НИЙГЭМ
НИЙГЭМ
Өнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар боллоо
Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 2.4°С-аар, олон жилийн дунджаас 1.35°С-аар тус тус дулаан байлаа.Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 25 дахь дулаан сар болсон байна.Монгол орны нийт нутгийн 23.3% нь дунджаас -1.0°С -ээс -7.0°С-аар хүйтэн, 41.1% нь дунджаас +1.0°С –ээс 5.3°С-аар дулаан, 35.7% нь дунджийн орчим байжээ.Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
2025/01/16
349
НИЙГЭМ
Хоёр талт жагсаалын эргэн тойронд....
Эрх чөлөөний эвсэл намаас
энэ сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй жагсаал эрч нь хэдийгээр
суларсан ч өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Эрх
чөлөөний эвсэл намын зүгээс: “Засгийн газар огцор” жагсаал Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд
орохгүй, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй.
Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар төв талбай
орчмоор хүн цөөтэй, хоймор хэсэгт нь “Засгийн газар огцор” талын
хэдэн жагсагч, “Хөлсний жагсагчид зайл” гэх уриа лоозон барьсан хэсэг хүмүүс
зэрэгцэн зогсож байв. Жагсагчдыг эсэргүүцсэн
жагсаалын тэр хавьд хэдэн хүн ирчихсэн, дуу нь нэлээн чангаран ярилцаж буй нь
чих дэлсэхэд “Энэ жагсаалыг Элбэгдорж санхүүжүүлж байгаа” гэх зэргээр
шүүмжилсэн үгс сонсогдож байлаа. Харин хажууханд нь зогсож
буй Цацрал тэргүүтэй Эрх чөлөөний эвсэл намын жагсагчдын зүгээс чимээ анир гарсангүй.
Талбайн төвд байх Сүхбаатарын хөшөөг тойруулан “Засгийн газар огцор” гэсэн том
бичиг болон жижиг цаасан дээр хэвлэсэн сурталчилгааны материалууд байршуулсан
харагдана.
Ерөнхийдөө нийгмийн
амьдрал нам тайван байдалд шилжин, иргэд хувь хувийн ажил төрөлдөө шуударсан бололтой.
Д.Чинзориг
2025/01/15
389
НИЙГЭМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл жагсаалын талаар ийнхүү мэдэгджээ
Нэгдүгээр сарын 11-ний
өдөр Эрх чөлөөний эвсэл намаас "Засгийн газар огцор" нэртэй
жагсаалыг төв талбайд зохион
байгуулсан. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан жагсаал цуглаанд оролцож
байгаа иргэд, оюутан залууст аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд
өртөхөөс урьдчилан сэргийлж,
бусдын өдөөн хатгалгад автахгүй байх, цаашилбал хууль бус үйл ажиллагаанд
оролцохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас уриалсан юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
өчигдөр энэ
сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй жагсаалын тухай мэдээлэл хийхдээ: "Иргэд жагсаж, үзэл
бодлоо илэрхийлэн, шаардлага тавьсан. Үүнд Засгийн газар хүндэтгэлтэй хандах
хэрэгтэй. Жагсаалын хоёр дахь өдөр иргэн Цацралын биед халдсан. Үүнийг
цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэн Цацрал одоогийн байдлаар ямар нэгэн
гомдол гаргаагүй байна. Жагсаалын үеэр гарсан зарим асуудлуудыг цагдаагийн байгууллага
шалгаж байна. Тухайлбал, жагсаалын үеэр талбай руу автомашинтайгаа дайрч орсон
этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, хоёр
жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан хүн байгаа. Хэрэв олон хүн дайрсан
бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь цагдаагийн байгууллага шалгаж
байгаа. Алба хаагчдыг хутгалж буй мэт дүр зураг үзүүлсэн этгээд өмнө нь
дөрвөн удаа ял шийтгүүлж байсан этгээд. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж
байна. Мөн төлбөртэй жагсаал, цуглаан хийх нь хориотой байдаг.
