mmnews.mn | 2025-06-05

УЛС ТӨР

УЛС ТӨР
'20 минутын хот' Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн: Иргэдэд сонголт өгөх замаар ачааллыг тэнцвэржүүлж, түгжрэлийг зохицуулах аргыг олон улсад хэрэгжүүлдэг
"20 минутын хот" Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.– Та Улаанбаатар хотыг “20 минутын хот” болгох ажлыг анхнаас нь ярьдаг байсан. Энэ онд Улаанбаатар хот томоохон төслүүдээ “хөдөлгөнө”. Харин “20 минутын хот” бодит байдалд хэрэгжих үү?- Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг. Хүйтэн хотууд бүгд л агаарын бохирдолтой, утаатай, дэлхийн том хотууд бүгд түгжрэлийн зовлонг амссан. Өндөр өртөгтэй зам гүүр, дэд бүтцүүдийг барьж, туршиж л байсан. Боломжит хувилбаруудыг бүх л орон хэрэгжүүлсэн. Ард иргэдээ бухимдал стресст оруулсан. Одоо тэд бүгд хөгжлийн замаа эргэн харж, эргэцүүлэн бодож эхлээд байна. Ялангуяа цар тахлын дараагаас “20 минутын xот” концепц тренд болж, хүнд зориулсан xот төлөвлөлт хийж эxэлцгээе гэдэг дээр санал нэгдэж, xөгжлийн бодлого, xот төлөвлөлтөө xүнд ээлтэй байxад чиглүүлж эхэлсэн. Монгол Улс ч мөн энэ чиглэлд хот төлөвлөлтөө чиглүүлье, өнгөрсөн xугацаанд нийслэлд xийсэн төлөвлөлтийн алдаагаа шинээр бий болгож, алдаагаа давтаxгүй байя, хамгийн чухал нь хүнд, иргэндээ ээлтэй хот байя гэдэгт санал нэгдсэн. Жишээлбэл, “20 минутын хот”-д иргэн та ажилт, сургууль, эмнэлэг, төрийн нэг цэгийн үйлчилгээ, кофешоп, хоолны газар, зугаалаx паркдаа алхаж яваад л хүрдэг, тийм орчныг цогцоор нь төлөвлөдөг болъё гэж зорьж байгаа.Ерөнхий сайд өөрөө нийслэлийн асуудалд анхаарал хандуулж, 2025 оныг “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Дэд бүтцийн том төслүүдээ эрчимжүүлэх зорилгоор шуурхай штаб байгуулан, өөрөө удирдаад ажиллаж байна. Шуурхай штабынхан Бямба гариг бүр хуралдаж, олон салбарын уялдаа холбоог хангах, зохион байгуулалтыг төлөвлөж байна.2025 оны зургадугаар сарын 1-нээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар улсын чанартай 6 хот, орон нутгийн чанартай 35 хот, 4 дагуул хот тус тус байгуулахаар болж байгаа. Шинээр байгуулах хотуудыг бүр анхнаас нь иргэндээ, хүндээ ээлтэйгээр зохион байгуулна.Өнгөрсөн 30 жилд монголчууд зөвхөн нийслэлдээ буюу нэг газраа хэт төвлөрсөн буруу төлөвлөлт хийж ирсний үр дагавраар өнөөдрийн Улаанбаатар хотын иргэдэд аюултай, эрүүл бус орчин болж хувирсан. Үүнийг засч залруулан, олон төвтэй, иргэдэд нийгмийн үйлчилгээг ойртуулсан, цоо шинэ төлөвлөлтийн аргаар шинээр байгуулагдах хотуудыг зохион байгуулах болно.– Таны удирдаж буй "20 минутын хот" Үндэсний хорооноос Улаанбаатарт зарим бүсийг төлбөртэй болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн яриа үнэн үү?- Үгүй ээ. Би тайлбарлая. Улаанбаатар хотын авто замын түгжрэл дараах хүчин зүйлүүдээс нэмэгдэж байгаа гэж судлагдсан. Нэгдүгээрт, хүн амын өсөлтийн асуудал байна. 1990 оноос хойш Монгол Улсын хүн ам гурав дахин өссөн. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн өсөлтийг дурдахгүй бол болохгүй. Зөвхөн сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын нийт тээврийн хэрэгсэл хоёр дахин өссөн. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн уялдаа холбоо алдагдсан. Дөрөвдүгээрт, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Тавдугаарт, зах, худалдааны төвийн бөөгнөрөл. Хамгийн сүүлд нь замын хөдөлгөөний соёл, зан байдал. Энэ зургаан хүчин зүйлээс хүн амын өсөлтийг бид удирдаж чадахгүй. Хот төлөвлөлтийн уялдаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, зах худалдааны төвийн бөөгнөрөл гэсэн гурван хүчин зүйл нь урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө мөнгө шаардагдах зохицуулалтууд. Өнөө маргаашдаа үр дүн хурдан гарахгүй.Түгжрэлд нөлөөлдөг гол хүчин зүйлсээс ойрын хугацаандаа удирдаж чадах нь дараах 2 зохицуулалт юм. Тээврийн хэрэгслийн өсөлтийг татвар хураамжийн бодлогоор зохицуулна. Замын хөдөлгөөний соёл, зан байдлыг төлбөртэй бүс болон нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг бий болгох, иргэдийн соёл хандлагыг өөрчлөх замаар удирдана гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудын хамт боловсруулж байгаа. Олон улсын туршлагыг судалсан олон янзын санал гарч байна. Гэхдээ огт албан ёсоор яригдаагүй асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ташаа ойлголт болгон түгээж, нийгэмд талцал үүсгэж байгааг буруу гэдгийг хэлмээр байна. Төрийн тэр дундаа Засгийн газрын шийдвэр, аливаа мэдээлэл албан болж байж нийтэд мэдээллэнэ. Түүнээс өмнөх ташаа ойлголтуудыг иргэд маань албан ёсны эх сурвалж биш бол худлаа гэдгийг нөгөө талдаа ойлгох хэрэгтэй болов уу.- Төлбөртэй бүсэд төлбөрийн ямар зохицуулалт хэрэгжих вэ?- Хуулиар төлбөрийн дээд, доод хязгаарыг л баталж өгдөг. Нийслэлийн ИТХ төлбөрт бүсэд хэдэн төгрөгийн төлбөр тогтоох, төлбөр хэдэн цагт үйлчлэх, хаана тогтоох зэргийг жил бүр хэлэлцдэг байхаар хуулийн төсөлд тусгаж байгаа.- НИТХ-аас 2025 оны 1 сарын 1-нээс авто машины татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж байгаа. Гэтэл төлбөртэй бүсийг хуульд тусгах нь хэр зохицуулалт вэ?- Уг хууль нийтлэг зохицуулалттай. Бид зөвхөн дээд доод хязгаарыг л тогтоож өгнө. НИТХ-аас нөхцөл байдлыг харгалзан үзэж, төлбөр тогтоох уу, доод хязгаар 0 төгрөгөөр тогтоох уу, түгжрээд явах уу, нийтийн тээврээр зорчих уу гээд л зохицуулалтыг шийднэ. Хуулийн төсөлд төлбөртэй авто замыг зөвхөн тодорхой цагт буюу оргил ачааллын үед л төлбөртэй байлгахаар оруулсан байгаа. Жишээлбэл, сургууль, цэцэрлэгийн хүүхэдгүй хүмүүс онцын шаардлагагүй бол ажлаа зохицуулаад яг тэр төлбөртэй цагаар нь уг замаар зорчихгүй байхад л ачаалалд маш том нөлөө үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол иргэдэд сонголт өгөх замаар ачааллыг тэнцвэржүүлж байгаа зохицуулалтын л арга юм.–Замын хөдөлгөөний ачаалал ихтэй бусад хотод төлбөртэй бүс болон өөр ямар зохицуулалт хэрэгжүүлдэг вэ. Тэр нь амжилттай хэрэгждэг үү. Улаанбаатартай адил туршлага байдаг уу?-Олон улсын туршлагаас харахад түгжрэлийг шууд алга болгоно гэхээс илүү хэт их түгжрэхээс сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, татвар, төлбөрийг нэвтрүүлэх замаар авто машинаар зорчих дадлыг өөрчилж, иргэдийн зорчилтыг илүү үр дүнтэй болгосноор авто замын түгжрэлийг амжилттай бууруулж байна. Тухайн орнууд түгжрэлийн төлбөрийн орлогоор нийтийн тээврийг хөгжүүлэх, явган алхах, дугуй унах хэвшлийг түгээн дэлгэрүүлж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр ашгаа өгч байна. Ийм жишээг Сингапур, Лондон, Стокхолм хотын туршлагаас харж болно. Ер нь төлбөртэй бүс бий болгох, төлбөртэй зам бий болгох, шатахууны борлуулалтын татвар тогтоох гэсэн 3 аргыг улс орнууд түгээмэл ашигладаг юм билээ. Хамгийн хурдан үр дүнгээ өгдөг арга нь төлбөртэй зам тогтоох арга бөгөөд АНУ, Япон, Австрали улсууд хэрэглэж, замын хөдөлгөөний ачаалал 30-80 хүртэл хувь буурч байсан бодит туршлага байна.– Цаашид "20 минутын хот" Үндэсний хорооноос түгжрэлийг шийдэх ямар ажлууд хийх вэ?- Засгийн газар Улаанбаатар хотын асуудалд онцгой анхаарч, шуурхай штаб байгуулан дэд бүтцийн төслүүдийг хурдасгахаар ажиллаж байгааг ярицлагын эхэнд хэлсэн шүү дээ. Мөн бүтээн байгуулалтын ажлууд дээр хувийн хэвшлийг татан оролцуулах зорилгоор Ерөнхий сайдын санаачилгаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж, татварын буцаалт олгохоор болсон нь бүтээн байгуулалтын ажлуудын үйл явцыг эрчимжүүлэхэд эергээр нөлөөлнө.Үүнээс гадна өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотод гарсан хот төлөвлөлтийн алдааг бид бага багаар засч залруулах шаардлагатай. Тухайлбал, иргэд автомашинаас татгалзаж явган алхах, дугуй унах замыг стандартын дагуу барьдаг байхаар төлөвлөлтүүд хийгдэж байгаа. Энэ онд “20 минутын хот” Үндэсний хорооноос хамгийн багадаа явган замын 20 км трасс барихаар зураг төслийн тендер удахгүй зарлах гэж байна. Мөн хотод байгаа түгжрэл үүсгэгч 10 гол уулзвар, гарцууд дээр нүхэн эсвэл давхар зам барьж, хөдөлгөөний урсгалыг чөлөөлөхөөр төлөвлөн ажиллаж байна.
