mmnews.mn | 2025-06-06

УЛС ТӨР

УЛС ТӨР
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн төслийг хэлэлцлээ
Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг  (2024.12.16) Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.“Шинэ Хархорум” хотыг байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалт болон эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулалт, менежментээр хангах үүрэг бүхий тус захиргаа Засгийн газрын шийдвэрээр 2023 оны хоёрдугаар сард 30 орон тоотойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ нийт 27 хүн ажиллаж байна. Энэ хугацаанд “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд шаардлагатай суурь судалгаанууд, тэр дундаа хүн амын унд ахуйн зориулалттай усны хайгуул, инженер-геологийн болон байр зүйн судалгаа, байгаль орчны үнэлгээ, археологи, палеонтологийн судалгаануудын нэгдсэн дүгнэлтийг хийж дуусгаад байгааг тус захиргааны дарга Н.Нацагдорж танилцууллаа.Энэ оны гуравдугаар сард “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хот төлөвлөлтийн зарчим, дүр төрхийг тодорхойлох зорилгоор ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үүнд 54 улсын 426 баг бүртгүүлснээс 76 баг бүтээлээ ирүүлсэн байна. Тэдгээрээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээлийг шалгаруулан хотын төлөвлөлтөд ашиглаж байгаа ажээ.Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын “Хархорум” хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. Иймд “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөлтийг соёл, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв болгон байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг, эко хот байхаар хийж байгаа аж. Нийтдээ 189 363 га талбай бүхий тус хот 500 мянган хүн амтай байх бөгөөд суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж байх юм. “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар захирамжаар байгуулагдсан юм. Тус ажлын хэсгийн ахлагч, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Д.Пүрэвдаваа, Б.Пунсалмаа, Н.Батсүмбэрэл нар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаа, хотын ерөнхий төлөвлөлттэй танилцахын зэрэгцээ Хархорин хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/17
251
УЛС ТӨР
Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.13) УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Туваан, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, Д.Батбаяр нар “Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу бол “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэгдэж, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ төрийн албан хаагч байсан гэдгийг тогтоолын төсөл боловсруулагчид онцоллоо. Түүний төрийн ажлын өвөрмөц арга барил, манай орны эдийн засгийн тулгуур салбар болох уламжлалт мал аж ахуйг зөв зохистой эрхлэх талаарх үнэ цэнтэй бүтээл, үзэл санааг залуу үеийнхэнд таниулах, эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тодотгов.Түүний мэндэлсний 130 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлснээр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, амьдрал, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/16
238
УЛС ТӨР
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы  (2024.12.12)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байхаар, хэрэглээний үнийн өсөлт (инфляц)-ын түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувь болгож бууруулахаар тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцсон бөгөөд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна.Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, О.Цогтгэрэл, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Малчны тухай хуулиар малчдад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгосныг хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан 600 ортой, үүдэл эс шилжүүлэн суулгах тасагтай, бүх төрлийн шинжилгээний лабораторитой, тугалган хана бүхий туяа эмчилгээний шугаман хурдасгуур тавих мэргэжлийн дөрвөн өрөөтэй “Хавдар судлалын үндэсний төв II” эмнэлгийг заавал барих асуудлыг дэмжсэн тохиолдолд одоогийн Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д эмнэлгийн 100 ортой байр санхүүгийн түрээсээр авахыг дэмжинэ гэсэн юм. Үүнд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хариулахдаа “Хавдар судлалын үндэсний төв II”  шинэ эмнэлгийг ирэх 3-4 жилийн хугацаанд барьж байгуулахын тулд 2025 оны төсөвт техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулахад 3.0 тэрбум төгрөг, бүтээн байгуулалтын ажилд 5.0 тэрбум төгрөг тавьсан гээд, уг бүтээн байгуулалт нийтдээ 10.0 тэрбумын төсөвт өртөгтэйг танилцуулав. Мөн үүний дээр ХСҮТ-д нэн шаардлагатай байгаа эмнэлгийн байрыг лизингээр авах буюу санхүүгийн түрээсийн зардлыг тусгаж өгсөн. Ингэснээр эдгээр зориулалтаар нийтдээ 32.0 орчим тэрбум төгрөг Монгол Улсын 2025 оны төсөвт суусан гэлээ.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй болгож, нийт 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгон бууруулж чадсан нь том дэвшил болсныг онцлоод, Улсын Их Хурал, Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг улсын бус нийтийн төсөв гэж ярьж хэвшин, нийтийн төлөө зориулдаг болох ёстойг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурал баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг жишээлэн яриад, ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тул үүнээс өмнө улсын төсвийг дахин тодотгох шаардлага гарна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл эдийн засгийн өсөлтийг 8.0 хувиар тооцож буй нь хэтэрхий өөдрөг төсөөлөл гэж үзэж байгаагаа хэллээ. Тэрбээр, алдагдалгүй төсөв баталж байгаа нь сайн ч гэлээ ашигт малтмалын нөөц ашигласний төлбөр (АМНАТ)-өөс Ирээдүйн өв санд орох хувийг 65 хувиас 45 хувь болгон бууруулсан нь уг зөрүүгийн буюу 1.0 их наяд төгрөгийн алдагдал баталснаас ялгаагүй гээд, төсвийн зардал улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг асуув. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, төсвөөс гарч байгаа мөнгө иргэд, аж ахуйн нэгжийн худалдан авалтаар хувийн хэвшлийнхний борлуулалтыг нэмэгдүүлж, тэдний татвараар эргээд орж ирж байгаа хэмээн тайлбарлаж, харамсалтай нь хувийн хэвшлийнхний борлуулж байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь импортынх байгаа нь валютын нөөцийг сорох, ханшийг өсгөх сөрөг үр, дагаварыг бий болгож байна гэсэн юм. Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан манай улсын одоогийн хөрөнгө оруулалтын болон хэрэглээний түвшинд 8.0 хувийн өсөлтийг хангах бүрэн боломжтой гэсэн хариулт өгөв.Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл бол ирэх гурван жилийн стратегийн зорилт болохыг онцолж, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээг 2027 онд 30 хувь болгохоор төлөвлөснийг стратегийн зорилт мөн эсэхийг лавлаж асуув. Төсвийн зарлага, эдийн засгийн хэмжээ хоёрын харьцаа "Ковид19" цар тахлаас өмнө 31-32 хувьтай байгаад цар тахлын жилүүдэд 33-34 хувьтай болсон гэсэн хариултыг Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан өгч, энэ 2024 онд 37-38 хувьтай байгааг танилцуулсан юм. 2025 онд энэ үзүүлэлт 35 хувь байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан бөгөөд цаашдаа жил бүр бууруулсаар 2027 онд 32 хувьд хүргэхээр тооцсон байна. Олон улсын судалгааны байгууллагууд улс орнуудыг эдийн засгийн хэмжээ, өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлэхдээ төсвийн зардал болон ДНБ-ий харьцаа 25 хувиас бага байвал тухайн улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар сайн байна гэж үздэг.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хориг маш олон эерэг нааштай зүйлийн, алдагдалгүй төсөв баталж байхын эхлэл болж байна гэж дүгнэж буйгаа хэлээд, ирэх гурван жилд Засгийн газрын өр болон нийгмийн халамжийн хэмжээ буурахгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа улсын төсөв ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байгаа нь харьцангуй өндөр дүн болохыг анхааруулж, бүхэлдээ буюу 100 хувь татвараас бүрдэж байгаа нь өрөөсгөл гэдгийг дурдаад, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгож, төсвийн орлогын эх үүсвэрийг ноогдол ашгаар нэмэгдүүлбэл боловсролын салбарын төсвийг улсын төсвийн зарлагын 6.0 хувьд хүргэх боломжтой гэсэн юм.Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026-27 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусаж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Тус Байнгын хороо өнөө өглөөний хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрөөтэй нэг саналын томьёоллоор, мөн дахин санал хураалт явуулах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь үзсэн зарчмын зөрөөтэй хоёр саналын томьёоллоор тус тус санал хураалт явуулсан байна. Анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан саналуудыг Байнгын хороо холбогдох хууль тогтоолын төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар ХСҮТ-ийн дэргэд байгаа Дөрөвдүгээр эмнэлгийг санхүүгийн лизингээр авах нь шинэ эмнэлэг барихаас хямд болох тухай санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд хөндлөнгийн аудит хийх асуудлыг Засгийн газарт эрх олгох байдлаар Улсын Их Хурлаар шийдүүлэхээр оруулж ирж байгаа нь зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.Хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Ж.Батжаргал, Ж.Галбадрах, Ц.Даваасүрэн нар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд боловсролын салбарын төсвийн нийт зардлыг ДНБ-ий 6.0 хувиас багагүй, эсвэл улсын төсвийн нийт зардлын 18 хувиас багагүй байхаар нэмэгдүүлэх тухай заалт нэмж оруулах асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2025 оны төсөвт тусгагдсан бүх барилга байгууламжийн ажлын төсөвт өртөг, түүний магадлал үнэн зөв хийгдсэн эсэх, мөн магадлал хийх эрх бүхий этгээдүүд шударга ажиллаж байгаа эсэхийг хараат бусаар нягтлан шалгах тухай заалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Ж.Батжаргал, Ж.Ганбаатар, Ж.Чинбүрэн нар тайлбар хийв. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.Үүний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хийлээ. Тэрбээр танилцуулгадаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөл болон холбогдох хавсралтуудад тусгасан талаар дурдаад, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг нэрлэв. Үүнд,-Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор тухайн байгууллагуудын урсгал зардлыг нийт 40.1 тэрбум төгрөгөөр,-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3.0 тэрбум төгрөгөөр-Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9.0 тэрбум төгрөгөөр,-Бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр,-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2.0 тэрбум төгрөгөөр-Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад тусгагдсан Архидан согтууралттай тэмцэх сангийн санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөгөөр-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багцад тусгагдсан Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 0.7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна. Ингэснээр төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.Эдгээр зардлын эх үүсвэрээр,-Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17.0 тэрбум төгрөг,-Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал 6.9 тэрбум төгрөг,-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг,-Цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10.0 тэрбум төгрөг,-ХСҮТ-ийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг,-Эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар нэмж тусгасан байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжжээ.Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, С.Эрдэнэбат, Ц.Сандаг-Очир, Л.Мөнхбаатар, О.Алтангэрэл нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны болон төрөөс хариуцах ёстой төсөвт байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын талаар, ирэх онд инфляцийг 7.2 хувьд барих нь бодитой эсэх, нэмэгдэх шаардлагатай 3000 гаруй төрийн албан хаагчийн орон тооноос 1200-г хассан нь судалгаа тооцоотой эсэхийг асууж Ажлын хэсэг болон Засгийн газрын гишүүдээс хариулт авав. Түүнчлэн төсвийг алдагдалгүй баталсан нь хөрөнгө оруулалтыг хумьж, эдийн засгийн хөгжлийг хязгаарласан байдалд оруулж болзошгүйг анхааруулж, хууль сахиулах байгууллагуудын орон тоо, хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээнд анхаарал хандуулсанд талархал илэрхийлсэн юм.Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав. Энэ хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулсан юм. Хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул бүхэлд нь эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.4 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81.8 хувь тус тус дэмжин батлав.Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсан тул үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувийн дэмжсэнээр баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Ж.Чинбүрэн нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээс тус тус чөлөөлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр баталж тогтоол гаргалаа.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг уншиж сонсгов. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааныг хааж хэлсэн үгэндээ, шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байлаа гээд, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хоёронтаа хэлэлцэн баталсан нь парламентын сул тал, чадамжгүйн тухай асуудал биш, харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохино гэв. Тэрбээр 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сайтар мөрдөж ажиллах, төсвийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц, чиг үүргийн уялдаа холбоонд анхаарах, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны төсвөө яаралтай батлах, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлагдах хүртэлх шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, холбогдох хууль тогтоомжийг иж бүрэн ойлгомжтой болгох нь зүйтэйг анхаарууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/13
313
УЛС ТӨР
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Монгол Улсын Их хурлын /2024.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнх-Соёл танилцуулав.Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллав. Улмаар дэд ажлын хэсэг бүрийн гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж, дэмжигдсэн саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Дээрх ажлын хэсгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүтээн байгуулалтын салбар, үйл ажиллагаа, төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батлахаар, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гаалийн татварын хөнгөлөлт эдлэх салбарт газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэх, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг Засгийн газар сонгон шалгаруулахаар зохицуулсныг хасах, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчлөх саналуудыг гаргасан. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ил тод, үр ашигтай, санхүүгийн хариуцлагыг сайжруулах зорилгоор бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, зардлын эдийн засгийн ангиллыг төсвийн ерөнхийлөн захирагч болон зориулалт, арга хэмжээний нэр төрлөөр жилийн төсвийн тухай хуулийн тооцооллын хавсралтад тусгаж байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд хуулиар хязгаарлалт тогтоох, уг зардалд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тусгах, аудитын тайлангаар баталгаажуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх зэрэг холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналуудыг гарган ирүүлсэн.“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тусгай сан тус бүрийн төсөвлөлт, зарцуулалт, зориулалтын асуудлаар гүйцэтгэлийн аудит, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах, гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийн эрэмбийг гаргаж, удаашралтай байгаа төслүүдийг шийдвэрлэх талаар санал боловсруулан 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд үүссэн өр, авлага, зээлийн асуудалд дүн шинжилгээ хийж, тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах үүргийг Засгийн газарт өгөхөөр саналыг Ажлын хэсгээс гаргасан байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг бүх Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлсэн гэв.Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж болно, тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг Засгийн газар тогтооно гэж заасан. Үүнийг үндэсний аудиттай адилтгаад олон улсын аудитын байгууллагаар хийлгэх заалтыг давхцаж байна гээд хассан байна. Төрийн өмчит компаниудын реформыг хийхэд олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар хийлгэх нь чухал ач холбогдолтой. Мөн Тиймээс энэ заалтыг нэмж оруулах нь зүйтэй гэсэн санал хэллээ.Түүний дараа 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.  Эхлээд Төсвийн байнгын хорооны дэмжсэн санал бүрийг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заасан газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайныг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлнө гэсэн найруулгын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгээс  “Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэснийг хасах гэсэн саналыг дэмжихгүй байр суурийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал илэрхийлэв.Тэрбээр, 122 төрийн өмчийн компани ажиллаж байна. Олон улсын аудит оруулж, нөхцөл байдлыг нь бодитоор үнэлүүлэх заалтыг хасаж байгааг дэмжихгүй байна. Нэн ялангуяа алдагдалтай ажиллаж буй төрийн өмчийн компаниудад олон улсын аудит оруулж, зохион байгуулалтыг өөрчлөх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн анхны төслөөр нь буюу олон улсын аудитын байгууллагаар аудит оруулж болно гэсэн заалтыг хэвээр үлдээхийг хүсэв. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, дээрх заалт хуульд байсан эсэхээс үл хамааран олон улсын болон дотоодын аудитын байгууллагаар аудит хийлгэдэг. Олон улсын аудит өндөр үнэлгээтэй, үндэсний аудитын байгууллага шиг төсвийн дотоод асуудалд аудит хийдэггүй. Тиймээс олон улсын ямар аудитын байгууллагаар аль төрийн өмчит компанийг шалгуулах гэж байгаагаа тодорхойлж, төсөвт хөрөнгөө оруулж ирэх ёстой учраас заавал хуульчлах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн, дэмжээгүй байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад буцаах ажлын хэсгийн саналууд дэмжигдлээ. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ, Л.Энхсайхан, С.Зулпхар нар хууль болон тогтоолын төслүүдэд зарчмын зөрүүтэй санал гаргаж, шийдвэрлүүлэв. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг ийнхүү хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Дээрх хуулийн төслүүдийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав.Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нь хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийг судалж, санал гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллаж, саналуудыг нэгтгэн гаргасан байна. Тухайлбал, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг эрэмбэлж, эдийн засгийн үр ашигтай дэд бүтцийн хөгжлийг дэмжих төслүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан 2025-2026 онд ашиглалтад орох барилга, байгууламжуудын ашиглалтын зардал, үйлчлүүлэгчийн тоо, үр дүнгээс хамааран хувьчлах, төсөвт үзүүлэх ачааллыг бууруулж түрээслэх, Гэр бүл хөгжлийн төв, Хүний хөгжлийн ордон, Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон, Хүүхэд хамгаалал хөгжлийн төв, Ахмадын өргөө, Ахмадын хөгжлийн төв зэрэг барилга байгууламжуудын хэрэгцээ шаардлага, давхардлыг судалж, төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах зэрэг саналуудыг гаргасан талаар Төсвийн байнгын хорооны дарга танилцууллаа.  Түүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа. Тэрбээр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж хүлээн авсан бөгөөд цаг хугацаа тулсан энэ өдрүүдэд төсвийн хэлэлцүүлгийг аль болох үр дүнтэй явуулахад бүхий л талаар анхааран ажиллаж байна. Гэвч зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлууд байсаар байгааг дурдахаас аргагүй байна гээд, 2025 оны төсвийн төсөлд нийт зардлыг анхны хувилбараас 2.3 их наяд төгрөгөөр бууруулан, тэнцлийг алдагдалгүй болгож өргөн барьсан хэдий ч төсөв хэт өндөр зардалтай, учраас түүнийг дагаад төр үрэлгэн, нүсэр бүтэцтэй хэвээр байна гэдгийг онцолж байв. Түүний дараа Төсвийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан санал нь энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаарх УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгжийн дүгнэлтийг хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцууллаа.Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал, 2025 оны төсвийн жилд нэмэгдсэн шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын шинээр нэмэгдэх 23 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,484.1 сая төгрөгөөр, Цагдаагийн ерөнхий газрын шинээр нэмэгдэх 277 орон тоог хасаж, урсгал зардлыг 7,738.1 сая төгрөгөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шинээр нэмэгдэх 224 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,901.9 сая төгрөгөөр, Дотоодын цэргийн байгууллагын шинээр нэмэгдэх 245 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,899.9 сая төгрөгөөр, Дотоод хэргийн их сургуулийн шинээр нэмэгдэх 107 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,720.5 сая төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 17 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,238.1 сая төгрөгөөр, Хөшигтийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,603.5 сая төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 185 орон тоог хасаж, урсгал зардлын ангилал дахь цалин хөлс, шимтгэлийн зардлыг 8,250.1 сая төгрөгөөр, тавилга, багаж, техник хэрэгслийн зардлыг 948.8 сая төгрөгөөр, бараа үйлчилгээний зардлыг 650.0 сая төгрөгөөр, нийт 9,848.9 сая төгрөгөөр, Сонгуулийн ерөнхий хорооны даргын шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,095.2 сая төгрөгөөр, МОНЦАМЭ агентлагийн шинээр нэмэгдэх 3 орон тоог хасаж, урсгал зардлыг 82.9 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр нэмэгдэх 25 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,142.3 сая төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны шинээр нэмэгдэх 9 орон тоог хасаж, урсгал зардлыг 309.4 сая төгрөгөөр, нийт 40,064.7 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдлээ.Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь “Цагаан алт хөтөлбөр”-ийн татаас санхүүжилтийг 3,000.0 сая төгрөгөөр, “Эрчим хүчний реформын үндэсний хороо”-ны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9,000.0 сая төгрөгөөр, бүх төсөвт байгууллагын түлш халаалтын зардлыг 11,500.0 сая төгрөгөөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2,000.0 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдэв.Түүнээс гадна Засгийн газрын Архидан согтууруулахтай тэмцэх сангийн санхүүжилтийг 6,900.0 сая төгрөгөөр, Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 698.5 сая төгрөгөөр бууруулах саналыг дэмжсэн.Ажлын хэсгээс Хавдрын эмнэлгийн барилгын лизингийн төлбөрт 20,000.0 сая төгрөг, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 8,881.7 сая төгрөг, нийт 28,881.7 сая төгрөгөөр Эрүүл мэндийн сайдын төсвийн зардлыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд зориулж 31,400.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, цэцэрлэг, 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд зориулж 10,000.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын их засварын санхүүжих дүнг 2,881.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд дэмжигдсэн.Мөн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах санал болон Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг  тус тус дэмжив. Дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцсэний дараа гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа танилцуулав.Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу  явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй гэлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  
2024/12/12
295
УЛС ТӨР
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол өнөөдөр болно
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ” өнөөдөр (2024.12.11) Төрийн ордонд 12.00 цагаас болно. Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.1.    С.Энхбаатар2.    М.Алтан-ОчирХууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 
2024/12/11
326
УЛС ТӨР
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит хуралдаан Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д боллоо.Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, "Өнгөрсөн жилүүдэд бид гамшгийн эрсдэлийн үнэлгээ, нотолгоонд суурилсан төлөвлөлтийг хийж эрсдэлийг бууруулах арга хэмжээг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын хэмжээнд хөгжлийн бодлого төлөвлөлт, стратегитэй уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг 2020-2023 оны хугацаанд хэрэгжүүлж Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр үндэсний болон орон нутаг, эрүүл мэнд, боловсролын байгууллагын барилга байгууламж, улсын чанартай авто зам, цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ, аж ахуйн нэгж байгууллага, хүн ам, өрх айл, газар тариалан, бэлчээрийн талбай зэрэг элементүүдийн үнэлгээг хийж, аюул, өртөх байдал, эмзэг байдлын нийт 1500 орчим зураглал боловсруулсан. Эдгээр хийгдсэн үнэлгээний үр дүн, зураглал болон бусад эрсдэлийн үнэлгээний үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд олон нийт, шийдвэр гаргагчдад нээлттэй хүртээмжтэй хүргэх зорилгоор гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг бий болголоо. Ингэснээр үндэсний төдийгүй аймаг орон нутаг, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах стартеги, төлөвлөлтийг эрсдэлийн мэдээлэл, нотолгоонд суурилан боловсруулж эрсдэлийг илүү бодитой бууруулах боломж нээлттэй болох юм" гэлээ.Хурлаар зөвлөлийн 2023-2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, 2024-2025 оны зудын эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг бууруулахад Ази, Номхон далайн бүсийн чиг хандлага, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийн бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл (КАДРИ)-ээс Монгол Улсад хийгдсан үнэлгээний тайлангийн үр дүн, зөвлөмжийн танилцуулгыг сонсож,  гамшгийн эрсдэлийг бууруулах  хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцооны талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргалаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн  эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг тусгуулах, төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулагдснаас хойш зургаан жилийн хугацаанд үйл ажиллагаагаа "Гамшгаас хамгаалах хууль"-ийн дагуу нийт 134.5 тэрбум төгрөгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд тусган хэрэгжүүлсэн байна.  