Органикаараа маш олон хүн ирсэн ч мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг
албадсан байж болзошгүй мэдээллүүд шалгагдаж байна. Үүнд хэд хэдэн нэр бүхий
этгээдүүд бий" гэлээ.
Дашрамд дурдахад, энэхүү
жагсаалыг зохион байгуулж буй Эрх чөлөөний эвсэл
намын зүгээс: “Засгийн газар огцор” жагсаал Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд орохгүй,
ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн
шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн
байна.С.Хүслэн
2025/01/15
335
НИЙГЭМ
Гэр хорооллын айл өрх, албан байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зууханд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна. Тодруулбал, нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч хяналт шалгалт хийх юм.Дээрх ажилтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын хамтарсан хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр хяналт шалгалт болон судалгаа гаргах ажлын зохион байгуулалтын талаар хэлэлцэж, нийслэлийн Онцгой комиссоос холбогдох үүрэг чиглэл өгөв.
2025/01/15
227
НИЙГЭМ
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, засварын ажил дууслаа. Тодруулбал, Edunburgh Elevator үйлдвэрийн 1.0м/с хурдтай, 1000кг, 630кг, 400кг, 150кг даацтай хүн зөөврийн зориулалтын болон бага ачааны зориулалттай эмчилгээний, хоол судлалын тасгийн, хоол зөөврийн нийт 24 ширхэг цахилгаан шатыг угсарч ашиглалтад орууллаа.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг "Төвхөн трейд ХХК" гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
2025/01/14
249
НИЙГЭМ
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-23 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань цагаан зудын.Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Хөхтолгой, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Жаргалант, Хөвсгөлийн Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Төвийн Цээл, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (нийт 13 аймгийн 56 сум) байдалтай байна.Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
2025/01/13
242
НИЙГЭМ
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.01.06-12/ нийслэлийн 7 дүүрэг, 14 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
2025/01/13
283
НИЙГЭМ
Шингэрүүлсэн хийн түлш ашигласнаар агаарын бохирдол 95-98 хувиар буурах боломжтой
Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдаан /2024.01.11/ болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм. Тус хуралдаанд МУ-ын Засгийн газрын зарим гишүүд, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхан оролцов.Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч шахмал түлшинд хийсэн туршилтын үр дүнг танилцуулав.Тэрбээр “Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33.7 хувь, хүхрийн давхар исэл 63.7 хувиар багассан бол чийглэг 14.1 хувиар, илчлэг 22.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар, жигнэсэн нүүрс буюу хагас коксон шахмал түлш ашиглавал 25-28 хувиар, “ЭТТ”-ын эрчим хүчний баяжуулсан шахмал түлш ашиглавал 9-12 хувиар буурах боломжтой” гэдгийг хэлж байв.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Уг хууль батлагдсанаар агаар, орчны бохирдлыг бууруулах шар болон ногоон бүсийг байгуулж, 50.000 гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно. Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна” гэв.Хуралдааны төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд буюу Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, метро, трамвай, V цахилгаан станцын ажлын явцын талаар танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баянзүрхийн гүүрээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлнэ. Үүний нэг нь богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай бөгөөд ирэх 5-6 дугаар сард тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Трамвайн эхний шугам Нисэхээс Д.Сүхбаатарын талбай хүртэл байх юм.