2025/01/10
470
УЛС ТӨР
П.Очирбат:Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн
Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой мөдхөн тохиох гэж байгаа энэ үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай уулзаж, зарим  зүйлийг асууж тодрууллаа.-Монгол Улс  өнгөрсөн 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа баталсан байдаг. Эдгээр Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдлын талаар яриагаа эхэлмээр санагдлаа.-Монгол Улс өнө эртний эрх зүйн уламжлалтай орон. Тодруулбал, 1206 оны Чингис хааны “Их засаг” хууль нь Үндсэн хуулийн эхлэлийн тавьсан гэж хэлж болно.Улмаар 1924 онд монголчууд анхдугаар Их Хурлаа зарлан хуралдуулж, Үндсэн хуулиа баталж, хаант засгийг бүгд найрамдах засгаар сольсон явдалд түүхэн ач холбогдол нь оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед хаант засгийг бүгд найрамдах засгаар солино гэдэг нь  өөрөө Монголын нийгэмд цоо шинэ үеийг нээж өгсөн хэрэг.Харин 1940 онд баталсан Үндсэн хуулиараа Монгол Улс хөрөнгөтний бус хөгжлийн замыг сонгон хөгжих зарчмаа тунхагласан юм. Тухайн цаг үедээ шилжилтийн сонин, өвөрмөц хууль болсон гэж боддог. Үргэлжлүүлээд 1960 онд баталсан Үндсэн хуулиараа социализмын замаар замнах зарчмаа тунхагласан хэрэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа социализм байгуулах зорилтыг дэвшүүлж тавьсан. Хөгжлийн өвөрмөц шилжилтийг агуулсан ач холбогдолтой хууль байсан гэж тухайн үедээ үнэлэгдэж байсан юм.1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улс эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох том зорилтыг дэвшүүлсэн. Ямар нэгэн социализм байгуулах,  нийгэм журмаар дэвших гэх мэтийн цаг үеийн зорилтыг дэвшүүлээгүй. Харин хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн хууль байгаа юм.  -Та шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Иймд 1992 оны Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг юу гэж үнэлж дүгнэдэг бол…?-Юуны өмнө 1992 оны Үндсэн хуулийн томоохон ач холбогдол нь Монголын ардчиллыг эрх зүйн талаас нь бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ардчилал гэдэг нь хуулийн нарийн зохицуулалттайгаар хэрэгжих Үндсэн хуулиараа баталгаажсан байх шаардлагыг тавьсан байдаг. Ардчиллын энэ зарчимд Үндсэн хууль нийцсэн байгаа юм.Түүнчлэн 1992 оны Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг урьд өмнөх хуулиудад байгаагүйгээр дэлхийн жишигт хүргэсэн. Тухайлбал, Үндсэн хуулийнхаа Хоёрдугаар бүлгийг хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглүүлсэн байх жишээтэй. Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг маш нарийн тунхагласан. Цаашлаад  итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөг баталгаатай тунхаглах, ил тод байх зарчмыг Үндсэн хуулиар хуульчилж өгсөн.Нөгөөтэйгүүр, шинэ Үндсэн хуулиар өмчийн харилцаанд томоохон өөрчлөлт оруулсан. Хуулийн чухал заалт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай асуудлыг анх удаа хөндсөн. Монголын түүхэнд газрыг иргэн өмчлөх харилцааг 1992 оны Үндсэн хуулиар нотолж өгсөн.Мөн Монголын эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлт, олон намын системийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан.-Шинэ Үндсэн хуулийн үнэ цэн, эрхэмлэн дээдэлж нандигнах ёстой гэдгийн агуулга, мөн чанарын талаар та залуу, хойч үедээ хандаж юу хэлэх вэ?-Өнөөдрийн ардчилсан нийгэм, эдийн засаг, улс төр гээд бүхий л харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай тулсан. Тийм ч учраас 1992 оны Үндсэн хуулийг баталж, тэдгээр шаардлагыг хангаж ирлээ.  Ер нь Монгол Улс ардчилсан нийгмийг тогтолцоог сонгож, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцад амжилт олсон нь Үндсэн хуулиа маш богино хугацаанд боловсруулж, баталж хэрэгжүүлсэнтэй холбоотой.Гэтэл Үндсэн хуулиа боловсруулж, батлах, хэрэгжүүлэх үйл явцаа удаашруулснаас зарим улс орнууд улс төрийн  хүнд нөхцөл байдалд орсныг бид бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Румын, Болгар зэрэг улс Үндсэн хуулиа баталж, цэгцэлж амжаагүй байдал нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа амь насанд  халдах харамсалтай үр дагаварт хүрсэн. Энэ утгаараа нийгмийн харилцааг хуулиар зохицуулах явдал нь Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуулиараа нийгмийг жолоодох хуулийн засаглалыг бий болгох  нь чухал асуудал.Монгол Улс Үндсэн хуулиараа төрийн эрх барих байгууллагуудын эрх дархыг тодорхой нарийн хуваарилсан. Тодруулбал, хууль тогтоох дээд эрх нь Улсын Их Хуралд хадгалагдах, эдийн засаг, нийгмийг удирдах, хууль хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар гүйцэтгэх, нийгэмд гарах янз бүрийн зөрчил, маргааныг шүүх засаглал хариуцах жишээтэй. Ингэж төрийн эрх мэдлийн гурван салаа мөчрийг тус тусад нь үүрэг, хариуцлагаар нь зааглаж өгөөд харилцан хамааралтай, харилцан хяналттай байхыг тогтоож өгсөн. Энэ нь Үндсэн хуулиараа нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л харилцаа хуулиар зохицуулагдана гэдгийг баталгаажуулсан хэрэг.Иймд Үндсэн хуулиа “Мэдэгтүн, сахигтун !” гэж төгсгөдөг. Үүнийг монголын иргэн бүр мэдэж, сахиж байх ёстой шүү гэдгийг захьсан эрхэм хууль байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчим нь аливаа нийгмийн хөгжиж, дэвших харилцааны үндэс.-2023 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлтээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, шинэ парламент үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү өөрчлөлтийн  талаарх таны байр суурийг сонирхвол…-Парламентад аль болох олон ургалч үзлийг уралдуулж, төлөөллийн бүлгийн санаа бодол, дуу хоолойг өргөн хүрээтэй сонсож, асуудлыг шийдэхэд оновчтой, илүү олон шүүлтүүртэй, боловсруулах гэдэг талаас нь бодолцож, тэрхүү өөрчлөлтийг хийсэн байх гэж бодож байна.Улсын Их Хурлын гишүүдийн тоо хэд байх нь чухал бус. Харин Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд заасан ард түмний элч байх, нийгмийнхээ төлөөллийг хангаж  хууль тогтоох үйл ажиллагаандаа идэвхтэй оролцох тэрхүү үүргээ сайн гүйцэтгэж үндсэн ажлаа л сайн хийх хэрэгтэй гэж боддог.Шинээр бүрдсэн парламентад залуучууд, эмэгтэйчүүд түлхүү орж ирсэн байна. Нийт гишүүдийн 25 гаруй хувь нь эмэгтэйчүүд болсон. Энэ нь дэлхий нийтээрээ яриад байгаа жендэрийн асуудал, төрийн удирдлагад эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх нь зүйтэй гэсэн тэр шаардлага, захиалга руу  дөхсөн. Энэ мэт шинээр бүрдсэн парламентад дэвшилттэй зүйл байна. Тэгэхээр парламент өөрт ноогдсон үүрэг, эрхийг сайн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
