mmnews.mn | 2025-06-02

УЛС ТӨР

УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2025.02.24/ Улаанбаатар хотоос мордлоо.Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар үдэв.Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.
2025/02/24
274
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 38 суманд ажиллалаа
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар УИХ-ын намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 38 суманд ажиллаж, 19 мянга гаруй иргэнтэй уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ орон нутагт тулгамдсан асуудал, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллав. УИХ-ын даргын уулзсан иргэдийн 5100 гаруй нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид байсан юм.  Баруун бүсийн таван аймгийн 500 мянга орчим иргэн Улаанбаатар хотоос 1000-2000 км-ийн цаана амьдарч байна. Тэдэнд зөвхөн зурагт, сонин, цахим хуудсуудаар гарах мэдээллээс гадна тэднийг УИХ-д төлөөлөн ажиллаж буй гишүүд хийсэн ажил, хийхийг зорьж буй бодлого, үйл ажиллагаагаа биечлэн танилцуулах нь чухал. Тиймээс анхны 126 гишүүнтэй парламент ард иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллах зарчмыг баримталж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны намрын чуулганаа дуусмагц ийнхүү баруун бүсэд ажиллалаа. УИХ-ын дарга салбар бүрийн төлөөлөл, таван нам, эвслээс бүрдсэн, олон ургалч үзэл бүхий шинэ парламент ганцхан намрын чуулганаараа 30 жил гацсан 4 мега төслийн чөдрийг тайлж, эдийн засгийн шинэ сэргэлтийг бий болгож буй талаар онцлов. Асуудлыг олон талаас нь хэлэлцэж, улстөржилгүйгээр шийдэх бүрэн боломжтойг энэ парламент харуулж буй нь мега төслүүдээс гадна улсын төсвийг хоёр удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсанаас харж болно.Говь-Алтай аймаг /2025.01.28-02.02/Улсын Их Хурлын дарга нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Алтай, Цээл, Халиун зэрэг есөн сум, Баянтоорой тосгонд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзав.Тэрбээр энэ үеэр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, парламентын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан. Түүнчлэн  2025 онд  тус аймагт 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсаныг онцлохын зэрэгцээ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгож, Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулах, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн дэргэд 50 ортой эмнэлэг барих, гадаргын усыг хуримтлуулах хөв цөөрмийг 15 суманд байгуулах, улмаар аймгийн төвийн дулааны шугам сүлжээний II хэлхээний бүтээн байгуулалт болон авто замын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх зэрэг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан.Тодруулбал, Алтай-Улиастай, Алтай-Бургастай боомт чиглэлийн авто замын зураг төслийн ажил эхэлж, ирэх жилүүдэд бүтээн байгуулалт эхлэх гэж буй нь Говь-Алтай аймгийн иргэд Завхан аймгийн Арцсуурь боомт, Алтай сумын Бургастай боомтоор хатуу хучилттай авто замаар холбогдох боломж бүрдэж байна. Ингэснээр тус аймгийн иргэд Улаанбаатар руу 1000 гаруй км, Замын-Үүд рүү 1600 км туулах шаардлагагүй болж, өөрсдийн бүс нутагтаа зах зээлтэй болох юм. Мөн тус аймагт Сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулахаар болжээ. Говь-Алтай аймаг нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц, хүчин чадалтай учир баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн төв болгох зорилгын хүрээнд ийнхүү судалгааны төвийг байгуулна. Ингэснээр баруун бүс эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэх юм.Тус аймгийн иргэд, хоршоологчид, малчид малын индексжүүлсэн даатгалын үр  дүн, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар, Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд судалгаатай хандаж ажиллахыг УИХ-ын даргаас хүсэж байлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд ул суурьтай хандаж, бүх талын оролцоо, тооцоо судалгааг үндэслэж шийдвэр гаргана гэлээ. Өөрөөр хэлбэл УИХ-аас байгуулагдсан “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг иргэд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагч нарын санал хүсэлт, судалгаануудад тулгуурлан ажиллана гэдгийг онцоллоо.Ховд аймаг /2025.02.03-02.10/Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 03-10-ны өдрүүдэд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт зэрэг нийт найман суманд ажилласан. Энэ үеэрээ иргэд, хоршоологчид, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, ахлах ангийн сурагчид зэрэг нийт 2700 гаруй хүнтэй уулзаж, 156 иргэний 300 гаруй асуултад хариулт, өгч санал солилцсон юм.Тэрбээр уулзалтын үеэр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, шинэ парламентын баримтлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулав. Мөн Улсын Их Хурлын гишүүд ард иргэдэд тайлангаа тавихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд баригдсан барилгын тоог танилцуулах биш, сонгогдон ажиллаж эхэлсэн үеэс хойших улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн сайжирсан талаарх макро эдийн засгийн олон үзүүлэлтээр ажлаа тайлагнадаг болно гэдгийг онцоллоо. Мөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд  баруун бүсийн зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аймгуудын онцлогт нийцсэн хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байгааг дурдсан.Уулзалтын үеэр орон нутгийн иргэд арилжааны банкнаас олгодог хэрэглээний зээлийн хүүг бууруулах боломж бий эсэх, цахилгааны үнэ 30 хувиар нэмэгдүүлсэн нь өрхийн эдийн засагт дарамт учруулж буй талаар хэлж, энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Ховд аймгийн хууль, шүүхийн байгууллагынханы хувьд шүүхийн байр стандартын шаардлага хангадаггүй, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан учир баруун бүсийн  дөрвөн аймагт шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үед очиж ажиллахад хүндрэлтэй, давж заалдах шатны шүүхийн тогтолцооны хувьд харгалзах үзэх зарим нөхцөл байдлын талаар хэлж байв. Орон нутгийн иргэд Ярантын боомтоор чөлөөтэй нэвтэрч, аялал жуулчлалыг бий болгох, Халзан бүрэгтэйн ордыг ашиглахгүй байх, Хөшөөтийн уурхайг стратегийн орд газарт бүртгэх, сургууль, эмнэлгийн хуучирч муудсан барилгыг шинэчлэх зэрэг асуудлыг хөндөн, санал хэлж байлаа.