mmnews.mn | 2025-06-07

УЛС ТӨР

УЛС ТӨР
Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс УИХ-ын чуулганы хуралдаанд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.10.17) хуралдаанд Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо.Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочдод хандан Улсын Их Хурлын нийт гишүүний нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ын хүрээнд манай хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр цохон тэмдэглэлээ.Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт улам өргөжин хөгжиж, иргэд хоорондын харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд хатагтай Сюзан Лаянс тэргүүтэй Австралийн парламентын гишүүд, төлөөлөгчдөд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилт хүсэн ерөөв.Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/10/17
237
УЛС ТӨР
'Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай' Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлснээр үргэлжиллээ.УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүсчилсэн хөгжлийн татварын ялгаатай бодлогыг оновчтой тогтоох болон Монголбанк мөнгөний бодлогыг улстөржилгүй анхаарч ажиллах талаар саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, гадаадын хөрөнгө оруулалтай банкны салбарыг оруулж ирэх нь макро эдийн засагт эерэг нөлөөтэй тул энэ асуудалд анхаарч ажиллахыг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авсан банкуудаас буцаан төвлөрүүлэх талаар ажиллах санал хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Түвшин, Монголбанк Мөнгөний бодлогын зөвлөлийг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан зургаан сар тутамд бус ойр ойрхон хуралдуулах шаардлагатай байна гэв. Харин УИХ-ын гишүүн Э.Батшугар, Төв банкны хараат бус, ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулах орон зай байна. Төв банкны тухай хууль болон санхүүгийн салбарын хуулиудад дүн шинжилгээ хийх ажлын хэсэг гаргах саналыг дэмжиж байна. Гадаад орнуудын банкуудын сайн туршлагыг судалж, Төв банкны эрх зүйн орчныг сайжруулах тухай санал хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, зорилтот бүлэгт чиглэсэн хүү багатай зээл гаргах, улмаар багш нарыг ипотекийн 3 хувийн зээлд хамруулах талаар анхаарч ажиллахыг хүслээ.Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.Тус төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан.Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг “Эрдэнэс тавантолгой” ХК  хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан нөхцөл, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд голлох нөлөө бүхий хоёр хилийн боомт ямар шалтгааны улмаас 24 цагаар үйл ажиллагаа явуулахаа зогсоосон болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг биелүүлж, биржээр нүүрс арилжаалах ажиллагааг 80 хүртэл хувьд хүргэх талаар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж говийн бүсэд дулааны цахилгаан станц барих ажил удааширсан шалтгаан, цаашид эрчим хүч тасалдах эрсдэл үүсвэл хүлээх хариуцлагын талаар асуулт асууж, санал хэлсэн болно гээд Байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг  байгуулан ажилласан гэв.Ажлын хэсэг тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол, тогтоолын төслийн хавсралтад тусгагдсан бусад төсөл, арга хэмжээний нэр томьёог жигдлэх, тоон үзүүлэлтүүдийн хувь, хэмжээг өөрчлөх зэрэг санал бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тухай танилцуулсан. Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй 56 саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулсан гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Ганзориг, хөгжлийн төлөвлөгөөнд бизнесийн орчныг таатай болгох заалтууд тодорхойгүй байгааг дурдаад татварын дарамт, зээлийн хүүг бууруулахад хэрхэн анхаарах талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ирэх жилүүдэд хүний эрхийг хангахад ахиц гарах эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах талаар тодруулж байлаа.Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, тогтоолын төсөлд хөгжлийн төлөвлөгөөний үндсэн дөрвөн чиглэлийн нэг бүлэгт хүний эрхийг хангах талаарх асуудлыг тусгасан. Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэл 20 гаруйхан хувьтай байна. Шүүхийн шийдвэр барагдуулах төсөв маш бага байдаг нь шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан юм. Тухайлбал, хоёр тэрбум төгрөгийн авлагатай компанид 20 сая төгрөг хуваарилагдах жишээтэй. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар ажиллаж байна хэмээн хариулж байлаа.Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, хөгжлийн төлөвлөгөөнд урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурь зарчмуудыг тусгасан. Тухайлбал, бизнесийн орчинд цогц судалгаа хийж, саад тотгорыг арилгах, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг зорилт, арга хэмжээнүүд багтаж байна. Засгийн газраас татварын бодлогыг шинэчлэх зорилтын хүрээнд боловсруулалтын салбарын гаалийн татварыг тэглэх зэрэг цөөнгүй өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна гэв.УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эрчим хүчний үнийг 30-50 хувиар нэмэхээр тусгасныг тодотгоод өмнөх онуудын дамжуулан зээлдүүлэх өрийн үлдэгдэл эрчим хүчний салбарт 1,5 орчим их наяд төгрөгт хүрснийг дурдав. Иймд эрчим хүчний үнийг нэмэхийг урьтал болгохгүйгээр зээлийн асуудлаа шийдэх боломж байгаа эсэх талаарх асуултад Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн хариулсан.Тэрбээр, эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт бага байсан тул гадаад, дотоодын зээл, тусламж авахаас өөр аргагүй. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар урт хугацаатай 1,8 их наяд төгрөгийн өртэй байна. Мөн эрчим хүчний алдагдал 2023 оны жилийн эцсийн байдлаар 370 орчим тэрбум, 2024 оны алдагдлаа нэмэхээр 540 орчим тэрбум төгрөгт тус тус хүрсэн. Цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл, түгээх, дамжуулах, хангах зардал 1квт нь  285 төгрөгийн өртөгтэй. Гэтэл иргэдэд борлуулж буй үнэ 140 төгрөг. Эрчим хүчний үнийг нэмэгдүүлээгүй явснаар ийм их өр, төлбөрийг үүсгэсэн. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар эрчим хүчний үнэ, тарифыг нэмэгдүүлэх асуудлыг танилцуулна гэв.Ингээд УИХ-ын гишүүд асуулт асуусны дараа Эдийн байнгын хорооноос  нэгтгэн гаргасан зарчмын зөрүүтэй 56 саналаар санал хураалт явуулав. Энэ үеэр Ажлын хэсгээс саналын томьёололд эргэж нягтлах асуудал гарсан гэсэн тул санал хураалтыг баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/10/17
274
УЛС ТӨР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлт зэрэгтэй тэмцэхэд үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцол чухал
Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлыг угтсан Дээд хэмжээний олон талт хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд эхэллээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.Тэр бээр, байгаль орчны гурван тулгуур асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах нь нэгэн цогц ойлголт, тус тусад нь авч үзэх боломжгүйг тэмдэглэлээ.Цаашид бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.Монгол Улс шинэчилсэн үүрэг, амлалтаа нэн яаралтай боловсруулан хүргүүлэх, ялангуяа ирэх оны төсөв, мөнгөний бодлого, хөгжлийн төлөвлөгөөг УИХ хэлэлцэж буй энэ үед Засгийн газар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого, үйл ажиллагаагаа үнэлж, төлөвлөхөд онцгой анхаарахыг санууллаа.Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой тэмцэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” гэсэн  харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж байгааг дурдлаа.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үе шатанд дэлхийн улс орнууд, хөгжлийн түнш, олон улсын байгууллагууд улам идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриаллаа.Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оноос хойш жил бүр Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх асуудлуудыг зохицуулдаг РИО-гийн гурван конвенцын Талуудын бага хурлыг угтан оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байна.Энэ удаа хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, үр дүнгээ сайжруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд шаардлагатай гол асуудлууд, түүний дотор эрх зүйн шинэчлэл, салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалт, бодлого, төлөвлөлтөө сайжруулах талаар хэлэлцэх юм.Хэлэлцүүлгээс:Хууль эрх зүйн орчныг сайжруулах,Салбар дундын зохицуулалтыг нэмэгдүүлэх,Санхүүжилт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,Оролцогч талууд болон олон нийтэд нээлттэй байх,Олон талт гэрээ, хэлэлцээр, конвенцын өмнө хүлээсэн үүрэг, амлалтын тайлагналтыг сайжруулах зэрэг чиглэлээр зөвлөмж гаргана.Мөн ирэх оны эхээр Биологийн олон янз байдал, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын Дээд хэмжээний уулзалтуудаас гарсан шийдвэр, Монгол Улсын оролцоог тайлагнасан хурлыг (PostCOP) зохион байгуулахаар төлөвлөж байна.Хэлэлцүүлэгт Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагууд, төр болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хүүхэд, залуучуудын төлөөлөл болох 70 орчим байгууллагын 180 гаруй хүн оролцож байна.Уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий хүнс, хөдөө аж ахуйн салбарт охид, эмэгтэйчүүд голлон ажилладаг нь тэдэнд илүү хүнд тусдаг.Иймээс НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлсэн.Мөн 2026 онд “Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенц”-ын Талуудын 17 дугаар бага хурал”, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг  зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.Энэ онд:НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (UN CBD COP16): 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Колумби Улс, Кали хот,НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (UNFCCC COP29): 2024 оны 11 дүгээр сарын 11-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улс, Баку хот,НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (UNCCD COP16): 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улс, Риад хотноо болно.