2025/01/10
272
УЛС ТӨР
'Газрын тос боловсруулах үйлдвэр барих' EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, 'Орано Майнинг САС' компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, "Орано Майнинг САС" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг хүргүүлэв.Сүүлийн жилүүдэд үүссэн эдийн засгийн хямрал, бараа материал, техник тоног төхөөрөмжийн үнийн өсөлт, технологийн лиценз эзэмшигчдийн зүгээс тавьсан нэмэлт шаардлагуудтай холбоотойгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын үнийн дүн 2018 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тооцоолсон зардлаас 30 орчим хувиар өссөн. Үүнтэй холбоотойгоор төслийн нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яамнаас хүргүүлснээр нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн байна. Тиймээс нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлж буйг Монгол Улсын Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.“Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулах гэрээний төслийг УИХ-аас зөвшилцөж, улмаар соёрхон баталснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1600 ажлын байр бий болно гэж тооцоолсон талаар Монгол Улсын Засгийн газраас танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/01/09
285
УЛС ТӨР
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, олон улсын жишиг хандлагыг баримтлан компанийн сайн засаглалыг бүрдүүлэх шаардлагатай байна.Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын чанартай дараах үр дүн гарна гэж үзэж байна.-Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.-Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялаг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрдэнэ.-Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг тодорхой болгоно.-Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно.-Компанийн засаглалыг сайжруулж, хяналтын тогтолцоо, ил тод байдал, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, санхүүгийн үр ашиг, компанийн үнэ цэн өсөж, татварын орлого, төрийн эзэмшлийн ногдол ашиг сайжирна.-Төр болон орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхээ ил тод, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнд саад учруулахгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.Мөн энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.
2025/01/09
250
УЛС ТӨР
'Эрдэнэс Тавантолгойн' '0' давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэНийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч, нэн яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.Хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.Хуулийн үндсэн зохицуулах харилцаа нь:Нийслэл хот нь агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, шар бүстэй байна. Бүсийн хилийн зааг, байршлыг тогтоох, өөрчлөх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэжээ. Ногоон бүсэд тухайлбал,-стандартад нийцсэн хийн болон шингэн түлшээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах; /бүх төрлийн хатуу түлш/-стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа автотээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулах;-инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах;-Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах;-Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;-Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор тусгажээ.“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулга хийлээ.Монгол Улсын Засгийн газраас “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан  түүхий эд нийлүүлэх гэрээ дууссан,  “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний түүхий эдийг шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаатай холбогдуулан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн түүхий эдийг өөрчлөх талаар холбогдох судалгаанууд хийжээ. Тухайлбал, хагас коксон /хөх нүүрс/ шахмал түлш, “Эрдэнэс тавантолгой”-н ордын “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн шахмал түлш зэргийг судалсан байна.“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулан угааж, баяжуулсан завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг 2025 оны гуравдугаар сараас нийлүүлнэ.Улаанбаатар хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж түүхий нүүрс түлж байгаа уурын болон усан халаалтын нийт 276 зууханд технологийн шинэчлэл хийж хатуу түлшнээс хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбох, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Түүхий нүүрс түлж байгаа зуухуудад шинэчлэл хийж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна. Тухайлбал, 2025 онд дээрх зуухын 30 хувийг хийн түлшид шилжүүлэхээр ажиллаж байна.Нийслэлийн агаарын бохирдлын 6 хувийг ДЦС-уудын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна. “Амгалан” дулааны станцаас бусад цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1990 онд суурилагдсан бөгөөд утааны шүүлтүүрүүд нь хуучирчээ. Ялангуяа, ДЦС-3 ТӨХК-ийн нойтон үнс баригчтай зуухуудын үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, ДЦС-2, ДЦС-3-ын шүүлтүүрийг цахилгаанд шилжүүлэх, солих  санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлд 804,656 автомашин бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах утаанд хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй, өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.  Мөн шинээр боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлын хуулийн төслөөр холбогдох зохицуулалтуудыг хийхээр төлөвлөжээ. Товч мэдээ·      Төрийн өмчит компаниудын 2025 оны бизнес төлөвлөгөө, төсвийн төлөвлөгөөний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанд “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ТӨХК-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.  ·      “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын хүний нөөцийн компаниар дамжуулан удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулахыг “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд,  хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт даалгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтын зарыг олон улсад мэдээлж, түгээхээр боллоо.·      Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.·      Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэрлэв.