Шинэ парламент “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд боломж олгосон, зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллана гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Мөн Булган сумын Ярантын боомтоор хоёр улсын иргэд чөлөөтэй нэвтрэх боломж бүрдүүлэх талаас нь хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр хийх талаар холбогдох сайдад уламжилна гэв. Ингэснээр баруун бүсийн иргэд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй татан авч, эдийн засгаа идэвхжүүлэх, зах зээлээ хөгжүүлэх боломжтой. Үүнийг дагаад баруун бүсийн эдийн засаг тэлж, өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Түүнчлэн, Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний хараат бус байдал арилж, найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангагдах юм. Ингэснээр дан ганц хэрэглээний цахилгаанаар аж төрөх биш үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хангалттай эрчим хүчтэй болж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломж бүрдэнэ.Түүнчлэн, Ховд аймгийн Ховд сумын малчин Ж.Ерболын “Хөх сэрхийн шилмэл сүрэг” хоршоо, Буянт сумын хоршоологч нартай уулзлаа. Малчин Ж.Ерболын үүсгэн байгуулсан "Хөх сэрхийн шилмэл сүрэг" хоршоонд 27 малчин нэгдэж, хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан бөгөөд үхрийн аж ахуй эрхлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадлан тэжээл бэлтгэх, хүнсний ногоо тариалах зэрэг олон төрлийн үйлдвэрлэлийг хийж эхэлжээ. Тэд мах борлуулах цагаар 180 үхэр борлуулж, 27 сая төгрөгийн ашиг олсон байна. Ийнхүү анхны зээл төлөлтөө өнгөрсөн оны арван хоёрдугаар сард амжилттай төлсөн талаар онцлов. УИХ-ын даргын зүгээс Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газарт хоршоологчдод олгох газар, өвс тэжээлээ бэлтгэх талбайг яаралтай шийдэх өгөх чиглэл өглөө.Увс аймаг /2025.02.11-02.15/Улсын Их Хурлын дарга орон нутаг дахь томилтоо Увс аймагт үргэлжлүүлсэн. Тус аймгийн Улаангом, Өлгий, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Сагил, Давст, Түргэн, Тариалан, Өндөрхангай, Зүүнхангай  зэрэг нийт 11 суманд энэ сарын 12-15-ны өдрүүдэд ажиллахдаа, шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцохын зэрэгцээ иргэд олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзлаа.Тэрбээр энэ үеэр “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хийх эрх зүйн шинэчлэлүүдийн талаар танилцуулахдаа хүн төвтэй хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхээр тусгасныг тодотгохын зэрэгцээ баруун бүсэд хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулав. Тухайлбал, баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг уялдуулах зэрэг ажлыг тодотголоо.Увс аймгийн иргэд, олон нийтийн төлөөлөл орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлж, орон сууцжуулах бодлогыг тэлэх, залуу малчдын залгамж халааг бодлогоор бэлтгэхэд анхаарах, малын түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих болон хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр ажиллах саналыг хэлж байлаа. Мөн Боршоо боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааны хүрээнд анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж жишиг хуулийн этгээд болоход дэмжлэг үзүүлж, хоршооноос гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд стандарт нэвтрүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд анхаарч ажиллахыг хүслээ.УИХ-ын дарга баруун аймгуудад гүний худаг нь шүүлтүүргүй байгаа асуудалд бүх түвшинд анхаарч, сумдын гүний худгуудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ гэлээ. Ингэснээр хавдрын өвчлөлийн шалтгааныг тогтоож, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх юм. Түүнчлэн, улс орны аль ч цэгт амьдарч байгаа иргэний эрх хуулиар хамгаалагдсан, хөгжлөөс хоцрогдолгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж буй талаар дурдаад баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, аймаг, сумдтай нэг бодлоготойгоор ажиллах болно гэдгийг онцоллоо. Мөн Өмнөговь, Бөхмөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг ирэх оноос эхлүүлэхэд анхааран ажиллана гэв.Завхан аймаг /2025.02.16-02.20 /Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Тэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай зэрэг нийт найман суманд энэ сарын 16-20-ны өдрүүдэд ажиллалаа.Тэрбээр  уулзалтын үеэр 2025 оны улсын төсөвт Завхан аймгийн хэмжээнд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан талаар дурдав. Завхан аймгийн Улиастай сумын гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөл болон дулааны станцын хөрөнгө оруулалтуудыг шинээр тусгаснаас гадна Сонгино, Түдэвтэй сумын уулзвараас Арцсуурь боомт хүртэлх 159.5 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсныг онцолж байлаа. Энэ зам ашиглалтад орсноор дан ганц Завхан гэлтгүй баруун бүсийн бусад аймгийн худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох боломжтой.Уулзалтын үеэр орон нутгийн иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бэлчээрийн доройтол, боловсон хүчний хомстол, сум орон нутгийн төвийн барилгуудын халаалтын доголдол нь тулгамдсан асуудал болсныг дурдсан. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимын багтаамжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, суралцах орчин нөхцөлөөр хангах, сум дундын эмнэлгийг сэргээх, эрүүл мэндийн төвийг шинэчлэх зэрэг саналыг уламжилж байлаа.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид цахим сонгоны хичээл болон танхимын сургалтын цаг давхцаж буй асуудал, алслагдсан сумдын интернэтийн хүртээмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, спорт заал, мэргэжлийн багш нарын дутагдал болон элсэлтийн ерөнхий шалгалтыг өргөтгөсөн байдлаар авах болсон нь дарамт үүсгэж буйг хэллээ. Ахлах ангийн сурагчид 2026 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг өргөтгөсөн байдлаар өгөхөөр болсон нь олон хичээлийг судалж байж, их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болох юм. Энэ нь сурагчдад гэнэтийн шийдвэр байсныг хэлээд үүнээс болж зарим хүүхэд мэргэжил сонголтоо өөрчилж эхэлжээ. Тиймээс УИХ-ын дарга Боловсролын сайдтай ярилцан, элсэлтийн ерөнхий шалтгалтыг өргөтгөсөн байдлаар авах тушаалыг 2028 болгож хойшлуулахаар боллоо. Энэ шийдвэрт ахлах ангийн сурагчид талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.