mmnews.mn | 2025-06-07

УЛС ТӨР

УЛС ТӨР
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэв.Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан.Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон ба үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан.Иймд Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/02
295
УЛС ТӨР
Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы  /2024.11.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцох асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцуулсан.Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д нэмэлт оруулах тухай" 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсныг дурдлаа.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан дээрх хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт заасныг баримтлан Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолыг хүчингүй болсонд тооцохыг дэмжсэн гэж байлаа.Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн  гэлээ.Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Б.Баярбаатар, Ц.Даваасүрэн, О.Номинчимэг, Б.Жавхлан, Д.Ганбат, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газар, Сангийн яам төсвийн алдагдалгүй хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай гээд хуулийн төслүүдийг хэдий хугацаанд хэлэлцэн батлах талаар тодорхой зохицуулах нь зүйтэй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа аймаг, нийслэл, орон нутаг төсвөө ирэх оноос өмнө хэлэлцэн батлахад хугацаа тулсан байгааг бодолцож, Засгийн газар төсвийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, хэлэлцэхэд Засгийн газар, Улсын Их Хурал, Байнгын хороод дор бүрнээ алдаа гаргахгүй байхад онцгой анхаарч, ажиллах шаардлагатай хэмээсэн.Харин Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газраас төсвийн төслийг шинээр өргөн мэдүүлсэн нөхцөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ талаар зохицуулалт байхгүй. Уг хуульд Засгийн газраас төсвийн тухай хууль эсвэл төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхтэй холбоотой зохицуулалт бий. Төсвийн төсөл маш нарийн дэгтэй тул 12 дугаар сарын 10-ны өдөр гээд яаралтай хугацаа заавал төсвийн төслийг бэлтгэж амжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.Сангийн сайдын хэлсэн саналтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариу тайлбар хийв. Тэрбээр, Бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг л баримтлах ёстой. Хуулийн  90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, хоёрдугаарт шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно гэсэн  хоёр зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс өөр дэг зохиовол асуудал үүсгэнэ гэсэн хариулт өгсөн юм. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуулийн төслүүдийн санал хураалтыг гар өргөн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх Байнгын хороодын саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад,  хуралдаанд оролцсон 70 гишүүний 68 нь дэмжлээ.Иймд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж мөн уг хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.” гэснийг уншиж, танилцуулав.Ингээд дээр дурдсан 6 хууль, 1 тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн найруулгыг сонслоо.“Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлавХуралдаан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.Энэ талаарх Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Тэрбээр, Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан холбогдох хууль, тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн гэв.Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг боловсруулсныг дурдлаа.Түүнчлэн тогтоолын төслийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг онцлов.Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Амарсайхан, М.Бадамсүрэн, Ж.Баярмаа, Ж.Батжаргал, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авсны дараа “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Уг тогтоолд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байв.Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслооХуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.Цаг уурын байгууллагын мэдээллээр төв, зүүн аймгуудын ихэнх нутагт агаарын температур өмнөх жилүүдээс хүйтэн, цас их орж, 2024-2025 оны өвөл, хавар хүндэрч болзошгүй төлөвтэй байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцлоод Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлд тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.Тэрбээр, 2024 онд улсын хэмжээнд 15.4 сая толгой төл хүлээн авч бойжуулж, энэ өвөл нийт 189.2 мянган малчин өрхөд 60.2 сая мал өвөлжихөөс, 17.7 мянган малчин өрхийн 7.3 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохицуулалт хийж байна гээд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар баталсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу боловсруулсан аргачлалын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “их” буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “дунд” түвшинд үнэлэгдсэн гэв.Түүнчлэн газар тариалангийн салбарт 2024 онд улсын хэмжээнд 94.9 мянган га-д малын тэжээл тариалж, 246.