mmnews.mn | 2026-01-21

УЛС ТӨР

УЛС ТӨР
Эдийн засгийн байнгын хороо “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ
Эдийн засгийн байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 42 удаа, Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтарч 2, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтарч 3 удаа, Төсвийн байнгын хороотой хамтарч 4 удаа, нийт 51 удаа хуралдан эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 128 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 24 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган, батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын 23 тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны 21 тогтоолын төслийг баталсан байна.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн болон эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 385 саналын томьёоллыг бэлтгэн, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангасан байна.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дотоодод шатахууны нийлүүлэлтэд хомстол, тасалдал үүсэхээс сэргийлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкнаас газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилт, мөн газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах зэрэг зохицуулалтуудыг тусгасан Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан юм. Тус хуулийг баталснаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжих гадаад хүчин зүйлээс шалтгаалан үүсэх газрын тосны бүтээгдэхүүний тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой.Үүний зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулжээ.Мөн “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Төрийн бүтээмж, засаглал”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлийн хүрээнд үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүн, түүнд хүрэх арга замыг тодорхойлсон “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан юм. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлэх, ​ахиц дэвшлийг хянах, зорилтот үр дүнд чиглүүлэх зорилгоор үр дүн тус бүрийг хэмжих нийт 512 шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшнийг тодорхойлсон юм.Улсын Их Хурлаар үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад бодлогын түвшинд анхаарах шаардлагатай зарчмын саналуудыг нэмж тусгасан. Тухайлбал, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгаж, урсгал дансны алдагдлыг цаашид үе шаттайгаар бууруулах бодлогын хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр гадагшилж буй валютын урсгалыг багасгах нь нэн чухал байгааг чухалчилж, эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах шинэчлэлийг хийх, эдийн засгийн гадаад сектороос хамаарсан эмзэг байдлыг бууруулах нь ханш, инфляци, гадаад валютын улсын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх томоохон зорилтын нэг чухал хэсэг гэж үзсэн.Эдийн засаг дахь төрийн оролцоо болон эдийн засаг, ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулах үүднээс төрийн зардлыг бууруулах, төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээг Улсын Их Хурлаас баталсан бодлоготой нийцүүлэх бодлогыг баримталсан юм. Мөн төрийн өмчит компаниудын эдийн засгийн аюулгүй байдлын нөлөөллийг тооцсоны үндсэн дээр төрийн оролцоог бууруулах боломжтой чиг үүргийг хувийн хэвшлээр заавал гүйцэтгүүлэх,  шилжүүлэх бодлогыг ирэх 5 жилд шат дараалан хэрэгжүүлэх нь томоохон бодлогын шилжилт болох аж.Төрийн зүгээс цаашид ногоон эдийн засгийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр өрхийн хэрэглээ, хувийн салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг ногоон болгоход шаардлагатай эдийн засгийн суурь бодлогыг дэмжих үнийн болон татварын бодлогыг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.Сүүлийн жилүүдэд нийт иргэд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээс татварын шинэчлэлийн хүрээнд дэвшүүлж буй санал санаачилгатай холбогдуулан хувийн хэвшил, иргэдэд учирч буй татварын бодит ачааллыг нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих татварын бодлогын хүрээнд бууруулах болон хувийн хэвшил, чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн бодлого, зорилтуудыг сайжруулан томьёолсон. Улмаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчим хүчний зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжихэд чиглэсэн үр дүн, арга замыг тусгасан.Хүний хөгжилтэй холбогдуулан эрүүл мэндийн тогтолцооны гүйцэтгэлийн хүрээг тогтоож, хүн-төвтэй, хүртээмжтэй, чанартай, санхүүгийн эрсдэлгүй тусламж, үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, дундаж наслалтыг 2 насаар нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүллээ. Мөн багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, ажиллах орчин, хүүхдийн суралцах орчныг стандартын шаардлагад нийцүүлэх, хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдах боломж болон өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг боловсрол, эрүүл мэнд, хувь хүний орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой зорилтуудыг холбогдох шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинтэй нь нэмсэн байна. Түүнчлэн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээр тодорхойлогдсон зорилт, түүнд хүрэх арга зам, хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг хүний эрхийн мэдрэмжтэй болгоход анхаарч, бүх нийтийн хүний эрхийн боловсролыг дэмжих, цахим орчинд хүний эрхийг хамгаалах, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх замаар хэвлэлийн эрх, эрх чөлөөг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх, төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх үр дүн, арга замыг тодорхойлсон.Мөн тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн хөгжлийн төслүүдийг эрэмбэлж 70.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 88 төслийг тусгасан юм.Үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт болон гүйцэтгэлийн үнэлгээ хийх, хэрэгжилтийн явцыг танилцуулах, тайлагнах, Улсын Их Хурлаар хэлэлцэх хуулийн зохицуулалтын зөрүүтэй байдал, хэрэгжилтийн үнэлгээний тодорхойгүй байдал, мөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах аргачлалыг хуульчлах зэрэг эрхзүйн асуудлууд тулгарсан. Иймд  Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг шуурхай хийж, дээрх чиглэлээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тул  Монгол Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 9, Байнгын хорооны тогтоолоор 7 ажлын хэсэг ажилласан байна.Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Нэр дэвшигчийн сонсголын үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг Байнгын хорооноос баталснаар эхэлж, 12 дугаар сарын 17-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан байна. Нэр дэвшигч сонгон шалгаруулах үйл ажиллагаа хоёр сар гаруй үргэлжилж, нэр дэвшихээр ирүүлсэн 45 хүсэлтээс 20 албан тушаалд нэр дэвших хүсэлтийг сонгон шалгаруулжээ. Улмаар холбогдох нэр дэвшигчийн сонсголуудыг зохион байгуулж, Улсын Их Хурлын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш, эдгээр албан тушаалуудад хуульд заасны дагуу 3-8 жилийн турш томилгоо хийгээгүй, үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байсныг Улсын Их Хурал энэхүү бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлэн томилгоог хийж, үүсээд байсан гажуудлыг арилгасан.“Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ Хянан шалгах түр хороонд хүргүүлсэн.Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулсан “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж, тайланг нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар сонссон юм.Мөн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын мэдээлэл болон дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлын талаар мэдээлэл, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгуудыг тухай бүр сонссон.Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 19 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлт 37, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 6 танилцуулга, 10 мэдээ мэдээллийг d.parliament.mn цахим системд байршуулсан.Иргэдээс Эдийн засгийн байнгын хороонд хандаж 31 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хандан иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 196 албан бичгийг эрхлэх асуудлын дагуу хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 60 албан бичгийг холбогдох газарт явуулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 
2026/01/20
172
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцоно
Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 2026 оны 1 дүгээр сарын 19–23-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор зохион байгуулагдана.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын хүрээнд “Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт”, “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Тойрог үнэ цэнийн сүлжээнд хиймэл оюун ухааны хэрэглээ” зэрэг хуралдаанд үг хэлж, санал бодлоо илэрхийлэхээс гадна Дэлхийн эдийн засгийн манлайлагчдын холбогдох хэлэлцүүлгүүдэд оролцоно.Мөн чуулга уулзалтын үеэр дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн манлайлагчид, олон улсын байгууллагын удирдлагатай ажил хэргийн уулзалтууд хийж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм.Тус чуулга уулзалт нь 1971 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийн 56 дугаар чуулга уулзалтад 70 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, нийт 2700 гаруй төлөөлөгч оролцож байна.
