УЛС ТӨР
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд суралцаж буй монгол офицер, ахлагч нарын төлөөлөлтэй уулзлаа.Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх алба хаагчдыг Зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө цэргийн эрдэмд хичээнгүйлэн суралцахыг захилаа.Хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын гэрээний дагуу 2007 оноос ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад жил бүр 80-130 хүртэл цэргийн алба хаагч суралцдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны 25 академи, их, дээд сургуульд 400 орчим хүн цэргийн 30 гаруй мэргэжлээр суралцаж байна.Ерөнхийлөгч мөн сонсогч нарын хамт Москва хотын “Метрополь” зочид буудлын хананд байрлуулсан жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит дурсгалын самбарт цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.Д.Сүхбаатар 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр энэ байшинд БНМАУ болон ЗСБНХУ-ын хоорондох найрамдлын гэрээ байгуулахад оролцсоны дурсгалд зориулан энэ самбарыг суурилуулсан юм.
2025/05/09
247
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр /2025.05.07/ зохион байгуулав.Сонсгол 09 цаг 16 минутад, гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлсэн. Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар товлож, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг сонсгол даргалагчаар сонгон, сонсголыг зохион байгуулахаар болсон билээ.Ингээд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголын дэг болон Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан.Нэр дэвшигч Сандаг овогтой Магнайсүрэн нь 1975 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн./дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг баклавр, магистрын зэрэгтэй тус тус төгссөн. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна.Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа иргэний нийгмийн байгууллагуудаас аудит хийлгэх хүсэлт гаргасан нөхцөлд хэрхэн хамтарч ажиллах, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангахад ямар байр суурь баримтлахыг лавласан. Нэр дэвшигч хариултдаа, аудитын сэдвийг сонгохдоо иргэдийн ашиг сонирхлыг хөндсөн, хариу хүлээсэн сэдвийг нэн тэргүүнд тавих, хоёрдугаарт иргэдийн саналыг харгалзан үзэж, аудитын сэдвээ сонгож Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд асуудлыг авч үзнэ гэв. Мөн аудитын хараат бус байх үндсэн зарчим нь хангагдаж байж мөн чанар нь шийдэгддэг. 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг Улсын Их Хурлаас батлахдаа энэхүү хараат бус байх асуудлыг нэлээдгүй өндөр түвшинд сайн хуульчилсан. Ер нь хараат бус байдлын талаарх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн гэж үздэг хэмээв. Дараа нь “Үнэн хатамж” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа аудитын сэдэвт иргэдийн саналыг чухалчлан үзнэ гэсэн нь сайшаалтай байгааг тэмдэглээд, жил бүр төсвийн төсөлд өгдөг аудитын зөвлөмжийг үр дүнтэй болгоход цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодруулсан. Нэр дэвшигч С.Магнайсүрэн хариултдаа, 2024 онд адуитын байгууллагаас 9629 зөвлөмж хүргүүлсэн бөгөөд биелэлт нь 75.2 хувьтай байгаа нь шийдвэрийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна гэж байлаа.Сонсгол гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Т.Аубакир, Р.Батболд, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Батбаяр, Б.Заяабал, Ж.Баясгалан, З.Мэндсайхан, Г.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, үйл ажиллагааныхаа чиглэлд улс төрөөс хараат бус байдлыг хэрхэн хангаж ажиллах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд аудитын байгууллага нээлттэй байхад баримтлах зарчмын талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир аудитын байгууллага санхүү, гүйцэтгэлийнхээ хяналттай зэрэгцүүлээд нийцлийн аудит хийхэд анхаарах шаардлагатай талаар байр суурийг нь сонирхож байлаа.Нэр дэвшигч хариултдаа, Аудитын хараат бус байдал нь үйл ажиллагааных нь үндсэн гол амин судас байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аудитын байгууллагын суурь үндсийг тусгасан нь чухал алхам болсон. Үүнээс үндэслээд 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Иймд уг хууль нь аудитын хараат бус байдлын эрх зүйн орчныг хангахад чиглэснийг дурдаад өнөөдрийн нөхцөлд төрийн аудитын байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Хууль зүйн хувьд хараат бус ажиллах бүх нөхцөл, бололцоо хангагдсан тул улс төрийн нам болоод бусад субъектээс үл хамаарч, хараат бусаар ажиллах боломжтой гэв.Мөн иргэнийхээ зүгээс ч, УИХ-аас томилогдвол энэ чиглэлийн үүрэг хүлээсэн албан хаагчийн хувьд ч аудитын ил тод, нээлттэй байдал чухал асуудал гэдгийг тодотгоод цаашдаа аливаа зөрчил, хохирлыг төлүүлэхээсээ илүүтэй эрсдэлийг бага түвшинд байлгахад онцгойлон анхаарч ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу санхүү, гүйцэтгэл, нийцэл гэсэн гурван аудитыг хийдэг. Нийгэм, эдийн засаг хөгжиж, төсөв тэлж байгаа энэ цаг үед аудитын гүйцэтгэх чиг үүрэг өсөж байна. Өнөөдөр санхүү, гүйцэтгэлийн аудитыг нийцэлтэйгээ хамт хийх асуудлыг хуулиар зохицуулсан хүрээнд явуулж байгаа. Нийцлийн аудитад онцгойлон анхаарч, хэрэгжилтийг нь хангах нь чухал гэдэгтэй санал нэг байна гэлээ.Гишүүд Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд төрд олон жил ажилласан туршлагатай, улс төрөөс хараат бус бие даан ажиллах чадвартай хүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид Үндэсний аудитын газар нь хяналтын байгууллагын хувьд төрийн болон төрийн өмчит байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, санхүүгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх асуудалд ул суурьтай хандахгүй бол зөрчил, хохирлын асуудал багасгахгүй гэдгийг анхааруулж байв. Мөн төрийн аудитын байгууллагаас үр ашиггүй гэдэг дүгнэлтийг гаргасан байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй төрийн өмчит компаниудын асуудлыг цэгцлэх, хариуцлага тооцдог болох, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад санаачилгатай ажиллахыг хүсэж байлаа. Түүнчлэн санхүүгийн аудитын хүрээнд өгсөн хязгаарлалттай дүгнэлтийн дагуу холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлээд явдаг болсон. Харин гүйцэтгэл, нийцлийн аудитыг чамбайруулж, энэ хүрээнд өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд хариуцлагагүй ханддаг байдлыг зогсоох, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашигтай байдалд онцгойлон анхаарах, улмаар хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай бол Төсвийн байнгын хороотой нягт хамтран ажиллахыг хүсэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Г.Дамдинням Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 133 дугаар зүйлийн 133.1-т “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэснийг онцлон дурдаад үүгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өндөрлөснийг мэдэгдлээ. Нэр дэвшигчтэй холбоотой сонсголын тайланг гаргахаар хуралдаан хаалттайгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/05/07
240
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой энэ удаагийн хурал давхцаж буйгаараа онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхэд, гэр бүл, боловсролын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, Үндэсний зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлж, ойн баярын мэнд хүргэлээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Л.Энх-Амгалан хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого, тогтолцоо, эрх зүйн шинэчлэл, Хүүхдийн төлөө сангийн шинэчилсэн журам, үйл ажиллагааг танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохицуулалт, үйлчилгээний төрөл болон санхүүжилт, хяналтын зохицуулалтыг сайжруулж баталсан. Хүүхэд хамгааллын төсвийг жил бүр нэмэгдүүлж 2020 онд 6 тэрбум байсан төсвийг 2024 онд 13,9 тэрбум, 2025 онд 20,8 тэрбум төгрөг болгоод байгаа аж. Цаашид Засгийн газар хүүхэд хөгжлийн үндэсний тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна. Хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж буй орчин, нөхцөл дийлэнхдээ гэр бүлээс шалтгаалж буй тул Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Тухайлбал, Гэр бүлийг дэмжих хуульд хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих, гэр бүлд үзүүлэх санхүүгийн болон орон сууцны дэмжлэг, аюулгүй орчин, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, гэр бүлд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэг олон асуудлыг тусгах шаардлагатай болжээ. Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг илүү тодорхой болгоод байна. Шинэчилсэн журамд хүүхдэд зориулсан барилга, байгууламж шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, тухайн орон нутгийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, аюулгүй, таатай зорчих орчныг бүрдүүлсэн байх, эдгээрт санал авах, судлах, эрэмбэлэх асуудлыг тусгажээ. Өнөөдрийн байдлаар тус санд 25 тэрбум төгрөгийг орлого хуримтлагдсан бөгөөд 781,4 сая төгрөгийг амжилт гаргасан 217 хүүхдийг шагнаж урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. 2025 онд тус сангаас санхүүжүүлэх төсөл арга хэмжээний саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүлээн авсан бөгөөд нийт 19 санал ирснийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд энэ жил тэмдэглэж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Монгол Улсын хүүхдийн байгууллага, үйл ажиллагааны онцлогийг танилцуулав. Цаашид Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх салбарт хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг хэрэгжүүлэх, таван жилээр стратеги төлөвлөгөө гаргаж тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд хүүхэд хөгжлийг дэмжих ажлуудыг өрнүүлэх нь үр дүнтэй байгаа талаар хэллээ.НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжил, оролцоо, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тодорхой төсөв гаргаж, бодлогоо чиглүүлж буйг сайшаагаад цаашид үүнд чиглэсэн салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын статусыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Түүнчлэн Үндэсний зөвлөлийн гишүүд гэр бүлийн асуудалд онцгой анхаарах, хүүхдийг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх бүтээн байгуулалтуудыг улс орон даяар өрнүүлэх, Сурагчийн зөвлөлийг сургууль, орон нутгийн удирдлагатай уялдаа холбоотой ажиллуулах, бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж буй асуудалд анхаарах, хүүхэд хамгааллыг цогцоор нь харах, хүүхдийн асуудал эрхэлсэн болон төрийн бусад байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатайг хэллээ. Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын сайн, сайхны төлөө Засгийн газрын бүх бодлого чиглэх ёстойг тэмдэглээд хүүхдийн эрх ашгийг бүх шатанд анхаарч, уялдаа холбоотой, төр, хувийн хэвшил төдийгүй олон нийт ч оролцоогоо нэмэгдүүлж хамтран ажиллахыг уриаллаа. Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулж гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, бүх хүүхдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй олгоход онцгой анхаарч нийт ЕБС-ийг улсын хэмжээнд нэг ээлжээр хичээллүүлэхийн тулд хэрэгцээтэй сургуулиудыг шинээр барих, санхүүжилтийг шийдвэрлэх тооцоо судалгааг гарган ажиллаж байгааг хэллээ. Мөн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй, шилэн байлгах ёстойг холбогдох албан тушаалтнуудад сануулж сангийн санхүүжилтээр 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгааг сайтар хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, улмаар дараагийн хуралдаанаар хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэхээр тогтлоо.
2025/05/07
247
УЛС ТӨР
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцуулж, танилцуулгатай холбогдуулан:-Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулах саналаа бэлтгэж дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх,-Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,-Хүүхэд өөрсдөө оролцдог оролцооны байгууллагуудын зөв оролцоо, хамтын ажиллагааны механизмыг зөв тодорхойлж, хамтран ажиллах,-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсоох, авч хэрэгжүүлэх саналыг дараагийн хуралдаанд танилцуулах, -Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, танилцуулах,-Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэх,-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналт, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, одоо хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаМонгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, ураны төслийн үр нөлөө, ач холбогдлыг үнэн зөвөөр таниулж ойлгуулах ажлын хүрээнд дараах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо. Тус тогтоолоор, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүн болон уран олборлолтын техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх арга хэмжээ авна. Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэхийг тогтоолоор үүрэгжүүллээ.Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэх, ураны төслийн үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо.Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах асуудлыг судалж танилцуулна.
2025/05/07
263
УЛС ТӨР
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэв. Худалдан авах ажиллагааны хуулийн төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно. Мөн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн шалгуурыг тендерийн үнэлгээнд харгалздаг болох, 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход баталгаа шаардахгүй. Ингэснээр тендер шалгаруулалтын 99 хувьд баталгаа гаргалгүй оролцох боломжтой болох өөрчлөлтийг тусгасан. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг нэхэхгүй, худалдан авах ажиллагааг AI ашиглаж, цахимаар явуулна. Шүүхийн маргааныг олон улсын жишгийн дагуу хараат бус, дагнан байгуулсан зөвлөл олонхын зарчмаар шийддэг болгох талаар хуулийн төсөлд тусгасныг танилцууллаа.Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлэв. Тухайлбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хуулийн төсөлд хувийн хэвшлийн олон саналыг тусгасныг сайшаагаад төрийн худалдан авах ажиллагаанд цахимжуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай эх оронч худалдан авалтыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг сегментийг дэмжих зэрэг зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэй байгаа гэв. “Шунхлай Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан мега төслүүдийн өртгийн доод хэмжээг хуулийн төсөлд 36 сая ам.доллар гэж тусгасныг эргэн харах санал хэллээ. Мөн тус зөвлөлийн хурлаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд орох өөрчлөлттэй танилцлаа. Нийт зээлийн тал хувь нь чанаргүй болж, өрийн дефолт болох эрсдэлтэй байсан банк өнөөдрийн байдлаар 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ. 2023 оны 10, 12 дугаар саруудад 500.0 сая ам.долларын Евро бонд, 30.0 тэрбум йенийн Самурай бондын төлбөрийг хугацаанд нь барагдуулж олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ бие даан гүйцэтгэсэн юм. Цаашид Хөгжлийн банкийг экспорт, импортын баримжаатай банк болгож дүрмийн санг нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ. Эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, экспортыг дэмжих салбаруудыг онцолж, зорилтот зах зээлээ тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зорилтот зах зээл нь сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, тээвэр, логистик, боловсруулах үйлдвэрлэл гэсэн салбар болно. Ингэхдээ улсын төсвөөс 100 хувь эргэн төлөгдөх санхүүжилт хийхгүй бөгөөд төсөл санаачлагч 15 хувиа өөрөө хариуцдаг болно. Өмнөх алдаа дутагдлаа давтахгүйн тулд бүх зээл олголт, сонгон шалгаруулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох хуулийн төсөл боловсруулсан байна.Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлтэй холбоотой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд санал хэлэв. “Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагыг сайжруулах, засаглалын асуудлыг өөрчилж улс төрийн нөлөөллийг багасгах шаардлагатай байна. “M-Си-Эс Холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Оджаргал Хөгжлийн банкны төслүүдийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч санхүүжүүлбэл хяналт сайжирна гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны хуулийн төсөлд хувийн хэвшлийн санал маш чухал гэдгийг дурдаад, экспорт импортын баримжаатай ЭКСИМ банк болгохыг Засгийн газар дэмжсэн, удахгүй хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэв. Мөн эдийн засаг, санхүүтэй холбоотой асуудал Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр яригдаж, дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж байгаа нь зөв жишиг болж байгааг онцлов. Дараагийн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурлаар нийгмийн даатгал, татвартай холбоотой асуудлыг цогцоор нь хэлэлцэхээр төлөвлөлөө.