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авсан. Үр тарианаас 50.0 мянган тонн улаанбуудай тэжээлийн будаа руу шилжиж 2024-2025 оны өвөл, хавар мал аж ахуйн салбарт 289.8 мянган тонн тэжээл нийлүүлэгдэж байна. Мөн тэжээлийн импорт хэвийн буюу 2024 он гарсаар 71.2 мянган тонн орж ирснээс 06 дугаар сарын 01-нээс хойш 35.9 мянган тонн орж ирсэн нь өвөлжилтийн бэлтгэлд хэрэглэгдэж байна гэж мэдээлэлдээ дурдсан.Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86.7 хувьтай хангагдаад байна. Гэвч энэ нь эрсдэлгүй бөгөөд хангалттай гэсэн баталгаа биш. Учир нь цас, зудны нөхцөл хэрхэн хүндэрч, хэд хоног үргэлжлэхээс нөхцөл байдал ихээхэн хамаарна гэдгийг Монгол Улсын Шадар сайд мэдээлэлдээ онцлов.  Түүнчлэн уг мэдээлэлд, Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 65 зуух, 45 турбогенератор ажиллаж, системийн горим, ажиллагаа хэвийн байгааг дурдахын зэрэгцээ Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголоор нийт 131 тэрбум төгрөгийн татаасыг шийдвэрлүүлсэн бөгөөд санхүүгийн дэмжлэгийг өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийг бүрэн хангах, нүүрс, түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх, импортын эрчим хүч худалдан авах, тарифын алдагдлыг бууруулах, бэлтгэн нийлүүлэгчид төлөх төлбөр, татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулах, компанийн санхүү, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн үйл ажиллагаанд зориулалтын дагуу зарцуулахаар шийдвэрлэсэн хэмээн дурджээ.Өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлтэй холбоотой бэлтгэн нийлүүлэгчид үүссэн өр, төлбөрийг барагдуулахад 58.3 тэрбум төгрөг, нүүрсний аюулгүй нөөц бүрдүүлэх, эрчим хүчний компаниудаас нүүрсний уурхайд төлөх хугацаа хэтэрсэн өр төлбөр болон нүүрс олборлолтын бодит өртгөөс бага тогтоосон үнийн зөрүүгээс 9, 10 дугаар сард үүсэх алдагдлыг арилгахад нийт 32.0 тэрбум төгрөг, импортын эрчим хүчний тарифын зөрүүгээс үүсэх алдагдал, өр төлбөрийг барагдуулахад 16.5 тэрбум төгрөг, зарим компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өглөгийг барагдуулахад 3.9 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 2025 оноос төсвөөс татаасгүй ажиллах зорилтыг хангах бэлтгэл ажлын хүрээнд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иудын богино хугацаат өр, төлбөрийг арилгаж, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхтэй холбоотойгоор 4.5 тэрбум төгрөг, компани бүрийн үйл ажиллагааны онцлогоос хамаараад бусад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд 14.0 тэрбум төгрөг тус тус хуваарилан шийдвэрлэлээ. Дээрх тушаал, шийдвэрийн дагуу өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг болгон 2024 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар нийт 27 төрийн өмчит үйлдвэр, компаниудад 125.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлээд байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцолж байлаа.Өвлийн их ачааллын горим ажиллагааны үед дулааны цахилгаан станцууд ямар нэгэн бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолын болзошгүй бөгөөд гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед тухайн нэгж тоноглолын хүчин чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах төлөвтэй байгааг мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн хэмжээнд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 94 хувийн гүйцэтгэлтэй байна хэмээсэн.Түүнчлэн тэрбээр “Тавантолгой түлш” ХХК нь 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 93.0 мянган тонн шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, өнөөдрийн байдлаар нийслэлийн 7 дүүргийн 38 агуулахад болон үйлдвэрийн нөөцийн талбайд 82,408 тонн шахмал түлшний нөөцтэй, үндсэн түүхий эд болох миддлинг 198.2 мянган тонн, барьцалдуулагч 9.4 мянган тонн, шуудай 20.0 сая ширхэг нөөцтэй үйлдвэрлэл хэвийн явагдаж байна гээд салбарын хэмжээнд хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээнд 2024 онд нийт 62 ажил төлөвлөснөөс бүрэн дууссан 57 ажил, хэрэгжих шатанд 5 ажил, дунджаар 97.5 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн мэдээлэл танилцуулсан.Мөн хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/02 дугаартай “Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хүрээнд 44821 ажилд 42.3 тэрбум төгрөгийг зарцуулаад буйг мэдээлэлд дурдахын зэрэгцээ салбарын өвөлжилтийн бэлтгэл 93 хувийн биелэлттэй байна гэсэн мэдээлэл өгсөн.Орон нутгийн орон сууц, нийтийн аж ахуйн 34 байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажилд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 19.6 тэрбум төгрөг зарцуулан төлөвлөгөөний биелэлт 90 хувьтай байна. Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн 66 байгууллага байгаагаас 4 орон нутгийн өмчит, хувийн орон сууцны ашиглалтын 62 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 22.7 тэрбум төгрөг зарцуулан 43638 нэр төрлийн ажилд биелэлт хангагдан Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 96 хувийн гүйцэтгэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэлдээ дурдлаа.Дараа нь мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийг төлөөлж, АН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Уг дүгнэлтэд, энэ мэдээлэл тайлан нь бүхэлдээ аймаг, сумын засаг даргын хэмжээний ажил, статистикийн байгууллагын тоон үзүүлэлт, салбарын яамны хэлтэс газрын мэргэжилтний улирлын тайлан төдий, нэг удаагийн гал намдаах агуулгатай байгаа нь тун хангалтгүй байна гэж Ардчилсан намын бүлгээс үзэж байна гэсэн байв. Мөн Засгийн газраас жил бүр давтагддаг “асуудал”-ын эх үүсвэр, шалтгааныг арилгахад анхаарах бус “өвлийг л давчихвал...” гэх хандлагаар аргацаасан байдлаар хандаж ирсэн нь хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг ийм эрсдэлийн хэмжээнд хүргээд байгааг О.