АМЬДРАЛ...
АМЬДРАЛ...
Багш болоход нөлөөлсөн мартагдашгүй дурсамж
Нэгэн багш залуу, бага ангийнх нь багш байсан хөгшинтэй гудамжинд таарч:
- Та намайг таньж байна уу? Би таны шавь байсан...
- Танилгүй яах вэ, гуравдугаар ангид байсан хүү мөн шив дээ. Одоо хаана ямар ажил хийж байна?
- Нэг сургуульд багшилж байгаа.
- Яагаад багш болохоор шийдсэн юм бэ? Юу чамд нөлөөлөв?
- Юу биш... хэн гээч. Тэр хүн бол Та шүү дээ.
- Би яаж нөлөөлдөг билээ?
- Та миний сэтгэлийг хөглөсөн шүү дээ... бага ангийн багш болмоор санагдтал.
- Хэдийд тэр вэ?
- Та үнэхээр санахгүй байна гэж үү? Тэгвэл би танд юу болсныг ярьж өгье...
Нэг өдөр манай ангийн нэг жаал, аав ээж нь бэлэглэсэн гээд гоё бугуйн цаг зүүчихсэн ирсэн. Тэгээд тэр цагаа тайлж, ширээнийхээ шургуулганд хийчихэв. Би тийм цагтай болохсон гэж мөрөөддөг байлаа л даа... тэгээд биеэ барьж дийлэлгүй өнөөх цагийг нь авчихсан юм.
Удалгүй нөгөө жаал тан дээр уйлж ирээд цаг нь алга болчихож гэв. Тэгтэл та биднийг тойруулж харснаа “Энэ хүүхдийн цагийг авсан хүн түүнийг нь буцаагаад өгчихгүй юу” гэж тайвнаар хэлэв. Би ичсэндээ үхэх гэж байсан ч цагийг буцааж өгмөөргүй байсан тул чимээгүй өнгөрсөн. Тэгсэн та ангийн хаалгыг дотроос нь түгжээд биднийг хана дагуу зогсоож “Та нарын халаасыг шалгахаас даа... бүгд нүдээ анина шүү!” гэв. Бид ч таны хэлсэн ёсоор нэг эгнээ болон зогсох тэрхэн агшин миний хувьд амьдралын минь хамгийн ичгүүртэй нь байж билээ.
Ингээд та хүүхдээс хүүхэд, халааснаас халаас дамжин шалгасаар өнөөх гайтай цагийг миний халааснаас олсон ч нэгжлэгээ үргэлжлүүлсээр эгнээний төгсгөлд хүрээд: “Хүүхдүүд ээ, бүх юм зүгээр. Та нар ширээ ширээндээ сууцгааж болно” гээд өнөөх цагийг эзэнд нь эргүүлж өгсөн. Тэгээд тэр явдлыг дахин хэзээ ч сөхөж байгаагүй.
Тэр өдөр та миний нэр төрийг аварсан. Намайг ангийнхны минь өмнө хулгайч, худалч, өөдгүй жаалаар нь дуудаагүй… тэр бүү хэл хэргийн талаар надад ганц ч үг хэлээгүй. Таныг яагаад чимээгүй өнгөрснийг би хэзээ хойно ойлгосон. Та жинхэнэ сурган хүмүүжүүлэгч байсан тул гүйцэд төлөвшөөгүй гэнэхэн шавийнхаа нэрийг сэвтүүлэхийг хүсээгүй байж. Тэр сайхан үйлдлийг тань бахадсандаа би яг тан шиг багш болохоор шийдсэн юм...
Хоёр багш өнгөрсөн явдлыг дурсаж сэтгэл нь хөдөлсөн бололтой хэсэг чимээгүй суулаа. Тэгтэл залуу багш:
- Багш аа, одоо та намайг санав уу? гэвэл хөгшин багш:
- Үнэндээ бол санахгүй байна... учир нь та нарын халаасыг шалгаж явахдаа багш нь ч бас нүдээ аньчихсан байсан юм гэв.
