mmnews.mn | 2025-06-08

УЛС ТӨР

УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хөндөж, НҮБ Монгол Улсыг тууштай дэмжиж ажилладагт талархлаа илэрхийлэв.Түүнчлэн Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл өгч, НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлд бэхжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын 2026 онд эх орондоо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг онцолж, бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа тэмдэглэлээ.Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж, мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй бөгөөд эрчимтэй хөгжүүлж байгаа нь бахархууштай хэмээн тэмдэглэлээ.Тэрбээр Монгол Улс нь НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн, бүс нутгийнхаа улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцлийн гүүр болж байгааг тэмдэглэхийн сацуу НҮБ нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр халуун дотноор хүлээн авсныг санан дурсаж байдгаа хэлээд, Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.Монгол Улсын төр, засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс орныхоо хөгжил дэвшлийг цогцлоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг НҮБ болон түүний системийн байгууллагууд бүх талаар тууштай дэмжихыг нотоллоо.
2024/09/26
340
УЛС ТӨР
'Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай' УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилттой уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөр, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Монголд зочлох жил”, “Залуучуудын жил”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлогын төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан.Хамтарсан Засгийн газрын “ХУРДТАЙ  ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг удирдлага болгон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн 4 үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.Эдийн засгийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлнэ.
2024/09/27
273
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлоод салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлжээ. Тус салбарынхны 20 жил хүлээсэн энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.Ерөнхий сайд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх-батлан хамгаалах салбарын бодлого, стратеги, техник, технологийг шинэчлэх шаардлага бий. Тиймээс салбарын шинэчлэлийн бодлогоо тодорхойлж, УИХ-ын хаврын чуулганаас өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болголоо. Үүний зэрэгцээ хүн бүрд эх оронч үзэл төлөвшүүлэхэд энэ салбараас төсөв харамлахгүй. Тиймээс ирээдүйд, иргэдийн хандлагад, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарал хандуулаарай гэлээ.Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүний хөгжлийн бодлого” нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм байхаар тодорхойлсон. Энэ хүрээнд хүний эрхийг дээдэлсэн бодлого, зорилтыг өөрийн салбарт анхлан хэрэгжүүлэхээр зорьж, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс ажлаа эхлүүлснээ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт зөвлөгөөний үеэр хэллээ. Мөн “Батлан хамгаалахын сэргэлт”-ийг жинхэнэ утгаар нь авчрахад нэн түрүүнд хугацаат цэргийн албаны сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах замаар цэргийн албаны нэр хүндийг өргөж, амьдрах орчныг сайжруулж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллахаа тодотгов.Зөвлөгөөнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрийн цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын дарга, захирагч, аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дарга, офицерууд оролцлоо.
2024/09/24
252
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Манай парламент иргэдийнхээ шаардлагад нийцсэн 21-р зууны үзэл баримтлалтай хууль, эрх зүйн реформ хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2024.09.22) Увс аймагт ажиллаж байна. Тэрээр төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн баруун бүсийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого болон ирэх жилүүдэд баримтлах УИХ-ын стратегийн талаар танилцуулаад байна.УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдаж, таван нам, эвслийн төлөөлөл, салбар бүрийн дуу хоолой УИХ-д орж ирсэн нь ардчиллыг хангаж, парламентын засаглалыг бэхжүүлж буйг УИХ-ын дарга онцолж байна. Тэрээр, энэ удаагийн парламент 1990 оны нийгэм, улс төрийн тогтолцооны хувьсгал шиг 21-р зууны үзэл баримтлалтай хууль, эрх зүйн реформыг хэрэгжүүлнэ гэлээ. Ингэснээр иргэдийн хүсэл шаардлагад нийцсэн хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомж үйлчилнэ.