Түүнчлэн УИХ-ын дарга Завхан аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Шүүх байгуулах тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийн хүрээнд санал солилцсон. Тэрбээр шүүхийн байр, хуралдааны танхим, архивын өрөө зэрэгтэй танилцаж, УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна хэмээн тодотгоод шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тогтсон юм. Ийнхүү 23 хоногийн хугацаанд үргэлжилсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт дуусаж, иргэдээс ирсэн санал хүсэлт бүрийг холбогдох байгууллагуудад уламжиллаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд тухайн бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, худалдаа, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Ийнхүү баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг гаргах нь гол зорилго юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/24
273
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Улиастай суманд ажиллах үеэрээ /2025.02.20/ аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Шүүх байгуулах тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийн хүрээнд санал солилцож, шүүхийн байрны орчин нөхцөлтэй танилцав. Завхан аймагт анхан шатны хоёр, давж заалдах шатны нэг шүүх үйл ажиллагаагаа явуулж байна. Уулзалтын үеэр шүүхийн ажилтнууд харьцангуй тогтвор суурьшилтай ажиллаж байгааг танилцуулж, шинээр баригдах шүүхийн байрны төсөв, санхүүжилттэй холбоотой асуудлыг дэвшүүллээ.УИХ-ын дарга энэ үеэр шүүхийн байр, хуралдааны танхим, архивын өрөө зэрэгтэй танилцаж, УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна хэмээн тодотгоод шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тогтлоо.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангахын тулд салбарын хууль тогтоомж амьдралд нийцэхүйц байх нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм. Завхан аймгийн нийт хүн амын 11 хүн тутмын нэг нь шүүхээр үйлчлүүлдэг аж. Иргэдийн шүүхээр хамгаалуулах эрхийг улам баталгаажуулж шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтооход шаардлагатай системийн өөрчлөлт, тогтолцооны шинэтгэлийн талаар алба хаагчдын байр суурийг нээлттэй сонсож ажиллахаа мэдэгдсэн юм. Цаашлаад шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хэрэг, маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хүрээнд санал солилцов.Мөн уулзалтын үеэр хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах эсхүл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх бодлогыг энэ удаагийн парламентаас хэрэгжүүлж буй талаар танилцууллаа.Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Улиастай суманд зохион байгуулж буй “Амар байна уу 2025” сар шинийн үзэсгэлэн худалдаагаар зочиллоо. Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт болж буй уг үзэсгэлэн энэ сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нутгийн онцлох бүтээгдэхүүнүүд, уламжлалт эдлэл, хэрэглэлүүд, үндэсний хувцас, гар урлалын бүтээлүүдийг дэлгэжээ.УИХ-ын дарга уг үзэсгэлэнгээр зочлох үеэрээ Завхан аймгийн сумдаас зорьж ирсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчид, малчид, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, үйл ажиллагаа  болон тулгамдаж буй зарим асуудлаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/21
278
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Алтай-Улиастайг холбох авто замын төслийг эхлүүлснээр ачаа тээврийн урсгал, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Завхан аймгийн Улиастай суманд ажиллалаа. УИХ-ын дарга Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 37 сумаар ажилласны дараа ийнхүү Улиастай сумын иргэдтэй уулзав. Баруун бүсийн аймгуудад энэ онд нийт 115 төсөлд 349.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр улсын төсөвт тусгаснаас Завхан аймгийн хэмжээнд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байгаа аж.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улиастай сумын иргэдтэй уулзах үеэрээ бүсийн хөгжлийн цогц төлөвлөлтөд туссан ажлуудаас танилцуулж, нэн тэргүүнд аймгийн төв, сум, хилийн боомтуудыг хооронд нь авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлнэ гэдгийг тодотгов. Энэ хүрээнд Алтай-Улиастайг холбох 178 км авто замын төслийн хүрээнд Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Уг төслийн үр дүнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбосноор тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх давуу талтай юм. Түүнчлэн Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр болсон нь завханчуудын хувьд худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох юм гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Уг төслийн хүрээнд Түдэвтэй сумыг холбох 3.6 км, Баянхайрхан сумыг холбох 1.5 км, Тэс сумыг холбох 1.4 км салаа холбоос зам, гэрэлтүүлгийн хамт хийгдэнэ.Анх 1976 онд байгуулагдсан Арцсуурь боомтоор Завхан болон Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгийн иргэд ОХУ-тай экспорт, импортын худалдаа эрхэлж, ялангуяа орон нутгийн иргэдийн бизнес хөгжих, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой гэдгийг УИХ-ын дарга илтгэлийн үеэр дурдлаа. Эдгээрээс гадна аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажил, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шинээр эхлүүлэхээр улсын төсөвт тусгасан бол Солонготын давааны 12 км хатуу хучилттай замыг мөн энэ онд барина гэлээ.Парламентын баталж буй хууль тогтоомж, бодлого шийдвэр нь хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарч, хүн төвтэй үзэл санаа бүхий хууль эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги төлөвлөгөөгөө баталсан талаар УИХ-ын дарга танилцуулав. Энгийнээр хэлбэл хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах, эсхүл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, хууль нь бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх үзэл санаа юм.