Via Uka Ulziibat
2024/02/14
790
АМЬДРАЛ...
Соёлын довтолгоон
Амьжиргааны хэв маяг, ахуй соёлын хуучирсан дадал, хэвшлийг халан өөрчилсөн үйл явц БНМАУ-д социализмын материал техникийн бааз байгуулах зорилтын хүрээнд хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлэх, үзэл суртал, соёлын салбарт социализмд үнэнч сэхээтнийг бий болгох шаардлага тавигджээ.Үүний тулд бүх насанд хүрэгчдийг бичиг үсгийн мэдлэгтэй болгох, ариун цэвэр, эрүүл, соёлч ахуйг хүмүүсийн амьдралд бүрэн нэвтрүүлж, дадал заншилтай болгох, эх нялхсыг хамгаалах, өргөн тархсан өвчнүүдийг устгажүндсийг нь таслах, эх оронч, хамтач интернационалч үзлийг бадруулах, биеийн тамир спортыг хөгжүүлэх, соёл олон түмний ажлыг хөгжүүлэх, урлаг утга зохиолыг хөгжүүлэх үүднээс 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоолгаргажээ. Улс орон даяар 1959 оноос эхэлсэн соёлын довтолгооныг аймаг, хотын намын хороод удирдсан. Харин үйл ажиллагааг тэргүүлэн гүйцэтгэгчид нь сэхээтнүүд, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага, МХЗЭ болон бүх сонин хэвлэлүүд, сум, нэгдэл, бригад, үйлдвэрийн соёлын довтолгооны ажлыг хариуцсан комиссууд байв. Соёлын довтолгоон 1959 оноос-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөжээ. 1961-1963 оны 2-р шатны соёлын довтолгооны жилүүдэд “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, ”Эрүүл энх аж төрөхийн төлөө”гэсэн гурван уриа лоозонгийндор олон талт үйл ажиллагаа өрнүүлсэн байна. Соёлын довтолгооны кампанит ажлыг ухуулан сэхээрүүлэх, заримдаа захиргаадах аргыг хослуулан өрнүүлснээр айл, ард иргэддээ олон зүйлийг хэвшүүлж, соёл ахуйн хүрээнд эргэлт гарчээ. (Б.Пунсалдулам)Эх сурвалж: Монголын түүхийн тайлбар толь
2024/02/05
799
АМЬДРАЛ...
Ангела Меркель: Би төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш
Европын нөлөө бүхий улстөрч, Германы канцлер асан Ангела Меркелийн тухай сонирхолтой баримтуудаас дурдъя:16 жил төрийн тэргүүнээр ажиллахдаа Ангела Меркель нэг ч хамаатан садангаа төрийн албанд томилоогүй. Физикч, квантын химич мэргэжилтэй түүнд Герман улс "баярлалаа, баяртай" гэж хэлэн 6 минутын турш орон даяар алга ташин хүндэтгэл үзүүлсэн юм. Тэр үл хөдлөх хөрөнгө, үнэтэй завь, хувийн онгоц худалдаж аваагүй.16 жилийн турш хувцаслалтынхаа стилийг өөрчлөөгүй...
/Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч түүнээс “Бид таныг өмнө нь өмсөж байсан хүрмээ өмссөн байхыг анзаарлаа...Танд өөр хүрэм байдаггүй юм уу?” гэж асуухад Меркель:
“Би төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш” гэж хариулсан байдаг/. Өөр нэг хэвлэлийн бага хурал дээр “Танд гэр орныг тань цэвэрлэдэг, хоол ундыг тань бэлддэг гэрийн үйлчлэгч бий юу?” гэж нэгэн сэтгүүлчийг асуухад “Надад байхгүй ээ, шаардлага ч байхгүй. Нөхөр бид хоёр гэрийн бүх ажлаа өдөр бүр өөрсдөө хийдэг” гэж тэрээр хариулжээ.. Өөр нэг сэтгүүлч “Та хоёрын хэн нь хувцсаа угаадаг вэ?” гэж асуухад “Би ялгаад, тэр угаалгын машинаа ажиллуулдаг даа” гэж хариулсан байдаг.Хатагтай Меркель жирийн иргэдтэй адил орон сууцны байранд амьдардаг. Энэ байрандаа Герман улсын Канцлераар сонгогдохоосоо өмнө амьдарч байсан.. Европын хамгийн хүчирхэг эдийн засгийн канцлер Ангела Меркель бол үнэ цэнийг дээдэлсэн, амин хувийн ашиг сонирхлыг ардаа орхисон, зарчим, факт, бусдыг ойлгох сэтгэлээр жигүүрлэсэн манлайллын нэгэн агуу жишээ юм...