2026/01/19
126
УЛС ТӨР
Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр (2026.01.16) аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нартай уулзлаа. УИХ-ын дарга Н.Учрал 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжууд, төрийн бүх шатны хүнд суртлыг арилгах зорилготой “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл болон Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлээс зорилтот ажлуудыг танилцууллаа. Илтгэлийнхээ эхэнд УИХ-ын дарга, шинэ цаглавраар батлагдсан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль нь эдийн засаг дахь төрийн оролцоог хумих, хувийн хэшлийг дэмжихийн зэрэгцээ олон нийтийн саналд үндэслэн хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарснаараа онцлогтой хэмээн тодотгов. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг 30 хувь хүртэл бууруулснаар татварын реформ хийх орон зайг гаргасан бөгөөд бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжийг бодитоор дэмжих боломж бүрдсэнийг дурдлаа. Түүнчлэн энэ оны төсвийн тухай хууль нь хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж, мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьсон тул аймаг, орон нутгийн удирдлагууд, төсвийн захиран зарцуулагчид ч нэгдмэл байр сууринаас сахилга бат, хариуцлагатай ажиллахыг санууллаа. Улсын Их Хурлаас баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төсөл, арга хэмжээнүүдийг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэх эрхийг баталгаажуулж, сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгон багасгаж, үе шатыг нь цөөлсөн болохыг тодотгов. Иймд бүс нутгийн нөөц, боломжид тулгуурлан хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх зорилтот арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэйг УИХ-ын дарга хэллээ.Мөн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ган зуд, гамшигт үзэгдлийн хохирлыг бууруулахад чиглэж, холбогдох болзлыг багасгаж, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжийг олгосон талаар танилцуулсан юм. УИХ-ын дарга үргэлжлүүлэн газрын хэвлийн баялгаас орон нутгийн хүртэх шууд ба дам өгөөжийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ил тод байдлыг сайжруулахад эрх зүйн орчноор дэмжиж ажиллахаа илэрхийлээд, Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх Хянан шалгах түр хороо үр дүнтэй ажилласнаар УИХ-ын тогтоол батлагдсаныг хэллээ. Үүнээс гадна Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах 16 багц арга хэмжээ бүхий Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх УИХ-ын тогтоолыг баталж, ажлын хэсгийн гишүүд чуулганы завсарлах хугацаанд хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж буйг тодотгов. Мөн ногоон эдийн засгийг дэмжиж, дэд бүтцийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах зорилготой Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолыг баталсан талаар танилцуулсан юм. Уг тогтоолд орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих 100 мВт -ын тархмал эх үүсвэр, автозамын сүлжээ, экпортын боомтуудын 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол, цогцолбор байгуулах ажлууд багтсан байна. Орон нутгийн  түвшинд эрчим хүчний асуудлыг бие даан шийдвэрлэх гарц бол сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх шийдэл гэдгийг УИХ-ын дарга тодотгож байв. Уулзалтын төгсгөлд иргэний эрх, улс төрийн эрх, эдийн засгийн эрх гэсэн гурван тулгуурт эрх чөлөөг баталгаажуулах зорилт бүхий “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, энэ хүрээнд 12 ажлын хэсэг байгуулагдсаныг онцоллоо. Энэ нь иргэн, бизнесийг хэт их зохицуулалтаас улбаатай хүнд суртал бүхий хоцрогдсон эрх зүйн орчноос чөлөөлж, төрийн үйл ажиллагааг цомхон, ил тод, хариуцлагад суурилсан шинэ түвшинд хүргэх зорилготой цогц шинэтгэл юм. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх талаар танилцууллаа. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль, Арилжааны тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр бэлтгэж буйг дурдлаа. Энэ бүхний цаана төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хатуу баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодитоор дэмжиж, бизнес эрхлэгчид, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын реформ хэрэгжүүлэхийг зорьж буйг хэлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр УИХ-аас 2026 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Энэ хүрээнд хаврын чуулган эхэлмэгц Гэр бүлийн тухай хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр төлөвлөж буй аж. УИХ-ын даргын илтгэлийн дараа аймаг, орон нутгийн удирдлагууд асуулт асууж, үг хэлэв. Тэдний хувьд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахад анхаарахыг уламжилж, төр өөрөө хамгийн том худалдан авагч болсныг шүүмжилж байв. Түүнчлэн татварын хуулийн реформын хүрээнд АМНАТ-ийн тогтолцоог шинэчлэх ёстой гэдэгт санал нэгдэж, эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг орон нутгийн хэмжээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/01/16
200
УЛС ТӨР
Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинээс шинэ жилийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлж, хариу мэндчилгээ уламжилж өгөхийг хүсэв.Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч 2025 онд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, хоёр талын хооронд дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ амжилттай болсныг дурдаж, цаашид тохиролцсон асуудлуудаа бодит ажил хэрэг болгоход талууд онцгой анхаарч ажиллах нь чухал байгааг тэмдэглэв. Мөн  2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим томоохон арга хэмжээний талаар Элчин сайдтай санал солилцов. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг монгол, оросын тал соёрхон баталсанд талархал илэрхийлж, ойрын хугацаанд тус хэлэлцээрийг Евразийн эдийн засгийн холбооны бусад гишүүн улс мөн соёрхоно батална гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжихээс гадна иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэв. Түүнчлэн, 2025 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, цаашид найдвартай, тогтвортой нийлүүлэх, манай баруун бүсийг цаашид үргэлжлүүлэн цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааны асуудлаар харилцан тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.Элчин сайд А.Н.Евсиков дээд, өндөр түвшний уулзалтуудын үеэр ярилцан тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэхтэй ажиллахаа илэрхийлж, 2026 онд Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлэв. 
2026/01/16
184
УЛС ТӨР
Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Л.Соронзонболд, Д.Пүрэвдаваа, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар өнөөдөр /2026.01.15/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав.Төрийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул байгууллагынхаа 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлангийн талаар товч мэдээлэл хийхийн зэрэгцээ 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, “Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д нийт 2,067.6 тэрбум төгрөгийн 90 төсөл, арга хэмжээ тусгагдсанаас Засгийн газрын 2025 оны 144 дүгээр тогтоол, 162 дугаар тогтоолын жагсаалтад өөрчлөлт оруулан, нийт 1,889.5 тэрбум төгрөгийн 87 төсөл, арга хэмжээний 497 багц  ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс нийт 74 төсөл арга хэмжээний хүрээнд гэрээг амжилттай байгуулсны зэрэгцээ улсын төсвийн хөрөнгөөс 282.8 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн хэмээн танилцуулгад дурдсан байлаа.Мөн Ц.Батзул дарга танилцуулгадаа, 2026 онд нийт 197 төсөл арга хэмжээний 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй худалдан авах ажиллагааны шалгаруулалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнийг ангилбал, 3.0 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй 71, 3-10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй 87, 10 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй 39 төсөл арга хэмжээ байгааг онцлов.Өнөөдрийн байдлаар нийт 48.1 тэрбум төгрөгийн 11 төсөл арга хэмжээний 20 багц ажлын техникийн тодорхойлолт, ажлын даалгаврууд ирээд байгааг тэрбээр тодотгоод төрийн худалдан авах ажиллагааг 2011 оноос цахим системээр дамжуулан зохион байгуулж ирснээс хойш томоохон шинэчлэл хийгээгүй гэж байлаа. Иймд энэ жилээс цахим худалдан авах ажиллагааны системийг шинэчилж, ил тод болгох, ялангуяа төрд байгаа мэдээллийг иргэдээс шаарддаггүй хурдан, шуурхай болгож, хялбаршуулахад анхаарч ажиллана гэж байлаа. Мөн Худалдан авах ажиллгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг хэрхэн зохицуулахаар тусгасан талаараа дэлгэрэнгүй танилцуулав.