2025/01/13
307
НИЙГЭМ
Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад шагнал гардууллаа
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан билээ.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, мөн чанарыг таниулах зорилго бүхий эсээ бичлэгийн уралдааныг “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал”, “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” гэсэн дэд сэдвийн хүрээнд их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан юм. Уралдаанд нийт 140 гаруй бүтээл ирж, сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар явуулсан бөгөөд “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” гэсэн сэдвийн хүрээнд дэх эсээ бичлэгийн уралдаанд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн маркетингийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан С.Маралгуа тэргүүлж, Санхүү, эдийн засгийн их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Р.Анхзаяа, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Э.Баярсайхан нар удаалсан.Харин “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал” сэдвийн хүрээнд болсон эсээ бичлэгийн уралдаанд Отгонтэнгэр их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Т.Маргад-Эрдэнэ, нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Цэлмэг, 20 дугаар сургуулийн 11д ангийн сурагч А.Золзаяа нар эхний гурван байрыг эзэлсэн.Мөн Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Ш.Сумъяахүү, нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Н.Янжинлхам нар тусгай байранд шалгарсан юм.Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар /2025.01.09/ шагнал гардууллаа.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон оюутан, сурагчдад баяр хүргээд, энэхүү уралдаан оюутан залуус, сурагчдын дунд үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж дүгнэж байгаагаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Энэхүү уралдаан Үндсэн хуулиар хуульчлагдсан амин чухал асуудлууд болох хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, тэгш эрх, төрийн байгууламж, парламентат ёс нь яагаад чухал вэ гэдгийг эргэцүүлэхэд хүргэсэн гэдэгт итгэж байна хэмээгээд, хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээ шүүмжлэн эргэцүүлэх чадварыг дээшлүүлэх, цаашид нийгмийн чухал асуудлаар судалгаа эрдэм шинжилгээний ажил хийх, сонирхлыг нэмэгдүүлэх сэдэлжүүлэх ач холбогдолтой байсныг тодотгосон юм.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж шагналт байранд шалгарсан шилдэг оюутан, шилдэг сурагчдад үеийн залуусаа үргэлж зөв үлгэр дуурайллаар манлайлж, нийгмийн сайн сайхан үйлсэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/10
268
НИЙГЭМ
О.Хуншагай: 2024 онд тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй иргэд хуучин үнээрээ төлнө
Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээний талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас тодрууллаа.-НИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Авто тээврийн хэрэгслийн албан татвар яаж нэмэгдсэн гэдгийг тодорхой хэлж өгөөч?-Авто тээврийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 2001 хүртэлх мотортой тээврийн хэрэгсэл хамгийн дээд хэмжээ нь 144 мянган төгрөг татварт төлнө. Энэ нь уг тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамжийн чадлыг 72 төгрөгөөр үржүүлж төлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2001 хүртэлх цилиндрийн багтаамжтай тээврийн хэрэгсэлд ногдох татвар нэг см.куб багтаамж тутамд 72 төгрөг байна. Харин 2001-3001 хүртэлх мотортой тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамж тутамд ногдох татвар 81 төгрөг, 3001 болон түүнээс дээш мотортой бол 99 төгрөг болж нэмэгдсэн.-Түгээмэл байдаг “Приус 20” автомашины тухайд жишээ болгоод татварын хэмжээг тайлбарлавал?-Жишээлбэл, “Приус 20” автомашин 1500 мотортой гэвэл өмнөх 2010 оноос хойш 2024 оныг хүртэл хэрэгжиж байсан зохицуулалтаар цилиндрийн багтаамжаас шалтгаалсан ногдох татвар 24 төгрөг байсан. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа тарифаар жилд нэг удаа 108.000 төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, 1500 цилиндрийн багтаамжийг 72 төгрөгөөр үржинэ гэсэн үг.-Авто тээврийн хэрэгслийн албан татварыг хэзээ төлж барагдуулах ёстой вэ?-Иргэд хуульд заасан хугацаанд буюу тавдугаар сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслийн татварыг төлөх үүрэгтэй.-Авто тээврийн хэрэгслийн албан татвараа хаана хандаж төлөх вэ?-Тээврийн хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэргийг дээрх хуулийн хугацаанд нь багтаан хуваан төлж болдог.Түүнчлэн нэмж хэлэхэд, нэмэгдсэн зохицуулалт энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа учраас тээврийн хэрэгслийн 2024 оны албан татварыг төлөөгүй иргэд 2025 онд нэмэгдээгүй үнээр татвараа төлнө.
