УЛС ТӨР
УЛС ТӨР
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч К.Токаевыг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев болон албаны бусад хүн угтаж авлаа.Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ.Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна.Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна.Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.
2024/10/28
272
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийн стратегийг тодорхойлохдоо энэ гурван шилжилтэд анхаарах шаардлагатай
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгууллаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэл танилцуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх болсон шалтгаан болон хүрсэн үр дүн, цаашдын зорилтот түвшинг тэрбээр тодотгов. Бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, аймгууд тус тусдаа биш, бүсээс сонгогдсон парламентын гишүүд, иргэдийн оролцоотойгоор бүс, бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо нийлж тодорхойлох, зөвхөн төр бүхнийг хийх биш хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын орчноор дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахаар Засгийн газраас бодлого гарган ажиллаж байна. Энэ хүрээнд 14 мега төслийг боловсруулсан. Эдгээр төсөл бүх бүс нутагт хэрэгжинэ гэдгийг Ерөнхий сайд онцлоод төсөл тус бүрийн давуу талыг танилцуулав.2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн. Энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн гэлээ.Цаашид Монгол Улсын хөгжлийн дараагийн стратегийг тодорхойлохдоо дараах гурван шилжилтийг хийхэд онцгой анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг хөгжлийн стратегидээ илүү анхаарах, хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн шилжилт хэрхэн өрнөх вэ гэдэг дээр стратегиа тодорхойлбол илүү чухал. Гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт ямар байх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэлээд “Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг” хэмээн дээрх гурван шилжилтийг тодорхойллоо. Тиймээс эдгээр шилжилтээр бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох шинэ хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа учир үүнийг хэрэгжүүлж чадвал хөгжлийг хөөж биш угтаж гүйцэх болно гэв. Мөн тэрбээр “Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан. Ингэснээрээ төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно” гэлээ.Энэ удаагийн “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-аас бүсийн засаглал, эрх зүйн орчин, эдийн засаг, татварын орчин, хүн ам, нийгмийн хөгжлийн бодлого, дэд бүтэц, бүс ба шилжилт (AI хиймэл оюун ухааны шилжилт, ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт) гэсэн асуудлуудад төвлөрч үр дүн гарна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.
2024/10/28
278
УЛС ТӨР
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа: Асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй
Улсын Их Хурлын гишүүн, Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн Д.Энхтуяа (2024.10.24) Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Асрахуй сувилахуйн үйлчилгээ, тогтолцоог олон улсын жишигт хүргэж, залуу нас, бүхий л амьдралаа улс орныхоо хөгжил дэвшилд зориулсан ахмад настнуудаа хүний ёсоор, сэтгэл дүүрэн, хангалуун сайхан амьдруулахын төлөө тэр тогтолцоо бүхий л хүчин чадлаараа ажилладаг байх ёстой гэж үзэж буйгаа тэрбээр энэ үеэр илэрхийлсэн юм.Монгол Улсын халамжийн салбарын ууган байгууллага болох Ахмад настны үндэсний төв 1924 онд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Өнчин ядуусыг асрах газар нэртэйгээр байгуулагдсан бөгөөд энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэжээ. Нийтдээ 250 асрамжлуулагч хүлээн авах хүчин чадалтай хоёр байртай энэ төвд эдүгээ 175 өндөр настан амьдарч байгаагийн 90 гаруй нь эмчилгээ шаардлагатай хүмүүс бөгөөд тэдний тэн хагас нь хэвтрийн хөгшид байна. Жил тутам асрамжлуулагчдын 15-20 нь бурхны орныг зорьж, мөн тооны хүмүүс ирдгийг төвийн захирал Л.Эрдэнэхүү танилцуулсан юм. Хуульд заасны дагуу тус төвд асран хамгаалах хүнгүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнуудыг хүлээн авч байрлуулан, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүйн болон соёлын үйлчилгээ үзүүлдэг байна. Төв 127 орон тоотой боловч өнөөдрийн байдлаар 110 хүн ажиллаж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, асрамжлуулагчдын ая тухыг хангах, хүний нөөцөө бэхжүүлэх талаар идэвх чармайлттай, үр дүнтэй ажиллаж байгаа Л.Эрдэнэхүү захиралд баяр хүргээд, асрамж, халамжийн үйлчилгээг цаашид боловсронгуй болгох талаар санал солилцов.Ахмад настны үндэсний төвд асрамжлуулж байгаа иргэдийн тэтгэврийн 70 хувийг төрийн санд төвлөрүүлж, 30 хувийг өөрт нь өгдөг байснаа 2012 оноос төрийн санд 30 хувийг авч, өөрт нь 70 хувийг олгодог болсон байна. Төрийн санд төвлөрүүлж буй асрамжлуулагчдын тэтгэврийн 30 хувийг үндсэндээ өөрт нь зориулдаг буюу өндөр өртөгтэй эмчилгээ, мэс заслын төлбөрийг төлөх, нутаг орондоо очоод ирэх замын зардлыг олгох, туслах аж ахуйд ажиллуулах зэрэгт зарцуулахаар журамласан аж. Ахмад настанд өөрт нь олгох тэтгэврийн 70 хувийг картаар олгодог болсон бөгөөд өөрөө бие дааж тэтгэврээ захиран зарцуулах чадваргүй хүмүүсийнхийг төвийн нярав, нийгмийн ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэй комисс өөрсдийнх нь санал, захиалгад үндэслэн зарцуулж, худалдан авалт бүрийн E-Barimt-ын төлбөрийн хуудсыг хавсаргадаг юм байна. Батсүмбэрийн Баянгол-3 дугаар баг хүнсний гурван дэлгүүртэй бөгөөд ахмад настнуудын захиалгаар хийх худалдан авалтыг эдгээр дэлгүүрээс сар сараар ээлжлэх зэргээр орон нутагтайгаа хамтран ажиллаж иржээ.