Мэдээлэл, хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг байх нь чухал тул төрийн аудитын байгууллагаар адуит хийлгэх, тайлан, дүгнэлтийг нь Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллахыг тус газрынханд анхааруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд та бүхэн бодлого боловсруулагч бус хэрэгжүүлэгч байгууллага гэдэг хандлагаа өөрчилж, цаашид төрийн худалдан авах үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулахад онцгойлон анхаарч, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэж байлаа.Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалт, арга хэмжээний төгсгөлд үг хэлсэн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд мега төслүүдийн худалдан авалттай холбоотой үйл ажиллагаа хангалтгүй байсныг онцлоод цаашдаа мега болон хөгжлийн томоохон төслүүдээ яг адилхан зохицуулалтаар явуулж буйд анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна гэв. Мөн хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр төрийн худалдан авах үйл ажиллагааг явуулдаг болоход анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах асуудалд Байнгын хорооноос онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/01/15
208
УЛС ТӨР
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа, бусад байнгын хороотой хамтран хоёр удаа, нийт 10 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ хугацаанд дөрвөн хуулийн төсөл, Улсын Их Хурлын нэг тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган батлуулсан байна.Мөн олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг зөвшилцөх гурван асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлээ Монгол Улсын Засгийн газарт, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцсэн талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид тус тус хүргүүлжээ.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулиудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байна.“Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомж, тэтгэврийн тогтолцооны онцлогоос хамааруулж тэтгэврийн төрлийг сонгож, хоёр улсад шимтгэл төлсөн хугацааг давхцуулахгүйгээр нэгтгэн тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох, Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэвэрт хамрагдсан бол өөрийн улсдаа тус улсын хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах асуудлыг тусгажээ.Монгол Улс тус хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллаж, нийгмийн хамгааллын тогтолцоонд харилцан тэгш эрх эдлэх, үүрэг хүлээх бөгөөд ялангуяа Монгол Улсын иргэдийн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа тухайн улсдаа нийгмийн дааталын шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад даатгуулсан хугацаанд тооцогдохгүй, тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, өндөр насны тэтгэврийг бага хэмжээгээр тогтоох сөрөг үр дагаврыг арилгаснаар нийгмийн хамгааллын баталгааг хангах эрх зүйн орчин бүрдэх бөгөөд гэрээнд заасны дагуу зохицуулах аж.Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг УИХ соёрхон баталснаар хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэх, шинэчлэх, тоноглогдсон түргэн тусламжийн автомашин, явуулын эмнэлгээр хангах боломжтой болно. Мөн улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр стандарт, шаардлага хангасан 41 сургууль, цэцэрлэгийг шинээр барих юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн, шаардлагатай ажиллах хүчний ур чадварыг бий болгохоос гадна онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааны чадавхыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, орчин үеийн гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, автомашины хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм байна.Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх бөгөөд уг төслийн хүрээнд Зүрх судасны үндэсний төвийн барилгыг барих, эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, зүрх судасны эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах аж.Зүрх судасны үндэсний төвийн барилга баригдсанаар зүрх судасны болон зүрх судсан дотуурх мэс засал, үзлэг, оношилгоо, яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээх засах эмчилгээний хэсэгтэй болж, эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн уг барилгын зураг төслөөр иргэд, эмчлүүлэгч, эмнэлгийн хог хаягдлын урсгалыг тусгаарлаж, эмнэлгийн халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангаж, халдварын эрсдэлийг бууруулах, эмч, эмнэлгийн ажилтан, эмчлүүлэгч тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд эрсдэлгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлэх, авах боломжийг бүрдүүлэх юм байна.Байнгын хороо хуралдаанаараа Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг тус тус сонсож, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэд, сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, иргэдээс санал авахад дэвшилтэт арга хэрэгслийг ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд өргөн мэдүүлсэн, ирүүлсэн хууль тогтоомжийн төслийг D-PARLIAMENT цахим сүлжээнд оруулан, иргэдийн саналыг авчээ.Түүнчлэн Байнгын хорооны дарга болон гишүүд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар гадаад улсын зочид төлөөлөгч, холбогдох албаны хүмүүстэй долоон удаагийн албан уулзалтыг хийсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/01/15
206
УЛС ТӨР
УИХ-ын дарга Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ч.Анар, М.Энхцэцэг нар Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүр бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчны талаарх уулзалт хэлэлцүүлэгт өнөөдөр (2026.01.15) оролцов. Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчны талаар санал солилцох зорилго бүхий энэхүү арга хэмжээнд төрийн болон төрийн бус, олон улсын 80 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орны хувьд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах стратегийн зорилт дэвшүүлсэн. Ижил төстэй бусад зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц нь суурь нөхцөл бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын уялдаа зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Мөн Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн ногоон хөгжлийн бодлогын хүрээнд, эдийн засгийн тогтвортой өсөлт, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулан, хүлэмжийн хий багатай, хүндээ ээлтэй хөгжлийн шинэ загварыг бүрдүүлэх зорилгоор бодлогын зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан тогтоолыг УИХ 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан. Уг тогтоолд 100 мянган цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц байгуулах санаачилгыг хэрэгжүүлж, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн нийтийн болон хурдан цэнэглэх дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг ашиглаж бий болгох гэж заасны хүрээнд хууль, эрхзүйн орчны нөхцөл байдлыг хэлэлцэв.Ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжих, импортын хараат байдлыг бууруулах зорилготой УИХ-аас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах нь чухал гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал ярианыхаа эхэнд онцлов. Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу ногоон төсөл, дэд бүтцийг дэмжиж, өрхийн болон орон нутгийн эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгосноор цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлж, улмаар дэлхийн ногоон санхүүгийн зах зээлтэй холбогдох ажлууд үе шаттай хийгдэх аж.Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх “Чөлөөлье” санаачилга дэвшүүлж, энэ хүрээнд 12 ажлын хэсэг байгуулсан. Чөлөөлье санаачилгын хүрээнд айл өрхүүдийн хэрэглээн дэх сэргээгдэх эрчим хүчний холболтын зөвшөөрлийн шат дамжлагыг халаад байгаа гэв. Тэгвэл одоо дараагийн ажил болгож цахилгаан тээврийн хэрэгсэл, дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах, холбогдох төслүүдийг хэлэлцэж эхлээд байгааг УИХ-ын дарга Н.