2025/01/10
256
НИЙГЭМ
Б.Одбаяр: Өмнөх зохицуулалтаар жилд 18-20 км зам засах боломжтой байсан
Нийслэлийн ИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.-НИТХ-аас баталсан 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг төлбөрийг нэмснээр ямар өөрчлөлт гарах вэ?-Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхэд хэдэн үндсэн шаардлага байж болно. Замын санд төвлөрсөн бүх хөрөнгийг авто замын засвар, арчлалтад зарцуулахаар Авто замын тухай хуульд заасан байдаг. 2024 он хүртэлх байдлаар ойролцоогоор 18-20 км замыг засах боломжтой байсан. Гэтэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт урт 1200 гаруй км. Жилд 18-20 км зам засна гэхээр нийт замын 1.5 хувийг засаж, үлдсэн 98 хувьд ямар нэгэн байдлаар засвар арчлалт хийгдэхгүй үлддэг байсан. Мөн 10 жил болоод авто зам дээр их засвар хийгдэх шаардлагатай болоход хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас замын чанар буурах нөхцөл үүсдэг. Цаашид энэ байдал сайжирна.-Шинэ зохицуулалт хэрэгжсэнээр авто замууд илүү чанартай баригдаж, засвар арчлалт нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?-Тэгэлгүй яах вэ. Зам засварын ажлыг хэрэгжүүлэхэд 2 төрлийн үндсэн стратеги хэрэгжүүлдэг. Энгийнээр тайлбарлавал, good road first буюу сайн замыг сайнаар нь явуулах эсвэл муу замаа түрүүлж засах гэсэн 2 стратеги байдаг. Хэрвээ муу замаа түрүүлж засах стратегийг барьж байгаа бол хамгийн муу стратегийг барьж байна гэсэн үг. Харин анхнаас нь сайн зам бариад сайн чигээр нь арчилж, насжилтыг уртасгаад явах нь урт хугацаандаа харьцангуй бага буюу 40 хувиар бага зардал зарцуулах боломж бүрдүүлдэг. Өмнө нь замын санд төвлөрч байгаа хөрөнгөөр зайлшгүй шинэчлэх шаардлагатай замаас эхэлж засдаг байсан. Хэрвээ цаашид хуучин зохицуулалтаар яваад байвал авто замын чанар улам буурах байсан.-Гэхдээ 2024 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад авто замын засвар шинэчлэлтийн ажил их үр дүнтэй явсан шүү дээ?-Бид 2024 онд 162.3 км авто замыг засварласан. Сүүлийн 4 жилд нийт 200 гаруй км гол гудамж, замуудад засварын ажил гүйцэтгэсэн. Цаашид ч хийх ажлын төлөвлөгөө их бий. Төлөвлөгөөний дагуу эдгээр замын засвар шинэчлэлтийг шахаж төлөвлөж, гүйцэтгэснээр авто замын чанарын үзүүлэлтийг 80 хувиас дээш барих төлөвлөлттэй байна.-Авто зам ашигласны төлбөрийг яаж тооцож нэмсэн бол?-Ажил гэрийн хооронд жилд дунджаар 6000 км зам туулдаг жижиг тэрэг жолооддог иргэн авто зам ашигласны төлбөрт жилд 20 мянган төгрөг буюу км тутамд 3 төгрөгийн татвар төлдөг байсан. Энэ нь дэлхийн дунджаас 86 дахин бага, харин манай улстай адил зохицуулалттай орнуудаас 90 дахин бага төлбөр юм. Дүгнээд үзэхээр, авто замын засвар арчлалтын байдал болон ойролцоо орнуудтай харьцуулахад ч тэр авто зам ашигласны төлбөр нэг км тутамд гурван төгрөг байсныг 15 төгрөг болгож байна гэсэн үг. Жишээлбэл, жижиг тэрэг жолооддог иргэн жилд 100 мянган төгрөгийн төлбөр төлнө.-Хамгийн сүүлд хэзээ авто зам ашигласны төлбөр нэмэгдэж байсан бэ?-Одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 онд уг төлбөрийн систем бий болсон. Үүнээс хойш авто замын ажлын үнэлгээ, материал, технологийн үнэлгээ, төсөвт өртөг зэргийг хэрхэн өссөнтэй харьцуулахад хуучин төлбөрийн систем авто замын ажлын чанарт тохирохгүй нөхцөл байдалтай байна.-Иргэд авто зам ашигласны төлбөрийг хэзээ төлөх вэ?-Авто зам ашигласны төлбөрийг тухайн жилдээ багтаан олон төрөлт байдлаар цахимаар болон арилжааны банканд хандаж, төлөх боломжтой.-2024 онд авто зам ашигласны төлбөрөө төлж амжаагүй хүмүүс яах вэ?-2024 оны төлбөрийг төлж амжаагүй бол хуучин зохицуулалтаар төлнө.