2024/10/17
300
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд (2024.10.15) ажиллаж байна. УИХ-ын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтыг бий болгохоор санал солилцож байна.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд “Шүүх байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд хамтран ажиллана” гэлээ.Тэрбээр, Хууль тогтоох дээд байгууллага, шүүх засаглал нь тус тусын чиг үүрэгтэй боловч хууль, эрх зүйн шинэчлэлийг явуулахад хамтран ажилласнаар хууль тогтоомжуудыг иргэдийн хүлээлтэд нийцүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг шүүх байгууллагуудын үйл ажиллагааны талаар танилцуулав. Шүүгчийн ачаалал их, ажиллах орчин нөхцөл хүнд байгаагаас шалтгаалж сул орон тоо бүрэн нөхөгдөхгүй байгаа талаар мэдээлэв.Өнөөдрийн байдлаар шүүхүүд 42 барилгад үйл ажиллагаа явуулж буй ч 36 нь стандартын шаардлага хангахгүй, суулттай, мөөгөнцөр үүссэн гэх мэт асуудалтай байгааг тодотгов. Мөн шүүхүүдийн 6 нь өөрийн байргүй, 4 нь прокурорын байгуулагын байранд, 1 нь орон нутгийн өмчийн барилгад байрлаж байгаа нь хараат бусаар ажиллах боломжийг хязгаарлаж буйг онцлоод, шүүх байгууллагын байр, орчин нөхцөлд анхаарлаа хандуулахыг хүслээ.Уулзалт Шүүхийн ерөнхий зөвлөлд үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/10/15
310
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.Айлчлалын хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзлаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч М.Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо – Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ.Айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэлээ.Мөн “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг амжилттай зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоосон нь цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.1992 онд Монгол Улс болон Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд анх удаа хэрэгжсэн энэхүү дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой айлчлал болж өндөрлөлөө.
2024/10/13
254
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна. 
2024/10/14
340
УЛС ТӨР
'Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт' сэдвээр хяналтын сонсгол зохион байгуулна
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулна.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.Хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажиллана.Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү.   Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаАжлын албаны 51-267155Дэлгэрэнгүйг эндээс: https://www.parliament.mn/nn/63077/
2024/10/10
304
УЛС ТӨР
2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуй нэгжүүдэд уриаллаа
Аялал жуулчлалын Үндэсний хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж “Go Mongolia 2.0” хөтөлбөр болон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар  “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 2024 онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувь өсөж, 2024 эхний 10 сарын 07-ны байдлаар манай улс 680,711 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь 70 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 40 хувиар, 2023 оноос 23 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнийг ахиулж 2024 оны эцэс гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг “Go Mongolia” нэгдсэн брэндингийг олон улсад сурталчлах аянд нэгдэхийг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд хойд бүсийг байгалийн, зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, баруун бүсийг байгалийн аялал жуулчлалын дэд бүс болгон хөгжүүлэхээр зарласан. Бүсчилсэн хөгжлийн энэ бодлоготой уялдуулан ирэх дөрвөн жилд 4,440 км зам барьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбож дуусгахаар төлөвлөж байна. Мөн хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, байнгын ажиллагаатай боомтуудын тоог нэмэх, авто болон төмөр замаар холбох ажлуудыг үргэлжлүүлж олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөхөөр төлөвлөж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.Хуралдаанд оролцогчид аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэхтэй холбоотой дараах саналуудыг хэлэв. Үүнд төрийн байгууллагууд олон улсын арга хэмжээ, хурал зөвлөгөөнүүдийг аялал жуулчлалын идэвхгүй сар болох өвлийн улиралд зохион байгуулах, өвлийн улиралд жуулчдыг татахын тулд эдгээр саруудад жуулчдад зориулсан хямдралт худалдаа явуулдаг байх, дотоодын жуулчдыг татахын тулд аялал жуулчлалын бүс нутгуудад орон нутгийн нислэгийг амралтын өдөр тааруулах, гадны томоохон нисэх буудлуудад Монгол Улсыг сурталчлах урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, аяллын хөтөч мэргэжлийг эрэлттэй мэргэжилд багтаах талаар хөндлөө.Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр гарсан саналуудыг ажил хэрэг болгох бүрэн боломжтойг дурдаад холбогдох байгууллагуудад асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо. Монгол Улсын Шадар сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны гишүүн Т.Доржханд Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой, өндөр үр ашигтай салбар болохыг онцлоод хамтарсан Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтвортой бодлого баримтална. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүч, дэд бүтцийн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эдгээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолж, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхнийг  Засгийн газар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.