Учрал энэ үеэр мэдэгдсэн. Хамгийн гол нь бодит шийдлүүдийг нэвтрүүлэх, түүний хэрэгжилтэд саад болж буй хэтийдсэн дүрэм, журам, зөвшөөрлийг халах замаар энэ ажлын хэрэгжилтийг хангах зорилготой байгааг УИХ-ын дарга тодотгов. Тухайлбал, УИХ-аар баталсан дээрх тогтоолд өрхийн болон орон нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах асуудлыг тусгасан бөгөөд энэ хүрээнд хэрэгжиж байгаа онцлох ажил нь Чингэлтэй дүүргийг тусгай бүс болгон зарлаж, 10 гаруй шат дамжлагыг халах, техникийн нөхцөл заавал шаарддагийг болиулах, өрх гэрүүд шугамд холбогдох боломжийг нээжээ. Одоо санхүүжилтийн таатай нөхцөлийн талаар банкуудтай ярилцахаар бэлтгэж байгаа аж. Мөн карбон зах зээлийн боломжийн талаар судалж, 20 кВт хүртэлх системийг техникийн нөхцөлгүй, нэг маягийн зураг төслөөр холбох нь цаг хугацаа, зардлыг эрс бууруулна хэмээн үзжээ. Үүнээс гадна сүүлийн 10 жилд олон улсын ногоон санхүүжилтийн нийт санхүүжилтэд эзлэх хувь дэлхий даяар 40 дахин, нийт дүн 100 дахин өссөн бөгөөд цаашид  жилд дунджаар 21 хувь өсөх үзүүлэлттэй байгаа энэ цаг үед Монгол Улс энэ шилжилтэд бэлэн байх шаардлагатай тулгарч байгааг УИХ-ын дарга Н.Учрал тоо баримт дурдан өгүүлээд, энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгвэл УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгсөн нэг чиглэл болох цахилгаан автомашины хэрэглээг дэмжих асуудлын тухайд дэд бүтцийг эхэлж барих нь зөв дараалал гэж үзэж байна. Манай улсад 2023 онд цахилгаан автомашин 769 байсан бол 2026 онд 1000 гаруй болж нэмэгджээ. Цаашид хэрэглээг дэмжих үүднээс чанар стандартын бодлого баримтлах, шинэ барилга байгууламжинд цэнэглэх станцын хэрэглээг бодолцон төлөвлөх, санхүүжилтийн хүртээмж, зээлийн хугацааг бодолцох, ногоон дугаарыг саадгүй олгох, ногоон дугаарын хүрээнд эдлэх давуу талыг нэмэгдүүлэх гэх мэт шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Санхүүжилтийн хувьд дотоодын эх үүсвэрийн нөөц боломжийг судлах, зарим зохицуулалтыг хийхээс гадна, гадаад эх үүсвэрийн хувьд Уур амьсгалын ногоон сан, банкуудын оролцоогоор дэмжих боломж байгааг УИХ-ын дарга Н.Учрал яриандаа дурдаж байв. Харин төрийн үүрэг бол хүнд суртлыг багасгах, шат дарааллыг цөөлөх, мөн бодлогын баталгаа гаргах, хувийн хэвшил гол хэрэгжүүлэгч байна. Уг төслийг төр хувийн хэвшлийг түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой гэв. Хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөлөл ногоон барилга цахилгаан машин, түүний дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний панель, инвертор болон хураагуур цогцоор нь ААН-ийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон эх үүсвэр татсан ААН-үүдэд илүү хөнгөлөлттэй нөхцлөөр дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/01/15
196
УЛС ТӨР
'Цэгцрэх хөдөлгөөн'-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын нийгэмд цэгцрэх хөдөлгөөн эрчимжиж байна. Уул уурхай, төрийн өмчийн салбарт үүрлэсэн баялгийн хулгай цэгцрэх хөдөлгөөний урсгалд туугдаж ил гарсаар байна. Энэ урсгалыг зөв голдиролд чиглүүлэхэд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын манлайлал, үүрэг, оролцоо чухал” гэлээ. Мөн тэрээр цагдаагийн байгууллага хүн төвтэй, хүний эрхийг хангасан үйлчилгээг зорилт болгож, цагдаа, олон нийтийн харилцаа, ойлголт, хандлагыг шинэ шатанд гаргах цаг болсон гэдгийг онцоллоо. Хууль сахиулах,  гэмт хэрэгтэй тэмцэх ажилд инновац, дата өгөгдөл, дэвшилтэт технологийн боломжуудыг ашиглаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэн шинэчлэгдэх хэрэгтэй. Ингэх нь иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Гэмт хэрэг илрүүлэх нэг хэрэг. Харин хохирсон хүний хохирлыг барагдуулах нь хүн төвтэй үйлчилгээнд хүрэх чухал алхам. Тиймээс гэмт хэрэгт хохирсон иргэдийн хохирлыг бүрэн барагдуулдаг байхад чиглэсэн эрхзүйн болон тогтолцооны шинэчлэл хийх нь энэ салбарын чухал зорилт байх ёстойг Ерөнхий сайд санууллаа. Мөн тэрээр Засгийн газраас онцгойлон анхаарч буй хар тамхитай тэмцэх ажилд цагдаагийн байгууллага үр дүнтэй ажиллаж буйд талархал илэрхийлээд энэ чиглэлд олон улсын туршлагыг нэвтрүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялын бодлогыг чангалж эрхзүйн орчныг сайжруулах ажилд цаг алдаж болохгүйг онцоллоо. Мөн цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх нь салбарын анхаарах асуудал болсон. Тухайлбал, 2024 оны байдлаар 485 алба хаагч өөрийн хүсэлтээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байна.  Алба хаагчдын нийгмийн асуудлыг анхаарах, цалин, урамшууллын тогтолцоог сайжруулах, оновчтой болгох, бүтээмжтэй уялдуулахад чиглэсэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ.  
2026/01/15
205
УЛС ТӨР
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд болж байна.Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд юм. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлдээ дэлгэрэнгүй танилцууллаа.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хагас жилийн өмнө байгуулагдахдаа улс орны өмнө тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан. Төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, долларын ханш огцом өсч, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй үед ажиллаж эхэлсэн. Ард түмний эзэмшлийн компанид хулгай, луйвар нүүрлэсэн. Төрд цэгцлэх ажил, цэгцрэх хөдөлгөөн нэхэгдэж байсан цаг үе гэдгийг Ерөнхий сайд “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлийнхээ өмнө хэллээ.“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 7 дугаар сараас 3 сарын хугацаатай  онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор 2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээж чадлаа. Төсвийн сахилга бат, эмх цэгц, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж эхэлмэгц бодит үр дүн эхнээсээ харагдаж эхэлсэн. Сэхэл авч сэргэсэн эдийн засгийг цаашид зөв залуурдах шаардлагатай. Үүний тулд ард түмэндээ ШИНЭ ИТГЭЛ төрүүлж, засаглалын ЭРС ШИНЭТГЭЛ хийх бодлогын зорилтыг Засгийн газраас дэвшүүлж байгаа юм. УИХ-аар 2026-2030 онд улс орноо хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлуулсан. Улс орныг бүхэлд нь цэгцлэх найман үндсэн чиглэл нь-Хүний хөгжлийн шинэтгэл-Эдийн засгийн бүтцийн шинэтгэл-Үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэл-Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл-Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл-Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл-Бүсийн хөгжлийн шинэтгэл-Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны шинэтгэл юм гэлээ. Мөн эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-г баталж, оны эхнээс хэрэгжүүлсэн. Энэ 300 хоногт эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлал ба зарцуулалтыг бодитоор эхлүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг ажил болгоход орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой. Төр өөрөө эмхлэгдэж, цэгцэрч байж л энэ боломж бодит хөгжил болно гэлээ. 2025 оны тайлан, 2026 оны зорилт, таван жилийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайд илтгэлдээ дэлгэрэнгүй танилцуулаад “Эдийн засаг өсөхийн тулд зөвхөн бизнес чөлөөтэй байх нь хангалтгүй. Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналтын дор байх ёстой. Тиймээс төлөвлөгөөний дараагийн том багц нь төрийг дотроос нь цэгцлэх реформ юм. Энэ хүрээнд хуульд нийцэхгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа 1,000 гаруй журам, дүрмийг цуцална гэлээ.Аймаг, орон нутгийн удирдлагууд амьдралд, иргэддээ ойр ажиллахыг Ерөнхий сайд зөвлөөд, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг анхаарууллаа. Орон нутгийн удирдлагуудаас удаа дараа тавьж байгаа зарим асуудлын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ.Төсвийн хэмнэлтийг орон нутагтаа захиран зарцуулах эрхийг олгох, Улаанбаатараас асуудлыг шийдэх шаардлагагүй агентлагуудыг эрх мэдлийн төвлөрөл үүсгээд байгаа хуулиуддаа өөрчлөлт оруулж, орон нутагт эрх мэдлийг олгохыг салбарын сайд нарт даалгажээ. Татварын давуулан биелүүлсэн орлогыг Сангийн яамнаас хааж орон нутгийн төсвийн бие даасан байдалд нөлөөдөг байдлыг зогсоох хэрэгтэй. Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм.  Сум хөгжүүлэх санг Хоршоог дэмжих санд нэгтгэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлтэй зээл олгох боломжийг хаасан асуудлыг судалж, холбогдох журамд өөрчлөлт оруулна. Засгийн газар байгуулагдсан хугацаанаас хойш Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж сум, орон нутгийн иргэдийн өмчлөлийн газар, малчдын өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдэхийг үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тийм учраас энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг анхаарууллаа.Ерөнхий сайд илтгэлийнхээ төгсгөлд “2026 он бол Шинэ итгэл, эрс шинэтгэл, бодит өөрчлөлтийн жил байх болно. Биднээс илүү хариуцлага, илүү бодит үр дүн шаардаж байна. Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулж ажиллана гэлээ.Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт үргэлжилж байна. Энэхүү уулзалт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулна.  