Уулзалтад оролцогчид Завхан аймгийн хөгжлийг хурдасгахад хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжид түлхүү анхаарах ёстой гэдэгтэй санал нэгдлээ. Улиастай сумын иргэдийн зүгээс сум, орон нутагт бүх насныхны хэрэгцээнд суурилан аялал жуулчлал, амралтын бүс байгуулах, аймгийн төвийн номын сангийн барилгыг шинэчлэх, ахмадын ордны үйл ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон өргөтгөлийн асуудал зэргийг дэвшүүлж байв. Мөн Дөрвөлжин сумын Бага нуурын ус ширгэж, ойр орчмын ан амьтан, шувууд хоргодож байгааг анхааралдаа авч, “Нэг сум-нэг нуур” төсөлд хамруулж өгөхийг хүсэв. Сумын Засаг даргын тавьсан хүсэлтийн дагуу хөв цөөрөм байгуулах байршлуудын хүрээнд мэдээлэл өгч, Бага нуурын усыг даруй шинжилж, холбогдох арга хэмжээг авахаар Усны газрын дарга З.Батбаяртай зөвшилцлөө. Улиастай хотын цаашдын усны хангамжийг шийдвэрлэх зорилгоор Богд, Чигэстэйн гол дээр хөв цөөрөм байгуулахаар болжээ.Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээл олголт, зарим импортын барааны гаалийн татвар, орон нутаг дахь түлш, шатахууны үнийн зөрүү зэрэг асуудлыг хөндөж, саналаа хэлцгээсэн юм.Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Мандхай нар Улиастай суманд болсон “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцлоо. Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй хоршоологчдын төлөөлөл чуулж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, зээлийн олголт, эргэн төлөлт, татвар болон даатгалтай холбоотой зохицуулалт, анхаарах асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 8971 шинэ хоршоо байгуулагдаж, 88000 гаруй малчин гишүүнээр элсжээ. Завхан аймгийн хувьд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зөвлөгөөний үеэр хоршоологчдын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах, төрөөс тогтвортой бодлогоор дэмжин ажиллахад анхаарна гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр орлогоо бодитоор нэмэгдүүлж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, урт хугацааны өгөөжийг хадгалахад “Шинэ хоршоо хөдөлгөөн” олон талт боломжоор хангаж байгааг тодотгов. Цаашид дундын хоршоог байгуулж, бүс нутгийн онцлох аж ахуйд суурилан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд түлхүү анхаарахыг уриаллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/20
324
УЛС ТӨР
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 'Гашуунсухайт-Ганцмод' боомтод ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Уянга, П.Мөнхтулга, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар (2025.02.19) Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Гашуун сухайт-Ганцмод” боомтод ажиллаж байна.Ажлын хэсэг УИХ-ын бодлого, шийдвэрийн үр дүн, бодит нөхцөл, хэрэгжилтийг үнэлж дүгнэх үүднээс “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, "Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолборын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлттэй газар дээр нь танилцаж, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эхэллээ. “Гашуунсухайт” нь нийслэлээс 841 км-т байрладаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гол төсвийг бүрдүүлдэг боомтын нэг бөгөөд 9 дэх удаагийн парламент олон жил гацсан мега төслүүдийг дэмжснээр эерэг үр дүн авчирна гэсэн хүлээлттэй байгаа юм.Тус боомтыг чиглэсэн нүүрс тээвэрлэх төмөр зам олон улсын стандартад нийцсэн, говийн орчинд даацтай, ан амьтанд ээлтэй боловч суурьшлын бүсэд оршин суугчдын зүгээс нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлт тавьж байна.Харин "Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолборын хувьд 2022 онд ашиглалтад орсноос хойш 75.1 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Өдөрт 300-450 тээврийн хэрэгсэл Ганц мод чиглэлд нэвтэрдэг байна. Биржийн тээвэрлэлтийг нийт дөрвөн чиглэлд хийж буй бөгөөд 2023 оны 03 дугаар сараас хойш 117 удаагийн тээвэрлэлтээр 26.5 сая тонн нүүрс биржээр борлуулжээ. Гүйцэтгэл хангах гэрээ 40 гаруй үлдсэн байна. Нүүрс тээвэрлэлтийн хувьд “Гашуун сухайт” хилийн боомтод Авто тээврийн нэгдсэн системд 432 аж ахуйн нэгжийн 24.432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хариуцлагын гэрээ байгуулсан 420 аж ахуйн нэгжийн 8808 тээврийн хэрэгсэл урт, богино тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж. Нүүрсний ханш 2.3 орчим хувиар буурснаас нүүрс тээвэрлэлт багасч, экспорт буурах эрсдэл үүссэн байна. Өнөөдрийн байдлаар Ганцмод боомтод 4.6 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Түгжрэлийг бууруулах, төмөр замын ашиглалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж буй УИХ-ын ажлын хэсгийн томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/20
293
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллав.Намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр Улсын Их Хурлын дарга, гишүүд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, баруун бүсийн хөгжлийн цогц төлөвлөгөөнд туссан онцлох ажлуудаас иргэд, олон нийтэд хүргэлээ. Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 35 суманд ажиллаж орон нутагт тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ иргэдийн саналд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллаж байна.Нийгмийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент “Гурван төгөлдөршил” бодлогынхоо хүрээнд хүний эрхийг хангасан, цаг үеийн шаардлагад нийцэхүйц, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги, төлөвлөгөөндөө тусгасан. Энэ хүрээнд өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хоцрогдол, хийдэл, хуулиас давсан зарим журмаас үүдсэн хүний эрхийн зөрчлийг арилгахын тулд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 80 гаруй ажлын хэсэг ажиллаж байна.Нөмрөг суманд ажиллан, иргэдтэй уулзах үеэрээ Улсын Их Хурлын дарга баруун бүсийн аймаг, сум, хилийн боомтуудыг авто замаар бүрэн холбож худалдаа, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлийг бүсийнхэнд ойртуулах бодлогын хэрэгжилтээс танилцуулсан юм. Энэ хүрээнд Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж байгааг тодотголоо. Завхан аймгийн хэд хэдэн сумыг дайран өнгөрөх уг авто зам ашиглалтад орсноор бүс нутгийн онцлох аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийг төрөлжүүлж, худалдааны эргэлт нэмэгдэн, баруун бүсийн аймгуудын эдийн засгийн харилцаа эрчимжих томоохон гарц нээгдэнэ гэдгийг онцоллоо.