2025/01/10
273
НИЙГЭМ
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээр 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд төв байгуулна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш 6 удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г УИХ-д өргөн мэдүүлээд байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлого, баримт бичиг болон Улаанбаатар хотыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн. Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад, хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлсэн энэхүү төсөлд 32.2 мянган иргэн санал ирүүлж, 93 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоод, 14 яам, түүний харьяа байгууллагууд, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нарын дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, санал зөвлөмжүүдийг тусган боловсруулсан.Ташрамд, хамгийн сүүлд 2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2017 оноос Улаанбаатар хот цаашид ямар үзэл баримтлалтай хөгжих талаар төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн юм.“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна.Нийслэл Улаанбаатар хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжиж, иргэд, олон нийтэд нийгмийн болон төрийн үйлчилгээг ойртуулах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд төв байгуулна.Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байгаа бол 2040 онд 2.1 сая болж өсөх ба үүний 405 мянган хүн амыг дагуул хотуудад суурьших тооцооллыг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан.Ажлын байрны тоо 1.4 дахин нэмэгдэж, 193 мянган ажлын байрыг шинээр бий болгоно.Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 8 ам.метрээс 35 ам.метр болгон нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлнэ.Замын сүлжээний бүтэц нь хэвтээ 8, босоо 12, тойрог 3 замын бүтэцтэй байхаар төлөвлөж, 1,738.8 км замыг шинээр байгуулж, оргил ачааллын үеийн дундаж хурд 9 км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэнэ.Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож, өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ.Улаанбаатар хотын дулааны ачаалал 3,820 МВт байгаагаас 7,480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийднэ.Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд, 9 хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрахаар төлөвлөсөн.Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1,169 МВт байгаа бол 2040 онд 5,408Мвт болж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангана.Ногоон сууц төслийн хүрээнд сайжруулсан амины орон сууц бүсэд 49.6 мянган өрхийн сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүч болон хийн түлшний системээр шийднэ. Үр дүнд нь Улаанбаатар хотын гэр хорооллоос ялгарах хорт хийн ялгарлыг 0 түвшинд хүргэнэ.Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 243 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс 123 их наяд төгрөг буюу 51 хувь нь гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 120 их наяд төгрөг буюу 49 хувийг улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, бондын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
2025/01/10
443
НИЙГЭМ
Сонгинохайрхан дүүргийн арван хороонд халиа, тошин үүсээд байна
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд арван хороонд халиа, тошин үүсээд байна. Үүнээс тус дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэр орчимд 15 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна.Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Манай байгууллагаас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлж ажиллаж байна. Нэмэлтээр нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Тухайлбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 7-нд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд ажилласан. Харин өнөөдөр тус дүүргийн 35 хороонд нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зургаан автомашин механизмтай ажиллаж 1 км суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж буй” гэв. Тухайн дүүргийн нөхцөл байдлын талаар Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Нарангийн энгэр нь 2-3 байнгын урсацтай булаг, шандтай бөгөөд 2019 оноос эхлэн зундаа их хэмжээний үер буух, өвөлдөө халиа тошин үүсэх болсон. Үүнтэй холбоотойгоор зундаа сувагчлалыг нь өргөсгөх, шороон далан босгох ажлыг хийдэг ч өнөөдрийн байдлаар шороон далангууд мөсөөр дүүрч, ус чөлөөтэй урсах боломжгүй болоод байгаа юм. Иймд цаашид голын голдирол дагуу суурьшсан айл өрхүүдийн газрыг чөлөөлж, үерийн хамгаалалтын далан хийхээс нааш уг асуудал бүрэн шийдэгдэхгүй хэвээр байна” гэлээ. Мөн тухайн хорооны зүгээс айл өрхүүдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг өгөхөөс гадна иргэдийн зорчдог хэсэгт халтиргаа гулгаатай гэх утга бүхий мэдээллийн самбарыг байршуулаад байгаа юм. Түүнчлэн үер болон халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүдэд нүүх шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг жил бүр хүргэдэг боловч өнгөрсөн онд нэг айл нүүж, бусад айл нь одоог хүртэл нүүгээгүй гэдгийг албаныхан онцолж байв.