Цогтгэрэл гишүүн дүгнэлтдээ онцолж байлаа.Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, уг мэдээллээс харахад, хөдөө аж ахуйн салбар 86.7, эрчим хүчний салбар 94, орон сууц нийтийн аж ахуйн байгууллагууд 93 хувийн гүйцэтгэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэлийг хангасан нь улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл  дунджаар 91.2  хувийн гүйцэтгэлтэй байна гэж дүгнэхээр  байгаа ч тоон үзүүлэлт нь эргэлзээ төрүүлж байна гэв. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахдаа холбогдох мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг тусгасан талаар дурдаагүй, шинжлэх ухааны үндэслэлтэй бус, бодлогын шийдэл болохуйц биш дутмаг төлөвлөгөө болжээ хэмээн дүгнэснийг А.Ундраа гишүүн хэлэв.Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын М.Нарантуяа-Нара үг хэлсэн. Тэрбээр, өвөлжилт хаваржилтийн бэлтгэл, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын талаар төрөөс баримтлах бодлогод Иргэний зориг ногоон намаас санал дэвшүүлж буйг онцлов. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын асуудлыг зуншлага, бэлчээрийн даац, хадлан тэжээлийн талаар мэдээлж ярихаас илүүтэй нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэхэд бодлого боловсруулж ажиллах, эрчим хүчний салбарын шинэчлэлийг яаралтай хийж, ногоон эрчим хүч рүү шилжих, эл салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгох талаар санал хэлж байлаа.  Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, П.Батчимэг, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, Г.Ганбаатар, О.Цогтгэрэл, Ж.Золжаргал, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, хариулт авсан.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариулт үргэлжлэв.Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нар цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авлаа.Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд улсын төсвөөс хөдөө аж ахуйн салбарт олгож буй татаас, дэмжлэг малчдыг зудын эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр болж буй эсэх, нөөцийн мах бэлтгэл, үнийг тогтвортой байлгах талаар, дулааны цахилгааны станцуудын нүүрсний нөөц хэр бүрдүүлсэн зэрэг иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилсан.“Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Азжаргал хариултдаа, Өнгөрсөн хугацаанд  нийтдээ 68500 орчим малчид  уг хоршооны гишүүнээр элсэж, 17000 малчин  558 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан гэдгийг дурдаад “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлд хамрагдсан 17000 малчин өвлийн болзошгүй эрсдэлийн бэлтгэлээ хангасан гэсэн дүгнэлт гарсан хэмээв.Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн салбарт малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тодорхой арга хэмжээ авч байгаа. Улсын хэмжээнд 16 орчим сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарсны 10 орчим сая нь дотоодын хэрэгцээнд,  6 сая нь экспортод гаргахаар төлөвлөсөн. Мах экспортлох орны тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Мөн  21 аймгийн түвшинд Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өвлийн идэш арга хэмжээг явуулахаар төлөвлөж байна гэж хариулт өгсөн юм.   Мөн тэрбээр хөдөө аж ахуйн салбарт “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийн хүрээнд арилжааны банкны эх үүсвэрийг ашиглаж аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудалд Засгийн газрын зүгээс хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас дээр дэмжлэг үзүүлдэг. Энэ салбарт ямар нэгэн  халамжийн бодлого байхгүй. Харин малчид руу чиглэсэн сүү, ноос, арьс ширний урамшууллыг үргэлжлүүлнэ гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.Харин ажлын хэсгээс, нийслэлийн хүн амын 2024-2025 оны өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд 5500-6000 мянган тонн мах бэлтгэх тооцоо гаргасан. Нийслэлийн 2025 оны төсөвт 7.9 тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг суулгах ажлыг зохион байгуулж байна хэмээн хариулж байлаа.Түүнчлэн Эрчим хүчний яамны Хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох, Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд 15-22 хоногийн нүүрсний нөөцтэй буюу өвлийн горимдоо орон ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна гэлээ.Дараа нь Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр өнгөрсөн жил болсон байгалийн гамшгаас салбарын яам ямар сургамж авч түүнийгээ өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөндөө тусгасан эсэх талаар, малын индексжүүлсэн даатгалд салбарын яамны баримтлах бодлогыг тодруулахын зэрэгцээ зудын гамшиг нүүрэлбэл иргэдийн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр тодорхой арга хэмжээ авах эсэх талаар тодруулсан иргэдийн асуултыг уламжилсан. Мөн тэрбээр, малын индексжүүлсэн даатгалын асуудалд салбарын яам дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх шаардлагатай гэв.    Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн хэсэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явдал тулгамдсан асуудал болдог. Өнгөрсөн жил улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн хөдөлгөөнт багуудыг зам даваа хаагдсан бүс нутаг, айл өрхүүд рүү хүргэж ажилласан. Үүний хажуугаар сумын Эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлээр сурч байгаа резидент эмч нарыг дайчлан ажиллуулах зэргээр цасанд боогдсон, зудад нэрвэгдсэн, айл өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн гэв. Мөн цаашдаа цасанд боогдож, зудад нэрвэгдсэн бүс нутагт нөхцөл байдлыг нь үнэлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролын салбарт шаардлагатай зохицуулалт хийх асуудалд зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/11/30