2024/12/10
219
УЛС ТӨР
Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг түшиглэн дата төв байгуулна
Ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийх томоохон бүтээн байгуулалтын нэг бол шинэ төв цэнгэлдэх хүрээлэн болон дата төв юм. Эдгээр төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын төлөөлөлд танилцууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30-35 мянган хүний суудалтай болгохоор төлөвлөж буй. Тодруулбал, нээгдэж хаагддаг автомат болон битүү дээвэртэй, олон улсын урлаг, спорт, наадмын арга хэмжээг жилийн аль ч улиралд зохион байгуулах боломжтой болгох юм. Уг төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг энэ сард хийж дуусах талаар хэлж байв. Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг. Өөрөөр хэлбэл жилийн 196 хоногт -15 хэмтэй байдаг дэлхийн цөөн орнуудын нэг. Тэр ч утгаараа манай оронд дата төв байгуулах нь хамгийн тохиромжтой буюу ашиглалтын зардаг багатай байх юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг түшиглэн гурван га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дата төв байгуулна” хэмээв. Манай улстай адил төстэй цаг ууртай улс оронд энэ төрлийн төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, төслийн хүрээнд дахин уулзалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ.
2024/12/10
209
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан дэвшүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын нийт ард иргэддээ Олон улсын Хүний эрхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.Энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриа дэвшүүлж, залуучуудыг эрхийнхээ төлөө оролцоогоо нэмэгдүүлэх, ирээдүйнхээ төлөө одооноос үйлдэл хийхийг уриалсан.Хүний эрх хангагдсан газар шударга ёс тогтоно. Тэгвэл нийгэмд шударга ёсыг тогтооход хууль тогтоомж нь хүн төвтэй байж, эрх зүйн орчин нь иргэндээ ээлтэй байхаас эхлэх ёстой.Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр тусгасан юм.Мөн манай улс хүний эрхийг хангахад залуусыг идэвхтэй оролцохыг уриалсан дээрх аянд нэгдэж,  үйл ажиллагаагаа “Бидний эрх, бидний ирээдүй сургагч багш”-ийн хөтөлбөрөөр эхлүүлэн их, дээд сургуулийн 100 оюутан залуусыг хүний эрхийн хамгаалагчаар бэлтгэж байна. Залуучууд маань хүний эрхийн талаар сурсан мэдлэгээ бусдад түгээх нөлөөллийн аян өрнүүлж, Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр II төслийг орон даяар хэлэлцүүлэн, иргэдийн санал бодлыг бодитоор тусгасан хөтөлбөр болгох юм.Хүний эрх, эрх чөлөөний талаар цаасан дээр тунхаг, уриа лоозон төдий биш, бодит үйл хэрэг болгох, эрхээ мэддэг, шаарддаг, хамгаалдаг  иргэдтэй  улс болоход хүний эрхийг хамгаалагч залуусын  оролцоо, хувь нэмэр, санаачилга маш чухал юм. Иймд хүн бүрийг, тэр дундаа залуусыг эрхийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө яг одооноос үйлдэл хийж, үзэл бодлоо илэрхийлж, бодлогын шийдэлд оролцоогоо нэмэгдүүлэн нийгэмд тогтвортой хөгжил, эерэг өөрчлөлт бий болгохыг уриалж байна.Монгол Улсын иргэн бүр эрхээ мэддэг, хамгаалдаг, шаарддаг, төр нь үүргээ ухамсарлаж, иргэдийнхээ эрхийг хүндэтгэн хамгаалдаг илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе                     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                   ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН2024.12.10 
2024/12/10
266
УЛС ТӨР
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа эхэлж байна
“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод зориулан НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд технологи ашиглан үйлдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг театрчилсан хэлбэрээр үзүүлэв. Өсвөр насны охин гэр бүл, сургуулийн орчинд, үе тэнгийнхэн, насанд хүрэгчдийн бодит болон цахим хүчирхийлэлд өртөж буй агуулга бүхий “Анир чимээгүйг эвдэх нь” хэмээх энэхүү үзүүлбэрийн дараа залуучууд энэ сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хоёр дахь өдрөө (2024.12.08) үргэлжилж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад Глоб интернэшнл төвийн судлаач, хуульч Л.Галбаатар “Технологи ба хүний эрх” сэдэвт хичээл заав. Тэрбээр технологи нь эерэг, сөрөг нөлөөтэйг дурдаад, эдгээрийг хүний эрхийн талаас нь тайлбарласан. Хүн цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Харин эдгээр эрхийг хэрэгжүүлэхийн тулд интернэтэд холбогдох, төхөөрөмж хүртээмжтэй байх шаардлагатай. Дэлхийн хүн амын 50 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол Монгол Улсын хувьд харьцангуй өндөр буюу нийт хүн амын 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг байна. Үргэлжлүүлэн хуульч Л.Галбаатар монголчуудын интернэтийн хэрэглээ, цахим орчин дахь хүний эрхийн асуудал, энэ талаарх эрх зүйн зохицуулалт, олон улсын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.Интернэт орчинд иргэдийн эдэлж болох олон давуу талын нэг нь төр, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх бөгөөд Улсын Их Хурал үйл ажиллагаандаа технологийг нэвтрүүлэн нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг хүлээн авах D-Petition талбарыг хөгжүүлснээр Монгол Улсын иргэд аливаа хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон нийтийн анхаарал татсан асуудлаарх санал асуулгад оролцох боломж нээгдсэн болохыг хэлээд хэд хэдэн жишээ дурдав. Мөн төрийн аливаа үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад цахим орчин нэн чухал түшиц болж байгаа гээд иргэд идэвхтэй, үр ашигтай ашиглах нь олон талын ач холбогдолтой талаар мэдээлэл өгсөн.Цахим орчин дахь халдашгүй байх эрхийн талаар танилцууллаа. Цахим орчинд нээгдэж буй боломжуудтай зэрэгцэн бий болсон эрсдэлүүд, тэдгээрийн талаарх зарим баримт, тохиолдол, бусад орны жишээ, эдгээрээс сэргийлэхийн тулд технологийн компаниудаас эхлэн хувь хүн хүртэлх үүрэг, сэрэмж, арга хэлбэрийн талаар мэдээлэл өгсөн. Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд дахь онцлог зохицуулалтуудын талаар тайлбарлав. Түүнчлэн хүний интернэттэй байх эрхийг баталгаажуулсан олон улсын баримт бичгүүдийн талаар нэгбүрчлэн дурдаж, тус бүрд нь тайлбарлав.Технологийн сөрөг нөлөөний талаарх танилцуулгадаа тэрбээр Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг жишээ болгосон. Хүний давтагдашгүй өгөгдлийн сан бүрдүүлж, янз бүрийн зорилгоор хэрэглэж байгаа нөхцөл байдал, түүнээс үүдэх сөрөг үр дагавар, бусад орны жишээг хуваалцсан. Технологийн хэрэглээ, хөгжил нь хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа олон жишээг дурдаад, энэ чиглэлээр бусад улс орон хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Л.Галбаатар хуульч “Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод танилцуулав.Сургалтад их, дээд сургуулиудын 100 гаруй оюутан оролцож байгаа бөгөөд “Технологи ба хүний эрх” хичээлийн дараа хэлэлцүүлэг өрнүүлж Л.Галбаатар хуульчаас сонирхсон асуултуудаа асууж, хариулт авсан юм.