2025/05/06
220
УЛС ТӨР
'Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл' аян үргэлжилж байна
Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 15 дугаар тушаалаар батлагдсан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд “Бид иргэдээ сонсож, шийднэ” иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг:Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын утас,https://smartcar.mn/home веб хуудас болон аппликейшн,Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад тус тус хүлээн авна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд:Дүнжингарав: БЗД-ийн 36 дугаар хороо, Дүнжингарав худалдаа, үйлчилгээний төвийн D-2 блокМишээл: ХУД-ийн 2 дугаар хороо, Мишээл барилгын их дэлгүүрийн баруун жигүүр Б хэсэгДрагон: СХД-ийн 29 дүгээр хороо, Драгон терминал төвийн 5 давхарСэлбэ: ЧД-ийн 18 дугаар хороо, Сэлбэ бизнес инкубатор төвийн байрБаянгол: БГД-ийн 13-р хороо, Sollo Mall худалдааны төвийн 4 давхарБаянхошуу: СХД-ийн 8 дугаар хороо, Бизнес дэд төвийн байрЯармаг: ХУД-ийн 23 дугаар хороо, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын Б байр“Бид иргэдээ сонсож, шийднэ” иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал, хүсэлтийг хүлээн авах, нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд уртасгасан цагаар 2025 оны 05 сард иргэдэд үйлчлэх цагийн хуваарийг доорх мэдээллээс авна уу.Дүнжингарав салбар: тавдугаар сарын 05-ны өдөр 08:00-19:00 цаг хүртэлДрагон салбар: тавдугаар сарын 05-ны өдөр 08:00-19:00 цаг хүртэлБаянгол салбар: тавдугаар сарын 09-ний өдөр 08:00-20:00 цаг хүртэлБаянхошуу салбар: тавдугаар сарын 09-ний өдөр 08:00-19:00 цаг хүртэлСэлбэ салбар: тавдугаар сарын 09-ний өдөр 08:00-19:00 цаг хүртэлЯармаг салбар: тавдугаар сарын 09-ний өдөр 08:00-19:00 цаг хүртэл
2025/05/05
242
УЛС ТӨР
ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав
Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Төсвийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдлаа.Байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Уг тогтоолд Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын “Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө”-нд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэж байгаатай холбогдуулан санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Л.Мөнхбаясгалан нарыг нэмэх, улмаар тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байв.Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нар санал хэлсэн. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Х.Ганхуяг нар тус ажлын хэсэгт орох саналтай байгаагаа илэрхийлсэн. Иймд тогтоолд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Л.Мөнхбаясгалан, Ж.Баясгалан, Х.Ганхуяг нарыг нэмж оруулъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх, сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлэхээр заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111.6-д Байнгын хороо хуульд заасны дагуу албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гишүүдээс санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно гэж заасныг уншиж, танилцууллаа.Ингээд Улсын Их Хурлын гишүүдээс Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд санал болгож буй нэр дэвшигчдээ танилцууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Бөхбатын Бат-Эрдэнийн нэрийг санал болгож байв.Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 1986 оны 1 дүгээр сарын 13-нд төрсөн. 2003 онд "Далай ван" ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн их сургууль, 2024 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй. Улсад 14 жил ажилласан бөгөөд үүнээс 11 жилийг санхүү, эдийн засгийн чиглэлээр төрийн байгууллагад ажилласан. 2010-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол сургалтын газарт мэргэжилтэн, 2012-2016 онд Худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтэн, 2016-2017 онд “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт хэлтсийн дарга, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д борлуулалт хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байсныг онцлоод нэр дэвшигч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 11.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна гэв.Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нэр дэвшигч Равжир овогтой Мөнхтөрийг танилцуулав.Нэр дэвшигч Р.Мөнхбат нь 1979 онд төрсөн, эрэгтэй. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн III хороонд амьдардаг. 2001 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2003 онд тус сургуулийг эдийн засгийн магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2001-2016 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Компьютер техник, менежментийн сургуульд багш, мөн 2011-2016 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Стратеги, бизнес төлөвлөгөөний ахлах мэргэжилтэн, 2016-2018 онд “Инвескор” санхүүгийн нэгдэлд ахлах эдийн засагч, дэд захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2023 оноос “Эс Ай Би Жэй” компанийн дэд захирал, 2025 оноос “Жэй Өү Ти” компанид санхүү хариуцсан захирлын албыг хашиж байна. Нэр дэвшигч нь ашиг сонирхлын зөрчилгүй, банк болон банк бус санхүүгийн байгууллагад хувьцаа эзэмшдэггүй гэдгийг онцолж байлаа.Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нэр дэвшигч Болдбаатарын Ариунболдын талаар товч танилцуулав.Нэр дэвшигч Б.Ариунболд нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 11.6 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан, эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бизнес удирдлагын бакалавр, Санхүүгийн эдийн засгийн их сургуулийн санхүү удирдлагын магистрын зэрэгтэй. Санхүү, банкны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан. Монгол Улсын тэргүүлэх салбаруудад ажиллаж байсан, банк, санхүүгийн туршлагатай мэргэжилтэн гэдгийг тодотгож байлаа.Ингээд хуралдаан нэр дэвшигч нэг бүрийн санал хураалтаар үргэлжилсэн. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Б.Ариунболд, Р.Мөнхтөр нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.Иймд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Төсвийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгаланг томилох, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээн авахаар тусгасан байв.Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/04/30
202
УЛС ТӨР
'Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам'-ыг шинэчлэн баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилттэй холбоотой асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.Тус хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг өөрийн салбарын бодлоготой уялдуулан баталж, улсын нэгдсэн бүртгэлд энэ оны тавдугаар сард багтаан бүртгүүлэхийг холбогдох сайд нарт, албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнд даалгалаа.Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хөрөнгөөр санаачлан хэрэгжүүлж төрийн үүрэх ачааллыг хуваалцаж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зорилгоор Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-аар батлуулсан.Татварын хөнгөлөлтийн хүрээнд яамд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаа төсвөөс хамааралгүйгээр шийдвэрлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангуулахад бодлогоо чиглүүлэх, зохион байгуулалтаар хангах боломж олгогдсон. Иймд Засгийн газрын гишүүд татварын хөнгөлөлтөд хамааруулах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны босго үзүүлэлтүүд, стандартыг салбарын бодлоготойгоо уялдуулж, бодитой үр дүн гаргахад чиглүүлэн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлахыг анхаарах, хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлага үүссэн байна.Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалааХойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас нийт 190 гаруй санал, зөвлөмж гарсан. Тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлага, иргэд олон нийтээс дэвшүүлсэн саналыг нэгтгэн “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус баталлаа. Эдгээр тогтоолын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.-Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ.-Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлж, Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн авто замаас Сайхан-Баян-Агт болон Гурванбулаг-Элсэнтасархай чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулна.-Дөрвөн улирлын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэл хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.-Булган, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын барилга барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.-Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улс-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөнө.-“Хойд бүсийн тээвэр логистикийн төв”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.-“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийг гарааны бизнесийг дэмжих төв болгон Хойд бүсийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлнэ.-Ханх-Монд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ.-Хойд бүсэд хамаарах орон нутгийн хөгжлийн зургаан төвийн инженерийн дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.-Хойд бүсийн “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулна.-Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Орхон, Хөвсгөл, Булган аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгалийн аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр төрөлжүүлж, дэд бүтцийн төслийн хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэх, давтан сургах чиглэлээр Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн дэргэд салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.-Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлнэ.-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгын ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ.-Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын цэнгэг усны нөөц, ойн сан, хүлэрт намаг, мөнх цэвдгийг хамгаалах газрын судалгааг үе шаттайгаар хийж, улсын тусгай хамгаалалтад авна.-Монголын Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлнэ.-Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдаа, үйлчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас хохирсон иргэдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөг олгоно.“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа"Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталж, журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 26-ны 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүний хөгжлийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (16.5 дугаар зүйл), Малчны тухай хууль (4.2.5 дугаар зүйл)-д заасан зохицуулалтыг тусган уг журмыг шинэчлэн боловсруулжээ. Гадаадад суралцах хүсэлтэй иргэдэд тавигдах сургалтын байгууллагын шалгуурыг "Ерөнхийлөгчийн илгээлт–2100" тэтгэлэгт хөтөлбөр болон дэлхийн шилдэг их сургуулиудад зээлээр суралцах хөтөлбөрүүдэд адил болгосон байна.Журмын өөрчлөлт нь дотоодын сургалтын байгууллагуудын чадавхыг дэмжих болон өндөр мэдлэг боловсролтой залуусыг гадаадад сурч төгсөөд эх орондоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлнэ гэж тооцоолж байна. Дэлхийн шилдэг их сургуулиудад бакалаврын түвшинд гадаадад суралцах оюутнуудад БЗС-аас олгодог зээлийн үйлчилгээг 2026 оноос "2+2 хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд гадаадад суралцуулах зээл олгох зохицуулалтыг тусгажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д заасны дагуу дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежид суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дипломын болон бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг Боловсролын зээлийн сан хариуцахаар зохицуулсан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс шинэчлэн боловсруулсан журамд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад буцалтгүй тусламж олгоход тавигдах шаардлага, хяналтын тоо тогтоож байсан хуучин зохицуулалтыг шинэчлэн "Дэлхийн шилдэг их сургуулиас урилга авч чадсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суралцуулах"-аар тусгажээ. Дотоодын их, дээд сургуульд 2024–2025 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 436 суралцагч суралцаж байна.Малчны тухай хуульд 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох гэж заасанд нийцүүлэн холбогдох мэргэжлийн чиглэлд тэтгэлгээр суралцуулахаар тусгасан. Энэхүү тэтгэлгийг 2025 оны есдүгээр сараас олгохоор төлөвлөжээ.
2025/04/30
249
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 'Эгийн голын УЦС' төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа. Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан. “Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна. Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ. Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.Төслийн нөлөөллийн бүс дэх иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн, бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа. Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.
