mmnews.mn | 2024-11-06
Энтертайнмент
Хүүхдийн найрал дууны наадмын шилдгүүдийг тодрууллаа
2024/10/28
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Энэ жилийн наадмын анхан шатны шалгаруулалтад улс, нийслэлийн 85 сургуулийн 5780 сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 25 сургуулийн 1300 орчим хүүхэд оролцож, шилдгүүдээ тодруулсан юм. Тодруулбал,Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг,Дэд байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг,Гутгаар байранд Баянгол дүүргийн Монгени сургуулийн “Одод” хамтлаг,Тусгай байранд Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг,Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг,Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн Монгол дахь Канад сургуулийн “Нарны үрс” хамтлаг, “Шилдэг удирдаач багш” номинацийн эзнээр Орхон аймгийн “Уран эгшиг” сургуулийн хөгжмийн багш Ө.Байгалмаа,“Шилдэг удирдлага” номинацийн эзнээр Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарлаа. 
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ
2024/06/14
 Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцоно.Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш: -Тус наадмын хүрээнд жанжин Д.Сүхбаатарын талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн хотуудын оролцогчдын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд гурван өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 14-ний 19:30 минутад Д.Сүхбаатарын талбайд болно. Нээлтийн тоглолтод Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын “Хуучирын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлэх юм. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Х.Отгонзул:-Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд ардын урлаг, гар урлал болон үндэсний хувцсаараа бүртгүүлж, 2023 онд батламжаа авсан түүхтэй. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдсэн.Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал:-Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байлаа. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Өнгөрсөн ооноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байна. Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно
2024/06/10
 "Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ.Наадмын хүрээнд төв талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ерөнхий зохион байгуулагчаар НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци ажиллаж байна.