Өнгөрсөн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн 300 гаруй хуульд дүн шинжилгээ хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 орчим зүйл, заалт байгааг судалсан. Үүнийг шинэ парламент засна. Цаашлаад нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй хийдэг байх бодлогыг баримтлан ажиллана. Тухайлбал, криптовалют гэх мэт нийгмийн өөрчлөлт шинэчлэлтээр гарч ирж буй шинэ харилцаанд эрх зүйн зохицуулалт шаардлагатай болж байна. Мөн 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хууль гэх мэт олон жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн зарим хууль тогтоомжид одоог хүртэл өөрчлөлт ороогүй байгаа нь нийгмийн шаардлага, олон нийтийн хэрэгцээнд нийцэхгүй болжээ. Тиймээс хууль тогтоомж цаг үеэ дагаж шинэчлэгддэг байх зохицуулалтыг энэ удаагийн парламент хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэлээ.Увс аймгийн иргэдийн зүгээс хууль эрх зүйн шинэчлэл хийх цаг нь болсон талаар ярьж байна. УИХ-аас хэрэгжүүлж буй Гурван төгөлдөршил, Бүсчилсэн хөгжлийн бодлого зэргийг баруун бүсийн иргэд дэмжиж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/09/23
297
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
Олон улсын ахмадын өдрийг угтан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2024.09.20) парламент, түүний Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллан өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ахмадуудад мэндчилгээ дэвшүүлээд “Өнөө цагийн парламентыг үүсгэн хөгжүүлэх, бэхжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан та бүхэнд хувиасаа болон Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээв. Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй ес дэх удаагийн Улсын Их Хурал нь олон намын оролцоотой, ардчилсан парламентын засаглалыг бий болгож, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох Үндсэн хуулийн зорилтыг хангах хүрээнд боловсруулж буй 2024-2028 оны үйл ажиллагааныхаа стратегийн талаар танилцуулав.Түүнчлэн Улсын Их Хурлын дарга “Бид шинэтгэлийг хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах  үндсэн гурван чиглэлд төвлөрч ажиллана. Үр дүнд нь ард иргэдэд тулгамдаад буй хүнд суртал, авлигал, тэгш бус байдал нэг мөр цэгцэрнэ гэж үзэж байна” гэлээ.Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Монгол Улсын гавьяат эдийн засагч, Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, Улсын Их Хурлын гишүүн асан Ч.Авдай нар үг хэлж, монгол төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад анхаарал тавьдаг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархал илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/09/20
317
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.
2024/09/20
310
УЛС ТӨР
Р.Эрдэнэбүрэн сайд багаа бүрдүүлж эхэлжээ
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэнгийн удирддаг  “20 МИНУТЫН ХОТ“ Үндэсний хорооны ажлын албаны даргаар доктор Б.Батболд саяхан томилогдсон билээ. Тэрбээр мэргэжлийн архитектор, хот төлөвлөгч,  АНУ, Японы нэр хүндтэй Их сургуулиудад суралцан магистр, докторын зэрэг хамгаалсан, хот төлөвлөлтийн чиглэлээр гадна дотны олон төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан учраас салбарынхан нь түүнийг андахгүй.   Нийгмийн олон салбарын удирдах түвшинд академик суурьтай, онол-практик хосолсон туршлагатай мэргэжилтнүүд ус агаар мэт дутагдаж, тэдний байх ёстой орон зай мэргэжлийн бус, бидний ярьдагаар “цүнх баригчдаар” дүүрээд байгааг олон нийт шүүмжилсээр удаж байна. “Номыг нь сонсож, ногоотой шөлийг нь уусан” мэргэжилтэн гэдэг огт өөр л дөө. Салбар салбартаа танигдсан жинхэнэ мэргэжилтнүүд, эрдэмтэд, инженерүүдийнхээ үгийг сонсож, тэднийгээ үнэлж дээдэлж чадахгүй байгаа нь улс орон хөгжихгүй байгаагийн нэг чухал шалтгаан ч байж мэдэх. Доктор Б.Батболд хот байгуулалтын холбогдолтой 11  шинэ хуулийн төсөл дээр ажилласан бөгөөд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл–3, “Дэд төвийг (Сэлбэ, Баянхошуу дэд төв) хөгжүүлэх институц, чадавхийг бий болгох зөвлөх үйлчилгээ” төслийн зөвлөх, багийн ахлагч, мөн Хөшигийн хөндийн ногоон, дасан зохицох чадвартай шинэ дагуул хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөн дээр /АЛMEC LLC, Japan/ хот төлөвлөлтийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан аж.   