2024/02/05
951
АМЬДРАЛ...
Хүний дээд, хайрт аавынхаа гэгээн дурсгалд...
Энэхүү эмгэнэлтэй атлаа гэгээн хайр шингэсэн бичвэрийг олон нийтийн сүлжээнд нэгэн бүсгүй бичжээ. Түүний хойд аав үнэхээр хүний дээд, ухаантай эр хүн байсан аж. "Хэн нэгэн надаас хорвоо дэлхий дээрх хамгийн том зүрхтэй хүнийг нэрлээч гэвэл би аавыгаа гэж хэлнэ. Намайг ухаан орох үед л аав минь хажууд байсан. Би өөрийгөө нэлээн том болж юмны учир ойлгодог болтлоо (хүүхэд байсан болохоор арьсны өнгө ч мэддэггүй байлаа) хойд аавтай хүн гэдгээ мэддэггүй байсан. Аав минь намайг тэгж л хайрласан. Айлын хүүхдүүдэд шоглуулчихаад "аавдаа хэлнэ дээ" гэж хэлж чаддаг тийм л хүчирхэг аавтай байлаа би. Аавыгаа ээжээсээ илүү хайрлалаа гэж ээжийгээ хүртэл гомдоодог аавдаа дэндүү хайртай аавын охин байлаа би. Оюутан болоод өөрийгөө том хүн болчихлоо гэж сэтгээд гарч орж гүйх гээд аавыгаа уурлуулахад загнахын оронд "хаа хүрэх гэж байгаа юм тэр болтол чинь дагана" гээд чимээгүй ард явж байсныг нь одоо ч би боддог. Үгүй ээ, мөн их тэвчээрээ. Аав минь фэйсбүүк ашигладаггүй, мэддэг ч үгүй байсан юм. Саяхан эгч хаяг нээж өгөөд утсан дээр нь суулгаж өгсөн. Би залгаад л дүрсээ харж ярьдаг болов. Тэгсэн над руу нэг орой өөрөө залгаад "аав нь ухсаар байгаад охиноо олчихлоо" гээд ярьсан юм. Тэр бүр "хайртай шүү" гэж хэлж байгаагүй аав минь их л тод "Аав нь хайртай шүү!" гээд тэр оройны яриа дуусав. Би ч хөөрөөд анх удаа ааваас видео дуудлага авдаг байна шдээ гээд баярлаад байсан, үүнээс хойш яг 3 хоног дараалж над руу яриад тэгээд л хорвоогоос бүр мөсөн явчихсан... Гурван хүүхдээ минийх, чинийх гэж ялгалгүй хайрлаж өсгөсөн ааваараа бид мөн ч их дутна даа... Аавд минь эмгэнэл илэрхийлж сэтгэл санаагаар дэмжиж хамт байсан ах дүүс, найз нөхөддөө бүгдэд нь баярлалаа. Та бүхэн минь энх байж, мөнх жаргаарай. Аав минь та эх орныхоо алтан хэвлийд үүрд мөнх тайван нойрс доо. Охин нь тандаа хайртай шүү!"
2024/02/04
1033
АМЬДРАЛ...