Асрамжлуулж буй ахмад настнууд нэг сараас 20 жил хүртэлх хугацаанд тус төвд амьдарч байгаа аж. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа асрамжлуулагчдын зарим өрөөгөөр зочилж, ахмад настнуудтай уулзан, ахуй байдлыг нь асууж ярилцсан юм. Мөн төвийн албан хаагчид, асрагч нар, мэргэжилтнүүдтэй ч уулзаж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа болон бусад зүйлийг асууж лавлав. Түүнтэй уулзаж товч тодруулга авлаа.-Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгнө үү.-Улсын Их Хурлын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд бид “Асралт хүүхдүүд” хүүхдийн, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зэрэг улсын болон хувийн асрамжийн газруудтай танилцсан. Өнөөдөр Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвд ажиллалаа. Манай улсад өнөөдөр асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй байна. Эмнэлгүүдэд гэхэд л асрагч гэдэг албан тушаал эрэмбэ дарааллын хамгийн сүүлд бичигдэж, хамгийн бага цалин хөлс авдаг хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад эсрэгээрээ, эмчилдгээсээ илүү асардаг, сувилдаг хүмүүсийн хөдөлмөр өндрөөр үнэлэгддэг. Тэгэхээр энэ талаарх хууль тогтоомжид өөрчлөлт, нэмэлт оруулаад орхих бус бие даасан хууль баталж, сүүлийн 30 жил үндсэндээ ач холбогдол нь бараг байхгүй болчихсон асран сувилахуйн үйлчилгээний үндсэн өөрчлөлтийг эхлүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байгаа юм. Үүний тулд тал бүрийн судалгаа, үнэлгээг хийж байна. Мөн бид Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэнд өндөр хөгжсөн улс орнуудад асрахуйн үйлчилгээ ямар журмаар явагддаг, яаж санхүүждэг, хяналт, зохицуулалт нь ямар байдаг зэрэг судалгаа хийлгэхээр захиалга өгөөд байгаа. Мэргэжлийн яам, агентлаг, холбогдох байгууллагуудаас бас санал авч байна.-Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төвийн орчин нөхцөл, ажил байдал ямар байна вэ?-Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвд би өмнө нь ирж байсан. Өнөөдөр дахин ирэхэд орчин нөхцөл, үйлчилгээ, үйл ажиллагаа харьцангуй сайжирсан байна. Хамгийн гол нь маршал Х.Чойбалсангийн үеийн буюу одоогоос 100 жилийн тэртээх өнчин, ядуусыг тэтгэх гэдэг тэр сэтгэхүй өөрчлөгдөөгүй, яг хэвээрээ байгаад байна. Ердөө л орон гэргүй, асрах хүнгүй, хэцүү амьдралтай хүмүүсийг авчирдаг байх тэр зарчим хуульд хүртэл яг хэвээрээ байгаа юм. Энэ сэтгэхүйг өөрчилж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ахмад настнуудыг зохих түвшинд нь хангалуун, сайхан байлгадаг, тав тухтай амьдруулдаг асрахуйн үйлчилгээний газруудыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Бүх насаараа улс орондоо, төрдөө зүтгэсэн ахмад настнууд маань ингэж амьдрахад хангалттай хүрэлцэхүйц нийгмийн даатгалын шимтгэлийг хуримтлуулчихсан байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, ахмад настны асрахуйн тогтолцоонд нийгмийн даатгалын үүрэг оролцоог ч бас уялдуулах нь зүйтэй. Би энэхүү ахмадыг асрахуйн асуудлаар нэлээд судалгаа хийсэн, Германд оюутан байхдаа энэ чиглэлээр ажиллаж байсны хувьд өнөөгийн Монголын настнуудын нөхцөл байдал харамсмаар хүнд хэцүү байна гэж хэлнэ. Бид ахмад настнуудаа үндсэндээ гэрийн хорионд байлгадаг гэхэд хилсдэхгүй. Хаалттай хаалганы цаана ахмад настнууд үл хайхрах, зүй бус харьцах, мөнгө төгрөгөөр хохироох, нийгмээс тасалж ганцаардуулах зэрэг олон төрлийн хүчирхийлэлд амьдарч байна. Албан ёсны судалгаагаар манай ахмад настнуудын 60-аас дээш хувь нь сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэсэн дүн гарсан байна лээ. Энэ бол үнэхээр эмзэглэмээр тоо. Тэгэхээр эрх зүйн болон бодит үйл ажиллагааны өөрчлөлтийг цаг алдалгүй эхлүүлж, бодитой үр дүн гаргаж ажиллахыг бид зорьж байна.-Ахмад настнаа, эцэг эхээ асрах талаар таны ярьж буй сэтгэхүйн реформд нийгмийн сэтгэлгээ бэлэн байгаа болов уу?-Манай монголчууд эцэг, эхээ асран хайрлах, ачлал буяныг нь хариулах талаар маш өндөр хүмүүжил соёлтой, уламжлалт сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ. Үүнд би огтхон ч эргэлзэхгүй байна. Гэвч гэр бүлийн судалгаануудыг харж байхад, манай орчин үеийн гэр бүлүүд харьцангуй цөөн хүүхэдтэй болчихсон, нийгэм, цаг үеийн болон хувь хүний учир шалтгаанаар эцэг эхээ харж халамжилж чадахгүй байх тохиолдол аажмаар нэмэгдэх хандлагатай байна. Мэдээж, нийгмийг донсолгох хэмжээнд хүрчихсэн асуудал биш ч гэлээ ахмад настнаа асрамжлан халамжлах эрэлт хэрэгцээ хүссэн ч, эс хүссэн ч байсаар байх болно. Тэгээд ч энэ ахмадыг асрахуйн асуудал бол зөвхөн үр хүүхдийн ухамсар, үүрэг хариуцлагад хамаатай асуудал гэж үзэж болохгүй. Хүн гэдэг хүнээр л дутдаг. Өөр хоорондоо уулзаж учрах, нийгмийн харилцаанд орж, идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрах хэрэгцээ маш их байдаг байна. Ийм эрэлтхэрэгцээнийхээ эрхээр аав, ээжүүд асрамжийн газар, хөгжлийн төвүүдэд өөрсдийн сонирхлоор очих тохиолдол их байдаг юм билээ. Энэ мэт олон асуудлыг асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ авч үзэх, харгалзах шаардлагатай учир судалгаа, үнэлгээг үр дүнтэй хийхэд онцгой анхаарал хандуулж байна.