Ингээд түүний  мэргэжлийн болон ажил хөдөлмөрийн замналаас хэсэгчлэн сонирхуулья. -      Политехникийн Дээд Сургуулийг архитектор мэргэжлээр төгссөн -      АНУ-ын Лос Анжелес UCLA Их сургууль “American Language Center”, Montana Их сургуулийн Архитектурын тэнхим -      Японы Хоккайдо Их сургуульд Архитектурын Мастер цол, (“Орон сууцны бодлого” сэдвээр) -      Японы Саппоро хотын "Northern Housing" архитектурын конкурст 2-р байрын шагнал -      Токиогийн “Tokyu Hands” олон улсын дизайны конкурсын “Mind prize” шагнал хүртсэн -      Японы Хоккайдо Их сургуульд “Скандинавын орнуудын хот төлөвлөлт” сэдвээр (PhD) Техникийн Ухааны Доктор цол хамгаалсан -      Японы тэргүүлэх компани “Никкен Секкей”-д хот төлөвлөлтийн мэргэжилтэн -      1998, 2003 онд  Японы Архитектурын институтын Конференци дахь илтгэл болон Японы “Орон сууцны статистик” сэтгүүлийн 1998, 2003 оны дугаар, “Орон сууц” сэтгүүлийн 2003 оны дугааруудад Монголын хот байгуулалтын талаар нийтлэл, судалгааны илтгэлүүд -      Японы Хоккайдо Их сургуультай хамтран Улаанбаатар хотын хот төлөвлөлт, түүний тогтвортой хөгжлийн талаар хамтарсан судалгаа, судалгааны илтгэл, Токио дахь “Япон Их Сургууль”-тай хамтран Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн талаар хамтарсан судалгаа хийж байсан.....гэх мэт. Ямартай ч  “20 МИНУТЫН ХОТ“ Үндэсний хорооны ажлын албаны даргаар хот төлөвлөлт, зураг төслийн талаар арвин туршлагатай мэргэжилтэн ажиллах болсон нь утаатай, түгжрэлтэй Улаанбаатар хотын хувьд  “хонгилын үзүүрт гэрэл” асах мэт сэтгэгдэл төрүүлж байна. Хийе, бүтээе гэсэн эрмэлзэл дүүрэн мэргэжилтнүүдээ бид юун түрүүнд шүүмжлэхээ урьтал болголгүй, тэдэнд олон нийтийн зүгээс  сэтгэлийн дэм өгч, урам зоригоор цэнэглэж байвал асуудлыг шийдэхэд нь ихээхэн тус болох буй заа. С.Хүслэн
2024/09/19
477
УЛС ТӨР
'Цахим засаглалын хөгжлийн индекс'-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээНҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 193 орноос 46 дугаар байрт оржээ. Энэхүү мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.2022 онд энэ үзүүлэлтээр 74 дүгээр байрт жагсаж байсан бөгөөд 2024 онд 28 байраар урагшилсан байна.Мөн цахим оролцооны индексээр 193 орноос 37 дугаар байрт оржээ. Энэ нь 2022 оны үзүүлэлттэй харьцуулахад 20 байраар урагшилсан байна. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулнаХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” болгон шинэчлэн боловсруулж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын холбогдох гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд үүрэг болголоо.УИХ-аас 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр “Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай” хуулиуд батлагдаж эдгээр хуулиар нийслэл дэх хотууд болон бусад засаг захиргааны нэгж дэх нийслэлийн дагуул хотын эрх зүйн байдал, удирдлага зохион байгуулалт, тэдгээрийг хэрхэн байгуулах асуудлыг зохицуулсан.Мөн Засгийн газрын 2024 оны долдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн”, “20 минутын хот Үндэсний хорооны дүрэм”-ийг тус тус баталсан. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу дэд төв хөгжүүлэх, метро, тунел, авто зогсоол, гүүрэн байгууламж барих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын болон зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан санал зөвлөмжүүдийг тусган “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” хот байгуулалтын баримт бичгийг боловсронгуй болгож нэмэлт оруулж боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна.Хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбоноИргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.Тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчинд суурилуулсан хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий “Теле камерын хяналтын дэд төв”-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулах, шинээр суурилуулахаар төлөвлөсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хяналтын камерын стандартад нийцүүлэх, мэдээлэл холбоо, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан “Теле камерын хяналтын дэд төв”-д холбох боломжийг судалж, шийдвэрлэхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хяналтын камерын стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгалаа.Улаанбаатар хотод 8296 аж ахуйн нэгж, байгууллагын 69670 камер, орон нутагт 5788 аж ахуйн нэгж байгууллагын 52480 камер, улсын хэмжээнд нийт 14084 аж ахуйн нэгж, байгууллагын 122150 хяналтын камерыг гадна орчныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор суурилуулсан ба нийт камерын 85 хувь нь хэвийн ажиллаж байна. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар танилцууллааСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Багшлах хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим арга хэмжээг эхлүүлээд байна.1.    