2025/01/09
291
УЛС ТӨР
Ахмадын үндэсний чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2025.01.08) Төрийн ордонд болж байна. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв.Эх орныхоо өнцөг булан бүрээс мянга мянган нөхдөө төлөөлөн энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Та бүхэндээ айлчлан ирсэн шинэ оны мэндийг дэвшүүлж, 2025 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг Улсын Их Хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөж мэндчилж байна.  Ахмадууд хэзээний эртэч, ажил хэрэгч зангаараа энэ удаагийн Үндэсний чуулганаа оны эхэнд хийх саналаа ирүүлснийг Улсын Их Хурлын даргын зөвлөл баяртай хүлээн авч, дэмжсэнээр Та бид өнөөдөр энэхүү танхимд чуулж байна.2025 онд Монголын парламент болон Засгийн газрын хувьд эрх зүйн төгөлдөршил, эрүүл монгол хүн, мега төслийн бүтээн байгуулалт, алдагдалгүй төсөв зэрэг алсдаа үр өгөөжөө өгөх амбицтай томоохон зорилтыг дэвшүүлсэн. Тэр хэмжээгээр Та биднээс зүтгэл чармайлт, бас тэвчээр хүлээлт шаардах их сорилтын жил байх болно.Иймд эх орныхоо XX зууны их бүтээн байгуулалт, 1990 ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилт, зах зээлийн үеийн баяр жаргал, бэрхшээл сорилтыг биеэрээ туулж яваа ахмадууд Та бүхний нийгмийн оролцоо, дуу хоолой, санал санаачилга, бүтээлч хөдөлмөр урьдын адил чухал хэвээр байна.Тийм учраас энэ удаагийн Үндэсний чуулган ахмадуудын нийгмийн асуудлын зэрэгцээ ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн олон талт оролцооны талаар түлхүү хэлэлцэнэ гэж итгэж байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль анхлан батлагдснаас хойш 20 жил, мөн Ахмад настны тухай хуульд өнгөрсөн онд оруулсан шинэчилсэн найруулгын хэм хэмжээний томоохон нэмэлт, өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэх цаг хугацаатай энэ чуулган давхцаж байгаагаараа онцлог юм.Чуулганы зочид, төлөөлөгчид өөАль ч цаг үе, аль ч  нийгэмд ахмад үеийнхний нийгмийн үүрэг оролцоо нэн чухал байсан, байсаар ч байх болно. “Ахмадын сургаал алт, өвгөдийн эрдэм өв” хэмээн хэлэлцдэг монгол ухаан үүнийг нотолж байна. Ахмад үеийнхэнд амьдралын туршлага хэмээх нийгмийн үнэт капитал буюу баялаг нөөц бий. Ахмадын туршлага бол тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын ухаарал сургамж, ажил мэргэжлийн ур чадвар, амьдрах ухааны хуримтлал байдаг. 2023 оны байдлаар манай улсын нийт хүн амын 10.1 хувь буюу 385.3 мянга нь ахмад настан байна. Ахмадууд Та бүхний туршлага, мэдлэгийн хүч нөөцийг улс орныхоо хөгжилд хэрхэн үр өгөөжтэй ашиглах нь аливаа улс орны Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тогтвортой хөгжлийн нэг үзүүлэлт, нэгэн шалгуур болж байна.Дэлхий нийтэд ч сүүлийн жилүүдэд төрөлт буурч, дундаж наслалт нэмэгдэж, үүний улмаас ажиллах хүчний хомсдол, тэтгэврийн сангийн хямрал, эдийн засгийн хүндрэлтэй асуудал тулгарч байна. Энэ бүхэн манайд ч тулгамдсан асуудал болж байна. Үүнийг даван туулахын тулд улс орон бүр өөрийн өөрийн арга барилаар тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд ахмад настны эрхийг хамгаалах, эрүүл, идэвхтэй насжилт руу чиглэсэн байнгын сургалтад хамруулах, технологид суралцуулах, эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгалын системийн тогтолцоонд шинэчлэлт хийх, асаргаа сувилгаа, сэргээн засал болон ахмадын тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх зэрэг шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, ажиллаж байна. Бид ч мөн адил цаг алдалгүй зөв зохистой бодлого барьж ажиллах ёстой.Иймд ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэх зорилгоор дараах 5 чиглэлд нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай.Нэгдүгээрт эрүүл мэнд. Энэ нь хүн бүрд нэн чухал, тэр дундаа, ахмад настны эрүүл мэндийн асуудал нийгмийн бодлого, халамж, үйлчилгээний нэг гол чиглэл байх ёстой. Ахмад үеийнхэн маань улс орон, өрх гэрийнхээ өнөөгийн амьдралыг бий болгохын төлөө залуу нас, эрүүл мэндээ зориулсан бас золиосолсон  хүмүүс юм. Одоо тэдэнд анхаарал халамж, асаргаа сувилгаа нэн чухал. Ахмадууд эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг авах онцгой, бүрэн эрхтэй.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд ахмад настны эрүүл мэндийн цогц үнэлгээ хийж, тэднийг урьчилан сэргийлэлт, эрт илрүүлэгт хамруулах замаар эмнэлгийн яаралтай тусламж, сэргээн засалт, асрахуй сувилахуйн болон эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг олон улсын жишиг, орчин үеийн шаардлагын түвшинд хүргэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Энэ бүхэнд чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулъя.Хоёрдугаарт, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн асуудал. Энэ талаар Улсын Их Хурал, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд боломж бололцоондоо нийцүүлсэн шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хувь тэнцүүлсэн болон тэтгэврийн доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 2016 онд 285.2 мянган төгрөг байсан бол 2025 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 848.0 мянган төгрөг болсон. Тэтгэвэр авах хүний тоо 2016 онд 376.5 мянга байсан бол 2024 оны байдлаар 499.2 мянга буюу бараг хагас саяд хүрчээ. Үүнийг дагаад тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд 2025 онд 5.4 их наяд төгрөгийг төсөвлөж баталсан. Энэ онд инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг 6 хувь нэмсэн. Энэ бодлогыг цаашид тууштай, баримталж, хэрэгжүүлэх болно.  Ингэснээр ахмад настны авч буй тэтгэврийн худалдан авах чадвар буурахгүй байх нөхцөл боломж бүрдэж байгаа төдийгүй инфляцын түвшинтэй уялдаж тэтгэвэр нэмэгдэж байх тогтолцоонд шилжиж байгаа юм. Гуравдугаарт, ахмад настны хөдөлмөр эрхлэлт. Статистикийн мэдээллээр манай орны хөдөлмөрийн насны иргэд ба ахмад настны тооны харьцаа одоогоор 10:1 байна. 2040 он гэхэд 4:1 болж, ажиллах хүчний насжилт эрчимтэйгээр нэмэгдэхээр байна. Хэдийгээр ахмадууд маань нийгмийн амьдралын бүхий л салбарт хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэврийн насанд хүрч, гавьяаны амралтаа эдэлж байгаа ч тэдэнд хөдөлмөрлөх чадамж бололцоо, хүсэл эрмэлзэл их байгаа.2024 оны байдлаар 55-69 насны эмэгтэй 203.779, 60-69 насны эрэгтэй 83.336 байна. Тэдний ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, ажлын туршлагатай. Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдол үүссэн энэ цаг үед Та бүхний маань хувь нэмэр нэн чухал юм. Судалгаагаар 87.8 мянга буюу нийт ахмад настны 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг мэдээлэл байна.“Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа Ахмадын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа үндсэндээ тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн. Одоо харин хуулиа хэрэгжүүлэхэд хаана хаанаа хүчин чармайлт гаргах ёстой. Төр хувийн хэвшлийн бүх байгууллага хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг ч сануулж хэлье. Ахмадууд өөрсдөө ч дангаараа болон хамтрах, хорших хэлбэрээр шинээр ажлын байр болон ажиллах боломж бүрэн нээлттэй байна.Ингэж ажиллаж сайн туршлага, үлгэрлэл, манлайлал үзүүлж байгаа  олон ахмадууд байгаа. Тэдэндээ энэ индрээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.Дөрөвдүгээрт, ахмад настны хөгжил, идэвхтэй амьдрал. Шинжлэх ухаан, технологийн эрчимтэй өөрчлөлт бүхий шинэ цаг үе нь ахмадын амьдрал, хөгжил, аж төрөх ёсыг шинэчилж байна. Нийгэмд хүүхэд, залуусын шинэ үе ирж байдгаачлан ахмадын шинэ үе ирж байна. Насан туршийн суралцахуй, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг нь шинэ үеийн ахмадуудын нийтлэг дүр төрх болж байна. Манай ахмадууд ч энэ жишгийг дагаж амьдралын хэв маягаа өөрчилж байна.Өөрийн хүсэл, сонирхол, ур чадварт тохирсон ажил төрөл эрхлэх, шинэ ур чадварт суралцах, шинэ технологи эзэмших болон эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл зүй ба амирхахуйн дасгал бясалгал, спортын санаачилга, биеийн тамирын хөдөлгөөнүүдэд хамрагдах нь ахмад настны хөгжил, тэдний эрүүл насжилт, идэвхтэй амьдралын үндсэн нөхцөл юм.Тавдугаарт, ахмадын эрхийг хамгаалах тэдний нийгмийн оролцоог дэмжих нь ахмад настны талаар баримтлах бодлогын нэг анхаарах чиглэл байх болно. Хуулийн энэ зарчмыг аливаа иргэн, асран хамгаалагч, аж ахуйн нэгж, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хэн боловч хэрэгжүүлж байх үүрэгтэй. Бидний амьдрал, ахуйд ахмад настны эсрэг нийгмийн хүчирхийлэл янз бүрийн хэлбэрээр гарсаар байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байна. Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг өөрт нь зориулахгүй байх, тэдний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, улмаар эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдлүүд нь хүний эрхийн ноцтой зөрчлүүд мөн. Иймд холбогдох байгууллагууд онцгой анхааралдаа авч, Хүний эрхийн Үндэсний Комисс энэ тухай тайлангаа ирэх жилүүдэд Улсын Их Хуралд танилцуулбал зохино.Эрх нь хангагдсан ахмадууд нийгмийн дунд идэвхтэй амьдрах боломж бүрдсэнээр тэдний нийгмийн оролцоо аяндаа өргөжих юм.  Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан олон хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголын нийт ахмадуудын нийгмийн оролцоо нэн чухал. Манай парламентын насаар ахмад гишүүн Д.