2024/10/25
347
УЛС ТӨР
ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2024.10.24/ хуралдаан гишүүдийн 64 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.Хуулийн төслүүдийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав.Тэрбээр танилцуулгадаа, Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэлээ.Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан хэмээв.Хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар бүсчилсэн хөгжлийг дэмжиж, хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжлийг хурдасгах хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэх болно гэж төсөл санаачлагчид үзжээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Засгийн газарт бонд гаргах эрхийн хэмжээ, хязгаарыг тодорхой тогтоогүй шалтгаан, мөн хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх талаар тодруулав. Ажлын хэсгээс "Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг 2025 оны Төсвийн тухай хуулиар хязгаарласан. Дотоод үнэт цаасны хэмжээг 2025 оны Төсвийн тухай хуулийн 11.1-д дээд хэмжээг нь 300 тэрбум төгрөг хүртэлх арилжаална гэж заасан бол гадаад үнэт цаасны хувьд дахин санхүүжилтийн зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегид нийцүүлэн арилжаалж болно. Ийм хоёр хязгаарыг тавьж өгсөн" хэмээн хариулж байлаа. Мөн 2025 онд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Энэ алдагдлыг санхүүжүүлэхээр Засгийн газраас 1.5 их наяд төгрөгийн үнэт цаас гаргана. Үүний 490 тэрбум төгрөг нь дотоод, 1.4 их наяд төгрөг нь гадаадын эх үүсвэрээс гаргах юм. Гадаадад шинээр гаргах 1.4 их наяд төгрөг нь нийслэлийн гаднаас авах бондын эх үүсвэр байгаа юм хэмээн Сангийн яамны Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Батмөнх хариулсан.Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй эмнэлэг, сургууль, соёлын төвийн барилгыг барьсан аж ахуйн нэгжүүд 15-20 жилийн баталгаа гаргадаг боломж бий эсэхийг тодруулахад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, миний хувьд салбарын сайдаар ажиллаж байхдаа Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, үлдээсэн. Төсөлд гишүүний тавьж буй саналыг тусгасан тодорхой заалтыг тусгасан. Ер нь барилгын салбарыг хариуцлагажуулах асуудал дутагдаад байгаа гэсэн нэмэлт тайлбарыг хийв.Хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг дэмжих эсэх асуудлаар санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.Мөн “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, салбар харгалзахгүй боловсруулах шатны үйлдвэрийн технологийн тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас бүрэн чөлөөлөх, мөн бүсчилсэн хөгжлийн ялгаатай татварын асуудлыг тусгасан төслүүдийг эргэн харж, сайтар нягтлахыг гишүүдээс хүслээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/10/25
291
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж, баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хамт олонд нь баяр хүргэлээ. Нэгдсэн Үндэстний байгууллага 1945 оны аравдугаар сарын 24-нд олон улсын хууль, эдийн засаг, нийгмийн хөгжил болон хүний эрхийг ханган ажиллахаар байгуулагдсан, энэ нь дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших томоохон дэвшил болсон юм. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж НҮБ-д төрийн далбаагаа мандуулжээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 60 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хангах, олон улсын тавцанд өөрийн орны байр суурийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон чиглэлд анхаарал хандуулж ажиллаж ирснийг онцлоод НҮБ Ковид-19 цар тахлын хүнд үед хүн амын 80 хувийг вакцинжуулахад, 2023-2024 оны зудын үед 12,000 малчин өрхөд тусламж үзүүлж, 1.5 сая ам.долларын хандив, тусламж үзүүлсэн зэргээр Монгол Улсын хөгжил дэвшилд олон жилийн турш хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй НҮБ-ын түншлэл, НҮБ-ын удирдлага, албан хаагчдад талархал илэрхийллээ.Монгол Улсын “Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэлхий дахины дэвшилтэт үзэл баримтлалыг үндэсний онцлогтойгоо уялдуулан хэрэгжүүлж байна. Үүнд НҮБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичиг чухал дэмжлэг болж буйг Ерөнхий сайд хэллээ.НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хүний хөгжил, ногоон хүртээмж, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийн асуудлыг стратегийн тэргүүлэх чиглэл болгон хамтран ажиллаж байна.НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн цагаас бидний харилцаа өргөжин тэлж, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван салбарт Монгол Улс багагүй ахиц дэвшил гаргаж буйг тэмдэглээд эдийн засгийн салбарт хурдацтай өсөлт бий болгож чадаж буйг онцоллоо.Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой байлгах, хурдтай хөгжихийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулж, хөгжлийн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнууд, хөгжлийн түнш байгууллагуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр зарлаад байна. “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн 17 зорилтыг хангахад чухал хувь нэмэр болох 14 мега төсөл, 14 реформ болон “Алсын хараа-2050” үндэсний хорооны үйл ажиллагааг уялдуулан ажиллахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын баг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд шинэ түвшинд ахиж, “хөгжлийн тусламж”-аас илүүтэй “хөгжлийн хамтын ажиллагаа”-нд төвлөрч буй. Цаашид хүний нөөц, хиймэл оюун ухаан, ногоон шилжилт зэрэг гурван том асуудалд анхаарч ажиллах нь зүйтэйг Ерөнхий сайд онцолж НҮБ-ын дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, агуулга, цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа дахин илэрхийлэв.