2024/10/10
279
УЛС ТӨР
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэМонгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа.Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын түүх, уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт, амжилтыг гадаадад сурталчлах, Монголд зочлох сэдэл төрүүлэх ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Тиймээс Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. Төлөвлөгөөт ажлын дагуу 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг болох зорилтыг дэвшүүлээд байна. Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой хуулийн төслүүдийн явцыг хэлэлцэвХүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа.Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагаатай Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа. Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборуудыг байгуулнаХамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төсөл ба боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.Бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах “Кокс-химийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Зэс боловсруулах цогцолбор”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Жонш баяжмал боловсруулах цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн технологийг эзэмших, хүний нөөцийг бэлтгэх, ирээдүйн томоохон төслийн ТЭЗҮ-ийг тодорхойлох зорилгоор туршилт тохиргооны бага оврын үйлдвэр байгуулж хийн түлш, нийлэг материал, устөрөгч гарган авах зорилтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ.Цаашид үйлдвэрлэл, технологийн парк байгуулсан болон байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах, паркийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцыг танилцуулавТавантолгой-Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн талаарх 2008 оноос хойш УИХ, Засгийн газар, салбарын сайд нарын гаргасан шийдвэр ба хэрэгжилт, Ерөнхий сайдын 2024 оны 28 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд байсаар ирсэн.“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан. Мөн Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулаад байна.   Товч мэдээБүгд Найрамдах Итали Улсад энэ оны долоодугаар сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан”-д оролцож, мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд Монгол Улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нар хоёрдугаар байрт шалгарсан тул Засгийн газрын журмын дагуу 6,0 сая төгрөгийн мөнгөн шагнал, оюутан Н.Бодьзавьяа нь ганцаарчилсан төрөлд мөн хоёрдугаар байрт шалгарсан тул 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв.
2024/10/09
298
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-тай албан ёсны хэлэлцээ хийж, Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов-тай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон улсын форумд хүндэт зочноор оролцоно.
2024/10/07
308
УЛС ТӨР
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг Улсын Их Хурлаас нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан тул уг албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэд холбогдох баримт бичгийг бүрдүүлж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсвэл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ ирүүлнэ үү.Нэр дэвшихийг сонирхсон хүмүүс www.parliament.mn (энд дарна уу) цахим хуудсаар нэвтэрч, нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримттай танилцана уу.Лавлах утасны дугаар (ажлын цагаар):51-267155, 51-262727Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 426 тоотБаримт бичиг файлаар хүлээнавах цахим шуудангийн хаяг:[email protected] Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо
2024/10/07
239
УЛС ТӨР
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа
Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос зохион байгуулсан “Хөдөлмөрийн үнэлэмж-Амьдралын баталгаа” жагсаал, цуглаанд оролцогчдоос энэ сарын 03-нд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд албан шаардлага ирүүлсэн юм. Уг шаардлагатай холбогдуулан тус Байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа болон холбогдох албаны хүмүүсийг урьж уулзлаа.ҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа албан шаардлагынхаа үндэслэлийг танилцуулж, эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойш гажуудал ихээхэн гарч, эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүй, эмч, ажилтнуудынхаа татвар, шимтгэлийг төлөх боломжгүй болсон хэмээв. Энэ мэт нөхцөл байдлыг үндэслэн дээрх жагсаал, цуглаанд оролцогчид салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6.0 хувьд хүргэх, төрөөс даадаг даатгуулагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 3.0 хувь болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг арилгаж, эмч, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ажил, үйлчилгээг бодитой үнэлж, норм нормативыг шинэчлэн, ажлын хувцас хэрэгслийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг байх зэргийг шаардлагадаа дурджээ.Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны үед орон нутагт томилолтоор ажиллахдаа аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, бий болсон нөхцөл байдлын талаар ойлголт авсан тухайгаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан танилцуулаад, ҮЭХ-ны албан шаардлага, түүнд дурдсан асуудлуудын талаар ярилцаж ойлголцох, гарц гаргалгааг хамтран хайх зорилгоор энэ уулзалтыг хийж байна гэсэн юм. Уулзалтад Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Лувсан, Сангийн яам (СЯ)-ны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга У.Бат-Очир, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Хөдөлмөрийн бодлогын газрын мэргэжилтэн Ш.Гэрэлцэцэг нар оролцож, ҮЭХ-ны шаардлагад дурдсан асуудлуудаар товч тайлбар өгсөн юм. ЭМЯ-ны газрын дарга Л.Лувсан салбарын нийт өр, авлага, Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын сангийн орлого төвлөрүүлэлт, тасалдал, эмч, ажилтнуудын дундаж цалингийн тухай болон өр шийдвэрлэх талаар явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулав. Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг жил ирэх тутам нэмэгдүүлж буйг дурдаад, ялангуяа нийгмийн суурь үйлчилгээний зардлыг унагахгүй байх, ахиулах бодлогыг Сангийн яам баримталж байгааг онцоллоо. ГБХНХЯ -ны мэргэжилтэн Ш.Гэрэлцэцэг төрийн албан хаагчдын цалинг 2024 онд үе шаттай нэмэгдүүлсэн болон ирэх 2025 оны нэгдүгээр сараас 6.0 хувиар нэмэгдүүлэхээр болсон талаар мэдээлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар тайлбар өглөө.Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, хэрэгжилтийн явцад гарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд яамд болон холбогдох талууд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэж, Байнгын хороо болон эрүүл мэндийн салбарын төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/10/07
298
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн 18 жилийн хугацаанд улсын эдийн засгийн тулгуур багана болсон хувийн хэвшлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийллээ. Европын сэргээн босголт хөгжлийн банк манай улсад нийт 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр 140 төсөлд олгосон нь хувийн хэвшлийг төрөлжүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг мөн онцлон тэмдэглэв. Хамтарсан Засгийн газар эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Эдгээрийн дийлэнхи нь уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжих бөгөөд эрчим хүчний реформ, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, дагуул хотууд, дэд бүтцийн асуудал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэгт Европын сэргээн босголт хөгжлийн банкны туршлага, дэмжлэг чухал байгааг онцлов.Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассо Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч буйг сайшааж эрүүл мэнд болон эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төслүүд, банк санхүүгийн орчныг сайжруулахад хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ.
2024/10/07
270
УЛС ТӨР
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал танилцуулсан.Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээрийн зүйлийн 39.24-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдсан байв.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин “Цагдаагийн албаны тухай хуулийн нэг заалт иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулж байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан. Гэхдээ салбарын хуульд нь холбогдох зохицуулалт байхгүй атал хүний эрхийг зөрчдөг байгууллага цөөнгүй байгааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авч, цаашид иргэний үндсэн эрхэнд халддаг энэ байдлыг зогсоох чиглэлээр ажиллах нь зүйтэй” гэж байлаа.  Хуулийн төсөлд 26.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байв. Ингээд Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээДараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нар тус тус танилцуулсан.  Экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд 2022-2024 онд хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд ашигт малтмалыг "ам үнэ"-ээр бус "хил үнэ"-ээр борлуулдаг болсон. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо бүрдэж, ашигт малтмалын гэрээний бүртгэл бүрэн хийснээр уул уурхай болон ашигт малтмалын тээврийн салбарт ил тод байдал сайжирсан. Эдгээрийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2022 онд 5 хувиар, 2023 онд 7.4 хувиар, 2024 оны эхний хагаст 5.6 хувиар тус тус өссөнийг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцлов.Түүнчлэн ирэх жилүүдэд хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүд, экспорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын төлөв байдал болон худалдааны түнш улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувь, 2026, 2027 онд тус тус 6.5 хувь орчимд байхаар тооцоолсон гэлээ.2025 онд 14 мега төслийн хэрэгжилт эдийн засгийн 8 хувийн өсөлтийн 2.2 хувь буюу дөрөвний нэгийг бүрдүүлэхээр байна. Улмаар 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 95 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6,800 ам.доллар болж нэмэгдэнэ. Мөн экспорт 19 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Цаашид валютын нөөцийг зузаатгаж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэн, төсөв, мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр инфляцыг 2025 онд 7.5 хувь, 2026 онд 5 хувь, 2027 онд 4 хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа явуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл санал, дүгнэлтдээ онцолсон.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийнхээс зөрүүтэй байгаа шалтгаан, мега төслүүдийг хэрэгжүүлэх явцад төсөвт өртөг нь нэмэгдэж, улмаар төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орох нөхцөл байдал үүсэх эрсдэлийг тооцсон эсэхийг гишүүд тодруулж байлаа.Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариултдаа "Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд туссан үзүүлэлтийн тоонууд зөрүүтэй байгаа. Ер нь Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн тооцоолол ч зөрүүтэй байдаг. Төсвийн хүрээний мэдэгдэл үндсэн есөн үзүүлэлтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2025 оныхоо тоог л шинэчилж буй хэрэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2024 онд 8 хувь гэж баталсан тул бид энэ тоог барина гэж бодож байгаа” хэмээв.Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтэд тавьсан тоонуудыг дээд хязгаар гэж ойлгох хэрэгтэй. Эл хязгаарт тааруулж төсвийн төслөө өргөн мэдүүлсэн. Иймд Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардал хэсэгт асуудлыг нарийвчлан тооцож тусгасан хэмээн хариулж байлаа.Хэлэлцэх асуудалтай холбогдуулан урьдчилан мэдэгдсэний дагуу УИХ дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин санал хэлсэн. Тэрбээр зарчмын хувьд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Энэ жил төсвийн орлого, зарлагын хязгаарыг дээд хэмжээнд нь хийжээ. Төсвийн орлогоо төвлөрүүлж чадахгүй тохиолдолд өндөр зарлагуудаа нөхөж чадахгүйд хүрч, эдийн засагт хүндрэл үүсэх эрсдэл байна" хэмээн анхаарууллаа.Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээҮргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн талаар танилцуулсан. /бүрэн эхээр нь эндээс/Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн  банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласнаас хойш төсөөллөө ахиулж 6 болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилсэн гэв.Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төслийг 2025 оны төсвийн жилд эхлүүлж чадвал оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.14 мега төслийн 5-аас доошгүй нь хэрэгжиж эхэлснээр 2025 оны төсвийн жил төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй болно. Уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч, эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг энэ оны төсөвт суулгасан гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдлаа. Төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гарган салах шаардлагатай гээд 2025 оны төсвийг эдийн засгийн суурийг тэлэх дэд бүтцэд зарцуулна хэмээсэн. Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн үзүүлэлтийг 2025 оны төсвийн нийт эх үүсвэр 35.8 их наяд төгрөг, урсгал зардал 24.5 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтын зардал 4.3 их наяд төгрөг, Тогтворжуулалтын сан 608.9 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн сан 2.4 их наяд төгрөг байхаар тооцжээ. 2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал, эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж, экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэх, 35.0 мянган ажлын байр шинээр бий болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.Дараа нь  хуулийн төсөлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. Тэрбээр, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформ, нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилтын хүрээнд төсөвлөгдсөн байна гэлээ.Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурт нийцэж байгаа эсэхэд аудитаар дараах дүгнэлтийг  гаргажээ. Үүнд:Нэг. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд ДНБ-ий 42.6 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаатай нийцэж байна.Хоёр. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, Нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий хоёроос дээш хувийн ашигтай байх, Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг хангасан байна.