Үргэлжлүүлэн сумын хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдтэй ярилцав. Нөмрөг сумын цэцэрлэг 1927 онд байгуулагдсан цагаасаа хойш зориулалтын барилгад хичээллэж байгаагүй, ерөнхий боловсролын сургууль нь ариун цэврийн байгууламжгүй, ширээ сандал нь шаардлага хангахгүй зэрэг тулгамдсан асуудлыг сумынхан дэвшүүлэв. Эдгээрээс гадна багуудад дахин дамжуулах станц байгуулах, эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх зэрэг асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлүүлэхээр холбогдох газруудтай зөвшилцөхөөр тогтлоо. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойроос хүргэдэг баг, сумын удирдлагуудын төлөөллийн чадамжийг хөндөж, сонгуулийн болон төрийн албаны хууль тогтоомжийн хүрээнд саналаа хэлцгээлээ.Завхан аймгийн Тосонцэнгэл сум 11000 гаруй оршин суугчтай, ерөнхий боловсролын хоёр, мэргэжлийн боловсролын нэг сургуулиас гадна дөрвөн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын Их Хурлын даргын иргэд, малчидтай хийсэн уулзалтын үеэр сургуулийн халаалт, анги танхимын багтаамж, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж зэрэг тулгамдсан асуудлуудаа олон нийтийн зүгээс дэвшүүллээ. Сумын төвд байгуулагдсан 22 МВт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцад түшиглэн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрлэлийн паркийн цогцолборыг байгуулж, иргэдийг  нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх саналыг дэвшүүлж байв. Түүнчлэн уг станцын дараагийн ээлжийн шугам сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэснээр өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитой дэмжлэг болохыг илэрхийлсэн юм. Уулзалтад оролцогчдын хувьд Ахмад настны тухай болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд асуулт асууж, саналаа хэлцгээв.Завхан аймгийн сумдад "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хэрэгжилт харилцан адилгүй байгааг анхаарч, цаашид газарзүйн байршил, бүс нутгийн онцлогт тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг олон талт хөтөлбөрөөр эрчимжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/19
271
УЛС ТӨР
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцлов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг бүрдүүлжээ.Монголын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг дэлхий дахинд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах ёстой. Business Friendly Mongolia буюу Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улс болох стратегийг хэрэгжүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын бизнесийн орчин руу Монгол Улсыг “хөтлөх”  зорилготой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван шилжилтийг салбар бүрд хийхээр зорьж буй. Тиймээс шинэ эдийн засгийн бүтцийн үндсэн хөшүүрэг нь баялаг бүтээгчид байх бөгөөд дээрх гурван шилжилтийг хэрэгжүүлж баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ирэх долдугаар сард болох Монголын Эдийн засгийн форумын бэлтгэлийг одооноос эхлүүлэх, зохион байгуулалтад анхаарахаас илүүтэй бодит үр дүн гаргах нь чухал. Татварын орчин гэхэд зөвхөн нэг талаас анхаарах бус төр, иргэн, аж ахуйн нэгж гэхчлэн бүх талыг оролцуулж эрх зүйн орчныг шийдэх нь илүү оновчтой. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл асуудал бүрд төвлөрч, бүх талын саналыг нэгтгэж, ажил хэрэгч ажиллахыг Ерөнхий сайд анхааруулав.Засгийн газрын гишүүн, Шадар Сайд Т.Доржханд Дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улс хэрхэн оролцсон талаарх үр дүнг, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Бизнес эрхлэх орчны үнэлгээ” шалгуур үзүүлэлт, бизнесийн орчны индексүүдийн талаар тус тус танилцуулав.Бизнес эрхлэхүйн индексээр манай улс 2020 онд 190 орноос 81 дүгээр байрт, Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2024 онд 176 орноос 76-р байрт жагссан байна. Монгол Улсад бизнес эхлэх, өмч бүртгүүлэх зэрэгт тулгардаг  шат дамжлагыг цөөрүүлэх, зөвшөөрлийн цахим системийг боловсронгуй болгох, зээлийн хүү, татварын төрөл, хувь хэмжээг бууруулах, үр ашиггүй татаасыг зогсоох, үнэт цаасны зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, гадаад худалдаа эрхлэхэд бичиг баримт бүрдүүлэхэд хугацаа их зарцуулдгийг өөрчлөх, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалал сул, хүнд суртал их, шүүхийн үйл ажиллагааны чанар тааруу, авлигын хяналтын орчин муу байгааг иргэд, хувийн хэвшлийнхэн хэлж байв. Төрд байгаа мэдээллийг иргэнээс давхар нэхэхээ больж, хялбаршуулсан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд шууд олгох, тусгай шаардлагуудыг олгосны дараа хянадаг болох, QR код ашиглах зэрэг шийдлийг зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлдэг болохоор ажиллаж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг танилцуулахдаа онцлов.  Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн талаар 600 орчим аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг нэгтгэж танилцууллаа. Эдгээр санал болон Сангийн яамнаас боловсруулсан татварын цогц реформын төслийг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаас гадна татварын философио эргэж хармаар байна. Татвараар мэргэшсэн шүүх байгуулж, мэргэшсэн шүүгч, прокурортой болох, татварын байцаагч технологийн өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд анхаарах асуудал олон байна. Бизнесийн орчинд үүссэн аливаа маргааныг заавал шүүхээр оруулж ачаалал нэмэхгүйгээр МҮХАҮТ-ын дэргэдэх арбитраар ч юм уу, хараат бус мэргэжлийн шүүгчдээр зохицуулдаг тогтолцоог бүрдүүлмээр байна. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг эргэж харах, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллага төлдгийг болиулах хэрэгтэй зэрэг саналыг тус зөвлөлийн гишүүд хэллээ.  Тус хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томиллоо. Мөн зөвлөлийн дэргэд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бүтэц байгуулахаар болов.