2025/04/30
237
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.Эрхэмсэг ноён Ү Вон Шиг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/28
258
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Өнөөдөр Та бүхэнд Ерөнхий сайдын мэдээллийн цагаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар товч танилцуулъя.Байгалийн баялаг бол геологийн процессын олон зуун сая жилийн тасралтгүй өөрчлөлтийн үр дүнд бүрэлдэн бий болдог бөгөөд ашигт малтмалын орд урт хугацаанд үүсэх нь байгалийн дахин давтагдашгүй нэн ховор үзэгдлүүдийн нэг билээ. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхийн үечлэл бүхэнд байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөн байсаар ирсэн. “Аж үйлдвэрийн хувьсгал”-аас хойш нүүрс, төмөр, зэс зэрэг ашигт малтмалын хэрэгцээ эрс өссөнөөр дэлхийн геополитикийн бодлогын гол төвд гарч, XX-XXI зуунд дэлхийн стратегийн бодлогын салшгүй нэг хэсэг болон хувирсан. Өнөөдөр зэс, газрын ховор элемент зэрэг цахим технологи, сэргээгдэх эрчим хүч, батерей, хиймэл оюун ухаан, цэргийн технологид хэрэглэгддэг ашигт малтмалууд стратегийн ач холбогдолтой болж, их гүрнүүдийн өрсөлдөөний гол талбар болж буйг бид бүхэн харж байна. Байгалийн баялаг бүрэлдэн бий болоход олон зуун сая жилийн хугацаа ордог учраас уул уурхайн салбарыг хөгжүүлж буй бүхий л улсад нийгмийн зөвшилцөл зайлшгүй шаардлагатай болдог. Манай улсын хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн бүлэг орд нь одоогоос 250-300 сая жилийн өмнө үүсэн тогтсон гэж үздэг. Монгол Улсын хувьд Орос, Бельги, Франц улсуудын хувь нийлүүлсэн “Монголор” хамтарсан нийгэмлэг 1900 оны эхэн үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Энэ цаг үеэс хойш манай улсад ашигт малтмал, геологи хайгуулын судалгаа эрчимжиж, 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор системтэй ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны суурь болсон юм. Байгалийн баялгийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол, зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар ирсэн. Кувейтын Хөрөнгө оруулалтын Сан анх 1953 онд Лондонд байгуулагдсанаар Баялгийн сангийн орчин цагийн түүх эхэлдэг. Дэлхийд тэргүүлэгч Норвегийн баялгийн сан 1990 онд байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд 100 гаруй сан, нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгө удирдаж байна.Монгол Улс уул уурхайн орлогоос бүрдсэн баялгийн сан байгуулах алхам хийж, 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв сан байгуулж байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн хуульчилснаар Үндэсний баялгийн сангийн тогтолцооны эрх зүйн суурь зарчим тавигдсан гэж үзэж болно. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 4 дүгээр бүлгийн 6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Үндэсний баялгийн сангийн иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч, иргэн бүхэн E-Mongolia системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах тогтолцоо бүрдсэн нь үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй эхлэл юм. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн, “Баялагтаа Эзэн Монгол” уриаг дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, зөвшилцөж баталсан Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд, парламентын эрхэм гишүүд Та бүхэнд талархал дэвшүүлье. Баялгийн санг бүрдүүлэх эхлэл үйл явц аль ч улсад улс төр, нийгмийн халуун мэтгэлцээн дунд өрнөсөн байдаг. Бид ч үүнийг тойроогүй ээ. Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой зэрэг ордыг тойрсон олон жилийн мэтгэлцээн ч өөрийн онцлогт тохирсон Үндэсний Баялгийн санг үндэслэн байгуулж, арвижуулан хөгжүүлэх арга замыг хайхад оршиж байсан гэж дүгнэж болно. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа олон жил гацсан мега төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулагчид идэвхжиж эхэлсэн нь баялгийн сангийн эерэг үзүүлэлт юм. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Одоо Та бүхэнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдан хэрэгжиж эхлэсэн нэг жилийн дүгнэлт, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн саналд үндэслэн цаашид баримтлах үндсэн чиглэлийн талаар товч танилцуулъя. Цар тахал, дайны нөхцөл байдлыг бүрэн даваагүй дэлхийн эдийн засаг тариф тойрсон худалдааны дайнтай нүүр тулж, Олон улсын байгууллагын судалгаагаар тодорхой бус байдлын индекс түүхэндээ хоёр дахь удаагаа хэвийн хэмжээнээс хоёр дахин өслөө.Энэхүү тарифын хямрал Монгол Улсын эдийн засагт экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурах байдлаар шууд нөлөөлж байна. Тодорхойгүй байдлыг даван туулах бидний байр суурь туйлын тодорхой байх учиртай. Энэ бол Үндэсний баялгийн санд тулгуурласан олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүчний мега төслүүдийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлэх явдал билээ. Манай улсын төсвийн орлогын 31 хувь, нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг ч, иргэдийн амьдралын чанар, уул уурхай олборлуулж буй орон нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хангалттай шийдвэрлэгдэж чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулдаг. Уул уурхай, ашигт малтмал ашигласны "нөөцийн төлбөр" (royalty) нь Английн хууль, эрх зүйн уламжлалаас үүсэлтэй бөгөөд анх хааны өмчлөлийн газар нутагт ашигт малтмал олборлох эрхийн төлбөрийг илэрхийлдэг байжээ. Монгол Улсын хувьд өнөөдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, орон нутаг, иргэдэд Үндэсний баялгийн сангаар дамжуулан тэгш хүртээмжтэй хуваарилагдаж, нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх механизм болж чадахгүй, ойлгомжтой бус, ил тод биш байна. Тиймээс "нөөцийн төлбөр" (royalty)-ийг олон улсын сонгодог утгаар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан “Одоо ба Ирээдүйн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх” үндсэн зарчмыг баримтлан Үндэсний баялгийн сангийн төлбөр болгон тодорхойлж, · Ирээдүйн өв санд 50 хувийг хуримтлуулан хадгалж, · Хуримтлалын санд таван хувь ба стратегийн ордын 34 хувьд ногдох ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хамт, · Хөгжлийн санд таван хувийг нь, · Бүс ба орон нутгийн санд 15 хувийг төвлөрүүлж, цаашид 2030, 2040, 2050 онуудад үе шаттай нэмэгдүүлж, - Ирээдүй хойч үедээ 33 хувь, - Иргэдийн хуримтлалд 33 хувь, - Үндэсний хөгжил ба бүс, орон нутгийн хөгжилд 33 хувийг бүрдүүлэх урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж байна. Ингэснээр Үндэсний баялгийн санг арвижуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үндэсний аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээрээ хамтран ажиллах “Шинэ гэрээ”, зөвшилцөл, ойлголцлын суурь зарчим бүрдэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байна. Эрхэм парламентын гишүүд Та бүхнийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд оруулах энэхүү өөрчлөлтийг хэлэлцэн дэмжихийг хүсье. Эрхэм уул уурхайн компаниудын удирдлага Та бүхнийг олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэл, ирээдүйн уул уурхайн шинэ төслүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөх байдлыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хүндэтгэж, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухыг урьж байна. Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган үндэсний баялгийн сангийн тогтолцоогоор дамжин олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе” гэлээ.
2025/04/28
255
УЛС ТӨР
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиудад ажиллав
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, ажлын албаны хамт /2025.04.23/ зарим их сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа.Тэрбээр эхлээд Хөдөө аж ахуйн их сургуульд очиход тус сургуулийн захирал Д.Гүрбазар, Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Э.Төмөртогтох болон холбогдох албаны төлөөлөл хүлээн авч уулзан, сургуулийн бүтэц бүрэлдэхүүн, сургалтын талаар баримтлах бодлогоо танилцууллаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын 16 чиглэлийн 620 зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцав.Мал аж ахуйн үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэлтийг дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зах зээлд гаргах, хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой гарааны бизнес эрхлэгчдийн хөтөлбөрт таван компани шалгарч үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар дурдаж байлаа. Түүнчлэн эрдэм шинжилгээ, инновацын бодлого, хөгжүүлэлт, технологийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн технологи дамжуулах төвийн талаар мөн инновацын хууль, мэдээллийн технологийн хуулийн хэрэгжилтийн талаар санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, харилцан санал солилцов.Дараа нь Байнгын хорооны дарга Ж.Золжаргал Шинжлэх ухаан, технологийн их сургуульд очлоо.Энэ үеэр тус их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Р.Бадмаанямбуу болон холбогдох албан тушаалтнууд хүлээн авч уулзан, эрдэм шинжилгээ, инновацын бодлого, хөгжүүлэлт, технологийн бүтээгдэхүүн, дижитал шилжилт, инновацын хууль, мэдээллийн технологийн хууль, шинжлэх ухаан, технологийн хуулийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцов.Уулзалтын үеэр тус сургуулийн холбогдох албан тушаалтнууд Инновацын тухай хуулийн эрх зүйн орчныг сайжруулах, инновацын хүний нөөцийг чадавхижуулах, санхүүжилтийн хүртээмжгүй байдал, инновацын орчин зэрэг тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.Уулзалтын дараа Байнгын хорооны дарга тус их сургуулийн цахим номын сан болон MUST HUB хамтын оффис (Co-working space)-ын үйл ажиллагаатай танилцлаа.