Сургалт "Хүний эрхийн сургалтыг төлөвлөх, заах арга зүй” сэдэвт хичээлээр үргэлжиллээ. Хүний эрхийн хамгаалагч болохоор суралцаж буй оюутан, залууст хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа, сургалтыг хэрхэн бие даан төлөвлөх, гүйцэтгэх талаар Энхийг цогцлоох хүрээлэнгийн захирал, энэхүү сургалтын чиглүүлэгч Б.Болорсайхан заасан юм. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар буюу НҮБ-ын тогтолцоонд хүний эрхийн асуудлыг дагнан хариуцдаг байгууллагын дэргэд хүний эрхийн боловсрол олгох сургалтын нэгж ажилладаг байна. Тус байгууллага “Өөрийн амьдарч байгаа нийгэмдээ хүний эрхийг бодит болгох нь хамтын, дундын хариуцлага” хэмээн хүний эрхийн боловсролыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл аль тив, ямар улсад амьдарч байгаагаас үл хамааран хүн бүр оршин буй орчин, нийгэмдээ хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахад хувь нэмрээ оруулах үүрэгтэйг онцлов.Монгол Улсын залуучууд хүний эрхийн мэдрэмжтэй байж, хаа байгаа газартаа, эх орондоо, гадны улс оронд ч хүний эрхийг хүндэтгэдэг, хамгаалдаг, хангадаг байхын ач холбогдлыг дурдаад, хэн нэгэн хүний эрх зөрчигдөж байгааг, хэн нэгний эрхэд халдаж байгааг таслан зогсоож, хамгаалдаг байхын чухлыг тайлбарласан. Мөн хүний эрхийн чиглэлээр ямарваа нэгэн арга хэмжээ авах, шийдвэр гаргах үйл явцад оролцож, нөөцийг хуваарилахад дуу хоолойгоо хүргэх нь хүний эрхийг хангах үйл явцад оролцож байгаа хэлбэр гэдгийг тодотгов. Энэ агуулгаараа оролцогчид хөтөлбөрийн хүрээнд суралцсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан байгаа орчныхоо, өөрийн хүрээллийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, тухайн нөхцөл байдалтай хүний эрхийн асуудлыг холбон тодорхойлж, шаардлагатай агуулга, чиглэлээр хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаагаа явуулах боломжтойг хуваалцаж, холбогдох арга зүйг хуваалцав.“Хүний эрхийн сургалтыг төлөвлөх, заах арга зүй” сэдэвт хичээлийнхээ төгсгөлд сургалтын чиглүүлэгч Б.Болорсайхан “Сургууль, хамт олон цаашилбал нийгмээ өөрчлөх, хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах бид бүгдийн хамтын ажиллагаа эхэлж байна. Монгол Улсын парламентын зүгээс бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа оюутан, залуусын оролцоог хангах, дуу хоолойг тусгахад бэлэн байгаагаа илэрхийлэн энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж байгааг дахин хэлэхэд таатай байна” гэв.Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдын ахалж буй энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, М.Ганхүлэг, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат, М.Сарнай, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллаж байгаа юм.“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын энэ өдрийн хичээлд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал оролцсон. Тэрбээр хоёр өдрийн сургалтын төсгөлд хэлсэн үгэндээ “Та бүхний сайн дурын санал, санаачилгад тулгуурлсан энэхүү хөтөлбөрийг Улсын Их Хурал дэмжин ажиллаж байна. Хоёр өдрийн сургалтаар та бүхэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, мэргэжилтэн, судлаачдаас хүний эрхийн талаарх дэлгэрэнгүй, сургалт, хичээл сонсож, суралцлаа. Цаашид та бүхний санал, санаачилгад суурилж хүний эрхийн боловсрол түгнэ. Энэхүү үйл ажиллагаатайгаа холбоотойгоор бидэнд нээлттэй хандаарай, дэмжин ажиллах болно” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидээр ахлуулсан хамт олон боловсруулж, 2003 онд Улсын Их Хурал баталж байсныг дурдав. Үүнээс 21 жилийн дараа Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг боловсруулж, энэхүү хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа “Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдоор эхэлж байгааг Х.Баасанжаргал гишүүн онцлоод “Энэ танхимд суугаа оюутан та бүхэн нэг талдаа Монгол Улсын парламентын түвшинд залуучуудыг төлөөлөх, дуу хоолойг хүргэх, шийдвэр гаргалтад оролцох өндөр хариуцлага, итгэл хүлээж байгаа" хэмээгээд хүний эрхийг хангах, хамгаалах, энэ төрлийн боловсролыг түгээх чиглэлээр нээлттэй хамтран ажиллахыг уриаллаа.Их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж буй “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс санаачлан Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн хамгаалагчдыг бэлтгэх зорилготой энэхүү сургагч багшийн хөтөлбөр нь 9, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/09
293
УЛС ТӨР
Үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох эрхийн агуулгуудыг судаллаа
Үзэл бодолтой байх нь хүний оршин байхын язгуур нөхцөл, ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй хүний салшгүй эрх юм. Монгол Улсын Үндсэн хуульд хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг баталгаатай эдлэхээр тогтоосон. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт (ИБУТЭОУП)-д хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх эрхтэй, хэний ч өөрийн сонгосон шашин, шүтлэгтэй байх, эсхүл шашин, шүтлэгтэй болох эрх чөлөөг хязгаарлахаар албадан шахах ёсгүй гэж заасан байна.Төрийн ордонд өнөөдөр (2024.12.07) эхэлсэн хүний эрхийн сургагч багш бэлтгэх “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийн сургалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа “Үзэл бодлоо илэрхийлэх эрх” сэдэвт илтгэл тавилаа. Илтгэлдээ тэрбээр Хойд Солонгосын коммунист дэглэмийг дэмжигч гэж сэжиглэгдэн, Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц урван тэрслэх үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн иргэн Кангийн кейсийг жишээлсэн юм. Иргэн Канг 13 жил хоригдох хугацаандаа үзэл бодлоо өөрчлөх шахалт дахамтанд байнга байсан бөгөөд түүнийг “үзэл санааг засан хүмүүжүүлэх систем” гэж нэрлэдэг тусгай хөтөлбөрт албадан хамруулж байжээ. НҮБ-ын Хүний эрхийн хороо Кангийн ИБУТЭОУП-ын 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй” байх эрх чөлөө зөрчигдсөн гэж үзсэн юм. Тус Пактын 19.2-т “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг.Тайвнаар хуран чуулах, жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх нь хүний үзэл бодлоо илэрхийлэх арга хэлбэр, биеэ даасан хүний эрх юм. Гэвч Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөөний болон үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой эрх чөлөөний индексүүд сүүлийн жилүүдэд улам унасаар байна хэмээн доктор Г.Нарантуяа хөтөлбөрийн оролцогчидтой харилцан ярилцахдаа онцолсон юм. Индексүүдийг сэтгүүлчийг баривчилсан, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг хориглон хязгаарласан тохиолдол, кейсүүдийн тоогоор тооцон гаргадгийг тэрбээр тодорхой тайлбарласан юм.Мөн тэрбээр хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хууль, олон улсын гэрээгээр тогтоосон шалгуурт нийцүүлж, хуулиар хязгаарлах шаардлага байдгийг ярьж, бусад хүний эрх, эрх чөлөө, нэр төр, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам (ordre public), нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах шаардлага нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль ёсны үндэслэлүүд болдгийг онцолсон юм. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөвхөн хуулиар хязгаарлах бөгөөд уг хууль тодорхой хэм хэмжээ тогтоосон, хүн зан үйл, үйлдлээ тогтоох ойлгомжтой чиглэл болж чадахуйц байх ёстойн зэрэгцээ ил тод, нээлттэй байх нь чухал юм. Мөн хуулиар тогтоох хязгаарлалтууд нь бодитой, гарцаагүй шаардлагатай байх, илэрхийлэл нь ерөнхий бус тодорхой байх зэрэг нарийвчилсан шалгуурууд тавигдана.Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, уг хөтөлбөрийн ач холбогдлыг таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс энэхүү хүний эрхийн сургагч багшийн хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм. Хөтөлбөр сургалтын дараагийн хичээлийг “Халдашгүй, чөлөөтэй байх эрх” сэдвээр ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд заалаа. Тэрбээр халдашгүй, чөлөөтэй байх эрх нь хүнд угаас заяадаг, Үндсэн хуулиар баталгаажуулдаг, хөндлөнгийн хэн боловч дур мэдэн халдаж болохгүй жам ёсны эрх болохыг тодорхойлж, түүний агуулга, хамгаалалт болон хязгаарлалтын талаар нэг бүрчлэн задалж тайлбарлав.Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх нь бие махбодийн халдашгүй байх, чөлөөтэй, аюулгүй байх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, нэр төр, алдар хүнд халдашгүй байх, хувийн болон орон байрны, өмчийн халдашгүй байдал, захидал харилцааны нууц зэрэг өргөн хүрээтэй агуулга багтаадгийг доктор Б.Энхболд илтгэлдээ тодорхой задлан шинжилж, эдгээр агуулга бүрийг жишээ баримт, статистик үзүүлэлтээр баяжуулан ярив. Тухайлбал, манай улсад хүн амь хохироох гэмт хэрэг жилд дунджаар 209 бүртгэгддэг бол хүний эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан гэмт хэрэг 7087 бүртгэгддэг байна. Нийт гэмт хэргийн 52 орчим хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлдэг бөгөөд ихэнх тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчдөг энэ гэмт хэрэг 2012 онд нийт гэмт хэргийн 40.8 хувь, 2017 онд 56.3 хувь, 2023 онд 60.9 хувь болж өссөөр байна.Хүний эрхийн сургагч багшийн сургалтын дараагийн хичээлийг “Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн Үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг хийлээ. Их, дээд боловсрол эзэмшиж байгаа залуусын сурч, боловсрох эрхийн тухай агуулгыг хөндсөн илтгэлдээ тэрбээр боловсролын хүртээмжтэй холбоотой суурь асуудлаас эхлэн дээд боловсролын тогтолцоонд өнөө хэр байсаар байдаг хүйсийн болон бусад талаарх ялгаварлан гадуурхалт, үнэ төлбөр, эрэлт хэрэгцээ, үндэстний онцлог, зан заншилд нийцүүлэх зэрэг өргөн хүрээтэй агуулгыг багцлан танилцуулж, дэлхий дахинд сүүлийн жилүүдэд гарч буй эрсдэлт нөхцөл байдлуудад дүн шинжилгээ хийсэн юм. Ковид19 цар тахал, дижиталчлал буюу цахим хамаарал, эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн анги давхаргын зөрүү буюу хэт хөрөнгөжилт, ядуурлын зааг улам холдож байгаа явдал, шилжилт хөдөлгөөн болон дүрвэлт зэрэг олон хүчин зүйл сурч боловсрох хүний төрөлхтний нийтлэг эрхийг улам хөндөж буй юм.НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын судалгаагаар манай улсад дунд боловсролын дараах боловсрол буюу их, дээд сургуульд хамрагдалтын түвшин хөрөнгө чинээний ялгаатай байдалтай ихээхэн хамааралтай  байгааг харуулсан байна. Оюутнуудаас авсан судалгаагаар тэдэнд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг санхүүгийн бэрхшээл тэргүүлж, сурах бичгийн үнэ удаалсан байна. Энэ бүхэн дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалтуудыг хэрэгжүүлж, суралцагчдыг дэмжих дэвшилтэт аргачлалуудыг нэвтрүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.Дүгнэлт ярилцлагын үед “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрт оролцогчид өнөөдрийн сургалт ихээхэн өгөөжтэй болсонд талархал илэрхийлж, хүний эрхийн талаар манай улсад хүндрэл бэрхшээлтэй тулгамдсан асуудал олон байгааг болон тэр бүхнийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдэж авсандаа баяртай байна гэсэн юм. Хөтөлбөрийн дараа энэ чиглэлээр үе тэнгийнхэн, сургууль, хамт олондоо зохих ёсоор нөлөөлж, нийгэмд эерэг хандлага бий болгохын төлөө идэвхтэй ажиллана гэдгээ хэлж байв.Өнөөдрийн сургалтын төгсгөлд “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг оролцогчдод тараан өгч, уг төсөлд тусгуулах санал боловсруулах даалгавар өглөө гэж Улсын Их Хурлын Xэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/07
281
УЛС ТӨР
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуралдааны эхэнд өнөөдөр тохиож буй Монголын Ардчилсан намын ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 01 болгож хойшлуулахаар тусгаад байгаа юм. Хуулийг төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар ажилласныг дурдаж, Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед тус ажлын хэсгээс нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор болгон өөрчлөх, мөн уг хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Ж.Алдаржавхлан, С.Амарсайхан, Б.Батбаатар, Ж.Баярмаа, А.Ундраа, Ө.Шижир, Б.Жаргалан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Засгийн газарт намууд хамтран ажиллаж байгаа боловч төрийн албаны дунд, доод шатанд АН болон ХҮН намын төлөөллийг томилох ажил удаашралтай явагдаж байгаад анхаарал хандуулж, хамтын ажиллагааг иж бүрэн болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир нар улс төрий намын төлөвшлийг удаашруулах үр дагавартай гэж үзэн хуулийн төслийг дэмжихгүй байх бүлгийнхээ байр суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Б.Жаргалан нар улс төрийн шалтгаан, учир холбогдолтойгоор хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гэж байгааг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, ажлын хэсэг болон Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачилга гарган хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хугацааг нэг жил болгон богиносгох санал гаргасныг дэмжиж байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан хууль хэрэгжиж эхэлснээс хойших жил хагасын хугацаанд дүрмээ шинэчилж, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, төлөвшлийн ажлыг эхлүүлж чадаагүй намууд ирэх нэг жилийн хугацаанд энэ ажлаа амжуулж хийхийг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан энэ асуудал улс орны амьдралд ихээхэн чухал тул аль болон улс төржихгүйгээр шийдвэрлэж, намуудад цаг хугацаанд шахагдахгүйгээр дүрэм журам, дотоод байгууллаа шинэчлэх ажлыг чанартай хийх боломж олгох нь зүйтэй гэсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улстөрийн намын тухай хуулийг бүхэлд нь дахин эргэж харж, парламентад суудалгүй жижиг намуудын саналыг тусгаж шинэчлэн батлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа хууль хэрэгжээд жил гаруй болж байхад дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүйнхээ төлөө хуульд өөрчлөлт оруулж байгаа нь зохисгүй явдал гэж үзэж буйгаа илэрхийлээд, хуулийн төслийг санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаах саналтай байгаагаа хэлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан улс төрийн намуудыг бодлогын нам болгон төлөвшүүлэх үүднээс дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх, бүртгэх асуудал ихээхэн чухал учир энэ талаарх боломж бүх намуудад тэгш байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ажлын хэсэг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хууийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.