2024/10/25
380
УЛС ТӨР
Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт шинэтгэл хийх цаг болсныг бүх түвшинд хүлээн зөвшөөрч, дэмжиж байна
Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэг (2024.10.23) хуралдлаа. Тус Ажлын хэсэг дэргэдээ эрчим хүчний салбарын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Гүйцэтгэх багийг байгуулан ажиллуулж буй юм. Энэ хуралдаанаар тус багийн ажлын явцын талаар мэдээлэл сонссон юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгээс бид энэ талаар тодрууллаа.-Улсын Их Хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан эрчим хүчний хууль тогтоомжийг шинэчлэх ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар түвшинд явж буй талаар тодруулахгүй юу?-Манай ажлын хэсгийн чиг үүрэг бол Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай гэсэн гурван хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, ирэх оны хаврын чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх. Эрчим хүчний салбар бол том салбар. Тийм учраас энэ хууль, эрх зүйн шинэтгэлийн ажилд оролцогч талуудыг олноор татан оролцуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл манай ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүдээс гадна энэ салбарын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, хувийн болон төрийн өмчит компаниудын төлөөлөл гээд маш олон хүн оролцож ажиллах зайлшгүй шаардлага тулгарсан. Бид энэ оролцоог хангахын тулд ажлын хэсгийнхээ дэргэд Гүйцэтгэх багийг байгуулаад бүтэн цагаар ажиллуулж эхлээд байна. Энэ багтаа бид эрчим хүчний салбарынхаа хамгийн шилдэг хүмүүсийг ажиллуулж байна. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг байгууллага, Төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөл болон ажлын хэсэгт орж ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөхүүд, эрчим хүчний байгууллагуудын хуульчид, инженерүүд гээд 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Үүнээс гадна хууль боловсруулах ажилд бүтэн цагаар шумбаад орох боломжгүй хэрнээ зайлшгүй оролцох, санал зөвлөгөө өгөх шаардлагатай ЭХЯ, ЭХЗГ-ны алба хэлтсийн дарга нар, төрийн бус байгууллагууд, дотоод, гадаадад ажиллаж байгаа эрдэмтэн судлаачидаас хүмүүсээс бүрдсэн Дэмжих багийг байгуулахаар ажиллаж байна. Энэ баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байх болов уу.Түүнчлэн Гүйцэтгэх болон Дэмжих багийн боловсруулсан хуулийн төсөл дээр ажиллах Эрчим хүчний сайдаар ахлуулсан, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга нар орсон Зөвлөх багийг байгуулсан.Хуулийн төслийг чанартай, сайн боловсруулахын тулд ингэж асуудалдаа төвлөрч, оролцоог хангаж ажиллах нь маш чухал юм.-Ажлын хэсэг өнөөдөр Гүйцэтгэх багийнхаа мэдээллийг сонслоо. Багийн ажил хэр байна вэ?-Гүйцэтгэх баг байгуулагдаад ердөө долоо хонож байна. Энэ хугацаанд маш эрчимтэй, зохион байгуулалттай ажилласан нь өнөөдөр хийсэн мэдээллээс харагдлаа. Юуны өмнө Гүйцэтгэх баг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын хэрэгжилт, түүний үр дагаварт үнэлгээ хийх ажлыг хийж эхлээд байна. Хуулийн заалт нэг бүрээр матрикс гаргаад, хэрэгжиж байгаа эсэх, хэрэгжихгүй байгаа бол яагаад, хэрэгжиж байгаа бол ямар түвшинд, хэдэн хувьтай байна вэ гэх мэтээр нарийвчлан үнэлэх ажиллагаа хийж байна. Хоёрдугаарт, бид эрчим хүчний системийн бүхий л оролцогч талуудын дунд тандан судалгааны ажлыг хийж байна. Үүнд үйлдвэрлэгч, түгээгч байгууллагууд төдийгүй хэрэглэгчдийг хүртэл хамруулан системийн үйл ажиллагаа, үйлчилгээнд сэтгэл хангалуун байна уу, юу нь хаанаа болж, хаанаа болохгүй байна, эрх зүйн зохицуулалтыг ямар байдлаар, хэрхэн шинэчлэх шаардлагатай байна вэ гэх мэт өргөн хүрээтэй асуудлуудаар санал авч байна. Олон нийтээс санал авах зорилгоор бид энэ сарын 15-наас ирэх 11 дүгээр сарын 15-ны хүртэлх хугацаанд “Эрчим хүчний шинэчлэлтэд Та саналаа өгнө үү” гэсэн аяныг зарлаад, аяныхаа постерыг нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр түгээж байгаа. Түүнчлэн гадаад улс орнуудын эрх зүйн орчныг харьцуулан судлах ажлыг эхлүүлээд байна. Энэ судалгаа маш чамбай байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Гүйцэтгэх багийнхан маань Австралийн үндэсний эрчим хүчний хуулийг бүрэн орчуулаад дууслаа. Эстон, Герман, Данийн дулааны эрчим хүчний хууль, Германы сэргээгдэх эрчим хүчний хуулиудыг орчуулж байна. Мөн Олон улсын эрчим хүчний байгууллагаас гаргасан “Хөгжиж буй орнуудын эрчим хүчний салбарын реформыг эргэн харах нь” гэдэг томоохон баримт бичгийг орчуулж эхлээд байна. Энэ судалгаанд эрчим хүчний реформыг хэрэгжүүлсэн дэлхийн 150 гаруй орны алдаа оноо, ололт амжилтыг, цаашид реформыг яаж хэрэгжүүлэх талаар зөвлөгөөг хамруулан авч үзсэн байгаа юм. Дараагийн бас нэг том ажил бол, салбарын нийт байгууллагуудаасаа мөрдөж ажиллаж байгаа дүрэм, журмуудыг татаж авч, судалж байна. Тэдгээр дүрэм журмууд хуулиас давсан зохицуулалттай байна уу, хуулиар зохицуулж болохооргүй харилцааг зохицуулж байна уу гэдэгт бид бас нарийвчилсан үнэлгээ хийж, тайлан гаргана. Хууль зохицуулах ёстой харилцаагаа зохицуулж чадаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгдөг нэг том индикатор бол гомдогсодын асуудал байдаг. Гомдогсод буюу хуулийн зохицуулалттай холбоотойгоор үүссэн зөрчил маргааны холбогдох талууд, шүүхийн кейсүүдийг судлан үзэж, зохицуулалт ямар байсан бол энэ маргаан гарахгүй байх байсан юм бэ гэдгийг хардаг энэ жишиг олон улсад нийтлэг хэрэглэгддэг.-Үр дагаварын үнэлгээ, тандалт судалгааны үр дүн урьдчилсан байдлаар яаж гарахаар байна вэ?-Хуулийн төслүүдийг шинэчлэх шаардлагатай гэдэгтэй салбарын мэргэжилтнүүд санал нэг байна. Одоо мөрдөгдөж байгаа Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт маш ерөнхий. Дулааны салбарыг бараг зохицуулаагүй гэж хэлж болно. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг нарийвчлаад харах юм бол уртаашаа гурван хуудсанд багтдаг. Нэр томъёо, тодорхойлолтууд, тэгээд төрийн байгууллагын эрх, үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф гээд л дуусдаг. Хуулийн зохицуулалтыг ингэж хэт ерөнхий боловсруулж баталснаас болж системийн нарийвчилсан харилцааг хуулиас давсан олон тооны журам, дүрмүүдээр зохицуулахаас аргагүй болж байгаа юм. Журам, дүрмүүдийг захын нэг дарга ирээд сольж, шинэчлээд байдаг болохоор салбарын эрх зүйн орчин бүхэлдээ тогтворгүй болчихож байгаа юм. Гадаад орнуудын хууль тогтоомжуудаас харж байхад эрчим хүчний салбарын бүхий л харилцааг эмх цэгцтэйгээр нэг бүрчлэн хуульчлан зохицуулсан байгаа юм. Хууль бол дүрэм, журмуудыг бодвол тогтвортой, өөрчлөгдөж солигдох нь харьцангуй бага шүү дээ. Гүйцэтгэх баг дээрээ бид орчуулсан, судалсан гадаадын хуулиудыг хэлэлцээд явж байна. Тухайн салбарын байгууллагууд ямар ямар үүрэгтэй, үйл ажиллагаагаа яаж явуулдаг, өөр хоорондоо ямар харилцаатай, зохицуулалт нь ямар онцлогтой вэ гэх мэтийг нэг бүрчлэн ярилцаж байна. Асуудалдаа ингэж төвлөрч, гүнзгийрэн орж ажилласнаар бид эрчим хүчний салбарыг чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан зах зээлийн зөв зарчим руу нь шилжүүлэх эрх зүйн шинэтгэлийг хийж чадна. Шинэтгэл хийх цаг нэгэнт болсныг эрчим хүчний салбарын оролцогчид төдийгүй улс төрийн хүрээнийхэн, иргэд олон нийт хүртэл хүлээн зөвшөөрч, сэтгэл зүрхээрээ нэгдэж, дэмжиж байгаад бид маш их баяртай байгаа. Засгийн газрын дэргэд Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаад байна. Энэ хороо болон Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон бусад салбарын байгууллагууд манай Ажлын хэсгийн ажилд ихээхэн дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарт шинэтгэл хийх цаг нь болж, тохироо нэгэнт бүрдсэн таатай нөхцөлд ажиллаж байгаа учир манай Ажлын хэсэг үүргээ сайн биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
2024/10/24
362
УЛС ТӨР
БСШУСБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2024.10.23/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны төсөвт боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг дэмжих чиглэлээр тусгасан онцлог арга хэмжээг дурдлаа. Тухайлбал, нийт ажиллах хүчинд эзлэх төрийн албан хаагчдын тоог жил тутам тодорхой хувиар бууруулах зорилтын хүрээнд улсын хэмжээнд шинээр ашиглалтад орох 50 ерөнхий боловсролын сургуулийн нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж, холбогдох зардлыг төсвийн төсөлд тусгасан байна. Хоёрдугаарт, сургуулийн хүртээмж, бүлэг дүүргэлтийн зохистой түвшнийг үр ашигтай байдлаар зохион байгуулах нэг хэлбэр гэж үзэн хувийн хэвшлийн эзэмшиж байгаа шаардлага хангасан байрыг боловсролын сургалтын үйл ажиллагааны зориулалтаар түрээслэхээр төлөвлөсөн талаар танилцуулав. Түүний дараа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.Тэрбээр, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 /гучин гурван их наяд, найман зуун жаран дөрөв, аравны долоон/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 /гучин таван их наяд, долоон зуун ерэн тав, аравны хоёр/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 /нэг их наяд, есөн зуун ес, аравны таван/ тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 /нэг их наяд, есөн зуун гуч, аравны таван/ тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус байнгын хороонд хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг танилцууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төвлөрүүлэх орлогын төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Боловсролын сайдын багцын харьяа байгууллагын өөрийн орлогыг 0.32 тэрбум төгрөгөөр бууруулж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орлогыг 0.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 469.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн шалтгааныг онцлов. Тухайлбал, Боловсролын сайдын урсгал зардлын төсвийг 663.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 4,090.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшлын зардлыг 294.2 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг 26.0 тэрбум төгрөг, нормативт зардлыг 67.7 тэрбум төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамжийг 92.5 тэрбум төгрөг, засгийн газрын урсгал шилжүүлгийг 32.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөнтэй холбоотой байна. Хөрөнгө оруулалтын төсвийг 198 төсөл, арга хэмжээнд нийт 506.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 7 төсөл, арга хэмжээнд 85.6 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын урсгал зардлын төсвийг 101.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 432.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшлын зардлыг 31.1 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг 1.9 тэрбум төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамжийг 6.3 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасыг 33.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөнтэй холбоотой байна. Хөрөнгө оруулалтын төсвийг 53 төсөл, арга хэмжээнд нийт 165.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 3 төсөл, арга хэмжээнд 30.0 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэж байна хэмээв. Түүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.УИХ-ын гишүүн А.Ганбаатар, биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтад ямар бодлого баримталж байгаа талаар, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, сургууль, цэцэрлэгүүд түрээсийн байшинд бус өөрийн байранд хэзээ үйл ажиллагаагаа явуулдаг болох вэ, дээд боловсролын салбарт хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөсөн талаар тус тус асуув. Соёлын сайд Ч.