2025/04/24
200
УЛС ТӨР
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2025.04.23/ хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус асуудлыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд тодорхой саналууд гаргасныг дурдаад, УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг хэлэлцээрийн төсөлд тусган, хоёр тал харилцан зөвшилцөн засч сайжруулах шаардлага байгаа тул хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. Энэхүү саналыг УИХ-ын гишүүн Ч.Анар дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.Байнгын хороо үргэлжлүүлэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.Монгол Улсын экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатайг сайд тэмдэглээд, эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгааг танилцуулгадаа дурдав.Тэрбээр, Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал гээд нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсныг тодотгосон.Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулж, тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан байна. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн Л.Гантөмөр сайд мэдээлсэн.Тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан аж. 2024 оны эцсээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах чиглэл өгсний дагуу, үүнтэй уялдуулан хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулсан байна. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тал талын оролцоог хангаж, бараа бүтээгдэхүүний хэлэлцээр дээр ажилласан гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд тэмдэглэсэн юм.Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 375 бараа дотроос 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 3 удаа албан бичгээр санал солилцож, нэг удаа биечлэн хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон бөгөөд Монгол Улсын талаас импортын нөлөөлөлд эмзэг тодорхой бараануудад айлын талаас буулт хийлгэж, харилцан ашигтай тохиролцоонд хүрсэн гэв. Монгол Улс энэ хэлэлцээрээс маш их ашиг хүртэнэ хэмээсэнХэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон байна.Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулжээ. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн 3 жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээжээ. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 50 хувь бууруулж, 7.5 хувь байхаар, харин 90 сая ширхэгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь хэвээр байхаар тохиролцжээ. Улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70.0 мянга хүртэлх тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосныг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон аж. 50.0 мянган тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ гэдгийг сайд онцлов.Эдийн засгийн хэлэлцээр хийснээр Евразийн зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувиар тус тус нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэв. Гэхдээ энэ боломжийн ашиглалт нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, гадаад худалдааны чадавхаас шууд хамаарна гээд, Евразийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломжууд бий болох боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнийг тодотговол, Евразийн эдийн засгийн холбооны улсууд 2023 онд 706 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 6.9 тэрбум ам.долларын арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын ноос, ноолууран эдлэлийг импортолсон байна. Эдгээрийг нэгтгээд харвал манай экспортын бүтээгдэхүүний хүрээнд 15 тэрбум орчим ам.долларын импортын зах зээл гэдгийг сайд танилцуулгадаа тодотгосон юм.“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөрийн хүрээнд дотоодын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бэхжиж байгааг дурдсан. Энэ тогтолцоог бүрэн утгаар нь хөгжүүлж, дотооддоо боловсруулах, экспортлох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү хэлэлцээр ач холбогдолтой хэмээв. Улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгдэж, Монголын 250 мянган малчин өрхийн орлого, ашиг бодитоор нэмэгдэх учиртай гэлээ. Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулах юм байна.Хэлэлцээрт туссан худалдааг хөнгөвчлөх онцлох зохицуулалтуудаас сайд дурдсан. Зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэх аж. Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна хэмээн үзжээ. Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна. Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэлээ. 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлэх юм байна.Энэхүү хэлэлцээрийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Худалдааны түр хэлэлцээр байгуулахад Засгийн газрын ажил хариуцсан сайд нар хариуцлагатай ажиллахыг сануулсан. Тэрбээр, УИХ гишүүдийн хэлсэн саналыг тусган хэлэлцээрийг сайжруулахад анхаарч ажиллахыг анхааруулаад, хөдөө аж ахуйн салбар болон хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах асуудалд УИХ-ын гишүүд санаа зовниж буйг сануулсан юм. Дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх ёсгүйг тэрбээр тэмдэглээд, харилцан ашигтай байж, экспорт нэмэгдэх нь зарчмын асуудал гэдгийг онцолсон. УИХ-ын гишүүд эрсдэлийн үнэлгээ, хөндлөнгийн судалгаа хийх, бусад улс орнуудын туршлагыг судалж, харилцан ашигтай байх асуудлыг хөндөж байгааг анхаарч үзэх саналтай байгааг дурдаад, тарифын бус хориг саадыг багасгах, худалдааг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцээрт тусгах асуудлыг судалж үзэхийг сануулсан юм.Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/24
190
УЛС ТӨР
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэГашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм. Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголооУлаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн товлолын дархлаажуулалтын хамралтын байдалд эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болголоо.Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалааТөрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэхЗалуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгалаа.Татан буугдсан байгууллагуудын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэгт шилжуулэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зуй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгалаа. Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гарганаМалчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1977 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.