264
УЛС ТӨР
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг 'Найрамдал' медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх томилолтын хугацаа нь дуусаж буцах болсонтой нь холбогдуулан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.Суурин зохицуулагчаар ажиллах хугацаандаа Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж байгаагаа тэмдэглэлээ.Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, орлогч Амина Мохаммедын Монгол Улсад хийсэн айлчлал, Улаанбаатар хотноо Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын  уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэг томоохон арга хэмжээг хамтран зохион байгуулсныг онцоллоо.Суурин зохицуулагчаар ажилласан таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монголын төр, засаг болон ард түмэнд Тапан Мишра талархал илэрхийллээ.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт зэрэгт биечлэн оролцохын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо бататган, дэлхийн бүх 192 оронтой дипломат харилцаа тогтоож, улс орнуудад манлайлал үзүүлж байгааг тэмдэглэлээ.Тапан Мишра цаашид Монгол Улсын тогтвортой хөгжил, хөдөө орон нутаг, бүс нутгийн хөгжлийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлэв.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, байгаль орчны олон талт зорилтыг хэрэгжүүлж, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд хамтран ажилласныг нь үнэлэн Тапан Мишраг  “Найрамдал” медалиар шагналаа.
2024/11/30
233
УЛС ТӨР
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд тус хуулиудыг хүчингүй болгохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн.Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан.  2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
2024/11/30
256
УЛС ТӨР
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.                       2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд  анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
2024/11/29
245
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,Эрхэмсэг хатагтай, ноёд оо,Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн  форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.Эрхэм зочид, төлөөлөгчид өө,Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад  ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.Эрхэм зочид, төлөөлөгчид өө,Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
2024/11/29
289
УЛС ТӨР
'Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал' сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.11.27/  Төрийн ордонд зохион байгуулав.Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Т.Аубакир, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара болон Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн газар, Монополын эсрэг газар зэрэг төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд,  газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 60 орчим хүн оролцлоо.Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Хүнсний тухай хуульд монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг стратегийн хүнс гэж заасныг дурдаад энэ агуулгаар хүн амын хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газраас газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, тогтоолыг баталж, бодлогоор дэмжиж ажилласаар ирснийг онцлон тэмдэглэв.Мөн дээрх хөтөлбөр нь газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэж байгаа боловч агуулга нь хөнгөлөлттэй зээл, урамшуулал зэрэгт буюу нийт өртгийн сүлжээний зөвхөн санхүүжилт хэсэгт анхаарч ирсэн нь асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, салбарыг цаашид бие даан хөгжихөд хангалтгүй байна гэлээ.  Ажлын хэсгээс газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл, тариалан эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг үр тарианы чанар, буудайн сорт, тариалан эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, дотоодын өртгийн сүлжээний нөхцөл байдал, хууль эрх зүй, санхүү, татварын орчин зэрэг асуудлыг цогцоор нь хэлэлцэж, ярилцахаар болсныг Ажлын хэсгийн ахлагч хэлэв.  Хэлэлцүүлэг Хүнсний  аюулгүй  байдлын  үндэсний  лавлагаа  лабораторийн Хорио цээрийн лабораторийн эрхлэгч Д.Энхтуяагийн “Улаанбуудайн гурилын чанар аюулгүй байдлын шинжилгээ, стандарт арга, аргачлал” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.Тэрбээр илтгэлдээ, тус лабораторийн хувьд гурилын шинжилгээнд нийтдээ 52 зүйлийн гадаад, дотоод хорио цээртэй хортон шавжийг илрүүлж, түүнийгээ тодорхойлох шинжилгээ хийдэг. Хор судлалын лаборатори 227 аюулгүйн үзүүлэлт тодорхойлж байгаа бол микробиологийн лаборатори итгэмжлэлийн хүрээнд 12 аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлдог гэж байлаа. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүд чанарын шаардлага сайн хангадаг гээд шинжилгээнд хамрагдсан гурилуудаас нэгхэн хувь нь цавуулгийн хэмжээгээрээ чанарын шаардлага хангадаггүй хэмээв.  Олон улсын чанарын шинжилгээний үзүүлэлттэй манай үзүүлэлтийн хэмжээ ойролцоо гээд гурилын үйлдвэрлэл эрхлэгчдэд анхааруулж хэлэхэд ургамлын хөнөөлт хортон шавжийн асуудалд анхаарах шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн тус илтгэлд буудайн гуриланд аюулгүй үзүүлэлтүүдийг бүрэн тодорхойлохын тулд олон улсад ашиглагдаж байгаа сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжүүд нэн шаардлагатай байгаа талаар дурдсан байлаа.Дараа нь Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, Монголын агрономчдын холбооны тэргүүн Б.Амарсанаа, Л.Даваа  нар “Монгол орны буудайн тариалангийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавьсан.Уг илтгэлд Монгол Улсын газар тариалангийн орчны шинжилгээний талаар болон буудай тариалсан талбайн хэмжээ, ургацын үзүүлэлт, тариалангийн талбайн бүтэц, үр тариа тариалах технологи, тарих үрийн чанар, сорт, хөрс боловсруулалт, таримлын сэлгээ зэрэг тариалалттай холбоотой цогц  асуудлыг хөндсөн судалгааг танилцуулсан. Мөн уг илтгэлд  тариалангийн бүс нутаг, аж ахуйн нэгжид өнөөдөр мэргэжлийн боловсон хүчин  дутмаг цаашлаад агрономичдын эзлэх хувь маш бага байгаа нь судалгаагаар тогтоогдсон гэж байлаа.Түүнчлэн илтгэлд, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний импортын оронд дотоодын үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн /гурил/  экспортлоход анхаарах, шаардлагатай хүнсний хэрэгцээг хангахуйц хүнсний сэлгээг нэвтрүүлэх, боловсруулах үндэсний үйлдвэрүүдийн чиглэл, хүчин чадлыг газар тариалангийн бодлого, сэлгээтэй  уялдуулж бүх талаар дэмжиж хөгжүүлэх, буудайн тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүй нэгжээс авах ургацыг тогтворжуулж, чанаржуулах, ногоон бордоо, эрдэс бордоог сэлгээнд шим болон био бордоотой хамтруулан тун, нормыг нарийн тооцож хэрэглэх, эх орны био, шим бордооны үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд анхаарах шаардлагатай гэсэн байлаа.Мөн бүс, бүслүүрт тохирсон нутагшсан сорт тариалдаг бүтэц, механизмийг бүрдүүлж, үрийн аж ахуйн системийг шинэчлэх, эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны баазыг бэхжүүлэх, үрийн аж ахуйн мэргэжлийн боловсон хүчнийг сайжруулах, үрийг зээлээр, хөнгөлттэй нөхцөлөөр олгодог тогтолцоог боловсронгуй болгох  зэрэг арга хэмжээ авах шаардлагатай гэж байлаа.Хэлэлцүүлэгт оролцогч газар тариалан эрхлэгчид сэдвийн хүрээнд асуулт асууж, салбарын өнөөгийн бодит нөхцөл байдал болон тулгамдсан асуудлынхаа талаар үг хэлж, санал солилцов. Тухайлбал, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжид олгодог хөрөнгө оруулалтын зээлийг цаашид тогтвортой олгох эсэх, экспортоор оруулж ирж буй улаанбуудай хүнсний аюулгүй байдлын чанарын шаардлагыг хангаж байгаа талаар тодруулахын зэрэгцээ тариалангийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд төрөөс бодлого гарган анхаарах, гурилын үйлдвэр бүрийн лабораторийн үзэмжээр улаанбуудайн чанарыг үнэлэх бус бүс нутагт нэгдсэн лабораторитой болоход онцгойлон анхаарах зэрэг асуудлыг хөндөж, санал хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/11/27
411
УЛС ТӨР
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэвМонгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратегийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан  нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом өдөөж зах зээл дээрх байрны үнийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулсан. Хөтөлбөрийн зээл авах өргөдөл хоёр жил гаруй хүлээх дараалал үүссэн. Хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна. Түргэн шийдвэрлэхээр барилгын нийлүүлэлт хэрэгцээг гүйцэхгүй учраас үнэ өсөж, зөвхөн борлуулагч талд ашигтай байдал үүсэхээр байна гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ.Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, мөн залуучуудын урьдчилгаа төлбөрийн хуримтлалыг урамшуулах зорилгоор банканд зөвхөн орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгосноор залуу өрхийг дэмжих боломжтой зэрэг саналыг  тавьсан байна. “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөө 2025-2029” -г Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулж батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгав. Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарнаХөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан,-Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах,-Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх болон малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах,-Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах,-Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, хүнсний ногооны механикжуулалт, хадгалалтын нөхцөлийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн уялдааг хангасан цогц бодлогыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд тус салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл улсын хэмжээнд 90 орчим хувьтай байна. Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэЖуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохион байгуулах,-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо. 