2026/01/15
192
УЛС ТӨР
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголооЕрөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуйн нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.Мөн Замын-Үүд боомтыг цэгцлэх,  ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, боомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгаад хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь эргэж харах ёстойг анхаарууллаа.Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Ерөнхий сайд томилолтын хугацаанд Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүдийн авто замын боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбортой тус тус танилцаж, боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, хяналтын байгууллагын удирдлага, зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болон Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийсэн.Мөн Алтанширээ дэх аж үйлдвэрийн парк, Сайншанд суманд баригдсан Мандах наран хорооллын бүтээн байгуулалттай танилцаж, Дорноговь аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа"Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн баталж, төлөвлөгөөтэй нийцүүлэн бүрээр салбар төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, гамшгаас хамгаалах албаны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Дэлхий дахинд гамшгийн тохиолдол сүүлийн 20 гаруй жилд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2000-2009 онд гамшгийн давтамж хамгийн оргил үедээ буюу нэг жилд тохиолдсон гамшгийн тоо 350-500 болтол огцом нэмэгдсэн бол 2021-2030 онд гамшгийн тохиолдол 40 орчим хувиар нэмэгдэх магадлалтай. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гамшиг, аюулт үзэгдлийн давтамж энэ зууны дунд үе гэхэд одоогийнхоос 23-60 хувиар нэмэгдэж, зудын их зэрэглэлийн эрсдэлтэй газар нутгийн хэмжээ 2020-2022 оны дунджаас 2030 он гэхэд 14.4 хувиар нэмэгдэх тооцоо судалгаа гарчээ.Уур амьсгалын өөрчлөлтөөс бий болсон шинэ нөхцөлд дасан зохицох, олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, салбар дундын харилцан ажиллагаа, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар гамшиг, ослыг хохирол багатай даван туулах, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх шаардлага тавигдаж байна. Өнгөрсөн жилүүдэд тохиолдсон цар тахал, зуд, үерийн гамшгийн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзжээ.Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээӨрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус газраас энэ оны эхнээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үнэ бүрдэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хяналт шалгалт хийх Ажлын хэсэг ажиллаж байна.Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, өрсөлдөөнийг хязгаарласан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахыг анхааруулсан зөвлөмжийг хүнсний сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төв, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид хүргүүлжээ. Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн баринаУлсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон Улсын нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч болон Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үүрэг, чиглэлийг нарийвчлан тусгажээ.Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд эрх зүйн зохицуулалтын үр нөлөө мэдэгдэхүйц сайжирч, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нислэгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин сайжирч, улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилах зэрэг чухал ач холбогдолтой.“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байнаТөрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний жагсаалтыг ирэх сард багтаан салбарын хэмжээнд үйлчилгээ тус бүрээр нарийвчлан гаргахаар боллоо. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын салбар,  харьяа төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг (нийслэлд 144, орон нутагт 405, хилийн чанад дахь 31 улсын 47 байршил, нийт 596 ),  “ХУРДАН” киоск (нийслэлд 120, орон нутагт 362, нийт 482) машинаар дамжуулан 43 байгууллагын 451 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна. “Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт” батлагдсан. Дээрх жагсаалтад 56 байгууллагын 785 үйлчилгээ багтсан бөгөөд үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх явцад жагсаалтад байхгүй боловч цахим хэлбэрт шилжсэн, цаашид цахим хэлбэрт шилжүүлэх, мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл хариуцагч болон үйлчилгээний нэр, төрөл өөрчлөгдсөн зэргээс шалтгаалж тус жагсаалтыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байжээ. Жагсаалтыг шинэчлэн баталснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, мэдээллийн давхардал, зөрчил арилж, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашиг бодитоор нэмэгдэнэ.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээЦэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээлээ. Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэлээ. "Цэргийн албаны тухай" хуульд Монгол Улсын Засгийн газар "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална" гэж заажээ.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн жилд нэг хугацаат цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцдог байна.2020-2022 онд "Ковид-19"-ийн үед Монгол Улсын Засгийн газраас цэргийн дүйцүүлэх алба хаах мөнгөнтөлбөрийг гурван жилийн турш нэмэгдүүлэхгүй тогтоож байжээ.
2026/01/14
203
УЛС ТӨР
Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчдод хүндэтгэл үзүүлэв
Монгол Улс шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 34 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчдод зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2016.01.13/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд анхны Ерөнхийлөгчөө сонгож, Улсын Бага Хурлаа байгуулж, төрийн тогтолцоо байгууламжийг өөрчилж, Төрийн сүлдээ залж, нийгмийг цоо шинэ замаар замнах хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, хүний эрхийг дээдэлсэн шинэ ардчилсан Үндсэн хуулийг тогтоон баталсан Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлыг төлөөлж 80 гаруй эрхэм хүрэлцсэн ирсэн юм.Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг дэвшүүлээд ардчилсан шинэ Монгол Улсын Үндсэн хуулийг тогтоогчид гэх алдар нэр, хүндэтгэл, гавьяа, гагцхүү Ардын Их Хурлын депутат болон Улсын Бага Хурлын гишүүдэд хамаарна гэдгийг онцлон тэмдэглэв.Тэрбээр 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ардын Их Хурлын II хуралдааны тэмдэглэлээс эш татаж, “БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Жамбын Гомбожав гуай Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж батална гэдэг нь манай ард түмнээс депутат та бидэнд олгосон хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг мөн. Хэрвээ үүргээ амжилттай биелүүлж чадвал энэ хувь заяандаа бид баярлаж, бахархаж явах бүрэн эрхтэй болно” гэсэн байдаг. Өнөөдөр энэ үг биеллээ олж, гавьяат үйлсээрээ бахархах, хүндлэгдэх бүрэн эрхийг үндсэн хууль тогтоогчид та бүхэн хойч үеэсээ аваад байна гэлээ.Монголын ард түмний түүх, уламжлал, өв соёл, эрхэмлэл бэлгэдэл, эрмэлзэл тэмүүлэл, эрхэм зорилгыг багтааж шингээсэн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууламж, засаглах эрхийн хуваарилалт, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг батлан даяар олноо зарлан тунхагласан эзэд болох үндсэн хууль тогтоогчдоос хожим Монгол Улсын төрийн тэргүүн, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, урлаг, соёл, боловсрол, бизнес, үйлдвэр үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбар бүрийн манлайлагчид, хөдөлмөрийн баатрууд, алдар гавьяатнууд олноороо төрөн гарсныг Улсын Их Хурлын дарга онцолж байлаа. Мөн Улсын Их Хурлын даргаар сонгогдоод удаагүй байгаа ч, нэн тэргүүнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхэд нийцлийн шинжилгээ хийх ажлыг эхлүүлснийг тэрбээр онцлохын зэрэгцээ цаашид парламентаас батлан гаргаж байгаа хууль тогтоомжуудаа Үндсэн хуульд нийцүүлэх чиглэлээр дэвшилтэт ажлуудыг хийж, хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.Дараа нь Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал П.Энхсайхан үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийн хүрээнд Улсын Их Хурал түүний Тамгын газраас олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг дурдаад Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад Улсын Их Хурлын даргад онцгойлон талархал илэрхийлэв. Үндсэн хуулиа баталсан Ардын Их Хурлын 430 депутатаас өнөөдөр энх тунх байгаа 195  нь үлдсэн бөгөөд тэдний 80 гаруй хувь нь 70-аас дээш настай болсныг онцолж, эдгээр ахмадуудынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.Үргэлжлүүлэн Улсын Бага Хурлыг төлөөлж Ж.Бямбадорж үг хэлэв. Тэрбээр Үндсэн хууль гэдэг гарчиг тавихаас эхлээд Б.Чимэд гуайн удирдлаган дор та бүхэнтэйгээ хамтран ажиллаж байснаа их хувь заяа гэж бахархаж  явдгаа дурсаад жилээс жилд цөөрч байгаа эдгээр хүмүүсээ цуглуулж, халуун сэтгэлийг нь хөдөлгөж, баярлуулж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 