Номин асуултад хариулахдаа, өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсад биеийн тамир, спорттой холбоотой 80 гаруй бүтээн байгуулалт хийжээ. Спорт болон соёлын салбарт ашиглалтад орсон барилга, байгууламжийг тогтмол үйл ажиллагаатай болгох буюу тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтад анхаарч байна. Энэ жил 27 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөж байна. Биеийн тамир, спортын нэгдсэн бодлогогүй явж ирснийг хүлээн зөвшөөрч байна. Мэргэжлийн холбоод, клубуудын зарчимд тулгуурлан бодлогоо боловсруулж байна. Тун удахгүй танилцуулна гэв. Дараагийн асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.Тэрбээр, өнгөрсөн жил нийтдээ 32 сургууль, 99 цэцэрлэгийн барилгыг 23,6 тэрбум төгрөгөөр түрээсэлж ажилласан байна. Өөрөөр хэлбэл, 17800 гаруй суудал бүхий сургууль, 11980 ортой цэцэрлэг ажилласан гэсэн үг. Энэ тоог харахад олон хүүхдийг хамарсан гэдгээрээ давуу талтай юм. Харин 23,6 тэрбум төгрөгөөр 4 сургууль, цэцэрлэг барих учраас хүртээмжийг нь чухалчлах нь зөв гэж үзэж байна. Богино хугацаандаа түрээслэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ч дунд хугацаандаа шийдэгдэх асуудал юм. Энэ жил 90 сургууль, 62 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар сургуулийн 40610 суудал, цэцэрлэгийн 9540 ор нэмэгдэж байна. Дээд боловсролын салбарын урсгал зардалд энэ жил 164,1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардалд 14,5 тэрбум төгрөгийг тусгасан гэв.УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Соёлын төв, соёлын ордон, соёлын цогцолбор гэдэгт олон төрлийн нэршилд ямар стандарт байна вэ, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 5 мянган хүн амтай. Тэнд 300 хүний суудалтай соёлын төв барьж байна. Гэтэл Хэнтий аймгийн Норовлин сум 2900 хүн амтай атал 400 хүний суудалтай соёлын төв барихаар төсөвлөжээ. Энэ ямар тооцоогоор барьж байна вэ гэсэн асуултад Соёлын сайд Б.Номин хариуллаа.Тэрбээр, Соёлын төв, ордон, цогцолбор гэдэг бол үйл ажиллагааны цар хүрээгээсээ шалтгаалан нэрлэдэг. Соёлын яам эдгээр төв, ордон, цогцолборын стандартыг боловсруулж байгаа. Орон нутагт нэг хүнд ногдох соёлын хүртээмжийн стандартыг тогтоож, барилга байгууламжийг төсөвлөдөг. Нэг суманд дунджаар 300-400 хүний суудалтай соёлын төв баригдахаар төсөвлөгддөг. Баяндэлгэр, Норовлин сумын асуудлыг эргэж нягтлаад мэдээлэл өгье гэв.УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, эдийн засаг өсч, төсөв тэлж байхад боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр улсын хэмжээнд бүлэг дүүргэлт 40 хүүхдээс давсан 4860 ангид 214 мянган хүүхэд суралцаж байна. Харин 60 давсан хүүхэдтэй бүлэг 8 байна. Улсын хэмжээнд 6000 гаруй хүүхэдтэй хоёр сургууль байна. 1800-аас дээш хүүхэдтэй 124 сургуульд 3680 хүүхэд суралцаж байна. Энэхүү нөхцөлийг хэвийн болгохын тулд 150 сургууль барих зайлшгүй шаардлагатай. Тиймээс сургуулийн хүртээмжийг хэзээ нэмэгдүүлэх вэ, боловсролын салбарт өнгөрсөн жил 700 тэрбумыг төсөвлөж байсан. Энэ жил 500 тэрбум болгож буурууллаа, хөрөнгө оруулалт буурсан шалтгаан юу вэ, багшийн хомсдолыг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ хэмээн асуув. Боловсролын сайд П.Наранбаяр, өнөөдөр 1800 дээш хүүхэдтэй сургуулийн тоо орон нутагт 39, нийслэлд 87 сургууль байна. Хүүхдийн тоо 1800 дээш давсан нөхцөлд үнэхээр сургалтын үйл ажиллагаа явуулах амаргүй. Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлдөө чиглэж байна. Хөгжлийн суурь болох эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд эхний ээлжинд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх бодлого баримталж буй. Эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлсний үндсэн дээр сургууль, цэцэрлэг шинээр барих бодлого баримтлах нь зайлшгүй. Багшийн хомсдлыг бууруулах талаар 6 багц арга хэмжээг зарлаж байна. Тухайлбал, багшийн мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарыг татах, тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулах, шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургуульд 80-аас дээш үнэлгээтэй суралцаж буй оюутнуудыг багшлуулах, сургалтын цагийн норм 19 цагтаа хүрээгүй бол зарим багш нарт ижил төстэй хичээл заалгах, багш бэлтгэх их, дээд сургуулийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах, цахим сургалтыг хичээл сургалтад илүү эрчимтэй хэрэгжүүлэх гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх 2026 оны төсөв өнөөгийн боловсролын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэнэ гэдэгт итгэж байна гэв.УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/10/24
319
УЛС ТӨР
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэЦөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн.2009 онд УИХ-аас баталсан Цөмийн энергийн тухай хууль нь 8 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 8 бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулж байжээ. Хууль хэрэгжих хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийг харгалзан холбогдох өөрчлөлтийг эдгээр хууль тогтоомжид оруулах зүй ёсны шаардлага үүссэн байна.Хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ“Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдүгээрт, цахимжуулалт, хиймэл оюун ухаан, технологийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт хийх чиглэлээр стратеги, төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бүх байгууллагуудад уриалах, стратеги, төлөвлөгөөг салбар, улсын хэмжээнд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд 2025 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт танилцуулах, албан даалгаврыг биелүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжийн хүрээнд зохих хариуцлага тооцохыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгав.Товч мэдээЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөлд багтсан Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөр ахлуулан шинэчлэн зохион байгуулав.