Үүний дараа нь “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очирыг Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байна. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Улсын Их Хурлын тогтоол батлагдсан тул эцсийн найруулгыг сонгов.Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн 11, Улсын Их Хурлын тогтоолын дөрвөн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хууль, тогтоолын төслүүдийн талаарх  хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, төсвийн урсгал зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг, Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулжээ.Эдгээр хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх, урсгал зардлыг бууруулах боломж бүрдэнэ гэж Сангийн сайд танилцуулгадаа тэмдэглэв.Дээрх хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулсан юм. Байнгын хороо төслүүдийг өнөө өглөөний хуралдаанаар хэлэлцэж, эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, төсөв хооронд үе шаттай оновчтой зохицуулалт хийн, импортыг орлох, экспортыг дэмжсэн татварын бодлогыг хэрэгжүүлэх, төсвийг алдагдалгүй байлгах зарчимд нийцүүлэн хэрэгжиж эхлээгүй байгаа зарим төсөл арга хэмжээг зогсоох, мөн Засгийн газрын дотоодын үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эргэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээлд үнэт цаасны арилжааг эхлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих, Ургамал хамгааллын тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулах, урсгал зардлыг бууруулж байгаатай холбогдуулан төсөвт хэмнэлт хийх арга хэмжээ авах зэрэг зорилгын хүрээнд боловсруулсан байх тул үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг үг хэлж, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулий төслийг хэлэлцэхээс татгалзахыг уриалсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээний талаар асуулт асууж, хариулт авсан юм. Сангийн сайд Б.Жавхлан түүний асуултад хариулахдаа хуулиуд амьдралаар шалгагдаж, болох, болохгүй нь ялгарч байдгийг онцлоод Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь өмнө хэрэгжиж байсан Концессын тухай хуулиар хувийн хэвшлийнхнийг ихээхэн хашраасан нь нөлөөлж байна гэсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлж, өмнө алдаа гарсан байж болох ч түүний сөрөг үр дагаварыг одоо хэр нь төр засаг, хувийн хэвшилтэйгээ үүрээд байж болохгүй. Алдааг засах ёстой. Үүний тулд холбогдох саналыг боловсруулан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэн, засаж залруулаад явах нь зүйтэй гэв.Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Иймд эдгээр гурван хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдвэрлэж, тогтоол гаргав.Харин хэлэлцэхийг дэмжсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/06
298
УЛС ТӨР
2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оны  улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар боллооМонгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай байхаар төсөлд тусгасан. Төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бол урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0,8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0,7 их наяд төгрөг нийт 2,3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна. Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулна.  Үүнд хойшлуулж болох зардлууд буюу тавилга, багаж, техник хэрэгсэл, томилолт, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал зэрэг багтаж байна. Мөн хэрэгжиж эхлээгүй болон зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоох, хойшлуулахаар тусгасан. Хөрөнгө оруулалтын хувьд шилжих төслүүдийг хөндөөгүй бол 2024 оны 12 сарын 02-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтийг хойшлуулах, бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлж үе шаттай хэрэгжүүлэх, зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг бууруулж, хойшлуулах, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувь бууруулахаар тусгажээ. Харин Хавдрын эмнэлгийн их засвар болон “Хавдрын эмнэлэг 2” барилгын дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр төсвийн төсөлд нэмж тусгасан байна.Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Үүнд гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны НӨАТ 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50.3 тэрбум, бусад орлого 12.0 тэрбум төгрөгөөр тус тус багтаж байна. Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах асуудлыг судалж байнаНийслэл Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.Нийслэл Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 27 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ хурдаараа 2030 он гэхэд 2,5 саяыг давах төлөвтэй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл ерхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 10 хувийг замын хеделгеенд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцууд, унсэн сан, замын тоос шороо, ил задгай хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн жилүүдэд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч зорьсон үр дүнд хүрч чадаагүй байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын CO2 хүлэмжийн хий ялгаруулалтын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс 30,7 хувь өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Тиймээс нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг тархмал эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу цэвэр эрчим хүчээр солих замаар хүлэмжийн хийг бууруулах олон улсад туршигдсан, дэвшилтэт технологи бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь богино хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нэг арга зам хэмээн судалж байна. Дэлхийн ихэнх хотууд шингэрүүлсэн нефтийн хий /LPG/-г дулааны эрчим хүчний эх үүсвэрээр сонгож цэвэр, аюулгүй, хүртээмжтэй, хор нөлөөгүй, илүү үр ашигтай болохыг нотолсон. Улаанбаатар хотын гэр хороололд уг төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх боломжтой.Танилцуулгатай холбогдуулж Засгийн газрын хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод бие даасан тархмал эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс өөр дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний эх үүсвэрээр хангах асуудлыг судалж, танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.