Тэсвэр тэвчээрийн эцэст шагнал ирдэгийн тод жишээ
Техас мужийн Браунсвилле хотын ахмад дайчин Волтер Свор хотынхоо хамгийн муухай ааштай үйлчлүүлэгчээрээ алдаршсан байж. Яравгар царай, яхир бөгөөд олон аашийг нь тэсвэрлэж үйлчлэх зөөгч бараг байхгүй. Ааш муутай өвгөн олон зоогийн газар, түргэн хоолны газарт асуудал үүсгэж хэрүүл маргаан дэгдээж зарим нь түүнд үйлчлэхээс татгалздаг болжээ. Нас ахих тусмаа улам яхир болох өвгөний аашийг олж аргалж чаддаг нь “Luby” зоогийн газрын зөөгч Мелина Салазар байжээ. Бусад зөөгчид өвгөнийг орж ирэнгүүт түүнийг үлдээгээд зугтдаг байв. Гагцхүү Мелина л өвгөнд үйлчилдэг агаад сүүлийн хоёр жилийн турш муухай аашийг нь тэсэж тэсвэрлэж иржээ. Энэ хугацаанд өвгөний яхир бүдүүлэг зан, доромж харьцааг нь тэсэж урдаас нь нэг ч удаа хэрэлдэж, үг сөрж тайлбар хийж байгаагүй гэнэ. Өвгөн ч байнга үйлчилдэг зөөгчтэйгөө муухай харьцдаг хэвээрээ төдийгүй цайны мөнгө ч өгдөггүй байжээ. Гэхдээ сүүлийн нэг жилд овоо зөөлөрсөн хэмээн зөөгч бүсгүй дараа нь дурссан байна. 2007 оны хавраас өвгөн ирэх нь цөөрч сүүлдээ бүр харагдахгүй болжээ. Зөөгч бүсгүй муухай аашт үйлчлүүлэгчээ бүр санасан гэнэ. Удалгүй сонин дээрээс ахмад дайчин Волтер Свор 89 насандаа бурхан болсон тухай гашуудлын мэдээг уншаад цочирдон хүлээж авчээ.Энэ явдлын дараахан талийгаач өвгөний өмгөөлөгч ирж Волтер Сворд нас барахдаа өөрийн хөрөнгөнөөс 50 мянган долларыг зөөгчид гэрээслэн үлдээсэн болохыг хэлжээ. Бусад зөөгчид үйлчлэхээс татгалзаж байхад өөрийнх нь муухай занг хоёр жилийн турш тэсэж хоолыг нь хүссэнээр нь яг халуунаар авчирч өгдөг зөөгчийг ийнхүү шагнасан байжээ. Энэ шагнал ч цагаа олж иржээ. Байр худалдан авахаар мөнгөө цуглуулж байсан бүсгүйд сонгосон байраа авахад нь 40 мянган доллар яг дутаж байсан аж.Oojoo Ochiroo
2024/02/01
10828
АМЬДРАЛ...
Аттила хаан гэж хэн бэ
Европт Хүннүгийн хүчирхэг улсыг байгуулсан хаанЕвропын Баруун Хүннү нарын хаан (434-453 онд хаанчилсны дотор ахтайгаа хамтран 445 он хүртэл хаанчилжээ). Тэрээр Ромын эзэнт гүрнийг довтолж байсан нүүдэлчин аймгийн удирдагчдын дотроос хамгийн алдартай нь юм. Тэр өөрийн ах Бледагийн хамт Альпийн нуруу, Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэлх өргөн уудам нутгийг залгамжлан авчээ. Ромчууд амласан татвараа төлөөгүй учир Аттила 441 ба 443 онд Дунай мөрний дагуу довтолгоон хийжээ. Тэр өөрийн ахыг 445 онд алсан байна. 447 оноос Балканы хойгт байх мужууд болон Грекийг амжилттай довтолсны дараа энхийн гэрээг байгуулж Зүүн Ромчуудаас их хэмжээний төлбөр авахаар болжээ. Тэрбээр 451 онд Галль мужид довтлон орсон боловч Ромын жанжин Аэтиус ба Визигот нарын холбоот цэрэгт ялагджээ. Түүний 452 онд Италид хийсэн аян дайн өлсгөлөн, тахлаар дуусчээ. Аттилагийн учруулсан эвдрэл сүйтгэл зарим хүмүүст бурханы үзүүлж буй залхаалт шийтгэл мэт санагдаж байсан тул түүнийг “Бурханы ташуур” гэж нэрлэдэг. Аттила хуримын сүйт бүсгүйдээ хорлогдож нас нөгчсөн бололтой. Түүний хөвгүүд эзэнт гүрний засгийн эрхийг авсан боловч удалгүй задран унасан билээ.Аттила 453 онд бусдад хорлогдон нас нөгчжээ. (Ц.Төрбат)
2024/01/31
2679
АМЬДРАЛ...