2025/04/24
218
УЛС ТӨР
Эмийн үнийн өсөлтөд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан гаргасан тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо (2025.04.22) хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ дээрх тогтоолын агуулгын хүрээнд Засгийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр батлуулсан тухай онцлон дурдаж, хуульд эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үнийг зохицуулж, хүн амд чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эм хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр нарийвчилсан зохицуулалтууд тусгагдсаныг танилцуулав. Тухайлбал, эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэсэн эмийг түргэвчилсэн байдлаар бүртгэж, эмчилгээнд хэрэглэх, зайлшгүй шаардлагатай эмийг сонгох болон үнийн нэмэгдэх хувь хэмжээнд хязгаарлалт тогтоох, олон улсын чанарын шаардлага хангасан эмийг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагатай гадаад улсаас худалдан авах бол нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэх, эмийн бүртгэл, зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод болгох, эмийн болон эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийг тус тусад нь зохион байгуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгасан байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүрэн эрхийг дэлгэрэнгүй тусгаж, санхүүжилт, болон хариуцан гүйцэтгэх чиг үүргийг тодорхой болгожээ.Түүнчлэн Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас эм шинжлэх лабораторийг олон улсын стандартын дагуу бүрэн шинэчлэх хүрээнд ДЭМБ-тай хамтран Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийн шинэ байрны 1000 гаруй шоо дөрвөлжин метр талбайд лабораторийн модулийг угсарч эхлээд байгаа аж. Энэ ажлын гүйцэтгэгчийг олон улсын тендерээр шалгаруулсан бөгөөд шалгарсан компани манай улсад хоёр удаа ажилласны зэрэгцээ ДЭМБ-ын төв штабаас лабораторийн шинэчлэлийн ажлыг бүхэлд нь хянаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар зураг төслийг эцэслэх шатанд явж байна гэж Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Мөн барилгын гүйцэтгэгчийг олон улсын тендерээр шалгаруулах бөгөөд ирэх тавдугаар сард зарлахаар ажиллаж байгаагаа танилцуулав. Энэ ажилд ДЭМБ-ын “Цар тахлын төсөл”-өөс 2.0 сая орчим ам.доллар зарцуулахаар шийдвэрлүүлээд байгаа юм байна.Эм хангамжийн байгууллагуудад мөрдөх үндэсний стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлснээ сайд Т.Мөнхсайхан танилцуулж, оролцогч талуудаас саналыг авч, хэлэлцүүлж байгаа талаар дурдлаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 56 улсын 745 үйлдвэрлэгчийн 3,899 нэрийн эм бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн 80 орчим хувь нь импортынх боловч 36.3 хувь нь л ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий зохицуулалтын байгууллагатай улсад үйлдвэрлэгдсэн болохыг тэрбээр мэдээлж, хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн эмийг итгэлцлийн зохистой дадлын хүрээнд түргэвчилсэн журмаар бүртгэж, зах зээлд нийлүүлэх журам боловсруулж буйг өгүүлэв. Энэ талаар Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Япон зэрэг улсуудын тэргүүлэх үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүй эмийг хямд нийлүүлэх ажлыг өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Үүний хүрээнд 2024 оны 12 дугаар сараас БНСУ-ын таван үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг импортлож эхэлсний дотор 18 нэрийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэйгөөр буюу зах зээл дээр байгаа ижил төрлийн бусад эмээс 30-90 хувиар хямд олгож байна. Мөн хорт хавдрын эмчилгээний таван нэрийн эмийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авч Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж байна. Энэ сард багтаан Швейцарийн Рош үйлдвэрээс таван нэрийн бай эмчилгээний эмийг хүлээн авах хэлцлийг хийгээд байгаа ажээ.Хуулийн хүрээнд Эмийн болон Эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийг тус бүр 15 хүний бүрээлдэхүүнтэй байгуулсан байна. Эмийн үнийг иргэдэд ил тод байлгах, үнийн өсөлтийг хянах, төрийн байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн сантай болох тогтолцоог хуульд тусгасны дагуу Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүү мэдээллийн технологийн төвтэй хамтран эмийн бүртгэлийн Лайсмед программд импортын эм, эмнэлгийн хэрэгслийг стандарт код, цувралын дугаар тус бүрээр гаалиар орж ирсэн тоо хэмжээ, үнэ, эм хангамжийн байгууллагын борлуулсан тоо хэмжээ, бөөний үнэ, жижиглэнгийн үнэ зэрэг 40 өгөгдлөөр бүртгэх, мэдээлэл солилцох боломж бүрдсэн байна. Мөн цахим төлбөрийн баримтын системд эмийн мэдээллийг Засгийн газрын "Их өгөгдлийн (big data) сан"-д дашборд хэлбэрээр тогтмол нийлүүлэх ажил хийгдэж эхэлжээ. Цаашид тус программын хөгжүүлэлтийг үе шаттайгаар хийж, эмийн сангаас худалдан авсан эмийн болон И-баримтын цувралын дугаарыг ижил болгож, хяналтын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.Мөн Эм, эмнэлгийн хэрэгжлийн хяналт, зохицуулалтын газар, түүний зохион байгуулалт, эрх, үүргийн хэрэгжилтийг сайжруулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгджээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Польш Улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны зэрэгцээ БНСУ-ын Койка байгууллагатай хамтран албан хаагчдын чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа эмийн хяналтын үүрэг чиглэлийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын харьяаллаас гаргаж, Хүнс, эмийн агентлагийг яамныхаас өндөр статустайгаар байгуулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв. Учир нь харъяа агентлаг нь яамнаасаа давж хяналт хэрэгжүүлж чадахгүй, мөн осол гэмтэл, хүнсний болон эмийн хордлого сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байхад холбогдох байгууллага ажлаа хийхгүй байна гэлээ. Эмийн хяналт, зохицуулалтын байгууллага сайн төлөвшиж амжаагүй байхад хүнсний аюулгүй байдлын асуудлыг нэмж хариуцуулах боломжгүй, тийм чадавх хараахан бүрдээгүй гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дурдлаа.Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ЭМЯ болон эмийн агентлагт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг ажиллуулж байгааг яагаад засаж залруулахгүй, Улсын Их Хурлын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар юуны өмнө асууж хариулт авав. Үүнд сайд Т.