Багш мэргэжлээр төгссөн ч ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах2.    Тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулах3.    Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд  татан оролцуулах4.    Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах5.    Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах6.    Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад түлхүү ашиглахЭдгээр арга хэмжээнээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгааг Боловсролын сайд танилцууллаа.2024 оны наймдугаар сарын судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн бүлгийн 508 багш, 443 туслах багш дутагдалтай байна.Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш, хими, физик, биологи, англи хэл, математикийн нийт 4292 багш хэрэгтэй байна.Товч мэдээ·      Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Цэрэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.·      Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.·      Ташкент хотноо 2024 оны зургадугаар сарын 24-нд гарын үсэг зурсан “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
2024/09/18
260
УЛС ТӨР
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй төслүүд манай хотын дэд бүтэц, нийтийн тээвэр, агаарын чанар болон бусад олон салбарт эерэг өөрчлөлт авчирч байгаад бид талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас хоёр талт түнш, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөгжлийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2024 оны байдлаар хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 3, нийт 13 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 3 төсөл, хөтөлбөр, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 3 төсөл, хөтөлбөр бий. Эдгээрээс Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл болон Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл хийх төслийг үр дүнтэй хэрэгжүүлж байна” гэдгийг хэллээ.Эдгээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор барьж, Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх суурь нөхцөлийг бий болгож байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хороололд эко хороолол бүхий орлогод нийцсэн ногоон орон сууц, нийгмийн дэд бүтцийг шийдэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор төслүүд амжилттай хэрэгжиж буй билээ.Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд:Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөнийг сайжруулах төсөлУлаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэхЖижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2024/09/16
227
УЛС ТӨР
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь томилогдлоо
УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах чиг үүргийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ хараат бус судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, Тамгын газрын нийт ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтэд парламентын боловсрол олгохоос гадна парламентын номын сангийн үйл ажиллагааг хариуцдаг байна.Тус хүрээлэнгийн захирлаар профессор Дагва-Очирын Бумдарь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр томилогдон, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэрбээр 2003 онд ШУТИС-ийн Математикийн сургуулийг инженер багш мэргэжлээр, 2008 онд Япон Улсын Кокушикан их сургуулийг улс төр судлаачаар тус тус төгссөн. 2013 онд Япон Улсын Кокушикан их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 2013 онд Д.Бумдарь нь МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессороор уригдан ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2021 оноос Улс төр судлалын тэнхимийн профессор зэрэглэлд ажиллах болсон. МУИС-ийн дэд профессор цолтой.Гадаад бодлого, ардчиллын институцүүд, цахим засаглал, зан үйлийн шинжлэх ухааны хүрээнд салбар дундын судалгааг дагнан судалдаг Д.Бумдарь нь Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын төлөвшил зэрэг улс төрийн тогтолцооны шинэчлэлийн талаар чамгүй олон жилийн турш олон нийтийг мэдээлэл, судалгааны үр дүнгээр хангаж иржээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 
2024/09/16
314
УЛС ТӨР
УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд болон УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаныханд зориулсан сургалтыг зохион байгууллаа