2025/02/19
302
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтыг оновчтой эрэмбэлэхийн тулд нэн түрүүнд иргэдийн саналд тулгуурлана
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй сумдад ажиллаж, намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудаас танилцуулахын зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэдээс сонслоо. Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент хууль, эрх зүйн орчныг XXI зууны үзэл баримтлалд нийцүүлэн, төр бус хүн төвтэй байх шинэчлэлийг эхлүүлсэн гэдгийг УИХ-ын дарга тодотголоо.Тэрбээр нийгмийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн шинэ тутам үүсэж буй харилцааг иж бүрэн зохицуулах чадамжтай, ингэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан хуулийг батлах нь энэ парламентын тэргүүн зорилт байх болно гэлээ. Түүнчлэн УИХ-ын дарга баруун бүсийн хөгжлийн цогц бодлогоос танилцуулж, авто замын сүлжээ, эрчим хүчний хөрөнгө оруулалт, аймаг орон нутгийн онцлох аж үйлдвэрлэл гэсэн үндсэн чиглэлүүдэд анхаарч ажиллахаа онцлов. Газарзүйн байршил, уламжлалт аж ахуй, онцлох өрхийн үйлдвэрлэл зэрэгт тулгуурлан бүс нутгийнхаа зорилтот хэрэгцээг хангах олон талт боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн бий болгож байгааг онцлох жишээгээр танилцуулав.Алслагдсан зарим сумдад хоршооны тухай хуулийн ойлголт, “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээл олголт болон эргэн төлөлтийн талаар мэдээлэл хангалтгүй байгаагаас улбаалж малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоо ашиглаж чадахгүй байгааг иргэд уламжилж байлаа. Сонгино сумын иргэд сартуул түмний шүтээн уул Сонгино хайрханы орчимд хайгуулын лиценз олгосныг олон жилийн турш эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Дархан цаазат амьтадтай, нутгийн 20 гаруй айлын өвөлжөөтэй, түүхт хайрханыг хамгаалж, лицензийг цуцлуулж өгөхийг УИХ-ын даргад албан бичгээр дамжуулсан юм.Нутгийн иргэд сумын хөгжлийг уул уурхайд бус газар тариалан, мал аж ахуйд тулгуурлан урагшлах учиртай гэдэгт санал нэгдээд, өвс тэжээл тариалалтыг дэмжиж, бэлчээрийн доройтлыг бууруулах арга хэмжээ авахыг хүслээ. Орон нутгийн иргэдээс нийтлэг дэвшүүлж буй банкны тогтолцооны өөрчлөлттэй холбоотой саналуудыг Сонгино сумынхан ч уламжлав.Арилжааны банкны зээлийн хүүг өндөр төдийгүй зээлдэгчийн эрх ашигт огт нийцэхгүй байгааг уламжлахын сацуу хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх ойлголт мэдээлэл хөдөө орон нутагт хомс байгааг хэлж байв. Сумын төвийн сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны зураг төсөл батлагдаад хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа талаар болон цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болсныг хөндлөө.Түдэвтэй сумын иргэдийн хувьд ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгохоос өмнө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй хамрагдах санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүний тулд сумандаа усалгаатай системийг сэргээж, тэжээлээ өөрсдөө тариалахаас эхлэх ёстойг ч хэллээ. Сонгино, Түдэвтэй сумдын нутагт үүрэн телефоны сүлжээ муу тул дахин дамжуулах станц шаардлагатайг орон нутгийн иргэд зонхилон уламжилж байв. Түүнчлэн Ахмад насны тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зэрэг малчдад чиглэсэн зарим хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хүрээнд УИХ-ын гишүүдээс асуулт асууж, саналаа хэлцгээв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/18
231
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан:Төрийн үйл ажиллагааг чухалчлах бус иргэний асуудлыг зохицуулж, эрхийг нь хангадаг эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Зүүнхангай суманд ажиллав.УИХ-ын дарга баруун бүсэд ажиллах үеэрээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж, суралцах орчин, материаллаг баазын хүртээмж, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй сонссон юм. Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургууль 1985 онд 320 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтад орсон ч одоогоор 500 гаруй сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Анги дүүргэлт стандартаас хэтэрсэн, номын сан багтаамж муутай, сургуульд хоолны танхим байхгүйн улмаас гал тогооноос үдийн цайгаа зөөдөг зэрэг асуудлуудыг сурагчид ярьж байв. УИХ-ын дарга чанартай боловсролыг хүртээмжтэйгээр эзэмших хүүхдийн эрхийн асуудал нэн тэргүүнд эрэмбэлэгдэх учиртайг тодотгоод холбогдох шийдлүүдийг хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгалаа.Үргэлжлүүлэн Зүүнхангай сумын иргэд, олон нийттэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд болон парламентаас дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд мэдээлэл өглөө. Хүний эрхийг дээдэлсэн, төрийн үйл ажиллагааг бус иргэний асуудлыг шийддэг, цаг үеийнхээ шаардлагад нийцэхүйц иж бүрэн хууль, эрх зүйн орчныг цогцлоох нь “Гурван төгөлдөршил” бодлогын үндсэн зорилтууд гэлээ. Нийгмийн салбар бүрийн төлөөлөл бүхий шинэ парламентын гишүүд УИХ-ын даргын захирамжаар 80 гаруй ажлын хэсэгт хуваарилагдан салбар бүрийн хуулийн хэрэгжилтийг судалж, шаардлагатай бол хуулийн төслийг шинэчлэх ажлыг эхлүүлснийг тодотгов.Улаанбаатар хотоос 1100 гаруй километрийн зайд орших Зүүнхангай сум эрс тэс уур амьсгалтайн зэрэгцээ зах зээлээс алслагдсан тул үнийн өсөлт тулгамдсан асуудлын нэг болсныг нутгийн иргэд хэлж байлаа. Зарим газар дэд бүтэц сул хөгжсөний улмаас сумынхан өвөлдөө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй, цаашлаад боловсон хүчин ч дутмаг байгааг хөндөн ярилаа. Малчдын хувьд нэг удаа зээл тэглэхээс илүү урт хугацаанд мах экспортлох боломжийг нээж өгөх нь бодитой дэмжлэг гэдгийг тодотгов. Нийслэлийн зах зээлрүү нийлүүлэхэд тээврийн зардал, шатахууны өртөг ихтэй учир Арцсуурийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, авто замын холболт хийснээр залуу малчдын амьжиргааг дээшлүүлэх чухал ажил болно гэдэгтэй санал нэгтэй байлаа.Увс аймгийн хэмжээнд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд Зүүнхангай сумын нутагт хөв цөөрөм байгуулах замаар усжуулалтын системийг шийдвэрлэж чадвал малын тэжээлээ өөрсдөө тариалахаас эхлээд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтойг орон нутгийн иргэд онцолсон юм.Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, алслагдсан сумдад ажиллах үеэр орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах саналыг иргэдийн зүгээс нийтлэг дэвшүүлж байгааг тодотгоод малчдын хувьд ч ялгаагүй малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг өрхийн хэмжээнд сайжруулах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлсэн хоршоологчдын сайн жишгээс дурдав.УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Завхан аймагт үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/17
259
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Баруун бүсийн таван аймаг таван хилийн боомттойгоо бүрэн холбогдсоноор худалдааны эргэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалт төвлөрөх боломжтой