2024/10/24
273
УЛС ТӨР
ЭЗБХ: 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2024.10.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг даргалсан бөгөөд 16 цаг 50 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэллээ.Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан төслийн талаар танилцуулав.Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлнэ гэлээ. Ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гараа болох тул төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай хэмээн Сангийн сайд дурдав. Шинэ 30 жилийн хөгжлийн суурийг тавих томоохон төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн 2025 оны төсвийн бодлогын гурван онцлогийг тэрбээр танилцуулав.Анх удаа бүсчилсэн хөгжлийг бүрэн дэмжсэн төсөв болж буйгаараа онцлог аж. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 23 жилийн дараа шинэчилж, газар түүний баялаг, түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглан, хүн ам, үйлдвэрлэлийн төвлөрлийг задалж, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг бүс нутгийн тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж, эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэх зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүсчилсэн хөгжлийг дэмжих, эдийн засгийн интеграцчилал бий болгоход шаардагдах нэн тэргүүний дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлжээ.Урьд нь хөрөнгө оруулалтыг аймаг, сумдаар жижиглэж төлөвлөдөг байсан бол 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүс нутгуудыг хөгжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүсүүдэд бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалт татах дэд бүтцийн томоохон төслүүдэд чиглүүлсэн хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. Үүний үр дүнд 2028 онд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4.440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1.650.9 МВт цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1.519 км цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Эдгээр бүтээн байгуулалтаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна гэлээ.Хоёрдугаарт, хувийн хэвшлийн оролцоог татварын бодлогоор дэмжихээрээ онцлогтой юм байна. Бүсчилсэн хөгжлийг дан ганц хөрөнгө оруулалтаар улсаас шийдэх боломжгүй хэмээн үзэж, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг дэмжих бүсийн татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд 20 гаруй нэр төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломж бүрдэх аж. Түүнчлэн, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцсэн томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоог урамшуулан идэвхжүүлэх бодлого баримталж, томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийхийг уриалан дэмжсэн татварын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.Гуравдугаарт, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхээрээ онцлогтой гэв. Нийслэл хотод сүүлийн 30 жилд нийтдээ 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Түгжрэл, орчны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгажээ. Ингэснээр төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх орчин нөхцөл бүрдэж, авто замын түгжрэл бодитой буурна хэмээн тооцсон байна.Энэ хүрээнд “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн мега төслүүдийг Засгийн газрын өрийн баталгаа гаргах хэлбэрээр, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, Туул хурдны зам, Шинэ их тойруу хурдны зам, Шинэ тойрог авто замын төслүүдийг нийслэлийн эх үүсвэр болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Сангийн сайд танилцууллаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд агаарын бохирдол 22 орчим хувиар буурч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, түгжрэлийн асуудал шийдэгдэнэ хэмээн тооцсон байна. Түүнчлэн, 37 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгосноор ажлын байр нэмэгдэж, хувийн хэвшил бизнесийн орчин сайжрах ач холбогдолтой гэлээ.Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлт 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлт 8.0 хувьд хүрч, нэгдсэн төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг болох тооцооллыг гаргасан байна. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Төсөлд Эдийн засгийн байнгын хороонд хамаарах Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын төсвийг 312.3 тэрбум төгрөг, Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийг 22.4 тэрбум төгрөг, Үндэсний статистикийн хорооны даргын төсвийг 36.9 тэрбум төгрөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын төсвийг 494.3 тэрбум төгрөг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын төсвийг 70.8 тэрбум төгрөг, Зам, тээврийн сайдын төсвийг 1,645.6 тэрбум төгрөг, Эрчим хүчний сайдын төсвийг 315.2 тэрбум төгрөг, Монгол Улсын Шадар сайдын төсвийг 412.3 тэрбум төгрөг, Монгол Улсын Шадар сайдын төсвийг 8.6 тэрбум төгрөг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын төсвийг 15.9 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөжээ.Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулсан харьцуулалтын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням дэлгэрэнгүй танилцуулсан юм. Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэжээ.Хуралдаанд оролцож буй гишүүд Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авсан. Төсвийн төсөл дэх урсгал зардал нэмэгдсэн шалтгааны талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Р.Батболд нар тодруулж, Сангийн сайд хариулахдаа төсвийн урсгал зардал нь хөрөнгө оруулалтаас шууд хамаардаг гэдгийг дурдаад “Аль болох урсгал зардлыг бууруулах, хүний оролцоог багасгах, цахимжуулах, ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэлээр төсвийн шинэчлэлүүдийг сүүлийн жилүүдэд хийж байгаа. 2025 оны төсвийн зардлын нэмэгдэл нь 5.3 их наяд төгрөг байгаа. Үүний 1.7 их наяд төгрөг нь хөрөнгийн зардал бол 3.5 их наяд төгрөгийн 70 хувь нь хүн амын статистик өсөлт, тариф, инфляцын өсөлттэй холбоотой. Үлдсэн 30 хувь нь хууль тогтоомжийн өөрчлөлтөөс үүдсэн, хэрэгжилтийг хангах хүрээний зардал. 14 орчим хувийн зардлын өсөлт нь “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” зэрэг үндэсний хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах урсгал зардал” гэв. Төсвийн бодлогын үр дүнд бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор нэмэгдэж байх шаардлагын талаар Ч.Лодойсамбуу гишүүн байр сууриа илэрхийлсэн.Төсвийн зардлын өсөлт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлөх талаар болон эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлөх шилжилтийн зардалын хуваарилалтын талаар Б.Жаргалан гишүүн асуулаа. Төсвийн зарцуулалт бүр эцсийн дүндээ хувийн хэвшилд, аж ахуйн нэгжүүдэд хүрдэг гэдэг тайлбарыг Б.Жавхлан сайд хийгээд төсөлд тусгагдсан төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхтэй холбоотой зардлын талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгсөн юм. 2024 оны төсвийн тодотголд эрчим хүчний салбарт 131.4 тэрбум төгрөг тусгаж баталсан. Үүнийг үнэ тариф нэмэгдэх хүртэл бэлэн мөнгөний урсгалын дутагдалд орсон, санхүүгийн их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа нөхцөлд нүүрсний уурхайнуудын аваарын нөөц бэлтгэх, уурхайнуудын өр, авлагыг барагдуулах зэрэг өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд зарцуулсан гэдэг хариултыг салбарын яамнаас өгсөн. Ирэх оны төсвийн төсөлд эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэний дараа үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор 50 тэрбум төгрөг тусгасан гэв. Бүтээмжийг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг бууруулах тооцооллыг улсын төсвийн төсөлд тусгаж байх саналыг Л.