Рэгдэл гуайгаар ахлуулсан “Ахмад настны оролцоог дэмжих” бүлэг байгуулагдан ажиллаж байгааг дуулгахад  мөн таатай байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэлд амжилт хүсье. Оролцоог нь нийтээрээ дэмжье, урамшуулъя. Хамтдаа иргэндээ ээлтэй, шинэ нийгмийг байгуулж ажиллахыг бүх иргэдэдээ уриалъя.Чуулганы зочид оо,Ахмад настны нийгмийн асуудлаарх дээр дурдсан бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүх шатандаа хүчин чармайлт гаргаж, үйл ажиллагаагаа нэгтгэж, эрчимжүүлж, үр дүн гаргах нь чухал байна.Үүний төлөө Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу Ахмад настны тухай хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангаж ажиллахыг Засгийн газраас шаардах төдийгүй хууль, бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлж ажиллахыг ямагт хичээж ажиллана.  Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй, ахмадын төлөөлтэй манай парламент хүн төвтэй хуулийн үзэл баримтлалын хүрээнд Ахмад настны тухай болон түүнтэй холбогдох бусад хууль, журмуудын зохицуулалтыг иж бүрнээр боловсронгуй болгох чиглэлээр санаачилгатай ажиллах болно.Энэ цаг үед мөн ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлөх үүрэг бүхий ахмадын байгууллагын үйл ажиллагаа ч шинэчлэгдэх шаардлагатай.Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогын баталгааг хангах, идэвхтэй насжилтыг дэмжих, оролцоонд суурилсан ахмад настны цогц тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, тэдний эсрэг, нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хүчирхийллийг гаргуулахгүй, газар авхуулахгүй байх чиглэлээр бүх шатны төв орон нутгийн байгууллага, иргэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах шинэ эрэл хайгуул нэн чухал юм.Ахмадын холбоод маань харилцан сайн туршлагаа солилцож, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж, хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаар тухай бүр мэдээ, мэдээллээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллахыг уриалж байна.Энэхүү чуулганаас 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор болсон “Шинэ сэргэлт: Ахмадын оролцоо” сэдэвт чуулганы үр дүнгээ хэлэлцээд цаашид бид хэрхэн хамтран ажиллах, ямар арга барилыг нэвтрүүлэх талаар үнэтэй санал, зөвлөмж гарах болно гэсэн хүлээлттэй байна.Өмнөх чуулганаас гаргасан зөвлөмжид тусгагдсан Улсын Их Хуралд хамаарах 5 арга хэмжээ үндсэндээ бүрэн биелсэн болохыг Та бүхэндээ дуулгахын ялдамд  энэ чуулганаас гарах санал, зөвлөмжийг бүрэн дэмжиж, хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлье.Ахмадуудынхаа зөвлөмж, дэмжлэг, нийгмийн оролцоотойгоор Та бид хамтдаа илүү тав тухтай, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна.Эрхэм хүндэт ахмадууд, чуулганд оролцогч зочид, төлөөлөгчид Та бүхэндээ  болон Монголынхоо нийт ахмадууддаа гарч байгаа шинэ он, ирж буй могой жилдээ эрүүл энх, эрч хүч, амжилт ололтоор дүүрэн байхыг ерөөж, чуулганы ажиллагаанд амжилт хүсье. 2025.01.08Улаанбаатар хот
2025/01/08
309
УЛС ТӨР
Ахмадын үндэсний чуулган чуулж байна
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2024.01.08) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 900 орчим ахмад настан оролцож буй юм.Ахмадын үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр, ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэхийн тулд тэдний эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй амьдрал болон нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах асуудлуудыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулав.Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байгаа Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настны талаар хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, цаашдын зорилтын тухай, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэнд, эм хангамжийн тухай тус тус танилцуулна. Мөн Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар илтгэл тавих юм.Үндсэн илтгэлүүдийн дараа “Сайн туршлага, идэвхтэй оролцоо: Ахмад үе ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт панел хэлэлцүүлэг болох бөгөөд үүнд Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгдсэн холбооны тэргүүн Г.Атармаа нар панелистаар оролцоно.Үндсэний чуулганы үдээс хойших хуралдаанд Эрүүл мэндийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яамны холбогдох албаны хүмүүс тухайн салбаруудын бодлого, шинэчлэл, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих болон асаргааны хувилбарт үйлчилгээний тухай танилцуулах юм. Түүнчлэн ахмад настны эрхийг хангах болон ахмадын байгууллагуудын үйл ажиллагааны талаар үндэсний чуулганд оролцогчдын төлөөллөөс илтгэл, танилцуулга хийнэ.Үндэсний чуулганаас оролцогч ахмад настнуудын саналд үндэслэн зөвлөмж гарна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/08
291
УЛС ТӨР
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрд шийдэл гаргахаар ажиллаж байна.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд /2025.01.07/ “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.Нийслэл Улаанбаатар хотоос түлшний чанарыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хагас коксон шахмал түлшний туршилт, судалгааны талаар ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Насантогтох нар танилцууллаа.Сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчлэх хүрээнд одоо ашиглаж байгаа мидлингийг ирэх гуравдугаар сарын 01-нээс хэрэглэхээ больж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжмалын үйлдвэрийн “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн сайжруулсан түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багасаж,  нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар тус тус ихэссэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчийг шинэчилж, шигшиж ангилсан түлшинд “грийн көүл” бүтээгдэхүүнийг нэмэлтээр хийж, түлшний чанарыг сайжруулна. Шахмал түлшний болон барьцалдуулагчийн стандартуудыг шинэчлэхээр ажиллаж буйгаа хотын дарга тайлбарлав.Үүнээс гадна Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын үед Засгийн газар, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эрх зүйн орчинтой болсноор гэр хорооллын 198 мянган яндан, 500 гаруй мянган автомашин, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, ДЦС зэрэг утаа үүсгэгч бүхэн рүү уг хуулийн зохицуулалт чиглэнэ. Хуулийг хэрэгжүүлснээр утаа гаргаж байгаа эх үүсвэр бүрийн 30 хувийг жил бүр хийн түлшинд шилжүүлэх, одоо үйлчилгээнд явж байгаа 1300 автобусыг хийн түлшинд шилжүүлэхээс гадна Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүсийг нийслэлд  тогтоох боломж бүрдэх аж.Тусгай дэглэм бүхий бүсийг ногоон болон шар бүс гэж ангилж байгаа бөгөөд ногоон бүсэд стандартад нийцсэн шингэрүүлсэн хийн түлшинд /LNG, LPG/ айл өрхүүдийг шилжүүлнэ. Урьдчилсан зураглалаар энэ бүсэд 48,118 нэгж талбарын 50,189 өрхийн 202 мянга орчим иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.Ногоон буюу яндангүй бүсийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр шинэчлэн нэмэгдүүлнэ. Тус бүсэд стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид Евро 5-аас доош стандартын автобензин, дизель түлшийг худалдан борлуулахгүй байх зэрэг агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрүүдийн зохицуулалтуудыг бас тусгажээ.Шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах бөгөөд эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ сард зарлана. Цаашид нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах аж.Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн “Нүүрс, химийн цогцолбор”-ийн Нүүрс-пиролизийн үйлдвэрийн “Хөх нүүрс” төслийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Нийт 190 сая ам.долларын санхүүжилтээр байгуулах тус үйлдвэрийн эхний хэсгийг энэ оны арванхоёрдугаар сард,  эцсийн байдлаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн утааг 60-80 хувиар бууруулах төдийгүй 100 Мвт-ын эрчим хүч үйлдвэрлэх тооцооллыг судлаачид хийсэн байна.Жилд 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг томоохон уурын болон нам даралтын зуух, ДЦС-уудыг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлэх ажлын явцын талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа танилцуулсан.“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжинд стандартыг шинэчилж батлуулах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд шахмал түлшний барьцалдуулагчийг импортоор болон дотоодоос нийлүүлдэг байсан. Гэвч дотоодынх нь чанар муу талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр тайлбарлав.  Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарласан. Тэгэхээр Засгийн газар нийслэлд онцгой анхаарна. Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Ковидын үе шиг бэлэн байдалд энэ штаб ажиллана. Бямба гариг бүр хуралдана. Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудал бүрийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын ахалсан Шуурхай штаб ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч үүнд оролцох ёстой. Утааг бууруулах тухайд сайжруулсан шахмал түлш, “0” давхаргын баяжмал, хагас коксон түлшний дараагийн буюу эцсийн шийдэл, хамгийн том шилжилт бол шингэрүүлсэн хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, Улаанбаатарыг утаагүй болгох явдал гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцлов.  