2026/01/13
198
УЛС ТӨР
'Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр'-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ
Эх орныхоо өнцөг булан бүрд суугаа монгол ахан дүүсдээ, дэлхий даяар тархан суугаа эрх чөлөөт Монгол Улсын иргэн Танд шинэ, ардчилсан Үндсэн хуулийн өдрийн 34 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.Ардын Их Хурлын 430 депутат 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төр улсын оршин тогтнохуйн баталгаа, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт ардчилсан нийгмийн гэрээ болсон Монгол Улсын Үндсэн хуулиа улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, эв санал, хүсэл эрмэлзэлд нэгдэн тунхаглан баталсан билээ.Үндсэн хууль бол иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын үндсэн эрхүүд, үндсэн зарчмууд, үнэт зүйлсийг өөртөө бүрнээ цогцлоон шингээсэн, хүн бүр эрх чөлөөтэй, хуулийн өмнө эрх тэгш байх, засгийн эрх гагцхүү ард түмний гарт байх, төр, ард түмний итгэлцлийн эрхэм дээд илэрхийлэл болсон баримт бичиг юм.   Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд тунхаглан заасан иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөг сахин хамгаалах нь ард түмний эрхэм дээд шийдвэр, сонголтоор бүрэлдсэн Улсын Их Хурлын эн тэргүүний үүрэг. Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх нь нэг талаас тусгаар тогтнол, чөлөөт нийгмийн замыг сонгосны түүх, нөгөө талаас хүний эрхийг сахин хамгаалахын төлөө хийх ажил, шийдэх асуудлаа тунгаан хэлэлцэхийн утга учир юм. "Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр"-өө тэмдэглэхийн үр шим хүн бүр, хэн бүхэн төрөхөд цуг заяасан жам ёсны эрхээ нандигнан хамгаалах мэдлэгээ ахиулж, мэдрэмжээ дээшлүүлэхэд оршдог. Учир нь улсын эрх бол иргэний эрх. Хүний эрх бол хүн Таны эрх юм.Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 34 жилийн ойг тэмдэглэхдээ, эх орны ирээдүйн эзэд болсон хүүхдийн эрх, өнөөдрөөс илүү маргаашийг өөрсдийн гараар бүтээх эдийн засгийн эрх, эрх чөлөөг онцгойлон авч үзэж байна.  Монгол бол гурван иргэн тутмын хоёр нь хүүхэд, залуу хүн байдаг учир эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн. Хүүхдийн эрхийг хамгаалахгүйгээр хүний эрхийг хамгаалах тухай хөндөх боломжгүй. Та бидний ажил, мэргэжил, амьдран суугаа газар нутаг, хувийн сонирхол хоорондоо өөр боловч үр хүүхдүүдээ эсэн энх, эрүүл саруул, ээлтэй аюулгүй орчинд өсгөн торниулах, эрдэм боловсролтой, дэлхийн монгол хүн болгож, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх хүсэл сонирхлоороо нэгэн цул юм.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-т “…Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР ХАМГААЛНА” хэмээн тунхаглан заасан байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо бүрдсэн хэдий ч хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй байна. Монголын энхрий үрс зүрх шимшрүүлсэн ноцтой гэмт хэргүүдийн хохирогч болсоор байгаа нь биднээс илүү үүрэг хариуцлага, үр дүнг нэхэж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын жил бүрийн илтгэлдээ онцлон анхааруулсаар ирсэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, ахуйн осол, зөрчил, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт бүрийн цаана энхрий үрсийн урссан нулимс бий. Аврал эрж, айж зовсон гэмгүй олон хүүхдийн гуниг дүүрэн харц бий. Алдрай жаахан хүүхдүүдийн алдарсан амь, хохирсон эрүүл мэнд, булаагдсан ирээдүй бий.Хамгаалж чадаагүй хоцорсон, хаягаар нь хүрээгүй хөшүүн хойрго тусламж, үйлчилгээ, хууль тогтоомжийн хагас хугас хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаагүй, хангалтгүй хамтын ажиллагаа, хайр энэрэл дутсан хайнга буруу хандлага, хариуцлагын хохирогч нь хүүхэд болсоор байна.Улсын Их Хурал 2023 онд 8.0 тэрбум, 2024 онд 14 тэрбум, 2025 онд 20 тэрбум төгрөг болгон жилээс жилд хүүхэд хамгаалалд зориулах татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн хөрөнгө мөнгийг өсгөн нэмж, төсөвлөн баталсаар ирсэн боловч, эзнээ олоогүй, үр өгөөжгүй, зориулалтаараа зарцуулагдаагүй санхүүгийн зөрчил дагуулсан алдаа дутагдал илэрсээр байна. Олон улсын байгууллагуудын хандив, тусламжийн үр өгөөжийг ч бууруулж байна.Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхлээд бүтэн жил болж байна. Хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 журмаас эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн салбарт хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад зориулах 14 журмыг өдий хүртэл батлаагүй байна. Хүний хүслийг хяссан хүнд суртлын дүрэм, журам зохиохдоо нүх цоорхой олж, өндөр хурд гаргадаг шигээ Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх журмуудыг түргэн шуурхай батлахыг Улсын Их Хурал онцгой бүрэн эрхийнхээ дагуу хатуу шаардаж, хараа хяналт тавих болно гэдгийг онцлон анхааруулъя.Хүүхэд хамгаалах түр байр байгуулах хөрөнгө мөнгийг баталж, шийдээгүй зургаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг төрийн хууль, хүүхдийн эрхийн өмнө хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг онцлон анхааруулж байна. Улсын Их Хурал 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгойлон анхаарах жил болгоно. Хүүхдийн төлөө “За” гэж хоосон хэлэх биш, хүүхдийн төлөө заавал хийх жил болгоно.Улсын Их Хурлын хаврын чуулганаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эн тэргүүнд хэлэлцэн батална. Улсын Их Хурал хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь энэхүү хуулийн хэрэгжилтийг "амилуулна". Хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг төслийг шуурхай хэлэлцэж батлах болно. Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болно.Улсын Их Хурал 2023 онд “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 35 дугаар тогтоолыг баталсан. Гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр заасан боловч хэрэгжилт мөн хангалтгүй байна. Гэрч, хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог уг үндсээр нь эргэн харахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж, олон улсын жишгийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан, түр хамгаалах байруудыг жишиг, стандартын дагуу барьж, байгуулах болно. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тусгай албыг байгуулан ажиллах ч шаардлага үүслээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 34 жилийн ойг тохиолдуулан иргэний эдийн засгийн эрх, эрх чөлөөг хүлж багласан чөдөр тушааг тайлах "Чөлөөлье" санаачилгын талаар онцолж байна. Улсын Их Хурлын даргын хувьд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж зөрчсөн, хааж боосон хууль, журмын хүндрэлээс, хүнд суртлын гох дэгээг тайлах "Чөлөөлье" санаачилга боловсруулан дэвшүүлж, төрийн бодлогын түвшинд бодит ажил хэрэг болгож эхэлсэн. Зөвшөөрөл нэртэй хориглолт, авилгын хөрс тэжээл болсон хүнд суртлын чөдөр тушаанаас хүний хийж бүтээх хүсэл мөрөөдөл, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх замыг элдэв саад тээгээс чөлөөлөх болно. Иргэн, компани, хуулийн этгээд “хориглоогүй л бол шууд зөвшөөрөгдөж”, бизнесийн 30 гаруй төрлийн үйл ажиллагааг төрийн шийдвэр хүлээлгүйгээр шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуульчлан нээх болно.Алтан нарны илч, гэрлийг хүртэл алга дарам цаасаар хаасан 15 шат дамжлага, сэргээгдэх эрчим хүчээ төвийн шугамд хүнд сурталгүй нийлүүлэх замыг чөлөөллөө.Улсын Их Хурлын албан ёсны d.parliament.mn цахим талбарт хиймэл оюун ухааны дүн шинжилгээний цэсийг нэмлээ. Хүссэн хэн бүхэн гар утсаа ганц, хоёр товшоод өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Үндсэн хуульд заасан хүний эрхийг хязгаарлах, зөрчих эсэхийг иргэд өөрсдөө, олуулаа хиймэл оюун ухаан, технологийн дэвшил ашиглан эрх чөлөөгөө хамгаалах бололцоог нээлээ.  Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахад биш хамгаалахад оршдог. Энэ бол Үндсэн хуулийн амин сүнс. Тодруулан хэлбэл, Үндсэн хууль иргэнээ төрөөс хамгаалдаг. “Чөлөөлье” санаачилга бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүсэлтэй юм.Үндсэн хууль бол зөвхөн засаг төрийн баримт бичиг биш. Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монголын үр хүүхдүүд, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа, төр, иргэний хоорондын итгэлцэл, нийгмийн гэрээ юм.Иргэн Танд Монгол Улсын Үндсэн хуулийг баталсны түүхт ойн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Эрх чөлөөний наран иргэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай!