2024/11/27
274
УЛС ТӨР
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.Гавьяат эдийн засагч цолоор:Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Цэнджавын Бадрах,Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Бадамын Нинж,Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн удирдагч асан, Урлаг судлалын ухааны доктор, профессор Жамбалын Энэбиш,Гавьяат барилгачин цолоор:Зам, гүүрийн зураг төсөл, барилгын “ГЭБТ” ХХК-ийн зөвлөх Гаваагийн Чагнаадорж,Гавьяат холбоочин цолоор:Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан, “Жи мобайл” компанийн зөвлөх инженер Гомбожавын Оюунбаяр,Хүний гавьяат эмч цолоор:Эх хүүхэд, эрүүл мэндийн үндэсний төвийн ахмад эмч, клиникийн профессор Төөдийн Оюунбилэг,Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч Норпилын Байгалмаа,Малын гавьяат эмч цолоор:“Өгөөмөр Адимон” ХХК-ийн захирал, малын их эмч Содномын Наранбат,Гавьяат багш цолоор:Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны дарга, гимнастикийн спортын дасгалжуулагч Чадраабалын Дарьсүрэн,Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орлогч захирал, доктор, дэд профессор Лувсанцэрэнгийн Дугаржав,Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор, профессор Жагдагийн Даваа,Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн багш, доктор, профессор Бадамын Оюунцэцэг,Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор Сэд-Очирын Жаргалсайхан,Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Усны судалгааны төвийн захирал, доктор, профессор Даваагийн Басандорж,Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Буянцогтын Түмэнчимэг,Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:Чөлөөт уран бүтээлч Түдэвийн Батжаргал,Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Банзарын Мөнхцэцэг,Гавьяат дасгалжуулагч цолоор:Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва,Сүхбаатарын одонгоор:“Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Чойжавын Баатар,Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ахмад багш, техникийн ухааны доктор, дэд профессор Балдандоржийн Найгалмаа,Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Жагдагсүрэнгийн Үржинлхам,“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч Төмөрчөдөрийн Алтанхуяг,“Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Даваажавын Давааням,Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны ерөнхий шүүгч, дасгалжуулагч Чулуунбаатарын Цогтбаатар,Алтан гадас одонгоор:“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэмжүүрийн монтёр Нэргүйн Ундрахбаяр,Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол хөгжимчин Тодгэрэлийн Мөнхбат,Хөдөлмөрийн хүндэт медалиар:“Дува” оёмол хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Эрдэнэбаатарын Энхнаран,Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Доохүүгийн Шийтэр,Цэргийн хүндэт медалиар:Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Шаравдоржийн Үүрийнтуяа нарыг шагналаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.
2024/11/25
351
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Монгол Улсад ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал “Корпорейт конвейншн” центр-т болж байна.Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн  нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн төлөө олон тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа ойчдод талархал илэрхийллээ.Ойчдын өнөөдрийг хүртэл хийж ирсэн үйлс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйл хэргээр ирээдүй хойч үе, ард түмэн ямагт бахархана гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо.Цаашид ойн салбар нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновацад суурилсан, дэлхийн жишигт нийцсэн, төр, хувийн хэвшлийн оновчтой хамтын ажиллагаанд тулгуурласан салбар болох ёстой гэж үздэгээ илэрхийлэв.Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо байгаа ойн сангаа нөхөн сэргээх, тэлж ургуулах, хот, суурин газарт мод тарьж, ойн аж ахуйг агро ойн аж ахуйтай хослуулан хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 84 сая мод тарьж, ургуулан, мод, сөөгийн үрийн 12 мянга гаруй тн нөөцтэй болж, тарьц, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад тав дахин нэмэгдсэнийг хэллээ.Үүнээс гадна хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийж, 1.9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байгааг дурдлаа.1924 онд  Ардын Засгийн хурлаар Аж ахуйн явдлын яаманд “Ой, модны хэлтэс” байгуулан анхны ойн дөрвөн ангийг орон нутагт байгуулсан түүхтэй.Улмаар 1925 онд “Ой модны тухай” дүрэм, 1931 онд “Ойн хууль”, 1933 онд “БНМАУ-ын Ойн хууль”, 1934 онд дахин шинэчилсэн Ойн хуулийг баталснаар манай орны нутаг дэвсгэр дэх бүх ойг улсын өмч, ойн нэгдсэн сан мөн болохыг тогтоож, ойн сангаас модыг үнэлэн олгодог болсон нь ойн баялагт хандах төрийн бодлогын үндэс болсон юм.1944 оноос ой, модны салбарын анхны мэргэжилтэй ажилчныг, 1964 оноос анхны ойн инженерүүдийг дотооддоо бэлтгэж эхэлсний зэрэгцээн байгууллага нь аж ахуй, зохион байгуулалтын хувьд өргөжин, ойг арчлан хамгаалах ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, ойн нөөцийг зохистой ашиглах чиглэлд ихээхэн ахиц, дэвшил гарчээ.Ой модны аж үйлдвэрийн салбар нь 1980-аад оны дунд үе гэхэд бие даасан Ой, модны аж үйлдвэрийн яамтай, 60 орчим үйлдвэр, зургаан томоохон цогцолбор комбинат, нийт 10,000 гаруй ажилчин, албан хаагчтай болсон.Тухайн үед аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ 20 орчим хувийг экспортолдог, мод тарьж ургуулах, хөнөөлт шавж, түймрээс хамгаалах зэрэг иж бүрэн, цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг томоохон салбар болон хөгжсөн юм.