Гурав. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалд нийцсэн боловч Улсын Их Хурлаас тухайн жилийн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлаагүйгээс түүнд чиглэсэн эсэхийг харьцуулан дүгнэх боломжгүй хэмээн дурдсан байлаа.Түүнчлэн уг дүгнэлтэд үндэслэн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг жилийн төсвийн төслийг боловсруулахаас өмнө баталж байх, Төсвийн тухай хуульд заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах зарчмын хүрээнд төсөвлөлтийн шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөвт тусгахгүй байхыг анхааруулсан байв.Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан.Уг дүгнэлтэд, Төсвийн орлого төлөвлөлтийн талаар:-Төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндрөөр төлөвлөж байна.Төсвийн зарлага төлөвлөлтийн талаар:-Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байна.-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хариуцлагыг нэмэгдүүлэx шаардлагатай байна.Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар:-Хөрөнгө оруулалтын бодлого нь макро эдийн засаг, нийгмийн тэргүүлэх зорилгод чиглэсэн байна.   -Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага байна.-Хөрөнгө оруулалтын төслийг сонгох, эрэмбэлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.-Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн оновчтой хувилбарыг тодорхойлох шаардлагатай.Засгийн газрын нийт өр, төлбөрийн   талаар:-Засгийн газрын өрийн үлдэгдэл жил ирэх тусам нэмэгдэж байна гэж тус тус дурдсан байлаа.Өнгөрсөн жилүүдэд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар гаргаж ирсэн удаа дараагийн тайланд тусгагдсан дүгнэлт, зөвлөмжүүдтэй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт нийцэж байгаа аж.Дэлхийн банкнаас 2018 онд гаргасан Эдийн засгийн тоймд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь ил тод байдлыг нэмэгдүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжиж, төсвийн үйл ажиллагааны талаар эрүүл зөвлөмжийг гаргадаг” гэж дүгнэсэн хэмээн Н.Энхбаяр  дарга онцолж байлаа.Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсны дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцдэг. Учир нь хуулийн төслүүдийн нийцлийг хангах холбогдох хуулийн заалтай” гээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох заалтад үндэслэн тав хоногийн завсарлага авах саналаа танилцууллаа. Уг саналыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүлээн авсан. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/10/04
259
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалаа
“Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх тус ангид ажиллаж, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмад дайчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.Тэрбээр, Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал, бүрэн эрхт тусгаар улсын бэлгэ тэмдэг бөгөөд бие бүрэлдэхүүний цог жавхаа, тэсвэр хатуужил, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэл, чанд сахилга бат нь цэргийн алба хаагчид төдийгүй хүүхэд, залуучуудын үлгэр дуурайлал мөн гэдгийг онцоллоо.Алба хаагчид цэргийн сүр жавхааг улам өндөрт өргөж, төрийн цэргийн байгууллагуудыг үлгэрлэн манлайлж явна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.Цаашид Төрийн хүндэт харуулын нэр төр, ур чадвар, хувцас хэрэглэл, ахуй хангамж өндөр түвшинд байж, энэ албанд залуучууд тогтвортой алба хаах, өсөн дэвжих боломжтой орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.Алба хаагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, хүндэт харуулын сургалт бэлтгэл, ахуй хангалтыг олон улсын жишигт хүргэх, бие бүрэлдэхүүний нөхөн хангалтыг ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.Бүгд Найрамдах Улсаа тунхагласны дараа Нийслэл хүрээний цэргийн комендантаас Улаанбаатар хотын комендант болсон нь 032 дугаар ангийн түүхэн замналын эхлэл юм.Тус анги цэргийн ёс журам сахиулах, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг гүйцэтгэх, Төрийн их сүлд шүтээнийг сахин хамгаалах үүргээ нэгэн зууны турш нэр төртэй гүйцэтгэж байна.Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо идэвхтэй явуулж, гадаадын өндөр, дээд түвшний айлчлал эрс нэмэгдэж байна.Энэ онд гэхэд л Төрийн хүндэт харуул долоон улсын төрийн тэргүүн, 12 улсын Элчин сайдыг хүлээн авч, 200 гаруй төрийн болон цэргийн ёслолын үүрэг гүйцэтгэсэн нь 2020 онтой харьцуулахад гурав дахин өсжээ.Тус анги өнгөрсөн хугацаанд 5,900 гаруй төрийн болон цэргийн ёслолын үүргийг өндөр түвшинд гүйцэтгэж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тус ангид ажиллах үеэрээ төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснийг нь сайшааж, тус ангийн алба хаагчдын ажлын орчныг сайжруулахад зориулан “Ахуйн үйлчилгээний төв” байгуулах төсөл хэрэгжүүлэх болсныг батламжлав.
2024/10/04
254