Мөнхсайхан хариулахдаа, эмийн салбарын чадварлаг боловсон хүчнүүд хувийн хэвшилд ажиллаж байгаа учир яам, агентлагт шилж сонгож ажиллуулдаг гээд, салбарын төрийн захиргааны төв байгууллагын боловсон хүчний асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэдэг гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн бөөний төвүүд гаалиар оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ жижиглэнгийн үнээр бртгүүлэх, тэр үнээр эмийн сангаас иргэд QR код уншуулж худалдан авдаг байх систем чухал болохыг дурдаад, Лайсмед платформыг нэвтрүүлж байгаа явдлыг талархан тэмдэглэж, итгэлцлийн зохистой дадлын хамтын ажиллагааг олон улсын харилцааны зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Мөн эмийн үнийн өсөлтийн талаарх сонсголыг үед илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар хэрхэн ажиллаж байгаа талаар асууж, хариулт авлаа. Тэрбээр эмийн болон хүнсний шинжилгээний лабаораториуд нэгдэж ажиллавал үйл ажиллагаа нь уялдаатай болохын зэрэгцээ зардал хэмнэнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын үр дүнд засаг захиргааны анхан шатны нэгж буюу сум, багт эмийн үнийг тогтворжуулах талаар ямар үр дүн гарч байгаа болон Хүний эмийн хэрэглээн дэх техникийн шаардлагыг зохицуулах олон улсын зөвлөлийн бүртгэлийг ашиглахаа больж, зөвхөн ДЭМБ-ын зөвлөмжийг баримтлах болсноор бий болсон хүндэрлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажлын үр дүнгийн талаар, боловсролын байгууллага, эцэг эхчүүдтэй хэрхэн хамтран ажилласан болон хуулиар зохицуулсан зар сурталчилгаанд хориглох зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлсэн, илэрсэн зөрчил дутагдалд ямар хариуцлага тооцсон талаар асууж, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эрүүл мэндийн зардлын 15-25 хувийг эм эзэлж байгааг дурдаад, энэ нь хяналтгүй, чанаргүй, нийт дүн үнэлгээ нь өсөлтгүй, хэрэглээ нь зохисгүй, борлуулалт нь ашиг хонжоо хөөсөн байдалтай байвал энэ бизнес томоохон эрсдэлтэй тулгарахыг анхааруулж, энэ салбарын зардал, санхүүжилт, санхүүгийн үзүүлэлтүүдийн чиг хандлага ямар байгаа талаар асууж хариулт авсан юм. ДЭМБ-ын жишиг үнэтэй харьцуулбал манай улсад зарим эмийн үнэ 3-4 дахин өндөр байгааг тэрбээр анхааруулаад, Эмийн зөвлөлийн гишүүдийг ямар шалгуураар томилсон, тус зөвлөл хэрхэн ажиллаж, ямар үр дүн гаргасан талаар болон эмийн салбарын хууль, эрх зүйн орчин ямар түвшинд бүрдсэнийг асууж, ярилцсан юм. Түүнчлэн тэрбээр эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын мөнгөөр захиргааны зардал санхүүжүүлж байгаа эсэх, холбогдох журам, дүрмийн хэрэгжилтээс ямар бодитой үр дүн гарч байгаа зэрэг олон асуудлыг сөхөж хөндсөн юм.Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн эмийн хяналтыг яамны эрхлэх асуудлын хүрээнээс гаргах саналтай ижил байр суурьтай байгаагаа хэлээд, хяналт сул, лабораторийн тоног төхөөрөмж хангалтгүй, үнэ буурахгүй байгааг анхааруулав. Тэрбээр эмийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс, хөнгөлөлттэй эмийн хүртээмж, дотоодын эмийн үйлдвэрлэлээ дэмжих талаар явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяатай санал нэг байгаагаа илэрхийлж, эмийн чанар, стандартыг сайжруулах, хүртээмж, нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг ярилаа. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мөн эмнэлгүүдийн эмийн хангамж, нөөцийн асуудлыг хөндөж, нөөцийн программ хэзээ ашиглалтанд орох, чанарыг хэрхэн хангах болон иргэдийн эмийн зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар асууж, ярилцлаа.Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбгдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа яам эмийн зохицуулалт, бодлого, бүртгэлээ чадан ядан авч яваа учир хяналтандаа төдийлөн анхаарч чадахгүй, эм шинжлэх лабораторийг хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой нэгтгэх талаар Засгийн газарт даалгасан ажил хийгдээгүй байгааг анхааруулж, эмийн хяналтын чиг үүргийг Эрүүл мэндийн сайдын харьяаллаас гаргаж, Ерөнхий сайдын, нэг бол Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахад анхаарах шаардлагатай байгааг дахин дурдав. Мөн тэрбээр осол гэмдэл, эмийн болон хүнсний хорлогын үр дагавар үлэмж хэмжээгээр нэмэгдэж байхад холбогдох байгууллагууд юу ч хийхгүй байгаа нь эс үйлдэхүй гэдгийг онцолж, энэ бол аль нэг яамны биш Засгийн газрын түвшинд авч хэлэлцэх асуудал гэдгийг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Улсын Их Хурлаас гарч буй тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг Т.Мөнхсайхан сайдад анхааруулаад, парламентын шийдвэрийг буруу гэж үзэж байна гэсэн байр суурь илэрхийлээд сууж байх нь зохимжгүй гэлээ. Тэрбээр үрэлгэн тогтолцоотой лабораториудыг нэгтгэж, үр дүнтэй ажиллуулах, өндөр хөгжилтэй орны холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар эмийн үнийг бууруулах, хувийн хэвшлийг боомилохгүйгээр чанартай эмийг боломжийн үнээр оруулж ирэх нөхцлийг бүрдүүлэх, монополыг халах зэрэгт анхаарч ажиллахыг сануулаад, Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолын биелэлт хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, дахин тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг, даалгавар өгөх саналтай байгаагаа тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар эм эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн системтэй болох, худалдаа, зах зээлийг зохицуулах ажлыг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, Эмийн зөвлөлд ашиг сонирхлын зөрчлийг бага байлгах талаар үр дүн гаргаж ажиллах, олон улсын эмийн чанарын стандартуудыг хослуулан хэрэглэх шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун осол гэмтэл, хордлогоос урьдчилан сэргийлэх, эмтэй төстэй бэлдмэлийн хэрэглээг зохицуулах, нийгмийн эрүүл мэндийн нэгдсэн бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулах нв зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эмийн хангамж, хэрэглээ, үнэ, борлуулалт, хяналтын асуудлыг эрүүл мэндийн тогтолцооноос салгаж ойлгож болохгүй тул Улсын Их Хурлын тогтоолын мөрөөр авч буй Засгийн газрын үйл ажиллагаа салбарын бодлого, тогтолцоонд ямар эерэг үр дүн авчирч байна вэ гэдэгт үнэлгээ дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хүн амын эрүүл мэнд хэрхэн сайжирсан, эрүүл мэндэд зарж байгаа, хөрөнгө нь үр ашигтай байсан эсэх, тоо хэмжээ нь нэмэгдсэн эсэх зэрэг суурь үзүүлэлтийг гаргаж, зах зээлийн бодит мэдээллээр хэрэглэгчдийг хангах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен улсын хэмжээнд эмийн нөөцийг бэхжүүлэх, хүртээмжийг сум, баг руу тэлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хяналтыг сайжруулж, зөрчил дутагдалд тооцох хариуцлагыг чангатгах, лабораториудыг бэхжүүлэх зэрэгт анхаарахгүй бол болохгүй нь ээ гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ч мөн дээрх асуудлуудыг хөндөж, эмийн чанарт онцгой анхаарах цаг болсныг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат салбар зөвлөлүүдийн томилгоотой холбоотой асуудлыг чанаржуулж, ил тод, шударга болгоход анхаарах, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах чиглэлээр холбогдох дүрэм, журмыг шинэчлэх, лабораторийн шинжилгээ, хяналтын механизмыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх болон нийгмийн сүлжээгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн сурталчлах явдлыг хязгаарлах зэрэгт анхаарал хандуулахыг зөвлөв.Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хурлын гишүүдын асуулт, анхаарал хандуулж буй асуудлуудад илүү тодорхой, нэмэлт мэдээлэл өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсээд, цаашид эмийн бодлого, төлөвлөгөө, тэдгээрийн үр дүнг Нийгмийн бодлогын байнгын хороонд тогтмол танилцуулц ажиллах шаардлагатайг дурдав. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн нэгдсэн төлөвлөгөө, бодлого орхигдож байгааг тэрбээр онцгойлон сануулаад, энэ асуудал болон эмийн салбарын хөгжлийн хэтийн чиг хандлагын талаар Байнгын хорооны дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгаж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулж ажиллуулах болно гэлээ. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд гарч буй эерэг үр дүнгүүдийг бэхжүүлэх, ойлголт мэдээллийг нэгтгэх шаардлага байгааг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/23
195