2026/01/13
191
УЛС ТӨР
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.01.12) үе үеийн парламентыг удирдан чиглүүлж байсан Улсын Их Хурлын дарга нар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгуулав.Улсын Их Хурлыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцож, хүндэтгэл үзүүлэхээр Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачлан, зохион байгуулж буй энэхүү уулзалтад БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар хүрэлцэн ирсэн юм. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог, Б.Энэбиш, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Б.Болдбаатар, Д.Энхбат, Б.Баасандорж нар оролцов.Хүндэт зочид эхлээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимаар зочилсон.Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болсон хүндэтгэлийн уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, эрхэм зочдод Монгол Улсын Үндсэн хуулийн түүхт 34 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлэв.Үргэлжлүүлэн тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, төр-иргэний нийгмийн гэрээ, монгол хүний эрх, эрх чөлөөний тунхаг болсон ардчилсан, шинэ Үндсэн хуулийг бүтээлцэх, сахин биелүүлэхэд сэтгэл, мэдлэг, оюун, хичээл зүтгэлээ зориулан, парламент ёсны шинэ түүхийг бичилцсэн Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 34 жил цаг үе, нийгмийн шалгарлыг туулан хэрэгжиж байна. Энэ хугацаанд өөрчлөлтийн өсөлт амжилт, алдаа онооны аль алийг монголын ард түмэн туулж байна. Энд олсон нь алдаанаасаа хавьгүй их боловч манай нийгмийн амьдралд засаж залруулах, өөрчилж шинэчлэх, шинээр үүссэн, шийдэл, гарц шаардсан сорилт бэрхшээлүүд багагүй байна. Үндсэн хуулийг сахин биелүүлж, түүний дархлааг хангах, хамгаалахад хууль тогтоох байгууллагын үүрэг нэн чухал бөгөөд энэхүү эрхэм зорилгыг бодит үйл болгоход үе үеийн парламентыг удирдаж чиглүүлж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Та бүхэн, мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Та бүхний гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Парламентын баталж байгаа хууль, аливаа шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга, үзэл баримтлал, зүйл, заалт бүрд нийцсэн байх нь Үндсэн хуулийн нэгэн дархлаа, бас хамгаалалт болдог.Миний бие Улсын Их Хурлын дарга хэмээх нэн хүндтэй, хариуцлагатай албан тушаалд гишүүдийнхээ олонхын дэмжлэгээр томилогдоод удаагүй байгаа ч парламентын үйл ажиллагаа, баталж буй хууль тогтоомж, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үйл явцыг илүү боловсронгуй болгох чиглэлээр олон ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.Мэдээллийн технологи, хиймэл оюуны хувьсал, өөрчлөлтийн энэ цаг үед Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийх эхлэлийг тавилаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудыг зөрчсөн зохицуулалт бий эсэхийг их өгөгдөлд суурилж, шинжилдэг болж байна. Үүний зэрэгцээ бүх хууль, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын санаачилж байгаа хуулийн төслүүд, олон нийтийн хэлэлцүүлэгт байгаа хуулийн төслүүдэд Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудас дахь хиймэл оюунаар шинжилгээ хийж эхэлсэн.Мөн өнгөрсөн хугацааны ололт, амжилтыг бататгах хүрээнд олон нийтийн саналыг авах, өргөдөл, гомдлуудыг шийдвэрлэх чиглэлээр d.parliament.mn платформыг эрчимжүүлэх хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн санал, санаачилгуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын хувиар “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, хууль тогтоомжийн зөрчил, давхардал, хийдлийг арилгахын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулийн зохицуулалтуудыг ирэх чуулганаар өөрчлөхөөр зорьж байна.“Чөлөөлье” санаачилгын уг үндэс бол Үндсэн хуулийг сахин биелүүлэхэд оршино. Тэр дундаа Үндсэн хуульд заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг хангах, шударга ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Энэ санаачилгын хүрээнд нэн тэргүүнд Үндсэн хуулиар олгогдсон иргэний болон улс төрийн эрхээ баталгаатай эдлэхэд хориг саад болж байгаа хуулиудыг өөрчлөх, үүний зэрэгцээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх аливаа төслийг  шүүн тунгааж, олон нийтээр хэлэлцүүлж, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудтай зөрчилдөж буй эсэхийг нягталдаг болох ач холбогдолтой. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад нь саад тотгор, гох дэгээ болж байгаа төрийн оролцоо, хүнд суртлыг халах, иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөө, боломжийг илүү нээлттэй болгох хуулийн төслийг санаачлан, хэлэлцэж батлах нь “Чөлөөлье” санаачилгын бас гол зорилго юм.Улсын Их Хурлын даргаар сонгогдоод нэн тэргүүнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад дүн шинжилгээ хийлээ.  378 хуульд холбогдох шинжилгээг хийхэд 228 хуульд Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалттай зөрчилдөж байгаа зохицуулалт байна гэдэг дүн гарсан. Юуны өмнө эдгээр хуулийн холбогдох зүйл, заалтыг Үндсэн хуульд нийцүүлэхэд анхаарал хандуулж, холбогдох Ажлын хэсгүүдийг байгуулаад байна.Энэхүү санаачилга, эрэл хайгуул нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, парламентын бодлого шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлэх замаар Үндсэн хуулиа дээдлэн сахих парламентын шинэ соёлыг төлөвшүүлэх, үүгээрээ нийгэмд манлайлал үзүүлэхийг зорьж байгаа үйлдэл юм.Парламентын даргаар ажиллаж байсан эрхэм хүндэт Та бүхний, хууль тогтоох дээд байгууллагын арын албыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүд Та бүхний тухайн цаг үедээ хийж, хэрэгжүүлж байсан ололт, амжилтыг бататгах чиглэлээр Улсын Их Хурлын даргын хувьд манлайлж, Та бүхнийхээ санал, зөвлөмжийг сонсож, эгэх холбоотой ажиллахыг эрхэмлэж байна” хэмээсэн.Жил бүрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлдэг бөгөөд цаашдаа ойг тэмдэглэх хүрээнд Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд таниулах зорилгоор нийгмийн бүлэг бүрд чиглэсэн ажлуудыг хийж хэвшүүлэхийн чухлыг тэмдэглэсэн юм.Улсын Их Хурлын дарга Н.Учрал, энэ удаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран Монгол Улсын Үндсэн хуулийг монгол брайль үсгээр хэвлэснийг дурдаад “Харааны бэрхшээлтэй 11600 иргэн брайль үсгээр хэвлэсэн Үндсэн хуулиа унших боломжтой боллоо. Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудас дахь Монгол Улсын Үндсэн хуулийн аудио хувилбарыг 600 гаруй мянган хүн сонссон байдаг. Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх, нийтэд танин мэдүүлэх ажлуудыг бид цаашид тогтмол хийж, хэрэгжүүлж, хэвшүүлнэ” хэмээлээ.Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр дамжуулан парламентын боловсролыг дээшлүүлэх, Үндсэн хуулийг нийгмийн бүлэг бүрийн онцлогт тохирсон хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж буйгаа Улсын Их Хурлын дарга дурдсан юм.Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудаас жил бүр нэгийг онцолж, анхаарал хандуулдаг байх санаачилгыг тэрбээр гаргаж буйгаа танилцуулаад “Тухайн жилдээ тэрхүү эрхийг хангах, хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа нийтэд зарладаг шинэ соёлыг төлөвшүүлэхээр зорьсон. Энэ хүрээнд 2026 онд хүүхдийн эрхийг онцолж, Улсын Их Хурлын ирэх хаврын ээлжит чуулганаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг нь боловсронгуй болгоход анхаарна” гэж Н.Учрал дарга хэлэв.Үүний зэрэгцээ эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр, хувийн эрх зүйн шинэчлэлийг хийхээр төлөвлөж буйгаа танилцуулаад, холбогдох талуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаагаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.Дараа нь БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан болон Улсын Бага Хурлын гишүүн асан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог нар Улсын Их Хурлын дарга Н.Учрал болон хүндэтгэлийн уулзалтад оролцож буй эрхмүүдэд “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийн мэндчилгээг дэвшүүлэн дурсамжаа хуваалцаж, Монгол Улсын Үндсэн хуулийг сахин биелүүлэх, парламентат ёсыг төгөлдөржүүлэн төлөвшүүлэх талаар харилцан санал солилцсоноор өнөөдрийн уулзалт өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/01/12
196
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
Монгол Улсын Үндсэн хууль бол төрд илүү эрх мэдэл олгосон бус, иргэнд эрх олгосон хууль. Төр гайхамшиг бүтээж чадахгүй. Иймд иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хавчин боогдуулсан дүрэм, журмыг гаргаад байж болохгүй. Үүнээс бид иргэдээ чөлөөлөх ёстой.Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан МУИС-ийн багш, оюутнуудад өнөөдөр “Хүний эрх, эрх чөлөө” сэдвээр лекц уншихдаа энэ асуудлыг онцлон хөндлөө.Тэрбээр Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд, тэдгээрийн онцлог, ялгааг товч дурдаад, 1990 онд бидний эцэг, эх ардчилсан хувьсгал хийж, амьдралынхаа дүрмийг өөрчилье гэсэн шаардлага тавьсны дагуу Улсын Бага Хурал хоёр жил өдөр шөнөгүй хуралдан боловсруулж, Ардын Их Хурал хоёр сар гаруй хэлэлцэн шинэ Үндсэн хуулиа баталсан өдөр бол монголчууд бидний амьдралынхаа хэв загварыг шинээр сонгосон баярт өдөр юм гэв. Үндсэн хууль бол Монголын төр, ард түмний хооронд байгуулсан гэрээ болохыг тэрбээр гэр бүлийн харилцаагаар жишээлэн өгүүлж, хэрэв хэн нэг нь гэрээгээ зөрчвөл шүүх рүү очих хэрэг гардгийн адил төр иргэдийнхээ эрхийг хязгаарласан хууль баталж гэрээгээ зөрчвөл Үндсэн хуулийн цэц рүү очдог, Цэц уг хуулийг өөрчлөхийг шаардаж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалдаг өнөөгийн тогтолцоог үнэлэн дүгнэсэн юм.Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөө бол аз жаргалаа өөр өөрсдийнхөөрөө бүтээх боломж гэдгийг Улсын Их Хурлын дарга нэн тэргүүнд онцолж, харин ард түмнээс сонгогдож, эрх мэдэл эдэлж буй хүмүүс иргэдийн тэрхүү боломжийг хязгаарлах ёсгүй гээд, харамсалтай нь хуулиас давсан дүрэм, журмуудаар ийм зүйл их хийсэн байгааг цаашид засаж залруулах зорилгоор “Чөлөөлье” санаачилга дэвшүүлсэн гэдгээ тайлбарлав. Монгол хүн оюуны болон ур чадвар, авьяас билгийн өндөр чадавхтайг дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурьсгаж буй олон олон залуучууд нотлон харуулж байгааг тэрбээр бахархан дурдаж, тэр бүхэнд төрөөс тусалж дэмжээд байсан зүйл огтхон ч үгүй, харин Үндсэн хуулиар эрх, эрх чөлөөг нь өгч, боломж олгосон учир залуус маань чадаж байгаа юм гэлээ.Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Н.Учрал цахим технологи, харилцаа холбооны хөгжлөөр бий болж буй боломжийг сохроор дагаж “идэвхгүй хэрэглэгч” байлгүй, бүтээлчээр ашиглахыг оюутан залууст зөвлөж, Монголын төр улам бүр ил тод, нээлттэй болсоор байгаагийн үр дүнд эдүгээ хиймэл оюун ухааны төхөөрөмжүүд монгол хэл, кирил бичгээр бидэнтэй чөлөөтэй харилцаж, өргөн хүрээний сэдвээр ярилцах болсныг дурдсан юм. Өгөгдөл, мэдээллийг эргэцүүлж, оюун дүгнэлт хийх саруул ухаантай байх нь өнөөдрийн цахим эринд хамгийн ховор баялаг болохыг тэрбээр залуучуудад захиж, эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бие биеийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэн, амин хувиа хичээсэн “би”-гийн сэтгэхүйгээр биш, “бид” гэх хамтын сэтгэлгээгээ аливаад хандах нь эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болохыг онцоллоо.Улсын Их Хурлын дарга Н.Учралын лекцийг МУИС-ийн ректор Б.Очирхуяг тэргүүтэй тус сургуулийн удирдлага, багш нар оюутнуудынхаа хамт сонслоо. Улирлын амралтын үеэр зорин ирж, илтгэл сонссон тэдэнд Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлж, лекцийнхээ дараа тус сургуулийн номын санд “Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть номыг бэлэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/01/12
192
УЛС ТӨР
Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг танилцуулж, туршилтаар нэвтрүүлэх төрийн байгууллагуудад чиглэл өгөх арга хэмжээ Төрийн ордонд боллоо.2024 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт 65, Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн дундаж 77, төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээний дундаж 98.7 хувьтай байна. Гэтэл иргэд олон нийтээс төрийн үйлчилгээнд өгсөн сэтгэл ханамжийн судалгааны үнэлгээ 40 хувьтай гарсан. Олон улсын жишгээр албан хаагчдын гүйцэтгэлийн дундаж болон иргэд, олон нийтийн үнэлгээгээр өгсөн дүн хоёрын зөрүү нь 35 хувь дотор байвал гүйцэтгэлийн удирдлагын харилцаа нь хэвийн явагдаж байна гэж үздэг бол энэ тоо манайд 58 хувь байгаа нь онцгой анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг танилцуулж, туршилтаар нэвтрүүлэх төрийн байгууллагуудад чиглэл өгөх арга хэмжээний үеэр хэллээ. Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим систем байхгүй учраас төрийн 100 гаруй байгууллагын 5000 орчим албан хаагч гүйцэтгэлийн удирдлагын цахим программыг дор бүрнээ нэвтрүүлэн ашиглаж байна. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэлснээр төрийн албаны төлөвлөлт, тайлагналт, үнэлгээний харилцаанд нэг стандарт бүхий мэдээллийн нэгдсэн сангийн удирдлагын ижил зарчим хэрэгжиж эхэлнэ гэлээ. Өнгөрсөн оны наймдугаар сард төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээний мэдээллийг ил болгосон, цахим системийг нэвтрүүлснээр гүйцэтгэлтэй холбоотой мэдээллүүдийг олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр илүү дэлгэрэнгүй хүргэх боломж бүрдэнэ. Энэхүү системийг бий болгох санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар КОЙКА байгууллагын төслийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд системийн хөгжүүлэлтийн ажлыг мэдээллийн технологийн хувийн хэвшлийн мэргэжлийн компаниар гүйцэтгүүлжээ.Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэн, хариуцлага, ил тод байдлыг хангаж, гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгохоор заасан нь Засгийн газрын “Шинэ итгэл, Эрс шинэтгэл” бодлогын тэргүүлэх зорилтын нэг юм. 
2026/01/12
192