Атрын аяны үүсэл
Атар газрыг хагалж, газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилготой өргөн олныг хамарсан үйл явц Атар газрыг эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлагын дагуу атрын гурван удаагийн аян өрнүүлжээ. Атрын анхны аяныг явуулах тогтоолыг1959 оны 3 дугаар сард МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас гаргасан бол хоёр дахь аян 1976 оноос өрнөжээ. Атрын эхний аянуудыг МАХН-ын удирдлагаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн байгууллага гардан зохион байгуулж,залуучуудыг өргөнөөр татан оролцуулж, шинээр байгуулагдсан САА-г шефлэн авч ажиллаж байв. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг баталсан. Атрын гурав дахь аяны үндсэн зорилго нь хөрсний үржил шимийг хамгаалж, нөхөн сэргээх, үр сортын болон техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, импортыг орлох, экспортын чиг баримжаатай газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэж байв. (Б.Пунсалдулам)
2024/01/31
1625
АМЬДРАЛ...
Залуухан хамтрагчаа амиараа хамгаалсан баатарлаг гал сөнөөгч
2012 оны хавар Дорнод аймгийн Баяндун сумын нутагт аймшигт гал түймэр гарч,
Онцгой байдлын дөрвөн албан хаагч амь насаа алдсан харамсалтай явдал тохиолдсон
билээ. Бүлгийн дарга, дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч С.Бат-Эрдэнэ, Ж.Одбаяр нар гал
түймрийн газар дээр амиа алдсан бол ахлах ахлагч Г.Багабиш 90 хувийн
түлэгдэлттэйгээр Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад хэд хоногийн дараа таалал
төгсчээ.
Талийгаач Г.Багабиш тухайн үед 40 настай байсан бөгөөд 25 настай залуухан
хамтрагч А.Болорсүхийг “Чи залуу хүн, амьд үлдэх ёстой” гээд дороо дарж хэвтэн
амийг нь аварсан байна. Биеийнх нь 90 хувь түлэгдсэн Г.Багабиш эмнэлэгт өөрөө
алхаж ороод, “дүүг түрүүлж эмчил” гэж хэлээд ухаан алджээ. Түүний амиа
золин байж аварсан гал сөнөөгч асан А.Болорсүх түүнээс хойш Солонгост гурван ч
удаа эмчилгээнд явж, группт орсон бөгөөд таксигаар хүмүүс зөөн аж амьдралаа
залгуулдаг болжээ.
Баатарлаг аврагч агсан Г.Багабишийг таалал төгсөх үед хоёр хүү, эхнэр нь
бие давхар үлдэж, хоёр сарын дараа талийгаачийн хүсэн хүлээж байсан охин нь хорвоод
мэндэлсэн байна. Б.Батчимэг охин аавдаа үнсүүлж үзээгүй хэдий ч аавынхаа зургийг үнсэх дуртай аж.
Тэдгээр баатарлаг гал сөнөөгчдөд зориулж босгосон “Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” нэртэй хөшөө Чойбалсан хотын төвд байдаг. Эх орон, ард түмэн нь тэднийг санан дурсаж, алдар гавьяаг нь мартах ёсгүй юм.Д.Мигаа
2024/02/01
1673