2025/01/09
266
НИЙГЭМ
Ахмадын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор (2024.01.08) болсон Ахмадын үндэсний чуулганы үдээс хойших хуралдаанд Эрүүл мэндийн яамны газрын дарга П.Оюунцэцэг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг нар илтгэл тавьж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэдгээрийн шинэчлэл, асаргааны хувилбарт үйлчилгээ болон идэвхтэй насжилтыг дэмжих бодлогын талаар танилцуулсан юм. Эрүүл насжилтыг дэмжих бодлогын хүрээнд анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сэргээн засах, асран сувилах, хөнгөвчлөх үйлчилгээг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн яамны газрын дарга П.Оюунцэцэг илтгэлдээ дурдаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг тогтмолжуулах замаар ахмад настны эрүүл мэндэд эрсдэлтэй хүчин зүйлс, хорт зуршлуудыг буруулах, хорт хавдраас сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэхэд тус салбарын бодлого чиглэж буйг ярьсан юм. Харин ахмад настны цогц үйлчилгээний бодлогыг ДЭМБ-аас 2017 онд баталсан тэдний эмчилгээ, халамжийг цогцоор хэрэгцээнд нь үндэслэн олгох “Integrated Care for Older People” (ICOPE) аргачлалд суурилан боловсруулсан хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг онцлов. Цогц үйлчилгээг цогц үнэлгээнд суурилан үзүүлэх бөгөөд ахмад настныг эрүүл, идэвхитэй, бага зэргийн тусламж үйлчилгээ шаардлагатай, бие даах чадвар хязгаарлагдсан гэх гурван түвшинд эрэмбэлж, тохирох үйлчилгээг Нийгмийн халамжийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн үзүүлэх бодлогыг хэрэгжүүлж буй юм. Цогц тусламж үйлчилгээг ахмадын өргөө, ахмадын төв, сэргээн засах төв, идэвхитэй насжилтыг дэмжих төв, дасгалын клуб, олон нийтийн төв болон эрүүл мэндийн байгууллагуудаар үзүүлэх бөгөөд тэдгээрийн байр, санхүүжилт, мэргэжлийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нарийвчлан зохицуулаад байгаа юм.Мөн ахмад настны эрхийг хангахтай холботой асуудлаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, “Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ж.Жавзандулам илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт, Засгийн газрын тогтоол, журмыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Засгийн газар 2013 оны есдүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар баталсан боловч үүнийг баримтлаагүйгээс ихээхэн хэмжээний тэтгэврийн зөрүү үүссэнийг нэн даруй засах шаардлагатай гэлээ. Мөн тэтгэвэр, тэтгэмжийг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоож буйг уян хатан болгож, 20-25 жил ажилласан бол 50 хувь, 25-30 жилд 55 хувь, 30-35 жилд 60 хувь, 35-аас дээш жилд 65 хувиар тогтоох, “Ахмадын сан” байгуулж ажиллуулах журамд төсвийн байгууллага цалингийн нийт сангийн, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагааны орлогын 3.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг сандаа шилжүүлж байхаар журамлах нь зүйтэй гэсэн юм. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас ахмад настанд зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдах ахмад настны тоогоор хүртээмжтэй хуваарилах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ахмад настны эрүүл мэндийг хариуцсан нэгж болон геронтологийн төв байгуулж ажиллуулах санал дэвшүүлэв.Дараа нь Орхон, Ховд аймгийн Ахмадын хорооны дарга Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал нар болон прокурорын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн М.