2024/11/25
280
УЛС ТӨР
'Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт'-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос (2024.11.20) хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан. Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм. Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2  тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн. “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан. Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/11/21
368
УЛС ТӨР
Хуулийн болон хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах технологийн шийдэл боловсруулах ажлын хэсэг хуралдав
Хуулийн болон хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг хиймэл оюун ухаан ашиглан арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх ажлын хэсэг өнөөдөр (2024.11.20) албан ёсоор анх удаа хуралдаж, хууль тогтоомж, захиргааны акт, эрх зүйн баримт бичгийн сан бүрдүүлж ажилладаг байгууллагуудын мэдээллийг сонсож, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах чиглэлээр өмнө хийгдсэн ажлууд, цаашид авах арга хэмжээ, тэдгээрийн дараалал, төлөвлөлтийн талаар хэлэлцлээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр нар ажиллаж байгаа бөгөөд албан бусаар олонтаа хуралдсан талаар ажлын хэсгийн ахлагч Ч.Анар хуралдааны эхэнд тайлбарласан юм.Хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах ажил 1996 оноос эхэлсэн нь энэ талаарх шийдвэрүүдээр нотлогдож буйг ажлын хэсгийн ахлагч Ч.Анар танилцуулаад, гэвч олон суурь асуудлаас шалтгаалан бүрэн гүйцэт шийдвэрлэгдээгүй байна гэсэн юм. Түүний мэдээлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 924 хууль тогтоомж, Улсын Их Хурлын 3397 тогтоол, 3007 захиргааны хэм хэмжээний акт, 13173 эрх зүйн баримт бичиг байна. Хууль тогтоомжийн тухай хуульд Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн нэгдсэн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх, хууль тогтоомжийг системчлэх ажлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар, мөн хууль тогтоомжийн албан ёсны эхээс хуулбарласан хувийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар, хүргүүлсэн хувийг хүлээж авч хууль тогтоомжийн санг бүрдүүлэх ажлыг тухай төрийн байгууллага зохион байгуулахаар тус тус заасан байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ч.Анар дурдаад, хуралдаанд хууль тогтоомжийн сан бүрдүүлэн ажиллаж байгаа голлох байгууллагууд болох Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэл оролцож байгааг танилцуулав.Улсын Их Хурлын Тамгын газарт хуулийн төсөл боловсруулах үе шатанд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудтай нийцэж байгаа эсэх, давхардал, хийдэл байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт гаргадаг бөгөөд батлагдсан хууль тогтоомжийн кодификацийг цаасан болон цахим хэлбэрээр хийж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх хяналтын самбар (dashboard) үүсгэж, мөн чатбот нэвтрүүлэн туршиж байжээ. Мөн Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд виртуаль ажилтан ажиллуулж, олон давтагддаг асуултуудад автоматаар хариулт өгөх туршилтыг явуулж байна.Хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам хүчин төгөлдөр хууль тогтоомжийн нэгдсэн сангийн хэвийн үйл ажиллагааг хариуцаж буй боловч зарим төрлийн эрх зүйн акт уг санд бүртгэгддэггүй байна. Хууль тогтоомжийн цахим сан болох www.legalinfo.mn санд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх болон дээрх байгууллагууд гэсэн нийт долоон байгууллага шийдвэрүүдээ оруулж байгаа ч нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосноос бусад актууд бүрэн орохгүй байгаа ажээ.Хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахаас долоо хоногийн өмнө Хэлний бодлогын Үндэсний зөвлөлд хянуулахаар ирүүлдэг нь ихээхэн ачаалал үүсгэж байгааг тус Зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл дурдаад, хууль тогтоомжийн нэр томьёоны дотор гадаад үг 10 хүртэлх хувийг эзэлж байгаа нь аюултай түвшин болохыг тэмдэглэлээ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан Хуулийн хэлний салбар зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэж байгуулан ажиллуулах болсныг тэрбээр мэдээлсэн юм.Хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг технологийн дэвшил ашиглан шийдвэрлэхийн тулд дата баазын болон бусад холбогдох судалгаа, мэдээллийг нэгтгэх, улмаар бодлогын үзэл баримтлал, аргачлал болон шийдлийг тодорхойлж ирэх онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэсэн цаглавартай байгааг ажлын хэсгийн ахлагч Ч.Анар танилцуулж, уг ажлыг хиймэл оюун ухаан ашиглан хэрэгжүүлэхийн тулд уг технологийг хэрэглэх цар хүрээ, хэм хэмжээ, ёс зүйн болон бусад хязгаарлалт гээд олон асуудлыг хуульчлан шийдвэрлэх шаардлага гарна гэдгийг онцолсон юм.Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ажлын хэсгийн эдгээр өргөн хүрээтэй ажлыг эмх цэгцтэйгээр авч үзэхийг тулд хуулийн болон хэл шинжлэл, мэдээллийн технологийн эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулах, дэд ажлын хэсгүүдийг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэв.Дээрх мэдээллүүдийг нэгтгэн дүгнээд ажлын хэсгийн ахлагч Ч.Анар технологи ашиглан хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгахтай холбоотой Хэлний бодлогын зөвлөлийн санал, чиглэлийг боловсруулж ирүүлэх, уг асуудалд холбогдох байгууллагууд тус тусын санал дүгнэлтийг ирүүлэхийг даалгавар болгов. Мөн хэлний зүйн болон хуулийн хэлний, кодификацын, эрх зүйн хэм хэмжээний дэд ажлын хэсгүүдийг байгуулах санал боловсруулахыг ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигт даалгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/11/20
244
УЛС ТӨР