2025/01/08
309
УЛС ТӨР
АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудад хяналт, шалгалт явуулах ажлын хэсгийн удирдамжийг батлав
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.01.07) хуралдаж, өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд байгуулагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг баталж тогтоол гаргалаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан, С.Замира, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, М.Энхцэцэг нар ажиллах юм.Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжид ажлын хэсэг Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, тухайн паркуудын үйл ажиллагааг эрхлэгчид, “Эрдэнэс ҮТП” ХХК болон бусад холбогдох байгууллагын тайлан, мэдээллийг сонсож, “Багахангай” ҮТП , “Шивээ-Овоо” ҮТП, “Тавантолгой” ҮТП (мега төсөл), “Дорнын баялаг” ҮТП, “Гэрэлт говь” ҮТП, “Алтан ширээт” ҮТП, “Налайх” ҮТП, “Бор өндөр” ҮТП, “Багануур” ҮТП, “Эрдэнэт” ҮТП, “Дархан” ҮТП, “Хөтөл” ҮТП, “Шинэ Ховд” ҮТП, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, хяналт шалгалт хийхээр тусгасан байна. Мөн шаардлагатай гэж үзвэл тодорхой сэдвээр талуудын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа хийж зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэх юм.Ажлын хэсэг удирдамжид заасан хяналт шалгалтыг явуулсан талаарх танилцуулга, санал дүгнэлт болон холбогдох шийдвэрийг төслийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/07
279
УЛС ТӨР
ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталж, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.01.07/  10 цаг 28 минутад гишүүдийн ирц 52 хувьд хүрснээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ хэлэлцээд дөрвөн нэр дэвшигч тус бүрээр санал хураасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дахин хэлэлцэн баталж, нэр дэвших тухай хүсэлт хүлээн авах хугацааг 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг хүртэл Төсвийн байнгын хорооны 213 тоот өрөөнд хүлээж авсан.  Энэ хугацаанд нийт зургаан хүн нэрээ дэвшүүлснээс Г.Алтансүх, Б.Ганбаяр нарын материал журмын дагуу бүрдэл дутуу мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул санал хураалтад оролцох боломжгүй гэж үзсэнийг Байнгын хорооны дарга тодотгоод үлдсэн дөрвөн нэр дэвшигчийг танилцуулав.Нэр дэвшигч Б.Ариунболд нь 1989 онд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. 2012 онд “Нэйшнл инженеринг групп” ХХК, “УБ транс” ХХК-д хүний нөөцийн ажилтан, үйл ажиллагаа хариуцсан менежер, 2013-2014 онд “Фаст рооф” ХХК-д гүйцэтгэх захирал, 2017-2020 онд Хас банканд хувийн банкир, мэргэжилтэн, шинжээч, 2021 онд Хөгжлийн банканд төслийн санхүүжилтийн судалгааны захирал, 2020-2024 онд “Эй кей энд икс финанс” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна гэв.Нэр дэвшигч Ц.Бархас нь 1989 онд төрсөн, 36 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн олон улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 “Ард секюритиз” ҮЦК-д гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байна гэлээ.Нэр дэвшигч Л.Батзориг нь 1988 онд төрсөн, 37 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн бакалавр, Шихихутуг их сургуулийн эрх зүйн бакалавр, санхүүгийн менежмент, эрх зүйч мэргэжилтэй. 2009-2019 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч, салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2022 онд “Мод хөтөлбөр” ХХК-д гүйцэтгэх захирал, 2011 оноос “Ар анд түнш” ХХК-д захирлаар ажиллаж байна гэв.Нэр дэвшигч Б.Зундуй нь 1990 онд төрсөн, 35 настай. Санхүүч мэргэжилтэй. 2012 онд Хас банканд харилцааны менежер, 2012-2016 онд Барилгын хөгжлийн төвд мэргэжилтэн, 2016-2017 онд “Эм Жи Эл интернэйншл” ХХК-д гүйцэтгэх захирал, 2021-2022 онд Оюу толгой төсөл, СААДИ группт гэрээ, санхүүгийн менежер, 2022-2023 онд “БИД” санхүүгийн группт газрын захирал, 2024 онд “Есөн шижир инвест” ББСБ-д Стратеги хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаа аж.Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн дээрх дөрвөн нэр дэвшигч тус бүрээр санал хураалаа. Нэр дэвшигч Ц.Бархас хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь буюу олонхын саналыг авсан тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу тус хорооны орон тооны бус нэг гишүүнд Төсвийн байнгын хорооноос Ц.Бархасыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.Дараа нь Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.Төсвийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай 07 тоот тогтоолыг баталсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131.1-д Байнгын хороо нэр дэвшигчийг сонгох ажиллагааг явуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуух асуулт саналыг цахимаар эс үгүй бол шуудангаар хүлээн авна гэж заасны дагуу дээрх тогтоолд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцууллаа.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь  дэмжлээ.Хуралдаан Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны  дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-ын б заалт, төслийн 11.1.2-ын в заалт хооронд зөрчил үүсэх эсэхийг тодруулахад Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн эдгээр заалтын хооронд хуулийн зөрчил үүсэхгүй хэмээн хариулсан. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/01/07
234
УЛС ТӨР
Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2025 оны эхний 100 хоногт багтаан тодорхой үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өглөө.Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа. Үүнд,-Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулах,-“Хүннү-ухаалаг хот” дагуул хот байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,-Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудын барилга угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх,-“Дулааны II цахилгаан станц”-ыг өргөтгөх, шинээр “Дулааны V цахилгаан станц” барих асуудлыг судалж танилцуулах,-Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх төслийн эдийн засгийн үр ашигийг судалж, хэрэгжүүлэх,-Гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төсөл хэрэгжүүлэх,-Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр болон өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон салбар бүрд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгав. “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулж, гурван Шадар сайд ахалж, холбогдох сайд нар ажиллахаар тогтлоо.Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болон бусад томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”, ОХУ-аас БНХАУ руу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой, “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, ”Зөөвч овоо”, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Говийн бүс нутгийг усжуулах , “Атрын IV аян”, “Шинэ Хархорум” хот зэрэг төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэНийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа.Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.  Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлнэ, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлнэ, зорчих хурд 80-100 км/ц байхаар тооцжээ.Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын өнөөгийн нөхцөл байдал, ирэх гурван жилийн зорилтыг хэлэлцлээЗарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ирэх гурван жилийн зорилтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан болон 2024 оны гүйцэтгэлээр ашигтай ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК-уудын үйл ажиллагааны талаар танилцуулжээ.  Уул уурхай, иргэний агаарийн тээвэр, банк санхүүгийн салбарын эдгээр таван компани, үйлдвэрийн газар 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт  15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна.Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж, 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.Нэгдсэн дүнгээр таван их наяд шахуу төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк” зэрэг таван компани, үйлдвэрийн газар,  380 тэрбумыг нь  бусад 51 компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна.Засгийн газраас Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эрхзүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд Төрийн өмчит компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, бүтээмжтэй, үр өгөөжтэй явуулах тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна.    