Оюундэлгэр нар тус тусын байгууллагын үйл ажиллагаа, шинэлэг санаачилга, сайн туршлагаас Үндэсний чуулганы оролцогчидтой хуваалцлаа.Ахмадын үндэсний чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж мэндчилгээ дэвшүүлж, 126 гишүүнтэй парламент, хамтарсан Засгийн газраас мега төслүүд болон хөгжлийн хөтөлбөрүүдийг дэвшүүлж байгаа нь түүхэн чухал болохыг онцлоод, улс орныхоо хөгжлийн төлөө зааж зөвлөж, хамтран зүтгэхийг уриалав.Үндэсний чуулганы төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ахмад настнуудаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн боловсруулсан зөвлөмжийг танилцуулсан юм. Тэрбээр, ахмадын ахуй амьдралын нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлыг өнөөдрийн чуулганаар олон талаар хэлэлцсэний дотор тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан тогтмол нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүний нөөц, санхүүжилтийг өсгөх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих, тэдний мэдлэг туршлага, чадвараас суралцах, хүндэтгэн дээдлэх асуудлыг онцлон авч үзсэн тухай дурдав.Үндэсний чуулганаас гаргаж буй зөвлөмжид Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, орон нутгийн захиргааны байгууллага болон төрийн байгууллагууд, ахмадын холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, олон нийт, ахмад настнуудад хандан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, эм хангамж, амьдрах нөхцөлийг дэмжих хөнгөлөлт, дэмжлэгийг өргөжүүлж, хүртээмжийг тэлэх, Гэр, бүл хөгжлийн болон цогц үйлчилгээний төвүүдийг байгуулах, эрүүл, идэвхтэй насжилтын үндэсний бодлого, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг тодорхой бүтэц, зохион байгуулалтаар эрчимтэй хангах, хяналт тавьж ажиллах зэрэг олон асуудлыг тодорхой тусгажээ. Мөн “Угийн бичиг”-ийг айл өрх бүр хөтөлж хэвших, үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг Монголын нийт иргэдэд, залгамж хойч үеэ амьдрах ухаанд сургаж, өв соёл, эрдэм боловсрол, тэвчээр хатуужлыг эрхэмлэсэн үнэ цэнтэй иргэн болгож хүмүүжүүлэхийг ахмад настнуудад уриалсан байна.Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үндэсний чуулганыг хааж хэлсэн үгэндээ, энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаснаар ахмад настнууд өөрсдөө ажил хайдаг биш, ажлын байрууд та бүхнийг хайдаг болж өөрчлөгдөнө хэмээн онцлон тэмдэглээд, нийгмийн хамгаалал болон хөдөлмөрийн салбарыг удирдаж байсан цөөнгүй хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тул ахмад настны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бусад салбарын уялдааг хангах, хуулийг бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/09
310
НИЙГЭМ
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлээр Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ван Дундун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжих ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг дахин сайжруулж, орчин үеийн нарийвчилсан төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл, дэд бүтцийн шинэчлэлийг жишиг байдлаар хөгжүүлэх юм.Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан бөгөөд энэ онд хотыг тойрсон хурдны зам, метро, гэр хорооллын дахин төлөвлөлт, аж үйлдвэрийн парк, эрчим хүч зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр нийслэл хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн төлөөлөгч нарт талархал илэрхийллээ.
2025/01/08
264