлэхийг дэмжиж байвал дэмжинэ гэсэн хариултыг, хоёр чигийн хөдөлгөөнд оруулах саналтай бол дэмжихгүй гэсэн хариултыг сонгоно уу.
2024/04/12
213
НИЙГЭМ
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно.Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр-Бүртгэлийн байгууллага сонгуулийн хуулийн дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг гардаг. Энэ дагуу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөн зогсоно.  Нийслэл хотод хаягийн бүртгэлтэй 1 сая 730 мянган иргэн байна. Урьдчилсан байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргахад  1 сая 940 мянган бүртгэгдсэн байна. Гэхдээ Улсын дээд шүүх, ШШГЕГ, УХМЕГ-аас нэрс ирэх бөгөөд эдгээр байгууллагаас ирсэн нэрс сонгогчийн нэрийн жагсаалтаас хасагддаг. Иргэд тухайн хаягаасаа нүүсэн ч хасалтаа хийлгэдэггүй. Энэ нь уг хаяг дээр олон хүн амьдарч байгаа юм шиг харагддаг. Тиймээс иргэд та бүхэн заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийх шаардлагатай.Түүнчлэн тухайн хүний байнга оршин суудаг хаяг дээр нь танихгүй, гэр бүлийн биш хүн хүмүүс байвал УБЕГ-т өөрийн биеэр өргөдөл өгч болно. Мөн burtgel.gov.mn хаягаар хандаж тухайн нэрсийн жагсаалтаас харилцаж байгаа мэдээлэл зөрүүтэй бол шалгах гэсэн цэс рүү ороод гомдол гаргах боломжтой гэв.Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэн өөрийн  оршин суугаа хаягийн мэдээлэл болон нийт сонгогчийн мэдээллийг https://election.burtgel.gov.mn/  цахим хуудаснаас харах боломжтой. Ташрамд, нийслэлийн 204 хороонд улсын бүртгэгч ажиллаж иргэний бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байсан. Өнгөрсөн оноос 29 төв, цэгээр 32 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 29 цахим машинаар иргэн, хуулийн этгээдэд 24 төрлийн лавлагаа, үйлчилгээг үзүүлж байна.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/04/12
183
НИЙГЭМ
Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Шийр” гэдэг газар дөрөвдүгээр сарын 11-ний 12:46 цагт гарсан  хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж,  15:20 цагт унтраасан.Мөн Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн "Манхан" гэдэг газар  мөн өдрийн 14:12 цагт гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд үүрэг гүйцэтгэж, 21:50 цагт унтраасан.Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар 5002 га талбай өртөөд байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангаж, түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2024/04/12
196
НИЙГЭМ
Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд холбогдох албаныхны хамт ажиллалаа.Тус нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстойг Хотын дарга хэлж байлаа. Мөн тэрбээр “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” хэмээсэн юм.Цэвэрлэсэн талбайг нь хүмүүс буцаад маш хурдан бохирдуулдаг бөгөөд иргэд хогоо хогийн саванд хийхээ больсноос гадна шаардлага тавихад уурлаж, загнадаг болсон гэдгийг тохижилт үйлчилгээний ажилчид онцолж байв. Мөн харилцан нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийн амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслахыг хүссэн юм.
2024/04/11
158