Ес дэх удаагийн сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд болон УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаны ажилтнуудад  зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас өнөөдөр /2024.09.16/ зохион байгууллаа. Энэхүү сургалт нь УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, намын бүлгийн ажилтнуудад чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгож, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулсанаар сургалт эхэлж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан төрийн албан хаагчид тавигдах шаардлага, ёс зүй, улс төрийн албан тушаалтны онцлог, анхаарах асуудлын талаар, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийсэн.Мөн УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үзүүлэх дэмжлэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны болон төсөвт тавих хяналтын хэлбэр, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, иргэд олон нийттэй харилцахдаа баримтлах зарчим, хуралдаан зохион байгуулах хэлтсийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хуулийн төсөл боловсруулахаас эхлээд эцэслэн батлах үе шат хүртэлх үйл ажиллагааны талаар, Тамгын газрын дэд дарга Э.Лхагва хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар танилцуулга хийсэн. Сургалтад оролцогчид Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны хэлбэр, тодорхой асуудлыг шалган судалж санал, дүгнэлт гаргах, хэрэгжүүлэх талаарх аргачлал, зөвлөмж авч, Гадаад харилцааны газартай хэрхэн харилцаж үйлчилгээ авах, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.Сургалт Төрийн ордны хамгаалалт, түүнд тавигдах шаардлага, ажлын байрны аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлууд, хууль тогтоох байгууллагын цахим системүүд, тэдгээрийг ашиглах, баримт бичиг боловсруулах арга зүй, зөвлөмж, Төрийн болон албаны нууцын ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар анхаарах зарим асуудал зэрэг сэдвээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 
2024/09/16
362
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай  /2024-09-13/ танилцлаа.Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал зэрэг хүндрэл үүссэн ч бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байна.“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” төслүүдийг хэрэгжүүлж байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй талаар болон үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав. Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулан EPC 04 багц ажлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн импортын хил, гаалийн журмыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах яриа хэлэлцээг хийх зэрэг асуудлыг хөндлөө. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй. EPC 01 багц ажил болох технологийн бус барилга байгууламжууд, EPC 02, EPC 03 багц ажлуудын хүрээнд хийгдэж буй ажлууд, газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлын явцыг төсөл хэрэгжүүлэгч компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.EPC 01, 02, 03 багц ажлуудыг БНЭУ-ын, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна. Олон салбар дамнасан энэхүү томоохон төслийн инженерчлэл болон барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, Америк, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орон оролцож байгаа нь уг төслийн цар хүрээ олон улсын шинж чанартай болсныг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд гадаадын нийт 1300 инженер, техникийн ажилтан бүтээн байгуулалтад оролцож байна.Технологийн бус барилга байгууламжийн буюу иргэний нийт 11 барилга байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж, шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгч байна.Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Монголд анх удаа газрын тос дамжуулах хоолой байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн “Prometheus” компани хяналт тавьж, хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 430 км хоолой гагнан холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийсэн байна. Дорнод аймаг дахь газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны III улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг учраас газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно. EPC 03 багцын ажил эхэлж байх үед Ерөнхий сайдын хувиар Алтанширээ суманд ирж танилцаад Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан. Одоо үйлдвэрийн чухал хэсэг болох EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Энэтхэгийн Засгийн газартай тохироод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шуурхайлахыг чухалчилж байна. Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэлээ. 