2025/01/03
292
УЛС ТӨР
Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцохыг урьж байна
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулна.Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцох иргэдийг урьж байна.Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэлМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.10 дахь хэсэгт зааснаар хараат бус шинжээч нь:131.10.1.нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах;131.10.2.нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах;131.10.3.энэ хуулийн 131.8-д заасан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт бичгээр гаргах;131.10.4.нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсгол, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд танилцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.Имейл: [email protected]Утас: 51-260749Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба
2025/01/02
324
УЛС ТӨР
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү.Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.Нэр дэвшигчдийн мэдээлэл: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Ч.Сайнбилэг, А.Халиунаа нарын нэрийг дэвшүүлсэн байна.Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-426, /Лавлах утас: 267155/Цахим шуудангийн хаяг:  [email protected] имэйл Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба
2024/12/30
250
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 1992-2024 он хүртэл нутаг дэвсгэрийг төлөөлсөн 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол, 2024 оноос хойш сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй парламент, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар өөрийн түүхийг бичиж эхэлж байна.Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн 2024 он өндөрлөх дөхөж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийг шинээр харах нийгмийн захиалга бүхий түүхэн хариуцлагатай 2025 он эхлэх дөхөж байна. Өнгөрснөө зөв дүгнэхгүйгээр, ирээдүйг зөв тодорхойлох боломжгүй гэдэгчлэн өнөөдрийн энэхүү мэдээллийг ондоо багтаж өгөх нь зүйтэй гэж үзлээ.Өчигдөр та бид хамтдаа 16-20 жил гацсан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын хувьд улс орны хөгжлийн томоохон асуудлыг том зургаар нь харж, дэмжсэнд талархал илэрхийлье.Төслүүд гацсан үндсэн суурь шалтгаан эрх ашгийн сонирхол байсан гэдгийг ч олон талаас нь дүгнэн ярилцлаа. Шүүхийн шатанд, цэцийн шатанд төслүүд гацсан шалтгаанууд, улс төрийн нөлөөлөл, авлигын хэргүүдийн шүүхийн шатанд эргэж буцсан олон шийдлүүдийн зангилааг ч үе солигдсон шинэ парламент нөлөөтэй толины тусгалгүй олж харж, тогтолцооны хувьд засаж чадна гэдэгт гүнээ итгэж байна.Ирээдүйн хөгжлийн боломжоо дахин алдахгүйн тулд бид өнөөдөр өвчнөө зөв оношилж, зөв эмчлэх ёстой. Хуримтлагдсан асуудлуудыг хамгийн зөв оношлох аргачлал бол хүний оролцоогүй цахим шилжилт билээ.Аливаа асуудалтай тэмцэхийн тулд асуудлыг бүрдүүлж буй хөрстэй нь тэмцэх ёстой гэдэгтэй ч санал нэг байна. Энэ л агуулгаар төрийн байгууллагуудын салангид мэдээлэл, өгөгдлийг цэгцэлж, нэгдсэн дүгнэлт хийхийн тулд E-Mongolia платформыг Эстони улсын туршлагад тулгуурлан нээж, өнөөдөр хоёр сая орчим хэрэглэгчтэй болж, 1263 үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж эхлээд байна.E-Mongolia дөрвөн удаа шинэчлэгдсэн бөгөөд цаашид төрийн байгууллагууд нэгдсэн цахим шуудангаар хоорондоо харилцдаг болох, төр иргэн хоорондоо мэдээлэл солилцдог болох, шаардлагатай мэдээллийг иргэн өөрийн цахим хаягнаас татаж авдаг байх, банкны салингад төлбөрийн системүүд хоорондоо солилцдог болох чиглэлд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай сүүлд уялдуулсан нь ч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх давхар зорилготой байсан.Е-Mongolia төслөөс гадна shilen.gov.mn цахим хуудсыг нээж, төрийн байгууллагуудын худалдан авалт, сангуудын зарцуулалтыг ил тод болгож, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагын 970,355 мэдээллийг ил болгож, зарим мэдээлэл нь жагсаалтын түвшинд, зарим мэдээлэл нь Улсын Их Хуралд нээлттэй сонсголын хэлбэрээр зохион байгуулагдаж түвшинд очсон нь тухайн үед нийгмийг бухимдуулсан ч иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашдын алдааг засах, мөн 2023 онд Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих хөрсийг бүрдүүлсэн гэж үзэж болно.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу хоёр жил долоон сарын хугацаанд уг хуульд байнга нээлттэй байхаар заасан таван чиглэлийн 68 төрлийн мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс”-ийн үнэлгээ хийхэд, мэдээлэл хариуцагч 564 байгууллагын дундаж үзүүлэлт 67 хувьтай гарсан байна.Энэхүү мэдээлэлд тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд энэ намрын чуулган завсарлахаас Улсын Их Хуралд өмнө өргөн барихаар бэлтгэл ажлаа хангасан. Энэхүү хууль батлагдвал олон улсын байгууллагуудын олон жил Монгол Улсад зөвлөсөн зөвлөмж бодит ажил болж, төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацийн зарчмаар ажиллах болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн төсвийн байгууллагын 1511 нь мэдээллээ нээлттэй байршуулсан бол төрийн өмчит 119 компанийн ашиг, алдагдлын мэдээлэл нийтэд ил болоод байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!Засгийн газраас ирэх хаврын чуулганаар цахим өгөгдөлд тулгуурлаж, татварын багц хууль, нийгмийн даатгалын багц хуулийг, хөрөнгө оруулалтын хуультай хамтад нь өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын  өргөн төлөөлөлтэйгээр олон жил яригдсан энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газрын мега төслүүд амжиж хөдлөх нь суурь тоонуудыг тооцоход амин чухал байгаа гэдгийг дахин хэлье.Эдгээр гурван эрх зүйн реформыг бид хаврын чуулганд багтан цогцоор нь шийдвэрлэж чадвал, 2025 оны улсын төсөв их өгөгдөлд тулгуурласан төсөв байх боломж бүрдэх бөгөөд зөөлөн дэд бүтцийн хөгжил рүү илүүтэй чиглүүлэхээр тооцож байна.2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай.Бид асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй хөгжлийн шинэ эрин үед амьдарч байна. Хүн төрөлхтөн уурын хөдөлгүүр үүсэж, механикжсан технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаас, дотоод шаталтын хөдөлгүүр нэвтэрч, авто машин, нисэх онгоц, эрчим хүч хэрэглээнд нэвтэрч, масс үйлдвэрлэл хөгжсөн хоёрдугаар хувьсгал хүртэл дунджаар 100-120 жилийг зарцуулсан бол компьютер, тоон технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаас интернетийн сүлжээ, ухаалаг технологид шилжсэн дөрөвдүгээр хувьсгал хүртэл ердөө 30 орчим жилийг зарцуулсан байна. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан шинжлэх ухаан, өндөр технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн тав, цаашлаад зургадугаар хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж, шинэ эдийн засгийн бүтэцтэй болоход Монгол Улс дараах гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна. Үүнд,Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт:o   Их өгөгдөлд суурилсан төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинo   Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэхo   Төрийн бүтээмж, гүйцэтгэл, үнэлгээний уялдаа холбооo   Төрийн үйлчилгээний оновчтой, хүртээмжтэй байдал сайжрах Хоёрдугаарт, Ногоон хөгжлийн шилжилт:o   Цэвэр эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний шилжилтo   Цахилгаан автомашины хэрэглээний шилжилт o   Ногоон байгууламжийн стандарт, орчны бохирдлыг бууруулахo   Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээр, усны нөөцийн асуудалГуравдугаарт, Хүний нөөцийн шилжилт:o   Боловсролын салбар хөдөлмөрийн зах зээлийн уялдааo   Нийгмийн даатгал, татварын орчин, орон сууц, Баялгийн сангийн уялдаа холбооo   Хөдөлмөрийн үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхЦахим шилжилт бол зөвхөн төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх, эсхүл аль нэг салбарын асуудал биш, харин бүх салбарыг хамарсан шинэ эдийн засгийн суурийг бүрдүүлэх зөөлөн дэд бүтэц юм. Их өгөгдөл байхгүй бол дүн шинжилгээ хийх боломжгүй, дүн шинжилгээ хийхгүй бол оновчтой, зөв шийдвэр гаргахгүй.Өнөөдрийн мэдээллийн үндсэн зорилго бол Засгийн газраас эдгээр гурван шилжилт болон үүн дотор цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг хүсэж байна.Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.