'Эрдэнэс Монгол' нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү амжилтын үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монгол банканд төвлөрүүлж, нэгдлийн толгой компани 200.0 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ.Нэгдлийн үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн үзүүлэлт дээшилсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломжийг бүрдүүлж тус компанийн 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан.          Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хангах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар иргэдэд тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь Монгол хүн баялагтаа эзэн байх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн төдийгүй “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрхзүйн байдал, тогтвортой үйл ажиллагааг явуулах эрхзүйн үндсийг бий болгосон юм. Хуулийн хэрэгжилтийн хангуулж 2024 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлснээр 10,000 айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийн реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Танилцуулгатай холбогдуулан,            Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах,            "Ган үйлдвэрлэлийн цогцолбор", "Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор", "Нүүрс-химийн цогцолбор", "Жонш боловсруулах цогцолбор", "Кокс-химийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрчимжүүлэх,            Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн зургаан паркийг оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.            Мөн экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдэлд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн эзэмшлийн ачааны вагоны хуваарилалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн баринаАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилгоор гадаадын иргэдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд уян хатан бодлого баримталж байна. Тухайлбал, гадаадын ажилтан авах бодлогод эдийн засгийн үйл ажиллагааны бүтээмж өндөртэй уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, санхүү даатгал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжих нь зүйтэй. Харин барилга, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээ, ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж байна.  Мөн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй.” гэж заасан. Хуульд заасан дээрх хугацаа нь улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад гадаад ажилтан урих үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.Хуулийн төсөл батлагдсанаар гадаад ажилтан авч ажиллуулах ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж  байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөж, зардал хэмнэгдэх, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  
2024/11/20
286
УЛС ТӨР
'Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт'-ийн талаарх хяналтын сонсгол өнөөдөр болно
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр Улсын Их Хурлаас өнөөдөр (2024.11.20) зохион байгуулна.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Хууль зүйн байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулахаар тогтсон юм.Хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажиллах юм. Сонсгол 10.00 цагт эхэлж, Эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонсоно. Тухайлбал, Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн ХЭҮК-ын дүгнэлт, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээллийг таницуулна. Улсын ерөнхий прокурорын газраас эрүү шүүлт тулгах гэмт хэрийн талаарх мэдээлэл, Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулна.Хяналтын сонсголоор үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаарх мэдээллийг сонсож, оролцогчид саналаа илэрхийлэхээс гадна иргэдээс бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийг танилцуулах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  
2024/11/20
351
УЛС ТӨР
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны анхдугаар хурал өчигдөр боллоо. Тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм.  Хурлаар Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын талаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, өнөөгийн нөхцөл байдал, үндэсний орон сууцжуулалтын бодлого, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ипотекийн зээл бусад арга хэмжээний талаар хэлэлцлээ.Манай улсын нийт өрхийн 30 хувь нь орон сууцанд, 70 хувь нь инженерийн дэд бүтэцгүй байшин хороолол, гэрт амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотод 273,736, аймгийн төвд 144,308, сумын төвд 295,775 өрх орон сууцгүй байна.Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөрт багтааж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг  Засгийн газрын холбогдох гишүүд болон Үндэсний хорооны гишүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа.Үүнд:-       Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль болон орон сууцжуулалтын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэн боловсруулж, УИХ-д өргөн барих,-       Иргэдийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих бодлого, стратегийн зураглал, төлөвлөгөө боловсруулах, Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргах,-       Амины орон сууц болон ногоон орон сууцны стандарт, жишиг загвар, баталж, хэрэгжүүлэх, амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлж, шаардлагатай зохицуулалт хийх,-       Үндэсний орон сууцжуулах төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэр нэмэгдүүлэн, шугамын өргөтгөл хийх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх,-       Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх, аймаг орон нутагт дэд бүтэц байгуулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.
2024/11/20
274