2024/09/13
276
УЛС ТӨР
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг албажууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг албажууллааУИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2024 онд багтаан үр дүн гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа.Энэхүү албан даалгавраар Засгийн газрын гишүүн тус бүрд 3-9, нийт 129 арга хэмжээг тусгаж, төсөл, арга хэмжээний ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнг иргэд, олон нийтэд таниулах, Засгийн газрын нэгдсэн тайлангийн арга хэмжээг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах бэлтгэл хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.Хамтарсан Засгийн газрын “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг удирдлага болгон нийгэм, эдийн засаг, засаглал, бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаснаараа уг хөтөлбөр онцлог  юм. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцнаЦэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна.Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана.Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22000, жилд 190000 төгрөг зарцуулна.Ингэснээр хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, 25 хувийг эцэг эх хариуцна. Зорилтот бүлгийн буюу хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн 50440 хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцна.Засгийн газрын тогтоолыг 2024 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хоолны орц, илчлэгийн хэмжээ, шим тэжээл болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтэй уялдуулан судалж, цаашид хүнсний хангамж, чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт даалгалаа. Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга хэмжээ хэрэгжүүлнэ“Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Цаасгүй засаг” арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Үүнтэй холбогдуулан албан бичиг солилцооны дундын систем ашиглан баримт бичгийг цахимаар солилцох нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудад, төрийн үйл ажиллагааны шаардлагагүй алхмуудыг багасгах, цахимаар мэдээлэл солилцох талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт үүрэг болголоо.Төрийн бүтээмжийн хорооны ажлын албанаас 2023 оны төсвийн гүйцэтгэлийн талаар шилэн данснаас авсан тоон мэдээлэлд үндэслэн яамдын бичиг хэргийн зардлыг тооцсон судалгаагаар нэг яамны жилийн дундаж зардал 44,1 сая төгрөг буюу 15 яамны бичиг хэргийн нийт зардал 662,3 сая төгрөг, 14 яамны шуудан, холбоо, интернэтийн төлбөрт зарцуулсан нийт зардал 574,2 сая төгрөг, дундаж зардал 41,0 сая төгрөг болсон байна.Мөн яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцож үзэхэд албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг байна.Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу 30 хоногт шийдвэрлэж, хариу мэдэгдэх ёстой ч иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг төрийн байгууллага хүлээн аваад нийт 4-5 шат дамжлагыг дамжин, 4-10 өдрийг зарцуулж байж хариуцсан мэргэжилтэнд очиж, шийдвэрлэх ажиллагаа руу шилждэг байна. Энэ нь санал, хүсэлтийг 30 хоногт амжиж шийдвэрлэхгүй, шийдвэрлэлтийн хугацааг сунгах, эсхүл буцаах хүртэл арга хэмжээ авч, ажиллагаа бүрдцаасны хэрэглээг тэр хэмжээгээр нэмэгдүүлж байна. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг  малчин” арга хэмжээг хэвийн үргэлжлүүлнэМонгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн зөрүүний дэмжлэгийг Засгийн газраас олгож, зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хэрэгжүүлсэн болно.Өнөөдрийн байдлаар 4.4 мянган (4466 ) малчдын хоршооны 14.6 мянган (14688) хоршооны гишүүн малчинд 502,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, 1570 малчны 88.3 тэрбум төгрөгийн төсөл арилжааны банкаар судлагдаж байна.  Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн “Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар 2024 онд нийт 1.0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо. “Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно“Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ.Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно. Товч мэдээ·      Монгол Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.·      Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалыг хавсралтаар баталж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгалаа.·      Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар тус тус баталлаа. 
2024/09/11
247
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд БНХАУ-ын Дэд дарга Хань Жөн бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөн  (2024.09.07) Төрийн ордонд бараалхав.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, харилцан айлчлал, уулзалт, арга хэмжээ тогтмолжиж байгааг онцлов.БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлан ирсэндээ таатай байна хэмээгээд, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн мэндчилгээг уламжлав. Цаашид хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын харилцаа, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ой тус тус тохиож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/09/08
266
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд бараалхав.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв.Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв.Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлууд, тухайлбал, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов.БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав.Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо.Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.
2024/09/08
352