2024/12/28
325
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа,Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнгөрснийг дүгнэж, эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилго бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрийн намууд зөвшилцөж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулж, Монгол Улсын Их Хурал баталсан билээ. Бодлого, засаглал тогтворгүй, эрх зүйн орчин ойлгомжгүй, хөрөнгө оруулагчдад хэлсэндээ хүрдэггүй, том төслүүдээ улс төржин гацаадаг гэсэн нэршил “Монголын за андгай буй заа” хэмээн ирсэн та бидний язгуурын философиос нэлээдгүй зөрсөн нь нууц биш юм.   Сайтар судалсны үндсэн дээр улс төрийн намууд зөвшилцөн 2023 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал баталж, 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдэж, Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлж эхлээд 100 хонож байна. Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа улс орнуудын тогтолцоо, эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа  намууд хоорондын үзэл санаа болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд Засгийн газар бүхий л боломжоо дайчлан ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна. Хөгжлийн мега төслүүд гацсан суурь шалтгаан:Нэгдүгээрт, олон улсын геополитик нөхцөл байдал, тусгай албадын  шууд болон шууд бус нөлөөлөл Хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэлГуравдугаарт, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц юм.  Эдгээр гурван нөлөөллийг Улсын Их Хурал, Засгийн газар даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн юм. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учирсан баримтууд ч олон бий. Сонгуулийн холимог тогтолцоо, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар ийм нөхцөл байдлыг даван гарч, улс орныхоо хөгжлийн түүхийг эхлүүлж чадсаныг дэлхийн улс орнуудын түүх нотолдог. Олон нийт ч ийм хүлээлттэй байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Засгийн газар 100 хоногтоо багтаж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотод 14 мега төслийн нэг болох 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц мөн ашиглалтад орж чадлаа. Гал авч шийдвэрлэсэн энэхүү шийдвэр өнөөдөр хүнд ч, ирээдүйд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээх түүхэн шийдвэрүүдийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү шийдвэрийг дэмжсэн парламентын гишүүдэд талархал илэрхийлье. Ийм шийдвэрүүдийг гагцхүү холимог тогтолцоогоор бүрдсэн парламенттай үед, хамтарсан Засгийн газар л шийдвэрлэж чадах билээ. Ерөнхий сайдын булангийн орнуудад энэ сард хийсэн айлчлалаар үнэ чөлөөлсөн энэхүү шийдвэр болон сэргээгдэх эрчим хүчний экспортын хэлцлийг улс орнуудтай хийж чадвал эрчим хүчний томоохон мега төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийхэд бэлэн байгаагаа булангийн орнуудын Засгийн газар, Баялгийн сангууд албан ёсоор илэрхийлсэн. Тийм ч учраас шинэ тогтолцоонд шилжсэн эхний үр дүнгүүд гарч, эдийн засагт  эерэг нөлөө үзүүлж эхэлж байна гэж Ерөнхий сайдын хувьд дүгнэж байна. Он солигдох дөхөж буй энэ үед 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг Засгийн газар өнгөрсөн хуралдаанаар хэлэлцэж  дүгнэсэн. Урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн буюу одоо байгаа олборлолт, дэд бүтцийн хүчин чадлын хувьд түүхэн дээд амжилтад хүрсэн байна. Гадаад өрийн дарамтууд буурч, зээлжих зэрэглэл олон улсад сайжирлаа.  Харин импорт даган нэмэгдэж 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсны 42.5 хувийг автомашин бүрдүүлж байгаад бид хамтдаа дүгнэлт хийх учиртай. Энэ ч агуулгаар Засгийн газар 2025 оныг бүхэлд нь Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласан. Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 2024 оны  дөрөвдүгээр  сарын 19-ндбаталсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дүгнэж үзэхэд Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөг, Хуримтлалын сан буюу иргэдийн хадгаламж 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсэж, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа нь хууль хэрэгжиж эхлээд найман сар өнгөрсөн гэхэд чамлахааргүй үзүүлэлт юм.   Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг  зохицуулалтууд нээгдэж буй бөгөөд баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр E-Mongolia-аар дамжуулан иргэд хянах боломж бүрдлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрэх тооцоололтой байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Эдгээр тоог тогтвортой өсгөхөд гацсан мега төслүүдээ хөдөлгөхөөс өөр сонголт Монгол Улсад байхгүй ээ. Шинэ төсөл ярих ёс зүйн эрх авахын тулд бид өнгөрсөн алдаагаа засахаас өөр сонголт бидэнд байхгүй ээ.  Өнөөдөр Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани хооронд олон жил яригдсан энэхүү төсөл урагшлахад томоохон түлхэц болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой. Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр энэхүү төслийн талаар Улсын Их Хурал дэлгэрэнгүй ярьсан тул, Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбохбүтээн байгуулалтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар илүү төвлөрч ярья. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно. Бид 16 жилийн өмнө энэ төмөр замын төслийг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэл гэсэн асуудлыг ярих шаардлагагүй байх байлаа. Ирээдүйд дахиж ийм боломжийг алдахгүйн тулд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давж нийтийн эрх ашгийг төлөө энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын гэрээг хэлэлцэн баталсан тохиолдолд Засгийн газар ирэх хавар энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой. Энэ төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох бөгөөд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэж дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 онд 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн шийдэл болох болно. Цаг хугацааны цаглабарын хувьд энэхүү төсөл 2003 оноос эхлэн харилцан санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж, өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, Улсын Их Хурлын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байна. Товч байдлаар дүгнэж хэлэхэд, эдгээр хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын хооронд хийгдэх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас шалтгаалж, улс төрийн үндсэн гацалт үүссэн байна. Мөн төмөр зам тавигдах нь жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компани, Тавантолгойн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлнө гэж үзсэнээр улс төрд томоохон хэмжээний эсрэг блок үүсгэж, улс төрчид болон олон нийтийн нөлөөлөгчдөд эдийн засгийн хувьд нөлөөлсөөр ирсэн нь нууц биш юм. Хэлэлцээр явж байх үед ч энэ асуудал Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схемийг ил болгох, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарлах асуудал Улсын Их Хуралд танилцуулагдахын өмнө болсон түүх хэрхэн давтагдаж байгааг Та бүхэн харж байгаа биз ээ. 2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын төрийн тэргүүнийг байлцуулан зурагдсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын санхүүжилтийн гэрээнд үндэслэн Хятадын Ганцмод хилийн боомт талын бүтээн байгуулалт 2015 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, харин манай улсын Гашуунсухайт талын бүтээн байгуулалт гацсанаас шалтгаалж, эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг болон бусад хилийн боомт холбогдохгүй байх харилцааны асуудал үүссэн байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд үүссэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна.             1/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх;             2/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх;             3/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх;             4/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох;             5/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх;             6/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах буюу Монголын тал өргөн, Хятадын нарийн царигаар баригдаж, зөвхөн хил холболтын зорилгоор цариг зөрөх;             7/ Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах;             8/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулах боломжийг хангах;             9/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд Хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх;             10/ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтыг төмөр замаар холбох ажлыг үе шаттай эхлүүлэх тохиролцоонд хүрэх;             11/ Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг харилцан ашигтай, хувилбарт шийдэл бүхий холбогдох гэрээг 16 жилийн хугацаатай байгуулж хамтран ажиллах зэрэг болно. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
2024/12/27
298