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Тэс, Баянхайрхан сумдад ажиллалаа. Баруун бүсийн хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлох, аймаг сумдад шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, парламентаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт иргэдийн дуу хоолойг тусгах зорилгоор Говь-Алтай, Ховд, Увс аймгуудын араас ийнхүү Завхан аймагт ажиллаж байна.Энэ оны улсын төсөвт Завхан аймгийн Улиастай хотын гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөл болон дулааны станцын хөрөнгө оруулалтуудыг шинээр тусгаснаас гадна Сонгино, Түдэвтэй сумын уулзвараас Арцсуурь боомт хүртэлх 159.5 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал гээд өсөн нэмэгдэх өгөөж бүхий энэ чиглэлийн маршрут Тэс, Баянхайрхан  зэрэг дөрвөн сумдын нутгийг дайран өнгөрөх бөгөөд сумын төвийн 1.5 хүртэлх км авто замыг төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар тусгасныг онцоллоо.Баруун бүсийн аймгууд тус бүр хилийн боомттой бөгөөд одоогоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд Боршоо, Ярант, Цагааннуурын боомтуудтай авто замаар холбогджээ. Баруун бүсийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд аймгийн төвүүд, сумын төвүүдийг хилийн боомттой авто замаар бүрэн холбосноор бүсийн эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, төвлөрсөн зах зээлийг бий болгохоор зорьж байгааг УИХ-ын дарга тодотголоо.Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв болгон зарласантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгоход анхаарна гэлээ. Ингэснээр Завхан аймгийн эдийн засгийн бүтцийн ердөө 12 хувийг эзэлж байгаа аж үйлдвэрийн салбар хөгжиж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлснээр аймгуудын өрсөлдөх чадвар ч үлэмж дээшилнэ гэдгийг онцлов.Арцсуурь боомт хүртэлх авто замын маршрут, чиглэлийг тогтохоос эхлээд хөрөнгө оруулалт нь олон жил хүлээгдсэн уг бүтээн байгуулалт ийнхүү эхэлж буйд Тэс, Баянхайрхайчууд баяртай байгаагаа илэрхийллээ.Түүнчлэн орон нутгийн иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээдэхүүний үнийн өсөлт тулгамдсан асуудал болж буйг хэлж байв. Үүнээс гадна бэлчээрийн доройтол, боловсон хүчний хомсдол зэрэг асуудлуудаас гадна архи, согтууруулах ундааны хэрэглээ газар авч байгаад эмзэглэж буйгаа илэрхийлсэн. Сумын төвийн барилгын халаалт доголдсон, анги танхимын багтаамж бага, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх газар, хүний хөгжлийн төвүүд байдаггүй зэрэг асуудлуудыг сурагчдын төлөөлөл дэвшүүлсэн бол сум дундын эмнэлгийг сэргээх, эрүүл мэндийн төвийг шинэчлэх зэрэг саналуудыг иргэдээс уламжиллаа. Хоорондоо ойр, хүн ам сийрэг сумдын малчид нэгдэн, хоршоо байгуулж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, зэргэлдээ сумдынхаа зах зээлд нийлүүлэх зэргээр газарзүйн байршлаа ашиглан орлогоо нэмэгдүүлэх бодит боломж байгаа талаар уулзалтад оролцогчид санал солилцлоо. Тухайлбал, нийт 8 сумтай хил залгаа орших Баянхайрханчууд энэ зах зээлээ ашиглаж, өвс тэжээлийн тариалалтаа эрчимжүүлснээр бүсийнхээ тэжээлийн төв болох ч боломжтой учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эрчимжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга хэлэв. Малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлд нийлүүлэхийн тулд анхан шатны боловсруулалтад малчид өөрсдөө анхаарах ёстойг ч мөн захилаа.Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завхан аймагт хийгдэх ажлуудаас танилцуулсан бол УИХ-ын гишүүн М.Мандхай “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгч, хоршооны сайн туршлагуудаас хуваацлаа. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Завхан аймагт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/17
283
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр, “Эрхэм монголчууд аа,Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.  Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна.Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна. Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажил эхэлж байна. Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа. Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
2025/02/17
249
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хуулийг хоёр өөр хэрэглээтэй мэт харагдуулдаг журмуудыг цэгцэлж, хүн бүр эрх тэгш байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Улаангом хотод (2025.02.12) ажиллалаа. Энэ үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван жилийн турш баригдаж, ашиглалтад орж буй хөгжимт жүжгийн “Ойрад” театрын нээлтэд оролцсон юм.УИХ-ын дарга нээлтийн үеэр язгуур урлагийн арвин өв, соёл бүхий Увс нутгийнхан 50 гаруй жилийн дараа хөгжимт жүжгийн шинэ театртай болж буйд баяр хүргээд уламжлал шинэчлэлийг хослуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар үндэсний өв, соёлоо нандигнан үлдээх, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тодотголоо.Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улаангом хотын эл шинэ театрт иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд, бүс нутгийн хөгжлийг тодорхойлох бодлогын шийдлүүдээс танилцуулав. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын 81 гишүүн нь анх удаа УИХ-д сонгогдон ажиллаж буй бөгөөд салбар бүрийн төлөөллүүд хууль тогтоох байгууллагад ажиллаж эхэлсэн нь энэ парламент эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх бүрэн чадамжтайг харуулж байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгосон юм. Тэрбээр, өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж буй 900 орчим хуулийг үзэл баримтлалаас нь эхлээд хоорондын давхцал, хийдэл, хэрэгжилтийг иж бүрэн судалж, цогцоор нь гурван чиглэлд өөрчлөх зүй ёсны шаардлага байгааг дурдлаа. “Гурван төгөлдөршил” буюу хүний эрхийг хангасан, цаг үетэйгээ нийцсэн, иж бүрэн зохицуулалттай эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд УИХ-д суудалтай улс төрийн намын төлөөлөл бүхий гишүүдээс бүрдсэн 80 гаруй ажлын хэсэг ажилдаа орсныг онцлов. Түүнчлэн аливаа хуулийн хэрэглээг хоёр өөр мэт харагдуулдаг хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийслэл болон орон нутгийн хаана ч Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлдэг байх ёстойг чухалчиллаа. Амьдралын хэмнэл, нийгмийн хөгжил хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хуулиа шинэчлээгүйн улмаас зөрчил үүсэж байгааг 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулиас болж татан буугдаж чадахгүй 150 мянга гаруй аж ахуйн нэгж байгаатай холбон тайлбарлав.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн, өнөөгийн нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, үлдсэн 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь хүнд суртал, хээл хахуул, шударга бус байдлыг нэмэгдүүлж буй нэг шалтгаан хэмээгээд эдгээр журмуудыг цэгцлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Цаашид парламент баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнэх бус бодлогын шийдлүүдийн бодит үр дүн буюу бүрэн эрхийнхээ хугацаанд өсөн нэмэгдсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр ажлаа тайлагнадаг шинэ жишигт шилжинэ гэв.