Соронзонболд гишүүн хэлээд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын төсвийн төсөлтэй холбоотой тодруулга хийсэн юм.Төсвийн зардлыг бууруулахын тулд орон нутгийн засаг захиргааны нэгжийг шинэчлэн зохион байгуулах, мөн төрийн зарим байгууллагад бүтцийн хэмнэлт хийх боломжтой гэдэг саналыг Н.Батсүмбэрэл гишүүн хэлж байв. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд энэ асуудлыг судалж, тусгасан гэдэг хариултыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өгсөн. Төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийг холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар хийх боломжтой гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Г.Лувсанжамц гишүүн төсөл, хөтөлбөрүүдийг үр ашгаар нь эрэмбэлж, дунд хугацаандаа төсөвлөдөг болох санал гаргаж, төсөл дэх зарим арга хэмжээ, төлөвлөлтийн талаар ажлын хэсгээс тайлбар авсан юм.О.Цогтгэрэл гишүүн төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа хөрөнгийн урсгалын талаар хөндөж, үүнтэй холбогдуулан бодлогын зөвлөмж гаргаж, арга хэмжээ авсан эсэх талаар Үндэсний аудитын газраас тодруулж, хариулт авсан бол Б.Найдалаа гишүүн төсвийн төлөвлөлттэй холбоотой асуудлаар тодруулга хийж, байр сууриа илэрхийлсэн.Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны гишүүд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан, шийдвэрлэв. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/10/23
313
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж байна
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн хамт өнөөдөр /2024.10.22/ Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж байна.Хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэнэ гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Тэгвэл манай улсад санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 30 хууль, 139 журам байна. Эдгээр журмуудыг багасгах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хэрэгцээ шаардлага байгааг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй тус хороо 2024 оны 3-р улирлын байдлаар 4.243 зохицуулалттай этгээд, 2.499 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.УИХ-ын даргын зүгээс орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудад СЗХ-ноос өдөр тутамдаа хяналт тавин ажилладаг болоход анхаарлаа хандуулж ажиллана гэлээ. Мөн гаргаж буй санхүүгийн бүтээгдэхүүнүүд байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилт гэх мэтээр чиглэгдэх нь чухал байна гэлээ.
2024/10/22
310
УЛС ТӨР
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллав
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Ч.Анар, Н.Батсүмбэрэл, Г.Хосбаяр, Б.Жаргалан, Э.Болормаа, Х.Жангабыл, Х.Тэмүүжин нар өчигдөр (2024.10.21) Батлан хамгаалах яам (БХЯ), Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын үйл ажиллагаатай танилцлаа.Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлого, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй санал солилцов. Уулзалтад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Одхүү болон бусад газар, хэлтсийн дарга нар байлцлаа.Монгол Улсын Зэвсэгт хүчний бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулсан юм. Мөн тус штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дугаррагчаа Зэвсэгт хүчний Нэгдсэн ажиллагааны төв, зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа зэвсэг, техникийн талаар мэдээлэл хийв. Байнгын хорооны гишүүд тус Нэгдсэн ажиллагааны төв болон зэвсэг, техниктэй танилцаж, “Бүх цэргийн Их Хар сүлд”-энд хүндэтгэл үзүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/10/22
255
УЛС ТӨР
'Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт' сэдвээр хяналтын сонсгол зохион байгуулна
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулна.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.Хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажиллана.Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү. Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаАжлын албаны утас: 51-267155
2024/10/22
344
УЛС ТӨР
Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг эрчимжүүлэхээр “Чайна Энержи” группийн удирдлагатай тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа.Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, өргөжин хөгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод уламжлалт харилцаагаа улам бататгаж, ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнөх харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замаа тодорхойлох учиртай гэдгийг тэмдэглэлээ. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн гэлээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэ-тэй уулзлаа. 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын газрын тос, байгалийн хийн корпораци (CNPC)-ийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж газрын тосны чиглэлээр хамтран ажиллах, байгалийн хий дамжуулах хоолой барих, шатахуун худалдан авах зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт тус корпораци түүхий эд нийлүүлэх боломжтойг Ерөнхий сайд хэллээ. БНХАУ-аас импортлох Евро-5 стандартын шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тус корпорацитай хамтран шинэ талбайд газрын тосны хайгуул хийж олборлолтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Ялангуяа талууд хамтарч газрын тосны хайгуул олборлолтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.
2024/10/22
253
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа.Монгол Улсын Ерөнхийлөгчийг ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд Дархан цэргийн хүрээний хүндэт харуул угтаж, ангийн үйл ажиллагааг захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа О.Чулуунбаатар танилцууллаа.Ерөнхийлөгч тус ангийн Гадаад хэлний сургалтын төвд зочилж, англи хэлний анхан шатны хичээлд суралцаж буй ахлагчидтай уулзав.Тус анги нь 2006 онд Их Британи Улсын хөрөнгө оруулалтаар Гадаад хэлний сургалтын төвийг байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 837 цэргийн алба хаагч англи хэлний сургалтад хамрагджээ. Үүнээс 115 цэргийн алба хаагч АНУ, БНЭУ, Канад, Австрали улсуудад мэргэжил ахиулах дамжаанд суралцжээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг төрийн цэргийн байгууллагууд дэмжин, идэвхтэй оролцож буйг сайшаалаа.Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн амар тайван байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахыг захив.Бие бүрэлдэхүүний найдвартай ар тал, түшиг тулгуур болж байдаг гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
2024/10/21
290
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярын үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинэ байранд ажиллалаа.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ яамны удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого төлөвлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал буюу “Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр яам Дархан-Уул аймагт шилжсэнээр салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг төвийн бүс рүү чиглүүлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн кластерууд, бусад төрлийн үйлдвэрлэлийг төвийн бүсэд хөгжүүлэхээс гадна тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг онцоллоо.Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.Үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг буюу төвийн бүс нутгийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгохоор төлөвлөсөн.Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр гарсан юм.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр үе шаттайгаар хэрэгжиж, яамны бүрэлдэхүүний эхний ээлж, Хөдөө аж ахуйн корпорац, Хөдөө аж ахуйн бирж Дархан хотноо шилжин ирсэн байна.
2024/10/21
291