2024/12/04
241
УЛС ТӨР
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан  /2024.12.03/ НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа.УИХ-ын гишүүн Ж.Баясгалан НҮБ-аас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.Тэрбээр, Хүн амын сан нь Монгол Улсын Засгийн газартай улс орныг дэмжих хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, сэргийлж болох эхийн эндэгдэл, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ болон жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, сэргийлэх гэсэн гурван том стратеги зорилтын хүрээнд хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гол түншлэгч байгууллагуудын нэг гэдгийг тодотгосон.УИХ-ын гишүүн Ж.Баясгалан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, ноён Халид Шарифитай уулзаж байгаагийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, тэдний нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, хэрэгцээг үнэлэх, тэдгээрийн онцлогт тохирсон үйлчилгээг илүү боловсронгуй болгох чиглэлээр 2025 онд холбогдох яамтай хамтран төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг хүсэж байгаагаа уламжилсан.НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи, тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах, бодлого тодорхойлох ажилд хүчин зүтгэж, тэдний дуу хоолой болон УИХ-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэлээ.Тэрбээр, тусгай хэрэгцээт иргэдэд тулгарч буй асуудалтай холбоотой тойм судалгааны тайланг хүлээн аваад байгаагаа дуулгаад, насны бүлэг, хүйс, учирч буй бэрхшээл тус бүрээр гаргасан дэлгэрэнгүй судалгааны дүгнэлт удахгүй гарна хэмээсэн. Мөн судалгааны дүн гарч, асуудлыг тодорхой болгосны дараа түүнийг шийдвэрлэх асуудлаар бодлого зөвлөмж, сайн туршлагаа хуваалцан, хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй тусгай хэрэгцээт хүүхдүүдэд сургалт явуулдаг хоёр сургуулийн үйл ажиллагаатай танилцан, эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр, сургалтын чанарыг сайжруулахын тулд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/04
290
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр /2024.12.03/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нартай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн оролцоо хангагдаж, өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэж байна. Үүний нэг жишээ нь нийгмийн янз бүрийн ялгаатай бүлгийн төлөөллийг хангах зорилго бүхий улс төрийн намуудын тодорхой бодлогын үр дүнд, жагсаалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д сонгогдон ажиллаж байна.Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, сайжруулахын тулд хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай байгааг дурдаад, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах тэгш хүртээмжийг бий болгох хууль, эрх зүйн өөрчлөлтийн талаар хөндлөө.   УИХ-ын гишүүн О.Саранчулуун аймаг, дүүргүүд дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийг бусад төвүүдтэй нэгтгэж, цогц хэлбэрээр ажиллуулбал үр дүн гарч, төсөв санхүү, эдийн засгийн хувьд илүү боломжтой болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүний эрхийг хангасан, “хүн төвтэй” хуулийн үзэл баримтлалыг бий болгох “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд гар бие оролцох, идэвхтэй хамтран ажиллахын чухлыг онцоллоо. Тэрбээр, УИХ-ын гишүүд, тэр дундаа  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит нөхцөл байдлыг мэддэг гишүүдийн зүгээс төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай түлхүү хамтран ажиллаж, тэдний оролцоотойгоор хуулийн төсөлд санал боловсруулж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй хэмээв. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцдог орчныг бүрдүүлэх, хүний эрхийг хангах нь УИХ-ын ирэх дөрвөн жилийн гол зорилтуудын нэг бөгөөд гишүүдийн санаачилгыг бодит үйл хэрэг болгоход онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.Мөн 126 гишүүнтэй шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл ажиллаж эхэлснээр асуудлыг олон талаас хэлэлцэж, хууль, эрх зүйн орчны шинэчлэл бүрд салбарын дуу хоолой шингэж чадаж буйг УИХ-ын дарга тодотголоо.Уулзалтын төгсгөлд, гишүүдийн санаачилгын дагуу УИХ-ын чуулганы тойм мэдээллийг долоо хоногт нэг удаа дохионы хэлмэрчтэйгээр нэвтрүүлэх, Төрийн ордныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү ээлтэй болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/03
266
УЛС ТӨР
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгож, “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан. Харин Улсын Их Хурал Улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд Засгийн газраас төсвийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх тусгайлсан зохицуулалт байхгүй тул уг харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар жилийн төсвийн төслийг Засгийн газар дахин боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм гэв.  Түүний дараа Төсвийн байнгын хорооны  санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан юм. Хуулийн төсөлд Засгийн газраас жилийн төсвийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэхдээ төсвийн төслийн танилцуулга, тооцоолол, судалгааг Төсвийн тухай хуулийн дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсөвт үндэслэн боловсруулж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байх бөгөөд төсвийн нийт зарлага, алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, Улсын Их Хурал өргөн мэдүүлсэн жилийн төсвийн төслийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батлах өөрчлөлтийг тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн аймаг, нийслэл, сум, дүүрэг тухайн шатны төсвийн төслийг батлах цаглаврын талаар болон төсвийг буцаасан тохиолдолд Засгийн газар дахин өргөн мэдүүлж, батлах үндэслэлийг хуулийг хүчингүй болгохоос бусад бүх нөхцөлийг тусгах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар жилийн төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд Улсын Их Хурал төсвийг дахин хэлэлцэх дэгийн зохицуулалтыг бий болгох, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд төсвийн төслийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг батлах цаглаврыг нарийвчлан тооцох, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Заяабал нар жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах зохицуулалтыг боловсронгуй болгох талаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах нь зүйтэй талаар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын Н.Наранбаатар, Ж.Батжаргал нарын гишүүд улсын төсөв батлах хугацаа хойшлогдоод аймаг, орон нутагт төсөв батлах явц хүлээгдсэн байдалтай байна. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсвөө хугацаандаа багтаж батлахгүй болвол гарах үр дагаврын талаар асуув.Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг 12 дугаар сарын 12-ны дотор баталж, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 12 дугаар сарын 20-ны дотор батлах шаардлагатай гэсэн шахуу төлөвлөгөөтэй байна гэсэн хариулт өгсөн. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах болсон шалтгааныг тодруулахыг хүсэв.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгч 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Төсвийг алдагдалгүй батлах шаардлага гарсан учраас таналт хийх нь мэргэжлийн яамны хариуцах ажил юм. Тиймээс УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, 2025 оны Төсвийн тухай хуулийг хүчингүй болгож, дахин өргөн барих тогтоолыг баталсан. Төсвийн тухай хуулийг дахин өргөн барихаасаа өмнө улс төрийн намуудад зарчмаа танилцуулж, нэгдсэн байр суурьт хүрч, хариуцлагатай хандахыг хүсье гэв.  УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ирэх оны төсөвт шинээр баригдах Хавдар судлалын эмнэлгийн дэд бүтэц болон холбогдох бэлтгэх ажлыг хангах хөрөнгө тусгахыг хүссэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг чанартай, хариуцлагатай хийх шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.Эцэст нь санал хураалт явуулахад Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89,5 хувь нь дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/03
267