Уулзалтын үеэр Улаангом хотын иргэд бүс нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг байгуулах зэрэг бүтээн байгуулалтыг орон нутагт эрчимжүүлснээр ажлын байр нэмэгдэх, айл өрхийн орлого бодитоор өсөх боломжтойг хэлж байлаа. Түүнчлэн Увс аймаг нь баруун бүсийн газар тариалангийн тулгуур бүсэд хамаарах тул тариаланчдыг бодлогоор дэмжих, төсөвт хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг хангах талаар уламжлав. Хязгаар нутагт бизнес эрхэлж буй хувийн хэвшлийнхний төлөөлөл тээвэр, ложистик, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэмүү өртөг шингэсэн зардлуудаас гадна арилжааны банкны зээлийн хүү, татварын хувь хэмжээ нь асар их дарамт болж байгааг хэллээ. Иймд татварын тогтолцоог шинэчилж, жижиг дунд үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж өгөхөд анхаарахыг хүслээ.Уулзалтын үеэр иргэдийн төлөөлөл Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт асууж, Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан хоршоологчид өдгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл хот руу нийлүүлж буй сайн туршлагаасаа хуваалцав. Мөн УИХ-аас зохион байгуулж буй хяналтын сонсголуудын араас үр дүнг баталгаажуулах, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэхийг захилаа.Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа энэ онд Увс аймагт хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулж, парламентын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар иргэд өөрсдийн дуу хоолой, санал хүсэлтээ D-Parliament цахим системээр дамжуулан ирүүлэхийг уриалав.Харин Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, Шинэ хоршоо хөдөлгөөний үр дүн, тулгамдаж буй асуудал, зорилтот ажлуудын талаар мэдээлэл өглөө.УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутаг дахь томилолт Увс аймагт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/14
299
УЛС ТӨР
Турк Улсын Элчин сайдад 'Алтан гэрэгэ' гардуулав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүр мөсөн нутаг буцаж байгаатай нь холбогдуулан 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.    Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг тэмдэглээд харилцааны түвшнийг шат ахиулж Стратегийн түншлэл тогтоосныг онцлов.    Мөн Элчин сайд Зафер Атешийн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г гардуулж, цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ.    Зафер Атеш Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт удирдлага, албан хаагчдад талархал илэрхийллээ.  
2025/02/14
257
УЛС ТӨР
ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай уулзлаа
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай /2025.02.12/  уулзлаа.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камирес, Монгол Улсад хиймэл оюун ухааны бэлэн байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх суурь судалгааг хийж байна. Бид эхний ээлжинд төрийн албан хаагчдаас судалгааг авсан бөгөөд цаашид хувийн хэвшлийнхэн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаачид, эрдэмтэд, оюутнуудаас дээрх судалгааг авахаар төлөвлөж байна. Маргааш болох "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги"-ийг олон нийтээр хэлэлцүүлэх арга хэмжээнд чиглүүлэгчээр оролцож, эхний судалгааны дүнгээ танилцуулна. Түүнчлэн  Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх эрх зүйн нөхцөл харьцангуй сайн бүрдсэн, интернет харилцаа сайн байгаа боловч чанарт анхаарах асуудал байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний (AILA) арга зүйд суурилан хийж буй  энэхүү судалгааг хөгжиж буй хэд хэдэн орнуудад хийж, харьцуулан судлан дүгнэлт гаргахаар ажиллаж байна гэв.УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй учраас интернэтийн хурд, чанарыг сайжруулж байж хиймэл оюун ухааныг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой. Төрийн байгууллагуудын мэдээлэл ил тод байх, харилцан мэдээллээ солилцохын тулд хувь хүний мэдээллийг ил гаргахгүйгээр ажиллах боломжтой юм. Өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хурдан шуурхай, чирэгдэлгүй үзүүлдэг болоход хиймэл оюун ухааныг ашиглах боломжийг бүрдүүлэх ёстой гээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийж буй энэхүү судалгаанд ихээхэн ач холбогдол өгч буйгаа онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/13
259
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Хүний хөгжил нь төрийн бодлогын өмнө тавигдаж, хууль нь иргэний эрх, эрх чөлөөг хамгаалдаг байх тогтолцоо руу шилжинэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Увс аймгийн Сагил, Давст, Түргэн суманд ажиллаж, “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хийх эрх зүйн шинэчлэлүүдийн талаар болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн баруун бүсэд хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулав.Улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинээр сонгогдсон 126 гишүүнтэй парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлооно хэмээн ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу салбар бүрийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлснийг УИХ-ын дарга тодотгов. Товчхондоо, хүний хөгжлийг ямагт төрийн бодлогын өмнө тавьж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг байхын зэрэгцээ иргэний эрх, эрх чөлөөг хангасан XXI зууны үзэл баримтлалд нийцсэн байхад анхаарна гэлээ.Түүнчлэн нийгмийн харилцааг зохицуулж буй хууль, журмуудын зохистой харьцаа алдагдаж, хуулиас давсан олон журмаас үүдэж хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт цаашлаад авлига, хүнд суртал газар авч байгааг өдөр тутам тохиолддог олон асуудлын жишээтэй холбон тайлбарласан юм.Цаашид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан тухайн бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, худалдаа, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлнэ гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Тухайлбал, баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг уялдуулах зэрэг ажлуудыг тодотголоо.Алслагдсан аймаг сумдын иргэдийн хувьд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлж, орон сууцжуулах бодлогыг тэлэх зэрэг асуудлыг хөндөн санал хэлж байлаа.Сагил сумын иргэдийн зүгээс хот суурин руу шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр залуу малчдын залгамж халаа алдагдаж байгаад эмзэглэж буйгаа илэрхийлж байв.Харин Давст сумын иргэд, олон нийт Боршоо боомтын үйл ажиллагааг өргөжүүлбэл бизнесийн орчин, худалдааны зах зээлээ тэлэх боломжтой гэдэгт санал нэгтэй байлаа.Түүнчлэн малын түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих саналыг уламжилсан юм. Малчдын зүгээс малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.Увс аймгийн Түргэн сумын хэмжээнд нийт 33 хоршоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс одоогоор 23 хоршооны 60 гаруй малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хамрагдаж, санхүүжилтээ авч, үйл ажиллагаагаа өргөжүүлснийг орон нутгийн удирдлагууд танилцууллаа. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Увс аймгийн сумдаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/13
250